Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 200

 

“Онолтмөнх” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттогтох нарыг оролцуулан хийж, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0203 дугаар магадлалтай, “Онолтмөнх” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Наранчулуун, Я.Наранчимэг нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Онолтмөнх” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Я.Наранчимэг, Р.Наранчулуун нарын 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 100005092 дугаар актыг хүчингүй болгосон байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0203 дугаар магадлалаар дээрх Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

Нэхэмжлэгч “Онолт мөнх” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбилэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.01.27-ны өдрийн 04 шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Магадлалд ...нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах ажиллагаа хийсэн боловч дээрхи баримтуудад үндэслэн татварын актаар тогтоосон зөрчил талуудын маргаж буй үндэслэл тус бүрд холбогдох дүгнэлтийг хийгээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.7-д заасан зөрчил арилаагүй байна... гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.01.27-ны өдрийн 04 шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт: ...Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь маргаан бүхий захиргааны актыг гаргасан процесс нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тул актыг бүхэлд нь хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тул актыг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно... гэж тодорхой заасан ба актаар тогтоосон зөрчлийн талаар үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох гэж заасны дагуу шийдвэрлэсэн нь хуульд нийцэж байгаа ба үүнийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж зааснаар тайлбарлаж болно. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-д “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэж зааснаар татварын улсын байцаагчийн акт гаргах эрх зүйн гол үндэслэлийн нэг бол томилолт бөгөөд эрх зүйн үйлчлэлгүй томилолтын үндсэн дээр гарсан акт бүхэлдээ илт хууль бус юм. Дээрхи заалтын дагуу Өвөрхангай аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014.09.18-ны өдрийн 100005092 дугаар актыг гаргах үндэслэл болсон томилолтыг илт хууль бус болохыг Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.01.27-ны өдрийн №04 шийдвэрээр тогтоосон. Ийнхүү хууль бус томилолтоор шалгасан гэдгийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх магадлалаараа хүлээн зөвшөөрсөн атлаа нэхэмжлэлийн шаардлагын хүрээ биш хэргийн нэг тал буюу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон хэрэг байна гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дугаар 221/МА2017/0203 магадлалыг хүчингүй болгож Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.01.27-ны өдрийн 04 шийдвэрийг хэвээр баталж өгнө үү” гэжээ.

                                                                                       ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-т заасантай нийцсэн байна. 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Онолт мөнх” ХХК-иас Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 100005092 дугаар актыг хүчингүй болгуулах шаардлага гаргаж, эрх зүйн үйлчлэлгүй томилолтоор явуулсан хяналт шалгалт, акт бүхэлдээ хууль бус гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж, үүнд хариуцагч “татварын хууль тогтоомж зөрчсөн татвар төлөгчийг татвараас чөлөөлөх, хариуцлага оногдуулахгүй байх үндэслэл болохгүй” гэж маргажээ.

Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн дээрх татгалзал үндэслэлтэй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр зөвхөн татварын улсын байцаагч хяналт шалгалт явуулах  хуульд заасан журам зөрчсөн гэсэн үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосон нь учир дутагдалтай болжээ. 

Мөн энэхүү захиргааны хэргийг шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэхдээ шийдвэрийн “Үндэслэх” хэсэгт “...маргаан бүхий захиргааны актаар ногдуулсан төлбөрийг буруу гэж үзсэн хууль зүйн үндэслэл, хэм хэмжээг хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгаагүй”-г арилгуулахаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 221/МА2016/0531 дүгээр магадлал гарган хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан боловч уг зөрчил арилаагүй, алдааг залруулаагүй байх тул хяналтын шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

Иймд, анхан шатны шүүх магадлалд дурдсан ажиллагааг бүрэн биелүүлж, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл бүрт хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0203 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Онолтмөнх” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.АТАРЦЭЦЭГ 

                                            ШҮҮГЧ                                                        Х.БАТСҮРЭН