| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 102/2019/03022/И |
| Дугаар | 210/МА2022/01126 |
| Огноо | 2022-06-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2022/01126
... ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2022/00995 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ... ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ....-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 27,354,706 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Баярцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
... ХХК нь 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ....-гийн хүсэлтийг үндэслэж, 848 дугаартай зээлийн гэрээ байгуулж 18,486,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй зээлдүүлсэн. ....- зээлийн гэрээний хугацааг сунгах талаар хүсэлт гаргасан тул гэрээний хугацааг 2014 оны 03 дугаар сарын 15 хүртэл сунгасан. Улмаар 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгож, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нэхэмжилж байна. Үүнд: үндсэн зээл 18,486,000 төгрөг, зээлийн хүү 7,480,828 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,496,166 төгрөг, нийт 27,462,994 төгрөгийг гаргуулна гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
... ХХК нь нэхэмжлэл биш. Үүсгэн байгуулагч С.Од-Эрдэнийг гэж бодож байна. Бидний хооронд 10,000,000 төгрөгийн өр, авлага үүссэн. С.Од-Эрдэнэ 3 жил зарж чадаагүй бараагаа 15,000,000 төгрөгөөр зарж өгөх санал тавьж миний бие уг барааг 25,000,000 төгрөгөөр зарсан. Үлдэх 10,000,000 төгрөг надад байсан. Үүний дараа тэрээр ББСБ-ын бүртгэлтэй болгоё гэхэд нь зөвшөөрч гарын үсгээ зурсан. Үүнээс үүдэн бидний хооронд маргаан үүссэн. С.Од-Эрдэнэд удаа дараа тусалж байсан. С.Од-Эрдэнэ хүнд мөнгө өгөөд дараа нь шүүхэд нэхэмжлэл гаргадаг зантай. Нэхэмжлэлийг 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан. Өөрөөр хэлбэл, гэрээний үүргийг шаардах хуульд заасан хугацаа өнгөрсөн. Зээлийн гэрээний хугацаа сунгагдаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан хариуцагч ....-гөөс зээлийн гэрээний үүрэгт 27,354,706 төгрөг гаргуулах тухай ... ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295,091.43 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ....-гийн хүсэлтийг үндэслэж 848 дугаартай зээлийн гэрээ байгуулж 18,486,000 төгрөгийг 12 сарын хугацатай, сарын 2 хувийн хүүтэй зээлэх гэрээг байгуулсан. Хариуцагчийн хүсэлтээр энэхүү гэрээг 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2014/15 дугаартай зээлийн гэрээний сунгалтаар 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл сунгасан. Гэтэл анхан шатны шүүх ... 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2014/15 дугаар зээлийн гэрээний сунгалтаар 848 дугаар гэрээний хугацааг ...2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл сунгасан гэж дүгнэх нь Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7 дахь хэсэгт Хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно гэж заасантай нийцэхгүй байна. ... Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д зааснаар түр зогссон, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар зээлийн гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа нь 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дууссан байна. Иймд хариуцагч буюу зээлийн гэрээний төлбөр төлөгч нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй тул хариуцагч ....-гөөс 27,354,706 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ гэж дүгнэснийг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг дутуу үнэлж гэж үзэж байна.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдөр дууссан бөгөөд зээлдэгчийн хүсэлтээр 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 2014/15 дугаартай зээлийн гэрээний сунгалтыг хийж хугацааг 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс тооцохоор харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасантай нийцсэн. Мөн анхан шатны шүүхийн үндэслэл болсон Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7 дахь хэсэгт заасан хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно гэсэн нь агуулгын хувьд гэрээний хугацааг сунгахдаа хугацаа дууссан үеэс тоолох буюу 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолно гэсэн агуулгыг илэрхийлсэн. Харин энэхүү сунгалтын баримтыг талууд баталгаажуулахдаа 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр баталгаажуулсан. Мөн зээлдэгч нь хугацааг сунгахыг зөвшөөрч хугацаа сунгасан шимтгэлийг 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 73,000 төгрөг төлсөн.
Анхан шатны шүүх ... Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар зээлийн гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил буюу 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дууссан байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Шүүх ... 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр бичгээр үйлдсэн баримт нь хариуцагчийн төлбөр төлөх үүрэг гүйцэтгэх хугацаа нь Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон байна... гэсэн боловч зээлдэгч зээлийн төлбөр төлөх үүргээ хойшлуулсан тухай үйл баримт хэрэгт авагдаагүй байна. Энэхүү хуулийн заалтын агуулга нь зээлдэгч ямар нэг шалтгааны улмаас зээлийн төлбөр төлөх үүргээ (сар тутам) тодорхой хугацааны туршид төлөхгүй байж хойшлуулж байгаад гүйцэтгэх гэсэн утгаар тайлбарлагдах бөгөөд энэ хугацаанд түр хөөн хэлэлцэх хугацаа түр тасалдаж болно. Гэвч 2014 оны 07 дугаар сарын 08-ны зээлдэгч зээлийн төлбөр хүү төлөх үүргээ хугацаа хэтрүүлсэн (2013.03.15-аас 2014.07.08-ны өдрийг хүртэл) болохоо хүлээн зөвшөөрч энэ хугацаанд хуримтлагдсан зээлийн төлбөр хүүг 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлөх үүрэг хүлээж гэрээний сунгалтад гарын үсэг зурсан. Зээлийн төлбөрт 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 4,066,920 төгрөг, 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 500,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 300,000 төгрөг төлсөн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ. Иймд 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолохоор байхад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг шаардлагыг хангаж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар хэвээр үлдээж шийдвэрлэв.
1. Хэргийн үйл баримт болон шүүхийн шийдвэрийн талаар.
1.а. Нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч ....-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27,354,706 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Талуудын хооронд 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 848 дугаартай зээлийн гэрээг байгуулж, зээлдүүлэгч ... ХХК нь 18,486,000 төгрөгийг зээлэх, зээлдэгч ....- нь 18,486,000 төгрөгийг 12 сарын хугацаанд 2 хувийн хүүгийн хамт буцаан төлөхөөр тохиролцсон байна. (хх-5)
Гэвч 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 2014/15 дугаартай зээлийн гэрээний сунгалтад ... 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 2014/15 дугаар зээлийн гэрээний сунгалт гэх баримтыг талууд үйлдэж 848 дугаартай гэрээний хугацааг 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 1 жилээр 1 удаа, 2014 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 6 сараар 1 удаа сунгасан. 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар зээлийн хуримтлагдсан хүүг 5,141,311 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг 898,860 төгрөг, зээлийн үлдэгдэл дүнг 24,526,171 төгрөг, зээлийн хугацаа дууссан шимтгэлийг 73,580 төгрөг... гэж тусгажээ.(хх-ийн 6)
Дээрхээс дүгнэвэл, талуулын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
1.б. ... ХХК болон ....- нарын хооронд байгуулагдсан 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 848 дугаартай зээлийн гэрээний хугацаа 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болжээ. 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2014/15 дугаар зээлийн гэрээний сунгалтаар дээрх гэрээний хугацааг мөн оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл сунгасан гэж зээлийн гэрээний хугацааг шинээр тоолох үндэслэлгүй байна. Учир нь зээлдэгчийн зээлийн төлбөрийг буцаан төлөх үүрэг Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д зааснаар түр зогссон гэж үзнэ.
1.в. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасан тул хариуцагч ....-гийн зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс гэрээний гүйцэтгэх үүргийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа тоологдох учиртай.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан. Иймд 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2014/15 дугаартай зээлийн гэрээний сунгалтад ...сунгалтын эхлэх огноо 2014.03.15... хугацаа 6 сар, зээлийн дууссан огноо 2014.09.15... гэж тусгасан хугацаанаас нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацааг тоолвол 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дууссан байна. Иймд мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүрэгт 27,354,706 төгрөгийг ....-гөөс шаардах эрхгүй юм.
1.д. ... ХХК-аас нотлох баримтаар ирүүлсэн ....-гийн зээлийн дансны хуулга, бэлэн мөнгөний дансны хуулга зэрэг бичгийн баримт нь нэг талын баримт бөгөөд хариуцагчийн гарын үсэг бүхий анхан шатны баримт биш тул зээлдэгч ....-г 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр зээлийн төлбөрт 300,000 төгрөгийг төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна. ....- эдгээрийг няцаасан тайлбар гаргаж маргасан тул зээлийн төлбөрийг өөрөө төлсөн гэж үзэхгүй тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж гэж 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс тоолох боломжгүй байна. (хх-ийн 131-132)
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2022/00995 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 294,724 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН
Н.БАТЗОРИГ