Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 04

 

 

 

 

 


              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, Ерөнхий шүүгч Б.Одонтуяа, шүүгч Ц.Сувдмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
           Нэхэмжлэгч: “Онолтмөнх” ХХК
    Хариуцагч: Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн дарга, улсын байцаагч Р.Наранчулуун, улсын байцаагч Я.Наранчимэг
    Нэхэмжлэлийн шаардлага: Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн дарга, улсын байцаагч Р.Наранчулуун, улсын байцаагч Я.Наранчимэг нарын 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 100005092 дугаар актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
             Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Онолтмөнх” ХХК-ийн захирал Ж.Баасансүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваадорж, С.Батбилэг, хариуцагч Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн дарга, улсын байцаагч Р.Наранчулуун, улсын байцаагч Я.Наранчимэг, иргэдийн төлөөлөгч Д.Содтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Лхамсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:    
    “Онолтмөнх” ХХК-ийн захирал Ж.Баасансүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Я.Наранчимэг, Р.Наранчулуун нар 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 100005092 дугаар актаар 59.452.155.2 төгрөгийн төлбөр ногдуулсан ба Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор 105.000.000 сая төгрөгийн зөрчилд ногдох 10.500.000 төгрөгийн нөхөн татвар, 5.250.000 төгрөгийн торгууль, 31.500 төгрөгийн хүү нийт 15.781.500 төгрөгийн төлбөрийг хассан. 
     Татварын улсын байцаагчийн 100005092 дугаар актын үргэлжлэл, хавсралт №1-ийн /дугаар 1-ийн/ тогтоох нь хэсгийн 1-д 2013 оны аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд борлуулалтын орлогыг дутуу тооцсон 77.701.500 төгрөгийн зөрчилд 7.770.150 төгрөгийн нөхөн татвар, 2.331.045 төгрөгийн торгууль, 186.252 төгрөгийн алдангийг хүчингүй болгуулахын тухайд иргэн Баттогтох, Батдулам нарын 2013 онд худалдан авсан орон сууцны борлуулалтын орлого гэх 77.701.500 төгрөг нь байгуулагад орж ирээгүй болохыг шүүх шинжилгээний хүрээлэнгийн 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 112 дугаар шинжээчийн дүгнэлт болон Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн прокурорын 129 дүгээр тогтоолоор тус тус нотлогдсон байхад аж ахуй нэгжийн орлогын албан татвар тооцсон нь үндэслэлгүй юм.
    Татварын улсын байцаагчийн 100005092 дугаар актын үргэлжлэл, хавсралт №1- ийн /дугаар 1-ийн/ тогтоох нь хэсгийн 2-т 2013 оны борлуулалтын орлого 327.110.500 төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан төлөөгүй зөрчилд 32.711.050 төгрөгийн нөхөн татвар, 16.355.525 төгрөгийн торгууль, 98.133.20 төгрөгийн хүү ногдуулсан төлбөрөөс Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлөөс хассан 10.500.000 төгрөгийн нөхөн татвар, 5.250.000 төгрөгийн торгууль, 31.500 төгрөгийн хүү нийт 15.781.500 төгрөгийн төлбөрийг хасч үлдэх 22.211.050 төгрөгийн нөхөн татвар, 11.105.525 төгрөгийн торгууль, 66.633.2 төгрөгийн хүү нийт 33.383.208.2 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах.
     Уг төлбөр нь Улаанбаатар хотод худалдан борлуулах зорилготой худалдан авсан орон сууцны 144.400.000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар хасч тооцсон болон иргэн Баттогтох, Батдулам нарын 2013 онд худалдан авсан орон сууцны борлуулалтын орлого гэх 77.701.500 төгрөгөнд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй гэх зөрчил юм.
    Дээр дурьдсанчлан нэгэнт орон сууцны борлуулалтын орлого гэх 77.701.500 төгрөг нь байгуулагад орж ирээгүй тул үүнд хамааруулан зөрчил гэж тооцсон нэмэгдсэн өртгийн албан татвар 77.701.500 төгрөгийн зөрчил үндэслэлгүй бөгөөд энэ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь заалтыг зөрчсөн. Уг авлага нь 2014 оны 2 дугаар улиралд манай дансанд орсон ба  үүнтэй холбоотой аж ахуйн нэгжийн орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татварын тооцооллыг хуулийн дагуу хийсэн тул нийт 155.403.000 төгрөгийн зөрчлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
    Улаанбаатар хотод худалдан борлуулах зорилготой худалдан авсан орон сууцны 144.400.000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын хасалтыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 "Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно", 14.1.2. "худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар өөрөө шууд импортолсон бараа, ажил, үйлчилгээнд төлсөн" гэж заасны дагуу нэгэнт төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хассан. Уг худалдан авсан орон сууц нь манай компанийн хувьд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасны дагуу бараа юм.
Манай өмгөөлөгч Б.Даваадорж уг орон сууцыг худалдан авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасах талаарх тодруулгыг Татварын ерөнхий газраас авахад Татварын ерөнхий газрын 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 8/2115 дугаар албан бичгээр хасах нь зөв гэсэн тайлбар өгсөн. Мөн Татварын ерөнхий газрын цахим тайлангийн системд “Тайгам-Алтай” ХХК борлуулалтаар шивж манай компани худалдан авалтаар шивж тус тус баталгаажуулсан. Улмаар манай компани уг барааг /орон сууцаа/ 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө худалдан борлуулсан ба үүнийгээ Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө тайлагнасан.
     Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хууль, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу уг актын үлдэгдэл төлбөр болох нөхөн татвар 29.981.200 төгрөг, 13.436.570 төгрөгийн торгууль, 66.633.2 төгрөгийн хүү, 186.252 төгрөгийн алданги нийт 43.670.655.2 төгрөгийн хүчингүй болох талаар:
     Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлэхээр зохицуулжээ. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 3 дугаар зүйлд “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр буюу тухайн нутаг дэвсгэрт дагаж мөрдүүлэхээр тогтоосон захиргааны журам санаатай буюу болгоомжгүйгээр зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг захиргааны зөрчил гэж үзнэ” гэжээ. Тодруулбал хууль тогтоогчоос захиргааны журам гэдэгт нийтээр дагаж мөрдүүлэхээр тогтоосон зан үйлийн горим, эрх зүйн хэм хэмжээг хамруулан, өргөн утгаар тайлбарласан байна. Эндээс татварын хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага нь өөрөө захиргааны хариуцлагын нэг төрөл, захиргааны шийтгэл мөн юм. Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн зорилго нь зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэсэн байх бөгөөд ийнхүү чөлөөлөхдөө ямар төрлийн захиргааны шийтгэлийг өршөөн хэлтрүүлэхийг хууль тогтоогчоос нарийвчлан заагаагүй, хууль тогтоомж зөрчиж, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлэхээр хуулийг баталсан байх тул шүүх зөрчил гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчмыг үндэслэл болгон манай компаний зөрчлийг өршөөлд хамруулах нь хуульд нийцэх юм. Шүүхийн практикаас харахад Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүргээс гэм буруутай этгээдийг чөлөөлөхгүй байхаар зохицуулсан заалтыг буруу тайлбарлан хэрэглэж нөхөн татварыг өршөөлд хамруулахгүй байгаа нь мөн зөрчил гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулж хууль зөрчиж байна. Тус хуулийн 8 дугаар зүйлд гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол нөхөн төлөх тухай заалт байгаа ч энэ заалт нь Захиргааны хариуцлага хүлээсэн этгээдэд хамааралгүй заалт юм. Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.”тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэж  үл болно” гэж заасан. Хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “...Энэ хуулийн 4.1, 4.2-т заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэх, энэ хуулийн 7.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь тухайн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөхгүй бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй...” гэсэн энэхүү хохирол нөхөн төлүүлэх тухай заалт нь зөвхөн хуульд тусгай харилцааг тухайлан заасан эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд холбоотой заалт юм. Манай компани захиргааны зөрчил гаргахдаа иргэн, аж ахуй нэгж, байгууллагад хохирол учруулаагүй бөгөөд өршөөл үзүүлэх хуулийн зорилго нь "төрийн өршөөл" буюу төр нь иргэн аж ахуй нэгж байгууллагад ялгаваргүйгээр өршөөл үзүүлж хуулийн дагуу албан журмаар төлөх албан татвараас чөлөөлөгдсөнөөр бүрэн хангагдана. Үүнээс харахад бусдад учруулсан хохирлыг нөхөн  төлөх үүрэг нь энэ хуулийн 4.1, 4.2-т заасан этгээдэд хамааралтай бөгөөд 4.3-т заасан этгээд буюу захиргааны хариуцлага хүлээсэн этгээдэд хамаарахгүй байгаа тул тус актаар тогтоогдсон нөхөн татвар чөлөөлөгдөхөөр байна.
     Манай компани 2016 оны 2 дугаар сарын 20-ноос өмнө Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу татварын ил тодын тайлангаа татварын албанд илгээсэн ба татварын байгуулага баталгаажуулан бар код олгосон.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 2.1-д "Татварын ерөнхий хууль, тухайн төрлийн татварын ...... хуулийн дагуу албан татвар, ....төлөхөөр, .....хувь хүн, хуулийн этгээдэд энэ хууль үйлчилнэ." мөн хуулийн 5.1-д “... Албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйл, нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд нуун дарагдуулсан боловч энэ хуулийн 3.1-д заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр ил болгож, санхүүгийн болон албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг шинээр гаргаж харьяалах татварын алба, нийгмийн даатгалын байгууллагад сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн бол тухайн хувь хүн, хуулийн этгээдийг энэ хуулийн 4.1-д заасан хуульд заасан хариуцлагаас нэг удаа чөлөөлнө...” гэжээ. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д Засгийн газарт хуулийг яаж хэрэгжүүлэх талаар журам гаргах эрх олгосон. Гэтэл засгийн газар эрх хэмжээгээ хэтрүүлж хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т заасан ямар татвар хамаарах талаарх заалт байсаар байтал дээрхи заалтад нэмэлт оруулсан мэтээр хуулийг тайлбарлаж эрх хэмжээгээ хэтрүүлсэн. Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 86 дугаар албан бичгээр энэхүү эрх хэмжээгээ хэтрүүлэн гаргасан журмын заалтыг баримталсан нь манай компанийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр болсон.
Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 1-д "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна." гэж заасан. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д "хөрөнгө, орлогоо ил болгож бүртгүүлэх, мэдүүлэх, тайлагнах хугацаа нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дуусна." гэж заасан. Өнөөдөр татварын байгууллагаас 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Монгол улс даяар татварын хяналт шалгалтыг зогсоож ил тодын хуулинд заасан боломж, эрхийг 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацааны ажил гүйлгээнд олгосон. Гэтэл Засгийн газрын гаргасан 2015 оны 348 дугаар тогтоолоор батлагдсан журмын эрх хэмжээгээ хэтрүүлсэн 2.1.1 дэх заалтаар ил тодын хуулинд заасан эрхээ эдлэх боломжгүй болж байна. Учир нь татварын байгууллагаас төлөвлөгөөт болон гэнэтийн хяналт шалгалтад хамрагдсан аж ахуй нэгжийн үндсэн хуулиар олгогдсон тэгш шударга байх эрхийг хязгаарлаж  шударга бус хандаж эрх зүйн байдлыг дордуулсан.
Татварын улсын байцаагч нар Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2014 оны 8 сарын 12-ны өдрийн 129 дугаар прокурорын тогтоолоор татварыг нөхөн төлүүлэхээр гарсны дагуу 2014 оны 9 дүгээр сарын 18 өдрийн 100005092 тоот актыг бичжээ. Татварын улсын байцаагчийн актыг үйлдэхдээ прокурорын тогтоолыг үндэслэн үйлдэхгүй бөгөөд энэ нь татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн байна. 
Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/101 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар "Татварын албаны Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам"-ыг баталсан. Уг журмаар болон Татварын ерөнхий хуулиар прокурорын тогтоолыг үндэслэн хяналт шалгалтын акт үйлдэхгүй бөгөөд Татварын хяналт шалгалт эрхэлсэн нэгжийн даргын томилолт удирдамжийн дагуу үйлдэнэ. Гэтэл татварын улсын байцаагч нар 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 10140400030 дугаар томилолтыг буюу хугацаа нь дууссан эрх зүйн хүчин чадалгүй болсон томилолт болон прокурорын тогтоолыг үндэслэсэн байна. Хууль ёсоор бол дахин шинэ удирдамж, томилолт авч дахин шинэ захиргааны акт гаргах  байсан. Энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" заалтыг зөрчсөн.
Иймд дээрхи үндэслэлүүдээр Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Я.Наранчимэг, Р.Наранчулуун нарын 2014 оны 9 дүгээр сарын 18-ний өдрийн 100005092 дугаар актаар тогтоосон төлбөрийн Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлөөс үлдээсэн төлбөр болох 29.981.200 төгрөгийн нөхөн татвар, 13.436.570 төгрөгийн торгууль, 66.633.2 төгрөгийн хүү, 186.252 төгрөгийн алданги нийт 43.670.655.2 төлбөрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
    Хариуцагч Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн дарга Р.Наранчулуун, татварын улсын байцаагч Я.Наранчимэг нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Б/850 дугаар хүсэлтийн дагуу “Онол мөнх” ХХК-ийн 2012 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх санхүүгийн баримтанд татварын хяналт шалгалтыг 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 10140400030 дугаар томилолтын дагуу Татварын улсын байцаагч Я. Наранчимэг, Ч. Өвгөнхүү нар шалгалт хийж дараах зөрчлийг илрүүлэн эрүүгийн шинжтэй буюу их хэмжээний орлого нуусан гэж үзэн 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 100000662 тоот Татварын улсын байцаагчийн дүгнэлтийг бичиж цагдаагийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлсэн.
    Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 129 дугаар тогтоолоор ”Онолтмөнх” ХХК-ийг Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэх үндэслэлээр Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн шинжгүй гэж үзэн захиргааны хариуцлага тооцуулахаар шийдвэр гарсны дагуу Татварын Ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т “энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариущгагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасны дагуу 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 100005092 дугаар актыг Татварын улсын байцаагч Я. Наранчимэг, Татварын улсын ахлах байцаагч Р. Наранчулуун нар бичсэн болно.
    Гэтэл уг актыг одоо болтол зөвшөөрөхгүй аймгийн Татварын Маргаан Таслах зөвлөл, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын Маргаан Таслах зөвлөл, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхны шатны шүүх, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхны шатны шүүхэд удаа дараа хандаж байгаа нь татвараас зайлсхийх, татварыг төлөхгүй удаашруулж хууль завхаруулж байна гэж үзэж байна.
    Татварын улсын байцаагчийн актаар тавигдсан зөрчлүүдийг нь шат шатны санхүүгийн байгууллагууд шалгаад, нотлоод, гаргаад ирчихсэн байхад Нягтлан бодох бүртгэлийн хуулийг мэдэхгүй санхүүгийн тайландаа авлагаа бүртгээгүй, татвар тооцоогүй зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүй байна.
    Тус “Онолт мөнх” ХХК нь 2008 онд байгуулагдан хаягдал шороо угааж нөхөн сэргээлт хийх үйл ажиллагаа эрхэлдэг байсан. Гэтэл 2012 оны 5 дугаар сараас эхлэн 25 айлын /1374м2/ орон сууцыг захиалан бариулж 2013 оны 8 дугаар сард ашиглалтанд оруулж борлуулсан. 1м2-ыг нь 950,000 төгрөгөөр борлуусан байсан. 
    Шалгалтаар илэрсэн 1 дэх зөрчлийн хувьд 2013 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд борлуулалтын орлого 77.701.500 төгрөгийг дутуу тусгасан. Энэ нь: Нийт борлуулалтын орлого 1374м2*950.000=1.305.300.0 төгрөг /НӨАТ-тэй/ /подволын квадрат ороогүй/, Нийт борлуулалтын орлого 1.186.636.4 мянган төгрөг /НӨАТ-гүй/
    2013 оны жилийн эцсийн тайлангаар 528.027.9 мянган төгрөг, 2014 оны 1 дүгээр улирлын тайлангаар 581.432.5 мянган төгрөгийн борлуулалтын орлоготой гэж тайлагнасан. Санхүүгийн тайланд авлага байхгүй. /1,186,636.4-528,027.9-581,432.5=77,701.5 мянган төгрөг дутуу тайлагнасан/
    Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дүгээр заалтанд “Албан татвар төлөгч нь нягтлан бодох бүртгэлийн аккруэл сууриар гаргасан улирал, жилийн татварын тайланг үндэслэн жилийн эхнээс өссөн дүнгээр орлого тооцон төлөх албан татвараа өөрөө үнэн зөв тодорхойлж төсөвт төлнө” гэж заасны дагуу
Аккурэль суурь 
    Дт Авлага 77.701.5
    Дт Мөнгө 1.109.460.40
        Кт Борлуулалтын орлого 1.186.636.40
Аккурэль суурь / Авлага орж ирэх үед/
    Дт Мөнгө 77.701.5 Кт Авлага 77.701.5 гэж бүртгэдэг зарчимтай учраас 77.701.5 мянган төгрөгийн орлогыг дутуу тусгасан гэж үзэж байна. Мөн тухайн жилийн санхүүгийн тайланд авлагаа тусгаагүй болно. 
    2013 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд борлуулалтын орлого дутуу тусгасан 182.710.5 мянган төгрөгийн зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн Нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар ногдуулна; 8.1.2-т барилга угсралтын ажил гүйцэтгэсэн бол эцсийн борлуулалтад гэж зааснаар тооцсон. Авлагаа бүртгэхгүй байна гэдэг мөнгө орж ирхээр орлогоор тооцогдохгүй дараагийн шалгах байцаагчид орлогоо нуусан нь мэдэгдэхгүй болно.
    1374м2*950.000=1.305.300,0 төгрөг /НӨАТ-тэй/
    Нийт нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох орлого нь 1.186.636.4 /НӨАТ-гүй/
    2013 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 423.018.9 мянган төгрөг, 2014    оны 3 дугаар сарын тайлангаар 581.432.5 мянган төгрөгийн орлогыг тус тус тайлагнасан. Тийм учраас нийт орлогоос тайлагнасан дүнг хасч тооцсон болно.
    1.186.636.4-423.018.9-581.432.5=182,710.5 мянган төгрөг дутуу тусгасан.
    Нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой зөрчилд тайлбар хийх нь 2013 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд орон сууц худалдан авсан 144.400.0 мянган төгрөгийг тусгасан, компаний санхүүгийн тайланд хөрөнгөөр бүртгэж аваагүй нь компаний хөрөнгө биш хувийн хөрөнгө болох нь нотлогдож, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Дараахь бараа, ажил, үйлчилгээг импортлох, худалдаж авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авагчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй” 14.4.2-т “хувийн болон ажиллагчдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, үйлчилгээ” гэж заасныг зөрчсөн мөн Татварын Ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлөөр шалгахад уг үл хөдлөх хөрөнгө нь орон сууцны зориулалттай болохыг үл хөдлөх эд хөрөнгөө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00344733 дугаартай гэрчилгээгээр нотлогдож, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Дараахь бараа , ажил, үйлчилгээг импортлох, худалдаж авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авагчийн төлөхуг албан татварын нийт дүнгээс хасахгүй” 14.4.3-д “энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулж импортлосон болон худалдан авсан бараа, ажил үйлчилгээ” гэж заасныг тус тус зөрчсөн орон сууцны барилга болох нь нотлогдсон, санхүүгийн тайланд хөрөнгөөр бүртгээгүй зэрэг нь худалдах зорилгоор худалдан авсанд тооцогдохгүй.
    Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын 2014 оны 3 дугаар сарын 18-ны Б/850 дугаар албан бичгийн дагуу Татварын хэлтсийн 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн тусгай удирдамж, татварын хяналт шалгалт хийх 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 10140400030 дугаар томилолтын дагуу 2012 оноос 2013 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалтийг хийсэн болно. Татварын хяналт шалгалт хийх процесс нь томилолтыг FISHER программд ахлах байцаагч оруулснаар шалгалтын үйл ажиллагаа явагдах эрх үүсдэг гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваадорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өвөрхангай аймгийн татварын байцаагч нарын  2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 100005092 дугаар актаар төлбөр ногдуулсан байдаг. Үүнийг Татварын маргаан таслах зөвлөлөөр хүү торгууль алдангийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар хамруулах талаар аймгийн Татварын хэлтэст хүсэлтээ өгсөн. Өршөөлийн хуулинд хамруулж болно гэж хариу ирүүлсэн. Үлдэж байгаа хоёр зөрчилийн асуудал  байгаа. Нэгдүгээр зөрчлийн асуудал бол Улаанбаатар хотод худалдан борлуулах зориулалтаар худалдан авсан 144.400.000 төгрөгийн зөрчилд холбогдох 14.400.000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөр байгаа. Энэ нь Улаанбаатар хотод худалдан борлуулах зорилгоор худалдан авсан орон сууц байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Иргэн хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татварт бүртгүүлснээсээ хойш хугацаанд дорд дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн төсвөөс хасаж тооцно” гэж заасан байдаг. Мөн энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татварыг хассан. Уг худалдан авсан орон сууц нь компаний хувьд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн нь 4.1.2 дахь хэсэгт зааснаар бараа гэж үзэж байна. Уг орон сууцыг худалдан авсан асуудалд нэмэгдсэн өртгийн албан татварыг хасах талаарх тодруулгыг Татварын ерөнхий газраас хүсэлт тавьж авсан. Татварын Ерөнхий газрын 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 8/2115 гэсэн албан бичигт үүний талаар хасаж тооцох нь зүйтэй гэсэн тайлбар ирүүлсэн. Энэ тайлбар хавтаст хэрэгт авагдсан. Мөн хоёрдугаар зөрчлийн хувьд иргэн Баттулга, Баттогтох нарын 2013 онд худалдан авсан орон сууцны борлуулалтын орлого 77.701.500 төгрөг байгаа. Энэ орлого тухайн акт гарч байхад манай компанид орж ирээгүй байсан. Үүнийг шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 112 дугаар шинжээчийн дүгнэлт болон Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 129 дүгээр тогтоолоор тус тус нотолсон. Нэгэнт орон сууцны борлуулалтын орлого гэх дээрх мөнгө нь манай компанид орж ирээгүй тул түүнд хамруулсан зөрчил гэж тооцсон нэмэгдсэн өртгийн албан татвар болох 77.701.500 төгрөгийн зөрчил үндэслэлгүй гэж үзэж байна. Уг авлага нь 2014 оны хоёрдугаар улиралд манай компанийн дансанд орж ирсэн. Үүнтэй холбоотой Аж ахуй нэгжийн албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татварын тооцоог хуулийн хүрээнд хийж тухайн үед төлсөн. 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 100005092 дугаар актад дурдсан иргэн Баттулга, Баттогтох нарын 2013 онд худалдан авсан орон сууцны борлуулалтын орлогыг 2014 оны хоёрдугаар улиралд төлчихсөн байхад тухай үед тодорхойлоогүй гэж 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр  дахин татвар  ногдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Актыг төлбөрийг гурван үндэслэлээр хүчингүй болгож өгөөч гэж хүсэж байна. Нэгдүгээрт томилолт удирдамжтай холбоотой, хоёрдугаарт засгийн газрын 2010 оны 109 дүгээр тогтоол, гуравдугаарт татварын ерөнхий  хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дээр татварын хяналт шалгалтыг удирдамж томилолтгүйгээр хийхийг хориглоно гэж заасан байгаа. Удирдамж хэргийн материалд авагдсан байна. Гэтэл тэр удирдамж томилолт нь 2012 оны 4 дүгээр сарын 4-ний өдрөөс 6 хоногоор олгосон удирдамж байсан. Татварын Ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт акт дүгнэлт бичих үндэслэл гэж заасан байна. Татварын улсын байцаагч энэ хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 67 дугаар зүйл, 74 дүгээр зүйлд заасан үндэслэлээр акт бичнэ. Мөн хуулийн  33 дугаар зүйлийн 33.2.6-д зааснаар дүгнэлт бичнэ гэж заасан байна. Акт дүгнэлт хоёр эрх зүйн хувьд хоёр өөр ойлголт болж байна. Хэрэгт авагдсан томилолт удирдамжийг харахад 2014 оны 4 дүгээр сарын 4-ний өдрөөс 6 хоногоор сунгагдаад 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Татварын улсын байцаагчийн дүгнэлт гарсан. Татварын улсын байцаагчийн гаргасан дүгнэлт хууль ёсоор гаргасан дүгнэлт байна. Татвар төлөгч гомдол гаргаад Цагдаагийн байгууллага болон холбогдох байгууллагаар шалгуулаад 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 129 дүгээр тогтоол гарч акт дүгнэлт хууль ёсны биш гээд хэрэгсэхгүй болгосон. Татварын улсын байцаагч нар 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр татварын улсын байцаагчийн акт гарсан. Актын үндэслэл хэсэг дээр томилолт удирдамжийг дурдсан байна. Хяналт шалгалтыг 2014 оны 4 дүгээр сарын 04-ний  өдрөөс 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртлэх хугацаанд хийж гүйцэтгэв гэсэн байна. Энэ нь хугацааны хувьд ямар ч боломжгүй. Хяналт шалгалтыг хэзээнээс хийх ёстой байсан бэ гэвэл прокурорын дүгнэлт гарсаны дараа буюу 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс хойш шинээр удирдамж томилолт авч байж хяналт шалгалт акт дүгнэлт гаргах ёстой байсан. Гэтэл татварын улсын байцаагч нар процессийн хуулийг ноцтой зөрчиж, Татварын Ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь хэсэгт заасныг зөрчиж акт гаргасан нь бүхэлдээ үндэслэлгүй акт байна гэж үзэж байна. Засгийн газрын 119 дүгээр тогтоол байна. Энэ тогтоол нь эрх зүйн хэм хэмжээг бүртгэж нийтээр дагаж мөрдөх тухай гарсан журам байгаа. Татварын ерөнхий газраас 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/101 дугаар тушаалаар татварын хяналт шалгалтын журмыг шинжлэн баталсан. Энэ шинэ журмаар акт гаргах ёстой байсан. Гэтэл энэ шинэ журам нь хууль зүйн яаманд бүртгэлгүй байна. Засгийн газрын 2010 оны 109 дүгээр тогтоолын 2.5.2.-т шийдвэрийг зөвхөн улсын бүртгэлд бүртгэж, хууль зүйн сэтгүүлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдөнө гэж заасан байдаг. Гэтэл энэ журам нь хууль зүйн яаманд бүртгүүлээгүй, хууль зүйн сэтгүүлд гараагүй. Мөн журмын 2.5.2-т энэ шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр биш гэж үзэж тухайн шийдвэрийг биелүүлээгүй иргэн, аж ахуй нэгжид хариуцлага хүлээлгэхгүй гэж заасан байна.  2013 оны 77.701.500 төгрөгийн авлагаа 2013 оны бүртгэлд бүртгүүлээгүй гээд акт тогтоосон байгаа. Бүртгэлд бүртгүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна. 2014 оны 2 дугаар сард орлого нь орж ирэхэд тайландаа тусгасан. Гэтэл татварын улсын байцаагчийн акт 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр гарсан. Акт гарахаас өмнө төлбөрөө төлсөн байсан. Хэрвээ Татварын улсын байцаагч нар татвар төлөгчийг буруутай гэж үзэж байгаа бол хүү алдангийг тогтоож болно. Гэвч анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент үүссэн байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөлийн тухай хуулиар хүү алданги, торгуулийг өршөөлд хамруулж болно гэж заасны дагуу хүү, алданги, торгууль нь дээрх хуулийн дагуу өршөөлд хамрагдана. Худалдан борлуулах зорилгоор худалдан авсан 144,400,000 төгрөгийн орон сууцны тухайд нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар аж ахуй нэгж энэ орон сууцанд амьдарна гэсэн ойлголт байхгүй. Татварын байцаагч нар байрыг очиж үзэлгүйгээр өөрсдийнхөө дотоод итгэл үнэмшлээр хувьдаа амьдрах зориулалтаар авсан байна гэж дүгнэсэн. Гэрчилгээ болон баримтуудын үзэхэд энэ орон сууц компанийн нэр дээр байгаа. Компанийн хувьд энэ орон сууц нь бараа юм. Манай итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваадорж татварын ерөнхий газарт худалдан борлуулах зориулалтаар авсан учир нэмэгдсэн өртгийн албан татварыг хасалт хийж болох уу болохгүй юу талаар хүсэлт тавьж хариу авсан. Татварын ерөнхий газар нь хасалт хийх нь зүйтэй гэж хариу ирүүлсэн гэжээ.
Хариуцагч Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч  Я.Наранчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татварын улсын байцаагч Я.Наранчимэг би 2014 оны 3 дугаар сард Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын албан бичгийн дагуу удирдамж томилолт гаргаад “Онолт мөнх” ХХК-ийг  шалгасан. Тухайн үед байцаагчаар ажиллаж байсан Ч.Өвгөнхүү гэдэг байцаагч нас барсан. Тухайн үед тус компани нь улсын бүртгэлийн хуулийн этгээдийн гэрчилгээ дээрээ  алт олборлодог буюу хаягдал шороо боловсруулдаг уурхайн чиглэлээр ажилладаг компани байсан. 2013 онд 25 айлын 1374м2 барилгыг бариад ашиглалтад оруулсан байдаг. Тухайн үйл ажиллагаатай танилцаад санхүүгийн тайланг нь авчраад шалгаж байхад их хэмжээний орлого тайлагнаагүй нуусан байсан. Шалгаж байх явцдаа танай компани ерөөсөө барилга барьсан орлогоо тайлагнаагүй байна үүнийгээ тайлагнаад аваад ир гэж хэлсэн. Тухайн үед нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаа дутуу тайлагнаад ирсэн. Орон сууц худалдан борлуулсан 77,701,500 төгрөгийн орлогын тайлангаа огт тайлагнаагүй дутуу тайлагнасан учир үүн дээр дүгнэлт бичсэн. Хоёрдугаар зөрчлийн тухайд Улаанбаатар хотод худалдан авсан орон сууцны гэрчилгээ байхгүй байсан. Тухайн орон сууцыг яагаад худалдан борлуулах зориулалтаар аваагүй гэж үзсэн гэвэл нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар хасалт хийсэн байсан. Шалгаж байх хугацаанд ямар учиртай барилга юм бэ гэж асуухад худалдах зорилгоор гэж надад огт хэлээгүй. Тухайн хөрөнгөө санхүүгийн тайландаа бүртгээгүй. Компанийн хөрөнгө биш болох нь нотлогдоод тухайн нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгахгүй энийг хувьдаа авсан орон сууц гэж үзээд зөрчил гэж үзсэн. Ингээд дүгнэлт болгож цагдаагийн байгууллагад шилжүүлсэн гэжээ.
Хариуцагч Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн дарга, улсын байцаагч Р.Наранчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх цагдаагийн газраас хүсэлт ирүүлсний дагуу шалгалт хийгдсэн байгаа. Шалгаад байцаагч их хэмжээний орлого нуусан байна гэж үзээд дүгнэлт бичсэн. Дүгнэлтийг цагдаагийн байгууллага шалгаад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гээд татварын байцаагчийн актаар арга хэмжээг ав гэж прокурорын тогтоол гарсны дагуу Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.-т заасныг үндэслэн татварын улсын байцаагчийн акт гарсан. Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.6 дахь хэсэгт дүгнэлт бичих үндэслэл байгаа. Татварын улсын байцаагчийн акт нь шат шатандаа шалгагдаад аймгийн маргаан таслах зөвлөлөөр ороод байцаагчийн акт хэвээр батлагдсан. Татварын ерөнхий газрын маргаан таслах зөвлөл хуралдаад 43.670.655.2 төгрөгийн төлбөр болж буурсан. Үүнийг “Онолт мөнх” компани хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэж ярьж байна. Удирдамж томилолтгүй шалгасан байна гэж үзээд байна. Яагаад удирдамж томилолтгүй шалгасан гэж үзэж байгааг нь би ойлгохгүй байна. Аймгийн цагдаагийн газраас хүсэлт ирээд хүсэлтийн дагуу хэлтсийн дарга удирдамж боловсруулаад хяналт шалгалтын тасагт шилжүүлдэг. Хяналт шалгалтын тасаг тухайн үед тэр удирдамж дээр хоёр компанийг шалгахаар томилолт гаргасан байдаг. Хяналт шалгалтын тасаг тэр удирдамжийн дагуу хэнээр шалгуулах, хэдэн оны баримтыг яаж шалгах талаар томилолт үүсгэдэг. Дараагийн процесс нь байцаагч шалгахаар томилолт олгосоны дараа шалгах процесс нь нээгдэж ирдэг. Тухайн үед татварын улсын байцаагч болох Я.Наранчимэг, Ч.Өвгөнхүү гэсэн хоёр байцаагч нарт шалгахаар томилолт олгосон байдаг. Энэ хоёр дүгнэлт бичээд цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Дүгнэлт нь акт болох явцад манай байцаагч Ч.Өвгөнхүү нас барсан. Шалгахгүйгээр яагаад улсын байцаагчийн акт гарсан бэ гэвэл шалгах процесс нь шалгаад дууссан учир шалгасан зүйлээ дахин шалгах боломжгүй тул шалгасан дүгнэлтээ улсын байцаагчийн акт болгосон. Засгийн газрын 119 дүгээр тогтоол гэж ярьж байна. Үүнийг бид нар Татварын ерөнхий газраас асуухад хууль зүйн яам дээр бүртгэх шаардлагагүй гэж хариу ирсэн гэж хэлсэн. Хэрвээ энэ татварын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан А/101 дүгээр журмыг хүчингүй гэж үзэх юм бол улсын хэмжээнд бүх эрх зүйн акт хүчингүй болгох болчихоод байна. Нэхэмжлэгч тал борлуулалтын орлого авлагаа бүртгүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Улаанбаатар хотод худалдан авсан орон сууцаа нэмэгдсэн өртгийнхөө хасалтанд хийсэн, манайх хийх ёсгүй гээд байдаг. Худалдан борлуулах журмаар авсан бол хасалт хийх нь зөв. Худалдан борлуулах зорилгоор авсан гэдгээ нотлох ёстой. Санхүүгийн тайландаа үндсэн хөрөнгөө бүртгэх ёстой байсан ч  бүртгээгүй.  Санхүүгийн тайландаа үндсэн хөрөнгөө бүртгээгүй бид хоёр үзээгүй улмаас дараагийн байцаагч нар шалгахад бид хоёрын үзсэн санхүүгийн тайландаа бүртгээгүй бол дараа нь худалдан борлуулсаны хоёр хувийн татвар төлөх ёстой байсан. Хөрөнгөндөө бүртгээгүй бол худалдан борлуулах зорилгоор авсан гэж үзэхгүй гэсэн учраас хасалт хийхгүй гэж акт тогтоосон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“Онолтмөнх” ХХК-ийн нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн дарга, улсын байцаагч Р.Наранчулуун, улсын байцаагч Я.Наранчимэг нарт холбогдох “Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн дарга, улсын байцаагч Р.Наранчулуун, улсын байцаагч Я.Наранчимэг нарын 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 100005092 дугаар актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар тус шүүхэд шилжүүлснийг, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.  
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 
Нэхэмжлэгч нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Я.Наранчимэг, Р.Наранчулуун нарын 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 100005092 дугаар актаар тогтоосон төлбөрийн Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлөөс үлдээсэн төлбөр болох 29,981,200 төгрөгийн нөхөн татвар, 13,436,570 төгрөгийн торгууль, 66,633.2 төгрөгийн хүү, 186,252 төгрөгийн алданги нийт 43,670,655.2 төгрөгийг хүчингүй болгуулах” гэж тодруулжээ . Хэргийг шүүх хуралдааны хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбилэг нь маргаан бүхий захиргааны актыг гаргасан процесс нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тул актыг бүхэлд нь хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тул актыг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.   
Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн дарга, улсын байцаагч Р.Наранчулуун, улсын байцаагч Я.Наранчимэг нар нь нэхэмжлэгч “Онолтмөнх” ХХК-ийн 2012 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 100005092 дугаартай татварын улсын байцаагчийн актаар нөхөн татвар, торгууль, алданги, хүү нийт 59,425,155.2 төгрөгийн төлбөрийг ногдуулсан байна .
Нэхэмжлэгч “Онолтмөнх” ХХК нь татварын улсын байцаагч нь хяналт шалгалтыг явуулж маргаан бүхий захиргааны актыг бичихдээ Татварын ерөнхий хуульд заасан хяналт шалгалт явуулах журмыг зөрчсөн мөн актаар тогтоосон нөхөн татвар, торгууль, алданги, хүү нь үндэслэлгүй гэжээ. Хариуцагч нар нэхэмжлэгч “Онолтмөнх” ХХК-ийг Аж ахуй нэгжийн орлогын албан татварын болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиудын холбогдох зүйл заалтуудыг зөрчиж татвар ногдох орлогыг нуун дарагдуулсан байсан тул нөхөн татвар, торгууль, алданги, хүүг ногдуулсан мөн татварын хяналт шалгалт нь Татварын ерөнхий хуульд заасан хяналт шалгалт явуулах журмыг зөрчөөгүй гэж маргажээ.
Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Я.Наранчимэг, Ч.Өвгөнхүү нар нь Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Б/850 дугаар албан бичгээр  ирүүлсэн саналыг үндэслэн тус хэлтсийн даргын 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн тусгай удирдамж , 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 10140400030 дугаартай томилолтойгоор  2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүртлэх хугацаанд нэхэмжлэгч “Онолтмөнх” ХХК-ийн 2012 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 100000662 дугаартай дүгнэлтийг бичжээ . 
Өвөрхангай аймгийн Татварын хэлтэс нь 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 191 дүгээр албан бичгээр  татварын улсын байцаагч нарын 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 100000662 дугаартай дүгнэлтийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт хүргүүлжээ. Дээрх дүгнэлтийн үндэслэн цагдаагийн байгууллага тус компанийн захирал Ж.Баасансүрэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 129 дүгээр тогтоолоор гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна .
Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн дарга, улсын байцаагч Р.Наранчулуун, улсын байцаагч Я.Наранчимэг нар /цаашид улсын байцаагч нар гэх/ нь улсын байцаагч нарын 2014 оны 4 дүгээр сарын 11-ны өдрийн 100000662 дугаартай дүгнэлтийг үндэслэн дахин удирдамж батлуулж, томилолт гаргуулалгүйгээр 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 100005092 дугаар актыг бичсэн нь Татварын ерөнхий хуульд заасан татварын хяналт шалгалтыг явуулах холбогдох хуулийн зохицуулалттай доорх байдлаар нийцээгүй байна.
Улсын байцаагч нар нь 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 100000662 дугаартай дүгнэлтийг үндэслэн 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 100005092 дугаар актыг бичихдээ дахин удирдамж батлуулж, томилолт гаргуулалгүйгээр өмнө нь улсын байцаагч нарын дүгнэлт бичихдээ гаргуулсан 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 10140400030 дугаартай томилолтыг улсын байцаагч Я.Наранчимэг,Ч.Өвгөнхүү гэснийг улсын байцаагч Р.Наранчулуун, Я.Наранчимэг болгон өөрчлүүлэн маргаан бүхий захиргааны актыг бичсэн байна .
Дээрх томилолтондоо ямар үндэслэлээр улсын байцаагч Ч.Өвгөнхүүг Р.Наранчулуунаар сольсон талаараа дурдаагүй мөн татварын хяналт шалгалт эхлэх, зарцуулах хугацааг 2014 оны 4 дүгээр сарын 4-ний өдрөөс 6 хоног гэсэн атлаа маргаан бүхий захиргааны актандаа хяналт шалгалтыг 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэв гэжээ. 
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл хяналт шалгалт явуулсан улсын байцаагч нарыг үндэслэлгүйгээр сольсон, солих болсон шалтгаан нь тодорхойгүй, нэг үйл баримтыг нэг өдөр өөр өөр байцаагч шалгаж дүгнэлт, акт бичсэн мэтээр өөрчилсөн, мөн хяналт шалгалт явуулах хугацааг хэтрүүлэн явуулсан, актыг удирдамж, томилолтгүйгээр, хяналт шалгалтыг томилогдоогүй бүрэлдэхүүнтэйгээр бичсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 
Дээрх үйлдлүүд нь Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйл., “Татварын улсын байцаагчид хориглох зүйл”, 30 дугаар зүйлийн 30.1.1.”татварын хяналт, шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийх;” гэж заасантай нийцэхгүй байна гэж үзэв. 
Мөн хариуцагч Р.Наранчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын байцаагч нар нь маргаан бүхий захиргааны актыг Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.-т заасныг дагуу бичсэн гэжээ.
Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.-т “Энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.”, мөн 34 дүгээр зүйл. “Акт, дүгнэлт бичих үндэслэл”, 34 дүгээр зүйлийн 34.1.-д “Татварын улсын байцаагч энэ хуулийн 47.1, 48.1, 67, 74 дүгээр зүйлд заасан үндэслэлээр акт, 33.2.6-д заасан үндэслэлээр дүгнэлт бичих бөгөөд тэдгээр нь тэмдэглэх болон тогтоох хэсгээс бүрдэнэ”. гэж тус тус заажээ. 
Хуулийн дээрх заалтуудаас үзвэл татварын улсын байцаагч нарын акт бичих үндэслэлд мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.-т заасан үндэслэл хамаарахгүй бөгөөд харин хуулийн дээрх заалтад дурдсан хариуцлагыг хүлээлгэхээр улсын байцаагч нар нь дахин удирдамж батлуулж, томилолт гаргуулан хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.-д заасан үндэслэлээр акт бичихээр хуульчилжээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр улсын байцаагч нарыг маргаан бүхий захиргааны актыг бичихдээ Татварын ерөнхий хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн байх тул маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн дарга, улсын байцаагч Р.Наранчулуун, улсын байцаагч Я.Наранчимэг нарын 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 100005092 дугаар актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.3.1, 107 дугаар зүйлийн 107.5  дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
                                                                           ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1., 34 дүгээр зүйлийн 34.1. дэх хэсэгт заасныг тус д тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн дарга, улсын байцаагч Р.Наранчулуун, улсын байцаагч Я.Наранчимэг нарын 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 100005092 дугаар актыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1., 47 дугаар зүйлийн 47.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1.-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.ГАНБАТ
                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.ОДОНТУЯА
                                                ШҮҮГЧ                              Ц.СУВДМАА