Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 213/МА2022/00017

 

Хаан банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

*******, *******, *******, ******* нарт холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Насанжаргал, В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 131/ШШ2022/00252 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч *******,

 *******,

*******,

******* нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэг 220,459,441 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, Хаан банк ХХК-тай байгуулсан 2020 оны 10 сарын 27-ны өдрийн БГҮ202045723646 болон мөн өдрийн Хөдлөх хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чингисийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Наран/ цахимаар/, Н.Саруул, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чингис, хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Отгонтөгс, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О.Батцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар  Х.Дамбажав нар оролцов.

Нэхэмжлэгч Хаан банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч *******, ******* болон ******* нь Хаан банкны Баянхонгор Хонгор салбараас 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ/202045723646 тоот гэрээ барьцаалсан зээлийн гэрээ байгуулан 200.000.000 /Хоёр зуун сая/төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээл авсан. Зээлийн барьцаанд итгэмжлэлээр О.Батцэцэг /нэг иргэний өмч/ өмчлөлийн Улсын бүртгэлийн Г0320003609 тоот дугаартай Баянхонгор 3 дугаар баг, Дуурсах мянгат 17 гудамж, 1711 тоот 415 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, ******* /нэг иргэний өмч/ Улсын бүртгэлийн Ү0320003855 тоот дугаартай Баянхонгор 4 дүгээр баг, Угалз 1 байр, 27 тоот 40,76 мкв талбайтай орон сууц, Баянхонгор аймгийн аюулгүйн нөөцөд өвс нийлүүлэх гэрээ, БНН дугаартай ачааны машин, 45 хүний суудалтай автобус зэргийг тус тус барьцаалуулсан.

Зээлдэгч нь 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар үндсэн зээл 24,486,886.75 төгрөг, зээлийн хүү 13,534,813.61 төгрөг нийт 38,021,700.36 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар нийт 162 хоног хугацаа хэтрүүлэн өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй байгаа тул банкнаас зээл төлөх мэдэгдлийг 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр, 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр тус тус хүргүүлсэн боловч зээлдэгч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй байна. Иймд банк зээлийн гэрээнд заасны дагуу дараах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна. Үүнд: 1. 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар дараах зээлийн төлбөр гаргуулах 2.    Үндсэн зээлийн төлбөр 175.513.113 3.    Зээлийн хүүгийн төлбөр 27.586.618 4.    Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 0 төгрөг нийт 203.099.731 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгө болох О.Батцэцэг /нэг иргэний өмч/ өмчлөлийн Улсын бүртгэлийн Г0320003609 тоот дугаартай Баянхонгор 3 дугаар баг, Дуурсах мянгат 17 гудамж, 1711 тоот 415 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, *******/нэг иргэний өмч/ Улсын бүртгэлийн Ү0320003855 тоот дугаартай Баянхонгор 4-р баг, Угалз 1 байр, 27 тоот 40,76 мкв талбайтай орон сууц, 1154 БНН дугаартай ачааны машин, 45 хүний суудалтай автобус зэрэг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгч Хаан банк ХХК шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: 

ХААН банкны Баянхонгор салбар нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зээлдэгч *******, иргэн *******, ******* нарт холбогдуулан 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ/202045723646 тоот гэрээ барьцаалсан зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөр нийт 203.099.731 төгрөг гаргуулах, БГҮ202045723646 тоот барьцааны гэрээний дагуу зээлийн барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий №5225/10/729 тоот нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөр тасалбар болгон нэхэмжлэлийнхээ үнийн дүнг дараах байдлаар нэмэгдүүлэн нэхэмжилж байна. Үүнд;

 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацааны байдлаар 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ/202045723646 тоот гэрээ барьцаалсан зээлийн гэрээний дагуу дараах төлбөр нэмж гаргуулах А/Зээлийн хүүгийн төлбөр 14.477.596.39 төгрөг Б/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2.882.114 төгрөг, нийт 17.5359.710.39 төгрөг Дээрх зээлийн хүүгийн төлбөр 14.477.596.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2.882.114 төгрөг, нийт 17.359.710.39 төгрөгийг хариуцагч *******, ******* нараас гаргуулах, Цаашид тус банк нь нийт: 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр, 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн нэхэмжлэлүүдийн шаардлагыг нэгтгэн ЗГ/202045723646 тоот гэрээ барьцаалсан зээлийн гэрээний хувьд үндсэн зээлийн төлбөр 175.513.113.25 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 42.064.214.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2.882.114 төгрөг, нийтдээ 220.459.442.10 төгрөгийг *******, *******, ******* нараас нэхэмжилж байгаа болно..гэжээ. 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наран анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлээ дэмжиж байна. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж тусгасан. Энэ нь Хаан банкны Баянхонгор аймаг дахь салбар болон зээлдэгч Хос Соронз ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч нартай холбоотой зээлийн гэрээний үүрэг юм. 

Баянхонгор аймгийн аюулгүй нөөцөд өвс нийлүүлэх гэрээ байгуулсан нь захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд байгуулсан гэрээний үүрэгтэй холбогдуулж гэрээнд шаардлагатай санхүүжилтийг бий болгохын тулд Хаан банкнаас 200,000,000 төгрөгийн зээлийн авсан. Тухайн зээлийн мөнгөөр өвсөө бүрэн гүйцэт нийлүүлж, өвс нийлүүлэх гэрээний үүрэг нь 100 хувь хангагдсанаар Хаан банкны зээлийн төлбөр бүрэн төлөгдөж дуусах нөхцөлтэй байсан. Хаан банк нь зээлдэгчийн хүссэний дагуу 200,000,000 төгрөгийг олгосон байдаг. Энэ зээл олгосон гэдэгтэй хариуцагч тал маргадаггүй. Өөрөөр хэлбэл зээл олгосон процесстой маргаан үүсгээгүй. Хариуцагч талаас гаргасан сөрөг нэхэмжлэл нь зөвхөн барьцааны гэрээг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Энэ барьцааны гэрээг хүчингүй болгуулах хуулийн үндэслэл нь маш тодорхойгүй байдаг.

Зээл олгосон ажиллагаа нь Хаан банк, Хос Соронз ХХК-ний хооронд байгуулагдсан. Өвс нийлүүлэх гэрээ нь аймгийн Засаг даргын тамгын газар, Хос Соронз ХХК-ийн хооронд байгуулагдсан тус тусдаа гэрээний үүрэг шаардахаар байдаг. Банктай байгуулсан зээлийн гэрээнд барьцааны гэрээг байгуулахдаа өвс нийлүүлэх гэрээтэй холбоотой шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан. Манайхаас зээлийн гэрээний дагуу тогтоосон хугацаанд нь зээлийн мөнгийг хийсэн, өвс нийлүүлэх гэрээний хувьд аймгийн Засаг даргын тамгын газраас мөн тогтоосон хугацаанд урьдчилгаа 90,000,000 төгрөгийн санхүүжилтийг хийсэн байдаг. Гэтэл өвс нийлүүлэх гэрээний үүрэг зөрчигдөж эхэлснээр дагаад зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн. Гэхдээ өвс нийлүүлэх гэрээний үүргийн хэрэгжилт нь захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд үүссэн асуудал. 

Энэ нь Хаан банкинд ямар нэгэн хамааралгүй, банк зээлийн гэрээний үүрэг хэрэгжих боломжгүй болсон буюу зээлдэгч компани дампуурсан, зээлдэгч нарын бизнесийн үйл ажиллагаа нь доголдол үүссэн, зогссон тохиолдолд шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу Засаг даргын тамгын газраас тодорхой хэмжээний зээлийн төлбөрийг гаргуулах нөхцөл байдал үүсэх байсан. Тиймээс шаардах эрх шилжүүлэх гэрээний үүргийг талуудаас шаардаагүй, зөвхөн зээлийн гэрээний үүргээ зээлдэгч нараас шаардсан. Зээлдэгч нарын зүгээс зээлийн төлбөрийг төлөхгүй гэж маргаагүй. Шүүхэд ирүүлсэн хариу тайлбараас харахад эхний ээлжид зээлдэгчтэй эвлэрэх талаар ярьж байгаа асуудал нь аймгийн Засаг даргын тамгын газар гэрээний дагуу бүрэн санхүүжилт хийгдээгүй гэх асуудлаар маргаантай байгаа гэдгээ илэрхийлсэн.

Өмнө нь аймгийн Засаг даргын тамгын газрыг гэрээний үүргээ биелүүлээгүй гэх асуудлаар маргаан үүсгэж байгаагүй бөгөөд банкинд зээлээ төлнө гэсэн тайлбарыг гаргасаар ирсэн. Зээлдэгч нар зээлээ төлөхгүй байсан учир тодорхой хугацаанд харсан боловч зээл төлөгдөхгүй байсан учир яах аргаггүй шүүхэд хандсан. Шүүхэд хандсанаас хойш аймгийн Засаг даргын тамгын газартай холбоотойгоор өвс нийлүүлэх гэрээний асуудал, хуурамч баримт гаргуулсан гэх асуудлууд яригдаж эхэлсэн. Нэгэнт зээл авсан учир төлөх нь үнэн юм. Тиймээс 220,459,442 төгрөгийн зээлийн төлбөрийг зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нараас гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан. Сөрөг нэхэмжлэлтэй холбоотойгоор барьцаа хөрөнгийг хуульд заасан шаардлагын дагуу барьцаа хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлсэн учир хуульд заасан шаардлага хангасан барьцаа хөрөнгийг хүчингүй болгуулах үндэслэл байхгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ХААН банкны Баянхонгор салбараас ******* нь гэрээ барьцаалан богино хугацааны зээлийг авсан ба тус зээлийн гэрээнд миний бие хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан.

гэрээний хугацаа зөрчигдсөн. Гэрээ барьцаалсан зээл гэдэг нь ******* нь *******тай 2020 оны 09 сарын 23-ны өдрийн 2020/140 дугаартай Баянхонгор аймгийн Аюулгүйн нөөцөд өвс нийлүүлэх ажлын гэрээ хийгдсэн ба тус ажлын гэрээний нийт дүн 345.000.000 төгрөг байхаар тохиролцсон гэрээ юм.

 Тус ажил гүйцэтгэх гэрээг барьцаалан зээлийн гэрээ хийж байгаа учраас ажил гүйцэтгэх гэрээний захиалагч тал болох ******* Д.Мөнхсайхантай шаардах эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. ******* нь Баянхонгор аймгийн засаг даргатай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлж, акт үйлдэж ажлыг дуусгавар болгосон боловч захиалагч тал үүргээ биелүүлж санхүүжилт олгоогүй байгаа учраас ХААН банктай байгуулсан зээлийн

 Иймд шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу Баянхонгор аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан нь үүрэг хүлээж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ. 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чингис анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн төлөөлөгч миний бие шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлийнхээ үндэслэл, шаардлагыг тайлбарласан тайлбараа бүрэн дэмжиж байна. Нэгдүгээрт нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг зээлийн төлбөрөө төлөхгүй гэж маргаагүй гэх байдлаар үндэслэлээ тодорхойлж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргаж байгаа учраас эвлэрлийн гэрээ байгуулагдахгүйгээр шүүхийн хэлэлцүүлгийн шат явагдаж дуусаж байгааг анхаарах хэрэгтэй.

- Үндсэн нэхэмжлэлийн шаардлага, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн болон хэрхэн яаж тооцооллоо гаргасан нь тодорхойгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна.

Хоёрдугаарт Шаардах эрх шилжүүлэх гэрээний анхдагч үүрэг гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүйн улмаас зээлээ төлөх боломжгүй болсон учир энэ асуудлыг шийдсэний дараа зээлийн гэрээний үүрэг биелэгдэнэ гэсэн байр сууртай байгаа учир маргаантай асуудал юм. Хамтран хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 30,000 ширхэг өвс нийлүүлсэн актыг хуурамч, акт дээрх бүх гарын үсгийг дурайлгаж зурсан гэх асуудлыг ярьсан. Энэ акт дээр байгаа гарын үсгийг нэг хүн зурсан уу, нэр дурдагдсан хүмүүс бүгд гарын үсгээ нөхөж зурсан уу гэдэг асуудал нь эргэлзээтэй.

Энэ нотлох баримтыг харахад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтын шаардлага хангасан буюу эх хувиар хариуцагч нарын нотлох баримтад байдаг.

Шүүхэд нотариатаар гэрчлүүлсэн хувийг өгсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ нотлох баримт хуурамч гэж хэлдэг боловч эрх бүхий байгууллагад гомдлоо гаргаж шалгуулсан талаар баримт байхгүй.

Тэгэхээр энэ нотлох баримтыг хуурамч гэж хэрхэн яаж үнэлж байгаа асуудал нь эргэлзээтэй. Нотлох баримтыг үгүйсгэж байгаа нотлох баримтууд хэрэгт авагдсан гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарласан. Хамтран хариуцагч нарын тайлбартаа хавсаргасан 49 хуудас нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй учир тус хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар үнэлэх боломжгүй нотлох баримтууд байна гэж хариуцагчийн зүгээс дүгнэж байна.

 Шаардах эрх шилжүүлэх гэрээ нь аймгийн Засаг дарга, Хос Соронз ХХК, Хаан банк нарын хооронд байгуулсан 3 талт гэрээ юм. Гэрээ нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасан. Тухайн гэрээний гол агуулга нь Иргэний хуулийн 234 дүгээр зүйлд заасан баталгааны гэрээний нэг хэлбэр юм. Тиймдээ ч шүүхийн хэлэлцүүлгийн асуулт хариултын явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Саруул нь гэрээ барьцаалсан зээлийн гэрээ учир бид богино хугацаанд олгосон гэдгийг хүлээн зөвшөөрсөн.

Тиймээс зээлийн барьцааны зүйл нь ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний үнийн дүн нь 241,000,000 төгрөг учир 200,000,000 төгрөгийн гэрээний баталгааг бүрэн хангасан байтал нэмж үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, эрхийн гэрээг барьцаалсан нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.2 дахь хэсэгт зааснаар гэрээ байгуулагдсан байж болно хожим нь тухайн гэрээ нь гэрээний талуудын хэн алных нь эрх ашигт ноцтойгоор хохирол учруулахаар бол гэрээ нь хүчин төгөлдөр бус байна гэсэн гэрээний стандарт нөхцөлийг зөрчсөн гэж үзэж байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчиж байгуулсан эдгээр барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: 

Аймгийн засаг даргаас *******-ийн захирал *******тай 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/140 дугаар Баянхонгор аймгийн Аюулгүйн нөөцөд өвс нийлүүлэх гэрээг байгуулсан. Гэрээний 3-т нийт үнийн дүн 345.000.000 төгрөгөөр санхүүжилтийг зааж, урьдчилгаа 27 хувь болох 93.150.000 төгрөгийг гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 5 хоногт багтаан шилжүүлнэ. Үлдэгдэл 251.850.000 төгрөгийг 50, 70 хувийн гүйцэтгэлээр олгож, эцсийн санхүүжилтийг 100 хувь гүйцэтгэн комисст хүлээлгэн өгсний дараа ажлын гүйцэтгэл, акт, бусад холбогдох баримтыг үндэслэн олгож, 345.000.000 төгрөгийн үнийн дүнд 30.000 боодол өвсийг нийлүүлэх ажлыг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр эхэлж, 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд хүлээлгэн өгч гэрээний хугацаа дуусахаар талууд харилцан тохиролцсон. 

Гэрээнд заасны дагуу *******-аас төлбөрийн 93.150.000 төгрөгийн нэхэмжлэл ирүүлсний дагуу 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 5246347527 дугаар данс руу эхний 27 хувийн санхүүжилт олгосон.

Харин ******* нь урьдчилгаа 93.150.000 төгрөгийн үнийн дүнгийн дагуу 3 удаагийн өвс буулгалтаар буюу

-2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн өвс хүлээн авсан комиссын акт 1344 боодол өвс,

-2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Өвс хүлээн авсан комиссын акт 684 боодол өвс,

-2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн өвс хүлээн авсан комиссын акт 638 боодол өвс, нийт 8043 боодол өвсийг нийлүүлснийг тухай бүр аймгийн засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг хүлээн авсан бөгөөд тус хүлээлгэн өгсөн өвсийг гэрээнд заасан үнийн дүнгээр бодоход 11.500*8043=92.494.500 төгрөгийн өвсийг хүлээлгэн өгсөн.

Тус компани буюу ******* нь 57*11.500=655500 төгрөгийн өвсний өртэй үлдсэн. Үлдэгдэл 21957 боодол өвсийг яаралтай нийлүүлэх талаар тухай бүр шаардаж, гэрээний хугацаа дуусах талаар тухай бүр анхааруулахад ******* нь өвс тээвэрлэх тээврийн зардал нэмэгдчихээд өвс ачих машин олдохгүй байна, хол явж өвс олж байна, хол явсан боловч тухайн газруудаас өвсийг өндөр үнээр худалдан авах болоод байна, олдохгүй байна гэх шалтаг шалтгаануудыг тоочиж байсан. 

Ингээд цаг агаарын байдал хүндэрч цас орж аймгийн хэмжээнд өвөлжилт хүндэрч аймгийн хэмжээнд нөөц өвсний дутагдалд орсон учир *******-ийг өвс нийлүүлэх талаар удаа дараа шаардсан ч өвсөө нийлүүлээгүй тул 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 17 дугаар албан бичгээр гэрээг цуцлах талаар мэдэгдсэн гэжээ. 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Анхцэцэг анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Хос Соронз ХХК-ийн зүгээс 100 хувь өвсөө нийлүүлээгүй. Урьдчилгаа 93 сая төгрөгт тохирох өвс бол нийлүүлсэн, гэхдээ дутуу нийлүүлсэн.

 *******аас өвсний үлдэгдэл төлбөр болох 655,500 төгрөгийг авахаар холбогдох гэхээр эхнэр болон өөрөө утсаа огт авдаггүй байсан хүн гэнэт 2021 оны 12 дугаар сард намайг Улаанбаатар хотод сургалтад сууж байхад залгаад надаас даргын утсыг авч ярьсан байдаг.

 ******* даргатай ярихдаа Өмнөговь аймагт тендерт оролцох болоод байна, найздаа өвс 100 хувь нийлүүлсэн гэх тэмдэглэл бичиг баримт үйлдээд өгөөч, ганц удаа туслаач гэж гуйсан байдаг. Манай дарга зөвшөөрөхгүй, ямар ч боломжгүй гэсэн хариуг өгсөн боловч ганцхан удаа тусалчихаа, өөр зүйлд ашиглахгүй гэж гуйсаар байсан тул манай дарга зөвшөөрсөн, зөвшөөрөхдөө үлдэгдэл мөнгө болох 655,500 төгрөгөө хийчих гэж хэлээд хийлгэсэн тухайн үед үлдэгдэл мөнгөө хийгээд эхнэр Д.Отгонжаргал нь манай даргаас зуун хувь өвс нийлүүлсэн гэх хуурамчаар үйлдсэн баримтыг даргаас аваад явж байгаа камерын бичлэгт бичигдсэн байдаг. Тэр үедээ гуйж ийм зүйл хийлгэчихээд энэ баримтаа хууль шүүхийн байгууллагад үзүүлээд явж байгаа нь ямар учиртай юм.

 Өвс нийлүүлэх гэрээгээ цуцалсны дараа Хаан банкнаас авсан зээлээ хийхгүйгээр өөрсдөө ашиглачихаад яагаад ийм хүн чанаргүй үйлдэл гаргаж байгааг үнэхээр ойлгохгүй байна. Зуун хувь өвс нийлүүлсэн гэх баримт нь хуурамч зүйл. Санхүү, хяналтын аудитын тайлбар мэдээлэл нь засвар оруулсан зүйл байхгүй. Манай байгууллагад 100 хувь өвсөө нийлүүлээгүй хэр нь аймгийн Засаг даргын тамгын газраас 241,000,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх асуудал биш юм гэжээ.

 Хариуцагч *******, ******* нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

 ******* нь Баянхонгор аймгийн засаг дарга Д.Мөнхсайханы баталсан 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/140 дугаар Баянхонгор аймгийн Аюулгүйн нөөцөд өвс нийлүүлэх гэрээг байгуулан Баянхонгор аймгийн Сум дундын ойн анги орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт техникийн тодорхойлолтод тусгагдсан 345.000.000 төгрөгийн үнэ бүхий нарийн ширхэгтэй, бага насны мал тэжээх боломжтой, 18-20 кг-аар савласан 30.000 ширхэг өвсийг нийлүүлэхээр болж ажилласан. Тус гэрээг байгуулах болсон үндэслэл нь ******* нь орон нутгаас зарласан сонгон шалгаруулалтын нээлттэй зарын дагуу сонгон шалгаруулалтад оролцон тэнцэж тус гэрээг байгуулсан. 

Манай компани нь 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/140 дугаар Баянхонгор аймгийн Аюулгүйн нөөцөд өвс нийлүүлэх гэрээний үүргийг бүрэн гүйцэтгэх үүднээс ХААН банкны Баянхонгор салбараас ЗГ/202045723646 тоот зээлийн гэрээг байгуулахдаа Баянхонгор аймгийн засаг дарга Д.Мөнхсайханы баталсан 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/140 дугаар Баянхонгор аймгийн Аюулгүйн нөөцөд өвс нийлүүлэх гэрээг барьцаалан богино буюу 3 сарын хугацаатайгаар 200.000.000 төгрөгийг зээлсэн. ХААН банк нь гэрээ барьцаалсан зээлийн гэрээг олгохдоо үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө барьцаалахыг шаардаж 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн БГҮ202045723646 үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах гэрээгээр 

-1. Орон сууцны зориулалттай, Улсын бүртгэлийн Ү-0320003855 дугаартай, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр баг 1 байр 27 тоотод байрлах 40.76 мкв талбайтай *******ын өмчлөлийн орон сууц

- 2. Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай улсын бүртгэлийн ГО320003609 дугаартай, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг мянгат 17 гудамж, 1711 тоотод байрлах О.Батцэцэгийн өмчлөлийн газар 

Мөн өдрийн Хөдлөх хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээгээр 

1. Баянхонгор аймгийн Аюулгүйн нөөцөд өвс нийлүүлэх гэрээ /барьцааны зүйл үнэ 241.500.000/ 

2. 11-54 БНН улсын дугаартай ачааны зориулалттай Volvo FH12 маркийн автомашин 

3. 29-52 БНА улсын дугаартай 45 хүний суудалтай автобус зэрэг эд хөрөнгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаалсан. 

Гэвч дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчиж хийсэн хэлцэл байна.

 Учир нь Хаан банк нь *******-нд бизнесийн зээл олгохдоо Баянхонгор аймгийн засаг дарга Д.Мөнхсайханы баталсан 2020 оны 09 сарын 23-ны өдрийн 2020/140 дугаар Баянхонгор аймгийн Аюулгүйн нөөцөд өвс нийлүүлэх гэрээг барьцаалан зээлийн үнийн дүнгээр буюу 200.000.000 төгрөгийн үнийн дүнгээр шаардах эрх шилжүүлэх гэрээг хийсэн атлаа

 Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр баг 1 байр 27 тоотод байрлах 40.76 мкв талбайтай *******ын өмчлөлийн орон сууцыг өөрсдийн олгосон бизнесийн зээлээр хаалгуулж барьцаалбарын зүйл болгосон нь Банкны тухай хууль болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгө шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, барьцаа хөрөнгийн үнэлгээг тогтоох журмыг тус тус зөрчсөн байна.

Иймд ХААН банктай байгуулсан 2020 оны 10 сарын 27-ны өдрийн БГҮ202045723646 болон мөн өдрийн Хөдлөх хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д Барьцааны гэрээг бичгээр байгуулна..156.2-д Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана..гэж,

Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Банк иргэн, хуулийн этгээдэд өөрийн болзол, нөхцөлийн дагуу зээл олгож болох бөгөөд зээлийн хүүг өөрөө тогтооно..,

10.3-д Банкны зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна.., мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуулийн 19.3-т Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно..

мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ..гэж заасан бөгөөд ХААН банкны гэрээ барьцаалсан бизнесийн зээлийн журмын 9 дүгээр зүйл /Барьцаа хөрөнгөнд тавигдах шаардлага/ийн 9.1-д тухайн гүйцэтгэх гэрээ нь зээлийн барьцаа болно..,

 9.2-т Шаардлагатай тохиолдолд бусад хөрөнгийг нэмж барьцаалж болно.. гэж тус тус хуульчилж журамласан. Ийнхүү талуудын хооронд байгуулсан дээрх барьцааны гэрээ нь холбогдох хууль тогтоомж буюу Иргэний хууль, Банкны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуульд заасан шаардлагад нийцсэн гэрээ байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дурдсан хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. 

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О.Батцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа:

 Миний бие 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өөрийн өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай улсын бүртгэлийн ГО320003609 дугаартай Баянхонгор аймаг Баянхонгор сум 3 баг, 17 дугаар гудамж, 1711 тоотод байрлах газрыг ХААН банкны зээлийн барьцаанд барьцаалах эрхийг *******т олгосон эсэхээ санахгүй байгаа ба тэр талаарх баримт надад байхгүй байна.

 Миний өмчлөлийн газар нь ХААН банкны зээлийн барьцаанд байгааг шүүхээс холбогдоход мэдлээ. Иймд миний өмчлөлийн газрыг зээлийн барьцаанд тавьсан асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******, *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэг 220.459.442 төгрөг гаргуулж ХААН банк ХХК-нд олгож,

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ХААН банк ХХК, *******, О.Батцэцэг нарын хооронд хийгдсэн 2020 оны 10 сарын 27-ны өдрийн БГҮ202045723646 дугаар барьцааны гэрээний зүйл болох О.Батцэцэгийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Г0320003609 тоот дугаартай Баянхонгор 3-р баг, Дуурсах мянгат 17 гудамж, 1711 тоот 415 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, *******ын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү0320003855 тоот дугаартай Баянхонгор 4-р баг, Угалз 1 байр, 27 тоот 40,76 мкв талбайтай орон сууц, ХААН банк ХХК, ******* нарын хооронд хийгдсэн 2020 оны 10 сарын 27-ны өдрийн барьцааны гэрээний зүйл болох 1154БНН улсын дугаартай VOLVO FH12 маркийн ачааны автомашин, 2952БНА улсын дугаартай 45 хүний суудалтай автобус зэргийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 д заасныг баримтлан ХААН банк ХХК, *******, ******* нарын хооронд байгуулсан 2020 оны 10 сарын 27-ны өдрийн БГҮ202045723646 болон мөн өдрийн Хөдлөх хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.418.196 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч *******, *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамж 1.418.196 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХААН банк ХХК-нд олгож, хариуцагч *******-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чингис давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:   

Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, талуудын хооронд байгуулагдсан “******* нь 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ЗГ/202045723646 тоот зээлийн гэрээг байгуулахдаа Баянхонгор аймгийн Засаг Д.Мөнхсайханы баталсан 2020 оны 09 дүгээр 23-ны өдрийн дугаар 2020/140 “Баянхонгор аймгийн аюулгүйн нөөцөд өвс нийлэх гэрээ”-г барьцаалан богино буюу 3 сарын хугацаатайгаар 200000000 төгрөгийн зээлсэн.

Тус зээлийг 2020/140 дугаартай Баянхонгор аймгийн Аюулгүйн нөөцөд өвс нийлэх гэрээний үүргээ биелүүлэх үүднээс уг гэрээг барьцаалан авсан.

Хаан банкны зүгээс гэрээ / 2020/140 / барьцаалан зээл авч байгаа учраас 2020/140 дугаартай гэрээний захиалагч тал буюу анхны үүрэг гүйцэтгэгч Баянхонгор аймгийн засаг дарга Д.Мөнхсайхантай Шаардах эрхийг шилжүүлэх гэрээг/ дугаар ШД/202045723646 / байгуулсан.

Эдгээр гэрээнүүдээс 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ШД/202045723646 дугаартай гурвал талт шаардах эрх шилжүүлэх гэрээгээр хэн ямар эрх үүрэг хүлээсэн эсэх гэрээний үүргийн дагуу хамтран хариуцагч болох ******* Д.Мөнхсайхан нь хариуцагч *******-ийн хийж гүйцэтгэсэн ажлыг хугацаанд нь хүлээж авсан эсэх, шаардах эрх шилжүүлэх гэрээгээр хүлээсэн анхны үүрэг гүйцэтгэгчийн үүргээ биелүүлээгүй улмаас ******* болон хариуцагч *******, ******* нарт ямар хохирол учирсан талаар шүүх дүгнэлт өгч чадаагүйгээс болж, хариуцагч нарын хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдөж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа “... ******* нь 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ЗГ/202045723646 тоот зээлийн гэрээг байгуулахдаа ******* Д.Мөнхсайханы баталсан 2020 оны 09 дүгээр 23-ны өдрийн дугаар 2020/140 “Баянхонгор аймгийн аюулгүйн нөөцөд өвс нийлэх гэрээ”-г барьцаалан богино буюу 3 сарын хугацаатайгаар 200000000 төгрөгийн зээлсэн.

Тус зээлийг 2020/140 дугаартай Баянхонгор аймгийн Аюулгүйн нөөцөд өвс нийлэх гэрээний үүргээ биелүүлэх үүднээс уг гэрээг барьцаалан авсан.

Хаан банкны зүгээс гэрээ / 2020/140 / барьцаалан зээл авч байгаа учраас 2020/140 дугаартай гэрээний захиалагч тал буюу анхны үүрэг гүйцэтгэгч Баянхонгор аймгийн засаг дарга Д.Мөнхсайхантай Шаардах эрхийг шилжүүлэх гэрээг/ дугаар ШД/202045723646 / байгуулсан.

Манай компани нь 2020/140 дугаартай гэрээг 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бүрэн гүйцэтгэж захиалагч талд хүлээлгэн өгч гэрээг дүгнэсэн тэмдэглэл, өвс хүлээн авсан комиссын актыг үйлдэж гэрээний үүргээ гүйцэтгэсэн.

Гэвч захиалагч тал гэрээний үнийн дүн болох 345000000 төгрөгөөс ажил эхлэхэд 93150000 төгрөгийг өгсөн боловч үлдэгдэл 251850000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаагийн улмаас Хаан банктай байгуулсан зээлийн гэрээний үүрэг зөрчигдөх болсон.

Анхны үүрэг гүйцэтгэгч нь Шаардах эрхийг шилжүүлэх гэрээний 1.1, 2.1 -д тус тус заасан үүргээ биелүүлээгүйн улмаас манай компанид хохирол учирч байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар ******* Д.Мөнхсайханг хамтран хариуцагчаар татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь зөвхөн нэхэмжлэгч Хаан банк болон хариуцагч Хос Соронз ХХК, *******, ******* нарын хоорондын маргаан бус Шаардах эрх шилжүүлэх гэрээгээр Иргэний хуулийн 234 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээний батлан даагчийн үүргийг Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нь хүлээсэн болох нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл 2020 оны 10 дугаар 27-ны өдрийн ЗГ/202045723646 дугаартай 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/140 дугаар Баянхонгор аймгийн аюулгүйн нөөцөд өвс нийлэх гэрээг барьцаалсан бизнесийн зээлийн гэрээ, бизнесийн зээлийн гэрээний батлан даалтаар 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ШД/202045723646 дугаар Шаардах эрх шилжүүлэх гэрээнүүд нь хэргийн зохигч нарыг харилцан нөхцөлдүүлж үүрэг хүлээлгэсэн бөгөөд тус тусад нь салгаж дүгнэх боломжгүй гэрээнүүд болох харагдаж байна.

Гэвч шүүх эдгээр 3 гэрээг дүгнэхдээ тус бүрт нь салгаж зөвхөн Бизнесийн зээлийн гэрээний талуудын эрх, үүрэгт дүгнэлт хийж, шаардах эрх шилжүүлэх гэрээгээр үүрэг хүлээсэн Анхны үүрэг гүйцэтгэгч Д.Мөнхсайханы хүлээх үүрэг, хариуцлагад дүгнэлт хийлгүйгээр гэрээгээр хүлээсэн үүргээс зайлсхийх боломжийг олгосон байна.

Мөн үндсэн хариуцагч нар нь шүүхэд гаргасан хариу тайлбараа нотлох үүргийнхээ дагуу 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/140 дугаар Баянхонгор аймгийн аюулгүйн нөөцөд өвс нийлэх гэрээг 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бүрэн гүйцэтгэсэн талаарх нотлох баримт болох 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 12 дугаартай өвс хүлээн авсан комиссын акт, мөн өдрийн гэрээ дүгнэсэн тэмдэглэл зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хувийг өгнө...” гэсэн хуулийн шаардлагыг хангуулан нотариатаар гэрчлүүлсэн хувийг өгсөн байхад нотолгооны шаардлага хангасан нотлох баримтыг үнэлээгүй атлаа хамтран хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Анхцэцэгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болох “...*******-иас гаргаж ирүүлсэн 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 12 дугаартай өвс хүлээн авсан комиссын акт, мөн өдрийн гэрээ дүгнэсэн тэмдэглэл зэрэг нь *******-ийн захирал *******ын гуйлтын дагуу нөхөж хийгдсэн, хуурамч баримт...” хэмээн нотлох баримтгүй тайлбарыг үндэслэж Шаардах эрх шилжүүлэх гэрээний 1.2-т заасан ирээдүйд бий болох хөрөнгө нь бий болсон гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримтыг үнэлнэ гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна.

*******-иас шүүхэд гаргаж өгсөн 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 12 дугаартай өвс хүлээн авсан комиссын акт, мөн өдрийн гэрээ дүгнэсэн тэмдэглэл зэргийг үгүйсгэх нотлох баримтууд гэх хамтран хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбарт хавсаргасан нийт 49 хуудас нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хувийг өгнө...” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Үүнд:

1. Дансны хуулга гэх 1 хувь баримт

2. 2021 оны 01 дүгээр 27-ны өдрийн А/70 дугаартай Баянхонгор аймгийн Засаг даргын захирамж гэх 1 хувь

3. 2021 оны 03 дугаар 15-ны өдрийн Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт Аудитын албаны илтгэх хуудас гэх 25 хуудас материал /8, 13 дугаар хуудсууд засвартай/

4. Баянхонгор аймгийн Сум дундын Ойн ангийн 2020.11.26-ны өдрийн 17 дугаартай албан бичиг

5. 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Төлбөрийн хүснэгт, нэхэмжлэх гэх 2 хувь

6. 2020.10.17, 2020.10.29, 2020.11.02-ны өдрүүдийн Өвс хүлээн авсан комиссын акт гэх нийт 16 хуудас

7. Огноо байхгүй зарлагын баримт гэх баримт болон бусад 5 хуудас материалууд болно.

дээрх нийт 49 хуудас материалууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т зааснаар хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг шүүх хуульд заасны дагуу үнэлэхгүй байх, хэрвээ үнэлсэн бол хэрхэн үнэлсэн талаар шүүхийн шийдвэрт дүгнээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “...Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ...” мөн зүйлийн 40.3-т “...Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй...” гэж заасныг зөрчиж, хуулийг буруу тайлбарлан шийдвэрлэсэн.

Мөн эрх зүйн үр дагавартай бусад нотлох баримтыг хэрхэн үнэлсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 131/ШШ2022/00252 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу Давж заалдах шатны шүүх нь  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чингисийн давж заалдах журмаар бичсэн гомдлын үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд  нь хянахад:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчлийг анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах журмаар засах боломжгүй тул  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр  мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ХААН банк ХХК-нь *******, захирал *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 203.099.731 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсэн шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 17.359.710 төгрөгөөр нэмэгдүүлэн, нийт 220.459.442 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч, түүний төлөөлөгч эс зөвшөөрч ХААН банк ХХК, *******, ******* нарын хооронд байгуулсан 2020 оны 10 сарын 27-ны өдрийн БГҮ202045723646 болон мөн өдрийн Хөдлөх хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүсэн сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дугаар зүйлд “шаардлагатай гэж үзвэл шүүх шийдвэрээ гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг хамтран хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасныг баримтлан хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр ******* Д.Мөнхсайханыг хамтран хариуцагчаар татан оролцуулж  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ.

Өөрөөр хэлбэл “шаардлагатай  гэж үзвэл”  гэх хуулийн үзэл санаа нь маргаанд хамтран үүрэг гүйцэтгэгч байхаас гадна нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад нийцсэн тохиолдолд шаардлага үүссэн гэж үзэж  шүүх өөрийн санаачилгаараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчийг татан оролцуулах эсэх асуудлыг шийдвэрлэхдээ шүүх зөвхөн нэхэмжлэгчийн зөвшөөрөлтэйгөөр гүйцэтгэх бөгөөд энэ талаар нэхэмжлэгч зөвшөөрсөн талаар хэрэгт баримт авагдаагүй байгаа нь дээрх хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн  гэж үзэх үндэслэл болж байна./ хавтаст хэргийн 67-69 дүгээр тал/

Мөн ХААН банк ХХК-ийн нэхэмжлэлдээ хавсаргаж шүүхэд ирүүлсэн  бизнесийн зээлийн гэрээ, барьцааны гэрээнүүд, шаардах эрх шилжүүлэх гэрээ, Улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 4-22 дугаар тал/, зээл төлөх мэдэгдэл /хэргийн 25-33 дугаар тал/, Засаг даргын захирамж болон бусад баримтууд /хэргийн 87- 143 дугаар тал/-д тус тус авагдсан нотлох баримтууд нь бүхэлдээ  нотлох баримтын шаардлага хангаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  44.2-т “бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө...” гэж заасныг зөрчсөн байх бөгөөд мөн зүйлийн 44.4-т “төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэж заасан зохицуулалтад хэргийн оролцогчид хамаарахгүй  болохыг анхааралгүйгээр  нотлох баримтад авч үнэлэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн  шаардлагад нийцээгүй байна.

Иймд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

 Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар  хариуцагч *******-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1260248 төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 131/ШШ2022/00252 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр  зүйлийн 59.3-д зааснаар хариуцагч *******-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.260.248  төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан  анхан болон давж заалдах шатны шүүх  хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл  зохигч талууд  давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

        ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ

                                            В.ЦЭЦЭНБИЛЭГ