Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/01083

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 11-ний өдрийн 101/ШШ2022/01630 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Б ын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Б , О.А нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 19,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч О.А ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч О.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч Б.Б ын нэхэмжлэлийн агуулга: Д.Б надаас 3-4 удаа бэлнээр мөнгө өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь би заавал данс руу шилжүүлнэ гэхэд надад хүүхдийнхээ дансыг өгсөн. Тухайн үед би 19,000,000 төгрөг уутанд хийгээд явж байхад Хербалайф гэх клубын 2 эгч байсан. Би ийм их хөрөнгө оруулчихаад ашиг огт аваагүй, тэрээр миний бичиг үсэг мэдэхгүйг далимдуулсан. Би 2021 онд түүний гэрт очиж уулзахад 15,000,000 төгрөгийг бэлнээр өгье, 4,000,000 төгрөгт нь бараа авчих гэж хэлсэн. Мөнгө маань О.А ын данс руу орсон тул би хоёулангаас нь мөнгөө нэхэмжилж байна.

 

2.   Хариуцагч Д.Б ын хариу тайлбарын агуулга: Би нэхэмжлэгчээс 19,000,000 төгрөг огт авч үзээгүй. Бид урдаас интернетээр бараа авдаг байсан боловч систем нь өөрчлөгдөөд энэ талаар нэхэмжлэгчид дамжуулсан. 22,000,000 төгрөгийг бид урагш явуулчихаад ардаас нь очиж нэхэмжлэгчтэй хамт хоёр төлөөлөгчтэй нь уулзаж байсан. 19,000,000 төгрөгөөр нэхэмжлэгч бараа захиалсан. Багц авсныхаа төлөө тус компаниас сар бүр хувь авдаг юм. Би адилхан бараа авдаг, борлуулдаг. Үүнийхээ төлөө тус коспаниас хувь авдаг. Б.Б хамгийн их бараа авсан, хамгийн их цалин авдаг. Цалинг нь н.Лхагваа эгч тавьдаг. Би харин нэхэмжлэгчтэй л адил ажилладаг хүн.

 

3.   Хариуцагч О.А ын хариу тайлбарын агуулга: Миний ээж н.Л урд байдаг байсан. Ажлынхаа мөнгийг миний дансаар шилжүүлдэг байсан. Хүмүүс хэдэн төгрөг хийсэн талаараа ээжид хэлээд, шилжүүлээрэй гэсэн дүнг нь би шилжүүлдэг байсан. 19,000,000 төгрөг миний дансанд орж ирсэн даруйд н.Эрдэнэбат гэх ченжийн данс руу шилжүүлсэн. Би нэхэмжлэгчийг танихгүй. Миний данс руу орж ирсэн мөнгийг нэг бол урагшаа, эсвэл шилжүүл гэсэн хүн рүү нь шилжүүлдэг байсан. Мөнгө зээлдүүлсэн эсэх талаар мэдэхгүй. Гүйлгээний утга тодорхой байсан. Миний дансыг гурван найм-ын бизнес хийдэг хүмүүс мэддэг. Нэхэмжлэгч сүлжээний талаар огт мэддэггүй хүн биш. Мэдэхгүй байж гэрээ хийнэ гэж байхгүй. Дансны хуулгаас бүгд харагдана. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

 

4.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч О.А аас 19,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б д олгож, нэхэмжлэлээс хариуцагч Д.Б т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч О.А аас 252,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б д олгосон.

 

5.   Хариуцагч О.А ын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

5.а. Нэхэмжлэгч нь сүлжээнд орж ажиллаж байснаа мэдүүлсэн. Харин мөнгө авахын тулд зээлсэн гэж худал тайлбар гаргасан. Нэхэмжлэгч нь хариуцагч О.А надтай ямар нэгэн тохиролцоо, гэрээ хэлцэл байгаагүй гэдгээ зөвшөөрч, харин миний данс руу мөнгө шилжүүлсэн тул мөнгөө гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон. Гэтэл миний данс руу мөнгө шилжүүлсэн шалтгаан нь миний ээж С.Л урд Хятадад ажиллаж байхдаа сүлжээний ажилтны мөнгийг дансандаа хийгээд шилжүүлээдхээч гэсний дагуу 19,000,000 төгрөг орж ирэнгүүт н.Эрдэнэбаатар гэдэг ченжийн данс руу шилжүүлсэн. Нэхэмжлэгч нь Д.Б , С.Л нартай ярилцаж тохирсны дагуу мөнгөө шилжүүлсэн. Нэхэмжлэгч нь миний дансанд мөнгийг шилжүүлсэн нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлд заасны дагуу С.Л тэй ярьж тохирсны дагуу мөнгөө түүнд өгсөн гэсэн үг юм. Энэ нэхэмжлэл надад хамаарахгүй, би хариуцагч биш.

5.б. Энэ хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шүүх тодруулаагүй. Талууд ч мэтгэлцээгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хэнээс хэдий хэмжээний цалин авсан, мөнгөндөө хэдий хэмжээний барааг хэнээс авсан, нэхэмжилж байгаа мөнгө нь үндэслэлтэй эсэх гээд олон зүйлийг орхигдуулсан. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Огт хамаарахгүй надад хариуцуулан төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

 

6.   Нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй, давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

2.   Нэхэмжлэгч Б.Б нь зээлийн гэрээний үүрэгт 19,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Д.Б , О.А нар эс зөвшөөрч маргажээ.

 

3.   Хэргийн 6-р талд авагдсан Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нэхэмжлэгч Б.Б аас 2019 оны 11 сарын 01-ний өдөр 19,000,000 төгрөгийг хариуцагч О.А ын данс руу шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй.

Дээрх 19,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Б нь ...Д.Б т зээлдүүлсэн, түүний хэлсэн данс руу хийсэн... гэж тайлбарладаг бол хариуцагч Д.Б нь ...нэхэмжлэгчээс мөнгө огт авч байгаагүй, нэхэмжлэгч нь урдаас бараа захиалан борлуулж, компаниас хувь авдаг... гэж, хариуцагч О.А нь ...нэхэмжлэгчийг танихгүй, нэхэмжлэгч нь С.Л тэй тохиролцсоны дагуу гурван найм-ын сүлжээний мөнгийг миний данс руу шилжүүлснийг н.Эрдэнэбат гэдэг ченжийн данс руу шилжүүлсэн, нэхэмжлэгчтэй зээлийн гэрээний харилцаанд ороогүй... гэж тус тус тайлбарлан маргасан байна.

 

4.   Нэхэмжлэгч Б.Б ын гаргасан ...Д.Б той сүлжээний бүтээгдэхүүн зарж борлуулдаг байх үеэс нь эхэлж танилцаж найзалж эхэлсэн..., ...Би ийм их хөрөнгө оруулчихаад ашиг огт аваагүй... гэх тайлбар /хх 1, 149/, гэрч С.Л гийн өгсөн ...Би тухайн үед Эрээн хотод амьдардаг байсан. Бид нар хамтдаа онлайн бизнес эрхэлдэг байсан. Тухайн үед Б.Б , Д.Б нар ирсэн. Тэр үед Өвөр Монгол талын спонсоруудтай ажил хэргийн уулзалт хийсэн..., ...Д.Б нь Б.Б ын спонсор. Тухайн үед 22,000,000 төгрөгөөр ороод бараа бүтээгдэхүүн авч болохыг танилцуулж байсан..., ...Компанитай бараа захиалгын гэрээ хийнэ гэж шилжүүлж байгаа мөнгө... гэх гэрчийн мэдүүлэг /хх 73-77/, 2019 оны 11 сарын 01-ний өдрийн 19,000,000 төгрөгийн гүйлгээний утгыг Б.Б гэрээ /хх 6/ гэж бичсэн байдал зэргийг харьцуулан үнэлбэл ...нэхэмжлэгчтэй зээлийн гэрээний харилцаанд ороогүй, нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгө бараа захиалгын мөнгө байсан... гэх агуулгаар гаргасан хариуцагч нарын тайлбарыг үнэн зөв гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Б нь 19,000,000 төгрөгийг буцаан төлөх нөхцөлтэйгөөр хариуцагч нарт зээлдүүлсэн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй тул зээлийн гэрээний үүрэгт 19,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

5.   Энэхүү магадлал нь нэхэмжлэгч сүлжээний бизнест оруулсан мөнгө, эсхүл бараагаа бусдаас нэхэмжлэхэд саад болохгүйг тайлбарлах нь зүйтэй.

 

6.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Д.Б , О.А нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 19,000,000 төгрөг гаргуулах тухай Б.Б ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч О.А ын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 11-ний өдрийн 101/ШШ2022/01630 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Б , О.А нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 19,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Б ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч О.А аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 04 сарын 25-ны өдөр урьдчилан төлсөн 252,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

 

Д.НЯМБАЗАР