Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 284

 

 “Э” ХХК, Ж.О нарын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын

 сайдад холбогдох захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:          Ч.Тунгалаг,

            Шүүгчид:                        Г.Банзрагч,

                                                   М.Батсуурь,

                                                   Д.Мөнхтуяа,

            Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, эрх олгох тухай А/288 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 3 дахь хэсэг, 2 дугаар хавсралтын 4 дэх хэсгийг болон Байгаль Орчин Ногоон хөгжил, Аялал жуулчлалын сайдын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай А/116 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 1 дэх хэсэг, 2 дугаар хавсралтын 9 дэх хэсгийг тус тус хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр  сарын 21-ний өдрийн 128/ШШ2020/0058 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 257 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, түүний өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, гуравдагч этгээд “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, гуравдагч этгээд “Ү” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, өмгөөлөгч Д.Н нарыг оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр  сарын 21-ний өдрийн 128/ШШ2020/0058 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1, 27 дугаар зүйлийн 9, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3, Компанийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.2-т заасныг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, эрх олгох тухай А/288 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 3 дахь хэсэг, 2 дугаар хавсралтын 4 дэх хэсгийг болон Байгаль Орчин Ногоон хөгжил, Аялал жуулчлалын сайдын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай А/116 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 1 дэх хэсэг, 2 дугаар хавсралтын 9 дэх хэсгийг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч “Э” ХХК-ийн болон Ж.Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 257 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 58 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт заасныг баримтлан “Э” ХХК, Ж.О нарын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж “Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, эрх олгох тухай А/288 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 3 дахь хэсэг, 2 дугаар хавсралтын 4 дэх хэсэг мөн сайдын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” А/116 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 1 дэх хэсэг, 2 дугаар хавсралтын 9 дэх хэсгийг тус тус хүчингүй болгон, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Д.Б, Д.Х, Н.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хууль тогтоомжийг буруу хэрэглэн, мөн нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан шалгалгүй, дутуу үнэлэн иргэний эрх зүйн маргааныг захиргааны эрх зүйн маргаан болгож шүүхийн харъяаллыг зөрчсөн. Тухайлбал, компанийн төлөөллийн асуудал, хувь эзэмшлийн асуудалд дүгнэлт өгч шийдвэр гаргасан.

4. Мөн шүүх төрийн захиргааны байгууллага нь компанийн баримт бичиг, төлөөллийг нягтлан шалгаж тогтоох ёстой гэсэн агуулгаар хэрэгт хандсан нь үндэслэлгүй байна. Компанийн албан ёсны бичиг баримт, тамга, тэмдэг, албан ёсны захирлын хүсэлтийн хүрээнд яам шийдвэр гаргасан гэдэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэргээр тогтоогдож байсан.

5. Мөн шүүх хуульд заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаанд анхаарал хандуулаагүй. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын шийдвэртэй холбогдуулан маргаан үүсгэх хуульд заасан хугацаа аль хэдийн өнгөрсөн ба энэхүү шийдвэрүүдийг нэг компанийн хувьцаа эзэмшигч нар мэдэж байсан нь бодит байдал дээр болон хэргийн материалууд зэргээс тодорхой харагдаж байсан.

6. Гуравдагч этгээд “Э” ХХК-ийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09 өдрийн 257 тоот магадлалд дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч “Э” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ж.О нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 123.2.1 заасан төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн байна.

7. Тус компанийн захирлаар ажиллаж байсан, компаний хувьцаа эзэмшигч Х.Б нь нөгөө хувьцаа эзэмшигч Ц.Атай нар Компанийн тухай хуулийн компанийн эрх бүхий албан тушаалтан үүргээ зөрчих, сонирхлын зөрчил бүхий этгээд, эрх бүхий албан тушаалтан, Сонирхлын зөрчилтэй хэлцэл, түүнийг хийх журмаар зүйлийн заалтуудыг зөрчсөн гэдгийг үнэн хэрэгтээ магадлалын (Хянавал хэсгийн) ...10 дугаар хуудсын сүүлчийн мөр, 11 дүгээр хуудсын эхний мөрд дурдсан.

8. Түүнчлэн хэрэгт цугласан нотлох баримтуудаас үзэхэд, Х.Б нь “Э” ХХК-ийн захирал, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий цорын ганц этгээд байсан байна. Ийм ч учраас тэрээр Хан-Уул дүүргийн 4-р хороонд 10 га газар эзэмших хүсэлтийг анх 2010 оны 9 сарын 3-нд 01Ү24 дугаартай өөрийн гарын үсэг бүхий албан бичгээр БОАЖ-ын яаманд гаргаж байсан байна. Мөн тус ХХК-ийн зүгээс ашиглалтын газраасаа тодорхой хэсгийг “Э” ХХК-д шилжүүлэхээр гаргасан хүсэлтэд ч тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий захирал Х.Б гарын үсэг зурсан.

9. Иймд тэрхүү хүсэлтийн хууль ёсны байдал болон захирал Х.Бын бүрэн эрхэд эргэлзэх хууль зүйн үндэслэл, түүнийг магадлах шалтгаан, хуулиар хүлээсэн үүрэг БОНХАЖ-ын сайдад байгаагүй.

10. Хэргээс үзэхэд, БОАЖ-ын яам 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 03/3433 дугаартай албан бичгээр “Э” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ж.Оийн дурьдсан хүсэлтэд хариу өгөхдөө, шүүхэд нэхэмжлэл гарга гээгүй, харин Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан гомдол гаргах хуулийн хугацаа өнгөрсөн гэж мэдэгдсэн байна. Гуравдагч этгээд болох “Э” ХХК 2019 онд тухайн 3 га газрыг шилжүүлж аваад, 2019 онд уул талбайгаа тойруулан газар дээр байгаа хүний нүдэнд байтугай огторгуйгаас дурандахад харагдах хамгаалалтын хашаа барьж, арга хэмжээ авсан байдаг. Үүнийг О захирал олж хараагүй, юуны учир компанийх нь \сургуулийн\ газарт тусгайлсан хашаа баригдсаныг лавлан тодруулахгүй байх ямар ч боломжгүй юм.

11. Мөн БОАЖ-ын яамны цахим мэдээллийн сангаар газрын хөдөлгөөн ямагт мэдээлэгдэж байдаг. “Ү” ХХК хувьд гэхэд л 2016 онд компанийх нь газар өөр компанид шилжсэн гэдгийг 3 жилийн дараа компаний хувьцаа эзэмшигчдийн хооронд үүссэн маргааны асуудал шийдвэрлэгдэх шатанд олж мэдсэн мэтээр нэхэмжлэгч тайлбарлаж байгаа нь үнэнд нийцээгүй байна. Иймд түүний тус шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийг ЗХШХШ тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болох ёстой гэж үзэж байна.

12. Хавтаст хэрэгт гэрч А, А, Б нарын мэдүүлэг, тухайн газруудын төлбөр хэрхэн төлөгдөж байсан талаар гэрч нарын тайлбар, гуравдагч этгээдүүдээс гаргаж өгсөн Оюунгэрэлийн цахим шуудан зэрэгт давж заалдах шатны шүүх огт ач холбогдол өгөөгүй нь анхаарал татаж байна. Дахин хэдэн асуудлууд, Ж.О нь “Э” ХХК-ийн хувьцаа эзэмшигч. Иймд тэрээр тухайн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй эсэхээ шүүхэд нотлоогүй байж нэхэмжлэл гаргасан нь түүний нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгох бас нэгэн үндэслэл юм.

13. Энэхүү хэрэг хэрхэн анхан шатны шүүхээс давж заалдах шүүхэд шилжиж шүүгч Э.Лд хувиарлагдсан (Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Д.Б энэхүү шүүгчийн туслахаар ажиллаж байсан), хурал удаа дараа хойшлогдож, бүрэлдэхүүн солигдож байсан, гуравдагч этгээдийн гаргасан хүсэлтийг шүүх хангахгүй байсан зэрэгт нь манай үйлчлүүлэгч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн,(Хурлуудын тэмдэглэлүүдтэй сайтар танилцана уу) шүүхийн шийдвэр гаргахдаа нөлөөлөлд автсан гэж үзэж байна.

14. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 09 өдрийн 257 тоот магадлалыг хяналтын журмаар хянан хүчингүй болгож, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн тус компанийн хувьцаа эзэмшигч Ж.О нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлүүдийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

15. Гуравдагч этгээд “Ү” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд уул хуулийн зорилтыг “хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” хэмээн тодорхойлсон байна.

16. Гэтэл тухайн хэргийг шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчдийн давж заалдсан гомдлоор энэхүү хэргийг хянахдаа ЗХШХШ тухай хуулиар тодорхойлсон энэхүү зорилтын хязгаарыг даван компанийн хувьцаа эзэмшигч хоорондын маргаанд илүү ач холбогдол өгч, маргалдагч хувьцаа эзэмшигчдийн нэгнийх нь эрх ашгийг илт хамгаалсан, нэг талыг барьсан дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэсэн нь тус шүүхийн магадлалын бүтэн 3 хуудас буюу 11-13 дугаар хуудсуудад хийсэн дараах дүгнэлтүүдээс тодорхой харагдаж байна.

17. Тухайлбал, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2867 дугаар шийдвэрээр Х.Бын “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлын бүрэн эрх дуусгавар болсон, мөн тус компанийг төлөөлөх бүрэн эрхгүй болохыг тогтоохдоо түүнийг 2017 оноос хойш хувьцаа эзэмшигчдийг хурлыг хуралдуулахгүй байсан гэх Ж.Оийн нэхэмжлэлийн үндэслэлийг огт үгүйсгээгүй ...” /магадлалын 11-р хуудасны 1 дэх догол мөр/, Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д заасны дагуу гүйцэтгэх удирдлагын хувьд Х.Бын хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болсон, өөрөөр хэлбэл, 2017 оны  9 дүгээр сарын 06-ны өдрийн 144 дүгээр албан бичгээр газар салгуулж бүртгүүлэх хүсэлтийг гаргах эрхгүй байсан гэж үзэж болно. /магадлалын 11-р хуудасны 2 дахь догол мөр/, Сайдын 2017 оны А\288 дугаар тушаал гарах үндэслэл болсон ... хувьцаа эзэмшигчдийн хурал болоогүй, тэр тусмаа компанийн 51%-ийн хувьцаа эзэмшигч Ж.Оийн оролцоотой хурал огт болоогүй байна. /магадлалын 12-р хуудасны 3 дахь догол мөр/, магадлалын 13-р хуудсанд “Э” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хоорондын хувьцааны шилжилтүүдийн тухай дэлгэрэнгүй дурьдаад, ...Цаг хугацааны хувьд эдгээр гэрээ хийгдсэнээс хойш 2-3 жилийн дараа 3, 3 га-гаар газрыг өөр хуулийн этгээдэд шилжүүлж байгаа нь үндэслэлгүй гэх мэтчилэнгийн дүгнэлтүүдийг хийсэн байх бөгөөд тус шүүх ийнхүү компанийн хувьцаа эзэмшигч хоорондын маргааны асуудлаар өөрийн бүрэн эрхэд хамааралгүй, шийдвэрлэх агуулгатай дүгнэлтүүдийг хийснээрээ ЗХШХШ тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн “Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ” гэсэн заалтыг зөрчлөө.

18. “Э” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ж.Оийн хувьд анхнаасаа захирал Х.Бын сонирхлын зөрчилтэй хэлцэл хийсэн, эрх хэмжээгээ хэтрүүлсэн эсэхтэй холбоотой асуудлаар иргэний шүүхэд хандах эрх нь нээлттэй, иргэний шүүх уул асуудлыг шийдвэрлэх ёстой байтал Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх энэ асуудлыг нь өмнө дурьдсанаар “шийдээд өгчихөв”.

19. Дараагийн зүйл, Х.Б 2010 оны 7 сард иргэн Б.Сгийн хамт хоёул “Э” ХХК-ийг байгуулж, 9 дүгээр сарын 3-нд БОАЖ-ын яаманд хандан 10 га газар ашиглах эрхтэйгээр олгохыг хүссэн байдаг. Харин иргэн Ж.Онь Х.Б захирлын газар авах хүсэлт гарснаас хойш буюу 10 дугаар сарын 05-наас тус компанийн хувьцаа эзэмшигчээр нэмэгдэн орсон. Х.Б захирлын дурьдсан хүсэлт яаманд судлагдсаар 10 га газрыг ашиглах эрхтэйгээр олгох тухай сайдын 328 дугаартай тушаал 2010 оны 10 сарын 22-нд гарсан. Гэтэл давж заалдах шатны шүүх тус компаний газар ашиглах эрх хүссэн хүсэлт гарсан өдөр /9 сарын 3/-ийг үл дурьдан, тухайн газар Ж.Оийг хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэнээс хойш буюу 10 сарын 22-нд 10 га газар ашиглах эрх үүссэн гэж онцлон тэмдэглэсэн нь тус шүүх иргэн Ж.О, түүний ашиг сонирхолд “онцгойлон анхаарал” тавьсны тод илрэл гэж ойлгогдож байна.

20. Давж заалдах шатны шүүх ийнхүү хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасны бас нэг нотолгоо нь тухай маргаанд нотолгооны ямар ч ач холбогдолгүй, “Э” компаниас Монгол улсын Ерөнхий сайдад хандан гомдол гаргасан, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас БОАЖ-ын сайдад хандаж, асуудлыг судлан үзэж, хариу мэдэгдэхийг даалгасны дагуу захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа талаар хариу мэдэгдсэн байгааг тэмдэглэв гэж магадлалдаа зориуд дурьдсан явдал. Энэ нь хэнд хэрэгтэй юм бэ? Үүнийг юуны тулд зориуд ТЭМДЭГЛЭЭД байгаа юм бэ? Тухайн үйл баримт ЗХШХШ тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д заасан шийдвэрийн үндэслэл болох нотлох баримт юм уу?

21. Шүүх, шүүгчийн зөвхөн хуульд захирагдаж, хараат бус ажиллах баталгаа Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар хангалттай баталгаажсан. Харин хэнээс ч хараат бус ажиллаж болох хуулиар хамгаалагдсан энэхүү боломж, бүрэн эрхээ чанд хадгалах, хэнээс ч бэргэлгүйгээр, хэнд ч таалагдахыг хүсэлгүйгээр иргэний зоригтой ажиллах нь шүүх, шүүгчийн журамт төдийгүй хуулиар хүлээсэн үүрэг байлтай.

22. Аливаа шүүх нэхэмжлэлийг ирмэгц эхний ээлжинд нэхэмжлэл тухайн шүүхэд харъяалагдах эсэх, нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэх, нэхэмжлэл хуульд заасан хугацаанд гарсан эсэх зэргийг нягталдаг. “Э” ХХК болон иргэн Ж.Оийн нэхэмжлэлийн тухайд, тэдний маргаж буй захиргааны актууд 2016, 2017 онуудад гарсан байхад нэхэмжлэгчдийн нэхэмжлэл 2019 оны 4 дүгээр сард буюу захиргааны акт гарснаас хойш 2-3 жилийн дараа гарсан байгаа. Үүнтэй холбогдон ЗХШХШ тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасанчлан “...шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах” заалтыг харгалзан нэхэмжлэгчид тухайн шийдвэрийн талаар хэзээ мэдсэнийг тогтоох асуудал шийдвэрлэх ач холбогдолтой байсан юм. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны тухай асуудлыг нэхэмжлэгчид хэзээ мэдсэн гэдэг асуудалд огтхон ч анхаарал хандуулсангүй, уул хугацааг “Э” ХХК-ийн захирал Х.Бын бүрэн эрхийн асуудлыг шүүх эцэслэн шийдвэрлэсэн өдөртэй холбон тайлбарлаж, нэхэмжлэл хуульд заасан хугацаанд гарсан хэмээн шийдвэрлэлээ.

23. Нэхэмжлэгч Ж.О компанийх нь ашиглалтын газраас хасалт хийгдсэн тухай огт мэдээгүй, 2019 оны 3 сард л мэдсэн гэдэг боловч тэрээр энэ талаар тухайн үедээ мэдэж байсныг нотлох “Э” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 3 сарын 24-ний өдрийн хурлын тэмдэглэлийг бид анхан шатны шүүхэд гаргаж өгсөн боловч давж заалдах шатны шүүх Ж.Оийн гарын үсэг хурлын тэмдэглэлд байхгүй гэдгээр уул нотлох баримтыг эс хэрэгсэв. Гэтэл уул хурлыг хувьцаа эзэмшигч Ц.А даргалж байсан бөгөөд хурлын тэмдэглэл нь Компанийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасан “Хувьцаа эзэмшигчдийн хурал дууссанаас хойш ажлын 15 өдрийн дотор хурлын тэмдэглэлийг гаргаж, хурлын дарга гарын үсэг зурах бөгөөд уг тэмдэглэлийн үнэн зөвийг хурлын дарга хариуцна” гэсэн шаардлагад бүрнээ нийцэж байсан юм.

24. Мөн гуравдагч этгээдүүд болох “Э” ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020 оны 01 сарын 13-нд, “Ү” ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч дараа нь /Хэргийн 2-р хавтас 128-131-р хуудас/ тус тус Ж.О 6 га газар компанийх нь ашиглалтын газраас хасагдсан тухай мэдэж байсныг нотлох электрон шууданд үзлэг хийлгэж баталгаажуулахаар анхан шатны шүүхэд баримтыг нь хавсарган хүсэлт гаргасан. Гэтэл бидний хүсэлтийг анхан шатны шүүх 2020 оны 01 сарын 15-нд хойшлогдсон шүүх хуралдаанаараа, 2020 оны 01 сарын 21-нд болсон шүүх хуралдаанаараа тус тус хэлэлцсэн боловч сүүлийн шүүх хуралдаанаараа гомдол гаргах эрхгүйгээр шууд хэрэгсэхгүй болгосон. /Давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлийн 30-р хуудас/ байхад давж заалдах шатны шүүх энэ байдалд ямар ч дүгнэлт хийлгүй, хараагүй юм шиг орхисон атлаа өмнө дурьдсанаар нэхэмжлэгч талаас Монгол улсын Ерөнхий сайдад гомдол гаргасан нотолгооны ямар ч ач холбогдолгүй үйл баримтыг магадлалдаа онцгойлон тэмдэглэсэн байдаг. Үүгээрээ шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хөрөнгө чинээ болон бусад байдлаар ялгаварлахгүйгээр явагдах, талууд шүүхийн өмнө эрх тэгш байх ЗХШХШ тухай хуулийн 4 дүгээр зүйлийг ноцтойгоор зөрчлөө гэсэн дүгнэлтэд биднийг хүргэлээ. Бид маш их гомдолтой байна.

25. Дараагийн зүйл. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/02867 дугаар шийдвэртээ захирал Х.Бын бүрэн эрх “Э” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 4 сарын 5-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор түүнийг компанийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлснөөр дуусгавар болсонд тооцсон байдаг юм. Иймд Х.Б нь 2016, 2017 онуудад маргаан дагуулсан газрын асуудлаар БОАЖ- ын яаманд хандахдаа “Э” ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхтэй захирал нь байсан.

26. Харин БОАЖ-ын яамны тухайд, анх 2010 онд тус компанид ашиглах эрхтэй газар олгохдоо Б захирлын гарын үсэг бүхий хүсэлтийг үндэслэж байсан тул энэхүү захирлын хүсэлтээр тус компанийн газраас хасалт хийхдээ түүний бүрэн эрхэд эргэлзэх, түүнийг шалгах ямар нэгэн үндэслэл яаманд байгаагүй. Яам “Э” ХХК-ийн өөрийнх нь хүсэлтээр тус компанийн ашиглалтад байсан газраас хасалт хийсэн, мөн хасагдсан газруудыг нь авахыг хүссэн компаниудад ашиглах эрхтэйгээр газар олгосон. Энэ асуудлаар БОАЖ-ын яам хууль зөрчөөгүй. Ер нь бол энэ маргааны гол агуулга болох “Э” ХХК-ийн компанийн захирлаар ажиллаж байсан Х.Б компанийн ашиглалтад байсан газраас хасалт хийж байгаа талаар компанийн бусад хувьцаа эзэмшигчид мэдэж байсан эсэх, тэр нь сонирхлын зөрчилтэй хэлцэл мөн эсэх, тэд энэ асуудлаа эвлэрлийн журмаар шийдвэрлэсэн эсэх зэрэг асуудал эхний ээлжинд тэдний хооронд, эсхүл иргэний хэргийн журмаар шийдвэрлэгдэх ёстой.

27. Гэтэл нэхэмжлэгч асуудлыг ингэж шийдвэрлэхийн оронд хувьцаа эзэмшигч хоорондын маргаандаа төрийн захиргааны байгууллагыг татан оролцуулж, асуудлыг хүч түрэмгийлэх байдлаар шийдвэрлүүлэхийг урьтал болгосон байна. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 257 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2020/0058 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

28. Нэхэмжлэгч “Э” ХХК, Ж.О нар нь “Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, эрх олгох тухай” А/288 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 3 дахь хэсэг, 2 дугаар хавсралтын 4 дэх хэсгийг болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” А/116 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 1 дэх хэсэг, 2 дугаар хавсралтын 9 дэх хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, “...“хамтран төсөл хэрэгжүүлнэ” гэх нэрийдлээр “Э” ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч Ж.Од мэдэгдэлгүй, түүнээс зөвшөөрөл авалгүйгээр, тус компанийн эзэмшлийн 10 га газраас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар “Ү” ХХК-д 3 га газрыг, “Э” ХХК-д 3 га газрыг хууль зөрчиж шилжүүлсэн” гэж маргажээ.

29. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

30. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, 36 дугаар зүйлийн 1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж тус тус заасан. 

31. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А-328 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1-д заасныг үндэслэн, “Э” ХХК-д анх Хан-уул дүүргийн Арцатын аманд 10 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэсэн байх ба тус компанийн гаргасан хүсэлтийг үндэслэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/116 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар тус компанийн ашиглаж буй газраас 3 га газрын газар ашиглах эрхийг дуусгавар болгож, 2 дугаар хавсралтаар “Ү” ХХК-д 3 га газрыг ашиглах эрх олгосон, түүнчлэн мөн сайдын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/288 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар “Э” ХХК-ийн хүсэлтийн дагуу тус компанийн 3 га газрын ашиглах эрхийг дуусгавар болгож, 2 дугаар хавсралтаар “Э” ХХК-д 3 га газрыг ашиглах эрхийг олгон тус тус шийдвэрлэжээ.

32. Хариуцагчаас маргаан бүхий А/116, А/288 дугаар тушаалуудаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож, гуравдагч этгээдүүдэд газар ашиглах эрхийг олгохдоо хуульд заасан журмын дагуу шийдвэрлэсэн нь тогтоогдсон, тухайлбал нэхэмжлэгч “Э” ХХК-ийн ерөнхий захирал Х.Бын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 18/24 тоот албан бичгээр гаргасан хүсэлт, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 194 тоот албан бичгээр гаргасан санал, “Ү” ХХК-ийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хүсэлт, бусад баримтууд, мөн 2017 онд, “Э” ХХК-ийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 144 тоот албан бичгээр гаргасан хүсэлт, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 809-10 тоот санал, “Э” ХХК-ийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн хүсэлт болон бусад баримтуудад үндэслэн шийдвэр гаргасан нь хуульд нийцсэн байна.   

33. Нэхэмжлэгч нараас “...Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь тус компанийн ашиглаж байсан газрыг гуравдагч этгээдүүдэд шилжүүлэхдээ Хас банкны барьцаанд байгаа гэдгийг судлан үзэлгүй, “Э” ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч Ж.Од мэдэгдэлгүй, түүнээс зөвшөөрөл авалгүй хууль зөрчиж шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл хувьцаа эзэмшигчдийн хурлаас “Ү” ХХК болон “Э” ХХК-д газар шилжүүлэх талаар шийдвэр гараагүй, ашиг сонирхлын зөрчил үүссэн байхад тэдгээрийг тодруулалгүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх зарчмуудыг баримтлалгүй шийдвэр гаргасан...” гэж маргасан боловч хариуцагч /захиргааны байгууллага/-д, газар ашиглуулах эрх олгох болон дуусгавар болгох шийдвэр гаргахад компанийн гүйцэтгэх захирал нь хүсэлт гаргахдаа компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшөөрөл авсан эсэх, гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигчдийн хооронд маргаан байгаа эсэхийг шалгах, тодруулах үүрэг хуулиар тухайлан олгогдоогүйн гадна хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч нарын хоорондын үүсэх маргаан нь иргэний эрх зүйн маргаанд хамаарна, иймд энэ үндэслэлүүдээр дүгнэлт хийж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдэл зөв болжээ.

34. Харин, давж заалдах шатны шүүхээс “...Х.Б, Ц.А нарын компанийн эзэмшлийн хувьцаа нэмэгдэж байгаа нь компанийн нэр дээр олгогдсон газрыг хувьцаа эзэмшигчдийн шийдвэргүйгээр бусдад шилжүүлэх үндэслэл болохгүй. ...хүсэлтэд Газар ашиглах гэрчилгээний эх хувь болон Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол хавсаргагдаагүй, компанийг төлөөлөх эрх маргаантай байсан, хууль зүйн хувьд тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхээ Газрын тухай хуульд заасны дагуу бусдад шилжүүлэх эрхгүй болох нь тогтоогдсон...” гэж дүгнэн, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй байна.

35. Эдгээр үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 257 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2020/0058 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар гуравдагч этгээдүүдээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.ТУНГАЛАГ

                                 ШҮҮГЧ                                                                    Б.МӨНХТУЯА