Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/01171

 

 

 

 

 

 

 

 

 

 

З ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 14-ний өдрийн 102/ШШ2022/01380 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч З ны нэхэмжлэлтэй, хариуцагч М ХХК-д холбогдох, 939,444,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, Д.О, хариуцагчийн төлөөлөгч Д.А, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б, Р.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу З нь Ү ТББ-тай 2018 оны 06 сарын 19-ний өдөр 130 дугаартай МОН-30 загварын их багтаамжийн цахилгаан автобус нийлүүлэх, туршилт хийх гэрээ-г байгуулан, 2018 оны 11 сарын 20-ны өдөр МОН-30 загварын 2 ширхэг цахилгаан автобусыг хүлээн авч, 2019 оны 01 сараас 05 сарыг хүртэлх хугацаанд 3 удаагийн туршилтын ажлыг хийж гүйцэтгэн 2019 оны 10 сарын 23-ны өдөр Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газарт хүлээлгэн өгсөн. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газраас МОН-30 загварын 2 ширхэг цахилгаан автобусыг З ОНӨААТҮГ-т 2019 оны 10 сарын 30-ны өдөр хүлээлгэн өгсөн. Тус автобусыг хүлээн авч 2019 оны 11 сарын 07-ны өдөр Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газраас томилогдсон авто тээврийн улсын байцаагч болон З ОНӨААТҮГ-ын инженер, техникийн ажилтнууд үзлэг, шалгалтыг явуулж 2019 оны 11 сарын 11-ний өдөр М ХХК руу 10 төрлийн хийцийн алдааг засаж сайжруулах албан бичгийг хүргүүлсэн. Албан бичгийн дагуу М ХХК-аас 2 автобусанд шаардлагатай засвар үйлчилгээг хийж 2019 оны 11 сарын 22-ны өдөр З ОНӨААТҮГ-т хүлээлгэн өгч тус үйлчилгээний газраас үзлэг шалгалт хийн цахилгаан автобусыг 2019 оны 12 сарын 30-ны өдөр нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж эхэлсэн. МОН-30 загварын их багтаамжийн цахилгаан автобус нийлүүлэх, туршилт хийх гэрээ-ний дагуу баталгаат хугацаа нь уг 2 автобус үйлчилгээнд явж эхэлснээс хойш 18 сар байхаар заасан байх боловч баталгаат засварын хугацаа дуусаагүй байхад ашиглалтын явцад байнгын эвдрэл, гэмтэл гарч, тухай бүрт нийлүүлэгч байгууллагад мэдэгдэн засаж, сайжруулалтыг хийлгэдэг гэх боловч дээрх эвдрэл, гэмтлүүд үргэлжлэн гарсаар байгаа бөгөөд МОН-30 загварын 102 дугаартай автобус нь цахилгаан мотор эвдэрсэн гэх шалтгаанаар ашиглах боломжгүй болж зогссон, 103 дугаартай автобус нь нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглагдаж байгаа боловч байнгын эвдрэл, гэмтэл гарч засварлагддаг, цагийн алдагдалтай явж байгаад цахилгааны гэмтэл гарсан, эдгээр 2 автобусыг хариуцагч М ХХК дээрх гэмтлүүдийг засварлахаар авч яваад буцааж өгөөгүй ба нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглахад чанарын шаардлага хангахгүй байгаа талаарх тооцоо судалгааг эзэмшигч З ОНӨААТҮГ-аас гаргасан байна. Иймд МОН-30 загварын их багтаамжийн цахилгаан автобусны баталгааны Баталгаат хугацааны 1-д Тус баталгаа нь тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явж эхэлсэн хугацаанаас эхэлнэ, мөн 2-т Баталгаат хугацаанд үл хамаарах зүйлсийг оруулахгүйгээр бүтээгдэхүүний үндсэн баталгаат хугацаа нь 18 сар байна гэж заасны дагуу баталгаат хугацаанд үйлдвэрлэгчээс шалтгаалсан эвдрэл гэмтлийг бүрэн хариуцах үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасны дагуу Ү ТББ-ын гишүүн байгууллага М ХХК-аас төрд учруулсан хохирол болох 939,444,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2.   Хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 122 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор З , Ү ТББ-аас тавьсан саналын дагуу МОН-30 загварын их багтаамжийн цахилгаан автобус угсарч үйлдвэрлэх технологийн судалгаа хийж, уг туршилтын төслийн гүйцэтгэгч компаниар ажиллахаар тохиролцон З тай 2018 оны 06 сарын 18-ны өдөр МОН-30 загварын их багтаамжийн цахилгаан автобус нийлүүлэх, туршилт хийх гэрээ-г манай компани байгуулан ажилласан. Манай компанийн инженер, техникийн ажилтнуудын нөр их хөдөлмөр, хүчин чармайлтын үр дүнд богино хугацаанд угсарч үйлдвэрлэсэн МОН-30 загварын том оврын 2 ширхэг автобус нь 2019 оны 02 сард З ны харьяа Авто тээврийн үндэсний төвийн техник ашиглалт, аюулгүй ажиллагааны хяналт, шалгалтаар орж нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллуулж болно гэсэн дүгнэлт гарсан. Мөн МОН-30 том оврын цахилгаан автобусны туршилт судалгаа хийх төлөвлөгөөний дагуу Техникийн комисс өвөл, хаврын саруудад 3 удаа туршилт хийж актаар баталгаажуулсан. З ны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 10 сарын 14-ний өдрийн 312 дугаар тушаалаар дахин байгуулагдсан ажлын хэсэг нь МОН-30 загварын 2 ширхэг том оврын цахилгаан автобусны техникийн бүрэн бүтэн байдал, ашиглалтын аюулгүй ажиллагааг хянан баталгаажуулсан, туршилт хийсэн актыг үйлдэж 2 ширхэг цахилгаан автобусыг хүлээлгэж өгөх тухай 2019 оны 11 сарын 12-ны өдрийн 00/0000 тоот албан бичгийг Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газарт хүргүүлсний дагуу тус газрын даргын 2019 оны 10 сарын 21-ний өдрийн 0/00 дугаартай тушаалаар батлагдсан 11 хүний бүрэлдэхүүнтэй техникийн комисс нь цахилгаан автобуснуудын туршилт баталгаажуулалтыг дахин хийж, техникийн бүрэн бүтэн байдал, ашиглалтын аюулгүй ажиллагааны хяналт шалгалтыг Авто тээврийн хэрэгслийн техник хяналтын үзлэгийн төв дээр зохион байгуулж З ОНӨААТҮГ-т хүлээлгэн өгч, 2019 оны 12 сараас нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллуулсан. Манай компанийн зүгээс 2 ширхэг цахилгаан автобусны туршилт, баталгаажуулалт хийх энэхүү төслийн хүрээнд 100,000 километр буюу 2 жилийн засвар, үйлчилгээний баталгаат хугацааг З ОНӨААТҮГ-д өгсөн бөгөөд энэ хугацаанд үйлдвэрлэгчээс хамааралтай техникийн үйлчилгээ, засварыг хийж ирсэн. Автобус нь баталгаат засварын хугацаанд 102 дугаартай автобус 11,328 км, 103 дугаартай автобус 34,512 км зам туулж нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж байгаа бөгөөд ашиглалтын болон ашиглалтын бус шалтгааны улмаас үүссэн эвдрэл гэмтлүүдийг тухай бүр нь засварлаж, хамтарсан техникийн комиссын актаар баталгаажуулж ирсэн. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүрэгт 892,471,800 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, 5 хувь буюу 46,972,200 төгрөгийг шилжүүлээгүй.

 

3.   Гуравдагч этгээд З ОНӨААТҮГ-ын тайлбарын агуулга: Энэ 2 автобус маань шинэ автобусын норм даалгавар, дээд газраас өгсөн цагийн нормд хүрч ажиллах шаардлагыг хангадаггүй, 35 градусын налуу замыг туулах чадваргүй, дүүрэн хүнтэй үед үйлчилгээнд явах боломжгүй. Эвдрэл, гэмтэл байнга гардаг нөхцөл байдлуудыг урьд нь дурдаж байсан. Хариуцагч засвар үйлчилгээ хийж байгаа гэж тайлбарладаг боловч хийгээгүй. Одоогийн байдлаар манай дээр данс тооцоонд байгаа боловч энэ 2 цахилгаан автобусыг засвар үйлчилгээ хийж өгнө гэж хэлээд авч явсан. Одоо болтол манай байгууллагад хүлээлгэж өгөөгүй. 102 дугаар буюу 00-00 улсын дугаартай цахилгаан автобусны мотор 2020 оны 10 сарын 04-нд шатсан тул үйлчилгээнд явах боломжгүй гражид зогсож байгаад 2021 оны 03 сард хариуцагч М ХХК авч явсан. Харин 103 дугаар буюу 35-61 УНЗ улсын дугаартай цахилгаан автобус 2020 оны 01 сард цахилгааны гэмтэл гарсан тул 2021 оны 06 сард мөн компани засварлахаар авч яваад одоо болтол өгөөгүй. Дүүрэн цэнэглэсэн автобус бүтэн өдөр явж чадахгүй, 2 тойроод л эвдрээд ирдэг. Үндсэндээ явсан замынх нь ихэнх нь туршилт, тандалтын км байгаа, шугамд явсан км тун бага гэв.

 

4.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч М ХХК-аас 892,471,800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З анд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 46,972,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 4,620,309 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн.

 

5.   Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

5.а. Нэхэмжлэгч нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлагаа ...Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул 939,444,000 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон боловч нэхэмжлэлийн үндэслэл хэсэгтээ талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 06 сарын 19-ний өдрийн 130 дугаартай МОН-ЗО загварын их багтаамжийн цахилгаан автобус нийлүүлэх, туршилт байх гэрээ-гээр хүлээсэн ямар үүргээ биелүүлээгүй, энэ нь гэрээний аль аль заалтыг зөрчиж байгаа талаар тухайлан тодорхойлоогүй. Нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт МОН-ЗО загварын их багтаамжийн цахилгаан автобусны баталгааны Баталгаат хугацаа гэх баримт бичгийн 1, 2 дахь заалтыг баримтлан энэ үүргээ биелүүлээгүй гэж тайлбарласан. Гэтэл МОН-ЗО загварын их багтаамжийн цахилгаан автобусны баталгаа гэх баримт бичиг нь хоёр талын баримт бичиг биш юм. Нөгөө талаар талуудын хооронд байгуулагдсан 130 дугаар гэрээний 5-д заагдсан гэрээний нэг хэсэг болсон баримт бичиг биш байдаг. Энэ тохиолдолд МОН-ЗО загварын их багтаамжийн цахилгаан автобусны баталгааны баталгаат хугацаа гэх баримт бичгийн 1, 2 дахь заалтыг зөрчсөн гэж, энэ нь гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь үндэслэлгүй. Түүнчлэн, нэхэмжлэлийн үндэслэлд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх заалтыг үндэслэл болгодог ч хариуцагч нь 130 дугаартай гэрээний хэрхэн зөрчсөн, энэ нь ямар үндэслэлээр гэрээний үүргээ ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэж байгаа талаараа тайлбарлаагүй болно.

5.б. Талуудын хооронд байгуулагдсан 130 дугаар гэрээний дагуу хариуцагч нь 2 ширхэг МОН-ЗО загварын их багтаамжийн цахилгаан автобус нийлүүлэх, уг автобуснуудын нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх туршилт хийх, гэрээгээр тохирсон хугацаанд автобуснуудын засвар үйлчилгээг хариуцах үндсэн 3 үүргийг хэрэгжүүлэхээр байгаа. 1, 2 дахь үүрэг биелэгдсэн болох нь хэрэгт авагдсан З ны 2018 оны 11 сарын 20-ны өдрийн 00 дугаартай Тоног төхөөрөмжийг хүлээн авсан комиссын акт"-аар нотлогддог. Уг актаар ...МОН-ЗО загварын их багтаамжийн 2 ширхэг цахилгаан автобус нь гэрээнд заагдсан техникийн нөхцөл, шаардлагыг хангаж байгаа тул нийлүүлэгч, захиалагч талууд энэхүү актаар хүлээн авав гэж дүгнэж, захиалагч талаас хүлээн авсан байдаг. Мөн 2018 оны 12 сарын 24-ний өдрийн 02 дугаартай МОН-ЗО загварын багтаамжийн цахилгаан автобус нийлүүлэх, туршилт хийх №000 , 171 дүгээр гэрээ дүгнэсэн акт, МОН-ЗО загварын автобусыг турших тухай туршилт баталгаажуулалтын протоколууд болон хуудаснуудаар нотлогдож тогтоогддог. 3 дахь үүргийг мөн захиалагч талын өмнө хариуцан гүйцэтгэсэн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 130 дугаар гэрээний 13.2-т зааснаар ГТН-д өөрөөр заагаагүй бол баталгаат засвар нь барааг хүргэж, ашиглалтад хүлээлгэн өгснөөс хойш 12 сар, эсхүл барааны гарал үүслийн улсын боомтоос ачсан өдрөөс хойш 18 сар гэсэн хугацааны аль эрт дуусах хугацаанд хүчинтэй байна. Хэрэгт авагдсан баримтаас харахад 2019 оны 12 сарын 30-ны өдөр автобуснуудыг үйлчилгээнд явуулж эхэлсэн. Үүнээс хойш 12 сараар тооцвол 2020 оны 12 сарын 30-ны өдөр баталгаат завсар хийх хугацаа дууссан. Гэрээний тусгай нөхцөлийн 7-д Баталгаат засвар нь МОН-ЗО загварын их багтаамжийн цахилгаан автобусыг захиалагч хүлээн авсан өдрөөс эхлэх бөгөөд үндсэн баталгаат хугацаа нь 18 сар байна гэж заасан. Хэрэгт авагдсан баримтаас харахад 2018 оны 11 сарын 20-ны өдөр яам автобуснуудыг хүлээн авсан. 2020 оны 05 сард баталгаат хугацаа дууссан. Өөрөөр хэлбэл, үндсэн гэрээ, гэрээний тусгай нөхцөлд заасан хугацаа өнгөрсөн. Энэ тохиолдолд нийлүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно.

5.в. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй гэж тодорхойлж, гэрээг цуцлах шаардлага гаргаж байгаа энэ тохиолдолд гэрээний 18-д заасан заалт хамааралтай. Талуудын хооронд байгуулсан гэрээний 18-д нэхэмжлэлд заасан гэрээг цуцлах үндэслэл тусгагдаагүй учир гэрээг цуцлах үндэслэл байхгүй. Мөн гэрээний 20-д заасан заалт хамааралтай. Гэхдээ 20-д заасны дагуу захиалагч гэрээг цуцлах тохиолдолд нийлүүлэгчид бичгээр мэдэгдэх ёстой. Гэтэл захиалагчаас гэрээг цуцлах талаарх бичгийг нийлүүлэгчид ирүүлж байгаагүй. Түүнчлэн, гэрээнд Захиалагч гэрээг цуцлах шийдвэрийг холбогдох дээд шатны байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зөвхөн зайлшгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд гаргана гэж тусгасан. Гэвч нэхэмжлэгч нь дээд шатны байгууллагаас зохих зөвшөөрлийг аваагүй атлаа гэрээг цуцлах шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй болно.

5.г. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэгч гэж хэн болох талаар тодорхойлсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад З хуульд заасан нэхэмжлэгч биш талаараа удаа дараа илэрхийлж хүсэлт гаргаж нэхэмжлэгчийг жинхэнэ нэхэмжлэгчээр өөрчлүүлэх хүсэлтийг гаргаж, З ОНӨААТҮГ нь жинхэнэ нэхэмжлэгч юм гэж тодорхойлдог. З ОНӨААТҮГ нь нэхэмжлэгч биш гэдэг. Гэтэл шүүх дээрх байдлыг анхаарч үзэлгүй З ыг нэхэмжлэгч гэж тодорхойлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагчийн хувьд З ны өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж дуусгавар болсон бөгөөд одоо З ОНӨААТҮГ-ийн өмнө баталгаа гаргасан тэр үүргийн хүрээнд өөр төрлийн харилцаа үүсгэж, үүрэг хүлээж ажиллаж байгаа болно. Өөрөөр хэлбэл, хэрэв нэхэмжлэх зүйл байгаа бол З биш З ОНӨААТҮГ нь нэхэмжпэгч байх нь зүйтэй гэж үзэж байгаа болно. Хариуцагчийн хувьд З ОНӨААТҮГ-тай байнгын албан бичгээр харилцаж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаас тодорхой харагдана. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийг буруу тодорхойлж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

5.д. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хариуцагч гэж хэн болох талаар тодорхойлсон. 2018 оны 06 сарын 19-ний өдрийн 130 дугаартай гэрээний нэг тал болох Ү ТББ-ыг уг гэрээний маргааныг шийдвэрлэх асуудалд хэргийн оролцогчоор оролцуулахгүйгээр зөвхөн М ХХК-ийг хариуцагч мэтээр шийдвэр гаргасанд гомдолтой байна. Учир нь 130 дугаартай гэрээнд Ү ТББ-ыг нийлүүлэгч гэж тодорхой тусгасан байдаг. Уг асуудлыг шүүх анхааралгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна.

5.е. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 12 сарын 24-ний өдрийн 01/5902 дугаартай албан бичгээр нэхэмжлэгчээс Б.Ц , Д.О гэх хүмүүсийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон байдаг. Уг албан бичгээр итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэл гаргах эрх, нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах эрх-ийг олгосон. Өөрөөр хэлбэл, албан бичигт дурдсан эрхийг л төлөөлөгч нар хэрэгжүүлэхээр тодорхойлсон. Гэтэл шүүх төлөөлөгч нарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрхийг олгосон мэтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн.

5.ё. МОН-ЗО загварын их багтаамжийн 2 ширхэг цахилгаан автобуснуудыг

З , Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газарт 2019 оны 10 сарын 23-ны өдрийн 01 дугаартай Тоног төхөөрөмжийг хүлээн авсан комиссын акт"-аар баталгаажуулан 2 дахь удаагаа хүлээлгэн өгсөн. З ОНӨААТҮГ-ын инженер техникийн ажилтнууд болон манай компанийн инженер техникийн ажилтнууд хамтран 2019 оны 10 сарын 30-ны өдрийн Тоног төхөөрөмжийг хүлээн авсан комиссын акт-аар баталгаажуулан 3 дахь удаагаа шалгаж хүлээлгэн өгсөн ба нийтийн тээврийн үйлчилгээнд 2019 оны 12 дугаар сараас ажиллуулж эхэлсэн. Манай компанийн зүгээс 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан 130 тоот гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу З ОНӨААТҮГ-аас өгсөн дуудлагын дагуу нийлүүлсэн 2 ширхэг цахилгаан автобусны засвар үйлчилгээг цаг тухай бүрд холбогдон ашиглалтын урсгал үйлчилгээ засварыг хийсээр өнөөг хүрсэн. МОН-ЗО загварын их багтаамжийн цахилгаан автобусанд учирсан гэмтэл нь З ОНӨААТҮГазар үйлдвэрлэгчийн зөвшөөрөлгүй(МОН-ЗО загварын их багтаамжийн цахилгаан автобусны баталгааны заалт МОН-ЗО загварын их багтаамжийн цахилгаан автобусны цахилгааны системийг зөвшөөрөлгүй, дураараа оролдож, өөрчлөхийг хатуу хориглох болон цахилгааны утасны стандарт, маркыг өөрчилж тохирохгүй утас хэрэглэснээс үүдэн гарсан эвдрэл хамаарахгүй) цахилгаан автобусны удирдлагын болон хэрэглээний цахилгаан хэлхээнд нэмэлт төхөөрөмж залгах, богино холболт үүсгэх, гүйдлийн /амперийн удирдлага/ программд доголдол үүсгэх гэх мэт үйлдлүүд удаа дараа гаргаж байсныг тухайн үед З ОНӨААТҮГ болон манай компанийн хамтарсан техникийн комиссын актуудаар баталгаажуулсан болно. Уг актын гол утга нь ашиглагч байгууллага баталгаат засварын журмыг зөрчсөнөөс МОН-ЗО загварын цахилгаан автобусанд программ хангамжийн гэмтэл үүсгэснийг тогтоосон. Тус эвдрэл гэмтэл ашиглагч байгууллагын буруутай үйлдлээс шалтгаалан болсон хэдий ч бид эвдрэл гэмтлийг өөрсдийн хөрөнгөөр засварлаж байгаа болно. Мөн холбогдох зардлыг буруутай этгээдүүдээр гаргуулах нь зүй ёсны хэрэг гэж үзэж байгаа.

5.ж. Ковид-19 цар тахлын улмаас 2020 оны 01 сараас эхлэн хөрш орнуудын хил хязгаар хаагдаж, БНХАУ-ын сэлбэг эд анги нийлүүлсэн компанийн инженерүүд Монгол улсад ирж, баталгаат засварын ажлыг манай компанийн инженер техникийн ажилтнуудтай хамтран шуурхай зохион байгуулах, шаардлагатай сэлбэг эд ангиудыг тээвэрлэн авч ирэхэд хүндрэл бэрхшээлтэй байгаа бөгөөд Мон-30 загварын их багтаамжийн цахилгаан автобус нийлүүлэх, туршилт хийх гэрээний 22 зүйлд заасан давагдашгүй хүчин зүйл /Force majeure/ нөхцөл үүсээд байна. /Монгол Улсын Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим олгосон Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /Force Majeure/-ийн гэрчилгээ №02/78 байгаа болно./

5.з. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд 1 гэсэн заалтад Захиалагч гэрээг цуцлах шийдвэрийг холбогдох дээд шатны байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зөвхөн зайлшгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд гаргана гэсэн тодорхой заалт тохиролцоог гэрээнд тусгасан. Гэтэл уг заалтыг нэхэмжлэгч үл хэрэгжүүлж гэрээг цуцлах шийдвэрийг бие даан гаргасан. Уг гэрээний заалтыг шүүх хэргийг шийдвэрлэхдээ эс анхаарч үндэслэлгүй шийдвэр гаргасан. Зам, тээврийн яам нь гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг гаргахдаа Засгийн газраас зөвшөөрөл авах зайлшгүй үүрэгтэй байсан.

5.и. Нийслэлийн нийтийн тээвэрт байгал орчинд ээлтэй цахилгаан автобус нэвтрүүлэх туршилт хийх тухай 2018 оны Засгийн газрын 122 дугаар тогтоолыг Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар бүлгийн 6 заалт болон бусад заалтуудын хүрээнд хэрэгжүүлэх, мөн Улсын Их хурлын баталсан Төрөөс инновацийн талаар баримтлах бодлого-ыг хангаж төр-хувийн хэвшил хамтран ажиллах байтал энэхүү үүргээсээ татгалзах нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Манай байгууллагын зүгээс үүссэн асуудалтай холбогдуулан маш тодорхой, дэлгэрэнгүй тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байдаг. Гэтэл бидний өгсөн тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт өгөхгүй байгаад гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт З ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулах, эсхүл шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхийн дахин хэлэлцүүлэгт буцаах шийдвэрийн аль нэгийг гаргаж шийдвэрлэж өгнө үү.

 

6.      Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн хариу тайлбарын агуулга: 2018 оны 130 дугаартай гэрээг байгуулахад З ны төрийн нарийн бичгийн дарга, Ү гэх байгууллагууд хамтран 130 дугаартай гэрээг байгуулсан. Гэрээний нэг талд З ны төрийн нарийн бичгийн дарга төлөөлж гарын үсэг зурсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Б.Ц , Д.О нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эвлэрэхээс бусад эрхүүдийг итгэмжлэлээр олгосон. Гэтэл Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж дээр итгэмжлэл гаргах эрхгүй байна гэх үндэслэлээр солигдсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг үндэслэн гаргасан итгэмжлэл хэрэгт авагдсан. Мон-30 загварын их багтаамжийн цахилгаан автобусны туршилт хийх гэрээний баталгаат засварын хугацаа нь тухайн 2 автобусыг үйлчилгээнд явж эхэлсэн өдрөөс эхэлж 18 сар байхаар заасан. Гэтэл баталгаат засварын хугацаа дуусаагүй байхад байнгын эвдрэлүүд гарч байсан. Эвдрэл гэмтэл гарсан тохиолдол бүрд нь мэдэгдэж, засвар хийлгэж байсан боловч 102 дугаартай автобусны цахилгаан мотор эвдэрсэн гэх шалтгаанаар одоог хүртэл ашиглагдахгүй зогссон. 103 дугаартай автобус нийтийн тээвэр ашиглаж байгаа боловч байнгын эвдрэл гэмтлүүд гарч засварлагддаг. Автобусыг нийлүүлсэн цагаас эхлэн 102 дугаартай автобусанд нийт 10, 103 дугаар автобусанд нийт 23 удаа эвдрэл гэмтэл гарсан. Мон-30 загварын их багтаамжийн цахилгаан автобус нийлүүлэх, туршилт хийх гэрээний 18-д зааснаар эвдрэл гэмтэл, согоггүй, чанарын шаардлага хангасан автобусыг нийлүүлэх ёстой байсан. Гэтэл үйлчилгээнд явж эхлэхээс өмнө нийт 10 зөрчил гарсан байдаг. Хариуцагч тал нийлүүлэх ёстой байсан эрх үүргээ биелүүлээгүй гэдэг нь харагдаж байна. 130 дугаар гэрээний 13.1-д гэмтэл согоггүй, хамгийн сүүлийн үеийн өнөөгийн загварын техник тодорхойлолтод бүрэн нийцсэн, тоног төхөөрөмж сэлбэг хэрэгсэл зэрэг нь сайн чанарын байна гэж заасан гэрээний үүргээ биелүүлээгүй. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасан тус шаардлагыг хангаагүй. М ХХК-аас нийлүүлсэн 2 цахилгаан автобусыг хүлээн авсан өдөр буюу 2019 оны 11 сарын 12-ны өдрөөс эхэлж хариуцагчид 10 төрлийн алдаагаа засах талаар албан бичгийг хүргүүлсэн. Баталгаат засварын хугацаа тооцож эхлэхээс өмнө эвдрэл гэмтэл гарсан учир гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь тодорхой болж байна. Мон-30 загварын их багтаамжийн цахилгаан автобусны баталгааны 3-д Мон-30 загварын их багтаамжийн цахилгаан автобус нь эрчим хүчний үндсэн эх үүсвэр болох 180 к/в багтаамжтай батарейг 3 жил байна гэж заасан. 102 дугаартай цахилгаан автобусны хөдөлгүүр эвдэрсэн гэх шалтгаанаар 2020 оны 09 сараас хойш нийтийн тээврийн үйлчилгээнд яваагүй. 103 дугаартай цахилгаан автобус явж байгаа боловч 3-4 цаг тутам цэнэглэгддэг буюу 70-80 км зам туулсхны дараа дахин цэнэглэх асуудал гардаг. Үүнээс шалтгаалж цагийн алдагдалд орж, төлбөр мөнгөний асуудалд орж байгаа нь харагддаг. Гэрээний 18-д гэрээ цуцлах үндэслэл, 20-д захиалагчийн хүсэлтээр гэрээг цуцлах гэх 2 заалт байдаг. Гэрээний 18б-д заасан нийлүүлэгчийн нийлүүлсэн бараа нь техникийн тодорхойлолтын шаардлага хангаагүй бөгөөд гэрээний бусад үүргийг биелүүлээгүй гэх үндэслэлээр гэрээг цуцлах эрх нээлттэй байгаа нь хариуцагчийн гомдлыг үндэслэлгүй гэдгийг харуулж байна. Гэрээний үүргээ биелүүлээгүй бол гэрээний 18, 20-д заасан үндэслэлээр цуцлах эрх нээлттэй байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад З ыг нэхэмжлэгч мөн эсэх талаар хариуцагч талаас гомдол гаргаагүй, нэхэмжлэгчээр оролцуулах хүсэлтийг гаргаж байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй гэж заасан. З нь гэрээний үүргээ биелүүлээгүй М ХХК-д холбогдуулж нэхэмжлэл гаргах эрхтэй. Иймд М ХХК-аас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, улсад учирсан хохирлыг гаргуулж өгнө үү.

 

7.   Давж заалдах шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээд оролцоогүй, давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэл тогтоогдсон тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2.   Нэхэмжлэгч З нь хариуцагч М ХХК-д холбогдуулан, гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 939,444,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3.   Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3, 62.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт тус тус зааснаар төлөөлөгчийн бүрэн эрх төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлээр тодорхойлогдоно.

 

Хэргийн 6 дугаар талд Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайдаас Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Б.Ц , Д.О нарт олгосон итгэмжлэл авагдсан байх ба уг итгэмжлэлд итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт нэхэмжлэл гаргах, нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах бүрэн эрхийг олгожээ.

 

Харин итгэмжлэлд дурдагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийн зохицуулалт нь хамтран нэхэмжлэгч, хамтран хариуцагч нь аль нэгийгээ төлөөлүүлэн оролцуулах агуулгатай учир итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт олгосон бүрэн эрх гэж үзэх боломжгүй.

 

Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан нэхэмжлэгчийг жинхэнэ нэхэмжлэгчээр солих хүсэлт, хамтран нэхэмжлэгчээр оролцуулах хүсэлтийг тус тус шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3, 62.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт тус тус заасантай нийцээгүй байна. /хх 116-117, 118-120, 127-128, 129-130, 152-153, 154-155/

 

4.   Нэхэмжлэлд хавсаргасан 2018 оны 06 сарын 19-ний өдрийн №000 тоот МОН-30 загварын их багтаамжийн цахилгаан автобус нийлүүлэх, туршилт хийх гэрээ-ний удиртгал хэсэгт Нэг талаас З , нөгөө талаас Ү дараах зүйлийг харилцан тохиролцож 2018 оны 06 сарын ...-ний өдөр энэхүү гэрээг байгуулав гэж бичсэн, мөн уг гэрээний Батлав хэсэгт Ү ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан гээд холбогдох тамга дарагдсан, гарын үсэг зурагдсан байна. /хх 21-22/

 

Иймд нэхэмжлэгч нь гэрээний нэг тал болох Ү ТББ бус харин М ХХК-ийг хариуцагчаар тодорхойлсон үндэслэл, эдгээр хуулийн этгээдүүд гэрээний харилцаанд ямар эрх, үүрэгтэйгээр оролцсон болохыг тодруулах шаардлагатай.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулах шаардлага гаргаж байгаа тохиолдолд гэрээний үнэд шилжүүлсэн гэх 892,471,800 төгрөг Ү ТББ, эсхүл М ХХК-ийн хэний данс руу шилжигдсэн эсэхийг тодруулах нь ач холбогдолтой.

 

5.   Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан явуулж буйн хувьд шүүхийн зүгээс итгэмжлэлийн талаар тодруулж, зөвтгөх боломжийг олгох, мөн гэрээний нэг тал болох Ү ТББ-ын гэрээгээр хүлээсэн эрх, үүргийг тодруулсны үндсэн дээр иргэний хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжтой байжээ.

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх эрх хэмжээгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 14-ний өдрийн 102/ШШ2022/01380 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 05 сарын 16-ны өдөр урьдчилан төлсөн 4,620,309 төгрөгийг шүүгчийн захирамжаар хариуцагч М ХХК-д буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

 

Д.НЯМБАЗАР