Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 159/ШШ2017/0003

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, шүүгч Ж.Оюунчимэг, шүүгч Ц.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: “*******” ХХК-ний нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Засаг дарга, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга нарт холбогдох 

“Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/435 дугаартай, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 289 дугаартай захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах” тухай  шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Иргэдийн төлөөлөгч:                                               *******

Нэхэмжлэгч:                                                             *******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:                                     *******

Хариуцагчийн төлөөлөгч:                                        *******

Хариуцагчийн төлөөлөгч:                                        *******

Гуравдагч этгээд:                                                     *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Ундрам нар оролцов.

Тодорхойлох нь:

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга 2007 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 59 тоот захирамж гаргаж Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг “*******” ХХК-нд 24 нэгж талбар бүхий 818 га тариалангийн газрыг 60 жилийн хугацаатай эзэмшүүлж өгсөн. Үүнээс 5 жилийн дараа газар эзэмших эрхийн гэрчилгээ солих болсон тул Ерөө сумын Засаг дарга 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 141 тоот захирамж гаргаж “*******” ХХК-ний эзэмшилд байгаа 23 нэгж талбар бүхий 813.92 га талбайн гэрчилгээг сольж олгосон.           

          Энэхүү 2007 онд анх эзэмшүүлж, 2013 онд гэрчилгээг нь сольж эзэмшүүлсэн газар дотор Ерөө сумын иргэн *******гаас хурааж авсан 94 га /2013 онд дахин хэмжилтээр 84 га болсон/ талбай орсон байна. Иргэн ******* 2001 оноос 2007 оныг хүртэл 94 га талбайг эзэмшиж байхдаа хуулинд заасан газрын төлбөр төлөөгүй, зориулалтын дагуу огт ашиглаагүй атаршуулсан учир сумын Засаг дарга Газрын тухай хуулийн 40.1.1 зүйл, 40.1.5-р зүйл, 40.1.6-р зүйлийг баримтлаж 2007 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 42 тоот захирамж гаргаж, иргэн *******гийн 94 га газар эзэмших эрхийг хүчингүй болгож өөрт нь мэдэгдсэн байна.

            Гэтэл иргэн ******* газраа хураалгаснаас хойш 8 жил 6 сарын дараа миний эзэмшиж байсан газрыг хурааж авсан гэдэг гомдлыг аймгийн Засаг дарга С.Бүрэнбатад 2015 оны 10 дугаар сард гаргасан байна. Уг нь газрын тухай хуулийн 40.3 дугаар зүйлд “эрхийн гэрчилгээ эзэмшигч этгээд... Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гаргаснаас хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж заасан байдаг. Үүнээс үзвэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан, гомдол өгөх газар нь Засаг дарга биш шүүх баймаар юм. Гэтэл аймгийн Засаг дарга иргэн *******гийн гомдлыг хүлээж аваад 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр А/435 тоот захирамж гаргаж Ерөө сумын Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 52 тоот захирамжийг хүчингүй болгож, иргэн *******гийн газар эзэмших эрхийг сэргээх үүргийг сумын Засаг дарга Б.Сэргэлэнд өгсөн байна. Сумын Засаг дарга Б.Сэргэлэн аймгийн Засаг даргын захирамжийг хүлээж аваад 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 256 тоот захирамж гаргаж “*******” ХХК-ний эзэмшилд хууль ёсоор 9 жил ашиглагдаж байгаа 94 га /2013 онд дахин хэмжилтээр 84 га болсон/ талбайг иргэн  *******д олгож ямар ч үндэслэлгүйгээр “*******” ХХК-ний эзэмших эрхийг хүчингүй болгосон байна.

            Ийм шийдвэр гаргасан тухайгаа сумын Засаг дарга Б.Сэргэлэн “*******” ХХК-ний удирдлагад огт мэдэгдээгүй. Харин иргэн ******* 2016 оны 1-р сарын 6-ны өдөр компаний захирал *******т “танай компаний эзэмшилд байгаа 84 га талбайг сумын Засаг дарга захирамж гаргаж надад эзэмшүүлж өглөө” гэдгийг хэлсэн. Компаний захирал ******* 2013 оны 1-р сарын 7-ны өдөр сумын газрын даамал Э.Ариунбаттай утсаар холбогдож лавлаад 2016 оны 1-р сарын 13-ны өдөр аймгийн Засаг дарга С.Бүрэнбатад өргөдөл өгсөн.

            Аймгийн Засаг дарга С.Бүрэнбат өргөдлийн хариу болгож 2016 оны 3-р сарын 7-ны өдөр 54 хоногийн дараа аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Отгонхүүгийн гарын үсэгтэй албан бичгээр өгсөн. Энэхүү албан бичигт манай өгсөн өргөдлийн мөрөөр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг мөрдөж тодорхой ажил явуулаагүй, гаргасан захирамжаа хамгаалсан утгатай хариу өгсөн байна.

           Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/435 тоот захирамж, үүнийг хэрэгжүүлэхээр Ерөө сумын Засаг даргын 2015 оны 11-р сарын 10-ны өдрийн 256 тоот захирамжууд нь хуулийн этгээд “*******” ХХК-ний газар эзэмших хууль ёсны эрхийг зөрчиж байгаа тул дээрх захирамжуудыг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаан дээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийнхөө 256 тоот захирамжаа хүчингүй болгосон захирамж гаргасан болохыг мэдлээ. Иймд  Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийнхөө 256 тоот захирамж хүчингүй болгох гэсэн нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзаж одоо Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/435 тоот захирамж, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 289 дугаартай захирамжуудыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

           Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 321 тоот тогтоолтой танилцаад нэхэмжлэлийнхээ үндэслэлийг одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн тодорхой зүйл заалттай холбон тодотгох нь зүйтэй болов уу гэж үзээд дор дурьдсан зүйлийг толилуулж байна.

           Маргааны эх үүсвэр болсон Ерөө сумын Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 52 тоот захирамж гарах болсон. Үндэслэл нь хууль зүйн үндэслэлтэй байна уу, үгүй юу гэдгийг нотлох хэрэгтэй байна. Засаг дарга 52 тоот захирамжаа гаргахдаа Газрын тухай хуулийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дугаар зүйлүүдийг үндэслэж гаргасан байна. Энэ нь Газрын тухай хуулийн 40.1 дүгээр зүйлээр Засаг даргад олгосон эрхээ хэрэгжүүлсэн байна. Газрын төлбөр төлөөгүй талаар Аймгийн татварын газрын дарга Отгонбаяр “******* газрын төлбөр төлж байгаагүй” гэсэн тодорхойлолт гаргаж өгсөн. Газраа зориулалтын дагуу ашиглаагүй талаар Ерөө сумын агрономич Баярсэд “******* нь 2001-2007 онд тариалангийн газар эзэмшиж байхдаа ямар нэгэн уринш болон тариалалтын мэдээ огт өгч байгаагүй гасэн баримт гаргаж өгсөн байна. Отгонбаяр, Баярсэд нарын шүүхэд ирүүлсэн баримтууд нь 52 тоот захирамж зайлшгүй гарах үндэслэл байжээ гэдгийг нотлож байна. Энэ нь захирамжинд үндэслэл болгож дурьдсан хуулийн заалттай ч тохирч байна. ******* 94 га газрыг 2001-2007 онуудад эзэмшиж байхдаа газрын төлбөрт 707538 төгрөг төсөвт төлөх байсныг төлөөгүй байна. ******* шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “би газрын төлбөрөө төлж, газраа ашглаж байсан ... тухайгаа ярьсан байдаг. Гэтэл үүнийгээ нотлох баримтыг гаргаагүй байна. Шүүхийн хавтаст хэрэг дотор *******гийн татвар төлсөн баримт гэх ямар ч тамга тэмдэг дарагдаагүй, гарын үсэг байхгүй зурвас бичиг байгаа. Энэ бичгийг нарийвчлан шалгаж үзвэл машины татвар өгсөн гэсэн үг үсэгтэй байсан. Үүгээр ******* хуурах санаатай өгсөн бололтой. Үүнийг шүүгч анзаарсан байх ёстой гэж бодож байна. Нэгэнт нотлох баримтууд байгаа учраас 52 тоот захирамж гарах болсон үндэслэл нь хууль зөрчөөгүй байна. Харин ч хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоосон байна. Энэ утгаараа 52 тоот захирамж хуулийн хүчин төгөлдөр акт мөн гэж үзэх үндэслэлтэй.

           Харин 52 тоот захирамжин дээр дарагдсан тамга цаг хугацааны хувьд хожуу дарагдсаныг ашиглаж хууль зүйн үндэслэлгүй хуурамч захирамж гэж үзэж байгаа нь сонирхол татаж байна. Тэр тамга Засаг даргын захирамжин дээр дарах ёстой тамга мөн бол захирамж хуурамч болох үндэслэл баймааргүй юм. /ЗЕХ-45.1/-д “Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт утга агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага ... өөрөө засан эрхтэй “гэсэн заалт бий. Тэгвэл тамга дараагүй байсан алдаагаа мэдэж тамга дарснаар алдаагаа зассан байна. Тамга дарснаар 52 тоот захирамжийн үндсэн зохицуулалт, утга агуулга огт өөрчлөгдөөгүй. Захиргааны акт зайлшгүй гарах хууль зүйн үндэслэлтэй байхад тэр актыг хуурамч гэж дүгнэлт гаргасан. Шинжээч болон бусад хүмүүсийн дүгнэлтэнд эргэлзэж байна. Хэрвээ 52 тоот захирамжийг хуурамч гэдэгт шүүгч итгэж байгаа бол хуулийн тодорхой заалтыг үндэслэж Эрүүгийн журмаар шалгуулж ямар зорилгоор хуурамч захирамж гаргасныг тогтоосны дараа уг асуудлыг шүүхээр хэлэлцэх нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Аймгийн Засаг даргын А/435 тоот захирамж, сумын Засаг даргын 289 тоот захирамжууд нь “*******” ХХК-ний газар эзэмших хууль ёсны эрхэнд халдаж хуулийн ямар ч үндэслэл дурьдалгүйгээр газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон нь хууль зөрчсөн үйлдэл болсон. “*******” ХХК ямар хууль зөрчсөнийг баримтаар нотолж өгмөөр байна. Одоогоор “*******” ХХК газар эзэмших үйл ажиллагаа ямар хууль зөрчсөнийг Засаг дарга болон шүүх алин ч нотлоогүй шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан. /ЗЕХ-47.1.9/ “Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй бол захиргааны тэр акт илт хууль бус байна” гэсэн хуулийн заалт байна. Мөн /ЗЕХ-47.2/ “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэж эрх зүйн үйлчлэлгүй байна” гэсэн заалт бас байна. Хуулийн эдгээр заалтуудыг үндэслэвэл дээрхи 2 захирамж эрх зүйн хувьд үйлчлэх үндэслэл байхгүй байна. Иргэн ******* Ерөө сумын Засаг даргын 52 тоот захирамж гарснаас хойш 8 жил 4 сар 16 хоног өнгөрсний дараа Аймгийн Засаг даргад өргөдөл өгсөн нь өргөдөл, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг огт харгалзаж үзээгүй мөн л хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

           Газрын тухай хуулийн 40.3 дугаар зүйлд “эрхийн гэрчилгээ эзэмшигч этгээд засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарснаас хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэсэн заалт бий. Мөн /ЗЕХ-47.3/ “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасан байна. Ерөө сумын Засаг дарга 52 тоот захирамж гаргаад *******д мэдэгдсэн гэж газрын даамал Э.Ариунбат мэдүүлэг өгсөн. ******* газраа хураалгаснаа мэдээгүй байх ямар ч үндэслэл байхгүй. Газрын тухай хуулийн 34.8 дугаар зүйлд “Газар эзэмшүүлэх гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гээд заачихсан байгаа. Энэ заалтыг үндэслэж жил бүр гэрээний биелэлтийг гаргадаг.

           Ер нь *******д газар эзэмшихтэй холбоотой байх ёстой бичиг баримтууд байж уу гэдгийг үзэх шаардлага байна. Гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг, газарт хэмжилт хийлгэж хүлээн авсан акт зэрэг баримтууд бүрэн байж газар эзэмших эрх хүчин төгөлдөр байх ёстой.

           ******* үүргээ биелүүлээгүй учраас газраа хураалгасан гэдгийг хүлээн зөвшөөрч байсан учраас энэ олон жил таг чимээгүй явсан гэдэг нь ойлгомжтой. Харин 52 тоот захирамж дээр тамга цаг хугацааны хувьд хожуу дарагдсаныг олж мэдээд үүгээр далимдуулж Улсын Их Хурлын сонгууль угтсан эгзэгтэй үеийг тааруулж Улсын Их Хуралд нэр дэвшихээр зэхэж байсан Аймгийн засаг дарга С.Бүрэнбатад өргөдөл өгч хууль зөрчсөн үйлдлээ хүчингүй болгуулж, хууль зөрчсөн хууль бус захирамж гаргуулсан нь тодорхой болж байна.

           Ерөө сумын засаг даргын 52 тоот захирамжтай холбоотой өргөдөл гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа аль эрт 8 жилийн өмнө дуусчихаад байхад хуулийн тодорхой заалтуудыг харгалзахгүйгээр зөвхөн нэг талыг барьсан шийдвэрүүд ар араасаа гарч байгааг нэг л ойлгохгүй байна.

           Харин хяналтын шатны шүүх энэ хэргийн материалыг нухацтай хянаж үзээд шийдвэр магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцаасанд нэхэмжлэгч тал талархаж байна. Хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолд дурьдсан буцаах болсон үндэслэлүүдийг хуульд нийцүүлж хөдлөшгүй баримтаар нотлох шийдвэр гаргана гэдэгт итгэж байна. Харин анхан шатны шүүх хуралдааныг даргалж явуулсан шүүх бүрэлдэхүүн энэ удаагийн шүүх хуралдаанд оролцохгүй байх гэдэгт найдаж байна.

           Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: 1.*******гийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2001 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 128 дугаар захирамжаар олгосон 170400204 дугаартай 94 га газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болсныг тогтоож, хүчингүй болгуулах тухай шинэ эрх зүйн акт гаргахыг Ерөө сумын Засаг даргад даалгуулахш, мөн “*******” ХХК-ний 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 141 дүгээр захирамжаар олгосон 813.92 га газартай давхцуулан олгосон Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/435 дугаар захирамж, Ерөө сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны 256 дугаар захирамж, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 289 дүгээр захирамжуудыг хүчингүй болгуулах тухай ******* нь анх Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2001 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 128 дугаар захирамжаар 170400204 дугаартай 94 га газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан байдаг. Гэтэл 1995 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн өмчийн газрыг энэ хуульд заасан хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр эзэмшүүлнэ”, тус хуулийн 28.2-т “Хот тосгон, бусад сууринд оршин суугч иргэнд хувийн гэр, орон сууцны хашааны газраас гадна гэр бүлийнх нь хэрэгцээнд зориулан хүнсний ногоо, жимс жимсгэнэ, тэжээлийн ургамал тарих зориулалтаар газар эзэмшүүлж болно. Уг газрын хэмжээ 0,1 га-гаас илүүгүй байна.” тухайн үед иргэнд 0.1 га-гаас илүүгүй эзэмшүүлдэг байсан байхад ******* нь 94 га газрыг иргэний хувьд эзэмшсэн хууль зөрчиж олгогдсон байдаг. Мөн газар эзэмших гэрчилгээ нь гэрээ байгуулсны үндсэн дээр олгогддог гэтэл газар эзэмшүүлэх гэрээ нь байдаггүй.

           2.*******гийн 2001 оны 128 дугаар захирамжаар олж авсан 94 га газрын эзэмших эрх 2007 онд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмшх эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” 40.1.5 “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” 40.1.6 “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасны дагуу хэргийн материалд дээрх заалтуудыг нотлох баримтууд хангалттай байх тул Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2001 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 128 дугаар захирамжаар олгосон 170400204 дугаартай 94 га газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болсныг тогтоож, хүчингүй болгуулах тухай шинэ эрх зүйн акт гаргахыг Ерөө сумын Засаг даргад даалгуулах,

           3.“*******” ХХК-ний 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 141 дүгээр захирамжаар олгосон “...23 нэгж талбар шинэчлэгдсэн кадастрын зургаар 813.92 га газрыг үр тариа тарих зориулалтаар 55 жилийн хугацаагаар” эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн уг шийдвэр хүчин төгөлдөр байхад Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны А/435, Ерөө сумын Засаг даргын 2015 оны 256, 289 дугаар захирамжуудаар газар давхцуулан олгосон байх тул тус захирамжуудыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

          Хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн Гэрэлт хайлааст хэсэгт оршин суух “*******” ХХК-ний нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/435 дугаартай захирамжийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж аваад дараах хариу тайлбар, хүсэлтийг гаргаж байна. Үүнд:

            1.Ерөө сумын иргэн ******* нь 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр аймгийн Засаг дарга миний нэр дээр хуурамч захирамжийг хүчингүй болгуулж гэрчилгээгээ шинэчлүүлэх тухай өргөдөл ирүүлсэн. Уг өргөдлийг 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 3аулын хэсэг байгуулах тухай” А/366 тоот захирамжаар Хууль зүйн хэлтсийн дарга Ч.Даваадорж, ГХБХБГ-ын Удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнхсоёл, Архивын тасгийн дарга,архив албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч З.Хишигжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр томилон ажиллуулж шалгуулсан. Уг ажлын хэсгийн шалгалтын дүн, архив албан хэрэг хөтлөлтийн Улсын байцаагчийн дүгнэлтийн дагуу архивын сан хөмрөгт хуурамчаар нөхөн бүрдүүлж авсан Ерөө сумын Засаг даргын 2007 оны 52 тоот захирамжийг аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/435 дугаар захирамжаар хүчингүй болгон шийдвэрлэж, Ерөө сумын Засаг даргад Архивын тасгийн улсын байцаагчийн 2015 оны 08 тоот дүгнэлтийг хүргүүлсэн болно

          2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3-т заасны дагуу аймгийн Засаг даргын А/366 дугаар захирамжаар ажлын хэсэгт орж ажилласан  Ч.Даваадорж, З.Хишигжаргал, Б.Мөнхсоёл нар болон тухайн үеийн сумын Засаг даргаар ажиллаж байсан С.Ганболд, сумын газрын даамал Э.Ариунбат, нарийн бичгийн дарга Ариунзаяа, сумын агрономич Я.Базарсэд нарыг шүүх хуралд гэрчээр оролцуулж гэрчээс мэдүүлэг авахуулах, Ерөө сумын Засаг даргын 2007 оны 52 тоот захирамжийг хуурамч эсэхийг тогтоох мэргэжлийн шинжээч томилуулах хүсэлтийг тус тус гаргаж байна гэжээ.

            Хариуцагч Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус сумын “*******” ХХК-ний нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

           1.Тус сумын иргэн ******* нь өөрийнхөө эзэмшиж байсан 94 га газраа хураагдсаныг мэдэж байсан бөгөөд 2015 оны 04 дүгээр сарын 27-нд давуу эрхээр 100 га тариалангийн газар эзэмшихийг хүссэнийг иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлсэн боловч тухайн газрыг нь олгох боломжгүй гээд дэмжээгүй. Иргэн ******* нь ашиглах боломжтой тариалангийн талбайгаас авах хүсэлт гарган 2 нэгж талбар бүхий 40,98 га газрыг сумын Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 182 тоот захирамжаар эзэмшиж гэрээ гэрчилгээгээ авсан. Үүний дараа дахин хуучин эзэмшиж байсан 94 га талбайгаа буцааж авна гэж өргөдөл гаргахад боломжгүй гэдгийг хариу бичгээр өгч өргөдлийг буцаасан.

           2.Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/435 тоот захирамжийг хэрэгжүүлж иргэн *******гийн газар эзэмших эрхийг 2015 оны 11 дүгээр сарын 10-ны 256 тоот захирамжаар сэргээсэн. Ингэхдээ уг захирамжинд газар эзэмших хугацааг 15 жилээр сэргээснийг иргэн ******* нь хүлээн зөвшөөрөөгүй анх 60 жилийн хугацаагаар эзэмшсэн тиймээс газар эзэмших хугацааг 60 жил болгож өгөхийг хүсч амаар гомдол гаргасныг үндэслэн хугацааг нь өөрчилж 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 256 тоот захирамжийг хүчингүй болгож дахин захирамж гарах шаардлага гарсан тул “*******” ХХК-нд мэдэгдээгүй 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 289 тоот захирамжаар иргэн *******гийн газар эзэмших эрхийг сэргээж газар эзэмших хугацааг 46 жил болгон өөрчилөн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 256 тоот захирамжийг хүчингүйд тооцсон болно гэжээ.

            Гуравдагч этгээд  *******  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* нь буруу га талбай өгсөн Э.Ариунбаттайгаа заргалдана уу гэхээс надтай юм уу Засаг даргын захирамжтай заргалдах нь хууль зүйд нийцэхгүй байна. 2007 онд миний хүү амьд байсан 2008 оны 5 дугаар сард нас барсан тул эзэнгүй пойлыг далимдуулж өөрийн болгож авах зорилгоор газрын албаны дарга Э.Ариунбаттай хуйвалдан хууль бус үйл ажиллагааг явуулж байна. Би 2003, 2005 онд тариа тарьсан 2006 онд хагас уриншлаад нас барсан хүү болох Б.Баярсайхан нь өөрийн 94 га газартаа тариа тарьж бай гэж П.Ганзоригтой тохиролцсон байсан. Үүнээс хойш П.Ганзоригийг тарьж байгаа гэж бодож өдий хүрсэн. Гэтэл “*******” ХХК-д байгаа гэж 2013 онд Э.Ариунбат хэлж намайг өөр газар ав гэсэн боловч уг газраа өгөөгүй өгсөн заасан газар нь сэтгэлд таараагүй. Ийм учраас би хуучин газраа авах гэж хөөцөлдөн сумын Засаг даргад 4 удаа өргөдөл өгсөн дараа нь Газрын албанд өгсөн дараа нь аймгийн Засаг даргад хуулийн дагуу өгсөн. Аймгийн Засаг дарга 5 хүний бүрэлдэхүүнтэй явж шалгаж надад хариуг өгсөн тул би газраа шинээр гэрчилгээ кадастр захирамж гаргуулж авсан нь үнэн. Гэтэл Э.Ариунбат миний шийдвэр зөв гэсэн бол аймгийн Засаг даргад юм уу шүүхэд давах ёстой байтал хөндлөнгөөс хүний газрыг хүнтэй хуйвалдаж дээрэмдэж авчихаад намайг хууль бус ажилласан гэж байгаад гомдолтой байна.

            Монгол Улсын 2002 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Газрын тухай хуулийн 27-д заасан 40.1.1, 40.1.5, 40.1.6-р зүйлийг зөрчөөгүй. Харин уг хуулийн 38, 39, 40, 41 дүгээр хуулиудын зүйл ангиудыг бүгдийг зөрчсөөр байтал аймгийн Засаг дарга ба сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах гээд байгаа нь ямар учиртай юм бэ. Хуулийн байгууллага тунгаана бизээ. Харин ч бүр эрүүгийн хуулийн 147, 148, 149, 150 дугаар зүйлүүдийг зөрчиж байгаа албан хаагч нь төрийн албанд ажиллаж байгаа нь олон ард иргэдийг гомдоож байгаа баримтууд олон байгаа. Ард түмэн маш ихээр гомдож бухимдацгааж байна.

Хууль бусаар миний газрыг өөрийн хэлсэнээр 9 жил шахам эдэлж хэрэглэсний түрээсний мөнгийг нөхөр *******аас гаргуулж өгнө үү. Түрээсийн үнийг тогтоолгохоор сумын комисст өгсөн тул үнэлгээг гаргуулж мөнгөн дүнг өгнө. Бусад тайлбаруудыг баримтаар хавсаргасан тул товч бичлээ. Иймд хуулийн байгууллагаас хүсэх нь баримтууд дээр үндэслэж асуудлыг зөв шийдэж өгнө үү гэжээ.

            Гуравдагч этгээд ******* нэмж тайлбар гаргахдаа: “*******” ХХК-иас *******ын өргөдөл нэхэмжлэл хуулийн ямар ч үндэслэлгүй мөн ямар нэгэн нотлох баримтгүйгээр намайг ийм олон сар жил гаруй хугацаанд гүтгэн миний эзэмшлийн газрыг ашиглуулсангүй.

            2007 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 56 тоот захирамж нь ******* миний 289 тоот захирамжинд ямар ч хамаагүй. 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 256 тоот захирамж нь хүчингүй болчихсон баримт би зөвхөн 94 га газрыг надад гэрчилгээ сольж өгнө үү гэж сум болон аймгийн газрын албанд хандаад ядаж цөхрөөд, хуулийн дагуу аймгийн Засаг даргад хандсан. Иймд аймгийн Засаг дарга болон сумын Засаг дарга нарын шийдвэр гаргасан. 2007 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 52 тоот захирамж нь хуурамч гэдгийгээ өөрийн биеэр нотолсон энэ баримтыг 2007 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авангуутаа Тамгын газрын дарга дээр орж нотариатаар батлуулж бас өнгөтөөр нь Э.Ариунбатын өрөөнөөс 2007 оны мимериалын баримт хуулбарлуулж аваад зохих байгууллагуудад нь хандсан.

            Эзэмшилт газрынхаа гэрчилгээг сунгуулж 289 тоот захирамжаар гэрээ болон кадастрын авсан. Гэтэл энэ олон жил сар хөгшин өнчин надыг газраа ашиглахад минь саад болж байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь зөрчсөн тухай газрын даамал, сумын Засаг дарга нар нь хуулийн ёсны дагуу мэдэгдэл шаардлагаа өгөөгүй. Уг шаардлагыг хүлээж авсны дараа би шаардлагыг биелүүлээгүй бол 90 хоногийн дараа захирамж гарган хураах ёстой байдаг. Би хуулийг *******, ******* нараас илүү мэдэх юм байна.

            ******* нь мөнгөний төлөө хэт улайрч иргэн надыг хэт их хохироож байна. Энэ талаар зохих байгууллагуудад нь хандаж хохирлоо гаргуулна. ******* нь хуулийг нэг ч нотлох баримтгүйгээр миний эзэмшилдэх 94 га газрыг дээрэмдэх гээд байгааг учрыг нь олохгүй байна. Энэ татвар төлөгдөөгүй гэдгийг Татварын алба тогтоосон баримт тогтоодоогүй төлж байсан нэг ч жил өнжүүлээгүй тариа  тарисаныг сумын агрономич Я.Баярсэд болон сумын иргэд гэрчилнэ. ******* нь энэ мэтчилэн олон хүний газрыг авсан талаарх жишээ байна. Жишээ нь Бадамгаравын 54 га, Б.Мэндээгийн 720 га, Хөдөлмөрийн баатар Алтангэрэлийн 33 га гэх мэтчилэн алдсан байдаг. Миний талбай 2001 оны 12 дугаар сарын 25-ны 128 тоот захирамжаар 26-ын 94 га гэж захирамж нь гарч гэрчилгээтэй. Гэтэл одоо 365-ын 84 га гэсэн кодтой болсон байна. Гэвч би өөрийн талбайгаа мэдэж байгаа учир хөөцөлдөөгүй, *******т ямар ч нотлох баримт байхгүй олохгүй ч үгүй байх.

            *******ын эзэмшилд байгаа газрууд нь миний эзэмшилд байгаа газарт ямар ч хамаагүй? Би 154 тоот захирамж гарсантай холбоотой утсаар хэлсэн юм аа. Энэ захирамж нь 2015 оны 12 дугаар сарын 16-нд 286 тоотоор хүчингүй болсны дараагаар 50 гаруй хоногийн дараа ийм муухай зүйл хийж хуульчид болон хувь хүмүүсийг хохироож байгаа? бас шүүгчийг, Сэлэнгэ аймгийн Татварын газрын дарга Отгонбаяр, аймгийн Засаг дарга С.Бүрэнбат нар авлига өгч нэг талд шийдвэр гаргуулж үздэг гэж хэлж бичиж яваа.

            Өөрөө болон үр хүүхдүүд нь баян мөнгө төгрөгтэй болохоороо бусдыг авлига өгч өөрийн талд шийдвэр гаргадаг аргаа ******* нь өөрийгөө нотолж байна. Ерөө сумын газрын даамал Э.Ариунбат нь 2007 оны 52 тоот захирамжийг 2015 оны 05 дугаар сард хуурамчаар гаргаж иргэн *******д өгснөө шүүх дээр нотолсоор байтал ******* нь энэ захирамжийг хүчинтэй мэтээр ойлгож миний эзэмшлийн 94 га газрыг Э.Ариунбаттай хувилдаж өөрийн мэтээр заргалдаж яваа нь иргэн надыг олон жилээр хохироож байна. 1.94 га газар “*******” ХХК-д ямар ч хамааралгүй. ******* нь өөрийн гэх ямар ч нотлох баримтгүй гэдэг нь хавтас хэрэгт нотлогдсоор байгааш. Иймд хуулийн байгууллага хянан үзэж үнэн зөвөөр хуулийн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Үндэслэх нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/435 дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамж, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 256 дугаартай “Газар эзэмших эрхийг сэргээх тухай” захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/435 дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамж, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 289 дугаартай “Газар эзэмших эрхийг сэргээх тухай” захирамжийг тус тус хүчингүй болгуулах, шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, *******гийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2001 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 128 дугаар захирамжаар олгосон 170400204 дугаартай 94 га газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болсныг тогтоож, хүчингүй болгуулах тухай шинэ эрх зүйн акт гаргахыг Ерөө сумын Засаг даргад даалгуулах, мөн “*******” ХХК-ний 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 141 дүгээр захирамжаар олгосон 813.92 га газартай давхцуулан олгосон Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/435 дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамж, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 256 дугаартай “Газар эзэмших эрхийг сэргээх тухай” захирамж 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 289 дугаартай “Газар эзэмших эрх сэргээх тухай” захирамжийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Маргаан бүхий 94 га газрын талаар гарсан захирамжуудын талаар

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2001 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 128 дугаартай “Тариалангийн талбай дахин хуваарилах тухай” захирамжаар Ерөө гол ББН-н эзэмшиж байсан 94 га газрыг *******д эзэмшүүлэхээр 170400204 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 52 дугаартай “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” Ерөө сумын иргэн *******гийн 94 га газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2007 оны 05 дүгээр сарын 07-ны өдрийн 59 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар иргэн *******гийн эзэмшиж байсан 94 га газрыг оролцуулан нийт 818 га газрыг “*******” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2013 оны 05 дүгээр сарын 06-ны өдрийн 141 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгох тухай” захирамжаар шинэчлэгдсэн кадастрын зураглал хийгдсэн 813.92 га газрыг “*******” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэж гэрчилгээ олгож, гэрээ байгуулжээ.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/435 дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжаар *******гийн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Аймгийн Засаг даргад гаргасан өргөдлийн дагуу Ерөө сумын Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 52 дугаартай “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгожээ.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 256 дугаартай “Газар эзэмших эрхийг сэргээх тухай” захирамжаар маргаан бүхий газраас кадастрын шинэчлэгдсэн зургаар баталгаажсан 84.36 га газрыг Ерөө сумын иргэн *******д 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, захирамжийн 5 дахь заалтаараа Ерөө сумын Засаг даргын 2013 оны 05 дүгээр сарын 06-ны өдрийн 141 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгох тухай” захирамжийн хавсралтын 18-д маргаан бүхий газрыг “*******” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг хүчингүйд тооцжээ.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 289 дугаартай “Газар эзэмших эрхийг сэргээх тухай” захирамжаар маргаан бүхий 84.36 га газрыг Ерөө сумын иргэн *******д 46 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, захирамжийн 5 дахь заалтаараа Ерөө сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 256 дугаартай “Газар эзэмших эрхийг сэргээх тухай” захирамжийг хүчингүйд тооцжээ.

Эдгээр захирамжуудын үр дүнд уг маргаан бүхий газрыг иргэн *******д олгосон Ерөө сумын Засаг даргын 128 дугаартай захирамж, 2015 оны 289 дугаартай захирамж, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны А/435 дугаартай захирамж, “*******” ХХК-д газар эзэмших эрх олгосон Ерөө сумын Засаг даргын 2007 оны 59 дугаартай захирамж, 2013 оны 141 дугаартай захирамжууд хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын талаар

Нэхэмжлэгчийн *******гийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2001 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 128 дугаар захирамжаар олгосон 170400204 дугаартай 94 га газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болсныг тогтоож, хүчингүй болгуулах тухай шинэ эрх зүйн акт гаргахыг Ерөө сумын Засаг даргад даалгуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хангах боломжгүй байна.  Учир нь:

Анх иргэн *******д Ерөө сумын Засаг даргын 2001 оны 128 дугаартай захирамжаар олгосон 94 га газар эзэмших эрхийг хүчингүйд тооцсон тус сумын Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 52 дугаартай захирамжийг хууль бус гэж үзэж хүчингүй болгосон. Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны А/435 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага хүчинтэй хэвээрээ байх тул нэхэмжлэгчийн ... 170400204 дугаартай 94 га газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болсныг тогтоож, хүчингүй болгуулах тухай шинэ эрх зүйн акт гаргахыг Ерөө сумын Засаг даргад даалгуулах тухай нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага нь ойлгомжгүй, ач холбогдолгүй байна. Өөрөөр хэлбэл иргэн *******гийн 94 га газар эзэмших эрхийг хүчингүй болгосон 52 дугаартай захирамж гарсан бөгөөд уг захирамж нь маргааны зүйлийн нэг хэсэг тул  ... хүчингүй болсныг тогтоох, хүчингүй болгуулах тухай шинэ эрх зүйн акт гаргахыг даалгах шаардлагагүй байна.

Мөн 2007 оны 59 дугаартай захирамжаар “*******” ХХК-д маргаан бүхий газрыг эзэмшүүлэх шийдвэр гарахаас өмнө иргэн *******д 128 дугаартай захирамжаар уг маргаан бүхий 94 га газрыг эзэмшүүлэх эрх олгосон шийдвэр нь “*******” ХХК-ний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй бөгөөд уг шийдвэр хууль зөрчсөн эсэх талаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй харин нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг эзэмших эрх үүссэнээс хойш зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар хуульд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны А/435

дугаартай захирамжийн талаар

Ерөө сумын иргэн *******гийн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Хуурамч захирамжийг хүчингүй болгуулж гэрчилгээгээ шинэчлүүлэх тухай”  өргөдлийн дагуу шалгасан ажлын хэсгийн шалгалтын дүн улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн Ерөө сумын Засаг даргын 2007 оны 52 дугаартай захирамжийг архивын сан хөмрөгт хуурамчаар нөхөн бүрдүүлж авсан нь нотлогдсон үндэслэлээр хүчингүй болгожээ.

Иргэн *******гийн Сэлэнгэ аймгийн Засаг даргад гаргасан өргөдлийн агуулга нь хуурамч захирамж гарсан тул хүчингүй болгуулах тухай өргөдөл бөгөөд уг өргөдлийн дагуу Ерөө суманд очиж ажилласан ажлын хэсэг 52 дугаартай захирамжийг архивын сан хөмрөгт хуурамчаар нөхөн бүрдүүлж авсан нь нотлогдсон өөрөөр хэлбэл хууль зөрчсөн гэж дүгнэсэн байхад Сэлэнгэ аймгийн Засаг дарга Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасан хуульд нийцээгүй үндэслэлээр хүчингүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд дээрх хууль зөрчсөн төрийн албан хаагчийн үйлдлийг нотолсон баримтыг иргэний өргөдлийн хамт харъяалах хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулж уг захирамжийг хуурамчаар бүрдүүлсэн эсэхийг тогтоосны эцэст хуульд нийцүүлэн шийдвэрлэх нь зүйд нийцнэ.

Гуравдагч этгээд ******* нь өөрийн эзэмшлийн 94 га газрыг эзэмших эрхийг хүчингүй болгосон 52 дугаартай захирамжийн үндэслэл болсон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг үгүйсгэж Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.2-т зааснаар газар эзэмших ашиглах талаар Ерөө сумын Засаг даргатай үүссэн маргааны талаар Сэлэнгэ аймгийн Засаг даргад гомдол гаргаж байгаагүй бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдсан байна.

Мөн гуравдагч этгээд ******* нь 52 дугаартай захирамжаар 94 га газар эзэмших эрх нь хүчингүй болсныг 2012 онд мэдсэн тухайгаа Сэлэнгэ аймгийн Засаг дарга болон Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт тус тус гаргасан өргөдөлдөө ... 2012 онд газрын даамал болох Э.Ариунбатад гэрчилгээгээ солиулъя гэсэн хүсэлт тавихад Э.Ариунбат надад танай газрыг “*******” ХХК-д эзэмшүүлж байгаа тул намайг өөр газар ав гээд гэрчилгээг маань шинэчилж өгөөгүй ... тухай дурьдсан байхад Сэлэнгэ аймгийн Засаг дарга 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана” гэж заасныг зөрчиж дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гомдлыг хүлээн авч шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга А/435 дугаартай захирамжаар Ерөө сумын Засаг даргын 52 дугаартай захирамжийг хүчингүй болгохдоо захирамжийн агуулга, хууль зүйн үндэслэлийн талаар  шалгаж тогтоогоогүй  зөвхөн хуурамчаар бүрдүүлсэн гэх  үндэслэлээр хүчингүй болгосон, өөрөөр хэлбэл уг 52 дугаартай захирамж зайлшгүй гарах хууль зүйн үндэслэл байсан эсэх, иргэн ******* нь 94 га газраа эзэмших явцдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан газрын төлбөрөө төлөөгүй болон, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй зөрчил гаргасан эсэхийг шалгаагүй байна.

 Хэрэгт цугларсан Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас ирүүлсэн баримт, Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсээс ирүүлсэн лавлагаа, гэрч нарын мэдүүлгээр ******* нь 2001 оноос хойш газрын төлбөрөө төлж байгаагүй, 2001-2007 оны хооронд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй зэрэг нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг зөрчсөн болох нь тогтоогддог бөгөөд үүнээс үзэхэд  Ерөө сумын Засаг даргын 2007 оны 52 дугаартай захирамж зайлшгүй гарах хууль зүйн шаардлага байсан нь харагдаж байна.

Ерөө сумын Засаг даргын 256, 289 дугаартай захирамжуудын талаар

Ерөө сумын Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 59 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамж, 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 141 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгох тухай” захирамжуудаар “*******” ХХК-д иргэн *******гийн эзэмшиж байсан гэх 84.36 га газрыг эзэмшүүлж гэрчилгээ олгосон шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байхад Ерөө сумын Засаг дарга 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 256 дугаартай “Газар эзэмших эрхийг сэргээх тухай” захирамжаар уг 84.36 га газрыг иргэн *******д 15 жилийн хугацаагаар, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 289 дугаартай “Газар эзэмших эрхийг сэргээх тухай” захирамжаар маргаан бүхий 84.36 га газрыг иргэн *******д 46 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан ... хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэснийг зөрчиж, “*******” ХХК-ний хүчин төгөлдөр эзэмшлийн газрыг иргэн *******д эзэмшүүлэхдээ давхардуулан олгожээ. 

Уг захирамжууд нь утга агуулгын илэрхий алдаатай /газар эзэмших эрх сэргээх г.м/ Газрын тухай хуулийн зүйл, заалтыг баримтлаагүй, газар эзэмшихэд тавигдах шаардлагыг хангаагүй, газар эзэмших эрх олгох болсон үндэслэлийг заагаагүй зэрэг захиргааны акт хууль ёсны болон үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 39 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэх хэсэгт:

1.Шинжлэгдэж буй “2007 оны 04 дүгээр сарын 17 өдөр, Дугаар 52, “Тавин”, “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийн баруун зах ирмэгээс 70 мм, доод зах ирмэгээс 92 мм зайд, “ЗАСАГ ДАРГА”, “С.ГАНБОЛД” гэсний гол хэсэгт үл уншигдах гарын үсгийн зураглал дээр дарагдсан тамганы дардас” нь 2007 оны 04 дүгээр сард болон 2007 оны 12 дугаар сард дарагдаж үүсгэгдсэн тамганы дардас биш байна.

2.Шинжлэгдэж буй тамганы дардас нь 2007 оны 12 дугаар сараас хойш цаг хугацаанд үүсгэгдэж дарагдсан тамганы дардас байна гэж дүгнэсэн нь тухайн захирамжийг хуурамчаар бүрдүүлсэнийг нотлохгүй зөвхөн цаг хугацааны хувьд тухайн тамгыг 2007 оны 12 дугаар сараас хойш дарагдсан гэдгийг нотолж байна. Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлтээр уг 52 дугаартай захирамжийг хуурамчаар бүрдүүлсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Иймд дээрх захирамжуудыг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйл, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 60 дугаар зүйлийн 60.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын түүний удирлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасныг тус тус баримтлан Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/435 дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамж, Ерөө сумын засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 256 дугаартай “Газар эзэмших эрхийг сэргээх тухай” захирамж, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 289 дугаартай захирамжууд нь хууль бус захиргааны акт байх тул хүчингүй болгож, нэхэмжлэгчийн Ерөө сумын Засаг даргын 2001 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 128 дугаар захирамжаар олгосон 170400204 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болсныг тогтоож, хүчингүй болгуулах тухай шинэ эрх зүйн акт гаргахыг Ерөө сумын Засаг даргад даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хэмжээтэйгээр 35100 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсэгт тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах болохыг дурьдсугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдусгай.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Л.ОДБААТАР

                        ШҮҮГЧИД                                          Ж.ОЮУНЧИМЭГ

                                                                                Ц.БАЙГАЛМАА