Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2022/01011

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2022/01630 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2022/01083 дугаар магадлалтай,  

*******ын нэхэмжлэлтэй

*******, О.Анхбаяр нарт холбогдох 

19,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор 

шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг, хариуцагч О.Анхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. ******* нь зээлийн гэрээний үүрэгт 19,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг *******, О.Анхбаяр нар эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.04.11-ний өдрийн 101/ШШ2022/01630 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч О.Анхбаяраас 19,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс хариуцагч *******т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч О.Анхбаяраас 252,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.06.06-ны өдрийн 210/МА2022/01083 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 11-ний өдрийн 101/ШШ2022/01630 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******, О.Анхбаяр нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 19,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч О.Анхбаяраас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022.04.25-ны өдөр урьдчилан төлсөн 252,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.  

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1 Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.3, 40.2 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх ба 172.2.1-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр гомдол гаргаж байна.

4.2 ******* нь өрх толгойлсон 6 хүүхэдтэй, бичиг үсэг мэдэхгүй ядарсан эмэгтэй бөгөөд иргэн *******, н.Лхагвасүрэн нарын толгойлдог БНХАУ-н сүлжээний бизнес хийдэгд нөхдүүдэд хууртагдан маш олон удаагийн үйлдлээр Хятад улсад бэлэн мөнгө аваачиж өгч 3.8 гэх сүлжээний бараа бүтээгдэхүүнийг захиалж байсан гэх ба нийт энэхүү барааны захиалга хийхийн тулд өөрийн ах дүү, хамаатан садны хүмүүсийн нэр дээр 40 хүний код үүсгэж нэг хүний нэрийн өмнөөс 2,000,000 төгрөг төлж өөрөөсөө 80,000,000 төгрөг төлсөн байдаг. Энэхүү *******ын эзэмшдэг гэх 40 суудал бүхий код бүртгэл дээр дахин дахин захиалга хий чи одоо яг байр машин авах болзол хангаж байна гэж шахалт үзүүлж нийт 320,000,000 төгрөгөөр захиалга хийлгүүлсэн тухай нэхэмжлэгч ярьдаг. Гэвч тэрхүү өгсөн мөнгийг нь н.Лхагвасүрэн, ******* нар нь өөрийн хүмүүсийн нэр дээр төлөлт хийж *******ын хөрөнгөөр хөрөнгөждөг байсан гэж мэдэх таних хүмүүс нь өөрт нь хэлж, чи одоо наад хэддээ хууртан идүүлж дууслаа миний дүү одоо боль гэж хэлдэг болсон. Тиймээс миний авах надад олгогдох болзол шагналууд болох байр, машиныг н.Лхагвасүрэн, ******* нар урамшуулал болгон авсан тул цаашид намайг хуурч мэхлээд байна гэж үзэн энэ сүлжээг хийхгүй болилоо гэж хэлсэнд ******* нь чиний кодыг үхүүлж болохгүй, чи ийм өндөрт гарчаад болино гэвэл би чиний кодуудыг авъя, чи надад харин мөнгө зээлчих гээд удаа дараа гуйсан гэдэг. ******* нь би энэ сүлжээний захиалгыг орхилоо. Харин дахин энэ сүлжээнд явахгүй гэдгээ хэлэхэд ******* нь гэрт нь ирээд 19,000,000 төгрөгийг зээлж авъя гэхэд танд дансаар л өгье гэсэн байна. Ингээд банкин дээр дагуулж очиход ******* нь миний дансыг битүүмжилсэн мөнгө хийвэл татаад авчихдаг гээд нэг данс өгсөн. Тэр данс руу нь уг 19,000,000 төгрөгийг хийх үед 3.8 гэж бичээрэй би олон сүлжээнд явдаг болохоор өөр хүний мөнгөтэй холилдоно шүү гэж хэлсэн байдаг. *******т мөнгө зээлүүлээд, дараа нь удаа дараа мөнгөө нэхэж гэрт нь очиж байсан үйл баримтыг ******* үгүйсгээгүй, мөн ******* нь О.Анхбаярыг танихгүй түүний дансыг мэдэхгүй. Гагцхүү *******ын зээлэх хэлцэлийн дагуу тэрхүү данс руу нь шилжүүлж өгснийг шүүх нотлох баримтыг үнэн зөв, үйл баримтыг харьцуулан дүгнэлт хийсэнгүй.

******* нь мөнгө өгнө өгнө гэдэг байснаа өгөхгүй болохоор нь шүүхэд хандсан ба шүүхийн маргаанд ирүүлсэн хариу тайлбарт би түүнээс огт мөнгө аваагүй өөрөө сүлжээндээ төлсөн гэж худал гүтгэж тайлбар гаргасан. Энэ талаар тайлбар, татгалзлаа ямар ч нотлох баримтаар нотлоогүй, нотлох баримт гаргаагүй юм. Нэгэнт ******* хийсэн хэлцэлээ хүлээн зөвшөөрөхгүй хуурсан болох нь илт байх тул шүүх тухайн мөнгийг О.Анхбаярын данс руу шилжиж орсон шалтгаан тайлбарыг гаргуулахаар хариуцагч О.Анхбаяраас асуухад дээрх сүлжээний бизнесийн бүх харилцагчийн мөнгийг хүлээн авч цааш нь бусдад шилжүүлж захиран зарцуулдаг тогвортой үйл ажиллагаа хийдэг болох нь түүний дансны хуулга нотлох баримтаар нотлогдоно. Гэтэл О.Анхбаяр дээрх үйл явдал мөнгийг огт мэдэхгүй гэх нь үнэнд нийцэхгүй ба *******аас шилжүүлсэн мөнгийг хэний мөнгө болохыг асуух, тодруулах буцаах бараа бүтээгдэхүүнийг хэнд олгох гэх мэт байдлаар тодруулж өөрийн ээж н.Лхагвасүрэнгээс баримт гаргуулж шүүхэд өгөх боломжтой байсан. О.Анхбаяр нь өөрийн гаргасан тайлбар давж заалдах гомдлын үндэслэлээ нотлох, нотлох баримтаа гаргаагүй, эх сурвалжаа заагаагүй байхад түүний тайлбар гомдлыг яагаад шууд үнэн зөв гэж үзэж байна вэ? Магадлалын үндэслэлд *******ын болон *******ын сүлжээний бизнес хийдэг байсан тухай үйл баримт яригдсаныг мөнгийг зээлэх нэрээр хуурч мэхлэж авсан байдал байгааг ялган тогтоогоогүй, нэхэмжлэгчийг 19,000,000 төгрөгөө бусдад хууль бусаар алдах хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг нотлох баримтын хүрээнд үнэн зөв дүгнэлт хийж чадсангүй. О.Анхбаярыг *******тай ямар нэгэн байдлаар үүрэг хүлээгээгүй байх ба бусдын хөрөнгийг цааш нь захиран зарцуулахдаа *******ын даалгавраар бус өөрийн ээж н.Лхагвасүрэнгийн заавраар бусдад, ээждээ өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байгааг хуульд нийцүүлж дүгнэн, хуулийг үнэн зөв хэрэглэж чадсангүй дээрх маргаан нь сүлжээний бизнес бус ******* бусдын хөрөнгийг хуурч хамтрагчиддаа шилжүүлж авсан болох нь нотлох баримтаас харагдана. Мөнгө шилжүүлсэн өдрөөс хойш хариуцагч нар *******ыг ямар нэг бараа бүтээгдэхүүн ашиг орлого олсон гэж нотлож чадаагүй ба тухайн мөнгийг буцаан төлөөгүй болох нь тогтоогдож байгаа.

Нэгэнт хуурч зээлэх нэрээр хүчин төгөлдөр бус хэлцэл хийгдсэн тул нэхэмжлэгч нь О.Анхбаяраас мөнгийг үндэслэлгүй хөрөнгөжих 492.1-д заасан үндэслэлээр төлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг үнэн зөв шийдвэрлэсэн гэж үзсэн.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд хоцорч очсоны улмаас хуралдаанд оролцож чадаагүй, тайлбараа гаргаагүй байдлыг далимдуулж дан ганц О.Анхбаярын ярьж буй гомдлыг үнэн зөв гэж нэг талыг барьж нотлох баримтыг буруу үнэлж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй, төсөөтэй харилцаануудыг ялгаж хуулийг хэрэглэж чадаагүй, буруу шийдвэрлэсэн гэж үзэж байх тул магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг сэргээж, хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.  

6. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, О.Анхбаяр нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ******* .. бараа байхгүй болчихлоо удахгүй мөнгийг чинь өгчихнө гэж хэлээд мөнгө зээлсэн. ... миний данс битүүмжлэгдсэн тул энэ дансруу хийчих гээд О.Анхбаярын дансруу хийлгэсэн. Мөнгө маань О.Анхбаярын дансруу орсон тул би хоёулангаас нь мөнгөө нэхэмжилж байна гэжээ. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн маргаж байх ба хариуцагч ******* ... нэхэмжлэгчээс 19,000,000 төгрөг огт авч байгаагүй, ... миний данс үргэлж нээлттэй байдаг байсан гэж, хариуцагч О.Анхбаяр ... 19,000,000 төгрөг миний дансанд орж ирсэн даруйд н.Эрдэнэбат гэдэг ченжийн дансруу би шилжүүлсэн. ... Хүмүүс хэдэн төгрөг хийсэн талаараа ээжид хэлээд, ээж намайг шилжүүлээрэй гэсэн дүнг нь би шилжүүлээд өгдөг байсан гэж маргажээ. 

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч О.Анхбаярт холбогдох хэсгийг хангаж, *******т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон байх ба нэхэмжлэгч болон хариуцагч ******* нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан нь баримтаар тогтоогдоогүй, хариуцагч О.Анхбаяр нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна. Харин давж заалдах шатны шүүх хариуцагч нараас зээлийн гэрээний дагуу болон үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр 19,000,000 төгрөг шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн болох нь баримтаар тогтоогдохгүй гэж дүгнэн холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч сүлжээний бизнест оруулсан мөнгө, эсхүл бараагаа бусдаас нэхэмжлэхэд тус магадлал саад болохгүй талаар дурджээ. 

8. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн үнэлж хэргийн үйл баримтыг зөв тогтоон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхив.  

9. Хоёр шатны шүүх нэхэмжлэгч ******* хариуцагч ******* нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан баримтаар тогтоогдохгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн, хэрэгт авагдсан баримтын хүрээнд үйл баримтыг зөв тогтоон, хэрэглэгдэх хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. Хариуцагч ******* нь 19,000,000 төгрөгийг хүлээн аваагүй, О.Анхбаярт тус мөнгөн дүнг шилжүүлэх талаар аливаа зааварчилгаа өгөөгүй талаар тайлбарлаж байх ба энэ тохиолдолд О.Анхбаярт шилжүүлсэн 19,000,000 төгрөгийг *******т зээлийн зорилгоор өгсөн мөнгө болохыг нотлох үүрэг нэхэмжлэгч *******д оногдоно. Гэвч хэрэгт энэ талаар аливаа нотлох баримт авагдаагүй бөгөөд талуудын хооронд үүссэн харилцааг зээлийн гэрээ бус тэдгээрийн хооронд нэгэнт тогтсон байсан сүлжээний бизнесийн харилцаа гэж үзэх тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, нотлох баримтад суурилсан байна.  

10. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргахдаа магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн иргэний танхимын нийт шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдааны 001/ШХТ2022/00883 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.  

11. Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* нь хариуцагч О.Анхбаярын Хаан банк дахь 5001345891 дансанд 19,000,000 төгрөг шилжүүлсэн харилцааг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс үгүйсгэж, зохигчийн хооронд үндэслэлгүй хөрөнгөжсөнтэй холбоотой харилцаа үүсээгүй, нэхэмжлэгчид шаардах эрх үүсээгүй гэж үзсэн нь үндэслэлтэй болжээ. Учир нь хариуцагч О.Анхбаяр сүлжээний бизнест дадсан заншлын дагуу цааш шилжүүлсэн талаар тайлбарлаж байх ба энэ нь гэрч С.Лхагвасүрэнгийн ...компанитай бараа захиалгын гэрээ хийнэ гэж шилжүүлж байгаа мөнгө ..., гэх мэдүүлэг, О.Анхбаяр нь 19,000,000 төгрөгийг *******аас хүлээн авсан өдрөө Lhagva 80000 юан гэх утгаар 31,160,000 төгрөгийг 5380038079 дансанд шилжүүлсэн үйл баримт, О.Анхбаярын 5001345891 гэх дансанд Ичинхорлоо гэрээ, Мөнхбат гэрээ гэх зэрэг утгуудаар орлогын гүйлгээ хийгддэг, хүний нэр зааж гэрээ гэж тэмдэглэгдсэн дансуудад буцааж нэрийг дурдан цалин гэх утгатай зарлагын гүйлгээ хийгддэг байдлуудаар хариуцагч О.Анхбаяр нь нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгийг өөртөө аваагүй нь тогтоогдсон буюу хариуцагч нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгийг өөртөө аваагүй нь тогтоогдсон байна.

12.Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэгийн ... *******той зээлийн гэрээ байгуулсан, О.Анхбаярыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах ...-ыг хүссэн хяналтын гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1.   Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2022/01083 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч *******аас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 253,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ                                           Г.БАНЗРАГЧ

 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                               Н.БАЯРМАА

        Д.ЦОЛМОН

         Х.ЭРДЭНЭСУВД