Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 226/МА2022/00025

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Ж-гийн нэхэмжлэлтэй,

хариуцагч М.Н-т холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

226/2020/00760/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Г.Болормаа, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,  

Нэхэмжлэгч Н.Ж-

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У-,

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Наранбаяр,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урантуяа нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргалын даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 156/ШШ2022/00221 дугаар шийдвэртэй Н.Ж-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Н-т холбогдох “Маргаан бүхий байрыг бусдын хууль бус эзэмшлээс буцаан шаардах, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-1814000145 улсын гэрчилгээг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй, “Маргаан бүхий орон сууцыг хамтран өвчлөгч Н.Ж- нь өмчлөх эрхээ дуусгавар болгох зорилгоор эзэмшлээсээ татгалзсан болохыг тогтоолгох, М.Н- нь Маргаан бүхий орон сууцыг өөрийн эзэмшилдээ олж авахдаа өмнөх өмчлөгч Н.Ж-гийн эрхийг зөрчөөгүй тул тухайн орон сууцыг өөрийн эзэмшилдээ авч, өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох” тухай  сөрөг шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Ж.Наранбаярын гаргасан давж заалдах гомдлоор 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Н.Ж- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Аав Н маань Бэрхийн уурхайн баазад 1970 оноос жолоочоор ажиллаж байсан бөгөөд өмч хувьчлалаар маргаан бүхий орон сууцыг хувьчилж авсан бөгөөд 2001 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авч аав Р.Н, ээж Ш.Х, Н.Б, Н.Ж- нарын өмчлөлд бүртгүүлсэн. Би 2001 оноос гэр бүлтэй болж тусдаа гарсан бөгөөд тухайн үед аавд маань өгсөн уг байрыг анхаарч сураглаагүй орхисон. Аав Р.Н- 2002 онд, ээж Ш.Х- 2019 онд нас барсан... одоо би 2 охин, нэг зээ охины хамт Бэрх тосгонд айлын хашаанд айлын гэр хөлсөлж сууж байгаа бөгөөд аавынхаа бидэнд өмчилж үлдээсэн байрыг буцааж авах гэтэл М.Н- гэх эмэгтэй гэр бүлийн хамт амьдарч байгаа, уг байрны ордер өөрт нь байгаа хэрнээ өгөхгүй байр суллаж өг гэхээр би хүнээс худалдаж авсан гэх тайлбар тавиад уулзахгүй зугтаад байдаг болсон. Аав маань амьд сэрүүн байхдаа уурхайгаас байр өгсөн гэж ярьж байсан боловч уг байрыг урьд нь байсан айл суллахгүй байсаар байгаад өдийг хүрсэн. Тухайн үед эгч бид нар хүүхэд байсан учир нарийн учрыг нь сайн анзаарч ойлгодоггүй байсан байна. Иймд аавыг минь амьд сэрүүнд Бэрхийн уурхайгаас хувьчилж өгсөн уг байрыг М.Н-ээс буцаан шаардан байраа чөлөөлүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулах хүсэлттэй байна...” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У- шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн ........ дугаарт бүртгэлтэй, маргаан бүхий бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр нэхэмжлэгч Н.Ж-, түүний аав Р.Н-, ээж Ш.Х-, эгч Н.Б нарыг 2001.04.16-ны өдөр бүртгэж, гэрчилгээ олгосон байх ба үүнийг нэхэмжлэгч тухайн үед мэдсэн байна.

Уг орон сууцны хамтран өмчлөгчдийг 2001.04.16-ны өдөр бүртгэхэд нэхэмжлэгч Н.Ж- 20 настай, түүний эгч Н.Б 26 настай байсан ба харин аав Р.Н-ийг 2002.12.20-ны өдөр нас барахад нэхэмжлэгч Н.Ж- 21 настай, түүний эгч Н.Б 27 настай буюу насанд хүрсэн байжээ.

 Хэдийгээр Р.Н-, Ш.Х-, Н.Б, Н.Ж- нар уг орон сууцны хамтран өмчлөгчөөр 2001.04.16-ны өдөр бүртгүүлсэн боловч тухайн өдрөөс хойш өнөөдрийг хүртэл уг орон сууцанд амьдарч байгаагүй байна.

Нэхэмжлэгч Н.Ж- гэр бүлтэй болж 2001 оноос өрх тусгаарлан амьдарсан байна. Хариуцагч М.Н- нь маргаан бүхий орон сууцанд хамгийн сүүлд буюу одоо амьдарч байна. ...Иймд дээр дурдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлийн тодорхойгүй байдлыг шүүх түүнээс тодруулах нь хэргийн бодит байдлыг тогтоох, улмаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Хариуцагч М.Н- нь нэхэмжлэлд дурдсан орон сууцыг 2017 оны 08 сард Хэнтий аймгийн Батноров сумын 7-р баг, Бэрх тосгоны иргэн буюу тухайн орон сууцанд 2012 оноос 2017 оны 08 сар хүртэл амьдарч байсан Ц.Б гэдэг хүнээс нийт 1.204.452 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд тийнхүү худалдаж авахдаа 800.000 төгрөгийг бэлнээр Ц.Б-н ээж Н.Д-т, үлдэх 404,452 төгрөгийг Хэнтий аймгийн Хэнтий ус ХХК-ийн Бэрх дулааны салбарт уг орон сууцны 2017.08.31-ний байдлаар хуримтлагдсан усны болон халаалтын өр төлбөрт төлсөн. Улмаар уг орон сууцанд их засвар хийж тохижуулан өнөөдрийг хүртэл амьдарч байна. Ер нь уг орон сууцанд маш олон айл ээлжлэн амьдарч байсан бөгөөд чухам хэнийх гэдэг айл, хэдий хугацаанд амьдарч байсныг сайн мэдэхгүй. Ямар ч байсан манайхаас өмнө Ц.Б гэдэг хүн амьдарч байсан. Зарим тохиолдолд уг орон сууцанд хүн амьдардаггүй, хоосон байсан ч үе бий. Түүнчлэн 2001 оны үед Бэрх тосгоноос хүмүүс шилжин явах нь ихэсч, улмаар орон сууцны үнэ маш хямд болсны зэрэгцээ хүмүүс орон сууцаа шууд орхиод явах ч тохиолдол гарч байсан. Нэхэмжлэгч болон бусад хамтран өмчлөгчид нь 2001.04.16-ны өдрөөс хойш уг орон сууцаа бусдын хууль бус эзэмшлээс шаардах оролдого огт хийж байгаагүй, түүнчлэн уг орон сууцыг өмчлөх эрхээ дуусгавар болгох зорилгоор эзэмшлээсээ татгалзсан үйлдэл гаргасан гэж үзэж болохоор нөхцөл байдалтай байсан атлаа одоо нэхэмжлэгч нь айлын хашаанд, айлын гэр хөлслөн амьдарч байгаа, мөн “...Тухайн үед эгч бид нар хүүхэд байсан учир нарийн учрыг нь сайн анхаарч ойлгоогүй байсан байна...” /тухайн үед Н.Б Н.Ж- нар нь насанд хүрсэн байсан/ гэдэг үндэслэлээр уг орон сууцны зах зээлийн ханш өссөн байгаа нөхцөл байдлыг ашиглан уг орон сууцыг хамгийн сүүлд эзэмшиж байгаа М.Н-ээс тухайн орон сууцаа чөлөөлүүлэх шаардлага гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна... Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2-т өвлүүлэгчтэй нас барах хүртэл амьдарч байсан этгээд өв нээгдсэнээс хойш 3 сарын дотор, харин бусад өвлөгчид өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор өвийг эзэмшин авсан эсхүл хуульд заасан эрх бүхий этгээдэд өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж өргөдөл гаргаагүй бол мөн зүйлийн 528.3-т зааснаар өвлөхөөс татгалзсан гэж үзэхээр зохицуулсан.Орон сууц хамтран өмчлөгч Р.Н- нь 2002.12.20-ны өдөр нас барсан бөгөөд бусад өмчлөгч Ш.Х-, Н.Б, Н.Ж- нар өв нээгдсэнээс хойш хуульд заасан хугацаанд уг орон сууцны Р.Н-т ногдох хэсэг буюу өвийг эзэмдэн аваагүй, хуульд заасан эрх бүхий этгээдэд өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж өргөдөл гаргаагүй тул тэднийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ. Тодруулбал орон сууц хамтран өмчлөгч Ш.Х-, Н.Б, Н.Ж- нар нь Р.Н-ийг нас барсны дараа түүнд ногдох хэсгийг болон өөрсөддөө ногдох хэсгийг ч гэсэн эзэмдэж аваагүй буюу уг орон сууцандаа амьдраагүй юм.

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна,

-   75 дугаар зүйлийн 75.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна,

-   76 дугаар зүйлийн 76.1-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно ,

-   76.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, ... үеэс үүснэ гэж тус тус заажээ.

Нэхэмжлэлийн үндэслэлээс үзэхэд нэхэмжлэгч Н.Ж-, түүний аав Р.Н-, ээж Ш.Х-, эгч Н.Б нар нь маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр 2001.04.16-ны өдөр бүртгүүлж, гэрчилгээ авах үед уг орон сууцанд өөр айл амьдарч байсан бөгөөд уг айл байрыг нь суллаж өгөөгүй байна.

Тодруулбал 2001.04.16-ны өдрөөс эхэлж нэхэмжлэгч Н.Ж-, түүний аав Р.Н-, ээж Ш.Х-, эгч Н.Б нарын эрх зөрчигдөж эхэлсэн боловч түүнээс хойш 2011.04.16-ны өдрийг хүртэл 10 жилийн хугацаанд тухайн орон сууцыг хамтран өмчлөгчид нь уг орон сууцандаа орж чадаагүй, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өөрсдийн өмчлөлийн орон сууцаа бусдын хууль бус эзэмшлээс шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй байна. Иймд нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Иргэний хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт Өмчлөгчгүй, эсхүл өмчлөгч нь өмчлөх эрхээ дуусгавар болгох зорилгоор эзэмшлээсээ татгалзсан эд хөрөнгийг эзэнгүй эд юмс гэж үзнэ гэж заасан байна. Өмчлөх эрхээсээ татгалзах нь хүсэл зоригийн илэрхийллээр явагддаг бөгөөд энэ хүсэл зоригийг амаар болон бичгээр илэрхийлсэн байх шаардлагагүй, гагцхүү тухайн нөхцөл байдлаар тодорхойлогддог. Хэрэв насанд хүрсэн этгээд хэрэггүй болсон зүйлээ хаяж байгаа бол энэ нь үүгээрээ өмчлөх эрхээсээ татгалзаж байгаагаа илэрхийлсэн хэрэг юм.

 Тодруулбал хэрэггүй болсон эд зүйлээ хаяж байгаа бол хаях үйлдэл нь эзэмшлээсээ татгалзсаныг илэрхийлэхээс гадна энэ үйлдэл нь мөн өмчлөх эрхээсээ татгалзаж буй хүсэл зоригийн илэрхийллийг агуулж байна. Өмчлөх эрхээсээ татгалзахын агуулга нь өмнөх өмчлөгч нь түүний өмчлөлийн зүйлийг өмчлөх эрхийг өөр ямар нэгэн этгээд олж авахыг зөвшөөрч байгаад оршдог. Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн ....... дугаарт бүртгэлтэй, маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр нэхэмжлэгч Н.Ж-, түүний аав Р.Н-, ээж Ш.Х-, эгч Н.Б нарыг 2001.04.16-ны өдөр бүртгэж, гэрчилгээ олгосон байх ба үүнийг нэхэмжлэгч тухайн үед мэдсэн байдаг. Уг орон сууцны хамтран өмчлөгчдийг 2001.04.16-ны өдөр бүртгэхэд нэхэмжлэгч Н.Ж- 20 настай, түүний эгч Н.Б 26 настай байсан ба харин аав Р.Н-ийг 2002.12.20-ны өдөр нас барахад нэхэмжлэгч Н.Ж- 21 настай, түүний эгч Н.Б 27 настай буюу насанд хүрсэн байжээ. Хэдийгээр Р.Н-, Ш.Х-, Н.Б, Н.Ж- нар уг орон сууцны хамтран өмчлөгчөөр 2001.04.16-ны өдөр бүртгүүлсэн боловч тухайн өдрөөс хойш өнөөдрийг хүртэл уг орон сууцанд огт амьдарч байгаагүй байна. Дээрх маргаан бүхий орон сууцанд 2002-2009 онд иргэн Д.Д, 2010-2012 онд иргэн А.А, 2012 оноос 2017 оны 08 сар хүртэл иргэн Ц.Б нар амьдарч байсан бөгөөд 2017 оны 08 сараас хойш өнөөдрийг хүртэл иргэн М.Н- амьдарч байна. М.Н- нь уг орон сууцыг 2017 оны 08 сард иргэн Ц.Б-с нийт 1.204,452 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд тийнхүү худалдаж авахдаа 800,000 төгрөгийг бэлнээр Ц.Б-н ээж Н.Д-т төлж, үлдэх 404,452 төгрөгийг Хэнтий аймгийн Хэнтий ус ХХК-ийн Бэрх дулааны салбарт уг орон сууцны 2017.08.31-ний байдлаар хуримтлагдсан усны болон халаалтын өр төлбөрт төлсөн, мөн уг орон сууцанд их засвар хийж тохижуулсан болно. 2001 оны үед Бэрх тосгоноос хүмүүс шилжин явах нь ихэсч, улмаар орон сууцны үнэ маш хямд болсны зэрэгцээ хүмүүс орон сууцаа шууд орхиод явах ч тохиолдол гарч байсан. Харин одоо Бэрх тосгоныг төр засгаас аялал жуулчлалын бүс нутаг болгох зорилт тавьж дэд бүтэц, зам, барилга байгууламж ихээр баригдаж эхлэхтэй зэрэгцэн оршин суух хүн амын тоо нэмэгдэж, газар, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн ханш эрс нэмэгдээд байгаа болно. Гэтэл нэхэмжлэгч Н.Ж- болон бусад хамтран өмчлөгчид нь 2001.04.16-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх 19 жил 04 сар 17 хоногийн хугацаанд тухайн орон сууцаа бусдын хууль бус эзэмшлээс шаардах оролдого огт хийж байгаагүй, мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өөрсдийн өмчлөлийн орон сууцаа бусдын хууль бус эзэмшлээс шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй байна. Дээрх нөхцөл байдлаас үзвэл маргаан бүхий орон сууцыг хамтран өмчлөгч Н.Ж- нь өөрийн өмчлөлийн орон сууцыг өмчлөх эрхийг өөр ямар нэгэн этгээд олж авахыг зөвшөөрсөн байх бөгөөд харин тухайн орон сууцны зах зээлийн ханш өссөн байгаа нөхцөл байдлыг ашиглан уг орон сууцыг хамгийн сүүлд эзэмшиж байгаа М.Н-ээс тухайн орон сууцаа чөлөөлүүлэх шаардлага гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд маргаан орон сууцыг хамтран өмчлөгч Н.Ж- нь уг орон сууцыг өмчлөх эрхээ дуусгавар болгох зорилгоор эзэмшлээсээ татгалзсан болохыг тогтоож өгнө үү.

 

Хоёр. Монгол Улсын Иргэний хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт "Эзэнгүй эд юмсыг хуулиар хориглоогүй аргаар олж авсан, эсхүл тухайн эд юмсыг олж авахдаа эрх бүхий этгээдийн эрхийг зөрчөөгүй бол эзэнгүй эд юмсыг олж авсан этгээд энэ хуулийн 104.1, 104.2-т заасны дагуу түүнийг өөрийн эзэмшилдээ авч, өмчлөх эрхтэй гэж, мөн хуулийн 104 дүгээр зүйлийн 104.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол эзэнгүй үл хөдлөх эд хөрөнгийг олж авсан өмчлөгч бус этгээд уг эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш 15 жилийн хугацаанд уг эд хөрөнгийг өмчлөгчийн адил эзэмшиж байсан бол дээрх хугацаа дууссанаар уг этгээд өмчлөх эрхийг олж авна гэж тус тус заажээ.

Гэхдээ дээрх хуулийн зохицуулалтыг хууль тогтоогч оновчгүй хуульчилсан бөгөөд цаашид өөрчлөх шаардлагатай бөгөөд харин шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ дээрх оновчгүй хуулийн зохицуулалтыг үндэслэлтэй тайлбарлах замаар зөвтгөх боломжтой гэж үзэж байна. Тодруулбал хэрэв угаасаа эзэнгүй эд юмсын тухай яригдаж байгаа л юм бол 15 жил хүлээх үндэслэл байхгүй. Өмнөх өмчлөгч нь өмчлөх эрхээсээ санаатайгаар татгалзсан байхад хэнийг ч хамгаалах шаардлагагүй. Гагцхүү өмчлөх эрх олж авч буй этгээд нь тухайн эзэнгүй эд юмсыг хуулиар хориглоогүй аргаар олж авсан, эсхүл тухайн эд юмсыг олж авахдаа эрх бүхий этгээдийн эрхийг зөрчөөгүй байхад л хангалттай юм. Маргаан бүхий орон сууцны хувьд өмнөх өмчлөгч Н.Ж- нь уг орон сууцыг хамтран өмчлөх эрхээсээ санаатайгаар татгалзсан байхад нь буюу 2017 оны 08 сард тухайн орон сууцыг ззэмшиж байсан иргэн Ц.Б-с нийт 1,204,452 төгрөгөөр худалдаж авсан нь Н.Ж-гийн эрхийг зөрчсөнд тооцогдохгүй.

Иймд М.Н- нь маргаан бүхий 2 өрөө орон сууцыг олж авахдаа өмнөх өмчлөгч Н.Ж-гийн эрхийг зөрчөөгүй тул тухайн орон сууцыг өөрийн эзэмшилдээ авч, өмчлөх эрхтэй болохыг тогтоож өгнө үү”  гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Н.Ж- нь Хэнтий аймгийн тойргийн нотариатч Д.О- надад хүсэлт гаргасны дагуу 2019-05-08-нд нас барсан Ш.Х-, 2002-12-20-нд нас барсан Р.Н-ийн өмчилж байсан маргаан бүхий орон сууцны өвлөгч мөн болгохыг хүсэлт гаргасныг үндэслэн 2021 оны 01 сарын 05-нд 001, 002 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон болно. Эх нь нас бараад 1 жил, эцэг нь нас бараад 18 жил болсон тул өвлөх эрхийн гэрчилгээг Р.Н-ийн Н.Ж-д олгосон болно. Уг байр нь 4 хүний өмчлөлтэй болох нь Улсын бүртгэлийн лавлагаа хурууны хээгээр авсан. Мөн улсын бүртгэлийн лавлагааг үндэслэн олгосон эх гэрчилгээ нь ........... бусдын эзэмшилд байгаа гэж байсан. Аливаа өчлөлийн бүртгэлийг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хүчин төгөлдөр, үнэн зөв байдаг тул лавлагааг үндэслэн хуулийн хугацаанд гаргасан хүсэлтийг үндэслэн бичиж өгсөн болно” гэжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 156/ШШ2022/00221 дугаар шийдвэрээр: “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар маргаан бүхий хариуцагч М.Н-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас үл хөдлөх эд хөрөнгийн ........дугаартай улсын гэрчилгээ гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-т зааснаар хариуцагчийн маргаан бүхий 2 өрөө орон сууцыг хамтран өмчлөгч Н.Ж- нь уг орон сууцыг өмчлөх эрхээ дуусгавар болгох зорилгоор эзэмшлээсээ татгалзсан болохыг тогтоолгох, М.Н- нь маргаан бүхий 2 өрөө орон сууцыг өөрийн эзэмшилдээ олж авахдаа өмнөх өмчлөгч Н.Ж-гийн эрхийг зөрчөөгүй тул тухайн орон сууцыг өөрийн эзэмшилдээ авч, өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 142.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тус тус заан шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Наранбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 1 дэх шаардлагын тухайд:

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт нэхэмжлэгч Н.Ж-г маргаан бүхий байрны хууль ёсны дундаа хамтран өмчлөгч болох нь ........... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзэж Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс бүхэлд нь шаардах эрхтэй гэж дүгнэсэн.

Нэхэмжлэгч Н.Ж-г үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн ....... дугаарт бүртгэлтэй, маргаан бүхий 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр 2001.04.16-ны өдөр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн ....... дугаартай гэрчилгээ олгосон үйл баримтыг хариуцагч тал хүлээн зөвшөөрдөг

Гагцхүү хариуцагч тал орон сууц хамтран өмчлөгч Н.Ж- нь уг орон сууцыг өмчлөх эрхээ дуусгавар болгох зорилгоор эзэмшлээсээ татгалзсан болохыг тогтоолгох тухай шаардлагыг сөрөг нэхэмжлэлийнхээ 1 дэх шаардлага болгон  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан бөгөөд уг шаардлагын үндэслэлийг гомдлын 1.3 дахь хэсэгт тодорхой тайлбарласан болно.

Мөн шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсгийг тус тус дурдаад “...үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохын тулд хэрэв хэлцлийн үндсэн дээр хийгдэж байгаа бол хэлцэл буюу гэрээг өмчлөгч болон түүний итгэмжлэн хариуцсан этгээдтэй бичгээр хийж нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байхыг шаарддаг. Гэтэл хариуцагч нь өмчлөгч биш этгээд болох Ч.Б-с 1,204,452 төгрөгөөр худалдан авч, энэ мөнгийг Ч.Б-д өгсөн нь үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахаар хэлцэл хийсэн болон  уг үл хөдлөх эд хөрөнгийн шинэ өмчлөгч болсон гэж үзэх боломжгүй юм...” гэж дүгнэжээ.

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний дагуу орон сууц өмчлөх эрх бусдад шилжиж байгаа тохиолдолд дээр дурдсан хуулийн зохицуулалтыг талууд баримтлах ёстой боловч энэхүү маргааны хувьд уг орон сууцыг хамтран өмчлөгчид нь орон сууц өмчлөх эрхээ дуусгавар болгох зорилгоор эзэмшлээсээ татгалзсан байсан учраас тухайн орон сууцанд амьдарч байсан нэр бүхий иргэд нь өөр хоорондоо уг орон сууцны өмчлөх эрхийг бус харин эзэмших эрхийг үнэ тохиролцон шилжүүлж эзэмшиж, ашиглаж ирсэн учраас уг харилцаанд дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжихтэй холбоотой зохицуулалтыг хэрэглэх боломжгүй юм. 

Түүнчлэн хариуцагч М.Н- нь өөрийгөө уг маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж маргаагүй бөгөөд харин тэрээр өөрийгөө уг маргаан бүхий орон сууцыг олж авахдаа өмнөх өмчлөгч /Н.Ж-/-ийн эрхийг зөрчөөгүй тул тухайн орон сууцыг өөрийн эзэмшилдээ авч, өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай шаардлагыг сөрөг нэхэмжлэлийнхээ  2 дахь шаардлага болгон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан бөгөөд уг шаардлагын үндэслэлийг гомдлын 1.4 дэх хэсэгт тодорхой тайлбарласан болно.

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын тухайд: Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан “маргаан бүхий байрыг бусдын хууль бус эзэмшлээс буцаан шаардах”, “Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн ....... дугаарт бүртгэлтэй гэрчилгээг гаргуулах” гэсэн нэхэмжлэлийн хоёр шаардлага гаргасан байх боловч улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн байгааг дурдах нь зүйтэй юм. 

 

2. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн 1 дэх шаардлагын тухайд: Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “... Нэхэмжлэгч Н.Ж- нь уг орон сууцны хууль ёсны өмчлөгч гэдэг дээр дүгнэлт хийсэн ба хариуцагч нь 2017 оноос энэ орон сууцанд амьдарч байгаа болон өмнө нь өөр хүмүүс амьдарч байсан, нэхэмжлэгч нь энэ орон сууцандаа амьдарч байгаагүй нь түүнийг өмчлөх эрхээсээ татгалзсан гэж үзэх үндэслэл болохгүй юм. Тухайлбал Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана” гэж заасан ба өөрийн өмчлөлийн орон сууцандаа амьдраагүй, орон сууцаа чөлөөлүүлэх талаар шаардлага гаргаж байгаагүй нь түүнийг буюу нэхэмжлэгчийг эзэмшил, өмчлөлөөсөө татгалзсан гэж үзэх үндэслэл болохгүй.

 ... Иргэний хуулийн 115.1-д “Өмчлөгчгүй, эсхүл өмчлөгч нь өмчлөх эрхээ дуусгавар болгох зорилгоор эзэмшлээсээ татгалзсан эд хөрөнгийг эзэнгүй эд юмс гэж үзнэ” гэж заасан ба маргаж байгаа эд хөрөнгө болох орон сууц нь өмчлөгчгүй эд хөрөнгө биш юм. Өөрөөр хэлбэл энэ орон сууцны өмчлөгч нь хэн бэ гэдэг нь хариуцагч талд байсан Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээн дээр тодорхой байхад уг хөрөнгийг өмчлөгчгүй гэж үзэхгүй. Өмчлөгч нь өмчлөх эрхээ дуусгавар болгох зорилгоор эзэмшлээсээ татгалзсан гэдэг нь Н.Ж- нь тухайн орон сууцанд амьдраагүй, өнгөрсөн хугацаанд шаардлага гаргаагүй гэдгээрээ тогтоогдохгүй юм ...” гэж дүгнэжээ.

Ер нь бол хэний ч өмчлөлд хэзээ ч байгаагүй, эсхүл өмнөх өмчлөгч өмчлөх эрхээсээ татгалзсан учраас бусдын өмчлөлд ороогүй эд юмс нь эзэнгүй гэдэг нь ойлгомжтой.

Өмчлөх эрхээсээ татгалзах нь хүсэл зоригийн илэрхийллээр явагддаг бөгөөд энэ хүсэл зоригийг амаар болон бичгээр илэрхийлсэн байх шаардлагагүй (хэн нэгэнд хэлсэн байхыг, мөн нотариатаар гэрчлүүлсэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн байхыг шаардахгүй), гагцхүү тухайн нөхцөл байдлаар тодорхойлогддог.

Хэрэв насанд хүрсэн этгээд хэрэггүй болсон зүйлээ (үүнд хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн аль аль нь хамаарна) хаяж байгаа бол энэ нь үүгээрээ өмчлөх эрхээсээ татгалзаж байгаагаа илэрхийлсэн хэрэг юм.

Тодруулбал хэрэггүй болсон эд зүйлээ хаяж байгаа бол хаях үйлдэл нь эзэмшлээсээ татгалзсаныг илэрхийлэхээс гадна (энэ нь өмчлөх эрх шилжүүлэхэд эзэмшлээ шилжүүлдэгтэй адил) энэ үйлдэл нь мөн өмчлөх эрхээсээ татгалзаж буй хүсэл зоригийн илэрхийллийг агуулна.

Өмчлөх эрхээсээ татгалзахын агуулга нь өмнөх өмчлөгч нь түүний өмчлөлийн зүйлийг өмчлөх эрхийг өөр ямар нэгэн этгээд олж авахыг зөвшөөрч байгаад оршдог.

Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн ........ дугаарт бүртгэлтэй, маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр нэхэмжлэгч Н.Ж-, түүний аав Р.Н-, ээж Ш.Х-, эгч Н.Б нарыг 2001.04.16-ны өдөр бүртгэж, гэрчилгээ олгосон байх ба уг үйл явдлыг нэхэмжлэгч Н.Ж- тухайн үед мэдсэн гэдгээ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хэлсний зэрэгцээ тухайн үед Н.Ж- 20 настай, Н.Б 26 настай буюу насанд хүрсэн байжээ.

Гэвч дээрх орон сууцыг хамтран өмчлөгч нар нь уг орон сууцандаа огт амьдарч байгаагүй бөгөөд уг орон сууцанд 2002 оноос 2010 оныг хүртэл иргэн н.Д, 2010 оноос 2012 оныг хүртэл иргэн А.А, 2012 оноос 2017 оны 08 сар хүртэл иргэн Ч.Б нар тус тус амьдарч байсан бөгөөд 2017 оны 08 сараас хойш өнөөдрийг хүртэл хариуцагч М.Н- амьдарч байна. Тодруулбал маргаан бүхий орон сууцыг эзэмших эрхийг н.Д нь А.А 150,000 төгрөгөөр, А.А нь Ч.Б-д 1,000,000 төгрөгөөр, Ч.Б нь М.Н-т 1,000,000 төгрөгөөр тус тус шилжүүлсэн байдаг.

М.Н- нь 2017 оны 08 сард Ч.Б-д нийт 1,004,452 төгрөг төлж уг орон сууцыг шилжүүлж авсан бөгөөд тийнхүү шилжүүлж авахдаа 800,000 төгрөгийг бэлнээр Ч.Б-н ээж Н.Долгорт, мөн Хэнтий аймгийн “Х” ХХК-ийн Бэрх дулааны салбарт уг орон сууцны 2017.08.31-ний байдлаар хуримтлагдсан ус, дулааны төлбөр болох 404,452 төгрөгийн 204,452 төгрөгийг /үлдэгдэл 200,000 төгрөгийг нь Ч.Б төлсөн/ тус тус төлсөн байна.

Гэтэл нэхэмжлэгч Н.Ж- болон бусад хамтран өмчлөгчид нь 2001.04.16-ны өдрөөс хойш шүүхэд 2020.09.02-ны өдөр нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх 19 жил 04 сар 17 хоногийн хугацаанд тухайн орон сууцаа бусдын хууль бус эзэмшлээс шаардах оролдого огт хийж байгаагүй, мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өөрсдийн өмчлөлийн орон сууцаа бусдын хууль бус эзэмшлээс шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй юм.

Мөн нэхэмжлэгч Н.Ж-, гэрч Н.А нар нь шүүхэд өгсөн тайлбар, мэдүүлэгтээ Р.Н-, Ш.Х-, Н.Б, Н.Ж- нар нь маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэгдэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 0017995 дугаартай гэрчилгээ авсан гэх 2001.04.16-ны өдрөөс эхлэн уг орон сууцандаа амьдарч байгаад 2002 оноос 2010 оныг хүртэл иргэн н.Долгорсүрэнг үнэ төлбөргүй суулгасан, түүнээс хойш уг орон сууцанд бидний зөвшөөрөлгүйгээр амьдарч байсан А.А, Ч.Б, М.Н- нараас байрыг минь суллаж өгөхийг удаа дараа шаардаж байсан боловч суллахгүй байсаар өнөөдрийг хүрсэн гэж тайлбарлаж, мэдүүлдэг боловч тэдгээр нөхцөл байдал нь тогтоогддоггүй, тэдгээр нөхцөл байдлыг нотолсон нотлох баримтаа нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлээгүй төдийгүй гэрч А.А-с шүүхэд өгсөн “...Энэ байранд манайхыг амьдарч байх хугацаанд Ш.Х-, Б, Н.Ж- гэх хүмүүсээс ямар нэгэн байдлаар манай байрыг суллаж өг гэх үйлдэл гаргаж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54/, Ч.Б-с шүүхэд өгсөн “...Намайг уг орон сууцанд амьдарч байхад Ш.Х-, Н.Б, Н.Ж- нар ирж байгаагүй. Байрны асуудлаар эдгээр хүмүүсийн хэн нь ч ирж орон сууц чөлөөлүүлэх талаар шаардаж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45/, хариуцагчийн төлөөлөгч Э.У-аас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр үгүйсгэгддэг юм.

Дээрх нөхцөл байдлаас үзвэл Хэнтий аймаг дахь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар нь иргэн Р.Н-, Ш.Х-, Н.Б, Н.Ж- нарыг маргаан бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны хамтран өмчлөгчөөр 2001.04.16-ны бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн ......дугаартай гэрчилгээг олгосон байх боловч уг орон сууцыг хамтран өмчлөгчид болон нэхэмжлэгч Н.Ж- нар нь уг орон сууцыг өмчлөх эрхийг өөр ямар нэгэн этгээд олж авахыг зөвшөөрч, хэрэггүй болсон орон сууцаа 2001.04.16-ны өдрөөс эхлэн хаяж эзэмшлээсээ татгалзсан үйлдэл гаргасан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байх ба уг үйлдэл нь мөн орон сууц өмчлөх эрхээсээ татгалзсаныг давхар илэрхийлж байна.

Хэрэв өмчлөгч нь эд хөрөнгийнхөө эзэмшил болон өмчлөх эрхээсээ татгалзсан тохиолдолд Иргэний хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт зааснаар тухайн эд хөрөнгө нь эзэнгүй эд юмс болох бөгөөд энэ тохиолдолд анхан шатны шүүхээс үндэслэл болгосон Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт заасан “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана” гэсэн заалтаар тухайн этгээдийн эрхийг хамгаалах боломжгүй юм. Учир нь тухайн этгээд нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч биш болсон байдаг билээ.

Тийм учраас уг маргаан бүхий орон сууцыг хамтран өмчлөгч Н.Ж- нь уг орон сууцыг өмчлөх эрхээ дуусгавар болгох зорилгоор эзэмшлээсээ татгалзсан болохыг тогтоолгох тухай хариуцагчийн сөрөг шаардлага нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

 

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын тухайд:

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “... Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д “Улсын бүртгэлд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ” гэж, мөн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж тус тус хуульчилсан байх тул улсын бүртгэлд бүртгэгдсэн бүртгэлийг үнэн зөв гэж дүгнэлээ. Мөн хариуцагч нь хэрэв маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан бол тухайн эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэх, энэ талаар холбогдох арга хэмжээг авах эрх нээлттэй байсан болохыг дурдаж байна. ... Иймээс хариуцагч М.Н-ийг маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхтэй этгээд гэж үзэх боломжгүй...” гэж дүгнэжээ.

Иргэний хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт “Эзэнгүй эд юмсыг хуулиар хориглоогүй аргаар олж авсан, эсхүл тухайн эд юмсыг олж авахдаа эрх бүхий этгээдийн эрхийг зөрчөөгүй бол эзэнгүй эд юмсыг олж авсан этгээд энэ хуулийн 104.1, 104.2-т заасны дагуу түүнийг өөрийн эзэмшилдээ авч, өмчлөх эрхтэй” гэж, 104 дүгээр зүйлийн 104.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол эзэнгүй үл хөдлөх эд хөрөнгийг олж авсан өмчлөгч бус этгээд уг эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш 15 жилийн хугацаанд уг эд хөрөнгийг өмчлөгчийн адил эзэмшиж байсан бол дээрх хугацаа дууссанаар уг этгээд өмчлөх эрхийг олж авна” гэж тус тус заажээ.

Гэхдээ дээрх хуулийн зохицуулалтыг хууль тогтоогч оновчгүй хуульчилсан бөгөөд цаашид өөрчлөх шаардлагатай бөгөөд харин шүүх хэрэг маргааныг хянан шийдвэррлэхдээ дээрх оновчгүй хуулийн зохицуулалтыг үндэслэлтэй тайлбарлах замаар зөвтгөх боломжтой гэж үзэж байна.

Тодруулбал хэрэв угаасаа эзэнгүй эд юмсын тухай яригдаж байгаа л юм бол 15 жил хүлээх үндэслэл байхгүй. Өмнөх өмчлөгч нь өмчлөх эрхээсээ санаатайгаар татгалзсан байхад хэнийг ч хамгаалах шаардлагагүй юм.

Гагцхүү эзэнгүй эд юмсыг олж авч буй этгээд нь тухайн эзэнгүй эд юмсыг хуулиар хориглоогүй аргаар олж авсан, эсхүл тухайн эд юмсыг олж авахдаа эрх бүхий этгээдийн эрхийг зөрчөөгүй байхад л хангалттай юм.

Сөрөг нэхэмжлэлийн энэхүү шаардлага нь сөрөг нэхэмжлэлийн эхний шаардлагаас урган гарсан, уг шаардлагатай нягт уялдаа холбоотой бөгөөд уг маргаан бүхий орон сууцыг хамтран өмчлөгч Н.Ж- уг орон сууцыг өмчлөх эрхээ дуусгавар болгох зорилгоор эзэмшлээсээ татгалзсан нь тогтоогдсон нөхцөлд тухайн эзэнгүй орон сууцыг олж авсан М.Н- нь уг орон сууцыг өөрийн эзэмшилдээ авч, өмчлөх эрхтэй боловч тэрээр тухайн эзэнгүй орон сууцыг хуулиар хориглоогүй аргаар олж авсан, эсхүл тухайн орон сууцыг олж авахдаа өмчлөгч Н.Ж-гийн эрхийг зөрчөөгүй байх ёстой.

Маргаан бүхий орон сууцны хувьд өмнөх хамтран өмчлөгчид болон нэхэмжлэгч Н.Ж- нь уг орон сууцыг өмчлөх эрхээсээ 2001.04.16-ны өдрөөс эхлэн санаатайгаар татгалзсан байхад хариуцагч М.Н- нь 2017 оны 08 сард тухайн орон сууцыг хамгийн сүүлд эзэмшиж байсан иргэн Ч.Б-с нийт 1,004,452 төгрөгөөр шилжүүлж авсан нь тухайн эзэнгүй орон сууцыг хуулиар хориглосон аргаар олж авсан, мөн тухайн орон сууцыг олж авахдаа нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөнд тооцогдохгүй.

Сөрөг нэхэмжлэлийн 1 дэх шаардлагын үндэслэлд дурдсанчлан хэрэв өмчлөгч нь эд хөрөнгийнхөө эзэмшил болон өмчлөх эрхээсээ татгалзсан тохиолдолд Иргэний хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт зааснаар тухайн эд хөрөнгө нь эзэнгүй эд юмс болох бөгөөд энэ тохиолдолд анхан шатны шүүхээс үндэслэл болгосон Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1, 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасан заалтуудаар тухайн эд хөрөнгийн өмчлөгч биш болсон этгээдийг өмчлөгч мөн гэж үзэх боломжгүй юм.

Харин өмчлөгч нь эд хөрөнгийнхөө эзэмшил, өмчлөлөөсөө татгалзаагүй тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлснийг үнэн зөв гэж тооцох хуулийн зохицуулалт үйлчлэх нь гарцаагүй билээ.

Тийм учраас М.Н- нь уг маргаан бүхий орон сууцыг олж авахдаа өмнөх өмчлөгч Н.Ж-гийн эрхийг зөрчөөгүй тул тухайн орон сууцыг өөрийн эзэмшилдээ авч, өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай хариуцагчийн сөрөг шаардлага нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

 

Хоёр. Гомдол гаргаж буй этгээдийн хүсэлт:

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон:

- Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан “...маргаан бүхий байрыг бусдын хууль бус эзэмшлээс шаардах, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн ........ дугаарт бүртгэлтэй гэрчилгээг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан ....маргаан бүхий орон сууцыг хамтран өмчлөгч Н.Ж- нь уг орон сууцыг өмчлөх эрхээ дуусгавар болгох зорилгоор эзэмшлээсээ татгалзсан болохыг, мөн М.Н- нь ...маргаан бүхий орон сууцыг олж авахдаа өмнөх өмчлөгч Н.Ж-гийн эрхийг зөрчөөгүй тул тухайн орон сууцыг өөрийн эзэмшилдээ авч, өмчлөх эрхтэй болохыг тус тус тогтоож, Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.09-ний өдрийн 221 дугаартай шийдвэрт  өөрчлөлт оруулж өгнө үү” гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.         

 

            Нэхэмжлэгч Н.Ж- нь хариуцагч М.Н-т холбогдуулан “Маргаан бүхий байрыг бусдын хууль бус эзэмшлээс буцаан шаардах, үл хөдлөх эд хөрөнгийн ...... улсын гэрчилгээг гаргуулах” тухай нэхэмжлэлийг,

            Хариуцагч М.Н- нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд “Маргаан бүхийорон сууцыг хамтран өвчлөгч Н.Ж- нь өмчлөх эрхээ дуусгавар болгох зорилгоор эзэмшлээсээ татгалзсан болохыг тогтоолгох, М.Н- нь Маргаан бүхийорон сууцыг өөрийн эзэмшилдээ олж авахдаа өмнөх өмчлөгч Н.Ж-гийн эрхийг зөрчөөгүй тул тухайн орон сууцыг өөрийн эзэмшилдээ авч, өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох” тухай  сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ.

 

   Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгч Н.Ж- нь ...маргаан бүхий байрны хууль ёсны өмчлөгч болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсээс ирүүлсэн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг /хэргийн материалын 33-р тал/, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хэргийн материалын 111-р тал/, 0017995 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байна гэж дүгнээд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар хариуцагч Н.М.Н-ийн хууль бус эзэмшлээс байраа буцаан шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, бусад шаардлага болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмаар үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч үл хөдлөх эд хөрөнгийн ........... дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг “...дугаар нь зөрсөн...” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, гэрчилгээг хэрхэх талаар огт шийдвэрлэлгүй орхигдуулсан байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Учир нь хэрэгт ирүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар нь нэхэмжлэлд дурдагдсан дугаараас зөрж байгаа боловч гэрчилгээн дээр тусгагдсан мэдээлэл /өмчлөгчийн овог нэр, регистрийн дугаар, байршил... зэрэг/ нь тухайн нэхэмжилж байгаа орон сууцны улсын бүртгэлд бүртгэгдсэн мэдээлэлтэй тохирч байгаа болох нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг /хэргийн материалын 33-р тал/, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хэргийн материалын 111-р тал/, 0017995 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байх тул өмчлөгч буюу нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Наранбаяр давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч М.Н-ийг бусдын хаяж орхигдуулсан, өмчилж, эзэмшихээс татгалзсан эд зүйлийг шудрагаар олж авсан, тухайн байрыг өмчлөгчид нь эзэмшлээсээ татгалзаад 19 жил 04 сар 17 хоногийн хугацаанд тухайн орон сууцаа бусдын хууль бус эзэмшлээс шаардах оролдого огт хийж байгаагүй гэж тайлбарлаж байгаа боловч өмчлөгчид нь өмчлөх эрхээсээ татгалзсан гэх байдал хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдоогүй, хариуцагч тал энэ байдлыг нотолж чадаагүй, өмчлөгч этгээдүүд нь улсын бүртгэлд тодорхой бүртгэгдсэн байхад хариуцагч нь хуульд заасан журмын дагуу үл хөдлөх хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авч чадаагүй ба анхан шатны шүүх уг маргааныг улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв байх зарчмыг баримтлан шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байгаа тул хариуцагчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч хоёр шаардлага гаргасан бөгөөд анхан шатны шүүх түүнийг нэг шаардлага гэж үзэж иргэний хэрэг үүсгэж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 156/ШШ2022/00221 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар ...маргаан бүхий байрыг хариуцагч М.Н-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг хариуцагч М.Н-ээс гаргуулж нэхэмжлэгч Н.Ж-д олгосугай” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Наранбаярын гомдлыг хангахгүй орхисугай

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д заасныг баримтлан хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  140.400 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ДЭНСМАА

 

                                     ШҮҮГЧИД                           Г.БОЛОРМАА        

 

                                                                                            Д.ГАНЗОРИГ