Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 210/ма2022/01403

 

 

 

 

 

 

2022 07 27 210/МА2022/01403

 

 

Л.О , Д.Т г, П.Э , Д.Э ,

Н.Х , Я.Ж , Д.Т , Д.Б

нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 12ы өдрийн 101/ШШ2022/01648 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.О , Д.Т г, П.Э , Д.Э , Н.Х , Я.Ж , Д.Т , Д.Б нарын хариуцагч З ХХК -д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний төлбөрт илүү төлсөн 68,578,120 төгрөг, гэрээ зөрчсөнөөс учирсан хохиролд 16,349,634.31 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч З ХХК -ийн гэрээг хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн өмгөөлөгч О.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Худалдан авсан орон сууцны төлбөрийг гэрээнд зааснаар нэхэмжлэгч нар бүрэн төлж барагдуулсан. Гэтэл худалдан авсан орон сууцны талбай нь гэрээнд зааснаас дутуу байсан тул талбайн зөрүүг Т ХХК -ийн хэмжилтээр тооцож 68,578,120 төгрөг, гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохирол 16,349,634.31 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Үүнд нэхэмжлэгч Л.О 52.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1,550,000 төгрөгөөр авахаар тохирсон хэдий ч 6.22 м.кв талбай дутуу учраас 9,641,000 төгрөг, хохирол 4,212,533 төгрөг, нийт 13,853,533 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч Д.Т г 42 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1,200,000 төгрөгөөр авахаар тохирсон боловч 4.8 м.кв талбай дутуу учраас 5,760,000 төгрөгийг гаргуулах, нэхэмжлэгч П.Э 48 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1,210,000 төгрөгөөр авахаар тохирсон 6.78 м.кв талбай дутуу учраас 8,203,800 төгрөг, хохирол 781,660 төгрөг нийт 8,985,460 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч Д.Э 66.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1,550,000 төгрөгөөр авахаар тохирсон боловч 5.3 м.кв талбай дутуу учраас 8,215,000 төгрөг, хохирол 720,750 төгрөг, нийт 8,935,750 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч Н.Х 48 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1,150,000 төгрөгөөр авахаар тохирсон боловч 5.7 м.кв талбай дутуу учраас 6,555,000 төгрөг, 634,800 төгрөг, нийт 634,800 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч Я.Ж 66.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1,501,500 төгрөгөөр худалдан авахаар тохирсон байтал 5.88 м.кв талбай дутуу, 8,828,820 төгрөг, хохирол 2,341,330 төгрөг, нийт 11,170,150 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч Д.Т 52.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1,155,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон байтал 6.37 м.кв талбай дутуу учрас 9,873,500 төгрөг, хохирол 2,908,835 төгрөг, нийт 12,782,335 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч Д.Б 52.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1,155,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон байтал 7.42 м.кв талбай дутуу, 11,501,000 төгрөг, хохирол 4,829,979 төгрөг, нийт 16,330,979 төгрөгийг тус тус илүү төлсөн мөнгөө хариуцагчаас гаргуулна. 2019 онд гаргасан нэхэмжлэлийн шаардлага хэвээр, өнөөдрийг хүртэл банкинд хүү төлж хохирч байна. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар гомдлын шаардлагыг гаргадаг. Мөн хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар худалдан авагч нар эд хөрөнгийг хүлээн авахдаа доголдлыг мэдэж байсан, эсхүл мэдэх боломжтой байхад хүлээн авсан тохиолдолд шаардах эрхээ алддаг. Гэтэл нэхэмжлэгч нар орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авч 6 сар өнгөрсний дараа нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөхгүй. Анх талууд уг гэрээ, хэлэлцээрийг байгуулж байх хугацаанд бид зах зээлийн үнээс хэд дахин хямд үнээр худалдахаар тохиролцсон ба үүний хариуд байртай холбоотой ямар нэгэн гомдол санал гаргахгүй гэж тохирсон. Нэхэмжлэгч нарын нэмэгдүүлсэн шаардлагын хувьд эдгээр нэхэмжлэгчид банкнаас зээл авсан эсэх, тухайн зээлийг төлж дууссан эсэх нь тодорхойгүй, өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байгаагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлохгүй байна. Талуудын байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг аль нэг талын шахалтаар байгуулаагүй, нэхэмжлэгч тал гэрээний төлбөрийг хэрхэн яаж төлөх нь тэдгээрийн асуудал бөгөөд банкнаас зээл авсан явдалд манай компани ямар ч хамааралгүй. Мөн нэхэмжлэгчид ашиглаж байгаа орон сууцны ашиглалтын зардлыг хуульд зааснаар төлөх үүрэгтэй. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч нар зах зээлийн үнээс хэд дахин хямд үнээр авахаар тохиролцсон. Үүнийхээ хариуд орон сууцны гэрээтэй холбоотой маргаан гаргахгүй гэж байгуулчихаад хэсэг хугацааны дараа талбайн зөрүү үндэслэлгүй, гэрээ хэлцэлд заагдаагүй маргаан үүсгэн гүйцэтгэгч компанийг хариуцагчаар татан хохироож байна. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1, 58.3.3, 58.3.4 болон 59 дүгээр зүйлийн 59.2 дах хэсэгт зааснаар эдгээр нэхэмжлэгчид манай компанийг төөрөгдүүлснээс гадна хууран мэхэлсэн байна. Нэхэмжлэгч Л.О , Д.Т г, П.Э , Д.Э , Н.Х , Я.Ж , Д.Т , Д.Б нартай байгуулсан гэрээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга: Орон сууцыг тухайн зах зээлийн ханшаар тооцож авсан болохоос үнийг бууруулаагүй. Энэ компанийн санал болгосон үнээр худалдан авч үүргээ биелүүлсэн. Хариуцагч тал үндэслэлгүй сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь цаг хугацаа хожих арга гэж үзэж байна. Гэрээг байгуулахдаа зохигчдын хооронд хариуцагчийн гаргаж байгаа шиг тохиролцоо байгаагүй. Гэтэл үндэслэлгүйгээр тохиролцсон мэтээр сөрөг нэхэмжлэл гаргаж гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.2, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн хариуцагч З ХХК -аас нийт 77,764,123 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.О ад 12,496,657.61 төгрөг, нэхэмжлэгч Д.Т гт 5,760,000 төгрөг, нэхэмжлэгч П.Э т 8,203,800 төгрөг, нэхэмжлэгч Д.Э д 8,215,000 төгрөг, нэхэмжлэгч Н.Х д 6,555,000 төгрөг, нэхэмжлэгч Я.Ж т 10,176,570.14 төгрөг, нэхэмжлэгч Д.Т д 11,532,920.46 төгрөг, нэхэмжлэгч Д.Б д 14,824,175.41 төгрөгийг олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,163,631 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 58.3.1, 58.3.3, 58.3.4, 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасны баримтлан хариуцагч З ХХК -ийн гаргасан нэхэмжлэгч Л.О , Д.Т г, П.Э , Д.Э , Н.Х , Я.Ж , Д.Т , Д.Б нартай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,213,890 төгрөг, хариуцагчийн төлсөн 561,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас илүү төлсөн 115,856 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, хариуцагчаас дутуу төлсөн 3,544,249 төгрөгийг гаргуулж улсын орлогод болгох, мөн хариуцагчаас 1,206,240 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.О ад 226,967 төгрөг, нэхэмжлэгч Д.Т гт 107,110 төгрөг, нэхэмжлэгч П.Э т 146,211 төгрөг, нэхэмжлэгч Д.Э д 146,390 төгрөг, нэхэмжлэгч Н.Х д 119,750 төгрөг, нэхэмжлэгч Я.Ж т 192,725 төгрөг, нэхэмжлэгч Д.Т д 214,427 төгрөг, нэхэмжлэгч Д.Б д 267,087 төгрөгийг тус тус олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч З ХХК -аас шинжээчийн зардалд 1,986,002 төгрөгийг гаргуулж Э ХХК -д 400,000 төгрөг, И ХХК-д 849,002.00 төгрөг, У ХХК -д 737,000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, хэргийн үйл баримт болох цаг хугацааны талаар үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Өөрөөр хэлбэл, шүүх эрх зүйн дүгнэлт хийхдээ ажил гүйцэтгэх, худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтыг өөр хооронд нь хольж тайлбарлан хохирол шаардах эрхийн үндэслэлийг зөв тодорхойлоогүй байхаас гадна хөөн хэлэлцэх хугацааг буруу дүгнэсэн. Хэрэгт цугларсан ямар баримтуудаар гэрээнд заасан орон сууцны м.кв дутуу байгаа талаар огт хууль зүйн дүгнэлт хийгээгүй, хэргийн баримтаар орон сууцны м.кв дутуу байгаа нь нотлогдож байгаа тохиолдолд хуульд заасан шаардах эрхтэй эсэх, гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийх ёстой байтал хуулийн зохицуулалтын талаар тайлбарлаж дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй болжээ. Хэрэгт авагдсан дараах баримтуудаар нэхэмжлэгч нарын гэрээний үүрэг биелэгдсэн болох нь бүрэн тоггоогдож байна. Үүнд Л.О хариуцагчтай 2012 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан орон сууцны барилга барьж өгөх, хүлээн авах тухай байгууллага, хувь хүмүүсийн хооронд хийсэн гэрээгээр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 96 айлын орон сууцны барилга буюу 85Б байрны 07 тоотод байрлах 52.4 м.кв талбай бүхий орон сууцыг 81,200.000 төгрөгөөр худалдаж авсан ба 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авсан болох нь нотлогддог. 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Т ХХК -аас хийсэн хэмжилтээр м.кв дутуу болохыг олж мэдсэн байдаг. Д.Т г дээр дурьдсан гэрээгээр 85Б байрны 09 тоотод байрлах 42 м.кв талбай бүхий орон сууцыг худалдаж авсан ба 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авсан болох нь нотлогдож 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Т ХХК -аас хийсэн хэмжилтээр м.кв дутуу болохыг олж мэдсэн байдаг. П.Э дээр дурьдсан гэрээгээр 85Б байрны 14 тоот хаягт байрлах 48 м.кв талбай бүхий орон сууцыг худалдаж авсан ба 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авсан болох нь нотлогдож 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Сууц эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг ТББ-ийн хэмжилтээр м.кв дутуу болохыг олж мэдсэн байдаг. Д.Э дээр дурьдсан гэрээгээр 85Б байрны 19 тоот хаягт байрлах 66.6 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан авсан ба 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авсан болох нь нотлогдож 2013 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хийсэн хэмжилтээр м.кв дутуу болохыг олж мэдсэн байдаг. Н.Х дээр дурьдсан гэрээгээр 85Б байрны 28 тоот хаягт байрлах 48 м.кв талбай бүхий орон сууцыг худалдаж авсан ба 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авсан болох нь нотлогдож 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хийсэн хэмжилтээр м.кв дутуу болохыг олж мэдсэн байдаг. Я.Ж дээр дурьдсан гэрээгээр 85Б байрны 33 тоот хаягт байрлах 66.6 м.кв талбай бүхий орон сууцы худалдан авсан ба 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авсан болох нь нотлогдож 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хэмжилтээр м.кв дутуу болохыг олж мэдсэн байдаг. Д.Т дээр дурьдсан гэрээгээр 85Б байрны 34 тоот хаягт байрлах 52.4 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан авсан ба 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авсан болох нь нотлогдож 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хийсэн хэмжилтээр м.кв дутуу болохыг олж мэдсэн байдаг. Д.Б дээр дурьдсан гэрээгээр 852Б байрны 37 тоот хаягт байрлах 52.4 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан авсан ба 2013 он 02 дугаар сарын 15-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авсан болох нь нотлогдож 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хэмжилтээр м.кв дутуу болохыг олж мэдсэн зэрэг үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байхад шүүх энэ талаар баримтад тулгуурласан дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгч нарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүд гарснаар З ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн, нэхэмжлэгч нар төлбөрөө бүрэн төлсөн нөхцөл байдал тогтоогдож байна. Хэргийн баримтаар нотлогдож байгаа үйл баримтаас дүгнэвэл нэхэмжлэгч нар орон сууцны м.кв дутуу гэдгийг 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр, 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр, 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр олж мэдсэн байх ба тухайн доголдлыг орон сууцыг хүлээн авах үедээ болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авах үедээ мэдэх боломжтой байсан байхад шүүх энэ талаар оновчтой дүгнэлт хийгээгүй байна. Нөгөө талаар шүүхээс зөвхөн нэхэмжлэгч нараас гаргасан тооцооллын хүрээнд үндсэн нэхэмжлэлийг хангасан гэж үзэхээр байх ба гэрээний үүрэг нэхэмжлэгч нарын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсанаар дуусгавар болсон байхад Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалтыг баримтлан хохирол шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Гэтэл нэхэмжлэгч нар гэрээнээс татгалзсан, цуцалсан үйл баримт нотлогдоогүй байхад хохирол шаардсан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу. Нэхэмжлэгч нар хариуцагчтай гэрээ байгуулахдаа гэрээнд ...Хананаас хананы хооронд хийсэн хэмжилт...-ээр орон сууцны м.кв-ыг тооцсон. Энэ үед тусгаарлах хана, хамар хана, дотоод засал огт хийгдээгүй байсан болно. Харин сүүлд тусгаарлах хана, хамар хана, дотоод засал хийгдэж ашиглалтанд орж улмаар өмчлөх эрхийн гэрчилгээ захиалагч нарын нэр дээр гарсны дараа хэмжилт хийлгэж зөрүүг гарган гэрээгээр тохиролцсон м.кв дутуу байна гэж нэхэмжлэгчид үзэж 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Улсын Дээд шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 001/ХТ2021/00194 дугаар тогтоолын хянавал хэсэгт: ...орон сууцны талбайг 2009 онд батлагдсан стандартаар хэмжихэд ялгаа гарах эсэхийг тодруулах нь ач холбогдолтой гэж үзэв. Аксиом констракшн ХХК-ийн З ХХК -ийн 131 айлын орон сууцны барилгын ажлын 2010 оны зураг хэрэгт авагдсан байна гэснийг анхан шатны шүүх огт тодруулаагүй. Хэрэгт Т ХХК -ийн 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хийсэн хэмжилтийн тайлан, Сууц эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг ТББ-ийн хэмжилтээр нэхэмжлэгч нар орон сууцны м.кв дутуу гэдгийг мэдсэн, улмаар 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт гомдол гаргах хугацааг тодорхой заасан. Талууд гэрээ байгуулахдаа эд хөрөнгийн талаар баталгаат хугацаа гэрээндээ тогтоогоогүй учраас нэхэмжлэгч нар өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлж гомдолоо гаргах эрхтэй байдаг. Хуульд заасан нарийвчилсан зохицуулалтаас хугацааг тооцон үзвэл нэхэмжлэгчид 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан ба хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар хуульд заасан шаардах эрхээ алдсан байхад орон сууцны м.кв-ын зөрүүг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй байсан. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт хугацааг тодорхой заасан нь гомдлын шаардлага гаргаж хариуг авсаны дараа хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно гэж ойлгогддог. Гэтэл анхан шатны шүүх гомдол гаргах хугацаа, хөөн хэлэлцэх хугацааны талаар зөрүүгэй тайлбар хийж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.3.2, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт тус тус заасан хугацааны дотор шаардлага гаргах эрхтэй байхад шүүх шийдвэр гаргахдаа энэ талаар огт дүгнэлт хийгээгүй болохыг дурьдаж байна. Дээр дурьдсан нөхцөл байдлуудаар орон сууцны барилга барьж өгөх, хүлээн авах тухай байгууллага, хувь хүмүүсийн хооронд хийсэн гэрээний үүргүүд бүрэн биелэгдсэн болох нь нотлогдож байгаа ба орон сууцны дутуу м.кв-ын үнийг буцаан гаргуулах нэхэмжлэлийг гаргахдаа нэхэмжлэгч нар мэдсэн буюу мэдэх боломжтой байсан хуульд заасан хугацааг хэтрүүлж шаардах эрхээ алдсан байх тул хэрэгт цугларсан баримтын хүрээнд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох бүрэн боломжтой. Түүнчлэн, шүүхийн шийдвэрийн агуулга, бүтэц илтэд алдаатай байхаас гадна, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалт байхгүй байгаа зэрэг нь шүүхийн шийдвэрт тавигдах шаардлага хангахгүй байх тул энэ талаар магадлалд дурьдаж өгнө үү. Мөн анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг зөв тооцож чадаагүй алдаа гаргасан байх ба энэ алдааг давж заалдах шатны шүүх залруулах бүрэн боломжтой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Энэ маргаан үүссэнээс хойш 10 жил орчим хугацаа өнгөрсөн. Хариуцагч тал удаа дараа шүүх хуралдаанд ирдэггүй байсан. Өмнө нь шүүх хуралдаанд мэтгэлцэх зарчмаар хангаагүй гэж тайлбарласан бөгөөд одоо өгч байгаа тайлбартаа шүүхийг буруутгасан нь үндэслэлгүй. Аль нэг өнцгөөс хуулийн хүрээнд шүүхийн өмнө үнэн зөв тайлбар өгөх ёстой. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж хэрэг шийдвэрлэсэн шүүхийг буруутгасан нь үндэслэлгүй. Маргаан бүхий барилгыг хариуцагч тал 2008 оноос барьж эхэлсэн гэж тайлбарлаж байгаа боловч нотлох баримт байхгүй. Хамгийн сүүлд 2011 онд хариуцагч компаниас гаргасан тоот байдаг. Нэхэмжлэгч нар тухайн барилгыг 2013 онд худалдаж авсан. Хариуцагчийн өмгөөлөгч стандарт хамааралгүй гэж тайлбарласан боловч стандарт нь хуулийн дагуу хариуцагч компани нь хэрэглэгчдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хор хохиролгүй бүтээгдэхүүнээр бидэнд үйлчлэх ёстой. Гэтэл нэхэмжлэгч нарын худалдан авсан барилгын хэмжээг хамгийн дээд тал нь 7,42 м.кв-аар зөрүүлж 11,000,000 төгрөгийн хохирол учруулж хамгийн багадаа 6,000,000 төгрөгийн хохирол учирсан нийтдээ 8 өрх байдаг. Мөн нэхэмжлэгч нар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авсан. Энэ маргааны гол үндэслэл нь нэхэмжлэгч нар орон сууцны м.кв-ын зөрүүг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Барилгын тухай хуулиар зураг төслийн дагуу барилгыг барих ёстой. Нэхэмжлэгч нар орон сууцыг хүлээж авсан өдрөөс хойш насан туршдаа амьдрах байрыг бид нар 6 сарын дотор доголдлыг олж харах боломжгүй. Иймд Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хууль болон Иргэний хуулиар гомдол гаргах хугацаа 3 жил байна. Түүнчлэн, анхан шатны шүүхийн шийдвэрт өмнөх шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хуулж бичсэн талаар хариуцагчийн өмгөөлөгч гомдолдоо дурдсан нь үндэслэлгүй. Мөн хариуцагч компани Аксиом констракшн ХХК-аас стандарт хамааралгүй гэсэн утгатай албан тоотыг хуурамчаар бүрдүүлж хавтас хэрэгт нотлох баримтаар хавсаргасан. Гэтэл Аксиом констракшн ХХК-ийн зүгээс тухайн албан тоотыг гаргаж өгөөгүй гэж тайлбарладаг. Иймд анхан шатны шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргасан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд шүүхийн шийдвэрт үнийн дүнгийн өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

2. Нэхэмжлэгч Л.О , Д.Т г, П.Э , Д.Э , Н.Х , Я.Ж , Д.Т , Д.Б нар нь хариуцагч З ХХК -д холбогдуулан худалдан авсан орон сууцны талбайн зөрүүд 68,578,120 төгрөг, гэрээ зөрчсөнөөс учирсан хохиролд 16,349,634.31 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч З ХХК -ийн гэрээг хүчингүйд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...худалдан авсан орон сууцны талбай нь гэрээнд зааснаас дутуу байсан тул талбайн зөрүүг хэмжилтээр тооцуулан илүү төлсөн мөнгөө, учирсан хохирлын хамт гаргуулна гэж, хариуцагч нь хариу тайлбар, татгалзлаа ...нэхэмжлэгч нар орон сууцыг хүлээж авснаас хойш хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн, эд хөрөнгө хүлээж авах үедээ доголдлын талаар мэдэх боломжтой байсан гэж тус тус тайлбарлажээ.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зохигчид 2011-2013 оны хооронд орон сууцны барилга барьж өгөх, хүлээн авах тухай гэрээг байгуулж, уг гэрээгээр худалдагч нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 85/Б тоот байрнаас орон сууцыг нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх, орон сууцыг хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр харилцан тохиролцсон байна. /хх-16-84/

5. Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байгуулсан, зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

6. Хэрэгт Т ХХК -аар хэмжилт хийлгэсэн дүгнэлтийг ирүүлсэн, уг дүгнэлтэд тухайн орон сууц нь гэрээнд заасан м.кв талбай хэмжээ, бодитоор хэмжилт хийхэд дутуу буюу зөрүүтэй байсан болох нь тогтоогдсон, уг дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгч Л.О нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 85/Б байрны 7 тоотод байрлах 52.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1,550,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон байх ба 6.22 м.кв-ын дутуу талбайн үнэд 9,641,000 төгрөг,

нэхэмжлэгч Д.Т г нь тус байрны 09 тоотод байрлах 42 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1,200,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон байх ба 4.8 м.кв-ын дутуу талбайн үнэд 5,760,000 төгрөг,

нэхэмжлэгч П.Э нь тус байрны 19 тоотод байрлах 48 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1,210,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон 6.78 м.кв-ын дутуу талбайн үнэд 8,203,800 төгрөг,

нэхэмжлэгч Д.Э нь тус байрны 19 тоотод байрлах 66.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1,550,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон байх ба 5.3 м.кв-ын дутуу талбайн үнэд 8,215,000 төгрөг,

нэхэмжлэгч Н.Х нь тус байрны 28 тоотод байрлах 48 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1,150,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон байх ба 5.7 м.кв-ын дутуу талбайн үнэд 6,555,000 төгрөг,

нэхэмжлэгч Я.Ж нь тус байрны 33 тоотод байрлах 66.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1,501,500 төгрөгөөр худалдан авахаар тохирсон байх ба 5.88 м.кв-ын дутуу талбайн үнэд 8,828,820 төгрөг,

нэхэмжлэгч Д.Т нь тус байрны 34 тоотод байрлах 52.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1,155,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон байх ба 6.37 м.кв-ын дутуу талбайн үнэд 9,873,500 төгрөг,

нэхэмжлэгч Д.Б нь тус байрны 37 тоотод байрлах 52.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1,155,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон байх ба 7.42 м.кв-ын дутуу талбайн үнэд 11,501,000 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардсан байна. /хх20-84/

7. Нэхэмжлэгч нар нь З ХХК -д орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн, орон сууцыг хүлээж авсан үйл баримтын талаар талуудын хэн аль нь маргаагүй. Харин хариуцагч нь биет байдлын доголдолгүй хөрөнгө шилжүүлэх гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж маргасан.

8. Зохигчид гэрээний зүйл нь хэмжээний хувьд доголдолтой, м.кв талбай дутуу орон сууцыг нэхэмжлэгч нарт хариуцагч тал хүлээлгэн өгч хууль болон гэрээнд заасан үүргээ зөрчсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.

Талууд гэрээний зүйл болох орон сууцны үнийг тодорхойлох талбай хэмжээг м.кв-аар тохиролцсоноос гадна нэхэмжлэгч нар орон сууцны өмчлөх эрхийг хүлээн авснаас хойш нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргаж байсан, хэрэгт хариуцагч байгууллагын төлөөлөгчөөр оролцож байсан Н.Цэнд нь 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр А ХХК аас Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 85Б байрны 7, 9, 14, 28, 33, 34 тоот орон сууцанд хийсэн хэмжилтийн зурагт засвар оруулж өрөөний талбайн хэмжээг өөрчилсөн, 19, 37 тоот орон сууцны хэмжилтийн зургийг хийгээгүй байхад А ХХК аас хийсэн мэтээр материалыг хуурамчаар үйлдэж 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гарган өгч нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 169 тоот шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 05 дугаар сарын 15-ны өдрийн 451 тоот магадлалаар тус тус тогтоогдсон зэргээс үзэхэд нэхэмжлэгч нарыг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан гомдол гаргах хуульд заасан 6 сарын хугацааг хэтрүүлсэн, мөн хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар гэрээний зүйлийг хүлээн авахдаа эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад хүлээн авсан гэх үндэслэлээр шаардах эрхээ алдсан гэж хариуцагч талын тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.2 дахь хэсэгт худалдагч эд хөрөнгийг шилжүүлэх үед түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан бол энэ хуулийн 255.1 хамаарахгүй гэж заасан.

9. Орон сууцны м.кв талбайн хэмжээг иргэн хүн нүдээрээ хараад тогтоох боломжгүй, барилгын зураг, төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд хэмжилтийг тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар хийж тооцоолох замаар тогтоож байгаа тул нэхэмжлэгч нар орон сууцыг хүлээн авах үедээ доголдлыг мэдсэн, мэдэх боломжтой байсан гэж үзэх боломжгүй юм. Нүдэнд ил биш доголдлыг худалдагч, худалдан авагчийн хэн нь мэдэх боломжтой гэдэг талаас нь авч үзвэл худалдагчийн үндсэн үүргийг тодорхойлсон Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийн зохицуулалтад доголдолгүй хэмээн тухайлан зохицуулсан.

Хариуцагч байгууллага нэхэмжлэгч нарыг орон сууцны талбайг зөрүүтэй болохыг мэдэх боломжтой байсан гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар нотлогдоогүй бөгөөд нэхэмжлэгч нарыг орон сууцны талбайг хэмжиж авах боломжтой байсан гэж үзэх нь хууль болон гэрээгээр нэхэмжлэгчид хүлээлгээгүй хүлээн авч буй орон сууцны талбайг хэмжих үүргийг ногдуулах нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний эрх чөлөөний зарчимд нийцэхгүй.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт гомдлын шаардлага гаргах хугацааг тогтоосон бөгөөд уг хугацаа нь талууд бие биендээ эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхтэй хугацаа юм. Харин Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасан гомдлын шаардлага гаргах хугацаа нь хөөн хэлэлцэх хугацааг уртасгах зорилготой хугацаа юм.

10. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын гаргасан хүсэлтээр И ХХК, У ХХК , И ХХК , Т ХХК -ийн хийсэн талбайн хэмжилт нь Т ХХК -ийн хийсэн хэмжилттэй зөрүүгүй, тус компани хэмжилт хийхдээ MNS 6058:2009 стандартыг баримталсан, зохигчид дээрх шинжээчийн дүгнэлтийн талаар маргаагүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн тооцооллыг Т ХХК -ийн орон сууцны талбайн хэмжилт хийсэн дүгнэлтэд үндэслэн хариуцагч З ХХК -аас худалдах, худалдан авах гэрээний төлбөрт илүү төлсөн 68,578,120 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Л.О ад 9,641,000 төгрөг, нэхэмжлэгч Д.Т гт 5,760,000 төгрөг, нэхэмжлэгч П.Э т 8,203,800 төгрөг, нэхэмжлэгч Д.Э д 8,215,000 төгрөг, нэхэмжлэгч Н.Х д 6,555,000 төгрөг, нэхэмжлэгч Я.Ж т 8,828,820 төгрөг, нэхэмжлэгч Д.Т д 9,873,500 төгрөг, нэхэмжлэгч Д.Б д 11,501,000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсэн нь зөв болжээ.

11. Харин анхан шатны шүүх хариуцагч З ХХК -аас нэхэмжлэгч Л.О ад 2,855,657 төгрөг, нэхэмжлэгч Я.Ж т 1,347,750 төгрөг, нэхэмжлэгч Д.Т д 1,659,420 төгрөг, нэхэмжлэгч Д.Б д 3,323,175 төгрөгийг тус тус хохиролд тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь нэхэмжлэгч нар орон сууц худалдан авахдаа гэрээний үнийг ямар орлогын эх үүсвэрээс бүрдүүлж хэрхэн төлсөн байдал нь энэ гэрээний үүрэгт хамааралгүй байх тул тэдгээрийн банкны зээлд төлсөн гэх хүүний төлбөрийг шууд хохирол учирсан гэж үзэхгүй юм. Мөн дутуу талбайн ашиглалттай холбоотой халаалтын төлбөрт 291,202 төгрөг, хэмжилт хийлгэхэд гарсан зардалд 376,960 төгрөг, хууль зүйн туслалцаа авахад төлсөн 6,575,723 төгрөгийг тус тус шууд хохирол гэж үзэхгүй.

Нэхэмжлэгч нар банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу хүү төлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байдал нь З ХХК -тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдагч үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол гэж үзэхгүй. Энэ нь гэрээний үүргийн бие даасан байдлыг хангах зарчмын дагуу нэг гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн төлбөрийг нөгөө гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. /2хх230/

Иймд давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаас хохиролд 16,429,888 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

12. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн тайлбараа үндэслэл бүхий баримтаар нотлоогүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр үйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо ...худалдагч нь биет байдлын болон эрхийн доголдолгүй эд зүйлийг худалдах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нар худалдан авсан орон сууцны дутуу талбайн үнийг нэхэмжилж байгааг хариуцагчийг хууран мэхэлсэн гэж үзэхгүй гэх дүгнэлт хэрэгт цугларсан баримтад тулгуурлагдсан, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, үндэслэл бүхий болжээ.

Дээрх үйл баримтын талаар шүүх хэрэгт цугларсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул ...нотлох баримтыг бүрэн гүйцэд үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй... гэх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

13. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэсэн байгаагаас үзвэл хууль баримталсан хэсэг буюу эхний 1 мөр хэвлэгдээгүй техникийн шинжтэй алдаа гарсныг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 гэснийг нэмж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан өөрчлөлт шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2022/01648 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.2, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч З ХХК -аас нийт 68,758,120 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.О ад 9,641,000 төгрөг, нэхэмжлэгч П.Э т 8,203,800 төгрөг, нэхэмжлэгч Д.Э д 8,215,000 төгрөг, нэхэмжлэгч Н.Х д 6,555,000 төгрөг, нэхэмжлэгч Я.Ж т 8,828,820 төгрөг, нэхэмжлэгч Д.Т д 9,873,500 төгрөг, нэхэмжлэгч Д.Б д 11,501,000 төгрөг, нэхэмжлэгч Д.Т гт 5,760,000 төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16,349,634 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

3 дах заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,213,890 төгрөг, хариуцагчийн төлсөн 561,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас илүү төлсөн 115,856 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгч нарт буцаан олгож, хариуцагчаас дутуу төлсөн 3,544,249.00 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, мөн хариуцагчаас 1,216,850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.О ад 169,206 төгрөг, нэхэмжлэгч Д.Т гт 107,110 төгрөг, нэхэмжлэгч П.Э т 146,211 төгрөг, нэхэмжлэгч Д.Э д 146,390 төгрөг, нэхэмжлэгч Н.Х д 119,830 төгрөг, нэхэмжлэгч Я.Ж т 172,926 төгрөг, нэхэмжлэгч Д.Т д 156,211 төгрөг, нэхэмжлэгч Д.Б д 198,966 төгрөгийг тус тус олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 546,775 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.ЦОГТСАЙХАН