Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 936

 

Э.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Н.Мөнхцэцэг,

            шүүгдэгч Э.Б,

            хохирогч Д.Энхбат, түүний өмгөөлөгч А.Мөнхтулга,

            хохирогч “Милко” ХХК-ийн өмгөөлөгч Б.Эрхэмбаяр, Б.Цэнгүүн,

            нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 1772 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Мөнхцэцэгийн бичсэн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 29 дугаартай эсэргүүцлээр Э.Бд холбогдох эрүүгийн 1805000540054 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

            ................................, 1983 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “Милко” ХХК-ийн худалдааны төлөөлөгч ажилтай байсан, ам бүл 2, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян Уул 28 дугаар гудамжны 16 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.................................../;

 

            Э.Б нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөө 157-3 тоотод байрлан үйл ажиллагаа явуулдаг “Милко” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төвд байрлах компанийн борлуулалтын цэг дээр худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд компаниас итгэмжлэн хариуцуулсан бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулсан орлогоос бэлэн 156.014.551 төгрөгийг завшиж “Милко” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан,

мөн Э.Б нь “Милко” ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан, мөн компанийн худалдааны төлөөлөгч ажилтай Б.Батчулуунаар дамжуулан 2017 оны 10 дугаар сард 70 хайрцаг “Голден милко” хуурай сүү ачуулах шаардлагатай байна” гэж хуурч, компаниас 6.000.000 төгрөгийн үнэ бүхий 70 хайрцаг сүүг Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн ард байрлах автобусны буудлын хажууд автомашинд ачуулах замаар авч, улмаар сүүний үлдэгдэл мөнгө болох 2.000.000 төгрөгийг,

2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Н.Мэндсайханаар дамжуулан “Голден милко” нэртэй хуурай сүүний захиалга ирлээ, над дээр дангаараа ийм их хэмжээний хуурай сүү компаниас гаргахгүй, та компаниас захиалчих, надтай олон жил харилцаж байгаа найдвартай хүн захиалаад байгаа юм” гэж хуурч, 69.120.000 төгрөгийн үнэ бүхий 800 хайрцаг сүүг, мөн 2017 оны 11 дүгээр сард компаниас Н.Мэндсайханд зарж борлуулахаар итгэмжлэн хариуцуулж өгсөн 392.280 төгрөгийн барааг зээлээр авах нэрийдлээр хуурч аван нийт 69.512.280 төгрөгийн сүү, бараа бүтээгдэхүүнийг,

Д.Оюунаар дамжуулан “Надад “Голден милко” сүүний захиалга орж ирсэн, тооцоог нь би сарын сүүлээр хийе” гэж хуурч компаниас 34.560.000 төгрөгийн үнэ бүхий 400 хайрцаг сүүг, нийт 103.680.000 төгрөгийн үнэ бүхий 1.200 хайрцаг сүүг хуурч компаниас гаргуулан авч, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТЭЦ-4 цахилгаан станцын урд байрлах автомашины зогсоолд байрлуулсан 80-75 УНХ улсын дугаартай ачаа тээврийн хэрэгсэлд ачуулан авч,

2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Г.Нарантуяагаар дамжуулан “50 хайрцаг “Голден милко” сүүг машинд ачуулаад өгөөч, би энэ сарын дундуур мөнгийг нь өгье” гэж хуурч компаниас 4.320.000 төгрөгийн үнэ бүхий 50 хайрцаг сүүг гаргуулан авч, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төвийн гадна байрлах автомашины зогсоолд 55-31 БОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачуулан авч,

2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “100 хайрцаг “Голден милко” сүү хэрэгтэй байна, надад захиалга ирээд байна, яаралтай аваад ирээч, би сарын сүүлээр мөнгийг нь өгье” гэж хуурч компаниас 8.640.000 төгрөгийн үнэ бүхий 100 хайрцаг сүүг гаргуулан авч, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төвийн өргөтгөлийн замын урд байрлах контейнерт буулгуулан авч, нийт 12.960.000 төгрөгийн үнэ бүхий 150 хайрцаг сүүг хуурч компаниас гаргуулан авч,

2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “Баянхонгор аймгийн Отгонбаяр гэх харилцагчид 200 боодол “Хаан” чипсийг автомашинд ачуулчих, тооцоог нь би орой юм уу, аль эсвэл маргааш өглөө хийе” гэж худалдааны төлөөлөгч Л.Ганганцэцэгийг хуурч компаниас зарж борлуулахаар итгэмжлэн хариуцуулж өгсөн байсан 2.256.750 төгрөгийн үнэ бүхий 180 боодол “Хаан” чипсийг гаргуулан авч, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төвийн гаднах автомашины зогсоол дээр 51-58 БНХ улсын дугаартай автомашинд ачуулан авч, нийт 1470 хайрцаг “Голден милко” нэртэй хуурай сүү, 180 боодол “Хаан” чипс зэрэг нийт 121.289.030 төгрөгийн үнэ бүхий бараа, бүтээгдэхүүнийг залилан авч “Милко” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан,

мөн Э.Б нь “Милко” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төвд байрлах компанийн борлуулалтын цэг дээр худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан,

“Милко” ХХК-ийн худалдааны төлөөлөгч ажилтай Б.Пунцагбалжирт “Голден милко” сүүний захиалга орж ирээд байна, автомашинд ачуулчих” гэж хуурч 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр компаниас 34.560.000 төгрөгийн үнэ бүхий 400 хайрцаг сүүг Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, ТЭЦ-4 цахилгаан станцын урд байрлах автомашины зогсоол дээр 80-75 УНХ улсын дугаартай ачаа тээврийн хэрэгсэлд ачуулан авч, улмаар сүүний үлдэгдэл мөнгө 19.000.000 төгрөгийг бусдад төлөх өрөндөө өгөх замаар өөртөө шилжүүлэн авч, иргэн Б.Пунцагбалжирт үлэмж хэмжээний хохирол учруулан залилсан,

2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Нарантуул” худалдааны төвийн 10 дугаартай павилионд хүнсний бүтээгдэхүүн зарж борлуулдаг иргэн Д.Энхбатад “манай компани гадагш их хэмжээний мөнгө шилжүүлэх шаардлага гарсан юм байна, тэгээд мөнгөний хэрэг компанид гарсан учраас хямдралтай үнээр бараа бүтээгдэхүүнээ борлуулж байгаа юм, танд бол хуучин өгч байсан 6.480 төгрөгөөр сүү өгч болно гэж байна” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 124.416.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5013055904 дугаарын дансаар өөртөө шилжүүлэн авч, иргэн Д.Энхбатад их хэмжээний хохирол учруулан залилсан,

2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “компанид тушаах мөнгөнөөс дутчихлаа, 2.000.000 төгрөг зээлээч, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өгье” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан Л.Ганганцэцэгийг хуурч 1.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5013055904 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, “Содон” хорооллын 103 дугаар байрны 138 тоот

гэрээсээ өөрийн харилцагч, Баянхонгор аймгийн иргэн Ч.Отгонбаярт “2 хувийн хөнгөлөлт хасаад “Хаан” чипс захиалах уу, элсэн чихэр 1 шуудайг нь 70.000 төгрөгөөр авах уу, компаниас урьдчилж захиалга авч байгаа юм, хэрэв элсэн чихэр захиалах бол 10 хоногийн дараа ирнэ, мөнгөө гялс шилжүүлчих” гэж, мөн бараа материалын захиалга авах нэрийдлээр хуурч 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 4.814.000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 14.000.000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 3.415.000 төгрөгийг тус тус өөрийн Хаан банкны 5013055904 дугаарын дансаар шилжүүлэн авснаас 18.477.650 төгрөгийг өр зээлдээ тооцон өгөх замаар иргэн Ч.Отгонбаярт үлэмж хэмжээний хохирол учруулан залилсан,

2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, “Содон” хорооллын 103 дугаар байрны 138 тоот гэрээсээ өөрийн харилцагч, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Б.Баттогтоход түүний эхнэр Д.Оюун-Эрдэнээр дамжуулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Хаан” чипсний захиалга авч байна, элсэн чихрийн захиалга авч байна, захиалгаа өгөөрэй, бараа 2017 оны 12 дугаар сард буухаар машинаа явуулаад ачуулж аваарай” гэх зэргээр хуурч 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1.941.600 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 19.500.000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1.204.000 төгрөгийг, нийт 22.058.900 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 5013055904 дугаарын дансаар шилжүүлэн авч, иргэн Б.Баттогтоход үлэмж хэмжээний хохирол учруулан залилсан, бусдад нийт 306.241.580 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Э.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь заалтад заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэргийн хохирогч нь хэн болох, гэмт хэргийн улмаас хэнд ямар хэмжээний хохирол учирсан, хохирлыг хэн хариуцах талаар, мөн зүйлийн 1.6 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг хуульд заасан арга хэрэгслээр бүх талаас нь бүрэн шалгаагүй, мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх дараах нөхцөл байдал байна. Үүнд: 1. Яллах дүгнэлтэд дурдсан зарим үйлдлийн хувьд гэмт хэргийн хохирогчоор “Милко” ХХК тогтоогдсон, мөн шүүгдэгч Э.Б гэмт хэргийг бусдаар дамжуулан буюу хамтран үйлдсэн мэтээр тусгагдсан байгаа нь шүүхэд гэмт хэргийг хэн хэн үйлдсэн, гэмт хэргийн улмаас хэнд хохирол учирсан талаар бодит эргэлзээ төрүүлэхийн зэрэгцээ прокурор хэргийн бодит байдлыг бүх талаас нь бүрэн тогтоож, хэргийн нөхцөл байдалд зөв дүгнэлт өгөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Шүүгдэгч Э.Б нь “Милко” ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байх хугацаандаа хэд хэдэн харилцагчийг залилан мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлүүдийн хувьд гэмт хэргийн шалтгаан нөхцлийг тогтоох, хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагаа нь хуульд нийцэж байсан эсэх, өөрийн ажилтанд зохих хяналт тавьж байсан эсэхийг мөрдөн шалгаж тогтоох шаардлагатай.

3. Шүүгдэгч Э.Б нь хохирогч Д.Энхбатаас Хаан банк дахь өөрийн хувийн дансаар хүлээн авсан 124.416.000 төгрөгөөс 66.560.000 төгрөгийг О.Цэцэгмаа гэх хүний данс руу шилжүүлсэн байгааг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж, О.Цэцэгмаа нь “Милко” ХХК-тай ямар хамааралтай, ямар ажилтай хүн болох, яагаад тэрээр 66.560.000 төгрөгийг өөрийн хувийн дансаар хүлээн авсан талаарх санхүүгийн үйл ажиллагааг мөрдөн шалгах, мөн тэр мөнгө нь хохирогч Д.Энхбатын захиалгатай хамааралтай юу, эсхүл шүүгдэгч Э.Б нь өмнөх авлагадаа тооцож шилжүүлсэн үү гэдгийг тогтоох нь хэргийн бодит үнэнийг үндэслэл бүхий тогтооход чухал ач холбогдолтой байна. Эдгээр нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар мэтгэлцээний үндсэн дээр тодорхой ажиллагааг нөхөн гүйцэтгэх бололцоогүй байх тул Цолтнууд азза овгийн Эрдэнэцогтын Булганд холбогдох эрүүгийн 1805000540054 дугаартай хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж, Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Э.Бы иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

            Прокурор Н.Мөнхцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн дүүрэн нягталж үзээгүй ба удаа дараа явагдсан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шийдвэрт заагдсан ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн мөрдөгч, прокурорын үйл ажиллагаа, шийдвэрийг илтэд үгүйсгэн хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж дурьдаж, зөвхөн яллах дүгнэлтийн хүрээнд дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараахь асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана. ...”, 16.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт “Шүүх, ...тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ”, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг тус тус ноцтой зөрчсөн. Түүнчлэн энэхүү хэргийн тухайд хянан хэлэлцсэн шүүхийн шийдвэрүүд өөр хоорондоо уялдаагүй, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлээгүй, шүүхийн аль шийдвэр үндэслэлтэй гэж үзэх талаар эргэлзээ төрүүлэхүйц нөхцөл байдлыг үүсгэснээрээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, уг хэрэгт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлэг явуулж 37 дугаартай шүүгчийн захирамжаар “Яллагдагч Э.Бд холбогдох хэрэгт хохирогчийг буруу тогтоосон байна. Э.Бд залилуулсан гэх бараа нь “Тэсо” ХХК-ийн өмч тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас ...эд хөрөнгийн хохирол хүлээсэн ...хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж зааснаар “Тэсо” ХХК-ийг хохирогчоор тогтоож, түүний хууль ёсны төлөөлөгчийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нь зүйтэй” гэж шийдвэрлэж байжээ. Гэтэл яллагдагч Э.Бд холбогдох хэрэгт “Тэсо” ХХК-ийн худалдааны төлөөлөгч Д.Оюун, Б.Пунцагбалжир, Н.Мэндсайхан, Г.Нарантуяа, Б.Батчулуун, Л.Ганганцэцэг нарыг хохирогчоор тогтоосон тогтоол гаргаж “залилуулсан” гэх өмчийг өмчлөгч биш этгээдүүдийг хохирогчоор тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Эд хөрөнгийн өмчлөгч биш этгээдүүдэд Э.Б нь хохирол учруулсан гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ. ...Хуулийн этгээд болох “Милко” ХХК-ийг хохирогчоор тогтоосны эцэст эрх бүхий этгээд эсхүл түүний томилсон төлөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нь хууль зүйн үндэслэлтэй болох юм. ...Түүнчлэн яллагдагч Э.Б нь “Тэсо” ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа тухайн хуулийн этгээдийн өмчлөлийн эд хөрөнгөтэй холбоотой гэмт хэрэгт холбогдсон бөгөөд түүний үйлдлүүд нь “Залилах” гэмт хэргийн шинжтэй юу, эсхүл “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжтэй юу гэдэгт хууль зүйн дүгнэлт хийж хэргийн зүйлчлэлийг зөв тогтооход анхаарах шаардлагатай” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг прокурор хүлээн авч холбогдох ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 1772 дугаартай захирамжиндаа “...шүүгдэгч Э.Б нь “Милко” ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан Б.Батчулуун, Н.Мэндсайхан, Д.Оюун, Г.Нарантуяа, Б.Пунцагбалжир нарыг хуурч, тэдэнд компаниас итгэмжлэн хариуцуулж өгсөн хөрөнгийг хууль бусаар шилжүүлэн авсан байж болох нөхцөл байдал харагдаж байгаа болно. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Э.Б нь компанийг хуурч мэхэлсэн шинжтэй үйлдэл шинжлэн судалсан нотлох баримтаас харагдахгүй, мөн дээр нэр дурдсан худалдааны төлөөлөгч нар гэмт хэрэг үйлдэхэд оролцсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд харин эдгээр нэр бүхий худалдааны төлөөлөгч нар шүүгдэгч Э.Бд залилуулж, өөрсдийн хариуцаж байсан хөрөнгийг түүнд шилжүүлж өгсөн байж болох юм. Прокурор ижил үйл баримт бүхий хэргүүдээс “Милко” ХХК-ийн худалдааны төлөөлөгч Б.Пунцагбалжир нь шүүгдэгч Э.Бд залилуулсан гэж үзэн хохирогчоор тогтоож, харин бусад худалдааны төлөөлөгч нарын залилуулсан байж болох хэргүүдэд хуулийн этгээдийг хохирогчоор тогтоосон нь хууль, шүүхийн өмнө адил тэгш байх зарчмыг алдагдуулсан гэж үзэхээр байна. Хэрэв Б.Пунцагбалжир нь хохирогч бол Б.Батчулуун, Н.Мэндсайхан, Д.Оюун, Г.Нарантуяа нар мөн адил хохирогч болох ёстой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Залилах” гэмт хэргийн шинжийг “Хуурч, эсхүл ...зохиомол байдлыг зориудаар бий болгох ...замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан бол...” гэж заасан тул прокурор мөрдөн шалгах ажиллагаагаар гэмт этгээд хэнийг хуурч, эсхүл хэнийг төөрөгдөлд оруулж, мөн хэний итгэлийг урвуулан ашигласан эсэхийг бүрэн бодитой тогтоосны үндсэн дээр хууль зүйн дүгнэлт өгч, гэмт хэргийн хохирогчийг зөв тогтоох шаардлагатай байдаг. Үүнийг энгийнээр тайлбарлавал, бид арилжааны банкнаас зээл аваад, зээлсэн мөнгөө бусдад залилуулсан бол арилжааны банкинд мөнгийг чинь алдчихлаа, та бүхэн гэмт этгээдээс мөнгөө өөрсдөө олж аваарай гэж хэлэх эрхгүй, мөн бусдаас санхүүгийн түрээс (лизинг)-ээр эд бараа худалдан аваад, түүнийгээ хулгайчид алдчихсан бол өмчлөгчид нь та хулгайчаас эд хөрөнгөө өөрөө олж аваарай гэж хэлж болохгүйтэй агаар нэгэн юм. Өөрөөр хэлбэл, хэн гэмт халдлагад өртсөн бэ гэдгийг тооцох учиртай...” гэж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, өмнөх шүүхийн шийдвэрт эд хөрөнгө өмчлөгч хэн болох, гэмт хэргийн улмаас хохирсон этгээдийг зөв тогтоох талаар даалгаж шийдвэрлэсэн нь яагаад үндэслэлгүй болохыг шүүх захирамжиндаа дурьдаагүй. Мөн шүүх гэмт хэргийн халдлагад өртсөн этгээд, хохирогч, эд хөрөнгө өмчлөгчийн талаар тайлбарлаж, иш татсан жишээ нь залилах гэмт хэргийн шинжид хамааралгүй байна. Өөрөөр хэлбэл, Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “банк” гэж “...бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монгол банкны тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг ойлгоно...” гэж тодорхой заасан байдаг бөгөөд банк нь иргэн, хуулийн этгээдийн хадгалуулсан мөнгөн хөрөнгийг өмчлөх эрх бүхий субъект биш юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж, Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ.” гэж хуульчлан тогтоосон байдаг. Залилах гэмт хэргийн арга болох хуурч мэхлэх нь өмчлөгч болон бусад эзэмшигчийг хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх замаар эд зүйлс, өмч хөрөнгө өмчлөгчид гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдэл төрүүлэх аргаар үйлдэгддэг. Мөн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй тул гэмт этгээдийн үйлдлийн улмаас тухайн зүйлд заасан хор уршиг бодитой учирсан байхыг шаарддаг. Э.Б нь өөрт хуримтлагдсан өр зээлийн асуудлаа шийдэх боломжийг урьдаас тооцоолж “Милко” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа энэхүү давуу байдлаа ашиглан компанийн өмч болох бараа бүтээгдэхүүнийг бусад худалдааны төлөөлөгч нарыг ашиглан их хэмжээний бараа бүтээгдэхүүний захиалга авсан мэт сэтгэгдэл төрүүлэх замаар хуурч компаниас бараа бүтээгдэхүүнийг гаргуулан авч өөрийн гэмт үйлдлийнхээ арга хэрэгсэл болгосон нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон. Энэхүү бараа бүтээгдэхүүн нь компаниас гарсан өмч хөрөнгө бөгөөд нэр бүхий худалдааны төлөөлөгч нарын хувьд Э.Бы үйлдлийн улмаас өмч хөрөнгөөрөө хохирсон этгээдүүд биш юм. Харин “Милко” ХХК нь өөрийн өмч болох бараа бүтээгдэхүүнээ худалдааны төлөөлөгч нараараа дамжуулан зах зээлд худалдан борлуулж байна хэмээн итгэн бараа бүтээгдэхүүнээ гэмт этгээдэд шилжүүлэн өгч хохирсон болох нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэрч, хохирогч, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгүүд, “Милко” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 06/284 дугаартай албан бичгээр ирүүлсэн тус компанийн үйл ажиллагааны талаарх тодорхойлолт, “Тэсо” корпорацийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 3/126 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Милко” ХХК нь тусдаа хуулийн этгээд мөн болох талаарх тодорхойлолт, “Милко” ХХК-ийн санхүүгийн анхан шатны баримтуудад үзлэг шинжилгээ хийсэн 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 06/18 дугаартай Аудитын дүгнэлт, ШШҮХ-ийн Эдийн засгийн шинжилгээ хийсэн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 051 дугаартай дүгнэлт, 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөр Э.Бтай “Милко” ХХК-ийн нягтлан бодогч Ж.Ундармаагийн хийсэн тооцооны үлдэгдлийн баталгааны хуудас, өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, “Милко” ХХК-ийн санхүүгийн албанд Э.Бы өөрийн гараар бичиж өгсөн хүсэлтийн хуулбар, Э.Бы эзэмшдэг Хаан банкны 5013055904 дугаарын, Төрийн банкны 106300016485 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, сүү захиалж мөнгө шилжүүлсэн орлого, зарлагын баримтууд, Б.Батчулуун, Н.Мэндсайхан, Д.Оюун, Г.Нарантуяа, Б.Пунцагбалжир, Ч.Отгонбаяр, Д.Энхбат, Л.Ганганцэцэг, Ц.Чимэгсүрэн нарын мэдүүлэг, Э.Бы Хаан банкны 5013055904 дугаарын данс руу сүүний мөнгө шилжүүлсэн баримтууд, нэр бүхий худалдааны төлөөлөгч нараас сүү захиалсан баримтууд зэргээр тогтоогдсон. Гэтэл шүүх зөвхөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Марал-Эрдэнэ, Д.Энхбат, Б.Батчулуун, шүүгдэгч Э.Б нарын мэдүүлгийг үнэлж, бусад нотлох баримтуудыг ямар учраас үнэлээгүй талаараа дурьдаагүй төдийгүй зөвхөн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийн нөхцөл байдлыг тодорхойлж нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх гаргасан шийдвэрээ тайлбарлахдаа “Хохирогчийг буруу тогтоосон. Гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн хүнийг хохирогч гэнэ. Гэмт хэрэгт өртөөд байгаа хүнийг хэлнэ” гэж мөн л хэргийн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийлгүй гэмт хэрэгт хохирол хүлээх этгээд зөвхөн хүн байна гэдэг байр суурийг илэрхийлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх” зарчмыг ноцтой зөрчиж, хуулийн этгээд гэмт хэрэгт өртөөгүй гэж дүгнэн өмч хөрөнгө “Милко” ХХК-ийнх байх нь хэрэгт хамааралгүй иргэний эрх зүйн харилцаагаар зохицуулагдах учиртай, харин гэмт хэргийн халдлагад өртсөн этгээдүүд болох нэр бүхий худалдааны төлөөлөгч нар жинхэнэ хохирогч байх талаар алдаатай дүгнэлтийг хийсэн гэж үзэж байна. Харин хохирогч, иргэний нэхэмжлэгч болох Б.Пунцагбалжир нь өөрийн ажиллаж байсан компанийн хөрөнгө болох бараа бүтээгдэхүүнийг Э.Бд гарган өгч гэмт хэргийн арга хэрэгсэл болсон даруйдаа компанид төлбөр тооцоог хувиасаа төлж барагдуулан 19.000.000 төгрөгийг Э.Баас гаргуулан авахаар нэхэмжилсэний дагуу түүнийг иргэний нэхэмжлэгч, хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан байдаг. Б.Пунцагбалжирыг хохирогчоор тогтоосон шийдвэр үндэслэлгүй гэж үзэж байгаа бол энэ талаар шүүх зөвтгөн түүнийг иргэний нэхэмжлэгчийн хувиар Э.Баас хохирол гаргуулахаар шийдвэрлэх бүрэн боломжтой ба ингэснээр хэргийн зүйлчлэл болоод гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлж болохуйц ноцтой өөрчлөлт гарахгүй байсан. Шүүхийн хэлэлцүүлэгт Э.Б нь өөрийн гэмт хэргийн арга, хэлбэрийн талаар тайлбарлан мэдүүлэхдээ хямдралтай үнээр “Милко” сүү нийлүүлнэ гэж захиалагч нараас авсан захиалгын мөнгийг шилжүүлэхдээ “үндсэн үнэ”-ээр зарсан мэт баримтыг санхүүгийн албанд хэлж гаргуулах замаар компанид их хэмжээний хохирол учруулж өөртөө өр үүсгэсэн, бусдад мөн өр зээлтэй байснаа төлж байсан гэж мэдүүлсэн байдаг. Э.Б нь Д.Энхбатаас сүүний мөнгөнд 124.416.000 төгрөгийг шилжүүлснийг өөрийн Хаан банкны 5013055904 дугаарын дансаар авч компанийн болон өөрийн бусдад төлөх өрөндөө шилжүүлж өгснөөр залилах гэмт хэрэг бүрэн төгссөн байгаа юм. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Энхбат нь өөрийн гэмт хэргийн улмаас хохирсон асуудлаа “Милко” ХХК-ийн санхүүгийн алба НӨАТ-ын баримт гаргаж өгсөн ба энэ гэмт хэргийг Э.Бтай хамтарч үйлдсэн гэж үзэж “Милко” ХХК-иас өөрийн хохирлыг гаргуулан авахаар шаардсан нь үндэслэлгүй юм. Э.Б нь “манай компани гадагш нь их хэмжээний мөнгө шилжүүлэх шаардлага гарсан юм байна, тэгээд мөнгөний хэрэг компанид гарсан учраас хямдралтай үнээр бараа бүтээгдэхүүнээ борлуулж байгаа юм, танд бол хуучин өгч байсан 6.480 төгрөгөөр сүү өгч болно гэж байна” гэж компанийн нэрийг барьж итгэл төрүүлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлэн хуурч 124.416.000 төгрөгийг Д.Энхбатаас гаргуулан өөртөө шилжүүлэн авч, улмаар “Милко” ХХК-ийн санхүүгийн албанд компаниас зах зээлд нийлүүлж буй үнээр захиалга авсан мэт ойлголтыг төрүүлж баримтыг гаргуулан Д.Энхбатад өгсөн нь өөрийн гэмт үйлдлээ хууль ёсны мэт харагдуулах зорилго агуулсан идэвхитэй үйлдэл мөн юм. Дээрхи гэмт хэргийн замаар олж авсан мөнгийг Э.Б нь “Милко” ХХК-д мэдэгдээгүй төдийгүй компанид авлага үүсгэсэн өмнөх өр болох 66.560.000 төгрөгийг төлж итгэлтэй ажилтан болохоо харуулсан, үлдсэн мөнгийг Ц.Чимэгсүрэнд өгөх өрөндөө мөн шилжүүлсэн нь хэрэгт авагдсан Э.Бы эзэмшдэг Хаан банкны 5013055904 дугаарын, Төрийн банкны 106300016485 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, аудитын болон шинжээчийн дүгнэлтүүд, гэрч Ц.Чимэгсүрэн, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Э.Бы мэдүүлэг зэргээр нотлогдсон байхад шүүх захирамжиндаа “ямар учраас хуулийн этгээд хувь хүний дансаар дамжуулан захиалагчтай харилцаж байсан, энэ нь санхүүгийн хууль тогтоомжид нийцэх эсэх, “Милко” ХХК-ийн НӨАТ-ын баримт ямар замаар хохирогч Д.Энхбатад очсон талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах зайлшүй шаардлагатай, ялангуяа бизнес эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагууд бэлэн бус болон бэлэн мөнгөний гүйлгээг хүлээн авахад санхүүгийн ямар хууль тогтоомж үйлчилдэг талаар тодруулж, “Милко” ХХК нь санхүүгийн хууль тогтоомж зөрчсөн эсэхийг мөрдөн шалгаж тогтоох” зэрэг ажиллагаануудыг заавал хийлгэхээр даалгаж байгаа нь үндэслэлгүй, зайлшгүй хийх ажиллагаа биш юм. Учир нь, хэрэгт авагдсан “Милко” ХХК-ийн санхүүгийн анхан шатны баримтуудад үзлэг шинжилгээ хийсэн 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 06/18 дугаартай Аудитын дүгнэлт, ШШҮХ-ийн Эдийн засгийн шинжилгээ хийсэн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 051 дугаартай дүгнэлт, 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Э.Бтай “Милко” ХХК-ийн нягтлан бодогч Ж.Ундармаагийн хийсэн тооцооны үлдэгдлийн баталгааны хуудас, өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан зэрэг баримтуудыг шүүх нягталж үзээгүй, эдгээр баримтуудыг ямар учраас үнэлэхгүй байгаа талаараа захирамжиндаа тусгаагүй байгаа нь ойлгомжгүй юм. Дээрхи санхүүгийн шинжилгээ хийсэн шинжээч нараас гаргасан дүгнэлттэй нь холбогдуулан санхүүгийн холбогдолтой шүүх эргэлзэж байна гэх асуудлуудыг тодруулж асуух боломж бүрэн нээлттэй байсан боловч энэхүү эрхээ хэрэгжүүлэхээс зайлсхийн зайлшгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

            Шүүгчийн захирамжийн тухайд хэрэгт авагдсан “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1660 дугаартай шүүгчийн захирамжаар “...Хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтойн гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх хуралдааныг явуулж болохгүй байдалд хүргэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зүйл тогтоогдоогүй. Талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай хүсэлт гаргаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар мөн зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16 дахь хэсэгт заасан гомдол хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ...” гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл, талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай ямар нэгэн гомдол, хүсэлт гаргаагүй, шүүх өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай ямар нэгэн шийдвэр гаргаагүй болохыг шүүх өөрийн дээрхи шийдвэрээр нотолж буй атлаа шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явагдаж талуудаас гаргасан гомдол, хүсэлт байгаа мэтээр төсөөлөлд хөтлөгдөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасныг үндэслэлгүйгээр баримтлан яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамж гаргасан нь өөрөө хууль ёсны шаардлагыг хангаж чадаагүй, хууль бус шийдвэр болно. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараахь асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана” гэж заасны дагуу урьдчилсан хэлэлцүүлгийг заавал явуулсан байхаар хуульчилсаныг шүүх ноцтой зөрчсөн. Энэхүү яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамж хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж дууссаны дараа ч хэрэгт үдэгдээгүй, байхгүй байсан тул прокуророос уг захирамжтай танилцах талаар амаар гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн туслах ажилтан нь хэрэгт байх ёстой хувийг хайж архиваас захирамжийг авлаа хэмээн танилцуулсан нь /архивын нэгж болгосон талаар ямар нэгэн ул мөр /үдэгдсэн, дугаарлагдсан/ байхгүй/ энэхүү захирамж анхнаасаа гарсан эсэх нь тодорхойгүй, нөхөж гаргасан, нэмж засварласан байж болзошгүй шүүхийн хууль бус үйл ажиллагаатай холбоотой гэж хардах үндэслэл болж байгааг дурдах нь зүйтэй байна. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн 1772 дугаартай захирамжийг гаргахдаа шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулаагүй хэргийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгосон, мөн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн шүүгчийн 1571 дугаартай захирамжаар Э.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээн дээр нэмж Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан шийдвэрээ захирамжинд тусгаагүй зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 1772 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

            Шүүгдэгч Э.Б тус шүүх хуралдаанд “...хэлэх тайлбар байхгүй.” гэв.

 

            Хохирогч “Милко” ХХК-ийн өмгөөлөгч Б.Цэнгүүн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Хохирол төлбөрийг төлөх асуудлаар анхан шатны шүүхээс үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр уг гэмт хэргийн хохирогч нь “Милко” ХХК гэдгийг тогтоож, үүний дагуу ажиллагаа хийгдсэн. Баянзүрх дүүргийн прокурорын газарт хэрэг нэгтгэгдээгүй байх үед “Милко” ХХК-ийг прокурорын тогтоолоор иргэний хариуцагчаар татах нь үндэслэлгүй байна гэж шийдвэрлэсэн. Нэгэнт шийдвэрлэсэн асуудлыг прокурорын зүгээс дахин шалгах нь үндэслэлгүй. Хэрэв иргэний хариуцагчаар татах эсэх асуудал гарсан тохиолдолд шүүхээр шийдвэрлэгдэх бүрэн боломжтой.” гэв.

 

            Хохирогч “Милко” ХХК-ийн өмгөөлөгч Б.Эрхэмбаяр тус шүүх хуралдаанд “...Б.Цэнгүүн өмгөөлөгчтэй санал нэг байна.” гэв.

 

            Хохирогч Д.Энхбатын өмгөөлөгч А.Мөнхтулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг дэмжихгүй байна. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэлтэй. Дээрх асуудлыг бүхэлд нь хавтас хэргийн хүрээнд бүрэн шийдвэрлэх боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д заасныг үндэслэл болгож урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг шийдвэрлэх боломжтой байсан боловч шүүх хуралдаан цааш үргэлжилсэн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийг бүхэлд нь үнэлээд хянан шийдвэрлэх боломжгүй байснаас болж буцаасан. Э.Б нь компанийн нэрийг барьж итгэл төрүүлэн, бодит байдлыг нуух замаар, төөрөгдүүлэн хуурч, 124.416.000 төгрөгийг Д.Энхбатаас гаргуулан өөртөө шилжүүлэн авч, улмаар “Милко” ХХК-ийн санхүүгийн албанд компаниас зах зээлд нийлүүлж буй үнээр захиалга авсан мэт ойлголтыг төрүүлж, баримтыг гаргуулан Д.Энхбатад өгсөн нь өөрийн гэмт үйлдлээ хууль ёсны мэт харагдуулах зорилго агуулсан идэвхитэй үйлдэл мөн юм. Дээрхи гэмт хэргийн замаар олж авсан мөнгийг Э.Б нь “Милко” ХХК-д мэдэгдээгүй төдийгүй, компанид авлага үүсгэсэн өмнөх өр болох 66.560.000 төгрөгийг төлж итгэлтэй ажилтан болохоо харуулсан, үлдсэн мөнгийг О.Цэцэгмаад өгөх өрөндөө шилжүүлсэн нь хэрэгт авагдсан. Э.Б нь “Милко” ХХК-тай бүх төрлийн гэрээг байгуулж ажилласан. 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Э.Быг ажлаас халсан байдаг. Гэтэл Д.Энхбатаас 11 дүгээр сард мөнгө авсан байдаг. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.” гэж заасан байдаг. Тухайн үед Э.Б ажлаа хийж байсан. Хохирогч Д.Энхбат урьд нь Э.Бтай 4 удаа хамтарч ажиллаж байсан. “Милко” ХХК нь бараагаа хохирогч нарт өгчихөөд, мөнгөө хувь хүний дансаар авч байгаа нь гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, бусад зүйлүүдтэй уялдаж байна.” гэв.

 

            Хохирогч Д.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Милко” ХХК-ийн хяналт шалгалт, хариуцлагагүй байдал нь Э.Быг уг гэмт хэргийг үйлдэхэд нөлөөлсөн гэж үзэж байна. “Милко” ХХК-ийн санхүүгийн алба нь өөрт хүрсэн ойлголтоор биш, тушаасан төлбөрийн баримтыг үнэлж НӨАТ болон зарлагын баримтыг бичих ёстой. Э.Б мөнгөө тушаагаагүй байхдаа дандаа баримт бичиж өгдөг байсан. Энэ нь “Милко” ХХК-ийн хариуцлагагүй байдлаас болж уг гэмт хэргийг үйлдэх нөхцлийг бүрдүүлсэн.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Бд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь заалтад заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэргийн хохирогч нь хэн болох, гэмт хэргийн улмаас хэнд ямар хэмжээний хохирол учирсан, хохирлыг хэн хариуцах талаар, мөн зүйлийн 1.6 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг хуульд заасан арга хэрэгслээр бүх талаас нь бүрэн шалгаагүй, мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзээд прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь үндэслэл муутай болжээ.

 

            Учир нь, шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн гэмт хэрэгт “Милко” ХХК болон залилангийн гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн хүмүүсийг хохирогчоор тогтоож, хуульд заасан үндэслэл журмын дагуу тайлбар мэдүүлэг авсан, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн гэмт хэрэгт “Милко” ХХК-ийг хохирогчоор тогтоож, түүний хууль ёсны төлөөлөгчөөс тайлбар мэдүүлэг авсан байх бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон болсон үйл баримтад тал бүрээс бодитой үнэлэлт, дүгнэлт хийж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1-д “Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.”, мөн зүйлийн 2-д “Иргэний хариуцагчаар татахдаа мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.” гэж тус тус заажээ.

 

            Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд хохирогч Д.Энхбат нь иргэний хариуцагчаар “Милко” ХХК-ийг татуулах хүсэлтээ анхан шатны шүүхэд гаргавал шүүх хүсэлтийг хангах эсэхийг хянан шийдвэрлэх боломжтой байгаагаас гадна хэргийг 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 514 дугаартай прокурорын тогтоол /2хх 174/ болон Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 37 дугаартай шүүгчийн захирамжаар /5хх 97-100/ нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж тодорхой ажиллагаанууд хийж байсан, хэргийн оролцогчийн хүсэлтээр иргэний нэхэмжлэгч, хариуцагч, хохирогчийг хуульд заасан журмын дагуу шүүхээс тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой учир прокурорын эсэргүүцэл хуулийн үндэслэлтэй байна.

 

            Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасан зохицуулалтын хүрээнд оролцогч нар иргэний нэхэмжлэгч, хариуцагч, хохирогч, гэрч, шинжээч нарыг оролцуулах хүсэлт гарган, шүүх хуралдааны явцад мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлыг тодруулж, хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байна.    

 

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 1772 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Э.Бд холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх хүртэл шүүгдэгч Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

 ШҮҮГЧ                                                             Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 ШҮҮГЧ                                                             Д.МЯГМАРЖАВ