Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2017/00470

 

Ц.Туяацэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2016/01096 дугаар шийдвэр,           

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 252 дугаар магадлалтай,

Ц.Туяацэцэгийн нэхэмжлэлтэй,

Б.Баясгаланд холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 30.750.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Очирвааны гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэндсүрэн, хариуцагч, түүний өмгөөлөгч Б.Баясгалан, Д.Очирваань, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Туяацэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Баясгалан нь надаас 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 30.000.000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлж, 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төлөхөөр тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Би зээлүүлсэн 30.000.000 төгрөгөө Б.Баясгалангийн 5001041315 дугаарын Хас банкны дансанд шилжүүлсэн. Зээлдэгч Б.Баясгалан нь хугацаандаа зээлсэн мөнгийг эргүүлэн төлөх үүрэг хүлээсэн боловч өнөөг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд удаа дараа холбоо барин гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан боловч ямар нэгэн хариу өгөхгүй, удаа дараа шаардуулсаар өнөөдрийг хүрч байна. Иймд үндсэн зээл 30.000.000 төгрөг, зээлийн хүү 750.000 төгрөг, алданги 15.000.000 төгрөг, нийт 45.750.000 төгрөг төлөх ёстойгоос 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 15.000.000 хасаж үлдэх 30.750.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Баясгалан шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан зээлийн гэрээ, тус гэрээний дагуу мөнгө зээлдүүлсэн зэрэг нь бодит байдал дээрээ үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн хэлцэл юм. Би Ц.Туяацэцэг, түүний нөхөр нараас мөнгө зээлээгүй, дээрх хүмүүс нь худалдан авах ажиллагааны газраас барилга нураалтын ажил 30.000.000 төгрөг өгсөн бөгөөд мөнгө өгснөө нотлох зорилгоор зээлийн гэрээг хийсэн. А.Урансайхан гэгч тухайн ажлыг гаргаж өгнө гээд мөнгийг нь авсан ба ажил  гарч ирэхгүй байсан тул Ц.Туяацэцэг, Ц.Батмөнх нар нь А.Урансайхантай уулзаж учир байдлаа ярилцсан. Ц.Туяацэцэг, Ц.Батмөнх нарт миний бие 15.000.000 төгрөгийг буцааж өгсөн, иргэн надтай тооцоо дууссан тухайгаа бичгээр үйлдэж өгсөн зэрэг нь баримтаар нотлогдоно. А.Урансайхан нь иргэдэд худалдан авах ажиллагааны газраас ажил гаргаж өгнө гээд мөнгийг нь авч залилан мэхэлсэн хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа юм. Миний бие өөрийн ээж, ах нарын хамт дээрх этгээдэд залилуулж хохирсон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Баясгалан шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Ц.Туяацэцэг болон Б.Баясгалан бидний хооронд хийгдсэн Зээлийн гэрээ нь тухайн гэрээг байгуулах хүсэл зориг байхгүйгээр өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн гэрээ юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч болон түүний нөхөр Ц.Батмөнх нь “худалдан авах ажиллагааны газраас барилга нураалтын ажлыг авмаар байна ажил байна уу” гэхээр нь миний бие Ц.Батмөнх, Ц.Туяацэцэг нарыг А.Урансайхантай холбож өгснөөр 30.000.000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн. Миний хувьд 30.000.000 төгрөг хүүтэй зээлэх, зээлдүүлэгчийн тухайд мөнгө хүүлэх хүсэл зорилгогүй зөвхөн зуучлалын гэрээг халхавчлахын тулд хийгдсэн хэлцэл. Миний бие нэхэмжлэгч болон түүний нөхөрт ажил олж өгөхөөр зуучилсан тул зуучлалын хөлсөнд 15.000.000 төгрөгийг зуучлуулагч нараас авсан. Үлдэх хэсгийг А.Урансайхан нь нэхэмжлэгч болон Ц.Батмөнх нарт нураалтын ажил олж өгөхөөр авсан төлбөр байдаг. Үүнийг ч нэхэмжлэгч Ц.Туяацэцэг болон түүний нөхөр Ц.Батмөнх нар нь тухайн үед ойлгож мэдэж байсан. Анх гэрээ байгуулахаас өмнө Ц.Туяацэцэг, Ц.Батмөнх нар нь А.Урансайхантай уулзаж барилгын нураалтын ажил авахаар ярилцаж байсан бөгөөд тус ажлын мөнгийг миний дансаар дамжуулан шилжүүлсэн тул түүнийгээ үйлдлээ баталгаажуулах зорилгоор тус зээлийн гэрээг надтай байгуулсан болно. А.Урансайханы олж өгөх нураалтын ажил бүтээгүй тул эдгээр хүмүүс хэлцэл байгуулах болсон шалтгаан нөхцлийг нууж намайг мөнгө зээлэх гэсэн хүсэл зорилготой байсан мэтээр тайлбарлаж буй нь үндэслэлгүй байна. Иймд 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Ц.Туяацэцэг болон Б.Баясгалан бид нарын хооронд хийгдсэн зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Туяацэцэг сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Б.Баясгалантай байгуулсан зээлийн гэрээ нь ямар нэгэн хэлцэл, гэрээг халхавчлах зорилгоор хийгдээгүй, сайн дурын үндсэн дээр хийгдсэн хүчин төгөлдөр зээлийн гэрээ юм. Зээлдэгч, зээлдүүлэгчийн хүсэл зоригийн дагуу байгуулсан ба 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Б.Баясгалангийн Хас  банкин  дахь 5001041315 дугаартай дансанд бэлнээр 30.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Харин Б.Баясгалан нь зээлсэн мөнгөө өгч чадахгүй болохоороо манай төрсөн эгч, эсвэл манай ээжийн дүү худалдан авах ажиллагааны газар ажилладаг н.Сайханаа гэдэг эгч бий, би танд барилга нураалтын ажил олж өгч чадна гэж гуйж, мөн санал тавьсан байдаг юм. Худалдан авах ажиллагааны газраас зарласан 300.000.000 төгрөгийн өртөгтэй барилга нураалтын ажил гэдэг бол Б.Баясгалан зээлээ төлөхгүй нь тулд санаанаасаа зохиосон худал, мөн нотлогдохгүй зүйл бөгөөд эхлээд зээлийн гэрээ хийгдэж, харин дараа нь “Танд би эгчээрээ дамжуулан ажил олж өгөх үү” гэсэн авсан зээлээ төлөх арга, гарц юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2016/01096 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Б.Баясгалангаас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд үндсэн зээл 15.000.000 төгрөг, хүү 750.000 төгрөг, алданги 7.875.000 төгрөг, нийт 23.625.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Туяацэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7.125.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасныг баримтлан хариуцагч Б.Баясгалангийн Ц.Туяацэцэгт холбогдуулан 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 05/21 тоот гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч Ц.Туяацэцэгийн 314.700 төгрөг, хариуцагч Б.Баясгалангийн 308.000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баясгалангаас улсын тэмдэгтийн хураамжид 276.075 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Туяацэцэгт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дугаар сарын 23-ний өдрийн 252 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2016/01096 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276.100 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Очирваань хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2016 оны 182/ШШ2016/01096 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 252 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Ц.Туяацэцэг нь нөхөр Батмөнхийн хамт 2014 оны 05 дугаар сарын 19-ны орой Ганбатаар зуучлуулан хариуцагч Б.Баясгалантай уулзаж барилга нураалтын ажлын тендерт оролцох хүсэлтэй илэрхийлж энэ талаарх мэдээллийг Урансайханаас авсан байдаг. Улмаар нэхэмжлэгч “Бат строй" ХХК-ны гүйцэтгэх захирал Туяацэцэг нь Урансайхантай тохиролцож барилга нураалтын ажил авах болж 1,500.000.000 төгрөгийн үнэ бүхий ажлын тендерийн 2 хувь болох 30.000.000 төгрөгийг Урансайханд өгөхөөр болж тухайн үед Урансайхан ирэх боломжгүй байсан тул дээрх мөнгийг Б.Баясгаланаар дамжуулан өгсөн байдаг. Түүнд мөнгө өгсөн болохоо баталгаажуулах зорилгоор 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээг Б.Баясгалантай нэхэмжлэгчтэй байгуулсан. Нэхэмжлэгч нь зөвхөн тендерийн ажил авахын тулд л зуучлагч Б.Баясгаланаар дамжуулан Урансайханд 30.000.000 төгрөг өгсөн болохыг хавтаст хэрэгт авагдсан, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байхад эдгээр баримтуудыг шүүх үнэлээгүй ИХШХШТХ-н 40 дүгээр зүйлийг бүхэлд нь зөрчиж байна.

2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний эх хувьд нэхэмжлэгчийн Ц.Туяацэцэгийн нөхөр Батмөнх нь Баясгалангийн төлбөр дууссан, үлдэгдэл төлбөрийг Урансайханаас авна гэх баримтыг бичиж өгсөн ба дээрх байдлыг давж заалдах шатны шүүх үгүйсгэхдээ Ц.Батмөнхөд зээлийн гэрээг өөрчлөх, дуусгавар болгох эрх олгоогүй гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь хариуцагчийн өмгөөлөгч миний бие шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Туяацэцэгээс дээрх мөнгө хэний мөнгө болох талаар асуухад бидний гэр бүлийн дундын хөрөнгө гэж хариулсан. Түүний энэхүү хариулт нь 30.000.000 төгрөгийг захиран зарцуулах эрх нь Батмөнх, Ц.Туяацэцэг нарт хэн алинд нь байсан нь гэрээг өөрчлөх, дуусгавар эрхтэй байсныг харуулж байна.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т заасныг үндэслэн Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас нэхэмжлэгч Туяацэцэгтэй хамаарал бүхий “Бат строй” ХХК-нь зээлийн гэрээ байгуулагдах болон байгуулагдсанаас хойш тендерт оролцохоор материал өгч байсан эсэхийг тодруулах зорилгоор нотлох баримт гаргуулахаар болсон. Улмаар Худалдан авах ажиллагааны газраас “Бат строй" ХХК-г зээлийн гэрээ байгуулагдах үед тендерт оролцохоор материал ирүүлсэн болох нь нотлогдсон. Энэхүү баримт нь хариуцагчийн тайлбар үндэслэлтэй болохыг нотолж буй баримт юм.

Нэхэмжлэгч Туяацэцэгийн 30.000.000 төгрөгийг Урансайхан нь залилж авсан үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад Б.Баясгалан нь мэдээлэл гаргасан ба Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор н.Бадамцэцэгийн хариу мэдэгдэх хуудаст дурдсан байдаг. Уг мөнгийг 30.000.000Т төгрөгийг ямар зориулалтаар хэн авсан болохыг цагдаагийн байгууллага тогтоосны дараа иргэний хэргийг шийдвэрлэсэн. ИХШХШТХ-н 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь заалтыг зөрчиж байна.

Ц.Туяацэцэг болон Баясгалан нарыг хамгийн анх холбож өгсөн Д.Ганбатыг ямар зорилгоор нэхэмжлэгч хариуцагч нарыг танилцуулсан болохыг нотлуулахаар гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан байдаг ба гэрчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу гэрчийг дуудах ажиллагааг шүүх огт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйл заалтыг зөрчиж байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 5 дугаар зүйлд алдангийг хэмжээг 10 хувь гэж тогтоосон ба хуулиар тогтоосон хэмжээнээс дээгүүр тогтоосон байхад алдангийг гаргаж шийдвэрлэж байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг зөрчиж байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2016 оны 182/ШШ2016/01096 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 252 дугаар магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Ц.Туяацэцэг нь хариуцагч Б.Баясгаланд холбогдуулан зээл, хүү, алдангид нийт 30.750.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, “...зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах” сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Зохигчдын хооронд 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид 30.000.000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохирч мөнгийг шилжүүлсэн, хариуцагч 15.000.000 төгрөг буцаан төлсөн нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг. Түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийх бөгөөд мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохоор мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 282.4-т тус тус заажээ.

Талууд хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулсан, зээлдүүлэгч гэрээнд заасан мөнгийг зээлдэгчийн Хас банк дах 5001041315 тоот дансанд шилжүүлснийг хариуцагч үгүйсгээгүй байна.

Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, энэ тохиолдолд нэхэмжлэгч зээл, хүү шаардах эрхтэй ба хариуцагч зээлийн үлдэгдэл 15.000.000 төгрөг, хүү 750.000 төгрөг нийт 15.750.000 төгрөг төлөх үүрэгтэй талаар шүүх зөв дүгнэсэн боловч алданги тохирсон гэрээний заалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс гадна хэрэгт авагдсан зарим баримтыг үнэлээгүй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэдэг.

Зээлийн гэрээний 5-т “гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 10 хувиар бодож алдангийг зээл өгөгчид төлөх үүрэгтэй” гэж заасан нь хуульд нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээнд заасан алдангийн хэмжээ хуульд заасантай нийцээгүй тул алданги тооцох үндэслэлгүй.

Түүнчлэн гэрч А.Урансайхан дээрх зээлийн төлбөрт Ц.Туяацэцэгийн ХААН банк дах дансанд эхлээд 800.000 төгрөг, дараа нь 1.000.000 төгрөг шилжүүлсэн талаар мэдүүлсэн бөгөөд /хэргийн 83-84, 100 дугаар тал/, нэхэмжлэгч уг мөнгийг авснаа үгүйсгээгүй байхад шүүх төлбөрөөс хасч тооцоогүй нь хэргийн нотлох баримтыг үнэлэх талаарх ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзнэ.

Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т нийцжээ.

Дээрх үндэслэлээр хариуцагчаас зээл, хүүд 13.950.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн өмгөөлөгчийн “...хэргийг  анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах”  талаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 252 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2016/01096 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг баримтлан хариуцагч Б.Баясгалангаас 13.950.000 /арван гурван сая есөн зуун тавин мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Туяацэцэгт олгож, нэхэмжлэлээс 16.800.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дах заалтын “276.075” гэснийг “227.700” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 276.100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ