Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2018/0501

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 12 өдөр   

  Дугаар 221/МА2018/0501

Улаанбаатар хот

 

 

“Г-Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай                         

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, хариуцагч Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг дарга Х.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.С   нарыг оролцуулан, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 17 дугаар шийдвэртэй, “Г-Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдлыг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр: “...Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 38 дугаар зүйлийн 38.2, 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 150 дугаар захирамж, 2008 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаар захирамж, 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/103 дугаар захирамж, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/187 дугаар захирамжийг тус тус /6 сар/ түдгэлзүүлж Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Мангирт орчмын 185665255359218 нэгж дугаартай 61.4 га газрыг төсөл сонгон шалгаруулах эсхүл дуудлага худалдаа явуулах хэлбэрээр эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхийг Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргад даалгаж” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Г-Ө” ХХК-ийн захирал Б.Г, өмгөөлөгч Б.С нар давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогч нарын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж заасан хуулийн заалтыг зөрчсөн. Захиргааны актыг түдгэлзүүлэх үндэслэлийн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэргийн нөхцөл байдлын талаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд чухам ямар нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай гэж шүүх үзсэн нь ойлгомжгүй, шинэ акт гаргах хэрэгцээ шаардлага яагаад би болсон гэж үзсэн тухайгаа дүгнээгүй. Анхан шатны шүүх маргааны зүйл, нэхэмжлэлийн шаардлагыг ойлгоогүй, эсхүл бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн нөлөөнд автаж нэг талыг барьсан хууль бус шийдвэр гаргасан байх үндэслэлтэй гэх хардлагыг төрүүлж байна. Мөн шүүхээс хийсэн дүгнэлтүүд нь нотлох баримтыг үнэлэх хуулийн зарчмыг алдагдуулсан, өөр хоорондоо авцалдаагүй, хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагатай холбогдолгүй, маргаан бүхий захиргааны акттай холбоогүй бодит бус хийсвэр дүгнэлт болсон байх бөгөөд шүүх зарга мэдүүлж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хандсан нэхэмжлэгч “Г-Ө” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн шийдвэр болсон байна.

Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлж, хэргийн оролцогч нарын маргаагүй буюу гуравдагч этгээдээр татагдан оролцсон “А” ХХК-ийн зүгээс бие даасан шаардлага гаргаагүй байхад Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 150 дугаар захирамж, 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/103 дугаар захирамжуудыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон. 

Иймд Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд “А” ХХК-ийн захирал Ч.Ч давж заалдах гомдолдоо: “...гуравдагч этгээдийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх, өөрөө бие даан цуглуулж, бүрдүүлэх боломжгүй нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулан авч хэрэгт хавсаргуулахаар тухайн газрын хил заагийн болон талбайн давхцал байгаа эсэхийг нягтлан тодруулах гэх зэрэг асуудлыг шалгуулан тогтоолгохоор бичгээр хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн аваагүй. Хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой нотлох баримтыг цуглуулах ажиллагааг шүүх өөрөө хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг тус тус зөрчсөн хууль бус үйлдэл болж, улмаар шүүхийн шийдвэр үндэслэл бүхий, хууль ёсны болж чадаагүй.

Иймд Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгч “Г-Ө” ХХК, түүний өмгөөлөгч Б.С, гуравдагч этгээд “А” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/103 дугаар захирамжаар гуравдагч этгээд “А” ХХК-д 61.4 га газрыг тариалангийн зориулалтаар эзэмшүүлсэн сумын Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 150 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Г-Ө” ХХК-ийн эзэмшилд байсан 61.4 га газрын эзэмших эрхийг сэргээн 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд мөн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/187 дугаар захирамжаар нэхэмжлэгчид дээрх газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 38 дугаар зүйл, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчсөн гэж үзэн сумын Засаг даргын 2011 оны А/103 дугаар захирамжийг хүчингүй болгож,  гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн 2008 оны 150 дугаар захирамжийг сэргээн шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх “маргаан бүхий захиргааны актыг шалгахаас гадна цаг хугацааны он дарааллаар анх эрх олгосон шийдвэрээс эхлэн дүгнэх нь ач холбогдолтой” гэж зөв дүгнэсэн атлаа хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ бүрэн гүйцэт хэрэгжүүлэлгүйгээр “ач холбогдол бүхий баримтууд нь захиргааны байгууллагад байхгүй бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” хэмээн дүгнэсэн нь буруу болжээ.

Учир нь хариуцагч Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 14, 2008 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 37, 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 150, 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/103, 2011 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн А/139, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/182 дугаар захирамжууд нь өөр хоорондоо хамааралтай байх бөгөөд уг газар эзэмшүүлсэн захирамжуудын хувийн хэргийг хариуцагчаас гаргуулж хэрэгт хавсаргах нь тухайн маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Анхан шатны шүүх нотлох баримт гаргуулахаар 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 67 дугаар албан бичгийг хариуцагчид хүргүүлсэн ч үүнийхээ дагуу холбогдох нотлох баримтуудыг бүрэн гүйцэт цуглуулаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан шүүх нотлох зарчмыг бодитойгоор хэрэгжүүлсэн гэж үзэхгүй бөгөөд шүүх шаардлагатай бол дээрх захирамжуудын хувийн хэрэгт үзлэг хийх, нэхэмжлэгч, гуравдагч этгээдээс шаардан гаргуулах ажиллагааг хийх боломжтой байжээ.

“Иж бүрэн” ХХК нь 2003 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргад гаргасан хүсэлтдээ “...манай компанийн эзэмшилд байсан доорх талбайнуудыг сүүлийн 2 жил “Г-Ө” ХХК уриншилж, тариалж байгаа тул тус компанид шилжүүлж өгнө үү. Энэ хүсэлтийн дагуу доорх газрыг манай эзэмшлээс хасаж өгнө үү. 230/99, 228/202, 226/192, 225/122, 213/22, 214/66, 208/65 бүгд 768 га талбай болно” гэж дурдсан бөгөөд Сэлэнгэ аймгийн Зүүн бүрэн сумын Засаг даргын 2004 оны 14 дүгээр захирамжаар “Г-Ө” ХХК-д эзэмшүүлсэн 1004 га газруудад нэгж талбарын 18568524211589 дугаартай 53.98 га газар хамаарч байгаа эсэх, дээрх газрууд нь гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн нэгж талбарын 233196 дугаар газартай давхцаж байгаа эсэх, давхцаж байгаа бол хэдэн м.кв газраар давхцаж байгаа, түүнчлэн дээрх газрууд кадастрын мэдээллийн санд хэрхэн бүртгэгдэж, өөрчлөгдсөн талаарх түүхчилсэн лавлагааг гаргуулах шаардлагатай.

Маргаж буй 61.4 га газрын төлбөрийг нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хэн нь төлж байсан, ээлжит уринш, тариалалтыг хэн нь хийж байсан талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодруулах нь зүйтэй. 

Ийнхүү нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын газар өөр хоорондоо хэрхэн давхцсаны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хөндөгдсөн, тэдгээрийн газар эзэмших эрх хэнийх нь түрүүлж үүссэн, маргаан бүхий газрыг хэн нь бодитойгоор эзэмшин ашиглаж байсан талаарх баримтыг цуглуулж, маргаж буй үндэслэлүүдэд дүгнэлт өгч хэргийг нэг мөр хянан шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцэхээр байна.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэхээр хуульчилсан байтал анхан шатны шүүх дээрх ажиллагааг хийлгүйгээр хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзсэн нь буруу бөгөөд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгч, хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байна гэж үзлээ.

Мөн дээрх нөхцөлөөр захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэж байгаа тохиолдолд анхан шатны шүүх хэргийн оролцогч нарын маргаж буй актыг түдгэлзүүлэх бөгөөд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 150 дугаар захирамж, 2008 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаар захирамж, 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/103 дугаар захирамжуудыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн хууль бус болохыг дурдах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. 
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгч, гуравдагч этгээд нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус бүр урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч “Г-Ө” ХХК болон гуравдагч этгээд “А” ХХК-д тус тус олгосугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

         ШҮҮГЧ                                                                      О.НОМУУЛИН

         ШҮҮГЧ                                                                     Ц.САЙХАНТУЯА