Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 212/МА2022/00049

 

Н сумын Засаг даргын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,   

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2022/00299 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Н сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, хариуцагч *** оршин суух ** овогт О.Х-т холбогдох,  

“Баян-Өлгий аймгийн Н сумын Сум хөгжүүлэх сангаас авсан зээл, хүүгийн хамт 5310500 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэж 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Д, хариуцагч О.Х нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн үндэслэл:        

1.1. Хариуцагч О.Х нь Н сумын Сум хөгжүүлэх сангаас 5000000 төгрөгийг 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаагаар зээлийн гэрээ байгуулан зээлдэн авсан. Тохиролцсон хугацаа 60 сарын өмнө дууссан боловч мөнгийг буцаан төлөхгүй байна. Иймд О.Хс үндсэн зээл болон хүүгийн хамт нийт 5310500 төгрөг гаргуулан Н сумын Төрийн сангийн 100020855401 тоот дансанд төлүүлж шийдвэрлэж өгнө үү.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. Миний бие арьс шир боловсруулах үйлдвэр байгуулах зорилгоор 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Н сумын Сум хөгжүүлэх сангаас 5000000 төгрөгийг, 36 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулан зээлдэж авсан нь үнэн. Арьс шир боловсруулах үйлдвэр байгуулна гэж яваад дампуурсан тул зээлээ гэрээнд зааснаар төлөөгүй маань үнэн.

2.2. Гэхдээ нэхэмжлэгч талаас зээлээ төлөхийг хэзээ ч шаардаж байгаагүй бөгөөд Н сумын Засаг дарга Х.Е гэрээний үүрэгтэй холбоотой тогтоосон хугацаанд зээлээ төлөхийг шаардсан, мэдэгдсэн зүйл огт байхгүй.

2.3. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан бөгөөд энэ хугацаа өнгөрсөн байх тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2022/00299 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1-ийг тус тус баримтлан нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Н сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч ** овогт О.Хаас сум хөгжүүлэх сангаас авсан зээл, зээлийн хүүгийн хамт нийт 5310500 (таван сая гурван зуун арван мянга таван зуун) төгрөгийг гаргуулан Баян-Өлгий аймгийн Н сумын төрийн сангийн **** тоот дансанд оруулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь төсвийн байгууллагын нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч О.Хаас 99918 (ерэн есөн мянга есөн зуун арван найман) төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.   

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: 

4.1. Нэхэмжлэгч Засаг дарга Х.Етай зээлийн гэрээ байгуулаагүй, гэрээний үүрэгтэй холбоотой тогтоосон хугацаанд төлөхийг шаардсан гомдол гаргасан мэдэгдсэн зүйл огт байхгүй, түүнийг нотолсон нотлох баримт бас байхгүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж үндэслэлгүй нэхэмжлэл хүлээн авч үндэслэлтэй гэж хянан шийдвэрлэсэнд гомдолтой.

4.2. Засаг дарга Х.Е 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 29 тоот зээлийн гэрээг үндэслэл болгож нэхэмжлэлдээ О.Х 36 сарын хугацаагаар зээлийн гэрээ байгуулсан, тохиролцсон хугацаа 60 сарын өмнө дууссан гэж шаардлагыг тодруулсан боловч шүүх 36 сарын зээлийн гэрээний тохиролцооны хугацаа болон 60 сарын өмнө зээлийн гэрээ дууссан хугацааг зориуд үгүйсгэж, шүүх нэг талыг баримталсанд гомдолтой.

4.3. 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 29 дугаартай зээлийн гэрээнд зээлдүүлэгчийг төлөөлж Засаг дарга А.М, төрийн сангийн төлөөлөгч У.Б нар гарын үсэг зурж баталгаажуулсан, тамгатай, нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн ХААН БАНК гэсэн зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт дахиад 36 сард хуваарилалт хийсэн, Засаг дарга А.М ХААН БАНК-ийг төлөөлж гарын үсэг зурсан ба төрийн сангийн төлөөлөгч У.Б зээлдүүлэгчийг төлөөлж гарын үсэг зурснаар давхар нотлон харуулж байхад шүүх анзаараагүйд гомдолтой.

4.4. Мөн дээрх зээлийн гэрээний хавсралт нь нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн зээлийн гэрээний хавсралт байсан хаан банкны зээл төлөлтийн хуваарьт зээлийн гэрээг төлөөлж салбарын захирал болон зээлийн эдийн засагч биш 2013 оны Засаг дарга А.М ХААН банкийг төлөөлсөн, мөн төрийн сангийн төлөөлөгч У.Б зээлдүүлэгчийг төлөөлж гарын үсэг зурсан байгаа тул хаан банкны зээл буцаан төлөлтийн хуваарь нь энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай.

4.5. Надад гэрээний үүрэгтэй холбоотой тогтоосон хугацаанд шаардсан мэдэгдсэн зүйл огт болоогүй. Энэ талаар шүүхэд тайлбар гаргах үед мэдсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал гэсэн гомдлын шаардлага гаргах хугацааг хэргийг шүүхээс урьдчилан шийдвэрлэх нөхцөлд хэрэглэхээр Иргэний хуулиар тогтоосон боловч А.М, К.Х, Х.Е нарын аль аль нь хугацаандаа гомдол гаргаагүй. ...Үүнийг гэрээний үүрэгтэй холбоотой үйлдэл хийхээс татгалзах шаардлагад хөөн хэлэлцэх хугацааг гурван жил өнгөрсөн байхыг шүүх тогтоохгүй байгаад гомдолтой. Нэхэмжлэгч Х.Е шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдсан, нэхэмжлэлийг хүлээн авч татгалзахгүйгээр шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай үнэн зөв талаас нь үнэлэхгүйгээр илтэд буруу шийдвэрлэсэнд гомдолтой.

4.5. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.2, 76.1 дэх хэсгийг  буруу хэрэглэж тайлбарласанд гомдолтой. Мөн хуулийн 76.3, 76.4-ийг хэрэглэсэнгүй гэж үзэж байна.

4.7. Шүүх Х.Еын эрх зөрчигдсөн талаар “сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх зарцуулах хяналт тавих журам”-ын дагуу хариуцагч О.Хт сум хөгжүүлэх сангаас зээл олгосон эсэх нотлох баримтыг нэхэмжлэгч талаас гаргаж өгч чадаагүй зөвхөн 2013 оны Засаг дарга байсан Абилхайрын Мейремханы О.Хтай байгуулсан 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 29 дугаартай сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээг гаргаж өгсөн гэж дүгнэж эсрэг шийдвэр гаргасанд гомдолтой.   

4.8. А.М-тай 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 29 дугаартай гэрээг 36 сарын хугацаанд байгуулсан боловч зээлийн гэрээ 2016 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр дуусгавар болсон. Зээлийн гэрээний хугацааг хавтас хэрэгт авагдсан Х.Еын 2022 оны 01 сарын 28-ны өдрийн 40 дүгээр албан тоот нэхэмжлэл, мөн зээлийн эргэн төлөлтийн хуваарь, ХААН банк Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолын 1.5 дахь заалт, 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаар тогтоолоор сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх зарцуулах хяналт тавих журмын 1.6.2 дахь заалтад зээлийн хугацаа нь 36 сар хүртэл байна гэсэн ба миний мэдүүлгээр гэрээний хугацаа тодорхойлсон нотлох баримттай байсан. Иргэний хуулийн 75 дугаар зүйл болон 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх тусгай хугацааг хэрэглэх боломжтой байхад тусгай хуулийн хугацааг хэрэглэхгүй байгаад гомдолтой. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т заасан хөөн хэлэлцэх ерөнхий арван жилийн хугацаа өнгөрөөгүй байна гэж 75.1-ийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараах тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ” гэж, 75.2.1 ”гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж тус тус заасныг хэрэглэж шийдвэрлээгүйд гомдолтой.

4.9. 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх 29 дүгээр зээлийн гэрээ 36 сарын хугацаанд байгуулагдсанаас хойш гурван жил өнгөрсөн зээлдүүлэгч А.М болон Х.Еын шаардах эрх хэрэгжүүлэх гурван жилийн хугацаа өнгөрсөн. Иргэний хуулийн 75.2.1-т хөөн хэлэлцэх хугацаа дууссан ба нэхэмжлэгч шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал гэсэн гомдлын шаардлага гаргах хугацааг хэргийг шүүхээс урьдчилан шийдвэрлэх нөхцөлд хэрэглэхээр иргэний хуулиар тогтоосон боловч А.М К.Х нар гурван жилийн дотор эрхийн зөрчилтэй холбоотой шаардлага гаргаж шаардах эрхтэй байсныг мэдсэн гэхдээ шаардлага гаргаагүй ба шаардах эрхийн үйлдлийг хийх ёстой байсан ч уг үйлдлийг хийгээгүй, гомдол гаргаагүй. Хөөн хэлэлцэх хугацаа хэрэгжиж өнгөрсөн.

4.10. Засаг дарга Х.Етай шинээр зээлийн гэрээ байгуулаагүй ба өмнөх зээлийн гэрээ Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т болон 75.2.1-т заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх гурван жил өнгөрсөн. Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй ба ерөнхий ангийн зохицуулалтын хувьд тусгай ангийн гэрээний харилцаанд нэгэн адил үйлчилдэг учраас тусгай хуулийн хугацаа болон гэрээгээр тохиролцоогоор тогтоосон хугацаа байсан тул гомдолтой.

4.11. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ” гэж заасан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой. 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 29 дугаартай сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээнд зээлийг буцааж төлөх хугацааг тогтоосон, зөвхөн Абилхайрын Мейремхантай 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 29 дугаартай гэрээг 36 сарын хугацаанд байгуулсан, уг зээлийн гэрээ 2016 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр дуусгавар болсон....Түүнээс хойш 2013-2022 он хүртэлх хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэгч шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй түүнийг буцаан төлөхөөргүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэгчийн шаардлагыг татгалзаж хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. О.Х анх зээл авахдаа 36 сарын хугацаанд төлнө гэж гарын үсгээ зурсан. Энэ хувь хүнээс авсан мөнгө биш улсын мөнгө. Зээлийг эргэн төлөлтийн хугацаагаар авсан учраас зээлийг төлөх ёстой. 2011 оноос хойш зээл авсан зээлдэгч нарын зээлийг барагдуул, барагдуулж чадахгүй бол шүүхэд нэхэмжлэл гарга гэж бидэнд үүрэг даалгавар өгч байна. Сум хөгжүүлэх санд сумын Засаг дарга хяналт тавих ёстой. Улсын мөнгийг зээлээр авчхаад одоо хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн төлөхгүй гэж байгаа нь үндэслэлгүй.

ХЯНАВАЛ:

            6. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүйгээс Иргэний хуулийн хэрэглэвэл зохих заалтыг хэрэглээгүй зөрчил гаргасан байх тул шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтаар хүчингүй болгож, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

            7. Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу талуудаас цугларсан нотлох баримтаар үүрэг гүйцэтгүүлэгч Баян-Өлгий аймгийн Н сумын Засаг дарга болон үүрэг гүйцэтгэгч О.Х нарын хооронд 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 29 дугаар “Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ”-ээр 5.000.000 төгрөгийг сарын 0,25 хувийн, жилд 3.0 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай зээлдүүлсэн, зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн, зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу ямар нэгэн төлбөр хийгээгүй нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ, зээлийг буцаан төлөх хуваарь зэрэг баримтуудаар хангалттай тогтоогдсон байна.

 

            8. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр, зээлдүүлэгч  буюу нэхэмжлэгч нь үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг зээлдэгч буюу хариуцагчаас шаардах эрхтэй боловч уг шаардах эрхээ хэрэгжүүлэх хуульд заасан хугацааг өнгөрөөсөн байна. Энэ талаар хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариу тайлбар гаргах зэргээр мэтгэлцсэн бөгөөд О.Хийн хууль зүйн болон бодит үндэслэлтэй хариу тайлбар бүхий үгүйсгэлийг шүүх хэргийн 6 дугаар хуудаст авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралгүй гэж буруу дүгнэснээс хуульд заасан журмаар үнэлээгүй байна.

 

            9. Хэргийн 6 дугаар хуудаст авагдсан “зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь” гэх баримтыг үйлдэхдээ талууд “ХААН банк”-ны “загвар” баримтыг ашигласан хэдий ч уг баримтад зээлдүүлэгчийг төлөөлж Н сумын Засаг дарга болон Төрийн сангийн төлөөлөгч нар гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан байдал, тухайн баримтыг нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ хавсаргаж шүүхэд гаргаж өгсөн бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлдээ “36 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан, хугацаа 60 сарын өмнө дууссан” гэж тайлбарласан зэргийг үндэслэж, тухайн “зээл буцаан төлөх хуваарь” гэх баримт бичгийг зээлийн гэрээний бүрэлдэхүүн хэсэг мөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үнэлсэн болно.

 

            10. Зээлийн гэрээ болон зээлийг буцаан төлөх хуваарь, зохигчийн тайлбар зэргийг үндэслэвэл, нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Н сумын Засаг дарга нь анхан шатны шүүхэд 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргахдаа тухайн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтад заасан гурван жилийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байх бөгөөд мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. Нэхэмжлэгчийн шаардах эрх талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа дууссан үеэс буюу 2016 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс үүссэн бөгөөд энэ хугацаанд зээлдэгч нь зээлийн буцаан төлөх хуваарийн дагуу ямар нэгэн төлбөр хийгээгүй нь зохигчийн тайлбараар тогтоогджээ.

            Иймээс зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой гурван жилийн хөөн хэлэлцэх хугацааг 2016 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тоолоход, нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар дуусгавар болсон нь илэрхий тогтоогдсон болно. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч нь шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль ёсны болон талуудын /диспозитив/ зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

            11. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн боловч зээлийн гэрээний хугацаа, эргэн төлөлтийн хуваарь зэрэг нь тодорхой, нотлогдсон тохиолдолд мөн хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт заасан урьдчилсан нөхцөл хангагдахгүй тул анхан шатны шүүх хуулийн мөн хэсгийг /283.1/ тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн,  урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхгүй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2022/00299 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалт, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Н сумын З дын хариуцагч О.Хт холбогдуулан гаргасан 5.310.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээж авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 57.3, 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч төсвийн байгууллага нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 99918 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж О.Хт буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК