Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 209/МА2022/00071

 

“Кэй Ви Пи” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2021/01025/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Д.Буянжаргал, Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  04 дүгээр сарын 14-ний өдрийн 569 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Кэй Ви Пи” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т.Тунгалагт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Гэрээний үүрэгт 74,119,610 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй,

“Талууд хамтран ажиллаж байсныг тогтоолгох, хамтын үйл ажиллагаанд зарцуулсан зардал 8,775,000 төгрөгийг гаргуулах, хамтын үйл ажиллагаанаас бий болсон ашгаас өөрт оногдох хэсэг болох 3,723,100 төгрөгийг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг хариуцагч Т.Тунгалагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Билгүүнзаяа цахимаар, хариуцагч Т.Тунгалаг, түүний өмгөөлөгч П.Батжаргал нар танхимаар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Чойном нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

1.а. Кэй Ви Пи ХХК нь 2008 онд байгуулагдаж, 2017 оноос эхлэн гар аргаар алт олборлогч болон алт мөнгөний дархан нараас алт худалдан авч Монгол банкинд худалдаж эхэлсэн. Манай компанид жолоочоор ажиллаж байсан Т.Тамираар дамжуулан Т.Тунгалагтай танилцсан. Кэй Ви Пи ХХК-ийн захирал И Дун Сан нь Т.Тунгалагтай уулзаж түүнээс хямд үнэтэй алт худалдан авахаар тохиролцсон бөгөөд бичгээр гэрээ байгуулаагүй.

Алт худалдах, худалдан авахаар тохиролцсоны дагуу 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл Кэй Ви Пи ХХК-ийн нэрийн ХААН банкны 5114026093 тоот данснаас Т.Тунгалагийн нэрийн ХААН банкны 5045293769 тоот данс руу нийт 32 удаагийн гүйлгээгээр 1,289,744,876 төгрөгийг шилжүүлсэн. Т.Тунгалаг нь мөн хугацаанд 15 ширхэг баримтаар 1,190,191,539 төгрөгийн үнэ бүхий 13,750.01 грамм алтыг Кэй Ви Пи ХХК-нд нийлүүлсэн бөгөөд алтны үлдэгдэл төлбөр болох 99,553,337 төгрөгөөс 39,752,000 төгрөгийг буцаан шилжүүлж, нийт үнийн дүнгээс 59,801,337 төгрөгийг компанид эргүүлэн төлөөгүй, үнэ дүйцэхүйц алт нийлүүлээгүй болно.

1.б. Т.Тунгалаг нь Кэй Ви Пи ХХК-нд алт хүлээлгэж өгөхдөө компанийн ажилтан Т.Тамиртай нийлж алт нийлүүлсэн 9 баримт дээрх тухайн алтны үнийг буруу бодож компанид 4,196,761.92 төгрөгийн хохирол учруулсан. Тухайн алтны үнийг бодохдоо (жин*үнэ)*сорьц/100=алтны үнэ томьёог ашиглаж боддог. Т.Тунгалаг нь алтны үнийг алт нийлүүлсэн баримт дээр ихэсгэн бичиж компанид хохирол учруулсан.

1.в. Т.Тунгалаг нь компанид алт тушаахдаа алтны жин, сорьцыг компанийн ажилтан Т.Тамиртай нийлж баримт дээр зөрүүтэй бичсэнээс үүдэж компанид 10,121,512 төгрөгийн хохирол учирсан.

Дээрхийг нэгтгэн дүгнэхэд Т.Тунгалаг нь алт худалдах, худалдан авах хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүйгээр компанийн хөрөнгийг хууль бусаар өөртөө шилжүүлэн авч байна. Иймд Т.Тунгалагаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 59,801,337 төгрөг, Алт хүлээн авсан дээр үнийг ихэсгэж бичсэний зөрүү дүн 4,196,761 төгрөг, Алт хүлээн авсан баримт болон дэвтрийн бичилтийн зөрүү дүн 10,121,512 төгрөг, нийт 74,119,610 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Уг маргааны хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил байна. Т.Тунгалагт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацааг үүрэг үүссэн буюу компаниас Т.Тунгалаг руу мөнгө шилжүүлсэн сүүлийн өдөр болох 2018 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс эхэлж тоолох бөгөөд нэхэмжлэгч Кэй Ви Пи ХХК нь 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт Т.Тунгалагт холбогдуулан гомдол гаргаж, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулан шалгаж байгаад 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 3373 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийн хаах тухай прокурорын тогтоолоор хэргийг хааж шийдвэрлэсэн. Т.Тунгалагт холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаас хойш Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай прокурорын тогтоол гарах хүртэл хугацаанд Иргэний хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.

  1. Хариуцагчийн  татгалзал, тайлбарын агуулга:

Т.Тунгалаг миний бие нь 1997 оноос эхэлж Төвийн бүсийн алт олборлогч аж ахуйн нэгж, хувиараа алт олборлогчдоос алт худалдан авч Монгол банканд тушаадаг байсан.

2017 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр Тамираа гэх алт арилжаалдаг бизнест хамтран ажиллах талаар ярилцах гэсэн юм гэж уулзах санал тавьсан. Ингээд 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр И Дун Сан гэх Солонгос хүнтэй Тамираа нь Дарханд ирж надад хамтран ажиллах санал тавьсан.

2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр надад бэлэн байсан алтыг авч явснаар бидний хамтын ажиллагаа эхэлсэн. Үүнээс хойш би өөрийнхөө мөнгөөр авсан алтан дээрээ нэмж алт их хэмжээгээр цуглуулж, Кэй ви пи ХХК-аас мөнгө шилжүүлэн авч бүх алтаа Улаанбаатар хот руу хүргэж өгдөг байсан ба очих бүрд Тамир, И Дун Сан нар надтай хамтарч ажиллах гэрээ байгуулах талаар олон цаг ярилцаж суудаг ч гэсэн ойлгомжгүй зүйлүүд ярьж гэрээ хийхгүй явсаар 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэл нийт 16 удаагийн тушаалтаар Улаанбаатар хот руу алт хүргэж өгч тушаалт бүр дээр алт хэмждэг шалгадаг сорьцоо тодорхойлдог орчин үеийн аппарат, мөн алт хэмждэг баталгаажуулсан жин зэргийг ашиглаж надаас хүлээн авч, падаан бичиж орчуулагч болон байлцсан хүмүүс гарын үсэг зурж, падаанаас гадна компьютер дээрээ ажлын хүснэгтдээ бүртгэж, мөн хар дэвтэр дээрээ давхар бичилт хийж, надаар гарын үсэг зуруулдаг байсан.

Тухайн үед цуглуулсан алтаа Монгол банканд тушааж ямар ашиг алдагдал гарсан тухай надад ямар ч мэдээлэл өгдөггүй, анх ярилцсан ёсоороо ашгийг маань өгдөггүй байсан. Би 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ажлаа зогсоосон.

Иймд миний бие нь гадаад хүнд бизнесийн хамаг нууцаа өгч ашиглуулчхаад анх ярьж тохирсны дагуу нэг ч төгрөгийн ашиг аваагүй буцаагаад өрөнд оруулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Над руу алт авахад зориулж 32 удаагийн гүйлгээгээр 1,289,744,876 төгрөг шилжүүлж авч, 1,206,283,539 төгрөгийн алт тушаасан гэж нэхэмжлэлд дурдахдаа миний тушаасан 129.3 грамм, 253 грамм алтыг дутуу тооцсон байна.

2018 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр над руу 50,000,000 төгрөг шилжүүлж, би 129.3 грамм*96,209 төгрөг*857.5 сорьц=10,688,000 төгрөгийн алт хүргүүлж, үлдэгдэл 39,322,000/тайлбарт бичсэнээр оруулав/ төгрөгийг буцааж шилжүүлсэн. Уг алтыг тушаасан падааныг И Дун Сун надад өгөөгүй боловч уг 129.3 грамм алтыг тушаасан нь миний хар дэвтрийн тэмдэглэл болон И Дун Сун өөрийнхөө компьютер дээрээсээ хэвлэж гаргасан 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 12 дугаар сарын 25-ны өдрийн хооронд хамтын ажиллагааны үр дүнг тооцсон хүснэгт болон падааны ар талд бичсэн тэмдэглэгээгээр нотлогдоно.

 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр би өөрийн мөнгөөр авсан 253 грамм алтны баримт хэрэгт байхгүй байна. Миний 5045293769 дугаарын дансны хуулгаар 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Тунгалаг 253 грамм алтны үнэ гэсэн гүйлгээний утгатайгаар ХААН банкны 5114026093 дугаартай данснаас над руу 21,838,000 төгрөг шилжүүлсэн нь нотлогдоно. 21,838,000+10,668,000=32,506,000 төгрөгийн алт тушаасан баримт хэрэгт байхгүй байна.

Хамтын ажиллагааны явцад би 2 удаагийн гүйлгээгээр нийт 39,752,000 төгрөгийг буцааж шилжүүлсэн.

Дээрх авсан, өгсөн тооцоогоо нэгтгэвэл 1,289,744,876 төгрөг шилжүүлж авч, 39,752,000 төгрөгийг буцаан шилжүүлж, 1,238,789,539 төгрөгөөр үнэлэгдэх 14,315.087 килограмм алт тушаасан байх тул 11,203,337 төгрөгийн зөрүү гарч байна. Гэтэл надаас үлдэгдэл төлбөр 59,801,337 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

Бидний хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2-т заасан хамтран ажиллах гэрээ амаар байгуулагдаж, миний зүгээс хамтын ажиллагаанд өөрийн ажил хэргийн нэр хүнд, бизнесийн нууц, туршлага, хөдөлмөрийн оруулах, И Дун Сун нь Кэй ви пи ХХК-аасаа мөнгө хөрөнгө оруулахаар харилцан тохиролцсон.

Иймд хамтын ажиллагааны явцад болон хамтын ажиллагаа дуусгавар болсны дараа Иргэний хуулийн 478.1-д зааснаар ашиг хуваарилах ёстой байсан боловч нэхэмжлэгч тал өнөөдрийг хүртэл хэдэн төгрөгийн ашиг олсноо нууж, хамтын ажиллагааны үр дүнг хэлэлцэх, тооцоо нийлэх, хамтын ажиллагааны үр дүнд бий болсон ашиг буюу хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилах ажлыг хийгээгүй.

Би өөрийнхөө бизнесийг үнэлгээний байгууллагаар үнэлүүлэхэд 1,600,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн.

Мөн Монгол банканд алт тушаах бүрд уг алтнаас 4-5 граммыг дээжид авч шинжилж хадгалж байгаад оны эцэст буцааж өгдөг. Иймд 18 удаа тушаасан гулдмай алтнаас дунджаар 4 граммаар тооцоход 72 грамм*100,000 төгрөг=7,200,000 төгрөгийн алтыг буцааж авч цэвэр ашиг олсон надад уг ашгаас нэг ч төгрөг өгөөгүй. Гэтэл хамтын ажиллагааны хугацаанд алт цуглуулахад гарсан зардал болох ажлын байрны түрээсийн зардал 255,000 төгрөг, цахилгааны зардал 180,000 төгрөг, хоолны зардал 400,000 төгрөг, 16 удаа Дархан-Улаан баатар хооронд явах тээврийн зардал 1,120,000 төгрөг, Дархан доторх унааны зардал 600,000 төгрөг, алт хайлуулахад материалын зардал 250,000 төгрөг, алт хайлуулах, гулдмай болгож боловсруулах ажлын хөлс 600,000 төгрөг, нийт 8,775,000 төгрөгийн зардал гаргасан байна.

Иймд дээрх 11,203,337 төгрөгийн зөрүүг өгөхгүй, хамтын ажиллагааны зардал болон ашигтаа тооцож авна.

Нэхэмжлэлийн бусад шаардлага болох алт хүлээн авсан үнийн бодолтын зөрүү 4,196,761.92 төгрөг, Алт хүлээн авсан баримт болон дэвтрийн бодолтын зөрүү 10,121,512 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

  1. Хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа:

“Кэй Ви Пи” ХХК болон Т.Тунгалаг нарын хооронд 2017 оны 11 -р сарын 22- ний өдрөөс 2018 оны 2-р сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасны дагуу хамтран ажиллаж байсныг тогтоолгох,

хамтын үйл ажиллагаанд зарцуулсан 8,775,000 төгрөгийн зардал, хамтын үйл ажиллагаанаас бий болсон 7,446,200 төгрөгийн ашгаас өөрт оногдох хэсэг болох 3,723,100 төгрөгийг тус тус  гаргуулж өгнө үү гэжээ.

  1. Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлийн татгалзал, хариу тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд Иргэний хуульд заасан хамтран ажиллах үйл ажиллагаа явагдаагүй гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1, 476 дугаар зүйлийн 476.1-д тус тус зааснаар хариуцагч Т.Тунгалагаас 59,801,337 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Кей Ви Пи ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,318,273 төгрөгийн шаардлага, хамтран ажиллаж байсныг тогтоолгох, хамтын үйл ажиллагаанд зарцуулсан зардал 8,775,000 төгрөгийг гаргуулах, хамтын үйл ажиллагаанаас бий болсон ашгаас өөрт оногдох хэсэг болох 3,723,100 төгрөгийг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 528,548 төгрөг, хариуцагчийн төлсөн 285,120 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 456,957 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Т.Тунгалаг давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

           4.1.Анхан шатны шүүх иргэний хуулийн 476 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд худалдах, худалдан авах харилцаа биш Иргэний хуулийн 476-480 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн.

4.2.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас хамтран ажиллах гэрээг амаар байгуулсан нь нотлогдоно,

4.3.Хамтын ажиллагаа дууссан бол талууд тооцоо нийлсэн байхыг хуульчилсан байхад нэхэмжлэгч тооцоо нийлэхээс зайлсхийж, худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй,

4.4.Алт 10,688,000 төгрөг + буцааж шилжүүлсэн 39,332,000 төгрөг = 50,000,000 төгрөгтэй тэнцэж зөрүү гардаггүй. Гэтэл анхан шатны шүүх падаан байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй,

4.5.Анхан шатны шүүхээс өөрт байхгүй нотлох баримтаа нэхэмжлэгчийн компьютерын бүртгэл, үзлэг хийлгэх, И Дүн Саны бор өнгийн дэвтэр, Тамираагийн бор дэвтэр зэргийг гаргуулах хүсэлтийг хангахгүй хэрэгсэхгүй болгосон,

4.6.Нотлох баримт гаргуулах хүсэлтийн хангаагүй байж хавтаст хэргийн 128-131 дүгээр талд авагдсан баримтуудыг нэхэмжлэгчийн гарын үсэггүй, нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзсэн,

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

           1.Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч Т.Тунгалагийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй бүхэлд нь хянаж,  түүний ...шүүх хамтран ажиллах харилцааг зохицуулсан Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн нь хэрэгт тогтоогддог. Падаан байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй шийдвэр гарахад нөлөөлсөн, ... гэх   агуулга бүхий 21 заалттай гомдлыг  хангах үндэслэлгүй.

Харин  нэхэмжлэлийн гэрээний үүргийн биелэлт гэх 59,801,337 төгрөгийн шаардлагаас зохих хэмжээний мөнгөн дүнг хасаж тооцох үндэслэл бүхий нөхцөл байдал байх тул энэ  үндэслэлээр шүүхийн шийдвэрт  өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

2.Нэхэмжлэгч Кей Ви Пи ХХК нь хариуцагч Т.Тунгалагт  холбогдуулан худалдах,худалдан авах гэрээний үүрэг болон хохиролд нийт 74,119,610  төгрөг  гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасныг  хариуцагч нь эс зөвшөөрч ... хамтран ажиллах гэрээ амаар байгуулагдаж, хамтын үйл ажиллагаа эхлүүлсэн, хамтын ажиллагааны явцад  ашиг хуваарилах ёстой байсан боловч уг ажиллагааг хийгээгүй, 1,238,789,539 төгрөгөөр үнэлэгдэх 14,315.287 кг алт тушаасан тул 11,203,337 төгрөгийн зөрүү төлөхийг зөвшөөрнө,  үлдэх шаардлага болох хохирол гэх нийт 14, 318,273.92 төгрөгийн шаардлагыг зөвшөөрөхгүй, харин  хамтын ажиллагааны зардал болон ашгаа тооцож авна,  сөрөг нэхэмжлэл гаргана гэх агуулга бүхий тайлбарыг бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан,

3. Хариуцагч Т.Тунгалаг нь ... талууд хамтран ажиллаж байсныг тогтоолгох, хамтын үйл ажиллагаанд зарцуулсан зардал 8,775,000 төгрөг, хамтын үйл ажиллагаанаас бий болсон ашгаас өөрт оногдох хэсэг болох 3,723,100 төгрөгийг тус тус гаргуулна гэх агуулгатай сөрөг нэхэмжлэлийн шаардлага  гаргасныг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч бидний хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдаагүй, зөвхөн санал хэлбэрээр явж байсан хэмээн тус тус маргажээ.

4. Анхан шатны шүүхийн  хариуцагч Т.Тунгалаг нь нэхэмжлэгч байгууллагаас шилжүүлсэн 1,289,744,876 төгрөгийн дагуу ... алт худалдан авч нийлүүлж байсан үйл баримт, нэхэмжлэгч Кей Ви Пи ХХК-н депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Т.Тунгалагийн алт тушааж байсан зарлагын баримтууд зэрэг нотлох баримтуудаар талуудын хооронд  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн  гэж үзсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, худалдах, худалдан авах гэрээг амаар буюу бичгээр байгуулж болно. Хариуцагч Т.Тунгалаг нь бусдаас алт худалдан авч бэлтгэн  нийлүүлэх, худалдан авагч Кей Ви Пи ХХК-н худалдагчид  хэлэлцэн тохирсон  үнийг урьдчилан шилжүүлж,  худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээсэн байх ба уг хэлцэл нь  амаар хийгдсэн байх тул талуудын хооронд  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах  гэрээний харилцаа үүссэн байна.

5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч,бэлтгэн нийлүүлэгч буюу хариуцагч Т.Тунгалаг нь хэлэлцэн тохирсон үнийг урьдчилан авсан боловч тэрээр алт бэлтгэн нийлүүлэх  үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь  гэрээнд заасны дагуу түүнд урьдчилан шилжүүлэх  замаар төлсөн алтны үнийн үлдэгдлийг  буцаан шаардах эрхтэй байна.

6. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа хэргийн 1-р боть 8-р тал  “алт хүлээж авсан баримтын товъёог”,  13-27-р тал зарлагын падаанууд,  28-53-р тал Кей Ви Пи ХХК-ийн  депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэгт үндэслэсэн байх бөгөөд эдгээр баримтаар хариуцагч Т.Тунгалагт 1,289,744,879 төгрөг шилжүүлсэн, 1,190,191,539 төгрөгийн алт худалдан авсан, үлдэгдэл 59,801,337 төгрөг гэжээ.

7. Талууд нэхэмжлэгч байгууллагаас 32 удаагийн гүйлгээгээр нийт 1,289,744,879 төгрөг шилжүүлсэн,  хариуцагч Т.Тунгалагаас 2 удаагийн гүйлгээгээр 39,752,003 төгрөгийг буцаан шилжүүлсэн  талаар маргаагүй.

 Маргаж буй нь  нэхэмжлэгч нь 15 удаагийн гүйлгээгээр  1,190,191,539 төгрөгийн буюу 39,752,000 кг алт худалдан авсан,  үлдэгдэл 59,801,337төгрөг ,   

хариуцагч  Т.Тунгалаг нь 32 удаагийн гүйлгээгээр 1,289,744,876 төгрөг шилжүүлж авснаас  1,238,789,539 төгрөгөөр үнэлэгдэх 14,315,087 кг алт тушаасан, 129,3 гр, 253 гр алт тушаасныг дутуу тооцсон ..., гэдэг. 

8. Хариуцагч Т.Тунгалаг нь маргаж буй үндэслэлээ 2017 оны 11 сарын 30-ний өдөр нэхэмжлэгчээс 50,000,000 төгрөг шилжүүлсэн, 2017 оны 12 сарын 09-нд 129,3 гр буюу 10,688,000 төгрөгийн алт тушааж, үлдэгдэл 39,752,000 төгрөгийг хоёр удаагийн гүйлгээгээр буцаан шилжүүлсэн зэргээр 10,688,000 төгрөгийг дутуу тооцсон нь  нотлогддог гэж тайлбарласан.

9.Үүний дагуу  хэргийн 1-р боть 8-р тал “алт хүлээж авсан баримтын товъёог,  13-27-р тал зарлагын падаан,  28-53, 163- 166-р тал депозит дансны хуулга, 128 –р тал “2017 онд тушаасан алтны бохир жин, авсан үнэ зэргийг солонгос, монгол хэл дээр тэмдэглэсэн  хүснэгтэн баримт /нэхэмжлэгч талын компьютероос хэвлэсэн гэх/  зэргийг харьцуулан судлахад:

Хэргийн 8-р талд авагдсан 1-15 хүртэл дэс дугаарласан товьёгт  хүлээн авсан алтны жин, үнэ зэргийг огноогоор нь  жагсааж, тухайлбал,  2017 оны 11 дүгээр сарын 22, 27, 28, 12 дугаар сарын 21 , 25, 29, 31 гэж  тусгасан байх ба  энэ нь 13-27-р талд авагдсан зарлагын падаануудтай  тохирч байх тул үүнийг зарлагын падаантай тохируулж бичсэн товьёог гэж үзэв.

Харин  уг  товьёогт 2017 оны 12р сарын 09-нд тушаасан гэх 129.3 гр алтны  талаар тусгагдаагүй,  зарлагын падаан  байхгүй байх боловч хэргийн  128-р талд авагдсан баримтаар/энэ нь эх баримт гэж үзэхээр байна/  2017 оны 11р сарын 23, 28, 12 дугаар сарын 09, 21, 21, 21, 25 гэж огноог  тэмдэглэсэн байх ба үүнд хариуцагчийн маргаж буй алт бохир жин 129,3 гр, авсан үнэ 10,688,000 төгрөг  гэж бичигдсэн байна.

10.Хэргийн 33-р тал депозит дансны хуулгад 2017 оны 11-р сарын 30-ны өдөр    Кей Ви Пи ХХК-с Тунгалаг алтны үнэ гэсэн утгаар  50,000,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн, Т.Тунгалаг 2017 оны 12 дугаар сарын 18-нд 420,000 төгрөг, 22-нд 39,332,000 төгрөг, нийт 39,752,000 төгрөгийг  2 удаагийн гүйлгээгээр буцаан шилжүүлсэн/1-р боть 163-н ард/ үйл баримтын талаар талууд маргаагүй.

11. Нэхэмжлэгчээс  50,000,000 төгрөгийн  гүйлгээ хийгдсэний дараа 9 дэх хоногт /2017.12.09-нд/  хариуцагч нь 10,688,000 төгрөгийн үнэ бүхий 129,3 гр алт тушаасан, үүний дараа 12 дугаар сарын 18, 22-ний өдрүүдэд  үлдэгдэл мөнгийг буцаан шилжүүлсэн байх тул энэ үйл баримт нь талуудын хооронд  20 гаруй хоногийн хугацаанд болсон байх тул хариуцагчийн энэ талаарх татгалзлыг хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.

 12.Нэхэмжлэгч тал хэргийн 128-р талд авагдсан баримтыг ямар үндэслэлээр үгүйсгэж байгаа,  2017 оны 12 дугаар сарын 09-нд тушаасан гэх 129,3 гр алтыг  хүлээн авсан гэж зөвшөөрөхгүй байгаа үндэслэл, шалтгаан юу болох, улмаар хариуцагч Т.Тунгалагийн маргаж буй үндэслэл, тайлбарыг үгүйсгэсэн тайлбар, нотлох баримтыг гаргаж мэтгэлцээгүй  зэрэг нөхцөл байдал болон хэргийн үйл баримт зэрэгт үндэслэн нэхэмжлэгч Кей Ви Пи ХХК-н гэрээний үүрэгт нэхэмжилсэн 59,801,337 төгрөгийн шаардлагаас   10,688,000 төгрөгийг хасч, 49,113,337 төгрөгийг хариуцагч Т.Тунгалагаас гаргуулж, нэхэмжлэгч Кей Ви ПИ ХХК-д олгох, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 25,006,273 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулав.

13.Хариуцагч Т.Тунгалаг нь анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж давж заалдах гомдол гаргасан байх боловч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 742,077 төгрөг төлөх байтал 456,957 төгрөг төлж, 285,120 төгрөг дутуу төлсөн байх тул нэмж төлүүлэх нь зүйтэй гэж давж  заалдах шатны шүүх үзсэн.

14.Иймд хариуцагчийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан ...шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шардлагыг хангаж өгнө үү гэсэн агуулга бүхий  гомдлыг хангахгүй орхиж, харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1дэх заалтад дээр дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулж  шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон  ТОГТООХ НЬ :

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  04 дүгээр сарын 14-ний өдрийн 569  дугаар  шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ ... хариуцагч Т.Тунгалагаас 59,801,337 төгрөг гаргуулж ... олгож, ... нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,318,273 төгрөгийн шаардлага, ... хэрэгсэхгүй болгосугай“ гэснийг

“... хариуцагч Т.Тунгалагаас 49,113,337 төгрөг гаргуулж, ... олгож, ... нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25,006,273 төгрөгийн шаардлага, ... хэрэгсэхгүй болгосугай“ гэж өөрчилж, 

            тогтоох хэсгийн 2 дахь заалтын   “... , хариуцагчаас 456,957 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай”  гэснийг,  “ ... , хариуцагчаас 403,516 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай“ гэж  тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Т.Тунгалагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 285,120 төгрөгийг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулж,  гомдол гаргахдаа төлсөн 456,957 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

   3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                    

            ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Л.АМАРСАНАА

                                                       ШҮҮГЧИД                                        Д.БУЯНЖАРГАЛ

                                                                 Х.БАЙГАЛМАА