Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2016/0127/З |
Дугаар | 221/МА2018/0510 |
Огноо | 2018-09-13 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2018/0510
“Н у а х” НҮТББ-ын
нэхэмжлэлтэй захиргааны
хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Ц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ш, Г.У, Ш.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, Р.Э, Г.Э, гуравдагч этгээд Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Э.Э, Д.Ж, Т.М, гуравдагч этгээд “С м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/361 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Д, гуравдагч этгээд “С м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, өмгөөлөгч Б.Б нарын давж заалдах гомдлоор, “Н у а х” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтаар: “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 56 дугаар зүйлийн 56.1.7-д заасныг баримтлан “Н у а х” НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн шийдвэрээр “С м” ХХК-д Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг “Г” гэдэг газарт олгогдсон .....А, .....А, .....А, .....А дугаар бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах тухай шийдвэр гаргахыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж”,
2 дахь заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож”,
3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3-д заасныг баримтлан тус шүүхийн 2017 оны 07 сарын 26-ны өдрийн “хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай 128/ШТ2017/0114 дүгээр тогтоолын нэг дэх заалтаар маргаан бүхий шийдвэрүүдийн “С м” ХХК-ийн .....А, ....А, .....А, .......А дугаар тусгай зөвшөөрлүүдэд холбогдох хэсгийн биелэлтийг түдгэлзүүлсэн шүүхийн тогтоолын үйлчлэлийг дуусгавар болгож” тус тус шийдвэрлэжээ.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Д давж заалдах гомдолдоо: “... Нэг. Шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг зөрчсөн талаар
1.1. Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан гэх үйл ажиллагаа хууль зөрчсөн талаар
1/ Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/361 дугаар шийдвэрийн 1 дүгээр талд: “Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн шийдвэрээр “С м” ХХК-д Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг “Г” гэдэг газарт олгогдсон ....А, .....А, ....А ....А дугаар бүхий ашигт малтмалын ашиглах тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгохыг даалгуулах тухай” гэсэн байна.
Улмаар шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэг /шийдвэрийн 23 дугаар тал/-т “Шүүх нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдааны явцад “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу маргаан бүхий дөрвөн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах"-ыг хүсч тодруулснаар хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн болно”’ гэж тэмдэглэсэн байна.
“Н у а х” НҮТББ-аас 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь “Ашигт малтмалын газрын даргын шийдвэрээр “С м” ХХК-д Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг “Г” гэдэг газарт олгосон ....А тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл, .....А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгож өгнө үү" гэж тодорхойлсон.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс уг нэхэмжлэлийг хүлээн аваад 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 1252 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.
Улмаар шүүхээс хариуцагч захиргааны байгууллагаар Ашигт малтмалын газар /тухайн үеийн нэрээр/-ыг татсан бөгөөд хариуцагчаас 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 6/1398 тоот албан бичгээр дээрх нэхэмжлэлийн хариу тайлбарыг шүүхэд хүргүүлсэн байна.
“Н у а х” ТББ-ын захирал О.Ц-ын "Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх тухай” 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 16/07 тоот албан бичгээр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг “Г” гэдэг газарт “С м” ХХК-ний эзэмшилд ......А, ......А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгохыг Ашигт малтмалын газарт даалгаж өгнө үү” гэж нэмэгдүүлсэн байна.
Үүнтэй ижил утга бүхий “Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх тухай" 2016 оны 3 дугаар сарын14-ний өдрийн албан тоот /дугааргүй/-ыг мөн нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн.
Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан хариуцагчаас 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 6/1779 тоот албан бичгээр шүүхэд хариу тайлбар хүргүүлсэн.
2/ Нэхэмжлэгч О.Ц-аас 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргах нь” гэсэн шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ “1. Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг Ашигт Малтмалын Хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын алба /хуучин нэрээр/-ны даргын 2004 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 842 тоот шийдвэрийн “С м” ХХК-ний эзэмшлийн .....А, ....А, ......А тоот ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлд холбогдох, Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2005 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 1470 тоот шийдвэрийн “С м” ХХК-ний ....А тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү хэмээн тодруулж байна.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсантай холбогдуулан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг баримтлан хариуцагчаар оролцож байгаа Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн Кадастрын алба буюу одоогийн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийг жинхэнэ хариуцагчаар сольж байна” гэсэн байна ...
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, улмаар хариуцагчийг солих тухай дээрх хүсэлтийг шүүх албан ёсоор хүлээн авсан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 3622 дугаартай захирамж гаргаж, хариуцагчийг сольж шийдвэрлэсэн.
Түүнчлэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 4059 дугаартай “Захиргааны хэргийн шүүх хуралдааныг товлон зарлах тухай" захирамжийн ТОДОРХОЙЛОХ хэсэгт: “... Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, Уул уурхайн кадастрын алба /хуучин нэрээр/-ны даргын 2004 оны 6 дугаар сарын 28-ний өдрийн 842 тоот шийдвэрийн “С м” ХХК-ний эзэмшлийн ....А, .....А, ......А тоот ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлд холбогдох, Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, Уул уурхайн Кадастрын газрын даргын 2005 оны 11 дүгээр 03-ны өдрийн 1470 тоот шийдвэрийн “С м” ХХК-ний .....А тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв” гэж тэмдэглэсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс албан ёсоор тодруулж тодорхойлсныг харуулж байна.
Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг тодруулснаас хойш нэхэмжлэгчийн гаргасан маргаан бүхий дээрх 2 захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг анхан болон давж заалдах шатны шүүхээс хянан шийдвэрлэсэн тогтоол, магадлалуудад нэхэмжлэлийн шаардлагыг мөн дээрх байдлаар тодорхойлсон байдаг.
3/ “Н у а х” НҮТББ-ын нэхэмжлэлтэй хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн.
Ийнхүү хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж асуусан бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “... агуулгаараа 4 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах шаардлага тавьж байна ...” гэж хариулсан.
Харин шүүх бүрэлдэхүүнээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дахин сануулахдаа “... танай нэхэмжлэлийн шаардлага чинь Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, Уул уурхайн кадастрын алба /хуучин нэрээр/-ны даргын 2004 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 842 тоот шийдвэрийн “С м” ХХК-ний эзэмшлийн ....А, ....А, .....А тоот ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлд холбогдох, Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, Уул уурхайн Кадастрын газрын даргын 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1470 тоот шийдвэрийн “С м” ХХК-ний ......А тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлага байгаа юм биш үү" гэж лавлаж байсан.
Хэдийгээр нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаан дээр “... агуулгаараа 4 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах шаардлага тавьж байна ...” гэж хариулж байсан боловч нэхэмжлэгчийн зүгээс 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгаа гэж огт тайлбарлаагүй, шүүх ч нэхэмжлэгчийг 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгаа эсэх талаар албан ёсоор тодруулаагүй болно.
Шүүх хуралдаан дээр хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ тайлбарлахдаа шүүхэд өмнө буюу 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа өөр шаардлага яриад байгааг ч тодорхой хэлсэн.
Хэрэв нэхэмжлэгч шүүхэд өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаан дээр албан ёсоор өөрчилсөн тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2, 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.1.3-т заасны дагуу шүүхээс энэ талаар хэргийн бусад оролцогчдод албан ёсоор танилцуулж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой эсэх, эсхүл хэргийн бусад оролцогчдыг шаардлагатай тайлбар, нотлох баримт гаргах боломжоор хангах үүрэгтэй.
Гэтэл шүүх хуралдаан дээр хариуцагч болон гуравдагч этгээдээс, түүнчлэн шүүх бүрэлдэхүүн энэ талаар тодруулж хэлсээр атал нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөн гэж үзэлгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж явуулсан атлаа шүүхийн шийдвэрийг бичгээр гаргахдаа огт өөр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна.
2016 оны 4 дүгээр сараас хойш буюу бүтэн 2 жил гаруй хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг маргаан бүхий 2 захиргааны акт /Кадастрын хэлтсийн даргын 842,1470 дугаар шийдвэр/-ын хүрээнд явуулж, энэ хүрээнд холбогдох нотлох баримтыг 2 жил гаруй хугацаанд цуглуулсан.
Гэтэл шүүхийн шийдвэрт тусгаснаас үзвэл нэхэмжлэлийн шаардлага шүүх хуралдаан дээр өөрчлөгдсөн гэж харагдаж байх бөгөөд өөрчлөгдсөн гэх тухайн нэхэмжлэлийн шаардлагад хэргийн бусад оролцогчдоос тайлбар, нотлох баримт гаргах боломж олголгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь тодорхой харагдаж байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага албан ёсоор өөрчлөгдсөн талаар шүүх хуралдаан дуустал хэргийн бусад оролцогчид огт мэдээгүй болно.
Түүнчлэн дээрх байдлаар хэргийг хянан шийдвэрлэсэн үйл ажиллагаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн ... асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.
Хоёр. Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй талаар
2.1. Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэг /25, 26 дугаар тал/-т: “... “Н” уулын дурсгал нь Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт орших С, З, Х гэсэн гурван аманд буй 230 тооны Хүннүгийн язгууртны болон дагалдах булшнаас бүрдэнэ ... “Н” уулын дурсгалт газрын судалгаа дахин сэргэж ШУА-ийн Археологийн хүрээлэн ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи-угсаатан зүйн хүрээлэнтэй хамтарсан төслийн хүрээнд С-ийн аманд явгууртны 4 булш, З-ын аманд 1 жижиг булш малтан шинжилсэн ... Мөн хүрэл зэвсгийн үеийн дөрвөлжин булш 2, хүннүгийн үеийн төмрийн хүдэр хайлуулах зуух 1, эртний бууц суурин 1, монгол булш 2, он цаг тодорхойгүй булш 3, эртний хотын туурь 1, чулуун байгууламж 8 байгаагаас Гацууртын уурхайн бүсэд 5 дурсгал, орчны бүсэд 13 дурсгал байна гэжээ ... Тэрчлэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь “С м” ХХК-ийн Гацууртын ордын ашиглалтын талбай болон орчны бүсэд хийсэн археологийн авран хамгаалах малтлага судалгааны тайлангийн судалгааны ажлын үр дүн хэсэгт: “... татгалзах зүйлгүй болохыг үүгээр мэдэгдэхийн сацуу газрын хөрсөн доор булагдсан дурсгал байхыг үгүйсгэхгүй тул барилгын ажлын явцад анхаарал болгоомжтой ажиллаж, ямар нэгэн дурсгал, олдвор илэрсэн тохиолдолд зохих журмын дагуу нэн даруй мэргэжлийн байгууллагад мэдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн тусгасан нь ашигт малтмал ашиглах ....А, ....А, .....А, ......А дугаар бүхий тусгай зөвшөөрлүүдтэй талбайн газар нутагт гуравдагч этгээд “С м” ХХК ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа явуулснаар газрын хөрсөн доор байгаа түүхэн дурсгалт эд зүйлийг хөндөж, устаж үгүй болох боломжтой, үүгээр нийтийн ашиг сонирхолд илт хохирол учрахаар байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.7-д заасан үндэслэлээр маргаж байгаа нь үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв” гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
1/ “Н” уул нь Сэлэнгэ аймгийн Мандал сум, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутгийг дамнасан, ойролцоогоор 650 км2 талбайг эзлэн оршдог бөгөөд С, З, Х, Г, Б, З м, Б гэх мэт 20 гаруй ам бүхий томоохон бүс нутгийг дамнан оршдог.
“Н” уулын Хүннүгийн дурсгал нь 1900-аад оны үеэс илэрч эхэлсэн түүхтэй байдаг бөгөөд ШУА-ийн Түүх, архелогийн хүрээлэнгийн 1999 оноос хойш хийсэн судалгаагаар “Н уулын дурсгал” гэдэгт Н уулын С, З, Х гэсэн 3 аманд буй 230 тооны Хүннүгийн язгууртны болон болон холбогдох бусад булшаар тодорхойлогдоно гэж албан ёсоор үздэг юм билээ.
Энэ талаар хэрэгт нотлох баримтаар БСШУЯ-ны 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 9/5640 тоот албан бичиг, түүнд хавсарган шүүхэд ирүүлсэн баримтуудад тодорхой тайлбарласан байгаа.
Түүнчлэн хэрэгт авагдсан байгаа МУ-ын Засгийн газрын 2012 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 104 дүгээр тогтоолоор Түүх, соёлын үл хөдлөх дурсгал болох Төв аймгийн Борнуур сумын нутаг “Н” уулын С-ийн ам, Батсүмбэр сумын нутаг “Н” уулын З, Х-ын аманд орших Хүннүгийн язгууртны дурсгалт цогцолбор газрын хамгаалалтын бүсийг тогтоож, солбицлыг хавсралтаар баталсан байдаг. Уг тогтоолын хавсралтад “1.Төв аймгийн Борнуур сум, “Н” уулын С-ийн ам-1, Хүннүгийн язгууртны дурсгалт газар-73.8 га, 2. Төв аймгийн Борнуур сум, “Н” уулын С-ийн ам-2, Хүннүгийн язгууртны дурсгалт газар-5.3 га, 3. Төв аймгийн Батсүмбэр сум, “Н” уулын З-ын амны-7.1 га, Төв аймгийн Батсүмбэр сум, “Н” уулын Х-ын амны Хүннүгийн язгууртны дурсгалт газар-43.4 га’’-аар тогтоож, солбицлыг тодорхойлсон байдаг.
2/ Монгол Улсын Их Хурлын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 13 дугаар тогтоолын 1 дэх хэсэгт “Байгаль орчны тэнцвэрт байдал, нэн ховор болон ховор амьтан, ургамал, байгалийн унаган төрхийг хадгалах, түүх соёлын үнэт өвийг хамгаалах зорилгоор археологийн онцгой ач холбогдол бүхий газар нутаг болох Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших “Н” уул орчмын газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших “Н” уул орчмын газар нутгийг дурсгалт газрын ангиллаар тус тус улсын тусгай хамгаалалтад авсугай” гэж заасан.
Мөн тогтоолын 2 дахь хэсэгт улсын тусгай хамгаалалтад авч байгаа газар нутгийн хилийн заагийг тогтоохыг Монгол Улсын Засгийн газарт даалгаж шийдвэрлэсэн.
УИХ-ын дээрх тогтоолын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 90 дүгээр тогтоолоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших “Н” уул орчмын байгалийн нөөц газрын хилийн зааг, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших “Н” уул орчмын дурсгалт газрын хилийн заагийг хавсралтаар тус тус баталсан.
Уг тогтоолын хавсралтаар батлагдсан хилийн зааг буюу улсын тусгай хамгаалалтад авсан нутаг дэвсгэрт “С м” ХХК-ийн эзэмшиж байгаа ашигт малтмалын ашиглалтын МХ/-......, МХ/-......, М\/-......., М\/-....... дугаартай тусгай зөвшөөрлүүдийн талбай хамаарагдахгүй болно. Энэ талаар холбогдох нотлох баримт /зураг/-ыг хэрэгт хавсаргасан.
УИХ, Засгийн газрын дээрх шийдвэрүүдээр чухамхүү байгаль орчны тэнцвэрт байдал, нэн ховор болон ховор амьтан, ургамал, байгалийн унаган төрхийг хадгалах, түүх соёлын үнэт өв устаж үгүй болохоос сэргийлж, “Н” уул орчмын нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг улсын тусгай хамгаалалтад авсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс Гацууртын ордын ашиглалтын талбай болон орчны бүсэд 2015, 2016 онд хийсэн археологийн авран хамгаалах малтлага судалгааны тайлан, дүгнэлт хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа.
Дээрх судалгааны ажлын үр дүнгийн тайлангаас үзвэл, түүхэн дурсгалт эд зүйл тухайн Гацууртын ордын талбайд байгаа эсэх, ордыг ашиглах үйл ажиллагаа явуулах боломжтой эсэх талаар мэргэжлийн байгуулага болох ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс “... Гацууртын ордыг ашиглахад татгалзах зүйлгүй” хэмээн албан ёсоор дүгнэсэн байгаа.
Судалгааны ажлын тайлангийн дүгнэлт хэсэгт байгаа “... газрын хөрсөн доор булагдсан дурсгал байхыг үгүйсгэхгүй тул барилгын ажлын явцад анхаарал болгоомжтой ажиллаж, ямар нэгэн дурсгал, олдвор илэрсэн тохиолдолд зохих журмын дагуу нэн даруй мэргэжлийн байгууллагад мэдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн нь Ашигт малтмалын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулиудад заасны дагуу тусгай зөвшөөрлийн талбайд археологи, палеонтолгийн судалгаа хйиснийг нотлох бөгөөд тухайн ордыг ашигласнаар ямар нэгэн түүх, соёлын дурсгалт зүйлд аюул учирч байгаа, эсхүл учирч болзошгүй байдал илэрсэн гэсэн дүгнэлт биш гэдгийг анхаарч үзэх шаардлагатай юм. Өөрөөр хэлбэл, судалгааны ажлын үр дүнгийн дүгнэлт нь Гацууртын ордыг ашиглахад “Н” уул орчмын бүсэд байгаа түүх, соёлын дурсгалт зүйлд аюул учирч байгаа, эсхүл учирч болзошгүй нөхцөл байдал одоогоор байхгүй гэдгийг маш тодорхой дүгнэсэн.
Гэтэл маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг хангаж шийдвэрлэхдээ үндэслэл болгосон “... газрын хөрсөн доор байгаа түүхэн дурсгалт эд зүйлийг хөндөх, устаж үгүй болох боломжтой ...” гэж холбогдох нотлох баримтууд, эрх бүхий байгууллагуудын тогтоол, шийдвэрт үндэслэлтэй дүгнэлт өгөлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
3/ Түүнчлэн шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 67 дугаар тогтоол, Улсын Их Хурлын 2016 оны 13 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 90 дүгээр тогтоолуудыг дурдсан байна. Тодруулбал, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох байгаль орчны тэнцвэрт байдал, нэн ховор болон ховор амьтан, ургамал, байгалийн унаган төрх алдагдах, түүх соёлын үнэт өв устаж үгүй болохтой холбоотой асуудлаар төрийн эрх бүхий байгууллагуудын гаргасан шийдвэрүүдийг дурдсан байна.
Дээрх шийдвэрүүдээр харин ч байгаль орчны тэнцвэрт байдал, нэн ховор болон ховор амьтан, ургамал, байгалийн унаган төрхийг хадгалах, түүх соёлын үнэт өв устаж үгүй болохоос сэргийлж “Н” уул орчмын нутаг дэвсгэрийг байгалийн нөөц болон дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан шийдвэрүүд юм.
Тусгай хамгаалалтад авсан нутаг дэвсгэр нь “С м” ХХК-ийн эзэмшиж буй 4 тусгай зөвшөөрлийн талбайтай ямар ч давхцалгүй байгаа нь тухайн холбогдох баримт, шийдвэрүүдийг хариуцагч, гуравдагч этгээдээс нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн байтал шүүхийн шийдвэрийн 27 дугаар талд “... нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын болон Засгийн газар, Улсын Их Хурлын шийдвэрүүд нь маргаан бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн хилийн заагтай давхацсан байна гэж шүүх үзсэнээс гадна мөн эдгээр шийдвэрүүд нь газар зүйн байрлалын хувьд түүхэн дурсгалт зүйлийг хадгалж байгаа түүх соёлын өв бүхий нутаг дэвсгэр болохыг харуулж байна гэж үзлээ” гэсэн нь үндэслэлгүй бөгөөд холбогдох нотлох баримтуудыг буруу үнэлж, дүгнэсэн шийдвэр гарах нөхцөл болсон.
Дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/361 дугаар шийдвэр хууль зүйн үндэслэлгүй байх тул уг шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд “С м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, өмгөөлөгч Б.Б нар давж заалдах гомдолдоо: “... Нэг. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийж, шийдвэр гаргасан тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид “ЗХШХШТ” гэх/ хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтад “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүтнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж заасныг зөрчиж нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлэн шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ЗХШХШТ хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4 дэх хэсэгт “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл”-ийг нэхэмжлэлд тусгана” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодорхойлж, мөн хуулийн 52.5.1 дэх хэсэгт “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн;” тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлдээ тодорхойлохоор тус тус заасан.
Энэхүү зохицуулалт нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах үед /2016.01.29/ хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.3, 32.5.2-т заасантай адил зохицуулалттай байсан болно.
Нэхэмжлэгч “Н у а х” НҮТББ, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд бичгээр болон амаар гаргасан тайлбартаа .....А, ......А, .....А болон .......А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн тухай нэхэмжлэл гаргасан хэдий ч нэхэмжлэгч нийтийн ашиг сонирхлыг төлөөлж чадах эсэхээ нотлож чадаагүй.
Нэхэмжлэгч нь анх 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан ....А, ......А дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Мөн 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр мөн шүүхэд Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан .......А, ......А дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн /1 хавтас, 98 дугаар хуудас/.
Мөн нэхэмжлэгч нь 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хариуцагчаа сольж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулсанаа шүүхэд хүргүүлсэн байна /1 дүгээр хавтас, 193 дугаар хуудас/:
-Ашиг малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхай кадастрын алба /хуучин нэрээр/-ны даргын 2004 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 842 дугаар шийдвэрийн ....А, ......А, ......А дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөлд холбогдох хэсэг;
- Ашиг малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхай кадастрын газрын даргын 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1470 дугаар шийдвэрийн ....А дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг.
Гуравдагч этгээдийн хувьд нэхэмжлэгчийн бичгээр болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд мэтгэлцсэн болно.
Хэдийгээр шүүх хэргийн оролцогчдоос шүүх хуралдааны аль ч үед асууж, тодруулах эрхтэй байх боловч шүүх бүрэлдэхүүний зүгээс шүүхийн хуралдааны хэлэлцүүлэг эхлэх болон хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлийн шаардлагаа хэрхэн гаргаж байгаа тухай удаа дараа асууж, тодруулсан.
Бүр сүүлдээ хуралдааны төгсгөлийн үед буюу талуудын мэтгэлцээн дууссан үед Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасан дэг алдагдаж, бүрэлдэхүүний шүүгч мөн нэхэмжлэлийн шаардлагын талаар хөтлөн асуухад нэхэмжлэгчийн өмгөөлөгч “хүчингүй болгохыг даалгах” гэж хэлсээр л байсан.
Нэхэмжлэгчид “нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үр дагаврын тухай тайлбарлан тодорхой хуулийн заалт нэрлэн зааж, яг аль заалтын хүрээнд нэхэмжлэлээ гаргаж байгаа юм бэ. Таны гаргасан нэхэмжлэлииг шийдэх эрх шүүхэд байхгүй байна. Та шүүхийн эрх мэдлийн хүрээнд нэхэмжлэлээ гарга гэж таниас хүсч байна. Таны гаргасан нэхэмжлэлийн хүрээнд нотлох баримтыг үнэлж шийдвэр гаргана гэдгийг анхаараарай" гэх мэтчилэн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлүүлэхээр хөтлөн асууж хэт нэг талыг баримталсан нь шүүх хуралдааны видео бичлэг болон хурлын тэмдэглэлээс тодорхой харагдаж байгаа болно.
Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг удаа дараа тодруулсан боловч нэхэмжлэгч маргаан бүхий тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж ЗХШХШТ хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасны дагуу хүчингүй болгуулахыг хүссэн шаардлагаа дэмжээд байхад шүүхээс шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч ... гэж маргаж, уг тусгай зөвшөөрлүүдийг цуцлахыг даалгахыг хүсч байгааг шүүх бүрэлдэхүүн үндэслэлтэй гэж үзсэн болно” гэж, мөн “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд чиг үүргийг хэрэгжүүлээгүй, үүгээрээ нийтийн ашиг сонирхолд илт хохирол учруулахаар буюу ой ус, ургамал ан амьтан, түүх соёлын дурсгалт өв устаж үгүй болох боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.” гэж нэхэмжлэлийн шаардлагын хүрээг хэтрүүлэн дүгнэж ЗХШХШТ хуулийн 106.3.4 дэх хэсгийг удирдлага болгон “С м” ХХК-д Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт Г гэдэг газарт олгогдсон .....А, .....А, .......А, .......А дугаар бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах тухай шийдвэр гаргахыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгасугай” гэж тогтоосон нь ЗХШХШТ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тэгш эрхийн болон мэтгэлцэх зарчмыг алдагдуулж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтыг илтэд зөрчсөн болно.
Товчхондоо нэхэмжлэгч ашиглалтын тусгай зөвшөөрлүүд хүчингүй болгуулах шаардлагыг шүүхэд гаргасан, харин шүүхээс хайгуулын тусгай зөвшөөрөл цуцлахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгасан нь хууль хэрэглээний ноцтой алдаа болсон.
Хоёр. Шүүх шийдвэр гаргахдаа нотлох баримтыг дутуу, үнэлэвэл зохих нотлох баримтыг үнэлээгүй, хууль буруу тайлбарласан тухай
ЗХШХШТ хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасан. Шүүх хавтаст хэрэгт цугларсан хэргийг үнэн бодитоор шийдвэрлэхэд нөлөөлөх үнэлэвэл зохих нотлох баримтыг үнэлээгүй, мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтыг дутуу үнэлж шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Шүүхийн шийдвэрт “Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт дахь “С м” ХХК-ийн Гацууртын ордын ашиглалтын талбай болон орчны бүсэд хийсэн археологийн авран хамгаалах малтлага судалгааны тайлангийн судалгааны ажлын үр дүн хэсэгт: “... Цаашид тус компани Гацууртын ордыг ашиглахад манай зүгээс татгалзах зүйлгүй болохыг үүгээр мэдэгдэхийн сацуу газрын хөрсөн доор булагдсан дурсгал байхыг үгүйсгэхгүй тул барилгын ажлын явцад анхаарах болгоомжтой ажиллаж, ямар нэгэн дурсгал, олдвор илэрсэн тохиолдолд зохих журмын дагуу нэн даруй мэргэжлийн байгууллагад мэдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн тусгасан нь ашигт малтмал ашиглах” ....А, ....А, ....А, .....А дугаар бүхий тусгай зөвшөөрлүүдтэй талбайн газар нутагт гуравдагч этгээд “С м” ХХК ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа явуулснаар газрын хөрсөн доор байгаа түүхэн дурсгалт эд зүйлийг хөндөх, устгах үгүй болох боломжтой, үүгээрээ нийтийн ашиг сонирхолд илт хохирол учрахаар байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.7-д заасан үндэслэлээр маргаж байгаа нь үндэслэлтэй гэж үзэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв” гэж дүгнэсэн.
Шүүхээс археологийн авран хамгаалах малтлага судалгааны тайланг нотлох баримтаар үнэлсэн хэдий ч уг тайлангийн гол дүгнэлт болох Цаашид тус компани Гацууртын ордыг ашиглахад манай зүгээс татгалзах зүйлгүй” гэсэн дүгнэлтийг харгалзалгүйгээр, үнэлэлгүйгээр ашиглалтын явцад “газрын хөрсөн доор булагдсан дурсгал байхыг үгүйсгэхгүй тул ...” гэсэн эрсдэлийн үнэлгээг соёлын дурсгал илрэн тогтоогдсон байгаа мэтээр үнэлсэн байна.
Мөн шүүхээс нотлох баримт гаргуулахыг хүссэнийн дагуу Соёлын өвийн үндэсний төвийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 19 тоот албан бичиг /6 дугаар хавтас, 10 дугаар хуудас/-т маргаан бүхий ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд түүх соёлын үл хөдлөх дурсгал соёлын өвийн нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд бүртгэгдээгүй тухайг нотолсон байна.
Монгол Улсын соёлын өвийг эрэн сурвалжлах, бүртгэх, судалж шинжлэх, зэрэглэл тогтоох, үнэлэх, хадгалах, хамгаалах, сэргээн засварлах, сэргээн уламжлуулах, өвлүүлэх, өмчлөх, эзэмших, ашиглах, сурталчлахтай холбогдсон харилцааг Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар зохицуулдаг.
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-д заасны дагуу Улсын Их Хурал нь Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёлын өвийг дурсгалт газрыг улсын тусгай хамгаалалтад авах, түүний хилийн заагийг тогтоох, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д заасны дагуу Засгийн газар нь улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн батлах бүрэн эрхтэй болно.
Харин Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу яам нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 14 дүгээр хуулийн 14.1.5-д заасан аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагын саналыг харгалзан батлах, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-д заасны дагуу мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сум, дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хамгаалалтын дэглэмийг тогтоон хяналт тавих бүрэн эрхтэй.
Түүх, соёлын үл хөдлөх дурсгал гэж унаган газартаа хүрээлэн байгаа орчны хамт үнэ цэнэ, ач холбогдол нь илэрхийлэгдэх дурсгал гэж хуульчилсан бөгөөд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу түүх соёлын үл хөдлөх дурсгалд дараах соёлын өв хамаардаг байна.
Тухайлбал, эртний ургамал, амьтны чулуужсан олдворт газар, эртний хүний оршин сууж байсан ул мөрийг хадгалсан соёлт давхарга, чулуун зэвсгийн олдворт газар, хадны зураг, бичээс, булш, хиргисүүр, оршуулга, тахил, тайлгын байгууламж, эртний хот суурин, сүм хийдийн үлдэгдэл, архитектурын дурсгал, хөшөө дурсгал, эрт цагт ашигт малтмал олборлож, боловсруулж үйлдвэрлэл, газар тариалан эрхэлж байсан газар, түүнд холбогдох чулуун дурсгал, тахилгат газар, түүхэн үйл явдал болсон дурсгалт газар, бусад түүх, соёлын үл хөдлөх дурсгал.
Дээрх хуульд заасны дагуу Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах байгууллагын албан байр суурийг шүүхээс үнэлэхгүйгээр түүх мэргэжлийн байгууллагын судалгааны ажлын үр дүнг “Хайгуулын талбайд соёлын өв тогтоогдсон” мэтээр Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг хэрэглээгүй, нотлох баримтыг үнэлээгүй байна.
Шүүхээс Ашигт малтмалын тухай хуулийг буруу ойлгож тайлбарласан.
Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зуйлийн 56.1.7 дахь хэсэгт заасаны дагуу “Хайгуулын талбайд соёлын өв байгаа нь тогтоогдсон”-ыг үндэслэн зөвхөн хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлах хуулийн зохицуулалттай.
Ашигт малтмалын тухай хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах болон хайгуулын талбайд уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршдог.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-д “хайгуулын талбай” гэж энэ хуулийн 4.1.15-д заасан тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг, мөн хуулийн 4.1.15-д “хайгуулын тусгай зөвшөөрөл” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг ойлгохоор хуульчилсан байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1.16-д “ашиглалтын тусгай зөвшөөрөл” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичгийг ойлгох бөгөөд гуравдагч этгээдийн хувьд хайгуулын ажил дуусаад нөөцөө улсад бүртгүүлээд хуулийн дагуу ашиглах эрхтэй болсон субъект юм.
Нэхэмжлэгч хариуцагчаа “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс” гэж тодорхойлсон бөгөөд шүүхээс .....А, ....А, .....А, ....А дугаар бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах тухай шийдвэр гаргахыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгасан.
Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг Ашигт малтмал, газрын тосны газар хэрэгжүүлж байна.
Ашигт малтмал, газрын тосны газар Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.7 дахь хэсэгт заасан “Хайгуулын талбайд соёлын өв байгаа нь тогтоогдсон“ үндэслэл бий болсон тохиолдолд л хуулийг хэрэглэнэ.
Гэтэл шүүхээс хуульд заасан эрх олгогдоогүй этгээдэд цуцлахыг даалгаад байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй Ашигт малтмал, газрын тосны газрын эрхэд шууд халдаж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүхээс Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т заасан “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлээгүй” гэж талууд маргаагүй, мэтгэлцээгүй байхад хууль зүйн дүгнэлт буруу хийсэн болно.
Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д “Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт болон ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаанд тавих улсын хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага гүйцэтгэнэ” гэж хуульчилсан.
Шүүхээс Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн тэр үеэс нэгдсэн хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн нь тодорхойгүй байна.
Шүүхээс 2009 онд батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” тогтоолын хавсралтаар Гацууртын ордыг стратегийн ордод хамруулсан хугацааны хувьд хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д “хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн” гэж, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д “Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно.” гэж тус тус заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхөн олговор авах эрх нээлттэй байсан, одоо ч байгаа гэдгийг дурдах нь зүйтэй байна.
Түүнчлэн шүүх шийдвэрийнхээ үндэслэлд маргаан бүхий тусгай зөвшөөрлийг олгосон шийдвэрийн эрх зүйн үндэслэл, хариуцагч холбогдох төрийн захиргааны байгууллагаас ямар хууль тогтоомжийг зөрчин ажилласан болон тус компанийн нэр дээрх 4 тусгай зөвшөөрлийг эзэмшиж байх хугацаанд Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурлаас гаргасан эрх зүйн болон бодлогын баримт бичгүүд, мөн түүнчлэн тухайн харилцааг нарийвчлан зохицуулж буй хууль тогтоомжийн өөрчлөлтийг үйл баримттай уялдуулан нэгтгэж, эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр шийдвэр гаргасан болно.
Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хууль тогтоогчоос 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-ийг баталсан. Энэ хуулийн хязгаарлалтад нь маргаан бүхий ашигт малтмалын ашиглалтын дөрвөн тусгай зөвшөөрөлд хамаарч тэр дундаа иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөх нөхцөл бүрдсэн гэж маргаж байгааг үгүйсгэх үндэслэлгүй байна” гэж дүгнэжээ.
Ингэж дүгнэхдээ мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Энэ хуулийн 4.1 дэх хэсэг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаарахгүй” гэж заасныг зөрчсөн дүгнэлт хийж Монгол Улсын Их Хурлын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Гацууртын ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулсан 11 дүгээр тогтоолыг нотлох баримтаар үнэлээгүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар бүлэгт Ашигт малтмалын салбарын төрийн зохицуулалтыг УИХ тодорхойлдог бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д зааснаар “Засгийн газрын өргөн мэдүүлснээр, эсхүл өөрийн санаачлагаар стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг улсын нөөцийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн эрдэс баялгийн хэмжээ, энэ хуулийн 5.5, 5.6-д заасан хэмжээг харгалзан тогтоох” бүрэн эрх УИХ-д олгогдсон байна.
Шүүхээс УИХ буюу хууль тогтоох дээд байгууллагаас гаргасан Гацууртын ордын талаар төрөөс гаргасан бодлогын баримт бичгийн харилцан уялдаа холбооны талаар дүгнэлт огт хийгээгүй байна.
Мөн шүүхээс Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын болон УИХ, Засгийн газрын шийдвэрүүд нь маргаан бүхий ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрлүүдийн хилийн заагтай давхцаж байна гэж дүгнэсэн. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 1/755 тоот, 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2/683 тоот албан бичгээр “Н” уулын орчмын байгалийн нөөц болон дурсгалт газруудтай харьцуулсан зургийг шүүхэд ирүүлсэн /4 дүгээр хавтас, 124, 127 дугаар хуудас/ бөгөөд ямар нэгэн байдлаар давхцал байгаагүй болох нь зургаас шууд харагдаж байна.
Гурав. Шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн тухай
Тус захиргааны хэргийг хянан хэлэлцэх хугацаанд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хүчингүй болж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.
Шүүхийн шийдвэрт үйл ажиллагаа явуулснаар газрын хөрсөн доор байгаа түүхэн дурсгалт эд зүйлийг хөндөх, устгах үгүй болох боломжтой, үүгээрээ нийтийн ашиг сонирхолд илт хохирол учрахаар байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.7-д заасан үндэслэлээр маргаж байгаа нь үндэслэлтэй гэж үзэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.” гэж дүгнэсэн.
Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, ... өргөдлийг” гэж, 3.1.9-т “”захиргааны хэргийн шүүхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд” гэж хуулиар эрх олгогдсон этгээд, энэ хуулийн 18.3-т заасан шаардлага хангасан төрийн бус байгууллагыг;” гэж заасан нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нийтийн ашиг сонирхлыг хамгаалан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байхаар заасан хуулийн шинэ зохицуулалтын хүрээнд дүгнэлт хийсэн болох нь харагдаж байна.
Гэсэн хэдий ч нэхэмжлэгч “Н у а х” НҮТББ-ын шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нягтлан үзэж, дүгнэлгүйгээр шийдвэр гаргасан. ЗХШХШТХ-ийн 18 дугаар зүйлийн 18.3-т “Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй боловч нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх, дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх гэсэн хууль зүйн шаардлагыг хангасан байх ёстой.
Нэхэмжлэгч “Н у а х” НҮТББ нь хуулийн 18 дугаар 18.3 дахь хэсэгт заасан шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагыг хангахгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан тус төрийн бус байгууллагын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, бусад баримтаас тодорхой харагдаж байгаа болно.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч төрийн бус байгууллага нь энэхүү захиргааны хэрэг үүсэхээс нэг жилийн өмнө үүсгэн байгуулагдсан байдаг. Мөн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга нь соёлын дурсгалыг хамгаалах чиглэлээр бөгөөд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь нэхэмжлэл гаргах хуульд заасан хүрээнд мөн хамаарахгүй байна.
Нөгөөтээгүүр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн, эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжийг шүүхэд төлөөгүй байгааг анхааралдаа авна уу.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/361 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөний улмаас хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан “... 2016 оны 4 дүгээр сараас хойш 2 жил гаруй хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг маргаан бүхий 2 захиргааны актыг хүчингүй болгуулах шаардлагын хүрээнд явуулсан, энэ хүрээнд холбогдох нотлох баримтууд цуглуулсан ... шүүх хэргийг шийдвэрлэж, шийдвэр гаргасан шүүх хуралдааны явцад ... шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгаа эсэх талаар ... тодруулаагүй, ... нэхэмжлэгч өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тохиолдолд ... хуульд заасны дагуу энэ талаар хэргийн бусад оролцогчдод албан ёсоор танилцуулж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой эсэх, эсхүл хэргийн бусад оролцогчдод тайлбар нотлох баримт гаргах боломжоор хангах үүрэгтэй ... шүүхийн шийдвэрт тусгагдсанаас үзвэл нэхэмжлэлийн шаардлага шүүх хуралдаан дээр өөрчлөгдсөн, тус нэхэмжлэлийн шаардлагад хэргийн бусад оролцогчдод тайлбар, нотлох баримт гаргах боломж олголгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь ... шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн ... асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэсэн хуулийг зөрчсөн ... “ гэх гомдол үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасан ямар шийдвэрийг гаргуулахыг хүсч байгаа талаар буюу захиргааны байгууллага, албан тушаалтны хэзээ гарсан ямар шийдвэр, үйл ажиллагааг ямар үндэслэлээр зөвшөөрөхгүй талаар тодорхойлох эрхтэй, шүүх нэхэмжлэгчийн маргасан хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т ”Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана:”, 106.3.1-т “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”, 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох”, 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч хэрэв маргаан бүхий актыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан бол маргаан бүхий акт хууль бус эсэх, тус актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг, захиргааны акт гаргуулахаар хандсан байхад татгалзсан эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус эсэх, тэдгээрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдсон тохиолдолд шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгасан шийдвэр гаргахаар байна.
“Н у а х” НҮТББ-аас шүүхэд анх 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Ашигт малтмалын газрын даргын шийдвэрээр “С м” ХХК-д Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг “Г” гэдэг газарт олгогдсон ....А тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл, ....А тоот ашиглалтын тусгай зөвшөөлүүдийг хүчингүй болгож өгнө үү” гэх нэхэмжлэлийн шаардлага[1] гаргасныг шүүх хүлээн авч 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр захиргааны хэрэг үүсгэжээ.
Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр “С м” ХХК-ийн эзэмшлийн ......А, ......А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгохыг Ашигт малтмалын газарт даалгаж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байна[2].
Түүнчлэн нэхэмжлэгч нь 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр “Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхай Кадастрын албаны даргын 2004 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 842, 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1470 тоот шийдвэрүүдийн “С м” ХХК-ний эзэмшлийн ....А, .....А, ....А, .....А тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулжээ[3].
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШТ2017/0114 дүгээр тогтоолоор[4] ““Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхай Кадастрын албаны даргын 2004 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 842, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхай Кадастрын албаны даргын 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1470 дугаар шийдвэрүүдийн “С м” ХХК-ийн ......А, .....А, .....А, .....А дугаар тусгай зөвшөөрлүүдэд холбогдох хэсгийн биелэлтийг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртлэх хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 221/ШТ2017/0603 дугаар тогтоолоор[5] шүүхийн 0114 дүгээр тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх үед “....А, ....А, .....А, ....А тоот тусгай зөвшөөрлүүдэд холбогдох захиргааны актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байна.
Түүнчлэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1654 дүгээр захирамжаар[6] “С м” ХХК, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 9820 дугаар захирамжаар[7] Монгол Улсын Засгийн газрыг тус тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулсан, гуравдагч этгээд “С м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Г.Н нараас мөн л “....А, .....А, .....А, ......А тоот тусгай зөвшөөрлүүдэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүхэд гаргасан тайлбар[8] гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.
Шүүх захиргааны хэрэг үүсгэснээс хойш 2 жил 4 сарын хугацаанд “...А, ....А, .....А, .....А тоот тусгай зөвшөөрлүүдэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байх бөгөөд хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “....А, ....А, ....А, .....А тоот ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгохыг даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулж, хэргийн бусад оролцогчдод нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөнтэй холбоотой тайлбар гаргах боломжийг олгоогүй, улмаар өөрчлөгдсөн нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн хүрээнд нотлох баримт цуглуулах ажиллагааг хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32, 34, 52, 56 дугаар зүйлүүдэд тус тус заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцээгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т ”нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл”, 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 52.5.5-д “нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа этгээдийн хувьд маргаж байгаа асуудлын талаар хангалттай сонирхол илэрхийлсэн байх бөгөөд нийтийн ямар ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй”, 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна”, 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж, дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж тус тус заасны дагуу шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулж, тэрхүү нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд буюу хэргийн оролцогчдын маргасан хүрээнд нотлох баримтыг бүрэн гүйцэд бүрдүүлж, улмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлж дүгнэн маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг мөрдөх учиртай.
Гэтэл шүүх 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгохыг хариуцагчид даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагыг болон нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлийг өөрчилсөн байхад өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг хэргийн бусад оролцогчдод танилцуулж, тайлбар гаргуулах, улмаар нэхэмжлэлийн өөрчлөгдсөн шаардлагатай холбогдуулан нотлох баримт цуглуулах ажиллагааг хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйл, 56 дугаар зүйл, 57 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцээгүйн улмаас шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байх, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим үндэслэл болон хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлд, хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь харьцуулан үзэж, хууль зүйн дүгнэлт хийх үүргээ гүйцэтгээгүй орхигдуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд мөн нийцээгүй байна.
Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “... Монгол Улсын иргэдийн Монгол Улсын Үндсэн хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасан хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн ... Монгол хүний өвөг дээдсийн шарил, бунхан, соёлын үнэт өв соёл, байгалийн үзэсгэлэнт газар, тогтоц, нуур цөөрөм, горхи булаг рашаан, ховор өвс ургамал, ан амьтан, араатан жигүүртэн, хүн малын амь нас эрүүл мэнд, эрүүл аюулгүй орчинд амьдрах байдал зэрэг ... жам ёсны бүх эрхүүд алдагдан бүгд устан үгүй болох бодит нөхцөл үүсээд байна ... тусгай зөвшөөрлүүд нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3, 4.5, 5.3 дахь хэсгийн заалтуудыг зөрчсөн ... Энэүү газар нь ойн бүс болон усан сангийн эх урсац газарт хамрагддаг, байгалийн үзэсгэлэнт газар ... үйлдвэрлэл явагдвал ... хүнцэл, цианит зэрэг химийн хорт бодист уусан устах юм ...” гэж тодорхойлжээ.
Харин 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “... Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.7, 56.1.8, 56.1.10-д заасан үндэслэлээр маргаан бүхий актуудыг хүчингүй болгуулах” гэж тайлбарласнаас үзвэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл өөрчлөгдсөн гэж үзэхээр байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.7-д заасан үндэслэл”-тэй холбогдуулан дүгнэлт хийсэн атлаа бусад үндэслэлийн тухайд дүгнэлт хийгээгүйгээс гадна хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс “... Улсын Их Хурал нь 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор тус компанийн эзэмшиж буй ...А болон ....А тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайд орших Гацууртын алтны ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулсан ... Улсын Их Хурлын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” 13 дугаар тогтоолоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших “Н” уул орчмын газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан ... Улсын Их Хурлын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” 14 дүгээр тогтоолоор ... стратегийн ач холбогдол бүхий Гацууртын ордын төрийн эзэмшлийн хэмжээг 34 хувиар тогтоож, төрийн эзэмшлийн хувийг Ашигт малтмалын хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч талтай хэлэлцээ хийж шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газарт зөвшөөрсөн ... Засгийн газрын 2017 оны 90 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших “Н” уул орчмын байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоосон ... Засгийн газрын 2017 оны 109 дүгээр тогтоолын хавсралтаар стратегийн ач холбогдол бүхий Гацууртын алтны үндсэн ордын талбайн хил заагийг тогтоосон ... гэж тайлбарласан, холбогдох нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад шүүх эдгээр тайлбар, нотлох баримтуудыг дэмжиж байгаа болон үгүйсгэж, няцааж байгаа эсэх талаар дүгнэлт хийгээгүй нь шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын маргаж буй үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх хуулиар тогтоосон журамд нийцээгүй байна.
Түүнчлэн гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчийн “... шүүх нэхэмжлэгч “Н у а х” ТББ-ын шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг, нягтлан үзэж, дүгнэлгүйгээр шийдвэр гаргасан” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч “Н у а х” НҮТББ нь уг төрийн бус байгууллагын эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэх агуулгаар биш харин ”... нутгийн болон Монгол Улсын иргэдийн Монгол Улсын Үндсэн хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасан хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн ...” гэж нийтийн эрх ашгийг төлөөлөн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүх 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч, гуравдагч этгээдээс нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрхтэй холбогдуулан шүүхэд хандаж удаа дараа тайлбар гаргаж маргасан байхад шүүх шийдвэртээ хэргийн оролцогчдын маргаж буй уг асуудалд огт дүгнэлт хийгээгүй хууль зөрчжээ.
Нэхэмжлэгч “Н у а х” НҮТББ-ын тэргүүн О.Ц давж заалдах шатны шүүх хуралдааны явцад”... Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд нэхэмжлэл гаргасан” гэж тайлбарласан байх бөгөөд хэрэгт авагдсан “Н у а х” НҮТББ-ын гэрчилгээ, дүрэм зэрэг баримтуудаас үзвэл тус Төрийн бус байгууллага нь “Хүннү гүрний үеэс тогтсон төрт ёс, түүхийн өв, уул ус, газар шороо, ойн баялгийг онгон дагшанаар нь авч үлдэх, урт нэртэй хуулийг хэвээр нь үлдээх ба Монгол улсын тусгаар тогтнол газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахыг эрхэм зорилго болгох” гэсэн зорилгын хүрээнд “Түүх өв соёл, эцэг өвгөдийн онгон шүтээн, байгаль орчныг хамгаалахад олон нийтэд хяналт тавих, сурталчлах, сургалт явуулах” чиглэлээр үндсэн үйл ажиллагаагаа явуулахаар байгуулагдсан нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр улсын бүртгэлийн .......... дугаарт бүртгэгдэж, ........ дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон, О овогтой Ц-ийг Удирдах зөвлөлийн даргаар томилсныг бүртгүүлсэн болох нь тогтоогдож байна.
Анхан шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, 3.1.9-т “захиргааны хэргийн шүүхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд” гэж хуулиар эрх олгогдсон этгээд, энэ хуулийн 18.3-т заасан шаардлага хангасан төрийн бус байгууллагыг” тус тус ойлгохоор, 18 дугаар зүйлийн 18.3-т “Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд дараахь шаардлагыг хангасан байна:”, 18.3.1-д “нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх”, 18.3.2-т “дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх” гэж тус тус заасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдоос дээрх байдлаар “... нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шүүх хуульд заасны дагуу хүлээн авахаас татгалзах шаардлагатай, ... нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш” гэж маргасан байх тул шүүх шийдвэртээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах талаар эсхүл нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд эсэх талаар буюу дээрх хуулиар тогтоосон журмын хүрээнд нэхэмжлэгч “Н у а х” НҮТББ-ыг “нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд” гэж үзсэн эсэх, эсхүл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 оны/-иар тогтоосон журмын хүрээнд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж буй эсэх талаар нэхэмжлэгчийн эрх зүйн байдалд холбогдох хуулийг хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн талаар зайлшгүй дүгнэлт хийхээр байхад энэ талаар огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан алдааг гаргасан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 34.3-т “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй”, 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна”, 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж тус тус заажээ.
Шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.7-д “... хайгуулын талбайд соёлын өв байгаа нь тогтоогдсон” гэсэн хуулийн зүйл, заалтыг баримтлан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ “Гацууртын ордын ашиглалтын талбай болон орчны бүсэд хийсэн археологийн авран хамгаалах малтлага судалгааны тайлангийн судалгааны ажлын тайлангийн үр дүн хэсгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгожээ.
Шүүх дээрх дүгнэлтийг хийж, шийдвэр гаргахдаа “соёлын өв байгаа нь тогтоогдсон” гэх үндэслэлийн тухайд соёлын өв байгаа талаар эрх бүхий ямар этгээдийн, ямар шийдвэр гаргасан тохиолдолд “тогтоогдсон” гэж үзэх талаар хууль эрх зүйн үндэслэлийг тайлбарлаагүйн дээр “... Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн үеэс нэгдсэн хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүй ...” гэж дүгнэсэн нь мөн Улсын Их Хурлын 2015 оны “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” 11 дүгээр тогтоолын хавсралтаар Гацууртын ордыг стратегийн ордод хамруулсан, Засгийн газрын 2017 оны 90 дүгээр тогтоолоор Байгалийн нөөц болон дурсгалт газартай маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийн талбай давхцахгүй талаарх хэргийн оролцогчдын тайлбар, энэ талаарх хэрэгт авагдсан баримтуудыг хэрхэн үгүйсгэж, няцааж байгаа талаар дүгнээгүй нь ойлгомжгүй, тодорхой бус байгааг дурдах нь зүйтэй байна.
Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, давж заалдах шатны шүүх тус алдааг засах боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/361 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд “С м” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
[1] 1 дүгээр хавтатс хэргийн 2 дахь тал
[2] 1 дүгээр хавтатс хэргийн 87 дахь тал
[3] 1 дүгээр хавтатс хэргийн 193 дахь тал
[4] 5 дугаар хавтаст хэргийн 66-76 дахь тал
[5] 5 дугаар хавтаст хэгийн 115-122 дугаар тал
[6] 1 дүгээр хавтаст хэргийн 41-42 дугаар тал
[7] 3 дугаар хавтаст хэргийн 114-115 дугаар тал
[8] 1 дүгээр хавтаст хэргийн 96, 4 дүгээр хавтаст хэргийн 83-84 дүгээр тал