Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 17

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “Газар өгөөж” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ  аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргад холбогдох,

“Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын 2017 оны 12 сарын 20-ны өдрийн А/187 тоот захирамжийг хүчингүй болгуулах, “Газар өгөөж” ХХК-ийн эзэмшилд байгаа 185665255359218 дугаар бүхий 61,4 га газар эзэмших эрхийг сэргээж газрын гэрээ байгуулж гэрчилгээ олгохыг даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Ганбаяр

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд

Хариуцагч Э.Бадрал

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Сэлэнгэ аймгийн “Иж бүрэн” ХХК нь 2003 оны 19 тоот албан бичигтээ 230/99, 228/202, 226/192, 225/122, 213/22, 214/66, 208/65 тоот бүгд 768 га талбайнуудыг “Газар Өгөөж” ХХК-д шилжүүлж өгөхийг зөвшөөрч тус албан бичгийг “Иж бүрэн” ХХК-ийн захирал М.Доржсүрэн сумын Засаг даргадаа хандаж гаргасан байдаг. Үүний дагуу 2004.01.28-нд тус сумын Засаг дарга Ц.Батжаргал газар эзэмшүүлэх тухай захирамж гаргаснаар манай компани уг газруудыг эзэмших эрх нээгдсэн. Улмаар 2004-2008 онд уг талбайнуудыг бүрэн эзэмшиж байтал М.Доржсүрэн засаг даргынхаа ажлыг 2008 оны орон нутгийн сонгуулиар хүлээлгэн өгөхөөс 2 хоногийн өмнө буюу 2008.11.10-ны өдрийн захирамжаар Өлзийбаатар захиралтай “Батсэлэнгэ” ХХК-д уг 214/66 дугаар бүхий 61.4 газрыг бидэнд ямар ч мэдэгдэх хуудас өгөхгүйгээр шилжүүлж  улмаар “Арвин хур” ХХК-д шилжсэн байдаг. Энэ “Арвин хур” ХХК нь 2008 онд манай тариалангийн талбайтай залгаа талбайнуудыг эзэмшихээр авсан байдаг. Энэ 61.4 га талбай нь “Арвин хур” ХХК-ийн талбайтай зэргэлдээ оршдог тул энэ эрх бүхий албан тушаалтнууд ашиг сонирхлын улмаас манайхаас хууль бусаар авч шилжүүлсэн гэж үзэж байна.

            Хэвийн ашиглаж байсан уг газрыг ямар үндэслэлээр хурааж байгаа юм бэ гэж асуухад газрын даамал Туяагийн ажлыг түр орлож байсан Дашням нь танай байгууллага тус 61.4 га газрыг ашиглаагүй 2 жил болсон гэж илт огт үндэслэлгүй тайлбар өгсөн. Ашиглаагүй гэсэн баталгааг бидэнд танилцуулна уу гэхэд бидэнд тухайн үед хариулт өгч чадахгүй байсан. Уг талбайд бид жил болгон тариалалт болон уринш хийж байсан. Энэ тайлбар нь манай компаниас уг газрыг хууль бусаар булаан авах арга байсан гэж бид үзэж байгаа.

            Улмаар энэ тухай тухайн үеийн засаг дарга М.Доржсүрэн гуйд 2 удаа албан бичиг өгөөд хариу ирүүлээгүй бөгөөд очиж уулзахад “би мэдэхгүй” шүүхдээ хандахгүй юу гэж хэлснээ ойлголцолд хүрч чадаагүй.

            Тухайн үеийн газрын даамал Н.Туяа нь хэлэхдээ засаг дарга гэнэт л “Газар Өгөөж” ХХК-ийн энэ газрыг өөр компанид шилжүүл гэж тушаасан. Ямар шалтгаанаар уг газрыг өөр компанид шилжүүлж байна гэж асуухад Доржсүрэн дарга дуугараагүй гэсэн. Танай байгууллага энэ газраа хөөцөлдөж авах хэрэгтэй гэж хэлж байсан.

            Тэгээд бид Сэлэнгэ аймгийн Засаг даргад өргөдөл гаргаснаар аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас уг өргөдлийн дагуу судалж 2011 оны 401 тоот дүгнэлт мөн 2011.06.22-нд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын А/103 тоот захирамж гарсан ч манай компани уг газрыг эзэмших гэхээр “Арвин хур” ХХК булаацалдаж бид мөнгөөр худалдаж авсан учир өгөхгүй гэдэг юм. Энэ маргаан үндсэндээ 10 жил болж байна. 61.4 га газрын төлбөрийг 2004 оноос хойш төлөөд явж байгаа. 2009, 2011 онуудад манай компани хөрөнгөө гаргаж уринш хийсэн байхад “Арвин хур” ХХК нь хүч түрэн тариалалт хийсэн байсан. Бид 2018 онд энэ 61.4 га газартаа агротехникийн дагуу бүх үр бордоо, гербицид зэргийг бэлтгэж төлөвлөсөн болно.

“Газар Өгөөж” ХХК-ийн эзэмшилд байгаа 185665255359218 дугаар бүхий 61.4 га газар эзэмших 15 жилийн эрх дуусаагүй байгаа бөгөөд уг эрхийг сэргээхийг Зүүнбүрэн сумын Засаг даргад даалгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Уг газрын маргааны талаарх мэдэгдэх хуудсыг 2018 оны 03 сарын 29-ний өдөр Зүүнбүрэн сумын газрын даамал Бат-Эрдэнээс албан ёсоор гарын үсэг зуруулж гардан авсан болно

Ийм учраас бид шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2017 онд “Арвин хур” ХХК-ийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож манай гэрчилгээг хүчингүй болгуулахаар захирамж гарсан. Манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусаагүй байхад бусдад газар эзэмших эрхийг шилжүүлж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тиймээс 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/187 дугаартай “Газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах тухай” захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Сэлэнгэ аймгийн газрын харилцаа хот байгуулалтын газрын 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 01/435 тоот мэргэжлийн байгууллагын чиглэл хүргүүлсний дагуу асуудлыг шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь уг маргаан нь 10 жилийн турш үргэлжилсэн маргаан байх тул мэргэжлийн байгууллагад хандан маргааныг шийдвэрлүүл гэж  “Арвин хур” ХХК-ийн гүйцэтгэх захиралд хэлж байсан болно.

2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр А/187 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг “Арвин хур” ХХК-д олгосон захирамж гаргасан. “Арвин хур” ХХК-ас маргаан бүхий газрыг хуулийн дагуу эзэмших талаар маш олон удаагийн хүсэлтүүд гаргаж байсан. Энэ асуудлаар аймгийн Газрын албанд хүсэлт гарга гэж буцааж байсан. Тухайн газрыг хариуцан ажиллаж байсан сумын Газрын даамал Пүрэвдорж нь аймгийн газрын албанд хүсэлт гаргаж аймгийн газрын алба үүрэг даалгавар, чиглэлийн дагуу дүгнэлт гаргасан. Дээрх газрын албанаас ирүүлсэн чиглэл болон тариалалтын талбайд сүүлийн жилүүдэд “Арвин хур” ХХК нь дангаар тариалалт хийж байсан зэргийг харгалзан 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/187 дугаартай захирамжийг гаргасан. Дээрх олон захирамжуудад хүчингүй болгосон захирамж огт байхгүй. Мөн Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 67 тоотын дагуу манай Зүүнбүрэн сумын Засаг даргын тамгын газраас “Иж бүрэн” ХХК, “Газар өгөөж” ХХК, “Батсэлэнгэ” ХХК, “Арвин хур” ХХК-тай холбоотой эх материал, газар эзэмших эрх өөр хоорондоо шилжүүлсэн гэх гэрээ, бусад баримтууд байхгүй шүүхэд гаргаж өгөөгүй болно гэв.   

 Гуравдагч этгээд болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Манай “Арвин хур" ХХК нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутагт 12 жилийн турш газар тариалангийн үйл ажиллагаа тогтвортой эрхэлж байгаа ба 2017 оны хавар Зүүнбүрэн сумын нутаг дахь Мангиртын амны 61,40 га өөрийн талбайд тариалалт хийх гэтэл тус талбайд рапс тариалсан байсан. Энэхүү асуудлыг Сэлэнгэ аймгийн болон Зүүнбүрэн сумын холбогдох албан тушаалтнуудад хүсэлт гарган, нягтлан шалгуулахад манай компанийн нэр дээрх 61,40 га газрын эзэмших эрхийг Зүүнбүрэн сумын Засаг дарга Б.Батчулуун нь 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/103 тоот захирамж гарган цуцалж “Газар өгөөж” ХХК-д хууль бусаар олгосон байсан. Иймд холбогдох хуулийн дагуу манай компани нь өөрийн эзэмшиж ашиглаж байгаа газрыг эзэмших шийдвэрийг эрх бүхий байгууллагаар гаргуулан одоо тариалалт хийж байгаа бөгөөд “Газар өгөөж” ХХК нь захиргааны хэргийн шүүхэд хууль бус шаардлага нэхэмжлэл гаргасан байх тул түүнийг бүхэлд нь хүчингүй болгох тухай шийдвэрийг гаргана уу.

Анх газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо энэ талаар огт мэдэгдээгүй. 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/103 дугаартай газар эрхийн гэрчилгээг цуцлан, газар эзэмших эрхийн гэрчилгээг сэргээн эзэмшүүлэх тухай гэсэн Батчулуун Засаг даргын захирамж гарсан байдаг. Тухайн захирамжид барилга, хот байгуулалтын газрын 2011 оны 401 тоотод тусгагдсан дүгнэлтийг үндэслэн захирамжлах нь гэсэн байна. Дүгнэлт нь архиваас үзэхэд “Арвин хур” ХХК-тай хамааралгүй буюу тодруулбал бэлчээрийн газрын зохион байгуулалтын асуудлаар буюу Зүүнбүрэн сумын Засаг даргад хандсан албан тоот болох нь баримт шалгах явцад тогтоогдсон тухай Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын харилцаанаас албан бичиг ирүүлсэн. Тэгэхээр А/103 дугаартай захирамж нь өөрөө хууль бус захирамж байна гэдэг талаар зохих шат, шатны захиргааны байгууллагуудад гаргасан. Тамгын газрын архив бүрдүүлэлт маш муу байсан. Тамгын газрын дээрх будлианаас болж хоёр компани нь хоорондоо ийм асуудал үүсгэж байна. Хоёр компани дээр газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон учир хоёр талаас маргаан үүсгэх нь мэдээжийн хэрэг юм. А/103 тоот захирамж нь үндэслэлгүйгээр гарч “Арвин хур” ХХК-ийн эзэмшлийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль бус гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг дарга нь 2017 оны 12 сарын 20-ны өдрийн А/187 тоот захирамжаар “Газар өгөөж” ХХК-ийн Мангирт 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах тариалангийн зориулалттай 61,4 га талбайн газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай захирамж гаргажээ. 

Нэхэмжлэгч “Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын 2017 оны 12 сарын 20-ны өдрийн А/187 тоот захирамжийг хүчингүй болгуулах, Газар өгөөж ХХК-ийн эзэмшилд байгаа 185665255359218 дугаар бүхий 61,4 га газар эзэмших эрхийг сэргээж газрын гэрээ байгуулж гэрчилгээ олгохыг даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

             

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгсөн хэдий ч шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэж захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Учир нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу нотлох баримт бүрдүүлэн шалган судлахад:

Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/187 тоот “Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Мангирт орчмын 185665255359218 нэгж талбарын дугаар бүхий 61,4 га газартай холбогдох асуудлаар нэхэмжлэл гаргасан.

Шүүхээс маргаан бүхий захиргааны актыг шалгахаас гадна цаг хугацааны он дарааллаар анх эрх олгосон шийдвэрээс эхлэн дүгнэх нь ач холбогдолтой гэж үзсэн хэдий ч тухайн ач холбогдолтой баримтууд нь захиргааны байгууллагад байхгүй бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрч байна.

Газрын тухай хуульд заасан шинээр газар эзэмшүүлэхэд, эрх шилжүүлэн авахад тавигдах шаардлагыг Газар өгөөж ХХК, Арвин хур ХХК-ийн аль нь хангасан болохыг шүүхээс дүгнэх боломжгүй байна.

Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 01/435, 01/436 тоот “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичигт “Арвин хур” ХХК-ийн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан баримт бичиг дутуу, Газар өгөөж ХХК-ийн талаар газрын даамлын өгч байгаа мэдээгээр хувийн хэрэгт 61,4 га газрыг эзэмшиж байсан гэх баримт байхгүй талаар дурдсан байна. Гэсэн хэдий ч захиргааны байгууллага нь аль нэг компанид давуу байдал олгож чиглэл хүргүүлсэн нь учир дутагдалтай байна гэж шүүхээс дүгнэлээ.

 

Газар эзэмшүүлэх тухай Засаг даргын захирамж, эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээ нь цогцоороо газар эзэмших эрхийг баталгаажуулах баримтууд болох хэдий ч шүүхээс газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ хуульд заасан журмын дагуу буюу хууль ёсоор явагдсан эсэхийг шалган үзэх нь зайлшгүй юм. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх” талаар нарийвчлан зохицуулж өгсөн байх бөгөөд 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана” гээд:

1. нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ;

           2.эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо ....зэргийг хавсаргана гэжээ.

Энэ талаар хариуцагчаас газар эзэмших эрхийг шилжүүлэхэд холбогдох, шаардлагатай баримтууд  Зүүнбүрэн сумын тамгын газрын архивт байхгүй талаар ярьж мэдүүлдэг.

Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж “Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/187 тоот захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг дурдах нь зүйтэй байна.

Гэсэн хэдий ч нэхэмжлэгчийн гаргасан Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/187 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх нь үндэслэлгүй байна. 

Иймд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Мангирт орчмын 185665255359218 нэг талбарын дугаар бүхий 61,4 га газартай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн маргаан бүхий захиргааны акт болон холбогдох бусад захиргааны актуудыг тус тус түдгэлзүүлж шинэ акт гаргахын захиргааны байгууллагад даалгах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.2, 106.3 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 38 дугаар зүйлийн 38.2, 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 150 дугаар захирамж, 2008 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаар захирамж, 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/103 дугаар захирамж, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/187 дугаар захирамжийг тус тус / 6 сар/ түдгэлзүүлж Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Мангирт орчмын 185665255359218 нэгж дугаартай 61,4 га газрыг төсөл сонгон шалгаруулах эсхүл дуудлага худалдаа явуулах хэлбэрээр эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхийг Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, давж заалдах журмаар гомдол гаргаагүй этгээд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

 

ШҮҮГЧ                          Ц.БАЙГАЛМАА