Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 171

 

Г.С-ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын

Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч                   М.Батсуурь,            

Шүүгчид:                                Г.Банзрагч,  

                                               Б.Мөнхтуяа,

                                              Д.Мөнхтуяа,

Илтгэгч шүүгч:                     Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга:      С.Баяртуяа

Нэхэмжлэлийн шаардлага: “...Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Г.С намайг “Вайпер авто монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0612 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 77 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Г.С-ыг оролцуулан,

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0612 дугаар шийдвэрээр: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.С-ын “...“Вайпер авто монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар намайг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд 77 дугаар магадлалаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг баримтлан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0612 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгч Г.С-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгч Г.С хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч өөрөө хүсэж, холбогдох баримтуудыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр уг бүртгэлийг хийсэн, ...итгэмжлэл олгож байсан, ...төлбөрийн даалгавар 03-т нэгдүгээр гарын үсэг зурсан зэргээр тогтоогдож байх тул Г.С-ыг ...гүйцэтгэх захирлаар бүртгэсэн хариуцагч захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй...” гэж дүгнэн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрдөггүй. Компанийн бүртгэлд гүйцэтгэх захирлыг нэмж бүртгэхэд нэхэмжлэгчийн өөрийн хүсэлт биш компанийн хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигчдийн хүсэлт, шийдвэр байх ёстой гэж үзэж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр бүртгэснийг хууль зөрчсөн гэж үзнэ.

4. Мөн хуулийн этгээдийг улсын бүртгэлд шинээр бүртгэх тухай биш хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагыг бүртгэсэн асуудал буюу хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулахад хууль зөрчсөн тухай шаардаж байгаагаас биш анхнаасаа хуулийн этгээдийг бүртгэсэн тухай асуудал огт хамааралгүй юм. Гэтэл анхан шатны шүүхээс 2003 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байсан бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

5. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1382 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж байсан бөгөөд захирамжид заасан нөхцөл байдал арилж захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Ийм байтал давж заалдах шатны шүүхээс гомдолд дурдагдсан үндэслэлд дүгнэлт өгөхгүйгээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

6. Нэхэмжлэгч миний шүүхэд гаргаад байгаа нэхэмжлэл нь улсын бүртгэлийн байгууллага улсын бүртгэлд өөрчлөлт оруулахдаа хууль зөрчиж өөрчлөлт оруулсан, бүртгүүлэх тухай хүсэлтэд нэмж завсар хийн өөрчлөлт оруулсан тухай буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг ноцтой зөрчсөн тухай юм. Тухайлбал, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3 дахь хэсэг “...хүлээж авсан хүсэлт, эх нотлох баримт бичиг болон эрхийн улсын бүртгэлийн хувийн хэргийн бичилтэд) засвар хийх, гэмтээх, устгах, үрэгдүүлэх, нотлох баримтыг хууль бусаар нэмэх, хасах...” гэж зааснаар хүсэлтэд нэмж завсар хийсэн байдаг бөгөөд бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах эрхгүй этгээдийн хүсэлтийг үндэслэн өөрчлөлт оруулсанд гомдолтой байдаг.

7. Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4 дэх хэсэгт “...шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг болон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, эсхүл нэхэмжлэлийг хангах...” гэж зааснаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 612 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 77 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээлээ.

9. Нэхэмжлэгч Г.С-ын 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр гаргасан “Вайпер авто монголиа” ХХК-ийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа мэдээлэлд өөрчлөлт оруулах талаар буюу гүйцэтгэх захирлын албан тушаалаас В.Билгүүн чөлөөлөгдөж, гүйцэтгэх захирлаар Г.С томилогдсон тухайг бүртгүүлэх өргөдөл, үүнд хавсаргасан холбогдох баримтыг үндэслэн, тус компанийн  гүйцэтгэх захирал Г.С болох тухай бүртгэлийг 2013 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллага хийсэн; нэхэмжлэгч нь “...бичиг үсгийн алдаатай, шаардлага хангаагүй баримтад үндэслэсэн, ...би компанийн хувьцаа эзэмшдэггүй, үүсгэн байгуулагч биш байхад намайг захирлаар бүртгэсэн нь хууль бус” гэж маргажээ.

10. Уг бүртгэлийг хүчингүй болгуулахаар Г.С нь 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт гомдол гаргасан байх бөгөөд хариу өгөөгүй, шүүхэд 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.

11. Анхан шатны шүүх, нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацааг анхаарч, энэ талаар дүгнэх байтал, хийвэл зохих дүгнэлт хийлгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлэн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч,  захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэж, хуулиар тогтоосон хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн; давж заалдах шатны шүүх нь уг алдааг залруулж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь зөв байна.

12. Маргаан бүхий бүртгэлийг хийх үед хүчин төгөлдөр мөрдөж байсан Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 20 дугаар зүйлийн 20.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан улсын бүртгэлтэй холбоотой маргааныг шүүх шийдвэрлэнэ” гэснээр хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн бүртгэлтэй холбогдсон маргааныг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэх ба тухайн үед үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “иргэн, хуулийн этгээд дараахь тохиолдолд энэ хуулийн 6.1-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй: ...12.1.1.хуульд тусгайлан заасан;” гэж зааснаас үзвэл, энэ төрлийн маргааныг тухайн захиргааны байгууллагаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагагүй бөгөөд мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу тухайн акт /бүртгэл/-ыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

13. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч нь маргаан бүхий бүртгэлийг 2014 оны 4 дүгээр сарын 30-ны байдлаар мэдэж байсан нь тогтоогдсон ба хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хүлээн зөвшөөрч, маргаагүй, давж заалдах шатны шүүхээс “бүртгэл”-ийг нэхэмжлэгч мэдсэн гэх уг хугацааг тодорхойлж, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн үйл баримтыг зөв тогтоосон байна.

14. Үүнээс үзвэл, нэхэмжлэгч нь тухайн бүртгэлийг хүчингүй болгуулахаар “бүртгэл”-ийг мэдсэн болон хийгдсэн өдрөөс хойш бараг 5-6 жилийн дараа шүүхэд хандсан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасанд нийцэхгүй талаар дүгнэж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасанд нийцсэн байна.

15. Иймд, эдгээр үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан “...хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байхад давж заалдах шатны шүүх гомдолд дурдагдсан асуудалд дүгнэлт өгөхгүйгээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй” гэх гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.