Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2018/0492

 

“Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.О, хариуцагчийн төлөөлөгч Б.Л, хариуцагчийн өмгөөлөгч Д.О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.С нарыг оролцуулан хийж, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 25 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э-ийн гаргасан давж заалдах гомдлоор, “Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 25 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “л”, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3, 11.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн “Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 28 дугаар тогтоолын “Ч” ХХК-д холбогдох хэсэг буюу тогтоох хэсгийн 1 дэх хэсгийн 7 дугаар худгийн эх үүсвэрээс 500 метрийн зайд эрүүл ахуйн хязгаарлалтын бүс тогтоосныг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн нягталж дүгнээгүй, хэргийн бодит байдал, нэхэмжлэлийн шаардлагатай огт хамааралгүй асуудалд дүгнэлт хийсэн.

 “Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гаргасан 28 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай” шаардлага гаргасан. Гэтэл анхан шатны шүүх уг тогтоолыг гаргах болсон бодит нөхцөл байдал түүний хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийлгүй, “хэргийг агуулгаар нь шийдвэрлэлээ” гэж шүүх хуралдаан дээр тайлбарласан.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт дурдсан “...Ашигт малтмалын МV-........ дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2033 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “Э х” ХХК-д олгохдоо Шарын гол сумын ундны усны эх үүсвэр болох тухайн үед “Д ш г” ХХК-д олгохдоо Шарын гол сумын ундны усны эх үүсвэр болох тухайн үед “Д ш г” ОНӨҮГ-ын эзэмшилд байсан 1974, 1975 онуудад ашиглалтад орсон 5, 6, 7, 8, 12 дугаар худгуудын 7 дугаар худаг түүнийг оролцуулан түүний орчим газарт давхардуулан зөвшөөрөл олгосон... зэргээр нотлогдож байна” гэжээ. 2003 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Ш г” ХХК-аас Дархан Уул аймгийн өмчлөлд эд хөрөнгө, шилжүүлэн, хүлээлцэх тухай” актад маргаан бүхийн 7 дугаар худгийн барилгыг хүлээлгэж өгснөөс бус худгийн эргэн тойрны газар эзэмших эрхийг хүлээлгэж өгөөгүй, тухайн үед газар эзэмших эрх, нэгж талбарын газрын солбилцолын цэгийг тогтоож өгөөгүй юм. Харин 2005 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 132 дугаартай сумын Засаг даргын захирамжаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамж гаргаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

“Ч” ХХК нь 2003 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон талбайгаа хуулийн дагуу эзэмшихээр болсон. Шарын гол сумын захиргааны байгууллагаас 2003 оны 07 дугаар сарын 03-ны өдөр МV-..... дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Э х” ХХК-д олгох үед газар давхардаж олгосон талаар маргаан үүсгээгүй өнөөдрийг хүрсэн нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Мөн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгч нь гэрээгээр ногдуулсан 8,812,800 төгрөгийг барагдуулаагүй болох нь Шарын гол сумын газрын даамал Д.Б-ийн тодорхойлолтоор нотлогдож байна.

“Ч” ХХК нь 2016, 2017 онуудад уулын ажлын төлөвлөгөөгүй, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, 2017 онд олборлолт явуулсан боловч нөхөн сэргээлт хийгээгүй, “Э х” ХХК-аас ашиглалтын тусгай зөвшөөрлөө албан ёсоор шилжүүлэн аваагүй байхдаа үйл ажиллагааг явуулдаг байсан нь ...нотлогдож байгаа төдийгүй нэхэмжлэгч “Ч” ХХК нь тусгай зөвшөөрлийн дагуу олгогдсон уурхайн талбай гэдгээр үндэслэн алт олборлолтын үйл ажиллагаа явуулсаар байгаа нь хариуцагчийн зүгээс Шарын гол сумын 9000 гаруй иргэдийн ундны усны нөөцийг хомстохоос хамгаалах зайлшгүй нөхцөл байдал үүссэн болох нь тогтоогдож байгаа болно.

...эрүүл ахуйн хязгаарлалтын бүсийг тогтоохдоо шинжээчдийн багийн дүгнэлт, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын албан бичгүүдийг үндэслэн усны эх үүсвэрээс эрүүл ахуйн хязгаарлалтын бүс тогтоосон нь ...байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох” гэж заасантай нийцсэн байна” гэж дүгнэжээ.

Дээрх дүгнэлт нь энэ хэргийг шийдвэрлэхэд ямар ч хамааралгүй, хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолгүй гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлтэд дурдсан асуудал нь эрүүл ахуйн хязгаарлалтын бүс тогтоохтой холбоотой асуудал бус уулын ажлыг явуулахтай холбоотой асуудал юм. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой уулын ажлыг явуулахад хуулиар хүлээсэн үүрэг зөрчих, эс зөрчихтэй холбоотой асуудлыг харьяа төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэх тусгай журамтай ба энэ маргааны шийдвэрлэхэд хамаарахгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.6, 27.7-д заасныг хариуцагч зөрчсөн талаар тайлбарлаж мэтгэлцсэн байхад шүүх дүгнэлт хийхдээ 27 дугаар зүйлийн 27.5-д заасныг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар үндэслэлгүй мэтээр дүгнэсэн нь ойлгомжгүй, талуудыг мэтгэлцээнийг бүрэн гүйцэд сонсоогүй байна.

Шүүх хэт нэг талыг барьж дүгнэлт хийсэн. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлэн дүгнэлт дээрх нөхцөл байдлуудаас харагдаж байна.

Үүнээс гадна шүүх өөрийнхөө шийдвэрлэж хүчингүй болгосон тогтоолоо үндэслэл хэсэгтээ дурдаж шүүхийн шийдвэр гаргасан. Тус захиргааны актыг хүчингүй болгуулах тухай маргаантай холбоотой хууль зүйн дүгнэлт хийлгүй өөр бусад асуудлыг шийдвэрийг үндэслэх хэсэгтээ хамруулан дүгнэсэн.

Орон нутгийн удирдлагыг хэрэгжүүлж байгаа байгууллагын хувьд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан эрх хэмжээгээ хэрэгжүүлэхдээ Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Усны тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай журам, Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журамд заасан хэм хэмжээг зохих журмын дагуу хэрэглээгүй, бусдын хуулиар хамгаалагдсан эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна. Дэлгэрүүлбэл:

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Засаг даргын захирамж нь хууль тогтоомжид нийцсэн байх ёстой.

“Ч” ХХК нь “Э Х” ХХК-аас Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Шарын гол, Баянгол сумын нутагт “Б х а” гэх нэртэй газар ..... гектар талбай бүхий уурхайн талбайд хуульд заасан үндэслэл журмын дагуу ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр шилжүүлэн авсан байдаг.

Тус ашиглалтын зөвшөөрөл нь анх 2003 онд олгогдсон бөгөөд ашиглах хугацаа 2033 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэл байдаг.

Нэгэнт олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх Монгол Улсын Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль бусад холбогдох хуулийн дагуу эрх нь хуулиар баталгаажсан байгаа юм.

Захиргааны актыг бичгээр гаргаж байгаа тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан шаардлагыг заавал хангасан байх ёстой. Үүнд мөн хуулийн 40.2.3-д зааснаар тухайн захиргааны акт гарах болсон бодит нөхцөл байдал, түүний хууль зүйн үндэслэл юм.

Маргаан бүхий тогтоол гарах болсон шалтгаан ойлгомжгүй тодорхойгүй байгаа юм. Учир нь, иргэдийн Төлөөлөгчийн Хурлаас уг тогтоолыг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д “Сум дүүргийн Хурал нь хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэсэн нийтлэг заалт барьсан.

Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-д “Засаг даргын саналыг үндэслэн усны эх үүсвэрийг орон нутгийн хамгаалалтад авах шийдвэр гаргах, хамгаалалтын бүсийн заагийг тогтоох, хамгаалах”, 11.1.4-д “Энэ хуулийн 22.1-22.4-д заасны дагуу усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн заагийг хот, суурины ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох” гэсэн заалтыг 28 дугаартай тогтоолын хууль зүйн үндэслэл болгосон хэдий ч төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлт гараагүй, бодит нөхцөл байдлыг тогтоогүй юм.

 Үүнээс гадна Усны тухай хуулийн холбогдох заалт болох 22 дугаар зүйлийн 22.7-д “Гол, мөрөн, нуур, усны эх үүсвэр болон газрын доорх цэнгэг усны орд газрыг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авна” 22.9-д “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах харилцааг хуулиар зохицуулна” гэсэн заалтуудыг зөрчсөн тогтоол гарсан.

Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.7-д зааснаас харахад усны эх үүсвэрийг хамгаалахдаа орон нутгийн тусгай хамгаалалтад авах асуудлыг зохицуулсан байна. Гэтэл Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь орон нутгийн тусгай хамгаалалтад авахдаа мөн хууль зөрчиж захиргааны акт гаргасан нь хэдийгээр хуулийн хүчин төгөлдөр болоогүй байгаа ч анхан шатны шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон байгааг энд дурдах нь зүйтэй гэж үзэж байна.

Мөн Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9-д “усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох газар ашигт малтмал хайх, ашиглах харилцааг хуулиар зохицуулна” гэж тусгайлан заасан байна. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр тусгайлан зохицуулсан хуулийг харах анхааруулсан заалт байна.

Тэгвэл тусгайлан зохицуулсан хууль болох Ашигт малтмалын тухай хууль, Газрын тухай хуульд заасан зохицуулалтыг заавал анхаарч бусдыг эрх ашгийг хөндөхгүйгээр шийдвэр гаргах ёстой гэж үзэж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д ”Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах бүрэн эрх нь нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага буюу иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байна”.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-д “Бусдын эзэмшил газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан гэрээний хугацаа дуусахаас өмнө газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснээр нөхөн олговор олгох шийдвэр гаргах ёстой” 20.2.5-д “Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай асуудлыг газар эзэмшигч болон тухайн шатны Засаг даргатай тохиролцсоны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх” 39.1.5-д “газрыг тусгай хэрэгцээнд авч нөхөх олговрыг газар эзэмшигчид бүрэн төлсөн”.

Нэгэнт олгогдсон, түүнийг ашиглаж байгаа тусгай зөвшөөрлийн тухайд тусгай зөвшөөрөлтэй газрыг хасуулах гэдэг ойлголт Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Усны тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай хуульд газрыг хасуулах гэсэн нэр томъёо байдаггүй.

Гэтэл Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Засаг дарга, бусад албан тушаалтнууд хасуулах гэсэн асуудлыг ярьсаар байдаг. Үүнийг анхан шатны шүүх дүгнэхээ хасуулах гэх ойлголтыг баталсан маягаар шийдвэрийг гаргасан нь өөрөө үндэслэлгүй юм. Ямар хууль тогтоомжоор хасуулах гэх ойлголтыг гаргаад өнөөдрийг хүртэл яваад байгаа нь ойлгомжгүй байгаа юм.

Ашигт малтмалын тухай хуульд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайг эзэмшигч өөрөө буцаан өгөх, ашиглах эрх дуусгавар болох, эсхүл ашиглах эрхийг цуцлах л тухай асуудлыг зохицуулсан байдаг. Яг энэ хууль зүйн ойлголтоор Газрын тухай хууль болон Усны тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай журам зэрэгт зохицуулсан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө”, 14.6-д “Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй”,

56 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг цуцлах

56.1.3-д “хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн”-өөр тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тус газрыг эзэмших, ашиглах эрх дуусах юм. Нэгэнт хуулийн дагуу олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн талбайг үндэслэлгүйгээр хасуулах тухай асуудал огт байж болохгүй юм.

2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 28 дугаартай тогтоолд Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан тушаалаар баталсан Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмын 3.1-д “Хүн амын унд ахуйн ус, хангамжийн эх үүсвэрийн нөөц хомсдох, бохирдохоос хамгаалах зорилгоор төвлөрсөн болон төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрт эрүүл ахуйн бүс тогтооно”, 3.14-д “Төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрт хөрсний ус нэвтрэх болон урсгал уснаас шууд тэжээгдэх уст үеэс ус авч ашиглавал эх үүсвэрээс 500 метрээс доошгүй зайд, хөрсний уснаас хамгаалагдсан уст үеэс ус авч ашиглавал 200 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн хязгаарлалтын бүсийг тогтооно” гэсэн заалтыг тус тус үндэслэсэн ус хангамжийн эх үүсвэрт эрүүл ахуйн хязгаарлалтын бүс тогтоосон байна.

Гэтэл тус журмын 3.4-д “Ус хангамжийн газрын доорх усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын бүсийг гидрогеологийн хайгуул, судалгааны ажлын дүнг үндэслэн Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргана” гэж тусгайлан зохицуулсан байна.

Төрийн захиргааны төв байгууллагаас энэ дүгнэлт гараагүй байхад эрүүл ахуйн хязгаарлалтын бүс тогтоож байгаа нь хууль бус юм.

Гидрогеологийн зүсэлтээр хөрсний ус нэвтрэх хөрсний зузааныг тогтоосны дараа хөрсний ус нэвтрэх үе үү эсхүл хөрсний ус нэвтрэхгүй уст үе үү гэдгийг тодорхойлно гэж үзэж байна. Үүнийг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтээр тодорхойлно гэж үзэж байна.

Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 28 дугаар тогтоол гаргах үйл явц болон цаасан дээр буулгахдаа ч мөн хууль зөрчсөн шинжтэй байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 25 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр үйлийн 121.1.2, 121.2-т заасныг тус тус журамлан анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

Маргаан бүхий захиргааны акт болох Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 28 дугаар тогтоолоор тус сумын хүн амын унд, ахуйн төвлөрсөн ус хангамжийн Буянтын эх үүсвэрийн 3, 11, 4, 8, 5, 12, 6, 7 дугаар худгуудын эх үүсвэр тус бүрээс 500 метрийн зайд эрүүл ахуйн хязгаарлалтын бүсийг тогтоож, уг тогтоол гарсантай холбогдуулан ундны усны эх үүсвэрийн хязгаарлалтын бүстэй давхцалтай байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй компаниудын талбайг хасуулах ажлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлэхийг Засаг даргад үүрэг болгосон байна.

Нэхэмжлэгч уг тогтоолын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Усны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нягталж дүгнээгүй, нэг талыг барьж дүгнэлт хийсэн” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Учир нь аймаг, нийслэл сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх хэсэгт зааснаар “Энэ хуулийн 22.1-22.4-т заасны дагуу усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн заагийг хот, суурины ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох”, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар “нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд ундны усны эх үүсвэр, шугам сүлжээний хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийг тогтоох”, түүнчлэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4-д зааснаар “хот, тосгон, бусад суурин болон амралт, сувиллын газар, гол, мөрний эх, нуур, рашаан, булаг, шанд, уст цэгийн орчинг хамгаалах, эрүүл ахуйн шаардлагыг хангах тусгай бүсийн заагийг тогтоох” бүрэн эрхтэй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр А/112 дугаар “Мэргэжлийн шинжээчээр ажиллах ажлын хэсгийг байгуулах тухай” тушаалаар томилогдсон шинжээчдийн баг Шарын гол суманд 2016 оны 05 дугаар сарын 05-өдрөөс 05 дугаар сарын 07-ны өдрүүдэд ажиллаж “Буянтын хөндийн газрын доорх усны үндсэн тэжээгдлийн бүс алт олборлох үйл ажиллагаа явуулснаар Буянтын ус татамжийн худгуудад усны түвшний бууралт эрчимжиж, нөөцийн хомсдол үүснэ, уурхайн олборлолтыг төвлөрсөн ус хангамжийн худгуудын хамгаалалтын эрүүл ахуйн хязгаарлалтын бүсээр тогтоож ажиллахыг сануулах, тэмдэгжүүлэлтийг хийх, ашиглалтын тусгай зөвшөөрлийн зарим талбайг хасуулах, нөхөн сэргээлт хийх шийдвэрийг холбогдох газарт тавих” гэсэн зөвлөмж, дүгнэлтийг гаргажээ.

Иймээс Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн заагийг тогтоох бүрэн эрхийнхээ хүрээнд шинжээчийн багийн дүгнэлт болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны албан бичгүүдийг үндэслэн хүн амын унд, ахуйн төвлөрсөн ус хангамжийн Буянтын эх үүсвэрийн газрын доорх усны нөөцийг хамгаалах зорилгоор талбайг усны хамгаалалтын бүсэд авсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.л/, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3, 11.1.4-д тус тус заасныг зөрчөөгүй байна.

Мөн Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-д заасныг үндэслэн усны эх, ундарга, нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, хүн амыг үер усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт тогтоох онцгой болон энгийн хамгаалалтын бүс, эрүүл ахуйн бүсийн зааг, эдгээр бүсэд мөрдөх дэглэмийг тогтоох зорилгоор Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А-230/127 дугаар тушаалаар “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ыг баталжээ.

Уг хамтарсан тушаалын 3-д “Журмын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого зохицуулалтын газарт үүрэг болгосон байна.

Иймд тус газрын даргаас төрийн захиргааны төв байгууллагын тушаалаар томилогдон ажилласан шинжээчдийн дүгнэлтийг үндэслэн Буянтын эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын бүсийг 500 метрээр тогтоож, хашаажуулах ажлыг Шарын гол сумын Засаг дарга, “Д ш г” ХХК-д үүрэг болгож байсан нь 2017 оны 09а/4700, 09а/ 6340, 2018 оны 09/1732 дугаар албан бичгүүдээр тогтоогдож байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлт гараагүй байхад эрүүл ахуйн хязгаарлалтын бүс тогтоосон” гэх гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 28 дугаар тогтоолоор эрүүл ахуйн бүсийг тогтоосон болохоос биш нэхэмжлэгчид олгосон ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлаагүй, цуцлах эрх нь хариуцагчид хуулиар олгогдоогүй, харин уг бүстэй давхцалтай байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн талбайг хасуулах /цуцлуулах/ ажлын холбогдох байгууллагад тавьж шийдвэрлэхийг Засаг даргад үүрэг болгосон нь зохион байгуулалтын шинжтэй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдаж буй Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 56 дугаар зүйлийн 56.1.3, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.2.5, 39 дүгээр зүйлийн 39.1.5 дахь заалтууд нь тусгай зөвшөөрөл бүхий талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан тохиолдолд хэрэглэгдэхээр байх бөгөөд эрүүл ахуйн бүс тогтоох болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авах гэдэг нь хоёр өөр ойлголт юм.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэл тогтоохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 25 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР

                               ШҮҮГЧ                                                              Э.ЛХАГВАСҮРЭН

                               ШҮҮГЧ                                                              Э.ЗОРИГТБААТАР