Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2018/0520

 

Я.Д-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Я.Д, түүний өмгөөлөгч Х.О, гуравдагч этгээд Ё.Д, түүний өмгөөлөгч Р.Н нарыг оролцуулан Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч Р.Н-ийн давж заалдах гомдлоор, Я.Д-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Орон сууц хувьчлах товчоонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаар шийдвэрээр: “Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-ийн 5, 6 дугаар зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Орхон аймгийн Орон сууц хувьчлах товчооноос дахин шинэ акт гартал 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Р.Н давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалт ойлгомжгүй, Орхон аймгийн Орон сууц хувьчлах товчооны 1997 оны 07 дугаар сарын 29-ний 03 тоот тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж байгаа эсхүл энэ хэргийн шийдвэрлэлтийг түдгэлзүүлж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Шүүхийн шийдвэр нь хэргийн оролцогчид таамаглаж ойлгох, өөр өөрсдийн ашиг сонирхлын үүднээс тайлбарлахаар байж болохгүй.

Тогтоох хэсгийн дээрх заалтад Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтыг хэрэглэсэн нь Захиргааны байгууллагын ямар шийдвэр гаргахыг шүүхээс урьдчилан чиглүүлж засварласан, өөрөөр хэлбэл танай захиргааны акт илт хууль бус байна шүү, хүчингүй болгоорой, тэгээд шүүх нэхэмжлэлийг хангаж өгье гэсэн агуулгатай болсон байна.

Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн дээрх заалтад Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх заалтыг хэрэглэсэн нь нэхэмжлэгч нь маргаантай хөрөнгийн, өмчлөх эрхийг олж авсан этгээд мөн гэж захиргааны байгууллагад ойлгуулж түүний дагуу шинэ акт гаргуулахад албадсан шинжтэй болсон байна.

Гэтэл дээрх орон сууцны бүртгэл, өмчлөх эрхтэй холбоотой Я.Д-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэг Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр нэхэмжлэгч нарын хүсэлтээр захиргааны энэ хэргийг шийдвэрлэх хүртэл шүүгчийн 2018 оны 05 сарын 03-ны 90 дүгээр захирамжаар түдгэлзүүлсэн байгаа бөгөөд эзэмшил өмчлөл, улсын бүртгэл хууль ёсны эсэх асуудал түдгэлзсэн байхад энэ хэрэгт хамаарахгүй хуулийг хэрэглэж байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.2 дахь заалтаас гадна 34.3 дахь заалтыг зөрчиж байна.

...Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаа тогтоосон хугацаанд шинэ акт гаргахгүй бол 1997 оны 07 сарын 29-ний 03 тоот тогтоолын Б.Дондогт холбогдох хэсгийг илт хууль бус гэж шүүх шийдвэрлэнэ гэж зааж байгаа нь хэдийгээр хуульд заасан зохицуулалт мөн боловч ийм шийдвэр гаргахад миний энэ гомдлын хэсгийг Б-Г-д дурдсан байдлаар урьдчилан баталгаажуулж захиргааны байгууллагад нөлөөлсөн нь хууль бус юм.

...хуулийн дээрх зохицуулалт нь уг асуудлыг Захиргааны байгууллага шинэ акт гарган шийдвэрлэх боломжтой нь хэрэг хянан хэлэлцэх явцад тодорхой болсон, шүүхээр шууд шийдвэрлэх нь шүүх захиргааны эрхийг хэрэгжүүлэхэд хүргэх эрх зүйн давхардал, хийдэл, захиргааны байгууллага, шүүхийн чиг үүргийн ялгамж заагийг тодорхойлсон зохицуулалт болохоос биш маргааныг шийдвэрлэхээс хулгаж, халгаж, захиргааны байгууллага руу түлхэх зохицуулалт биш гэж ойлгож байна.

...Харин шүүх орон сууцыг Ё.Д-т худалдахаас өмнө хувьчилж авсантай холбоотой асуудлыг хэлэлцэж байгаа тохиолдолд ЗХШХШТ хуулийн 22.1-д зааснаар уг орон сууцыг анх тутам хувьчилж авсан, Орон сууц хувьчлах товчооны 1997.07.29-ний 03 тоот тогтоолын хавсралтад хамаарах Б.Д-ийг гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагатай байсан байж болох юм.

Шүүх маргаан бүхий орон сууцыг хувьчлалд үл хамаарах орон сууц гэж тодорхойлон Орон сууц хувьчлах товчоо ямар шийдвэрт үндэслэн хувьчилсан нь тодорхойгүй гэсэн нь үндэслэлгүй. Үүнд:

Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т ...хувьчлалд үл хамаарх орон сууцны жагсаалтыг Засгийн газар батална... гэж зохицуулсан ба Засгийн газрын 1998 оны 8 дугаар сарын 18-ны 148 дугаар тогтоолын хавсралтын 29-д Орхон, Баян-Өндөр Говил багийн 48 айлын орон сууцнаас нэг орц 12 сууцыг үл хувьчлахаар тогтоосон байна.

...Дээрх байдлуудаас дүгнэлт  хийхэд

Маргаж байгаа 40 тоот орон сууц 1997 онд үл хувьчлах орон сууцанд хамаарч байгаагүй байна. 40 тоот орон сууц зэвсэгт хүчний 186 дугаар ангийн мэдлийн орон сууц гэдэг нь нотлогдохгүй байна. Орхон аймгийн орон сууц хувьчлах товчоо нь 1997 оны 07 дугаар сарын 29-ний 03 тоот тогтоолоор 40 тоот орон сууцыг хувьчлахдаа ямар хууль тогтоомжийн, ямар заалтыг, ямар байдлаар зөрчиж, эсхүл эс үйлдлээр эс хэрэгжүүлж илт хууль бус шийдвэр гаргасан болох нь тогтоогдохгүй буюу 03 тоот тогтоол илт хууль бус гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Иймд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны 27 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байх хэдий ч анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг буруу хэрэглэсэн байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг “хүчингүй” болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан тохиолдолд шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсгийг хэрэглэх учиртай бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсны эцэст маргаан бүхий акт хууль бус болох нь тогтоогдсон ч өөр бусад үндэслэлээр хууль ёсны байж болохуйц нөхцөл байдал бий болсноор түүнийг тодруулах нь шүүхийн шинжлэн судлах боломжоос нь хэтэрсэн тохиолдолд маргаан бүхий актыг түдгэлзүүлэхээр зохицуулагдсан. Тодруулбал, захиргааны акт хууль бус боловч, тухайн актыг өөр үндэслэлээр шинээр хуульд нийцүүлэн гаргах боломжийг хариуцагчид олгосон явдал юм.

Гэтэл энэ тохиолдолд нэхэмжлэгч Р.Д-ээс “Орхон аймгийн Орон сууц хувьчлах товчооны 1997 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаар тогтоолоор Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн 48 дугаар байрны 4 дүгээр орцны 40 тоот орон сууцыг Б.Д-т өмчлүүлсэн шийдвэрийн холбогдох хэсэг”-ийг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад анхан шатны шүүхээс маргаан бүхий актыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу байна.

Учир нь захиргааны акт илт хууль бус байх эсхүл хууль бус буюу маргаан бүхий байх ойлголтууд нь ялгаатай бөгөөд илт хууль бус акт нь эрх зүйн илэрхий алдаатай, гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байдаг тул тухайн актад хууль ёсны дагуу гарсан гэх шинж байдал огт тогтоогдохгүй байх учиртай.

Иймд нэхэмжлэгчээс захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бол шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах, эсхүл хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээс биш илт хууль бус актыг шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэх тухай ойлголт байхгүй.

Ийнхүү нэхэмжлэгчээс “Орхон аймгийн Орон сууц хувьчлалын товчооны хурлын 1997 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаар тогтоол”-ыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор маргаж байхад анхан шатны шүүхээс маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг хянаж, “...зөрүүтэй нотлох баримтуудыг шүүх үнэлж хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул Орхон аймгийн Орон сууц хувьчлах товчооноос Б.Д-т дээрх маргаан бүхий орон сууцыг хувьчлахдаа ямар, ямар баримтад үндэслэсэн Эрдэнэт хотын өмч болох орон сууцны, эсхүл Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн мэдлийн орон сууцны алинаас өмчлүүлсэн талаараа нотолж, дахин шинэ захиргааны акт гаргах нь зүйтэй” гэж актын хууль бус байх шинжид хамаарах дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болжээ.

Маргааны үйл баримтын тухайд,

“Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн 48 дугаар байрны 4 дүгээр орцны 40 тоот орон сууцыг Б.Д-т өмчлүүлсэн” Орхон аймгийн Орон сууц хувьчлалын товчооны хурлын 1997 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаар тогтоолыг нэхэмжлэгч Р.Д-ээс “...бидний амьдарч буй орон сууцыг Засгийн газраас хувьчлах шийдвэр гаргаагүй байхад Орон сууц хувьчлах товчооноос дур мэдэн илт хууль бус тогтоол гаргасан байна” гэх үндэслэлээр илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор маргажээ.

Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувьчлалд үл хамаарах орон сууцны жагсаалтыг Засгийн газар батална”, 3-т “Төрийн өмчит хуулийн этгээдийн эзэмшилд байгаа орон сууцыг энэ хуулийн дагуу хувьчлах тухай шийдвэрийг Засгийн газар гаргах бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ тухайн хуулийн этгээдийн саналыг харгалзан үзнэ. Шийдвэр гарсан тухай бүр Төрийн өмчийн хороо уг орон сууцыг хувьчлах ажлыг зохион байгуулна” гэж зааснаас үзвэл, төрийн өмчийн орон сууцыг хувьчлах шийдвэрийг Засгийн газар гаргах бөгөөд ийнхүү хувьчлахаар шийдвэрлэсэн орон сууцны жагсаалтад багтсан орон сууцыг бусдын өмчлөлд шилжүүлэх боломж нээгдэхээр байна.

Гэтэл Орхон аймгийн Орон сууц хувьчлалын товчооны хурлын 1997 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаар тогтоолоор Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн 48 дугаар байрны 4 дүгээр орцны 40 тоот орон сууцыг Б.Д-т өмчлүүлэх шийдвэр гаргах үед Засгийн газраас төрийн өмчит хуулийн этгээдийн эзэмшилд байгаа орон сууцыг өмчлүүлэх талаар ямар нэг шийдвэрийг гаргаагүй байсан болох нь тогтоогдсон ба энэ талаар талууд маргаагүй байна.

Ийнхүү нэхэмжлэгчийн маргаж буй орон сууцыг хувьчлах талаар Засгийн газраас шийдвэр гаргаагүй байхад Орхон аймгийн Орон сууц хувьчлах товчооноос өөрт хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж, төрийн өмчийн орон сууцыг Б.Д-т дур мэдэн хувьчлах шийдвэрийг гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан шинжийг агуулсан захиргааны илт хууль бус акт болох нь тогтоогдож байна.

Нөгөөтэйгүүр, гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдолдоо “...40 тоот орон сууц Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн мэдлийн орон сууц гэдэг нь нотлогдохгүй байна” гэж маргах боловч энэ нь хэрэгт авагдсан гэрч Д.Г, Т.Ц нарын мэдүүлгээс үзэхэд Б.Д тухайн байранд амьдарч байгаад Улаанбаатар хот руу шилжсэн тул уг орон сууцыг Ч.Б-д эзэмшүүлэхээр шийдвэрлэж байсан байх төдийгүй энэ нь Ч.Баттулгад орон сууц эзэмшүүлсэн “Орон сууц олгох тухай” Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн 1998 оны 10 дугаар сарын 14-ний  өдрийн албан бичиг, 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн тодорхойлолт, “...1996 онд барьж ашиглалтад оруулснаар тухайн 40 тоот орон сууцыг байгууллагын мэдэлдээ эзэмшиж байгаа” талаар Орхон аймгийн сум дундын шүүхэд 1999 оны 10 дугаар сард гаргасан Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн болон Орон сууцны комиссын даргын батламж зэрэг баримтаар нэгэнт тогтоогджээ.

Харин анхан шатны шүүх “...Маргаан бүхий орон сууцыг хувьчлах талаар Засгийн газрын тогтоол гарсан эсэхийг Орхон аймгийн Орон сууц хувьчлах товчоо анхаараагүй ба ямар шийдвэрт үндэслэн Б.Д-т хувьчилсан нь тодорхойгүй байна” гэж Орхон аймгийн Орон сууц хувьчлалын товчооны хурлын 1997 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаар тогтоолыг холбогдох хэсгийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа хэрэглэх ёсгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсгийг хэрэглэн дахин шинэ акт гарах хүртэл захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч Р.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, дээрх актыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаар шийдвэрийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Орхон аймгийн Орон сууц хувьчлалын товчооны хурлын 1997 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоосугай” гэж, 3, 4 дэх заалтын дугаарыг 2, 3 гэж тус тус өөрчлөн, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Р.Н-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                       Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                      Г.БИЛГҮҮН