Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 23

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, шүүгч З.Энхтуяа, Ж.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Газар өгөөж ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргад холбогдох,

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын 2017 оны 12 сарын 20-ны өдрийн А/187 тоот захирамжийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Ганбаяр

Хариуцагч Х.Бадрал

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэчимэг

Иргэдийн төлөөлөгч Ж.Цэцэгмаа

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Сүрэнхүү

Гэрч Ч.Туяа

Гэрч Т.Золзаяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэдөш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Иж бүрэн ХХК нь 2003 оны 19 тоот албан бичигтээ 230/99, 228/202, 226/192, 225/122, 213/22, 214/66, 208/65 тоот бүгд 768 га талбайнуудыг Газар Өгөөж ХХК-д шилжүүлж өгөхийг зөвшөөрч тус албан бичгийг Иж бүрэн ХХК-ийн захирал М.Доржсүрэн сумын Засаг даргадаа хандаж гаргасан байдаг. Үүний дагуу 2004.01.28-нд тус сумын Засаг дарга Ц.Батжаргал газар эзэмшүүлэх тухай захирамж гаргаснаар манай компани уг газруудыг эзэмших эрх нээгдсэн. Улмаар 2004-2008 онд уг талбайнуудыг бүрэн эзэмшиж байтал М.Доржсүрэн засаг даргынхаа ажлыг 2008 оны орон нутгийн сонгуулиар хүлээлгэн өгөхөөс 2 хоногийн өмнө буюу 2008.11.10-ны өдрийн захирамжаар Өлзийбаатар захиралтай Батсэлэнгэ ХХК-д уг 214/66 дугаар бүхий 61.4 газрыг бидэнд ямар ч мэдэгдэх хуудас өгөхгүйгээр шилжүүлж улмаар Арвин хур ХХК-д шилжсэн байдаг. Энэ Арвин хур ХХК нь 2008 онд манай тариалангийн талбайтай залгаа талбайнуудыг эзэмшихээр авсан байдаг. Энэ 61.4 га талбай нь Арвин хур ХХК-ийн талбайтай зэргэлдээ оршдог тул энэ эрх бүхий албан тушаалтнууд ашиг сонирхлын улмаас манайхаас хууль бусаар авч шилжүүлсэн гэж үзэж байна.

Хэвийн ашиглаж байсан уг газрыг ямар үндэслэлээр хурааж байгаа юм бэ гэж асуухад газрын даамал Ч.Туяагийн ажлыг түр орлож байсан Дашням нь танай байгууллага тус 61.4 га газрыг ашиглаагүй 2 жил болсон гэж илт огт үндэслэлгүй тайлбар өгсөн. Ашиглаагүй гэсэн баталгааг бидэнд танилцуулна уу гэхэд бидэнд тухайн үед хариулт өгч чадахгүй байсан. Уг талбайд бид жил болгон тариалалт болон уринш хийж байсан. Энэ тайлбар нь манай компаниас уг газрыг хууль бусаар булаан авах арга байсан гэж бид үзэж байгаа.

Улмаар энэ тухай тухайн үеийн засаг дарга М.Доржсүрэн гуйд 2 удаа албан бичиг өгөөд хариу ирүүлээгүй бөгөөд очиж уулзахад би мэдэхгүй шүүхдээ хандахгүй юу гэж хэлснээ ойлголцолд хүрч чадаагүй.

Тухайн үеийн газрын даамал Н.Туяа нь хэлэхдээ засаг дарга гэнэт л Газар Өгөөж ХХК-ийн энэ газрыг өөр компанид шилжүүл гэж тушаасан. Ямар шалтгаанаар уг газрыг өөр компанид шилжүүлж байна гэж асуухад Доржсүрэн дарга дуугараагүй гэсэн. Танай байгууллага энэ газраа хөөцөлдөж авах хэрэгтэй гэж хэлж байсан.

Тэгээд бид Сэлэнгэ аймгийн Засаг даргад өргөдөл гаргаснаар аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас уг өргөдлийн дагуу судалж 2011 оны 401 тоот дүгнэлт мөн 2011.06.22-нд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын А/103 тоот захирамж гарсан ч манай компани уг газрыг эзэмших гэхээр Арвин хур ХХК булаацалдаж бид мөнгөөр худалдаж авсан учир өгөхгүй гэдэг юм. Энэ маргаан үндсэндээ 10 жил болж байна. 61.4 га газрын төлбөрийг 2004 оноос хойш төлөөд явж байгаа. 2009, 2011 онуудад манай компани хөрөнгөө гаргаж уринш хийсэн байхад Арвин хур ХХК нь хүч түрэн тариалалт хийсэн байсан. Бид 2018 онд энэ 61.4 га газартаа агротехникийн дагуу бүх үр бордоо, гербицид зэргийг бэлтгэж төлөвлөсөн болно.

Газар Өгөөж ХХК-ийн эзэмшилд байгаа 185665255359218 дугаар бүхий 61.4 га газар эзэмших 15 жилийн эрх дуусаагүй байгаа бөгөөд уг эрхийг сэргээхийг Зүүнбүрэн сумын Засаг даргад даалгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Уг газрын маргааны талаарх мэдэгдэх хуудсыг 2018 оны 03 сарын 29-ний өдөр Зүүнбүрэн сумын газрын даамал Бат-Эрдэнээс албан ёсоор гарын үсэг зуруулж гардан авсан болно

Ийм учраас бид шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2017 онд Арвин хур ХХК-ийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож манай гэрчилгээг хүчингүй болгуулахаар захирамж гарсан. Манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусаагүй байхад бусдад газар эзэмших эрхийг шилжүүлж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тиймээс 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/187 дугаартай Газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах тухай захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд асуудлыг шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Тэгэхээр манай гаргасан нэхэмжлэлийн шаардлага бол 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/187 дугаартай Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын газар эзэмшүүлэх эрхийн гэрээг хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгуулъя гэсэн байдаг. Анх 2018 оны 04 дүгээр 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа уг захирамжийг хүчингүй болгуулах талаар гэрээ хийсний үндсэнд даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагатай явж байсан. Нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гаргахдаа зөвхөн А/187 дугаартай захирамжийг хүчингүй болгуулъя гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа...

...Шүүхэд нэхэмжлэл гаргасан гол шалтгаан нь А/187 дугаартай захирамжийг хууль зүйн хувьд хүлээн зөвшөөрөөгүй. Захирамжийг хууль зүйн үүднээс Газрын тухай хуулийн 38.2 33.1.2 40.1.6 гэсэн заалтаар мөн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 01/436 дугаар албан тоотыг үндэслээд Газар өгөөж ХХК-ийн Мангиртын 03 дугаар багийн хэсэгт байрлах тариалангийн талбай 61.4 га газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 38.2 33.1.2 40.1.6-д заасныг зөрчсөн улмаас уг захирамжийг хүчингүй болгуулахаар 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн захирамжийг хүчингүй болгосугай гэсэн байна. Тэгэхээр А/103 дугаартай захирамжийг хүчингүй болгож байгаа. Энэ нь ямар захирамж байна гэхээр гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн ярьсан тайлбарт нэгж талбарын дугаар зөрөөд байгаа асуудал зөндөө байгаа. Гэхдээ нэхэмжлэгч байгууллагын нэгж талбарын дугаар зөрөөд байгаа захирамжууд нь олон давтамжтай захирамжууд гараад байгаа...

...Тэгэхээр цаг хугацааны хувьд авч үзвэл 2004 онд захирамж гарсан. Энэ захирамжаар 1004 га газрыг нийт хэмжээгээр нь бичсэн. Энэ захирамж гарч байх үед Газар өгөөж ХХК-ийн 61.4 га газар гэснээр явж байсан. Мөн нэгж талбарын дугаар зөрөөд байгаа гэдэг нь гуравдагч этгээдийн өмгөөлөгч хэлчихсэн учраас уг асуудлыг үгүйсгэхгүй. Тэгэхээр энэ газар яаж Газар өгөөж ХХК-д очсон гэвэл 2001 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 37 дугаартай захирамжаар Иж бүрэн ХХК Мангиртад газар эзэмшиж байсан талаар захирамж гарсан байдаг. Үүнийхээ хүрээнд 2013 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр сумын Засаг даргад хүсэлт гаргаад тодорхой газар нутгийг шилжүүлж өгнө үү гэсэн Иж бүрэн ХХК-ийн албан тоот байгаа. Үүнийг нь үндэслээд 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 14 дугаартай захирамжаар 764 га газар Мангиртад байрлалтай маргаад байгаа газартай холбоотой байршилтай газрыг Газар өгөөж ХХК-д шилжүүлсэн захирамж гарсан байдаг. Үүнээс эхлээд газар тариалангийн үйлчилгээ газар эзэмших эрхийн гэрчилгээ нээгдээд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэрт газар тариалангийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Харин Арвин хур ХХК хэзээ гарч ирсэн талаар 2008 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 37 дугаартай захирамжаар 60,74 м2 га талбайг Бат сэлэнгэ ХХК-д эзэмшүүлсэн байдаг. 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 150 дугаар захирамжаар 61.4 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байгаа. 2008 онд 60,74 61.4 гэсэн хэмжээтэй 2 газрыг эзэмшүүлэх захирамж гарсан байдаг. Үүнээс үзвэл Бат сэлэнгэ ХХК-ийн 60,74 га газрыг 15 жилийн хугацаатай Арвин хур ХХК-д шилжүүлж байгаа нь харагдаж байна. Энэ захирамж гарсны дараа А/103 дугаар захирамж гарахдаа 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/150 дугаар захирамжийг хүчингүй болгоод 61.4 га газрыг Газар өгөөж ХХК-д эзэмшүүлсэн захирамж гарсан. Тэгэхээр А/103 захирамж яагаад дурдагдаад байна гэвэл 61.4 га газрыг Бат сэлэнгэ ХХК-аас Арвин хур ХХК-д шилжүүлсэн захирамж гараад үүнийхээ дараа 190 гэсэн захирамж гараад 2011 онд өмнөх 150 захирамжаа хүчингүй болгоод 61.4 га газрыг Газар өгөөж ХХК-ийн эзэмших эрхтэй газар гэдэгт баталгаажуулсан Засаг даргын захирамж гарсан байгаа. Тэгэхээр Арвин хур ХХК-ийн 61.4 га газар эзэмших эрх нь 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/103 дугаар захирамжаар хүчингүй болчихсон. Тэр үеэс хойш 61.4 га газар Арвин хур ХХК нь эзэмших хууль зүйн үндэслэл байхгүй. 2008 онд Газар өгөөж ХХК-ийн газар эзэмшиж эхэлснээс хойш 4 жилийн дараа 61.4 га газар эзэмших эрх үүссэн захирамж нь 2011 оны А/103 дугаар захирамжаар хүчингүй болчихсон. Тэгэхээр А/103 дугаар захирамж хүчингүй болсон газрын А/187 дугаар захирамжаар А/103 дугаар захирамжийг нь хүчингүй болгочхоор Арвин хур ХХК-ийн газар эзэмших эрх сэргэчихсэн гэж ойлгогдоод гуравдагч этгээдээр татагдаад шүүх хуралдаанд оролцож байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр 2011 оны А/103 дугаар захирамжаар 61.4 га газрыг эзэмших эрх дахин сэргэсэн Газар өгөөж ХХК-ийн газар эзэмших эрх хүчингүй болгохдоо А/187 дугаар захирамж нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзээд байгаа. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох заалтыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд тодорхой заагаад өгчихсөн байдаг. Тэрнээс 40.1.6 буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байна гэж үзээд 61.4 га газрыг Газар өгөөж ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамж гарсан. Тэгэхээр Засаг даргын захирамж гаргахдаа 40.1.6-д заасан нөхцөл байдал байсан уу гэдгийг тогтоогоогүй. Газар өгөөж ХХК нь 2004 оноос хойш уг газар дээр тариалан хийгээд явж байсан. Учир нь 61.4 га газартай холбоотой 2008 оноос Арвин хур ХХК орж ирснээс хойш маргаан үүсээд, түрүүлж тариалан эрхлээд тарьсан нь хууль ёсны бус санаачлагатай тариад явсан асуудал үүссэн. Мөн хуулийн 40.1.6-д зааснаар газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захиргааны байгууллага буюу Засаг дарга Газар өгөөж ХХК-д ямар нэгэн байдлаар зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэж тариалалтын дагуу тэр нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж тогтоосон байх ёстой. Энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримт байдаггүй. Гэрчийн мэдүүлэг бусад нотлох баримтаар Газар өгөөж ХХК тухайн газраа тариа тариалан эрхлэн тасралтгүй явуулж байсан. Зарим үед нь Арвин хур ХХК тариа тарьж байсан талаар тодорхой зааж өгсөн байдаг. Шүүхэд бичгээр гаргасан хариуцагчийн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудад нэг зүйлийг яриад байна. Тэр нь Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 01/436 дугаартай албан тоотыг үндэслэсэн юм. Үүнээс мэргэжлийн дагуу буюу хууль тогтоомж зөрчсөн байгаа учраас хүчингүй болгох чиглэл ирүүлсний дагуу хүчингүй болгох санал тавиад байна. Тэгэхээр аливаа этгээдийн буюу компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа үндэслэл нь хуульд нийцсэн хууль зүйн үндэслэлтэй байх ёстой. Аль нэг байгууллагын чиглэлийн дагуу хэн нэгний эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргах боломжгүй байна. Нөгөөтэйгүүр Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас ирсэн албан тоот дээр өмнө гарсан 2008, 2014 оны захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй, бүрдүүлбэр дутуу байхад нь шилжүүлсэн асуудал гарсан. Тийм учраас анхаарч ажиллана уу гэсэн чиглэл ирүүлсэн байгаа. Тэгэхээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар 2 жил дараалан газраа ашиглаагүй гэдэг үндэслэл нь тогтоогдохгүй гэж үзэж байна. Мөн 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хэрэгжиж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн процессын ажиллагаа хийгдээгүй байгаа. Энэ маргаан нь шүүхийн хэмжээнд шийдэгдэхээр асуудал биш. Тухайн үед Захиргааны байгууллага буюу Засаг дарга будлиантай захирамжуудын учир зүйг нь олоод Захиргааны ерөнхий хуульд зааснаар ажиллагаануудыг хийгээд 2 талыг байлцуулж байгаад тайлбарыг нь аваад газар дээр нь очиж тодруулан захирамжаа гаргаад эрх ашгийг нь хамгаалах нөхцөл байдлыг хийсэн бол шүүхээр явах асуудал гарахгүй байх байсан. Тэгэхээр бүхэлдээ Захиргааны ерөнхий хуульд заасан процессын үйл ажиллагаа зөрчигдсөн байгаа юм. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн ярьсан зүйлтэй холбогдуулж дахин нэг зүйлийг хэлэхэд, Арвин хур ХХК-ийн 61.4 га газар эзэмших эрх нь 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдөр А/103 дугаар захирамжаар хүчингүй болчихсон. Гэтэл 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/103 дугаар захирамжийг хүчингүй болгох, ямар нэгэн байдлаар хууль хяналтын байгууллагад хандсан эрхээ сэргээлгэсэн асуудал байдаггүй. Учир нь А/187 дугаар захирамжаар дараагийн Засаг дарга гарч ирээд өмнөх захирамжийг хүчингүй болгож, эрхийг нь сэргээсэн. Хэрвээ Газрын албанаас ирсэн албан тоотыг үндэслэсэн хууль тогтоомж зөрчигдсөн асуудал биш гэж үзэж байвал Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйл заалтыг ашиглах ёстой байсан. Тэгэхээр уг хуулийн 40.1.6-д заасан Газар эзэмших эрхийн хүчингүй болгох заалт бариад байгаа нь тухайн газар эзэмших эрхийг зориулалтын дагуу 2 жил газраа ашигласныг хүлээн зөвшөөрч тогтоосон эсэхийг заавал баримтална. Харин Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосонтой холбоотой захирамж болон хүчингүй болгох зохицуулалтыг олгож өгсөн. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд А/187 дугаар захирамж Газар өгөөж ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох, хууль зүйн үндэслэлийг бүрдүүлж байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн процессын үйл ажиллагаа хийгдээгүй улмаас Газар өгөөж ХХК-ийн хууль ёсны эрх ашгийг бүхэлд нь зөрчсөн гэж үзэж байна гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Сэлэнгэ аймгийн газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 01/435 тоот мэргэжлийн байгууллагын чиглэл хүргүүлсний дагуу асуудлыг шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь уг маргаан нь 10 жилийн турш үргэлжилсэн маргаан байх тул мэргэжлийн байгууллагад хандан маргааныг шийдвэрлүүл гэжАрвин хур ХХК-ийн гүйцэтгэх захиралд хэлж байсан болно.

Анх А/187 тоот дугаартай захирамжийг гаргах болсон шалтгаан нь гэвэл 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ажилд орсноос хойш 2017 оны хавар Арвин хур ХХК-ийн захирамжийг үндэслээд Газар өгөөж ХХК-д танай энэ газрыг хууль бус газар гэсэн шаардлага тавьсан. Тухайн үед нь Сэлэнгэ аймагт Мэргэжлийн байгууллагад хандаад шалгаж үз гээд явуулсан. Сэлэнгэ аймгийн Засаг дарга дээр орж танилцуул гэж ярьсан. Газрын албаны зөвлөлөөс Пүрэвдорж ирээд гомдол гаргасан. Энэ газар олон жилийн маргаантай юм байна. 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Бат-Эрдэнэ надад газрын албаны чиглэл яриад ирсэн. Учир нь даргаа гомдол гаргаад яваад байсан Пүрэвдорж гомдлын талаар бичиг өгсөн байна. Газар өгөөж ХХК-ийн Ганбаяр надад хэлэхдээ газрын албанд хандаад манай газрыг шалгуул гэж хэлсэн. Тэгэхээр нь би газрын даамлаасаа асуухад Газар өгөөж ХХК нь сүүлийн хэдэн жил газар тариалан тариагүй гэж хэлсэн. Уг нь 2 жилийн хугацаанд газар эзэмших эрхийн хугацаанд газраа ашиглаагүй бол уг газрыг цуцалж болдог. Нэгэнт олон жил тариалан тариад байгаа Арвин хур ХХК нь уг газрыг эзэмшээд байгаа юм байна. Тэгэхээр нь Арвин хур ХХК-аас асуухад угаасаа манай газар гэж хэлсэн. Үүнийг үндэслээд хоёр жил газраа ашиглаагүй гээд газрын албаны чиглэлд тооцоод ямар нэгэн байдлаар 10 жил хоёр компани хэрүүл маргаантай явж байна. Тийм болохоор чи шүүхэд хандчих гээд Ганбаярт, шүүхээр шийдвэрлүүлээд аль нэг талдаа хандсан зөв гэж үзсэн гэв.

Гуравдагч этгээд болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Манай Арвин хур" ХХК нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутагт 12 жилийн турш газар тариалангийн үйл ажиллагаа тогтвортой эрхэлж байгаа ба 2017 оны хавар Зүүнбүрэн сумын нутаг дахь Мангиртын амны 61,40 га өөрийн талбайд тариалалт хийх гэтэл тус талбайд рапс тариалсан байсан. Энэхүү асуудлыг Сэлэнгэ аймгийн болон Зүүнбүрэн сумын холбогдох албан тушаалтнуудад хүсэлт гарган, нягтлан шалгуулахад манай компанийн нэр дээрх 61,40 га газрын эзэмших эрхийг Зүүнбүрэн сумын Засаг дарга Б.Батчулуун нь 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/103 тоот захирамж гарган цуцалж Газар өгөөж ХХК-д хууль бусаар олгосон байсан. Иймд холбогдох хуулийн дагуу манай компани нь өөрийн эзэмшиж ашиглаж байгаа газрыг эзэмших шийдвэрийг эрх бүхий байгууллагаар гаргуулан одоо тариалалт хийж байгаа бөгөөд Газар өгөөж ХХК нь захиргааны хэргийн шүүхэд хууль бус шаардлага нэхэмжлэл гаргасан байх тул түүнийг бүхэлд нь хүчингүй болгох тухай шийдвэрийг гаргана уу.

...Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг дарга Доржсүрэнгийн гаргасан 2008 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 150 тоот захирамжаар Арвин хур ХХК нь Бат Сэлэнгэ ХХК-аас 61.4 га газрыг шилжүүлэн авсан байдаг. Энэ асуудлаар шат шатны байгууллагад хандсан. Сэлэнгэ аймгийн газрын алба, сумын газрын даамал болон тухайн үед ажиллаж байсан газрын даамал Туяа дээр очиж энэ газар ямар учиртай газар гэдгийн учрыг нь олохын тулд удаан явсан. Тэгээд уг газрыг нь шалгаад явахад, газрын төлбөрийн асуудлаар Газар өгөөж ХХК нь 61.4 га газрын төлбөрийг төлж байсан. Тэр талаараа асуудалгүй гэж яригдсан. Үүнээс хойш 2011 онд манай Арвин хур ХХК-ийн газрын гэрчилгээг цуцалсан байдаг. Яагаад цуцалсан талаар манай компанид мэдээлэл өгөөгүй. 2017 онд Сэлэнгэ аймгийн Газрын албанаас Мөнх-Соёл газрын мэргэжилтэн шалгахаар ирээд Бат-Эрдэнэд газар эзэмшдэг компани, удирдлагуудтай уулзаж, цэгцлэх үүрэг даалгавар өгч байсан. Цаашдаа судална гээд яваад түүнийхээ дагуу чиглэлийг гаргасан. Уг чиглэлийн дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар Арвин хур ХХК-ийн асуудал шийдэгдэж, иргэдийн Төлөөлөгчдийн шийдвэр нь Засаг даргад очсоноор уг асуудал шийдэгдсэн гэж би ойлгосон гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Бичиг баримтын хүрээнд харахад нэхэмжлэгч Газар өгөөж ХХК нь 2017 оны А/187 тоот захирамжтай холбоотойгоор манай компанийн нэр дээр байсан Мангирт 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байгаа 61.4 га газрыг хууль бусаар эзэмшүүлснийг хүчингүй болгож өгөөч гэсэн нэхэмжлэлийг гаргаад байгаа. Нэхэмжлэгч тайлбартаа нотлох баримт судлах явцад хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлуулъя гэж хэлсэн. Газар өгөөж ХХК нь 61.4 га газрыг хэзээнээс эзэмшсэн гэдэг асуудал нь чухал байна. Газар өгөөж ХХК нь 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 14 дугаартай захирамжаар 10,000 м2 газрыг Иж бүрэн ХХК-аас авсан байдаг. Иж бүрэн ХХК-ийн 2003 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 19 дугаартай хүсэлт байгаа. Тэгэхээр Газар өгөөж ХХК-ийн эзэмшил нь Арвин хур ХХК-ийн эзэмшлээс хасаж өгнө үү гэсэн хүсэлт 1234567 гэсэн дугаартай газрын талбайн га хэмжээгээр дурдсан албан тоот байдаг. Уг хүсэлт дээр 230/99, 228/202, 226/192, 225/122, 213/22, 214/66, 208/65, гэсэн 7 дугаартай газрыг Газар өгөөж ХХК-д шилжүүлж байна. Нийт талбайн хэмжээ 768 га газар гэсэн хүсэлт байгаа. Мөн 99, 202, 192, 122, 22, 66, 65 тоонууд нь ямар учиртай юм гэдгийг нэмээд үзэхээр албан бичиг нь дээр дурдсан Иж бүрэн ХХК-аас шилжүүлсэн 768 га газар гэдэг нь гарч ирээд байна. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 14 дугаартай захирамж дээр үүнийгээ дурдаад Газар өгөөж ХХК-ний хүсэлтийн дагуу Мангиртын 768 га газрыг 764 га газар гэж бичсэн байгаа. Албан тоот дээр 230 га газар нийт 1004 га талбайг эзэмшүүлсүгэй, гэсэн захирамжийг анх 14 дугаартай 2004 онд гаргаж байсан. Тэгэхээр уг захирамжаас харахаар нэхэмжлэгчид олгосон 61.4 га газар Газар өгөөж ХХК-д байсан юм уу гэхээр талбайн хэмжээ нэгдүгээрт зөрдөг. Хоёрт нэгж талбарын дугаар тодорхой дурдагдаж байгаагүй. Нэхэмжлэгч талаасаа нотлох баримтын хүрээнд газраа яаж яаж ашиглаж байсан талаар тодорхой үндэслэл гаргаж ирээгүй. Шүүхээс тодорхой ажиллагаа хийгдээд нотлох баримтыг бүрдүүлсэн болохоос нэхэмжлэгч тал яг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжээд нотлох баримтаар нотлоогүй. Ийм талбайнуудад 61.4 га газар алинд нь хамаараад байгаа нь тодорхойгүй байдаг. Энэ маргаан нь юунаас болоод үүссэнийг нь харахаар 61.4 га газрын талбайн хэмжээ хэзээ гарч ирсэн гэдэгт гол асуудал нь байдаг. Тэгэхээр 2011 оны 09 дүгээр 08-ны өдөр Зүүнбүрэн сумын Засаг дарга А/139 дугаартай захирамжийг гаргасан байдаг. Мөн Даваадоржоос ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Мангирт дахь 4215589 дугаартай 53.98 м2 га газрыг Газар өгөөж ХХК-д шилжүүлж эзэмшүүлсүгэй гэсэн захирамжийг гаргасан. Учир нь нэгж талбарын дугаар үүнд дурдагддаг, 18568524211589 гэсэн дугаартай газар байна. Учир нь уг захирамжийг үндэслээд газрын даамал газар эзэмших гэрчилгээг Газар өгөөж ХХК-д гаргаж өгдөг. Гэтэл Засаг даргын захирамжид дурдаад байгаа нэгж талбарын дугаар гэнэт өөрчлөгдөөд явчихсан, үүнийг нотлох баримт судлахаар тодорхой гараад ирнэ. Энэ захирамж дээр дурдсан нэгж талбарын дугаар болон газар эзэмших эрхийн гэрчилгээн дээр 2017 оны А/139 дугаартай захирамжийг дурдаад байгаа. Тэгсэн мөртлөө захирамж дээр дурдсан талбайнаас тэс өөр дугаарыг газар эзэмших гэрчилгээн дээр газрын даамал Ч.Туяа бичсэн нь харагддаг. Өөрөөр хэлбэл 185665255359218 гэсэн дугаарыг Засаг даргын захирамж дээр дурдаад байгаа нэгж талбарын дугаарыг өөрчлөөд дээр нь га талбайн хэмжээг өөрчилж газар эзэмших гэрчилгээн дээр газрын даамал Туяа бичсэн нь илт байна. Нөгөөтэйгүүр Газрын даамал Туяа нь Газар өгөөж ХХК-д 2011 оны газар эзэмших гэрчилгээ, А/139 дугаартай захирамжаас тэс өөр га талбайн дугаартай гэрчилгээ олгосон байдаг. Газар эзэмшүүлэх гэрчилгээг үндэслээд газар эзэмшүүлэх гэрээ гэдэг баримтыг үйлдсэн. Ингэхдээ юуг үндэслэж гэрээ байгуулсан гэхээр 2004 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг үндэслэж байгуулсан. Гэтэл 14 дүгээр шийдвэр гэдэг нь 10,000 м2 га талбай юм. Хэрвээ төрийн албан хаагч нь үйлдсэн баримтуудыг тодорхой үнэн зөв үндэслэл бүхий баримтууд дээр тулгуурлан үйлдсэн бол алдаа зөрчил гарахгүй байсан. Тэгэхээр захирамж дээр дурдсан нэгж талбарын дугаараас тэс өөр дугаар тавиад га талбайн хэмжээ нь хүртэл өөрөөр гараад ирсэн...

...Өөрөөр хэлбэл 2011 оны А/103 захирамж нь урьд өмнөх захирамжийг үндэслээгүй. Харин алдаатай бичсэн газрын гэрчилгээ дээр үндэслэсэн ийм зүйл болсон. Ингээд энэ маргаан нь даамжирч явсаар байгаад 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр А/187 гэсэн захирамж гарч ирсэн. Үүнийхээ хүрээнд Мангиртын 3 дугаар багт байрлах 61.4 га газарт нэгж талбарын дугаар дахин өөрчлөгдсөн байгаа. Гуравдагч этгээд Арвин хур ХХК-д эзэмшүүлэхээр захирамж гарсан. Энэ захирамжид нэхэмжлэгч талаас уг захирамжийг хүчингүй болгохоор нэхэмжлэл гаргаж байна. Тэгэхээр Газар өгөөж ХХК-ийн хувьд 61.4 га газар нь Засаг даргын албан ёсны захирамжаар талбайн хэмжээ огт дурдагдаж байгаагүй. Газрын даамал Туяагийн алдаатай гэрчилгээг үндэслээд 2011 оны А/103 дугаартай захирамжийг дурдаад нэхэмжилсэн байгаа. Тэрнээс урьд өмнө хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад Газар өгөөж ХХК-ийн хувьд 61.4 га газар нь энэ гэсэн баримт байхгүй. Тэр агуулгаараа 2011 оны А/103 гэсэн захирамж угаасаа хүчингүй байсан учраас үүнийг хүчингүй болгохоор 2017 оны А/187 гэсэн захирамж хууль ёсны дагуу гарсан. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдаад шаардаад байгаа шаардлага нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гарсан А/187 дугаар захирамжийг хэвээр нь байлгах талаар нотлох баримтад оруулаад зохих шийдвэрийг гаргаж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/187 дугаартайГазар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай захирамжаар Газар өгөөж ХХК-ийн Мангирт 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах тариалангийн зориулалттай 61.4 га газрыг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйл, 33 дугаар зүйлийн 33.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгохдоо өмнө нь эрх олгосон тус сумын Засаг даргын 2011 оны А/103 дугаартай захирамжийг хүчингүй болгожээ.

 

Маргаан бүхий 61.4 га газрын тухайд :

НЭГ :

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн зүгээс 221/МА2018/0501 дугаартай магадлалд тусгасан зүйлүүдийг Зүүнбүрэн сумын ЗДТГ-т нэгж талбарын хувийн хэрэгт үзлэг хийх, тариалангийн талбай дээр очиж үзлэг, хээрийн хэмжилт хийх зэрэг шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад дараах зүйлүүд тогтоогдож байна.

Анх Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын 2001 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 37 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжаар Мангирт орчмын тариалангийн талбайгаас 3059 га газрыг Иж-Бүрэн ХХК-д /захирал М.Доржсүрэн/ улаан буудай тариалах зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Үүний дараа тус сумын Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 04 дугаартай Газар эзэмших эрхийг шинэчлэн тогтоох тухай захирамжаар Иж-Бүрэн ХХК-ийн хүсэлтээр түүний эзэмшиж байсан 3147 га газраас 764 га газрыг хасалт хийж 2383 га газрыг үргэлжлүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Дээрх 04 дугаартай захирамж гарсан өдөр буюу 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 14 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжаар Газар өгөөж ХХК-ийн хүсэлтийн дагуу Иж-Бүрэн ХХК-ийн эзэмшиж байсан Мангиртын 764 га газрыг Тоонот дахь 240 га газрын хамт нийт 1004 га газрыг 15 жилийн хугацаатайгаар Газар өгөөж ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Дээрх 2004 оны 14 дугаартай захирамжийг үндэслэн 2004 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Газар өгөөж ХХК-д дээрх 1004 га талбайд 0012648 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Газар өгөөж ХХК-тай маргаан бүхий 61.4 га газрыг эзэмшүүлэх тухай гэрээг байгуулжээ. Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор нэгж талбар бүр газар эзэмших эрхийн гэрчилгээтэй болсноор маргаан бүхий 61.4 га газарт 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 0210334 дугаартай гэрчилгээ олгожээ.

Газрын даамал 0210334 дугаартай гэрчилгээг олгохдоо үндэслэсэн сумын Засаг даргын захирамж болон нэгж талбарын дугаар зөрүүтэй талаар тухайн үеийн газрын даамал гэрч Ч.Туяа техникийн алдаа гаргасан талаар мэдүүлжээ.

Зүүнбүрэн сумын Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжаар Бат-Сэлэнгэ ХХК-ийн хүсэлтийн дагуу 233205 талбайн дугаартай 60.74 га тариалангийн газрыг 60 жилийн хугацаатай Бат-Сэлэнгэ ХХК-д /захирал Р.Өлзийбаатар/ эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Бат-Сэлэнгэ ХХК-ийн хүсэлтийн дагуу тус сумын Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 150 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжаар Бат-Сэлэнгэ ХХК-ийн эзэмшлийн 60.74 га биш 61.4 га газрыг Арвин хур ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Тус сумын Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/103 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлан, газар эзэмших эрхийг сэргээн эзэмшүүлэх тухай захирамжаар Газар өгөөж ХХК-ийн эзэмшилд байсан Мангирт орчмын 18566325359218 нэгж талбарын дугаартай 61.4 га газрыг Арвин хур ХХК-д эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасныг зөрчиж хууль бусаар эзэмшүүлсэн тул 2008 оны 150 дугаартай захирамжийг хүчингүй болгож газар эзэмших эрхийг нь цуцлан уг 61.4 га газрыг Газар өгөөж ХХК-д эзэмших эрхийг нь сэргээн эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Зүүнбүрэн сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/187 дугаартай Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай захирамжаар Газар өгөөж ХХК-ийн эзэмшлийн Мангиртад байрлах тариалангийн зориулалттай 61.4 га газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 38 дугаар зүйл, 33 дугаар зүйлийн 33.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг зөрчсөн үндэслэлээр тус сумын Засаг даргын 2011 оны А/103 дугаартай захирамжийг хүчингүй болгож, өмнөх тус сумын Засаг даргын 2008 оны 150 дугаартай захирамжийг сэргээн Арвин хур ХХК-д Мангиртад байрлах 61.4 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

 

ХОЁР :

Үүнээс дүгнэж үзэхэд маргаан бүхий 61.4 га газар нь 2004 оны 14 дугаартай захирамжаар Газар өгөөж ХХК-ийн эзэмшилд хэвээрээ байгаа бөгөөд уг захирамжийг хүчингүй болгосон захирамж гараагүй байна.

Харин дээрх 2008 оны 37 болон 150 дугаартай захирамжаас харахад Бат-Сэлэнгэ ХХК нь 233205 талбайн дугаартай 60.74 га өөрийн эзэмшлийн газраа 08 сарын дараа хүсэлт гарган Арвин хур ХХК-д эзэмших эрхээ шилжүүлдэг бөгөөд энэ талаар гэрч Р.Өлзийбаатар мэдүүлэгтээ ...2008 онд 37 дугаартай захирамжаар олгосон 233205 дугаартай 60.74 га газрыг 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 150 дугаартай захирамжаар Арвин хур ХХК-д шилжүүлсэн миний эзэмшиж байсан газрын хажууд жалгатай байсан... гэх мэдүүлэг, гэрч Ч.Туяагийн ... дээрх захирамжид дурдагдсан газрууд нь өөр тусдаа газар тухайн үед Бат-Сэлэнгэ ХХК, Арвин хур ХХК-ууд намайг байлцуулалгүйгээр газар дээр очиж шилжүүлэх газраа очиж үзсэн бөгөөд 37 дугаартай захирамжид дурдагдсан 233205 дугаартай 60.74 га газрыг шилжүүлж авахдаа Газар өгөөж ХХК-ийн 233196 дугаартай 61.4 га газрыг андууран эзэмшсэн байсан, миний хувьд Заазуур 65 нэртэй 61.4 га газрыг Газар өгөөж ХХК-ийн эзэмшилд байдгийг сайн мэднэ ... гэх мэдүүлгээс дүгнэхэд 2008 оны 150 дугаартай захирамжаар Бат-Сэлэнгэ ХХК-ийн эзмшлийн 60.74 га газрыг Арвин хур ХХК-д шилжүүлэхдээ 1/ Газар өгөөж ХХК-ийн эзэмшлийн 61.4 га газрыг андуурч зааж өгсөн 2/ дээрх 60.74 болон 61.4 га газруудын талбайн дугаар ондоо 60.74 га нь 233205 дугаартай бол 61.4 га нь 233196 дугаартай 3/ захирамжид шилжүүлсэн талбайн хэмжээг 60.74 биш 61.4 га газар гэж бичиж шилжүүлсэн нь Газар өгөөж ХХК-ийн эзэмшлийн 61.4 га газарт маргаан гаргах үндсэн шалтгаан болсон .

2011 оны А/103 дугаартай захирамжийг гаргахдаа тухайн үеийн Засаг даргын зүгээс Газрын тухай хуульд заасан шаардлагатай ажиллагаануудыг хийж маргааныг эцэслэн шийдвэрлээгүй зөвхөн нэг талын хүсэл зоригоор асуудалд хандсан өөрөөр хэлбэл маргаан бүхий газар дээр очиж хоёр газар хоорондоо давхцсан эсэх, тусдаа хоёр өөр газар эсэхийг нягтлан шалгаагүй, мөн 150 дугаартай захирамжаарГазар өгөө ХХК-ийн 2004 оны 14 дугаартай захирамж болон Газар өгөөж ХХК-д олгосон 61.4 газрыг хүчингүй болгосон эсэх талаар ямар нэг хяналт шалгалт хийгээгүйгээр Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын албан тоот, чиглэлийг үндэслэн захирамж гаргасан.

2017 оны А/187 дугаартай захирамжийн хувьд захирамж гаргах үйл ажиллагаа дээрх 2011 оны А/103 дугаартай захирамжийг гаргах процесстой адилхан явагдсан бөгөөд ямар нэг шалгалт хийгдээгүй Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 болон Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын албан тоот, чиглэлийг үндэслэн захирамж гаргасан байна.

Газар өгөөж ХХК болон Арвин хур ХХК-уудын зүгээс тухайн маргаантай газрын талаар шийдвэрлэж өгөхийг хүсч үе үеийн Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандаж өргөдөл гаргадаг байсан боловч аймгийн Засаг дарга нар өргөдлийг нь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгууллатын газарт шилжүүлдэг бөгөөд тус газраас өргөдлийн дагуу хяналт шалгалт хийж баримтжуулан аймгийн Засаг даргад танилцуулж шийдвэрлүүлэхийн оронд Зүүнбүрэн сумын Засаг даргад албан тоотоор хариу өгдөг байснаар маргаан шийдвэрлэгдэхгүй өдий хүрчээ.

 

Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил

дарааллан ашиглаагүй тухайд:

 

Шүүхээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар тухайн маргаан бүхий газрыг ашиглаагүйг нотолсон баримт байхгүй байна.

2017 оны А/187 дугаартай сумын Засаг даргын захирамжийг гарах үед газрын даамлаар ажиллаж байсан Ч.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ ...2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 01/435 дугаартай албан бичиг Сэлэнгэ аймгийн ГХБХБГ-аас Арвин хур ХХК-д уг 61.4 га газрыг шилжүүлж өгөх нь зүйтэй гэсэн чиглэл ирсэн тэр чиглэлийн дагуу А/187 дугаартай захирамж гарсан, ...Арвин хур ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэчимэгээс удаа дараа 61.4 га газрын тариалалтын талаар асууж тодруулж байсан тэгэхэд манайх сүүлийн хэдэн жил тарьж байна, 2017 онд гэнэт Газар өгөөж ХХК тариалалт хийнэ гэж орж ирсэн гэсэн Ж.Эрдэнэчимэгээс асууж тодруулсан зүйлийг үндэслэж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримталж захирамж гаргасан... гэх мэдүүлэг, гэрч Т.Золзаяагийн ... Зүүнбүрэн сумын Засаг даргын зүгээс 61.4 га газрыг 2 жил дарааллан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашигласан болон ашиглаагүй талаар лавлагаа мэдээлэл авч байгаагүй, ...тухайн 61.4 га газрын хувьд Газар өгөөж ХХК нь тухайн газар дээр тариалалт хийх гээд очиход Арвин хур ХХК түрүүлээд тариалалт хийчихдэг байсан, иймд дээрх газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх үндэслэл байхгүй ямар нэг байдлаар уринш тариалалт хийдэг байсан, Газар өгөөж ХХК тариалалт хийгээгүй үед Арвин хур ХХК тариалалт хийдэг байсан ... 61.4 га газар дээр 2011 онд Газар өгөөж ХХК уринш хийсэн, 2012 онд Газар өгөөж ХХК гурвалжин будаа тарьсан, 2013-2018 онд Арвин хур ХХК уринш тариалалт хийсэн .. гэх мэдүүлэг, шүүх хуралдааны явцад гэрч Т.Золзаяа мэдүүлэхдээ ...2017 онд Газар өгөөж ХХК бүх талбайдаа буюу 887 га талбайд тариалалт хийсэн байна. Өмнө нь мэдүүлэхдээ 2017 онд тариалалт хийгээгүй гэж андуурсан байна. Бүх талбайд гэхээр 61.4 га газар орсон гэсэн үг ... гэх мэдүүлэг, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2009-2018 оны уринш тариалалтын мэдээ зэргээс дүгнэж үзэхэд маргаан бүхий 61.4 га газрын хувьд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил ашиглаагүй гэх үндэслэлүүд тогтоогдохгүй байгаагаас гадна тухайн газар дээр ямар нэг байдлаар дээрх хоёр компани өнжүүлэлгүй ээлжлэн уринш тариалалтийг хийж байсан байна. Өөрөөр хэлбэл маргаан бүхий Мангиртад байрлах 61.4 га газарт 2013 он хүртэл мөн 2017 Газар өгөөж ХХК, 2013, 2014, 2015, 2016, 2018 онуудад Арвин хур ХХК нь түрүүлээд тариалалт хийчихдэг байсныгГазар өгөөж ХХК нь эзэмшлийн газраа 2 жил ашиглаагүй буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримтууд, гэрч нарын өмнө болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын тайлбарууд, хэргийн газрын үзлэг, мэргэжилтний хээрийн хэмжилт зэргээр маргаан бүхий Зүүнбүрэн сум Мангиртад байрлах 61.4 га газар нь 2004 оны 14 дугаартай захирамжаар газар эзэмших эрх нь үүссэн Газар өгөөж ХХК-ийн эзэмшлийн газар бөгөөд Зүүнбүрэн сумын Засаг даргын А/187 дугаартай захирамж нь Газар өгөөж ХХК-ийн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д заасан гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших ашиглах эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул уг захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/187 дугаартай Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай захирамж нь хууль бус захиргааны акт байх тул хүчингүй болгосугай .

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч, гуравдагч этгээд, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Л.ОДБААТАР

                   ШҮҮГЧИД                   Ж.ОЮУНЧИМЭГ

                                         З.ЭНХТУЯА