Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 454

 

Э.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, хохирогч Д.Э, түүний өмгөөлөгч А.Мөнхтулга, хохирогч, иргэний нэхэмжлэгч *** ХХК-ийн өмгөөлөгч Б.Эрхэмбаяр, Б.Цэнгүүн, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 374 дүгээр магадлалтай, Э.Б-д холбогдох 1805000540054 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Д.Э-ын өмгөөлөгч А.Мөнхтулгын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгэлгүй, Ц  овогт Э-ын Б нь

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөө 157-3 тоотод байрлан үйл ажиллагаа явуулдаг *** ХХК-ийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төвд байрлах компанийн борлуулалтын цэг дээр худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд компаниас итгэмжлэн хариуцуулсан бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулсан орлогоос бэлэн 156.014.551 төгрөгийг завшиж *** ХХК-д их хэмжээний хохирол учруулсан,

Мөн Э.Б нь *** ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан, мөн компанийн худалдааны төлөөлөгч ажилтай Б.Б-р дамжуулан 2017 оны 10 дугаар сард 70 хайрцаг “***” хуурай сүү ачуулах шаардлагатай байна” гэж хуурч компаниас 6.000.000 төгрөгийн үнэ бүхий 70 хайрцаг сүүг Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн ард байрлах автобусны буудлын хажууд автомашинд ачуулах замаар авч улмаар сүүний үлдэгдэл мөнгө болох 2.000.000 төгрөгийг,

2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Н.М-р дамжуулан *** нэртэй хуурай сүүний захиалга ирлээ, над дээр дангаараа ийм их хэмжээний хуурай сүү компаниас гаргахгүй, та компаниас захиалчих, надтай олон жил харилцаж байгаа найдвартай хүн захиалаад байгаа юм” гэж хуурч 69.120.000 төгрөгийн үнэ бүхий 800 хайрцаг сүүг, мөн 2017 оны 11 дүгээр сард компаниас Н.М-д зарж борлуулахаар итгэмжлэн хариуцуулж өгсөн 392.280 төгрөгийн барааг зээлээр авах нэрийдлээр хуурч аван нийт 69.512.280 төгрөгийн сүү, бараа бүтээгдэхүүнийг,

Д.О-р дамжуулан “Надад *** сүүний захиалга орж ирсэн, тооцоог нь би сарын сүүлээр хийе” гэж хуурч компаниас 34.560.000 төгрөгийн үнэ бүхий 400 хайрцаг сүүг, нийт 103.680.000 төгрөгийн үнэ бүхий 1.200 хайрцаг сүүг хуурч компаниас гаргуулан авч Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТЭЦ-4 цахилгаан станцын урд байрлах автомашины зогсоолд байрлуулсан 80-75 *** улсын дугаартай ачаа тээврийн хэрэгсэлд ачуулан авч,   

2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Г.Н-р дамжуулан 50 хайрцаг *** сүүг машинд ачуулаад өгөөч, би энэ сарын дундуур мөнгийг нь өгье” гэж хуурч компаниас 4.320.000 төгрөгийн үнэ бүхий 50 хайрцаг сүүг гаргуулан авч Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төвийн гадна байрлах автомашины зогсоолд 55-31 **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачуулан авч,     

2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “100 хайрцаг *** сүү хэрэгтэй байна, надад захиалга ирээд байна, яаралтай аваад ирээч, би сарын сүүлээр мөнгийг нь өгье” гэж хуурч компаниас 8.640.000 төгрөгийн үнэ бүхий 100 хайрцаг сүүг гаргуулан авч Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төвийн өргөтгөлийн замын урд байрлах контейнерт буулгуулан авч, нийт 12.960.000 төгрөгийн үнэ бүхий 150 хайрцаг сүүг хуурч компаниас гаргуулан авч,

2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “Баянхонгор аймгийн О гэх харилцагчид 200 боодол Хаан чипсийг автомашинд ачуулчих, тооцоог нь би орой юм уу, аль эсвэл маргааш өглөө хийе” гэж худалдааны төлөөлөгч Л.Г-ийг хуурч компаниас зарж борлуулахаар итгэмжлэн хариуцуулж өгсөн байсан 2.256.750 төгрөгийн үнэ бүхий 180 боодол Хаан чипсийг гаргуулан авч Баянзүрх дүүргийн  14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төвийн гаднах автомашины зогсоолд дээр 51-58 *** улсын дугаартай автомашинд ачуулан авч, нийт 1.470 хайрцаг *** нэртэй хуурай сүү, 180 боодол Хаан чипс зэрэг нийт 121.289.030 төгрөгийн үнэ бүхий бараа, бүтээгдэхүүнийг залилан авч *** ХХК-д их хэмжээний хохирол учруулсан,

Мөн Э.Б нь *** ХХК-ийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төвд байрлах компанийн борлуулалтын цэг дээр худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан,

*** ХХК-ийн худалдааны төлөөлөгч ажилтай Б.П-т *** сүүний захиалга орж ирээд байна, автомашинд ачуулчих” гэж хуурч 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр компаниас 34.560.000 төгрөгийн үнэ бүхий 400 хайрцаг сүүг Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТЭЦ 4 Цахилгаан станцын урд байрлах автомашины зогсоол дээр 80-75 *** улсын дугаартай ачаа тээврийн хэрэгсэлд ачуулан авч улмаар сүүний үлдэгдэл мөнгө 19.000.000 төгрөгийг бусдад төлөх өрөндөө өгөх замаар өөртөө шилжүүлэн авч иргэн Б.П-т үлэмж хэмжээний хохирол учруулан залилсан,

2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төвд 10 дугаартай павильонд хүнсний бүтээгдэхүүн зарж борлуулдаг иргэн Д.Э-ад “манай компани гадагш их хэмжээний мөнгө шилжүүлэх шаардлага гарсан юм байна, тэгээд мөнгөний хэрэг компанид гарсан учраас хямдралтай үнээр бараа бүтээгдэхүүнээ борлуулж байгаа юм, танд бол хуучин өгч байсан 6.480 төгрөгөөр сүү өгч болно гэж байна” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 124.416.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5013055904 дугаарын дансаар өөртөө шилжүүлэн авч иргэн Д.Э-ад их хэмжээний хохирол учруулан залилсан,  

2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “компанид тушаах мөнгөнөөс дутчихлаа, 2.000.000 төгрөг зээлээч 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өгье” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан Л.Г-г хуурч 1.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5013055904 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хорооллын 103 дугаар байрны *** тоот гэрээсээ өөрийн харилцагч, Баянхонгор аймгийн иргэн Ч.О-т “2 хувийн хөнгөлөлт хасаад Хаан чипс захиалах уу, элсэн чихэр 1 шуудайг нь 70,000 төгрөгөөр авах уу компаниас урьдчилж захиалга авч байгаа юм, хэрэв элсэн чихэр захиалах бол 10 хоногийн дараа ирнэ, мөнгөө гялс шилжүүлчих” гэж, мөн бараа материалын захиалга авах нэрийдлээр хуурч 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 4.814.000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 14.000.000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 3.415.000 төгрөгийг тус тус өөрийн Хаан банкны 5013055904 дугаарын дансаар шилжүүлэн авснаас 18.477.650 төгрөгийг өр зээлдээ тооцон өгөх замаар иргэн Ч.О-т үлэмж хэмжээний хохирол учруулан залилсан,

 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хорооллын *** дугаар байрны *** тоот гэрээсээ өөрийн харилцагч, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Б.Б-д түүний эхнэр Д.О-р дамжуулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Хаан чипсний захиалга авч байна, элсэн чихрийн захиалга авч байна, захиалгаа өгөөрэй, бараа 2017 оны 12 дугаар сарын буухаар машинаа явуулаад ачуулж аваарай” гэх зэргээр хуурч 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1.941.600 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 19.500,.000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1.204.000 төгрөгийг, нийт 22.058.900 төгрөгийг өөрийн Хаан банкны 5013055904 дугаарын дансаар шилжүүлэн авч иргэн Б.Б-д үлэмж хэмжээний хохирол учруулан залилсан бусдад нийт 306.241.580 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... шүүгдэгч Э.Б ыг “залилах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн, мөн “хөрөнгө завших” гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар тус тус хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялын хугацааг    6 жилийн хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б аас 277.303.581 төгрөгийг гаргуулан *** ХХК-д, 19.000.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.П-т, 1.000.000 төгрөг гаргуулан хохирогч Л.Г-т, 18.477.650 төгрөг гаргуулан хохирогч Ч.О-т, 22.058.900 төгрөг гаргуулан хохирогч Б.Б-од тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээд буюу *** ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч буюу иргэний хариуцагч *** ХХК-иас 124.416.000 төгрөг гаргуулан Д.Э-д олгож, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч *** ХХК нь гэм буруутай этгээдээс 124.416.000 төгрөгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тусгаж” шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “... шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Б-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж” шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Д.Э ын өмгөөлөгч А.Мөнхтулга гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр гомдол гаргаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тухайд: Давж заалдах шатны шүүхийн магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийн холбогдох заалтуудыг анхан шатны шүүх зөрчиж шийтгэх тогтоол гаргахдаа *** ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж, төлбөр хариуцуулж шийдвэрлэсэн гэж хуулийг ноцтой зөрчсөн нь магадлал гаргахад нөлөөлсөн гэж үзнэ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүх тогтоол гаргана гэсэн зохицуулалтын хүрээнд шүүхийн шийтгэх тогтоолоор иргэний хариуцагчаар татсан. Энэ нь хууль зөрчөөгүй. Мөн иргэний хариуцагчийн эрх, үүргийг танилцуулаагүй гэж давж заалдах шатны шүүх үзсэн нь үндэслэлгүй. Учир нь *** ХХК нь иргэний нэхэмжлэгч, хохирогчоор хэрэгт оролцож эрх, үүрэгтэй танилцсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2, 8.5 дугаар зүйлд зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгчийн эрх, үүргийг эдэлж оролцсон. Иргэний хариуцагч хуулийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрх үүргийг эдлэх бөгөөд мөн хуулийн 8.2 дугаар зүйлд заасан эрх үүргийг эдлэх зохицуулалттай. Тэгэхээр иргэний хариуцагчийн эрх, үүрэгтэй танилцуулаагүй гэж үзэх үндэслэлгүй юм. Шүүх танилцуулж гарын үсэг зуруулсан нь хэргийн материалаар тогтоогдоно. Нэг хуулийн нэг заалтыг хоёр өөр өнцгөөс тайлбарлаж байна. Гэхдээ болсон үйл баримтын хувьд хохирогч Д.Эын өмгөөлөгч миний бие шүүхэд хүсэлт гаргасан, шүүх хүсэлтийг даруй шийдэж гэм буруугийн хурал дээр мэтгэлцээний үндсэн дээр шийдэхээр болсон. Энэ нь хүсэлт гомдол шийдвэрлэх хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар прокурорт буцааж шийдвэрлэснийг прокурор эсэргүүцэл бичиж давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхэд буцаасан үйл баримт болсон. Энэ магадлалд иргэний хариуцагчийн асуудлыг шүүх шийдэж болно гэсэн байдаг. Ингээд шүүх хуулийн дагуу шийдвэрлээд ирэхэд шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож буцааж байгаа нь үндэслэлгүй юм. Шүүгчийн захирамж гарсан анхан шатны шүүх хурал, прокурорын эсэргүүцлийн дагуу хэлэлцсэн давж заалдах шатны шүүх хурал, анхан шатны шүүхээр дахин хэлэлцсэн шүүх хурлуудад иргэний хариуцагчийн асуудал байнга хөндөгдөж мэтгэлцэж байсан. *** ХХК-ийн хоёр өмгөөлөгч итгэмжлэгдсэн төлөөлөгч нар бүх хуралд оролцож иргэний хариуцагч биш гэдэг үндэслэлээр мэтгэлцэж байсан энд *** ХХК-ийн хүсэлт гомдол гаргах, нотлох баримт гаргуулах олж авах гэх мэт хүсэлтийг нь хязгаарласан хангаагүй тохиолдол байхгүй бөгөөд тэдний эрхийг зөрчсөн асуудал байхгүй. Харин ч хуулийн 8.2 дугаар зүйлд заасан эрхийг нь эдлүүлсэн гэж үзнэ. Шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэсэн хуулийн зохицуулалттай. Шүүх тогтоол гаргаж шийдсэн нь хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Мөн иргэний хариуцагчийн хүсэлт гомдол гаргах, шүүх хуралд оролцох эрхийг зөрчөөгүй. Иргэний хариуцагчаас гомдол, хүсэлт гаргаагүй болно. Шүүх гэм буруугийн хурал дээр мэтгэлцээний үндсэн дээр шийдвэрлэнэ гэсэн үүний дагуу гэм буруугийн хурал дээр мэтгэлцээний үндсэн дээр шийдвэрлэсэн. Шүүх өөрөөр яаж шийдвэрлэх ёстой байсан юм бэ, хүсэлтийн дагуу мэтгэлцэхгүйгээр шууд иргэний хариуцагчаар тогтоосон захирамж гаргах ёстой байсан гэж давж заалдах шатны шүүх үзэж байгаа нь ямар хуулийн заалтаар ингэж үзээд байна вэ, тухайн компани иргэний нэхэмжлэгч, хохирогчоор тогтоогдсон хэргийн оролцогч байсан. Иргэний хариуцагчаар татах хүсэлттэй холбоотой мэтгэлцээн хурал болгонд өрнөж байхад яагаад заавал захирамж гаргаад оролцох ёстой байсан гэж үзээд байгаа юм бэ, цаг хугацааны асуудал буюу агуулгын хувьд захирамж гаргаад иргэний хариуцагчаар татаад явснаар хэргийг хянан шийдвэрлэхэд ямар нэгэн өөрчлөлт орохгүй гэж үзнэ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэний хариуцагч болохгүй гэсэн байр суурийг *** ХХК байнга илэрхийлсээр ирсэн шүү дээ. Нэмэлт материал гаргуулах, шалгуулах ямар ч хүсэлт гаргаагүй, харин ч эдлэх ёстой эрхээ эдэлсэн гэж үзнэ. Эцэст нь энэ хэргийн улмаас хохирсон хохирогчийн хохирол барагдахгүй өнөөдрийг хүртэл янз янзын шалтгаанаар хойшлуулж гаргасан шийдвэрийг хүртэл хүчингүй болгосонд гомдолтой байна.

Иймд хохирогчийн гомдлыг хангаж давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч *** ХХК-ийн өмгөөлөгч Б.Цэнгүүн хэлсэн саналдаа “... Анхан шатны шүүх *** ХХК-ийг иргэний хариуцагчаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүх хууль ёсны дагуу ажил үүргээ гүйцэтгэж явахдаа бусдад учруулсан хохирлыг ажил олгогч хариуцах зохицуулалтыг хэрэглэхгүйгээр өөрт давуу байдал олгосон, залилсан гэмт хэрэгт *** ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан нь Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд хохирогч, иргэний нэхэмжлэгч *** ХХК-ийн өмгөөлөгч Б.Эрхэмбаяр хэлсэн саналдаа “... Тусгайлан хэлэх саналгүй” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор А.Оюунгэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй. Учир нь *** ХХК-нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгт зохих хэмжээгээр хяналт тавиагүйгээс бусдад их хэмжээний хохирол учирсан байна. Иймд иргэний хариуцагчаар татах үндэслэлтэй хэдий ч хэрэг хэлэлцсэний дараа тогтоосон нь буруу байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогч Д.Э ын өмгөөлөгч А.Мөнхтулгын гаргасан гомдлыг үндэслэн Э.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Э.Б ыг *** ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа буюу 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд компаниас итгэмжлэн хариуцуулсан бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулсан орлогоос 156.014.551 төгрөгийг завшсан,

Мөн *** ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий худалдааны төлөөлөгч нарыг залилж бусдад нийт 306.241.580 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх Э.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолоор *** ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж, холбогдох гэм хорын хохирлыг хариуцуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж үзлээ.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт “Иргэний хариуцагчаар татахдаа мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” заажээ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан бөгөөд иргэний хариуцагч нь “шүүхийн шатанд шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох ... шүүх хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр шүүгдэгч, гэрч, шинжээчээс асуулт тавих ... шүүх, прокурор, мөрдөгчийн ажиллагаа, шийдвэрт энэ хуульд заасан журмын дагуу гомдол гаргах... хавтаст хэргээс өөрт хамааралтай хэсэгтэй танилцах, нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргах...” зэрэг хуулиар олгогдсон эрхтэй байтал анхан шатны шүүх иргэний хариуцагчаар татах үе шатыг буруу тодорхойлж шийтгэх тогтоолоор /гэм буруугийн хуралдаанаар/ *** ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан нөхцөл байдал нь *** ХХК-ийн хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх, шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох боломжийг хязгаарласан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болно.

Хэргийн нөхцөл байдал, үйл баримтаас дүгнэхэд мэтгэлцээний гол зүйл нь иргэний нэхэмжлэл, хариуцагчтай холбоотой асуудал байх бөгөөд хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг бүрэн хангасны үндсэн дээр талуудын тайлбар, мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтад үндэслэж /няцаан үгүйсгэсэн, эсхүл нотолсон/ хууль зүйн үнэлэлт, дүгнэлт хийх нь зүйтэй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хохирогч Д.Э ын өмгөөлөгч А.Мөнхтулгын “... шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 374 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хохирогч Д.Э-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                        ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                       ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                             Б.БАТЦЭРЭН

                                                                                                             Ч.ХОСБАЯР

                                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН