Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2016/0531

 

 “Онолт мөнх” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваадорж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттогтох нарыг оролцуулан хийж, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч нарын давж заалдах гомдлоор, “Онолт мөнх” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч Р.Наранчулуун, татварын улсын байцаагч Я.Наранчимэг нарт холбогдох захиргааны хэргийг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Онолт мөнх” ХХК-ийн захирал Ж.Баасансүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ”...Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Я.Наранчимэг, Р.Наранчулуун нарын 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 100005092 дугаар актаар тогтоосон төлбөрөөс 29 981 200 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр: Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д заасныг баримтлан татварын актаар оногдуулсан 43.670.655 төгрөгнөөс 13.689.455 төгрөгийг тус хуулинд хамруулан өршөөж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.2-д заасныг баримтлан орон сууц худалдан авч борлуулахаар 144.400.000 төгрөгөөр авсанд оногдуулсан 14.400.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг баримтлан 15.581.200 төгрөгийг “Онолт мөнх” ХХК-иас гаргуулж орон нутгийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч нар давж заалдах гомдолдоо: “Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулдаг “Онолт мөнх” ХХК-ийн санхүүгийн баримтанд хяналт шалгалт хийж, 2014 оны 09 дүгээр сарын 18-ний өдөр 100005092 тоот акт тавигдсан. Гэтэл уг актыг одоо болтол зөвшөөрөхгүй аймгийн Маргаан таслах зөвлөл, Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, дахин аймгийн анхан шатны шүүхэд удаа дараа хандаж байгаа нь татвараас зайлсхийж, татвар төлөхгүй удаашруулж, хууль завхруулж байна гэж үзэж байна.

Нэхэмжлэгч актаар тавигдсан зөрчлүүдийг нь шат шатны санхүүгийн байгууллагууд шалгаад, нотлоод гаргаад ирчихсэн байхад Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг мэдэхгүй, санхүүгийн тайландаа авлагаа бүртгээгүй, татвар тооцоогүй зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүй байна. Санхүүгийн тайландаа авлагаа бүртгээгүй, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу тайлангаа гаргаагүй байсан.

Татварын улсын байцаагчийн актыг прокурорын тогтоолыг үндэслэн үйлдэхгүй гэж маргасан байх бөгөөд Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т “энэ хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасны дагуу татварын улсын байцаагчийн акт үйлдсэн болно.

2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 348 тоот тогтоолоор баталсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журмын 2.1.1-д “нуун дарагдуулсан” гэж хувь хүн, хуулийн этгээд хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас холбогдох албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, дутуу төлсөн байхыг ойлгох бөгөөд энэ нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй байхыг хэлнэ” гэж заасан. Тухайн компанийг 2014 оны 04 дүгээр сард шалгаж дуусаад нуун дарагдуулсан орлогыг илрүүлж, хяналт шалгалтын акт тогтоосон байхад Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд дахин тайлагнасан нь үндэслэлгүй болно.

            Гэвч Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр баталсан. Энэ хуулиар 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн зарим этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, захиргааны хариуцлага хүлээсэн этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхөөр заасан.

            Иймд 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 21 тоот шийдвэрээр гаргасан төлбөрийн зөвхөн 29,981,200 төгрөгийн нөхөн татвар нь улсад учруулсан хохирол тул төлж барагдуулах нь зүйтэй гэж үзжээ.

            Харин хүү, торгууль, алдангийн 13,689,455.2 төгрөг нь захиргааны зөрчил тул Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар шийдвэрлэх боломжтой болно.

            Гэтэл Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр нөхөн татвар болох 14,400,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.3 дахь заалтыг зөрчсөн болох нь Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлөөр батлагдсан. Иймд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин хянаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Наранчулуун, Я.Наранчимэг нар “Онолт мөнх” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 100005092 дугаар актаар, борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд борлуулалтын орлогоо тооцож тайлагнаагүй, хувьдаа орон сууц худалдан авсан барааг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаас хасалт хийсэн гэх нийт 404 812 000 төгрөгийн зөрчилд 40 481 200 төгрөгийн нөхөн татвар, 18 686 570 төгрөгийн торгууль, 186 252 төгрөгийн алданги, 98 133.2 төгрөгийн хүү ногдуулсныг нэхэмжлэгчийн гомдлоор Татварын маргаан таслах зөвлөл хянаад 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор 105 000 000 төгрөгийн зөрчилд ногдох 15 781 500  төгрөгийн төлбөрийг хасч, үлдсэн 299 812 000 төгрөгийн зөрчилд ногдох 29 981 200 төгрөгийн нөхөн татвар, 13 436 570 төгрөгийн торгууль, 66 633.2 төгрөгийн хүү, 186 252 төгрөгийн алданги, нийт 43 670 655.2 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч “Онолт мөнх” ХХК-аас дээрх маргаан бүхий актаар ногдуулсан төлбөрөөс 29 981 200 төгрөгийн төлбөр /нөхөн татвар/-ийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...борлуулсан орон сууцны орлого манай компанид орж ирээгүй байхад аж ахуйн нэгжийн орлогын албан татвар тооцсон нь үндэслэлгүй, 2014 оны 2 дугаар улиралд мөнгө орж ирээд татвараа төлсөн... мөн худалдан борлуулах зорилгоор орон сууц худалдан авсан бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийсэн, ...татварын байцаагч нар удирдамж, томилолтгүй хяналт шалгалт явуулсан” гэж, хариуцагч нараас “...дараа ондоо авлагаа авч байгаа тохиолдолд авлагаа бууруулахаас биш борлуулалтын орлогод тооцохгүй... санхүүгийн тайландаа бүртгээгүй байсан учир орон сууцыг хувийн хэрэгцээний зориулалтаар авсан гэж үзсэн...” гэж тус тус маргасан байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ”, 72 дугаар зүйлийн 72.4-т “Үндэслэх хэсэгт захиргааны хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэлийг тусгана” гэж заажээ. Гэтэл шүүх ямар үндэслэлээр маргаан бүхий актаар ногдуулсан төлбөрөөс нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн татвар болох 14 400 000 төгрөгийг хасч, үлдэх хэсгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл, шийдвэрийн үндэслэх хэсэгт нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал болон маргаан бүхий захиргааны актаар ногдуулсан төлбөрийг буруу гэж үзсэн хууль зүйн үндэслэл, хэм хэмжээг хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгаагүй байхаас гадна ямар хэмжээний, ямар зөрчилд ногдуулсан 15 581 200 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр шийдвэрлэж буй нь ойлгомжгүй байна.   

Мөн анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан нотлох баримт цуглуулах үүргээ хангалттай биелүүлээгүй байна. Тухайлбал,

Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 /Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглохоор зааснаас гадна татварын улсын байцаагчийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно/, 30.1.1 /татварын хяналт, шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийх/-д татварын хяналт, шалгалтыг удирдамж,

томилолтгүйгээр хийхийг хориглохоор заасан бөгөөд маргаан бүхий актад хяналт шалгалтыг Татварын хяналт шалгалт хийх томилолт, Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, цагдаагийн албан бичгийн дагуу явуулсан талаар дурдсан байх боловч эдгээр баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс татварын улсын байцаагчийн актыг прокурорын тогтоолыг үндэслэн үйлдэх эсэх, томилолт, удирдамж авагдсан эсэх талаар маргасан байх тул уг хяналт шалгалтыг хийх үндэслэл болсон удирдамж, томилолтыг нотлох баримтаар цуглуулсны үндсэн дээр эдгээр нь хууль, дүрэм журамд нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай байжээ.

Мөн нэхэмжлэгчийн “...2014 оны 2 дугаар улиралд татвараа төлсөн...” гэх тайлбартай холбогдуулан 2013 онд худалдсан орон сууцны орлого хэзээ орж ирсэн болох, уг орлогыг 2014 оны татварын тайланд тайлагнаж татвар төлсөн эсэхийг тодруулж, холбогдох баримтыг цуглуулахаас гадна орон сууц борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй гэх зөрчилтэй холбогдуулж орон сууц худалдан авсан, худалдсантай холбоотой санхүүгийн анхан шатны баримт, уг ажил гүйлгээг тусгасан санхүүгийн бүртгэл зэрэг шаардлагатай нотлох баримтыг цуглуулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Түүнчлэн шүүх 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ”Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Я.Наранчимэг, Р.Наранчулуун нарын 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 100005092 дугаар актыг хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаар захиргааны хэрэг үүсгэсэн байх боловч 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “...одоо төлөх ёстой 29 981 200 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах” гэж тодруулсан болохыг анхаараагүй байна.

Дээр дурдсанаар шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулж, тэдгээрт үндэслэл бүхий дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                             ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                      ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

            ШҮҮГЧ                                                          Э.ЗОРИГТБААТАР

            ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА