Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 305

 

“Ч т” ХХК-ийн гомдолтой, нийслэлийн Мэргэжлийн хяналтын

газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын

хяналтын хэлтсийн Эм биобэлдмэлийн

 хяналтын улсын байцаагчид холбогдох

 зөрчлийн хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

       Даргалагч, шүүгч:        Х.Батсүрэн

       Шүүгчид:                      М.Батсуурь

                                             Б.Мөнхтуяа

                                             Ч.Тунгалаг

       Илтгэгч шүүгч:             Г.Банзрагч

       Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа

Гомдлын шаардлага: “нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0066924 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2020/0244 дүгээр шийдвэр,

 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 367 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, өмгөөлөгч Я.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Д, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Б-Э нарыг оролцуулж,

Гомдол гаргагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2020/0244 дүгээр шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн Эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан гаргасан “нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн Эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0066924 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “Ч т” ХХК-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 367 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 244 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч “Ч т” ХХК-ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Гомдол гаргагч “Ч т” ХХК-иас нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 244 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 367 дугаар магадлалыг эс зөвшөөрч, шүүхүүд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна.

4. Шүүхүүд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд

 Гомдол гаргагч “Ч т” ХХК нь хариуцагч нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн улсын байцаагч Д.О-ийг “Ч т” ХХК нь импортоор эм, эмнэлгийн хэрэгсэл оруулахад шаардагдах лицензийн мэдүүлгийг бүрдүүлсэн үйл баримтыг зөрчил гэж үзээд шалган шийдвэрлэхдээ хууль зүйн фактад нийцэхгүй, компанийн гаргаагүй үйлдлийг компанийн зөрчил болгож хариуцлага хүлээлгэснийг хуульд нийцээгүй гэж маргаж байгаа болно. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино” гэж, 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэж, 2.1 дүгээр зүйлийн 3-д “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна” гэж, мөн зүйлийн 5-д “Зөрчил үйлдсэн хүнд шийтгэл оногдуулсан нь тухайн зөрчлийг үйлдсэн хуулийн этгээдийг шийтгэл, албадлагын арга хэмжээнээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус заасан байна.

5. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 болон 5 дахь заалтуудаас харвал “хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө зөрчил гаргах” гэсэн ойлголт хүний үйлдсэн зөрчил хуулийн этгээдэд хамааралтай боловч зөрчил гаргасан тухайн хүн хариуцлага хүлээнэ гэсэн хоёр өөр зарчмыг агуулсан байна. Гомдол гаргагч “Ч т” ХХК нь Польш Улсын “ISPL MEDICAL” компанитай гэрээ байгуулан АНУ-ын “МЕDТRONIC INC”, Япон Улсын “ТЕRUMO”, Польш Улсын “BALTON”, АНУ-ын “ТНRЕЕ РIRERS” компаниудын бүтээгдэхүүнүүдийг худалдан авах итгэмжлэл, зөвшөөрөлтэй. Дээрх компаниудын эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, нүдний эм хэрэгсэл, лабораторийн оношлуур, урвалж хэрэгслийг Монгол Улсад импортлох ХХ-09/23/3384 тусгай зөвшөөрөл эзэмшигч компани юм. Манай компанийн Хангамжийн албаны дарга М.Б нь ажлын байрны тодорхойлолтын дагуу “Эмнэлгийн хэрэгсэлд импортын лиценз үүсгэх, гаалийн бүрдүүлэлт хийх үүргийг хүлээдэг.

6. М.Б нь ажил үүргийн хуваарийн дагуу компанийн нэр дээр 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Япон Улсын “ТЕRUМО Соrрогtion” компанийн “судасны дамжуулагч гуурс”-ны Эм эмнэлгийн хэрэгслийн импортын /экспорт/ 003/19/6443 дугаартай лицензийг авахаар баримт бүрдүүлэх мэдүүлэгтээ “үйлдвэрлэгчийн нэр” хүснэгтэд “ТЕRUМО” гэж бичих байсныг урьд өдөр нь бичиж байсан мэдүүлгээ ашиглан бөглөхдөө “МЕDТRONIC INC” гэдэг нэрийг солихгүйгээр лиценз үүсгэн, “ISPL MEDICAL” компанийн итгэмжлэл, зөвшөөрөл, худалдааны гэрээг хавсарган гаалийн бүрдүүлэлт хийсэн байсан. М.Б-ийн энэ үйлдэл нь санаатай болоод Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3-д заасан “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө” гэсэн диспозитив шинж байхгүй байсан.

7. Учир нь манай компани дээрх “МЕDТRONIC INC”, “ISPL MEDICAL” компаниудаас гадна Япон Улсын “ТЕRUМО Соrрогtion” компанийн барааг оруулах тусгай зөвшөөрөлтэй тул аль ч компанийн барааг оруулахад нуух, хаах, далдлах шаардлага байгаагүй. Эдгээр компанийн бараа нь Монгол Улсад оруулахад хориглосон эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, нүдний эм хэрэгсэл, лабораторийн оношлуур, урвалж хэрэгсэл биш, бүгд тусгай зөвшөөрөлтэй, зөвхөн лиценз үүсгээд л бичигдэж гардаг хялбар ажиллагаа тул манай компани хуурч мэхлэх шаардлага огт байгаагүй тул Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3-д заасан зөрчлийн шинжийг агуулаагүй байхад шүүхүүд уг хуулийн заалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй байна. Шүүхүүд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн улсын байцаагчийн актыг зөвтгөхдөө гомдол гаргагчийг “техникийн алдаа гаргасан гэж үзэх боломжгүй” гэжээ.

8. Ингэхдээ яагаад техникийн алдаа гэж үзээгүйгээр хууль зүйн үндэслэл болон нотлох баримтад үндэслэн дүгнээгүй нь шүүхийн шийдвэр “хууль ёсны бөгөөд нотлох баримтад үндэслэсэн байх” зарчимд нийцээгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д “Анхан шатны шүүхийн шийдвэр болон магадлал, тогтоолд үг, үсэг, тооны зэрэг илэрхий алдаа байгаа бол тухайн шийдвэрийг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүн залруулга хийж болно” гэж заасан байгаагаас үзвэл шүүх ч техникийн шинжтэй алдаа гаргадаг гэдгийг хууль тогтоогч нар тогтоосон байхад анхан болон давж заалдах шатны шүүхүүд яагаад гомдол гаргагч компанийн гаргасан “техникийн алдааг” алдаа гэж үзэхгүй зөрчил болгож байгаа талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй.

9. Хариуцагч зөрчлийн хэргийг шалгах явцдаа М.Б-ийн гаргасан үйлдэлд зөрчлийн хэргийн шинж байгаа эсэх, лицензийг буруу мэдүүлсэн талаар хэзээ хэнээс мэдсэн, үүний дагуу ямар арга хэмжээг компанийн зүгээс авсан талаар, мөн энэ үйлдлийн улмаас хэнд ямар хохирол учруулсан, эсвэл хэн ямар хэмжээний ашиг олсныг, дээрх эм, эмнэлгийн хэрэгслийг импортоор оруулж ирэх болсон шалтгаан, нөхцөл зэргийг Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасны дагуу шалгаж тогтоох зайлшгүй шаардлагатай байсан боловч энэ талаар шүүхүүд дүгнэлт өгөөгүй, уг хуулийн заалтыг хэрэглэх ёстой байхад хэрэглээгүй. Мөн Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.5-ын 3.1-д заасан “Хуулийн этгээдийн эсрэг мэдүүлэг өгч байгаа бол”, 3.5-ын 3.2-д заасан “Тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогчоор оролцож байгаа бол хуулийн этгээдийг төлөөлж болохгүй” гэсэн заалтыг зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

10. Ийнхүү шүүхүүд хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасны дагуу нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 244 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 367 дугаар магадлалыг хүчингүй болгож, гомдлыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.   

ХЯНАВАЛ:

11. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

12. Хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн Эм биобэлдмэлийн улсын байцаагч нь маргаан бүхий 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0066924 тоот шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч “Ч т” ХХК-д “Импортын лицензийг буруу мэдүүлсэн” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 6.6 дахь зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

13. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6. “Дараахь эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ:”, 6.10. “мэргэжлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн...6.6, ...дүгээр зүйлд заасан зөрчил”; 6.11. “гаалийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ...6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, ...дүгээр зүйлд заасан зөрчил” гэж тус тус заасан байна.

14. Гэтэл шүүхүүд хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын “Эм биобэлдмэлийн” улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 6.6 дахь зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчлийг шалган шийдвэрлэж, шийтгэл оногдуулах эрхтэй эсэхийг шалгаагүй нь буруу байх тул холбогдох баримтыг цуглуулж дүгнэлт өгөх хэрэгтэй.

15. Мөн гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Гомдол гаргагч нь Польш Улсын “ISPL MEDICAL” компанитай гэрээ байгуулан АНУ-ын “МЕDТRONIC INC”, Япон Улсын “ТЕRUMO”, Польш Улсын “BALTON”, АНУ-ын “ТНRЕЕ РIRERS” компаниудын бүтээгдэхүүнүүдийг худалдан авах итгэмжлэл, зөвшөөрөлтэй, эдгээр компаниудын эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, ..-ийг Монгол Улсад импортлох ХХ-09/23/3384 тусгай зөвшөөрөл эзэмшигч юм. Тус компанийн ажилтан М.Б нь ... урьд өдөр нь бичиж байсан мэдүүлгээ ашиглан бөглөхдөө “МЕDТRONIC INC” гэдэг нэрийг солихгүйгээр лиценз үүсгэн, “ISPL MEDICAL” компанийн итгэмжлэл, зөвшөөрөл, худалдааны гэрээг хавсарган гаалийн бүрдүүлэлт хийсэн байсан... манай компани дээрх “МЕDТRONIC INC”, “ISPL MEDICAL” компаниудаас гадна Япон Улсын “ТЕRUМО Соrрогtion” компанийн барааг оруулах тусгай зөвшөөрөлтэй тул аль ч компанийн барааг оруулахад нуух, хаах, далдлах шаардлага байгаагүй. Эдгээр компанийн бараа нь Монгол Улсад оруулахад хориглосон эм, эмнэлгийн хэрэгсэл, ... биш, бүгд тусгай зөвшөөрөлтэй, зөвхөн лиценз үүсгээд л бичигдэж гардаг хялбар ажиллагаа тул хуурч мэхлэх шаардлага огт байхгүй тул Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3-д заасан “хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө зөрчил гаргах” гэсэн шинжийг агуулахгүй...” гэсэн энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 5-8-д заасан хяналтын гомдлыг шууд үгүйсгэх боломжгүй байх тул холбогдох баримтыг цуглуулж, хэргийн үйл баримтыг тодруулж дүгнэх шаардлагатай байна.

16. Тухайлбал, “Ч т” ХХК-ийн эзэмшиж буй гэх “ISPL MEDICAL” компанийн Үйлдвэрлэгчийн зөвшөөрөлд нэрлэн заасан /1 дэх хавтаст хэргийн 161 дэх тал/ бүтээгдэхүүний төрөлд тус компанийн импортолсон /импортын лицензийг буруу мэдүүлсэн гэх/ “судасны дамжуулагч гуурс” нь хамаарч байгаа эсэхийг шалгах, ингэснээр “Ч т” ХХК буюу тус компанийн ажилтан М.Б нь огт зөвшөөрөлгүй барааг зөвшөөрөлтэй мэтээр импортын лицензийг буруу мэдүүлсэн үү, эсхүл зөвшөөрөлтэй барааг буруу мэдүүлсэн үү гэдгийг тогтоох, хэрэв зөвшөөрөлтэй барааг буруу мэдүүлсэн бол үүнийг ямар үндэслэлээр “хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө зөрчил үйлдсэн” үзэж байгаа, өөрөөр хэлбэл ийнхүү буруу мэдүүлэх нь гомдол гаргагч хуулийн этгээдэд ямар ашигтай зэргийг тодруулж, хэргийг шийдвэрлэх нь Зөрчлийн тухай хуулийн зорилгод нийцнэ.

17. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх маргаан бүхий зөрчлийн агуулга буюу зорилгыг шалгаж тогтоолгүйгээр зөвхөн “үйлдвэрлэгчийн нэрийг сольж, гаалийн бүрдүүлэлт хийлгэхээр хүргүүлсэн тогтоогдож байна...” гэх хэлбэрийн шинжтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

18. Иймд, шүүх бүрэлдэхүүн дээр дурдсан үндэслэлийг тодруулалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар тогтов.    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2020/0244 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 367 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гомдол гаргагчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.БАТСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                               Г.БАНЗРАГЧ