Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 285

 

 Б.Жгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг

даргад холбогдох захиргааны хэргийн тухай

 

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:         Ч.Тунгалаг,

            Шүүгчид:                        Г.Банзрагч,

                                                   М.Батсуурь,

                                                   Д.Мөнхтуяа,

            Илтгэгч шүүгч:              Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б/87 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар  сарын 04-ний өдрийн 128/ШШ2020/0096 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 296 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, өмгөөлөгч Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б нарыг оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар  сарын 04-ний өдрийн 128/ШШ2020/0096 дугаар шийдвэрээр: 1. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, 49 дүгээр зүйлийн 49.1, 57 дугаар зүйлийн 57.2.2, 57.12, 62 дугаар зүйлийн 62.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Жгийн нэхэмжлэлтэй нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргаснаар нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 263-ны өдрийн Б/87 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны үндсэн цалин, нэмэгдэлтэй тэнцэх хэмжээний 9,755.421 төгрөгийн нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, 2. Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.3, 23 дугаар зүйлийн 23.2.2-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн урьд эрхэлж байсан нийслэлийн Дотоод аудитын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох-ыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.  

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 296 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 96 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.3, 23 дугаар зүйлийн 23.2.2-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн “урьд эрхэлж байсан нийслэлийн Дотоод аудитын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2, 62 дугаар зүйлийн 62.1.1, 62.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “урьд эрхэлж байсан нийслэлийн Дотоод аудитын албаны даргаар ажиллаж байсан Б.Жг одоогийн нийслэлийн Дотоод аудитын газрын даргаар томилохыг нийслэлийн Засаг даргад даалгасугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр 30-ны өдрийн 296 дугаар магадлалд хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. Дээр дурдсан магадлалд “Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1,18.3, 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн “... урьд эрхэлж байсан Нийслэлийн дотоод аудитын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгохыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2, 62 дугаар зүйлийн 62.1.1. 62.1.3-т заасныг тус тус баримтлан “урьд эрхэлж байсан Дотоод аудитын албаны даргаар ажиллаж байсан Б.Жг одоогийн Нийслэлийн Дотоод аудитын газрын даргаар томилохыг Нийслэлийн Засаг даргад даалгасугай” гэж өөрчилсөн нь зүйд нийцэхгүй байна. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан нийтлэг болон тусгай шаардлагыг Б.Ж нь хангахгүй байгааг олон хуудас нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөөр байхад Анхан болон давж заалдах шатны шүүх тэдгээр баримтуудыг хянан хэлэлцээгүй. Мөн одоо Нийслэлийн Дотоод аудитын газрын даргаар ажиллаж байгаа Я.Сийн эрх ашиг хөндөгдөхөөр байгаа учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөхөөр байхад түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэж байна.

4. Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын албан тушаал нь Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолоор “эрхэлсэн түшмэл”-ийн ангилал зэрэглэлд хамаарч байгаа тул шинэчлэн батлагдсан Төрийн албаны тухай хуулийн дагуу Төрийн албаны зөвлөлийн баталсан 2019 оны 02 дугаар тогтоолд заасан “Төрийн захиргааны албан тушаалын эрхэлсэн түшмэл, түүнтэй адилтгах удирдах албан тушаалд тавигдах тусгай шаардлага”-ын “Төрийн албанд 12-оос доошгүй жил, уунээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх” гэсэн туршлагын шаардлагыг хангахгүй байгаа юм. Б.Ж нь Монголбанкны хянан шалгагчаар 2 жил 7 сар ажилласан хугацааг төрийн албанд тооцжээ. Гэтэл Монголбанк нь төрийн албанд хамаардаггүй ба Монголбанкны ажилтан нь төрийн албан хаагч биш юм. Үүнийг Монгол Улсын Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн дараах заалтууд тодорхойлж байна. 23 дугаар зүйлийн 2.3/өөрийн ажилтныг Төрийн албаны тухай хуульд зааснаас дордуулахгүйгээр ажиллах нөхцөл, баталгаагаар хангах, ажилтанд хууль тогтоомжийн дагуу санхүүгийн тусламж үзүүлэх, зардлыг гаргах, 281 дүгээр зүйлийн 281.1.1 Монголбанкны орон тоо, цалингийн санг тогтоох, ажилтныг ажилд томилох, чөлөөлөх, урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах; /Монголбанкны ерөнхий менежерийн бүрэн эрх/

5. Түүнчлэн Б.Ж нь албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлэн хууль тогтоомжуудыг зөрчин иргэдийг албан тушаалд томилох, үндэслэлгүйгээр албан тушаал бууруулах, халах шийдвэрүүд гаргаж, төрийн жинхэнэ албан хаагчийг хохироосон, нийслэлийн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, ажилдаа хариуцлагагүй хандсан зэрэг нь түүнийг Төрийн албаны зөвлөлийн баталсан дээрх албан тушаалд тавигдах “Ур чадвар”-ын “Асуудал шийдвэрлэх” буюу “Хуульд нийцсэн шийдвэр гаргах", албан тушаалд тавигдах тусгай шаардлага”-ын “Ур чадвар”-ын “Манлайлах” буюу “Ажил хэргийн хувьд бүтээлч, санаачлагатай ажиллах” шаардлагыг хангахгүй байсан тухай нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөөр байтал хэрэгт энэ талаар дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

6. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие тус хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, тус шийдвэрт давж заалдах шатны гомдлыг 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр тус шүүхийн [email protected] цахим хаяг руу илгээсэн. Тухайн үед коронавируст халдварт цар тахлын улмаас шүүхээс цахимаар гомдлыг хүлээн авч байсан болно. Гэвч шүүх хугацаа хэтрүүлсэн гэж үзэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн аваагүйд гомдолтой байна. Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.5-д “Баримт бичгийг тогтоосон хугацааны эцсийн өдрийн хорин дөрвөн цагийн дотор шуудан, харилцаа холбооны байгууллагад шилжүүлсэн бол түүнийг хугацаанд нь гүйцэтгэсэн гэж үзнэ” гэж заасан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний гомдол гаргах эрхийг давж заалдах шатны шүүхээс хангаагүй юм. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний давж заалдах гомдол гаргах эрхийг хангуулж, мөн дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгөхийг хүсье.

ХЯНАВАЛ:

7. Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасантай нийцсэн тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

8. Нэхэмжлэгч Б.Ж нь Нийслэлийн Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б/87 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...миний бие хуулийн дагуу сонгон шалгаруулалтад орж тэнцэн, Нийслэлийн Дотоод аудитын албаны даргаар томилогдсон, ...Төрийн албаны тухай хуулийн 46, 47 дугаар зүйл, 62 дугаар зүйлийн 62.1.3, 62.1.4-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийг үүрэгт ажлаас чөлөөлөх, халах үндэслэлийн аль нь ч бүрдээгүй байхад ажлаас чөлөөлж хууль зөрчсөн” гэж маргажээ. 

9. Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б/87 дугаар захирамжаар, ...Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5, 62 дугаар зүйлийн 62.1.4, Засгийн газрын 2019 оны “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтэц, тэдгээрийн орон тооны хязгаарыг батлах тухай” 100 дугаар тогтоолыг тус тус үндэслэн, Монгол Улсын Засгийн газраас Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажиллах хэрэгжүүлэгч агентлагуудыг шинэчлэн тогтоож, Нийслэлийн Дотоод аудитын албыг өөрчлөн байгуулж, өөрчлөн байгуулагдсан Дотоод аудитын газрын даргын албан тушаалд тавигдах Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан тусгай шаардлагыг хангахгүй Б.Жг Нийслэлийн Дотоод аудитын албаны даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

10. Төрийн албаны тухай хууль /2017 оны/-ийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө: ...46.2.5.хуульд заасан бусад үндэслэл”, 62 дугаар зүйлийн 62.1-д “Төрийн албан хаагч ...дараахь баталгаагаар хангагдана: ...62.1.4. төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох” гэж тус тус заасан.

11. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтэц, тэдгээрийн орон тооны хязгаарыг батлах тухай” 100 дугаар тогтоолын 6 дахь заалтаар, нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд, хэрэгжүүлэгч агентлаг Дотоод аудитын газрыг ажиллуулахаар тогтоосон; уг тогтоол, өмнөх Дотоод аудитын албаны даргын ажлын байрны тодорхойлолт, мөн 2019 оны 22 дугаар тогтоолоор батлагдсан “Албан тушаалын тодорхойлолт” зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч Б.Жгийн урьд эрхэлж байсан ажил, албан тушаалын орон тоо хэвээр хадгалагдан үлдсэн, өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсантай адилтган үзэх нөхцөл байдал үүсээгүй гэж үзнэ.  

12. Түүнчлэн, хариуцагчаас маргаан бүхий захиргааны актын нэг үндэслэлийг “...Дотоод аудитын газрыг татан буулгаж өөрчилсөн, ...Б.Жг газрын даргаар томилоход Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-д заасан, эрхэлсэн түшмэлийн ...албан тушаалд томилогдох бол төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх тусгай шаардлагыг хангахгүй...” гэж тодорхойлон маргасан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч Б.Жг, Нийслэлийн Дотоод аудитын албаны даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж санал болгосны дагуу, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/28 дугаар захирамжаар Нийслэлийн Дотоод аудитын албаны даргаар томилогдсон, төрийн жинхэнэ албан хаагч тул түүнийг “Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан тусгай шаардлагыг хангахгүй” гэсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлсөн нь мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” зарчим, 49 дүгээр зүйлйин 49.1-д заасан “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно” гэсэнтэй тус тус нийцээгүй шийдвэр болжээ. Иймд давж заалдах шатны шүүхээс “анхан шатны шүүх ...нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн Нийслэлийн Засаг даргын захирамжийг хууль бус захиргааны акт гэж зөв дүгнэсэн атлаа нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээгээгүй нь буруу” гэж дүгнэн, нэхэмжлэгч Б.Жгийн нэхэмжлэлийн шаардлагаас “...урьд эрхэлж байсан Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох” шаардлагыг хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж буюу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.    

13. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шийдвэрт давж заалдах шатны гомдлыг 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр тус шүүхийн [email protected] цахим хаяг руу илгээсэн. Гэвч шүүх хугацаа хэтрүүлсэн гэж үзэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн аваагүйд гомдолтой байна. Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.5-д “Баримт бичгийг тогтоосон хугацааны эцсийн өдрийн хорин дөрвөн цагийн дотор шуудан, харилцаа холбооны байгууллагад шилжүүлсэн бол түүнийг хугацаанд нь гүйцэтгэсэн гэж үзнэ” гэж заасныг зөрчсөн” гэх хяналтын гомдол үндэслэлгүй. Учир нь, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг шүүх 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан, гэвч хариуцагчаас хуульд заасан хугацаанд гомдол гаргасан болох нь баримтаар тогтоогдоогүй байна. 

14. Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д маргааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн этгээдийг шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулахаар заасан. Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын албан тушаалд Я.Сийг түр томилсон тул түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй нь хууль зөрчихгүй. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээдээр Я.Сийг оролцуулахгүйгээр шүүхээс хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлсөн буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй, иймээс энэ үндэслэлээр гаргасан хяналтын гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

15. Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах” тухай хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 296 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.                    

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ч.ТУНГАЛАГ

                                  ШҮҮГЧ                                                                 Б.МӨНХТУЯА