Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2022/01133

 

 

 

 

 

 

 

 

 

 

Л.О ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Н.Батзориг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 23-ны өдрийн 101/ШШ2022/01315 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.О ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.О , Н.М нарт холбогдох, 62,516,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Х, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б хариуцагч Ц.О гийн өмгөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Л.О миний бие 2020 оны 03 сард Х ХХК-д барилгын материал нийлүүлж, уг барилгын материалын үнэ болох 72,016,000 төгрөгийн төлбөрт .... 2 өрөө байрыг мөнгө нэмээд төлбөртөө авахаар болсон. Энэ тухай Ц.О , Н.М нар мэдэнгүүтээ чи энэ байраа Х ХХК-д хэлээд бидний нэр дээр шилжүүлээд өгчих, бид чамд 72,016,000 төгрөгийг чинь өгье гэсэн. Би тэдэнд итгэж Х ХХК-ийн захиралд хэлж түүнээс авах ёстой 57.51 м.кв 2 өрөө байрны эрхээ Н.М д шилжүүлсэн. Гэвч хариуцагч нар 9,500,000 төгрөгийг өгч, үлдсэнийг өгөөгүй. Иймд хариуцагч нараас үндэслэлгүй хөрөнгөжсөн 62,516,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2.   Хариуцагч нарын хариу тайлбарын агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал үүсээгүй буюу үндэслэлгүй хөрөнгөжсөн байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Байрны үнэ 72,016,000 төгрөг гаргуулах тухайд нэхэмжлэгчид биет хөрөнгө шилжүүлэх, бэлэн мөнгө өгөх, шилжүүлэх, өр авлага суутгах зэрэг хэлбэрээр төлбөр тооцоог дуусгасан байна. Тоёота Сай маркийн автомашиныг 20,000,000 төгрөгөөр тооцон 2021 оны 08 сарын 20-ны өдөр, Тоёота Приус маркийн автомашиныг 14,500,000 төгрөгөөр тооцон 2020 оны 06 сарын 04-ний өдөр тус тус шилжүүлж өгсөн. Мөн орон сууцыг Х ХХК-аас шилжүүлэн авах нөхцөл болсон 20,000,000 төгрөгийг Л.О ын өмнөөс бид төлсөн. Энэ талаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсан. Үүнээс гадна нэхэмжлэгчийн Хаан банк дахь харилцах дансанд 2021 оны 03 сарын 04-ний өдөр 6,500,000 төгрөг, 2021 оны 06 сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг шилжүүлсэн. Мөн нэхэмжлэгчтэй тохиролцсоны үндсэн дээр ...  орон сууцандаа сарын 700,000 төгрөгөөр түрээсээр суулгахаар болж 2020 оны 10 сараас 2021 оны 03 сар хүртэл 5 сарын хугацаанд амьдарч нийт 3,500,000 төгрөг болсон. Иймд төлбөр тооцоо дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч Ц.О , Н.М нараас 62,516,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.О т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.О ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 518,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.О , Н.М нараас 470,530 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.О т олгосон.

 

4.   Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. 2022 оны 03 сарын 09-ний өдөр хариуцагч талын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, тайлбараа дэмжих зорилгоор н.А гэх хүнийг гэрчээр оролцуулах тухай хүсэлт гаргасан. Гэвч шүүх ...н.А гэх хүнээс ямар мэдээлэл авах гэж байгаа болон хаяг, утасны дугаар тодорхойгүй... гэх үндэслэлээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд уг захирамжид гомдол гаргах эрхгүй хэмээн заасан нь процессын ноцтой зөрчил гаргасан гэж үзэхээр байна. Учир нь энэхүү хүсэлтийг гаргах явцдаа хариуцагч талаас нэхэмжлэгчид 14,500,000 төгрөгийн үнийн дүнд автомашин өгсөн бөгөөд хариуцагч надад авлагатай байсан этгээд авлагынхаа оронд тус автомашиныг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлсэн гэх тайлбарыг гаргасан атал ямар мэдээлэл авах гэж буй нь тодорхойгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Мөн хэрэгт авагдсан 2020 оны 06 сарын 04-ний өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээнд гэрчээр оролцуулахыг хүссэн этгээдийн хаяг, нэр, утасны дугаар болон регистрийн дугаар байсаар байтал ...хаяг, утас тодорхойгүй... гэх үндэслэлээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан.

4.б. 2022 оны 02 сарын 21-ний өдөр хариуцагч талаас нэхэмжлэгч Л.О болон хариуцагч Ц.О нарын гар утасны зурваст үзлэг хийлгэх хүсэлтийг гаргасан бөгөөд хүсэлт гаргах үедээ хоорондоо харилцсан зурваст үзлэг хийхэд төлбөр тооцоо төлсөн, эд хөрөнгө буюу автомашин шилжүүлсэн, мөн өөрийн байрыг нэхэмжлэгчийн дүүд нэг сарын 700,000 төгрөгөөр тооцож нийт 5 сарын хугацаанд түрээслүүлж байсан зэрэг нь нотлогдоно гэж тайлбарласан. Гэвч шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, үндэслэлээ "...хэний эзэмшлийн, ямар дугаарын утаснаас, хэний эзэмшлийн ямар дугаарын утасруу хэрхэн харилцсан болох, хэдий хугацаанд үзлэг хийлгэх нь тодорхойгүй гэж тайлбарласан нь хэт нэг талыг барьсан, бодит бус, үндэслэлгүй шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэхээр байна. Учир нь хариуцагч талаас шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Л.О ын 00000000 дугаараас хариуцагч Ц.О гийн 00000000 дугаартай харилцсан зурваст үзлэг хийлгэх хүсэлтийг гаргасан бөгөөд байрны үнийг хэрхэн төлж байсан болон төлбөр тооцоо, түрээсийн талаар дурдагдсан байдаг. Хавтаст хэргийн 7-р талд нэхэмжлэгч Л.О нь өмгөөлөгч н.А тай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээний эхний нүүрний баруун дээд талд утас 00000000 гэж бичигдсэн нь үзлэг хийлгэх гэж буй дугаар нэхэмжлэгчийн дугаар мөн болохыг нотолж байна.

4.в. Нэхэмжлэгч нь анх нэхэмжлэл гаргахдаа нийт 72,016,000 төгрөг шаарддаг бөгөөд ажиллагааны явцад нэхэмжлэгчийн дансруу шилжүүлсэн /6,500,000+3,000,000/ баримтыг үндэслэн 62,516,000 төгрөгийг шаарддаг билээ. Гэвч талуудын тайлбар, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хавтаст хэргийн 46-р талд авагдсан төлбөрийн баримтаас харахад хариуцагч Н.М нь Х констракшн ХХК-д нэхэмжлэгч Л.О ын өмнөөс орон сууцны урьдчилгаа болох 20,000,000 төгрөгийг төлсөн үйл баримт хангалттай нотлогддог. Шүүхийн шийдвэрт Ц.О , Н.М нар орон сууцны төлбөрт төлөх 20,000,000 төгрөгийг 2020 оны 02 сарын 19-ний өдөр төлсөн болох нь тогтоогдсон гэсэн боловч уг мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцоогүй, үнэлээгүй нь шүүхийн шийдвэр хэт үндэслэлгүй, нэг талыг барьсан гэж үзэхээр байна.

4.г. Хариуцагч Н.М , Ц.О нар нэхэмжлэгч Л.О т Тоёота Сай маркийн 00-00 дугаартай автомашиныг 20,000,000 төгрөгт бодож орон сууцны төлбөрт өгсөн боловч нэхэмжлэгч талаас автомашин авсан эсэхэд маргадаг. Хавтаст хэргийн 62-р талд 2018 оны 07 сарын 24-ний өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ авагдсан байх бөгөөд хариуцагч буюу Ц.О нь н.Ганболд гэх хүнээс тус автомашиныг нийт 21,000,000 төгрөгөөр худалдаж авсан болох нь нотлогдож байна. Мөн хавтаст хэргийн 111-р талд авагдсан 2020 оны 02 сарын 11-ний өдрийн гэрээгээр хариуцагч Ц.О нь тус автомашиныг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Т ХХК-ийн нэр дээр шилжүүлж, фидуцийн гэрээг байгуулсан. Улмаар хариуцагч нь тус автомашины үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж өөрийн нэр дээр бус байрны төлбөрт суутган нэхэмжлэгч Л.О ын нэр дээр шууд шилжүүлэхээр болсон бөгөөд зээлийн үлдэгдэл төлбөрийг төлж хаасан талаар нэхэмжлэгчид мессежээр мэдэгдэж, нэр шилжүүлэхэд асуудалгүй болсон тухай хэлсэн байдаг нь хавтаст хэргийн 176-178-р талд авагдсан баримтаар нотлогдоно. Гэвч тус баримтыг шүүхэд гаргаж өгсөн даруйдаа үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч хэний дугаар болох нь мэдэгдэхгүй байна гэсэн үндэслэлээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь хариуцагч өөрийн татгалзлыг нотлох, хэрэгт ач холбогдол бүхий баримтыг үнэлэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон. Анхан шатны шүүхээс хавтаст хэргийн 106-р талд авагдсан хүсэлтийг үндэслэн Л.О тус автомашиныг худалдаж авсан гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Учир нь дээрх хүсэлтэд ...Ц.О гийн өмчлөлийн автомашиныг худалдаж авах болсон тул нэр шилжүүлэх албан бичгийг миний нэр дээр гаргаж өгнө үү гэх хүсэлт байна. Т ХХК нь төлбөр бүрэн дууссан гэх утгатай баримтыг үйлдэж өгсөн хэдий ч хэний данснаас, хэн үлдэгдэл төлбөрийг төлсөн талаар огт дурдаагүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар автомашины төлбөрийг нэхэмжлэгч төлсөн үү, эсхүл хариуцагч төлсөн үү гэдэг нь нотлогддоггүй. Үүнийг нотлох гол баримт нь гар утасны мессеж бөгөөд хавтаст хэрэгт хуулбар байдлаар авагдсан, үнэлэх боломжгүй баримт юм. Анхан шатны шүүх үзлэг хийлгэх боломжоор хангаагүй байдал нь хэргийг бодитоор, шударгаар шийдвэрлэхэд нөлөөлсөн тул шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан гэж үзэхээр байна.

4.д. Хариуцагч нь орон сууцны төлбөрт Тоёота Сай маркийн автомашинаас гадна Тоёота Приус маркийн автомашиныг нэхэмжлэгчид шилжүүлж өгсөн боловч энэ тухайд нэхэмжлэгч маргадаг. Гэвч хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад Тоёота Приус маркийн автомашин нь н.Ө гэх хүний нэр дээр байсан бөгөөд 2020 оны 06 сарын 04-ний өдөр иргэн н.А д уг тээврийн хэрэгслийг худалдах, нэр шилжүүлэх эрх бүхий итгэмжлэлийг н.Ө ын зүгээс үйлдэж өгсөн нь нотлогддог. Улмаар итгэмжлэгдсэн төлөөлөгч н.А нь 2020 оны 06 сарын 04-ний өдөр нэхэмжлэгч Л.О т тус автомашиныг 14,500,000 төгрөгт тооцож худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Автомашиныг өмчлөгч н.Ө, хамаарал бүхий этгээд н.Н хариуцагч Ц.О нарын хооронд өр авлагын асуудал байсан учир орон сууцны төлбөрт Ц.О нь тус автомашиныг тооцуулан Л.О т өгсөн. Энэ тайлбарыг нотлох үүднээс 2022 оны 03 сарын 09-ний өдөр хариуцагч талаас н.А гэх хүнийг гэрчээр оролцуулах хүсэлтийг өгсөн ч шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд дэлгэрэнгүй тайлбарыг дээр дурдсан билээ.

4.е. Маргаан бүхий орон сууц нь Н.М гийн өмчлөлд бүртгэлтэй болох нь нотлогддог. Өөрөөр хэлбэл, ямар ч хүн 72,016,000 төгрөгийн орон сууцыг итгэлцлийн үндсэн дээр гэр бүлийн бус хүнд өгөх боломжгүй юм. Тодруулбал, байрны урьдчилгаа болох 20,000,000 төгрөг, 2 /хоёр/ автомашины үнэ /20,000,000 + 14,500,000/=34,500,000 төгрөг, дансаар 9,500,000 төгрөг шилжүүлсэн зэрэг баримтаас үзэхэд хариуцагч орон сууцны төлбөрийг төлж байсан нь нотлогдож байгаа атал нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хэт нэг талыг барьсан, бодит бус шийдвэр гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5.   Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүх ямар хуулийн, ямар зүйл, заалтыг зөрчсөн талаар хариуцагч тал давж заалдах гомдолдоо тодорхой бичээгүй. Анх 2021 оны 07 сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлтийг талууд шүүхэд гаргасан. Хариуцагч нар удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулж, нотлох баримт гаргаж өгч байсан. Мөн шүүх хариуцагч талын гаргасан гэрч оролцуулах тухай хүсэлтийг хангаагүй бөгөөд хэрэгт ач холбогдолгүй, оролцуулах шаардлагагүй гэж дүгнэсэн. Гэрчээр оролцох байсан н.А гэх хүн нэхэмжлэгчтэй автомашин худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой өөр харилцаа үүссэн. Нэхэмжлэгч Х ХХК-д хайрга тээвэрлэж, бартер хийж, орон сууц худалдан авахаар тохиролцсон. Орон сууцыг 92,116,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон тохиролцоо хэргийн 26 дугаар талд авагдсан. 45,614,200 төгрөгийг бартер хийсэн нөхцөлөөс хасуулж, 20,000,000 төгрөгийг бэлэн мөнгөөр төлсөн, үлдэгдэл 26,401,800 төгрөгийг 4, 5 дугаар сард төлөхөөр тохиролцсон. Нэхэмжлэлийн шаардлагад орон сууцны төлбөрийг нэхэмжилсэн учраас худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэл тогтоогдсон тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2.   Нэхэмжлэгч Л.О нь хариуцагч Ц.О , Н.М нарт холбогдуулан 72,016,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага анх гаргаж, хариуцагч нараас дансаар 9,500,000 төгрөгийг хүлээн авсан үндэслэлээр шаардлагаа багасгаж, 62,516,000 төгрөг гаргуулахыг хүссэн байна.

Хариуцагч нар ...нэхэмжлэгчид төлөх ёстой 72,016,000 төгрөгийг төлж барагдуулж дууссан... гэх үндэслэл заан дээрх шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3.   Хариуцагч тал өөрийн татгалзлыг нотлох зорилгоор нэхэмжлэгчтэй харилцсан гэх цахим зурваст үзлэг хийлгэх тухай хүсэлт гаргасныг /1хх 175, 176-178/ анхан шатны шүүх ...Хэний эзэмшлийн ямар дугаарын утаснаас хэний эзэмшлийн ямар дугаарын утас руу хэзээ хэрхэн харилцсан болох, хэдий хугацааны буюу үзлэг хийлгэх огноо тодорхойгүй... үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийн зохицуулалтад нийцээгүй байна.

Тодруулбал, хариуцагч тал хүсэлтдээ ...байрны үнийг хэрхэн төлж байсан болон төлбөртөө тооцон эд хөрөнгө шилжүүлж байсан мөн өр төлбөрөөсөө байр түрээслэн суутгах замаар харилцаж байсан... үйл баримтыг тогтоолгохоор үзлэг хийлгэх хүсэлтэй байгаа талаар дурдаж, цахим зурвасаар харилцсан гэх 3 хуудас баримтыг хүсэлтдээ хавсаргасан байх ба тус цахим зурваст ...6.5 саяыг хийсэн дүү чинь 10 сарын 15-нд орсон ... байрны түрээс сарын 700 мянга ... нийт 10 сая болж байна... гэхэд ...нялх хүүхэдтэй хүмүүсийг яаж гар гэх вэ 4 сар гартал аргалаад байлгачмаар байна... гэсэн, ...Сай нэрийг шилжүүлж авмаар байна... гэхэд ...Дүнжингарав ... дээр очоод нэрээ шилжүүлээд авчих зээлийг нь хаачлаа... гэсэн, ...Чи хэлцэн юм уу хө Отгонбаатар гэдэг хүн очиж шилжүүлж авна гээд хэлээд захичаарай... гэх мэт зохигчдын хооронд үүссэн маргаанд хамааралтай байж болзошгүй текст тусгагдсан, текст дунд нэхэмжлэгчийн нэр дурдагдсан байгааг шүүх анхаараагүй байна.

Өөрөөр хэлбэл, үзлэг хийлгэх хүсэлт тодорхойгүй гэж шүүх үзсэн бол тухайн асуудлыг тодруулсны эцэст хүсэлтийг шийдвэрлэх боломжтой юм.

 

4.   Цахим баримтыг шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан журмын дагуу үзлэг хийж бэхжүүлснээр нотлох баримтаар үнэлэх боломжтой болох бөгөөд давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх эрх хэмжээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

5.   Харин хариуцагч талын давж заалдах гомдолд дурдагдсан ...хэрэгт авагдсан гэрээнд н.А ын хаяг, утасны дугаар байсаар байтал түүнийг гэрчээр асуулгах хүсэлтийг хангаагүй... гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авахаар зохицуулсан тул хэргийн оролцогч нь гэрчээр асуулгахыг хүссэн хүнийг шүүхэд дуудан ирүүлэх хаяг, утасны дугаарыг хүсэлтдээ тодорхой бичсэн байх учиртай. Шүүх хүсэлтэд дурдагдаагүй гэрчийн хаягийг хэргийн бусад баримтаас хайх, олж тогтоох үүргийг хүлээхгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 23-ны өдрийн 101/ШШ2022/01315 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 04 сарын 29-ний өдөр урьдчилан төлсөн 470,530 төгрөгийг шүүгчийн захирамжаар хариуцагч Ц.О , Н.М нарт буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

 

Д.НЯМБАЗАР