Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 1223

 

 

 

 

 

 

       

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал, улсын яллагч Н.Мөнхцэцэг, хохирогч Д.Э, түүний өмгөөлөгч А.Мөнхтулга, хохирогч, иргэний нэхэмжлэгч “***” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч М.П, түүний өмгөөлөгч Б.Эрхэмбаяр, иргэний хариуцагч “***” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Цэнгүүн, шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ц овгийн Э.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805 00054 0054 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ц овгийн Э.Б, Увс аймгийн Тэс суманд *** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, эмэгтэй, 37 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, гэмт хэрэгт холбогдох үедээ “***” ХХК-ийн худалдааны төлөөлөгч ажилтай байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл хоёр, 10 настай хүү **-ий хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын ** дугаар гудамжны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Э.Б нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөө ** тоотод байрлан үйл ажиллагаа явуулдаг “***” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төвд байрлах компанийн борлуулалтын цэг дээр худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд компаниас итгэмжлэн хариуцуулсан бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулсан орлогоос бэлэн 156,014,551 төгрөгийг завшиж “***” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан,

- Мөн Э.Б нь “***” ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан, мөн компанийн худалдааны төлөөлөгч ажилтай Б.Б-аар дамжуулан 2017 оны 10 дугаар сард ‘70 хайрцаг “Голден ***” хуурай сүү ачуулах шаардлагатай байна” гэж хуурч компаниас 6,000,000 төгрөгийн үнэ бүхий 70 хайрцаг сүүг Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн ард байрлах автобусны буудлын хажууд автомашинд ачуулах замаар авч улмаар сүүний үлдэгдэл мөнгө болох 2,000,000 төгрөгийг,

 - 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Н.М-аар дамжуулан “Голден ***” нэртэй хуурай сүүний захиалга ирлээ, над дээр дангаараа ийм их хэмжээний хуурай сүү компаниас гаргахгүй, та компаниас захиалчих, надтай олон жил харилцаж байгаа найдвартай хүн захиалаад байгаа юм” гэж хуурч 69,120,000 төгрөгийн үнэ бүхий 800 хайрцаг сүүг, мөн 2017 оны 11 дүгээр сард компаниас Н.М-д зарж борлуулахаар итгэмжлэн хариуцуулж өгсөн 392,280 төгрөгийн барааг зээлээр авах нэрийдлээр хуурч аван нийт 69,512,280 төгрөгийн сүү, бараа бүтээгдэхүүнийг,

- Д.О-р дамжуулан “Надад “Голден ***” сүүний захиалга орж ирсэн, тооцоог нь би сарын сүүлээр хийе” гэж хуурч компаниас 34,560,000 төгрөгийн үнэ бүхий 400 хайрцаг сүүг, нийт 103,680,000 төгрөгийн үнэ бүхий 1,200 хайрцаг сүүг хуурч компаниас гаргуулан авч Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТЭЦ-4 цахилгаан станцын урд байрлах автомашины зогсоолд байрлуулсан *** улсын дугаартай ачаа тээврийн хэрэгсэлд ачуулан авч,

- 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Г.Н-гаар дамжуулан “50 хайрцаг “Голден ***” сүүг машинд ачуулаад өгөөч, би энэ сарын дундуур мөнгийг нь өгье” гэж хуурч компаниас 4,320,000 төгрөгийн үнэ бүхий 50 хайрцаг сүүг гаргуулан авч Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төвийн гадна байрлах автомашины зогсоолд *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачуулан авч,

- 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “100 хайрцаг “Голден ***” сүү хэрэгтэй байна, надад захиалга ирээд байна, яаралтай аваад ирээч, би сарын сүүлээр мөнгийг нь өгье” гэж хуурч компаниас 8,640,000 төгрөгийн үнэ бүхий 100 хайрцаг сүүг гаргуулан авч Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төвийн өргөтгөлийн замын урд байрлах контейнерт буулгуулан авч, нийт 12,960,000 төгрөгийн үнэ бүхий 150 хайрцаг сүүг хуурч компаниас гаргуулан авч,

- 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “Баянхонгор аймгийн О гэх харилцагчид 200 боодол Хаан чипсийг автомашинд ачуулчих, тооцоог нь би орой юм уу, аль эсвэл маргааш өглөө хийе” гэж худалдааны төлөөлөгч Л.Г-ийг хуурч компаниас зарж борлуулахаар итгэмжлэн хариуцуулж өгсөн байсан 2,256,750 төгрөгийн үнэ бүхий 180 боодол Хаан чипсийг гаргуулан авч Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төвийн гаднах автомашины зогсоолд дээр *** улсын дугаартай автомашинд ачуулан авч, нийт 1,470 хайрцаг “Голден ***” нэртэй хуурай сүү, 180 боодол Хаан чипс зэрэг нийт 121,289,030 төгрөгийн үнэ бүхий бараа, бүтээгдэхүүнийг залилан авч “***” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан,

- Мөн Э.Б нь “***” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төвд байрлах компанийн борлуулалтын цэг дээр худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан,

- “***” ХХК-ийн худалдааны төлөөлөгч ажилтай Б.П-т “Голден ***” сүүний захиалга орж ирээд байна, автомашинд ачуулчих” гэж хуурч 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр компаниас 34,560,000 төгрөгийн үнэ бүхий 400 хайрцаг сүүг Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТЭЦ 4 Цахилгаан станцын урд байрлах автомашины зогсоол дээр *** улсын дугаартай ачаа тээврийн хэрэгсэлд ачуулан авч улмаар сүүний үлдэгдэл мөнгө 19,000,000 төгрөгийг бусдад төлөх өрөндөө өгөх замаар өөртөө шилжүүлэн авч иргэн Б.П-т үлэмж хэмжээний хохирол учруулан залилсан,

- 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төвд 10 дугаартай павильонд хүнсний бүтээгдэхүүн зарж борлуулдаг иргэн Д.Э-д “манай компани гадагш их хэмжээний мөнгө шилжүүлэх шаардлага гарсан юм байна, тэгээд мөнгөний хэрэг компанид гарсан учраас хямдралтай үнээр бараа бүтээгдэхүүнээ борлуулж байгаа юм, танд бол хуучин өгч байсан 6,480 төгрөгөөр сүү өгч болно гэж байна” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 124,416,000 төгрөгийг өөрийн Хаан банкны *** дугаарын дансаар өөртөө шилжүүлэн авч иргэн Д.Э-д их хэмжээний хохирол учруулан залилсан,

- 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “компанид тушаах мөнгөнөөс дутчихлаа, 2,000,000 төгрөг зээлээч 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өгье” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан Л.Г-ийг хуурч 1,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны *** дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

- 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хорооллын 103 дугаар байрны ** тоот гэрээсээ өөрийн харилцагч, Баянхонгор аймгийн иргэн Ч.О-т “2 хувийн хөнгөлөлт хасаад Хаан чипс захиалах уу, элсэн чихэр 1 шуудайг нь 70,000 төгрөгөөр авах уу компаниас урьдчилж захиалга авч байгаа юм, хэрэв элсэн чихэр захиалах бол 10 хоногийн дараа ирнэ, мөнгөө гялс шилжүүлчих” гэж, мөн бараа материалын захиалга авах нэрийдлээр хуурч 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 4,814,000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 14,000,000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 3,415,000 төгрөгийг тус тус өөрийн Хаан банкны *** дугаарын дансаар шилжүүлэн авснаас 18,477,650 төгрөгийг өр зээлдээ тооцон өгөх замаар иргэн Ч.О-т үлэмж хэмжээний хохирол учруулан залилсан,

- 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хорооллын 103 дугаар байрны *** тоот гэрээсээ өөрийн харилцагч, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Б.Б-д түүний эхнэр Д.О-ээр дамжуулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Хаан чипсний захиалга авч байна, элсэн чихрийн захиалга авч байна, захиалгаа өгөөрэй, бараа 2017 оны 12 дугаар сарын буухаар машинаа явуулаад ачуулж аваарай” гэх зэргээр хуурч 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1.941.600 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 19,500,000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1,204,000 төгрөгийг, нийт 22,058,900 төгрөгийг өөрийн Хаан банкны *** дугаарын дансаар шилжүүлэн авч иргэн Б.Б-д үлэмж хэмжээний хохирол учруулан залилсан бусдад нийт 306,241,580 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэтгэлцээний тэгш эрхийн үндсэн дээр талуудаас шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Ц овгийн Э.Б нь:

1. Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, Энхтайвангийн өргөн чөлөө 157-3 тоотод хаягийн бүртгэлтэй “***” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Нарантуул” худалдааны төв дэх борлуулалтын цэгт 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа компаниас итгэмжлэн хариуцуулсан бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулсан орлогоос нийт 156,014,551 төгрөгийг хувьдаа завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан;

2.1. “***” ХХК-ийн худалдааны төлөөлөгч Б.Б-аас хамт ажиллаж байсан харилцааны явцад бий болсон итгэлийг нь ашиглан 2017 оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт компанийн сүүний үлдэгдэл мөнгө болох 2,000,000 төгрөгийг шилжүүлэн авч,

- “***” ХХК-ийн худалдааны төлөөлөгч Н.М-аас хамт ажиллаж байсан харилцааны явцад бий болсон итгэлийг нь ашиглан 2017 оны 11 дүгээр сард “хуурай сүүний захиалга ирлээ, над дээр дангаараа ийм их хэмжээний хуурай сүү компаниас гаргахгүй, та компаниас захиалчих, надтай олон жил харилцаж байгаа найдвартай хүн захиалаад байгаа юм” хэмээн хуурч нийт 69,512,280 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг шилжүүлэн авч,

- “***” ХХК-ийн худалдааны төлөөлөгч Д.О-аас хамт ажиллаж байсан харилцааны явцад бий болсон итгэлийг нь ашиглан Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “надад сүүний захиалга орж ирсэн, тооцоог нь би сарын сүүлээр хийе” хэмээн хуурч нийт 34,560,000 төгрөгийн үнэ бүхий 400 хайрцаг сүүг шилжүүлэн авч,

- “***” ХХК-ийн худалдааны төлөөлөгч Г.Н-аас хамт ажиллаж байсан харилцааны явцад бий болсон итгэлийг нь ашиглан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “50 хайрцаг сүүг машинд ачуулаад өгөөч, би энэ сарын дундуур мөнгийг нь өгье” хэмээн хуурч 4,320,000 төгрөгийн үнэ бүхий, мөн 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “100 хайрцаг сүү хэрэгтэй байна, надад захиалга ирээд байна, яаралтай аваад ирээч, би сарын сүүлээр мөнгийг нь өгье” хэмээн хуурч 8,640,000 төгрөгийн үнэ бүхий буюу нийт 12,960,000 төгрөгийн үнэ бүхий сүүг шилжүүлэн авч,

- “***” ХХК-ийн худалдааны төлөөлөгч Л.Г-ээс хамт ажиллаж байсан харилцааны явцад бий болсон итгэлийг нь ашиглан 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Баянхонгор аймгийн О гэх харилцагчид 200 боодол Хаан чипсийг автомашинд ачуулчих, тооцоог нь би орой юм уу, аль эсвэл маргааш өглөө хийе” хэмээн хуурч 2,256,750 төгрөгийн үнэ бүхий 180 боодол Хаан чипсийг шилжүүлэн авч, хохирогч “***” ХХК-ийг залилан нийт 121,289,030 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан;

2.2. “***” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төвд байрлах компанийн борлуулалтын цэг дээр худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан “***” ХХК-ийн худалдааны төлөөлөгч ажилтай Б.П-т “Голден ***” сүүний захиалга орж ирээд байна, автомашинд ачуулчих” гэж хуурч 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр компаниас 400 хайрцаг сүүг Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТЭЦ 4 Цахилгаан станцын урд байрлах автомашины зогсоол дээр *** улсын дугаартай ачаа тээврийн хэрэгсэлд ачуулан авч улмаар уг сүүний мөнгөнөөс 19,000,000 төгрөгийг бусдад төлөх өрөндөө өгөх замаар өөртөө шилжүүлэн авч залилсан;

2.3. “***” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төвд байрлах компанийн борлуулалтын цэг дээр худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төвд 10 дугаартай павильонд хүнсний бүтээгдэхүүн зарж борлуулдаг иргэн Д.Э-д “манай компани гадагш их хэмжээний мөнгө шилжүүлэх шаардлага гарсан юм байна, тэгээд мөнгөний хэрэг компанид гарсан учраас хямдралтай үнээр бараа бүтээгдэхүүнээ борлуулж байгаа юм, танд бол хуучин өгч байсан 6,480 төгрөгөөр сүү өгч болно гэж байна” хэмээн хуурч 124,416,000 төгрөгийг өөрийн Хаан банкны *** дугаарын дансаар өөртөө шилжүүлэн авч иргэн Д.Э-д их хэмжээний хохирол учруулан залилсан;

2.4. Урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан Л.Г-ийг “компанид тушаах мөнгөнөөс дутчихлаа, 2,000,000 төгрөг зээлээч 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өгье” хэмээн хуурч 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны *** дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан;

2.5. Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хорооллын 103 дугаар байрны ** тоот гэрээсээ өөрийн харилцагч, Баянхонгор аймгийн иргэн Ч.О-ыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “2 хувийн хөнгөлөлт хасаад Хаан чипс захиалах уу, элсэн чихэр 1 шуудайг нь 70,000 төгрөгөөр авах уу компаниас урьдчилж захиалга авч байгаа юм, хэрэв элсэн чихэр захиалах бол 10 хоногийн дараа ирнэ, мөнгөө гялс шилжүүлчих” хэмээн хуурч 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 14-ний өдрийн хооронд нийт 18,477,650 төгрөгийг өөрийн Хаан банкны *** дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан;

2.6. Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Содон хорооллын 103 дугаар байрны ** тоот гэрээсээ өөрийн харилцагч, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Б.Б-д түүний эхнэр Д.О-ээр дамжуулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Хаан чипсний захиалга авч байна, элсэн чихрийн захиалга авч байна, захиалгаа өгөөрэй, бараа 2017 оны 12 дугаар сарын буухаар машинаа явуулаад ачуулж аваарай” гэх зэргээр хуурч 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 13-ны өдрийн хооронд нийт 22,058,900 төгрөгийг өөрийн Хаан банкны *** дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан бөгөөд залилах гэмт үйлдлээр хувь хүн, хуулийн этгээдэд нийт 306,241,580 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Э.Б-ы шүүх хуралдаанд өгсөн: “...Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйлгүй. 2017 оны 12 дугаар сарын үед миний орон сууцны урьдчилгаанд зориулж Голомт банканд байршуулсан байсан 31 сая төгрөгийг компани өөрийн өр төлбөртөө суутгаж авсан. Өнөөдөр шүүх хуралдааны эхэнд гаргаж өгсөн зээлийн гэрээний хувьд би хүнээс авлагатай юм. Уг авлагыг хамт ажиллаж байсан Д.О шилжүүлж авахаар болсон тул үүнийг хохирлоос хасаж өгнө үү...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Д.Э-ын шүүх хуралдаанд өгсөн: “...2017 оны 8 дугаар сараас 11 сарын 23-ны хооронд “***” ХХК-ний борлуулагч Б-аар дамжуулан тус компанид захиалга өгч хуурай сүү 6 удаа авсан. 7 дахь удаагаа аваагүй. Б-д компанийн дансанд мөнгөө хийх үү гэж асуухад та надаар дамжуулж авч байгаа тул миний дансанд хийнэ, би цаашаа компанийн дансанд хийнэ гэж хэлсэн. Мөнгө тушаасан баримтаа авч ирж өг гэсний дагуу 2 хоногийн дараа төлөвлөгөөний баримтуудаа авч ирж өгсөн. Эхэндээ баримтуудаа өгч байсан учраас миний мөнгийг Б компанидаа тушаагаад, компани баримтаа гаргаж өгч байна гэж ойлгож байсан. Ингээд асуудал үүссэнээс хойш компанийнхаа дансанд 26,700,000 төгрөг тушаасан байсан. 2017 оны 9 дүгээр сард 77,762,000 төгрөг өгөөд төлбөрийн баримт гаргаж өгөхөд компанийнхаа дансанд мөнгө тушаагаагүй байсан. Харин 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 80,000,000 төгрөг тушаасан байсан. Компани Б-ыг мөнгөө 100 хувь тушаагаагүй байхад төлбөр болон зарлагын баримтаа бичиж өгч байсан. Тухайн компанийн хяналт шалгалт муугаас ийм хариуцлагагүй байдал үүссэн гэж үзэж байна. Б-тай гэрээ байгуулахад компанийн данс болон кассад мөнгө хийнэ гэж бичгээр гэрээ байгуулсан боловч амаар хувь хүний дансанд хий гэж хууль зөрчсөн асуудал гаргасан. Нягтлан бодогч нарын хууль бус үйлдэл, компанийн хяналтгүй байдал Б-ыг гэмт хэрэг хийхэд нөлөөлсөн. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар ерөнхий нягтлан бодогч төлбөр тооцоог хянаж ажилд гарахаас нь өмнө хуулиар хяналт тавих үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй. Иймд надад учирсан 124,461,000 төгрөгийн хохирлыг “***” ХХК-аас гаргуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг,

3. Хохирогч, иргэний нэхэмжлэгч болох “***” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч М.П-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...Өмнөх шүүх хуралдаанд дэлгэрэнгүй мэдүүлсэн. Өнөөдрийн хуралдаанд нэмж мэдүүлэхэд Б 2016 оны 01 дүгээр сарын 01-ээс 2017 оны 12 сарын 05-ны хооронд манай компанид худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан. Завших үйлдлийн улмаас манай компанид 156,000,000 төгрөгийг хохирол учруулсан, мөн хамт ажиллаж байсан худалдааны төлөөлөгч нарыг залилах байдлаар компанид 121,000,000 төгрөгийн хохирол учруулсан. Иймд компани шүүгдэгч Б-аас нийт 277,303,584 төгрөгийн хохирол нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг;

4.  Иргэний хариуцагч “***” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...Би энэ хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан “***” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр албан ёсоор томилогдсон. Манай компани хохирогч Э-ын нэхэмжилсэн 124,416,000 төгрөгийг хариуцах үндэслэлгүй гэж үзэж байгаа юм. Манай компанид Э буюу “***” ХХК-ийн нэрээр дээрх мөнгө шилжиж орж ирээгүй, Ц гэж хүний дансаар дамжиж орж ирсэн. Б өмнө нь тооцоотой байсан учир уг мөнгийг түүний тооцоонд суутгаж авсан юм...” гэсэн мэдүүлэг;

5. Хохирогч, иргэний нэхэмжлэгч “***” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бүх бараа бүтээгдэхүүнүүд “***” ХХК-ий өмчлөлийн бараа бүтээгдэхүүн юм. “***” ХХК, “***” ХХК-ий хувьцаа эзэмшигч нар нь нэг ба тус тусдаа уйл ажиллагаа явуулдаг, тайлан тооцоо тусдаа гаргадаг компаниуд. Борлуулагч нар бүгд “***" ХХК-нд харьяалагддаг тул тухайн компанийнхаа л бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулдаг. Өөр компанийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулдаггүй. Манай компанийн худалдааны төлөөлөгч О, М, Н, Б, Г нар нь компанитай тооцоо хийгээгүй, харин П нь Б-д өгсөн 19,000,000 төгрөгийн тооцоогоо компанитай хийсэн байгаа. Тэгэхээр манайд 121,289,030 төгрөг мөн компаниас Б-ы өөрөө авсан 156,014,551,6 төгрөг нийлээд 277,303,581,6 төгрөгийн хохирол учраад байна...",

“...Э.Б нь манай “***” ХХК-д 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс худалдааны төлөөлөгчөөр томилогдон Нарантуул худалдааны төвийн 8 дугаар павильон дээр ажиллах болсон. Манай компаниас 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Б-ы хариуцан ажилладаг Нарантуул захын борлуулалтын цэг дээр нь гэнэтийн тооллого хийхэд 186,154,816 төгрөгийг дутаасан байхаар нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Б-ы ажлыг нь түр хугацаагаар зогсоосон. Тэгээд Б-тай тооцоо нийлж эхлэхэд “би бусдад зээлээр бараа бүтээгдэхүүнээ өгсөн байгаа” гэхээр нь уг зээлээр өгсөн гэх хүмүүстэй нь холбогдоход худлаа байсан. Ингээд компанийн фейсбүүк групптээ “Б нь хуурамч авлага үүсгэсэн байна, энэ хүнтэй холбоотойгоор төлбөр тооцоо авлагын асуудал байвал авлагын албатай ирж уулзана уу” гасан мэдээлэл тавьсан боловч тухайн үед ямар нэг хүн ирж уулзахгүй байж байгаад дараа нь манай компанийн худалдааны төлөөлөгч Н.М 69,512,280 төгрөгийн, О 34,560,000 төгрөгийн, Н 12,960,000 төгрөгийн, П 19,000,000 төгрөгийн, Б 2,000,000 төгрөгийн Голден *** хуурай сүү, Г 3,724,250 төгрөгийн үнэ бүхий Хаан чипс Б-д өгсөн гэж гомдол гаргаж ирсэн. Уг худалдааны төлөөлөгчид нь мөн хуурамч харилцагч үүсгээд тэр бараагаа Б-д өгчихсөн байсан. Тэгээд манай албанаас Б-тай уулзан тодруулахад Б би дээрх хүмүүсээс Голден *** сүү болон Хаан чипсийг аваад цааш нь хүнд дамжуулан худалдаад мөнгийг нь дундаас нь авчихсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Манай зүгээс 121,289,030 төгрөг, мөн компаниас Б-ы өөрөө авсан 156,014,551,6 төгрөг нийлээд 277,303,581,6 төгрөгийн хохирол учраад байна. Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэсэн мэдүүлгүүд (1хх-ийн 51-52, 2хх-ийн 186-187, Зхх-ийн 48-49, 5хх-ийн 110-112, 145-146 дугаар хуудас);

6. Д.М-ийг тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон тухай “***” ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 06/382 тоот, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2/501 тоот, 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 06/295 тоот албан бичгүүд (2хх-ийн 182, 200, 5хх-ийн 141-143 дугаар хуудас), *** регистрийн дугаартай “***” ХХК-ийн улсын бүртгэлийн *** дугаартай гэрчилгээний хуулбар (2хх-ийн 199-р хуудас), “***” ХХК-ийн 2019.04.08-ны өдрийн 06/284 дугаартай албан бичгээр ирүүлсэн тус компанийн үйл ажиллагааны талаарх тодорхойлолт, хавсралтын хамт (5хх-ийн 150-151 дүгээр хуудас), “**” корпорацын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 3/126 дугаартай албан бичгээр ирүүлсэн “***" ХХК нь тусдаа хуулийн этгээд мөн болох талаарх тодорхойлолт (5хх-ийн 183 дугаар хуудас), “***” ХХК-ийн борлуулалтын албаны худалдааны төлөөлөгчийн ажлын байрны /үндсэн ажил, үүргийн 11-рт: Өдөр тутмын орлогоо кассад тушаах болон банканд тушаах.../ тодорхойлолтын загвар (2хх-ийн 125-127 дугаар хуудас), “***” ХХК-ийн худалдааны төлөөлөгч /Нарантуул/ албан тушаалд ажиллахаар Э.Б-ы тус компанийн холбогдох албан тушаалтантай байгуулсан 12НRD-ХG-MLK-150 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, 12-НRD-ЕD-150 дугаартай Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, 12-МLК-ВG-150 дугаартай барьцааны гэрээ, ажлын байрны тодорхойлолт (2хх-ийн 203-207, 208-209, 210-211, 212-214 дүгээр хуудас), “***” ХХК-ийн худалдааны төлөөлөгч Б.П-ын 12НRD-ХG-MLK-143 дугаартай, Б.Н-ийн 12HRD-ХG-MLK-162 дугаартай, Д.О-ы 12НRD-ХG-МLK-172 дугаартай, Л.Г-ийн 12НRD-ХG-МLK-153 дугаартай, Б.Б-ны 12НRD-ХG-469 дугаартай, Н.М-ы 12НRD-ХG-МLК-17-221 дугаартай Хөдөлмөрийн гэрээнүүд (5хх-ийн 152-182-р хуудас), 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөр Э.Б-тай “***” ХХК-ийн нягтлан бодогч Ж.У-ийн хийсэн тооцооны үлдэгдлийн баталгааны хуудас, өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан (2хх-ийн 224-225 дугаар хуудас), “***” ХХК-ийн санхүүгийн албанд Э.Б-ы өөрийн гараар бичиж өгсөн хүсэлтийн хуулбар (2хх-ийн 226-227 дугаар хуудас), Э.Б-ыг ажлаас чөлөөлөх тухай “***” ХХК-ийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1-МLК-17-512 дугаартай тушаал (4хх-ийн 75-р хуудас);

7. “Амгалан ахуй аудит” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 06/18 дугаартай Аудитын нягтлах ажлын дүгнэлт (2хх-ийн 229-250, Зхх-ийн 1-10 дугаар хуудас), Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээ хийсэн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 051 дугаартай: ”***” ХХК-ийн борлуулагчаар ажиллаж байсан Э.Б нь 156,014,551.6 төгрөгийн эргэн төлөлтийн үлдэгдэлтэй байна...” гэсэн дүгнэлт (Зхх-ийн 59-61, 62-150 дугаар хуудас);

8. Гэрч Б.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сард Б над руу утсаар яриад би 70 хайрцаг хуурай сүү ачуулах шаардлагатай байна, Ботаникийн эцэс дээр хүргээд өгөөч, сарын сүүлээр тооцоо хийе гэхээр нь компани дээрээ очиж өөрийн нэрээр 6,000,000 төгрөг бүхий 70 хайрцаг Голден *** сүү аваад Ботаникийн эцэс дээр Б-ы хэлсэн машинд аваачиж өгсөн. Тэгээд сарын сүүл болоход Б 4,000,000 төгрөгийг өгөөд 2,000,000 төгрөгийг өгөөгүй. Би Б-ы өгсөн 4,000,000 төгрөгийг компанидаа тушаасан. Одоо үлдэгдэл 2,000,000 төгрөгийг компани Б-аас нэхэмжилж байгаа юм. Миний Б-д өгсөн Голден *** сүү “***” компанийн өмч юм...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 40-41, 5хх-ийн 126 дугаар хуудас);

9. Гэрч Н.М-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр манай павильон дээр ирээд надад 1600 хайрцаг Голден *** нэртэй хуурай сүүний захиалга ирлээ, над дээр дангаараа ийм их хэмжээний хуурай сүү компаниас гарахгүй, та компаниас 800 хайрцаг сүү захиалчих, би бас 800 хайрцаг сүү захиалчихъя, надтай олон жил харилцаж байгаа найдвартай хүн захиалаад байгаа юм гээд ятгаад байсан. Би компанийнхаа менежер нягтлангаас 800 хайрцаг хуурай сүү захиалах гэсэн юм гэсэн чинь их байна, 530 хайрцаг хуурай сүү гаргаж өгье гээд надад 530 хайрцаг сүү гаргаж өгсөн. Тэрийг нь би тэр өдөрт нь ДЦС-4 урд байдаг “Хос бэрс” ХХК-ний гадна зогсож байсан *** улсын дугаартай улаан өнгийн толгойтой шланз маркийн автомашинд компанийн хүргэлтийн жолоочоор хүргүүлж ачуулсан. ...үлдэгдэл 270 хайрцаг сүүг зах дээр байх павильоноосоо би өөрөө ачиж *** улсын дугаартай автомашинд ачуулсан. Би Б-тай утсаар яриад ямар хүнд баримт бичиж өгөх юм бэ гэж асуухад Б наад хүмүүстээ баримт бичиж өгөх шаардлага байхгүй, надад баримтаа бичээд өгчих би 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мөнгийг нь өгнө гэж хэлсэн. Тэгээд би Б-тай уулзаад 800 хайрцаг Годен *** сүүний баримт бичиж өгөөд гарын үсэг зуруулсан. Мөн Б өөрийн павильонд байхгүй байсан бараагаа манай павильоноос зээлээр аваад буцааж өгч явсаар 2017 оны 11 дүгээр сард гэхэд манай өгөөгүй барааны мөнгөн дүн 392,280 төгрөг болсон. Яг ямар бараа бүтээгдэхүүн авч байсныг хэлж мэдэхгүй, манай компанийн борлуулдаг бараанаас л авч байсан. ...Компани Б бид гурав тооцоо нийлэхэд 392,280 төгрөгийн бараа болон 800 хайрцаг сүүний мөнгө нийлээд 69,512,280 төгрөг болсон. Дээрх мөнгөнөөс би компанид өгөөгүй тул компани өөрөө Баас нэхэмжилж байгаа. ...Миний Б-д өгсөн бараа бүтээгдэхүүн “***” компанийн өмч байгаа юм...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 20-21, 24-25, 5хх-ийн 124-125 дугаар хуудас);

- Н.М-ы /Ч.О-ын нэрээр/ компаниас сүү захиалсан зарлагын баримтууд (1хх-ийн 16, 18-19 дүгээр хуудас),

10. Гэрч Д.О-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 9 цаг 30 минутын үед манай компанийн Нарантуул дээр зогсдог худалдааны төлөөлөгч Б над руу *** дугаарын утаснаасаа залгаад надад Голден *** сүүний захиалга орж ирсэн, та ДЦС-4 урд зогсоол дээр *** улсын дугаартай шланз маркийн автомашинд 400 хайрцаг Голден *** сүү аваачаад өгчих, тооцоог нь би сарын сүүлээр хийе гэж хэлсэн. Тэгэхээр нь би компаниасаа падаан бичүүлэн 34,560,000 төгрөгийн үнэ бүхий 400 хайрцаг Голден *** нэртэй сүүг аваад, компанийнхаа түгээлтийн жолооч Ж-ын хамт ДЦС-4 урд талын зогсоол дээр байсан *** улсын дугаартай шланз маркийн автомашинд ачуулсан. 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр утсаар ярьсан чинь би танаас авсан сүүгээ Н гэх хүнд өгсөн. Тэр хүн сүүгээ зарахаар БНХАУ руу явсан, утас нь холбогдохгүй мессеж роуминг гэж хэлээд байна гэсэн. ...2017 оны 12 дугаар сарын 06, 07-ны өдөр уг хүнтэй утсаар холбогдож ярьсан чинь би Б-д ямар нэг өгцөө байхгүй наад хүн чинь худлаа ярьсан байна гэж хэлэхээр нь би тэгвэл таны утас яагаад мессеж роуминг үйлчилгээнд бүртгэгдлээ гээд байгаа юм бэ гэхэд Б намайг мессеж роуминг үйлчилгээнд бүртгэгдлээ гэсэн хариу утсан дээрээ тавьчих гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь Б-тай очиж уулзсан чинь би компаниас авсан сүүгээ бусдад хямдруулж худалдаад алдагдалд ороод танаас авсан сүүнийхээ мөнгийг өгчихсөн юм. Одоо надад танд өгөх мөнгө байхгүй гэж хэлсэн. Би компанидаа мөнгө өгөөгүй байгаа...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 9-10, 5хх-ийн 127-128 дугаар хуудас);

- Д.О компаниас сүү захиалсан зарлагын баримтууд (1хх-ийн 3-6 дугаар хуудас);

11. Гэрч, иргэний нэхэмжлэгч Б.П-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн өглөөгүүр манай компанийн Нарантуул зах дээр зогсдог худалдааны төлөөлөгч Б над руу утсаар залгаад надад Голден *** сүүний захиалга орж ирээд байна чи 400 хайрцаг Голден *** сүү аваачаад ДЦС-4 урд зогсоол дээр байгаа автомашинд ачуулаадах гэж хэлээд уг машины жолоочийн утасны дугаарыг хэлсэн. Тэгээд би 34,560,000 төгрөгийн үнэ бүхий 400 хайрцаг Голден *** сүүг компаниасаа өөрийнхөө нэр дээр падаанаар бичүүлж авч байгаад компанийн худалдааны төлөөлөгч О эгчтэй таарсан чинь би бас Б-ы захиалгаар 400 хайрцаг сүү ДЦС-4 рүү ачуулах гэж байна шүү дээ хоёулаа нийлүүлээд том машинд ачуулчихъя гээд компанийнхаа Ж-ын машинтай яваад ДЦС-4 урд талын зогсоол дээр байсан *** улсын дугаартай шланз маркийн автомашинд аваачиж ачуулсан. Мөн дараа нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн үед Б дахин яриад 100 хайрцаг сүү аваачаад өгөөч ээ, яаралтай захиалга орж ирээд байна мөнгийг нь сарын сүүлээр нийлүүлээд өгье гэж хэлсэн. Тэгээд би Нарантуул зах дээр өөрийнх нь ажиллуулдаг борлуулалтын борлуулалтын цэг дээр нь 8,640,000 төгрөгийн үнэ бүхий 100 хайрцаг Голден *** сүүг аваачиж өгсөн. Сарын сүүл болоод компанитай тооцоо нийлэх болоод Б-аас мөнгөө нэхсэн чинь компанийн данс руу надад өгөх 43,200,000 төгрөгөөс 24,200,000 төгрөгийг цувуулж хийгээд 19,000,000 төгрөгийг нь өгөхгүй байхаар нь өөрөөсөө 19,000,000 төгрөгийг компанид төлөөд тооцоогүй болсон. Одоо би Б-аас 19,000,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 14-15, 5хх-ийн 118-119 дүгээр хуудас);

12. Гэрч Д.Ж-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би *** корпорацын *** салбарт хөдөө орон нутагт түгээлтийн жолооч хийдэг. 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө 09 цагт ажил дээрээ иртэл хамт ажилладаг О эгч 400 хайрцаг, борлуулагч П 400 хайрцаг, нийт 800 хайрцаг Голден *** сүү ачаад ДЦС-4 урд зогсоолд байгаа машинд хүргээд өг гэхээр нь би өөрөө ачаад хаана хүргэж өгөх талаар О эгчээс асуутал Б-ы утасны дугаар болох *** дугаарыг өгөхөөр нь залгатал *** дугаартай шланз маркийн автомашин байгаа тэнд ачаад өгчих гэсэн...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 49 дүгээр хуудас);

13. Гэрч Г.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр манай компанийн Нарантуул зах дээр худалдааны төлөөлөгчөөр ажилладаг Б над руу утсаар залгаж яриад 50 хайрцаг Голден *** нэртэй хуурай сүүг Нарантуул захын өргөтгөлд байгаа *** улсын дугаартай автомашинд ачуулаад өгөөч, би энэ сарын дундуур мөнгийг нь өгье гэж хэлэхээр нь би өөрийн нэр дээр компаниасаа падаан бичүүлэн 4,320,000 төгрөгийн үнэ бүхий 50 хайрцаг Голден *** нэртэй сүүг аваад, компанийн түгээлтийн жолооч Г-тай хамт Нарантуул зах дээр аваачиж уг *** Улсын дугаартай автомашинд ачуулсан. Маргааш нь буюу 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 09 цагийн орчим Б над руу дахин залгаад 100 хайрцаг Голден *** сүү хэрэгтэй байна, надад захиалга ирээд байна, яаралтай аваад ирээч, би сарын сүүлээр мөнгийг нь өгье гэж хэлэхээр нь би компаниасаа өөрийн нэр дээр падаан бичүүлээд 8,640,000 төгрөгийн үнэ бүхий 100 хайрцаг Голден *** нэртэй сүүг аваад жолооч Г-ын хамт Нарантуул зах дээр очоод Б-тай ярихад наад сүүг чинь контейнер дээрээ авна, би одоо наанаас чинь хүн явуулъя гэж хэлээд өөрийн дүү Б--ээ над руу явуулсан байсан. Тэгээд 100 хайрцаг сүүг Нарантуул захын өргөтгөлийн замын урд байдаг контейнерт буулгуулсан. ...Тэгтэл 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр манай компанийн авлага зохицуулалтын албанаас “Э.Б-аас авлагатай хүн мэдэгдээрэй” гэхээр нь би Б-тай утсаар яриад чи компани дээр асуудалтай байгаа юм уу гэсэн чинь үгүй, хүнээс 1200 хайрцаг сүүний мөнгө орж ирээгүй байгаа, тэр мөнгө ороод ирэх юм бол асуудалгүй, би чамаас авсан 150 хайрцаг сүүний мөнгийг сарын сүүлээр найдвартай өгчихнө гэж хэлсэн. ...Компани өөрөө Б-аас хохирлоо нэхэмжилж байгаа...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 34-36, 5хх-ийн 131-132 дугаар хуудас);

- Г.Н-ийн компаниас сүү захиалсан зарлагын баримтууд (1хх-ийн 27, 29-31 дүгээр хуудас);

14. Гэрч Д.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...Би *** компанид эхнэр Н-ийн хамт түгээгчээр ажилладаг. 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Б манай эхнэр Н руу утсаар яриад 50 хайрцаг Голден *** сүүг Нарантуул захын өргөтгөл дээр аваачаад *** дугаартай машинд ачуулаадах, мөнгийг нь сарын дундуур өгье гэсэн байсан. Орой 20 цагийн үед би 50 хайрцаг сүүг нь аваад Нарантуул захын өргөтгөл дээр очоод *** улсын дугаартай ачааны машинд ачуулсан ба сүүг 2 казах хүн тосож аваад ачсан. Маргааш өглөө нь 09 цагийн үед Б дахин манай эхнэр Н руу залгаад 100 хайрцаг Голден *** сүү аваад ирээч, яаралтай захиалга орж ирээд байна, сарын дундуур мөнгийг нь өгье гэсэн. Тэгээд бид хоёр компаниасаа Н-ийн нэр дээр падаан бичүүлэн 100 хайрцаг сүү аваад Нарантуул захын өргөтгөлийн харалдаа замын урд байх контейнерт хүргэж өгсөн... хэд хоногийн дараа манай компанийн авлагын албанаас Б нь их хэмжээний өрөнд орсон гэж зарлаад эхлэхээр нь эхнэр Б-тай утсаар яриад юу болоод байгаа, чамайг компаниас өртэй гэж зарлаад байна гэсэн чинь Б би зүгээрээ, 1000 сүүний мөнгө орж ирээгүй байгаа юм, тэр мөнгө ороод ирчихвэл зүгээр болчихно та хоёр санаа зоволтгүй, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэхэд мөнгийг чинь өгчихнө гэж  хэлсэн...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 50 дугаар хуудас);

15. Хохирогч Л.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...2017 оны 12 дугаар сарын 07-ны өглөө 11 цаг өнгөрч байхад манай компанийн Нарантуул зах дээр зогсдог худалдааны төлөөлөгч Б над руу утсаар яриад Баянхонгор аймгийн О гэх харилцагчид 200 боодол Хаан чипс ачуулчих, *** гэсэн улсын дугаартай машин Нарантуул зах дээр Баянхонгорын машинууд зогсдог зогсоол дээр байгаа, тооцоог нь би орой юм уу аль эсвэл маргааш өглөө хийе гэж хэлэхээр нь би 15 цагийн үед өөрт байсан 2,256,750 төгрөгийн үнэ бүхий 180 боодол чипсийг уг *** улсын дугаартай автомашинд ачуулсан. Орой нь 17 цаг өнгөрч байхад Б над руу залгаад нөгөө чипсээ ачуулсан уу гэж асуухаар нь би ачуулчихсан гэж хэлсэн чинь компанид тушаах мөнгөнөөс 2,000,000 төгрөг дутчихлаа, 2,000,000 төгрөг зээлчхээч би 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өгье гэхээр нь би надад 1,000,000 төгрөг байна гээд Бы хаан банкны данс руу өөрийн хаан банкны *** дугаарын данснаасаа шилжүүлсэн... Барааны мөнгөө компани нэхэмжилж байгаа миний хувьд 1,000,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 47- 49, 5хх-ийн 122-123 дугаар хуудас);

- Л.Г-ийн эзэмшдэг Хаан банкны *** дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1хх-ийн 44 дүгээр хуудас),

- Э.Б-ы эзэмшдэг Хаан банкны *** дугаарын данс руу Л.Г-ээс 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг шилжүүлсэн гүйлгээний хуулга (2хх-ийн 89 дүгээр хуудас);

16. Хохирогч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...БНХАУ руу 2017 оны 08 дугаар сараас хойш “***” ХХК-ийн Голден *** сүүг экспортлох болсон юм... Тэгээд би Баас “***” ХХК-ийн Голден *** сүүг БНХАУ руу гаргах болсон, танайх арай хямдралтай үнээр өгөх боломжтой юу гэж асуухад Б удирдлагаасаа асуугаад тухайн үед нэг ширхэг нь 6800 төгрөгөөр борлуулагдаж байсан сүүг 6480 төгрөгөөр өгч болно гэж байна гээд надад 1 кг сүүг 6480 төгрөгөөр өгөх болсон. Би 1600 хайрцаг сүүний мөнгө болох 124,416,000 төгрөгийг Б-ы Хаан банкны данс руу 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шилжүүлсэн боловч сүүгээ өгөхгүй удахгүй өгнө гэж арга саам хийгээд яваад байсан... Б надаас авсан мөнгөө компанийнхаа өөрийнхөө өглөгт болон бусдад өгөх өглөгтөө өгчихсөн байсан... Өөрт учирсан хохирлоо төлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 61, 4хх-ийн 28-29, 5хх-ийн 115-116 дугаар хуудас);

- Д.Э-аас Э.Б-ы Хаан банкны *** дугаарын данс руу мөнгө шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар (1хх-ийн 62, 4хх-ийн 45-47 дугаар хуудас);

- Э.Б-ы эзэмшдэг Хаан банкны *** дугаарын данс руу Д.Э-аас 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 124,416,000 төгрөг шилжүүлсэн гүйлгээний хуулга (2хх-ийн 83 дугаар хуудас);

17. Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр надтай хамтарч ажилладаг гэрээт борлуулагч Б над руу гар утсаараа залгаад захиалгаа авч байна, чипсний захиалгаа өгөөрэй гэсэн. Тэгэхээр нь би 100 боодол /1 боодол дотроо 35 ширхэг/ чипсний мөнгө болох 1,941,800 төгрөгийг *** гэсэн хаан банкны данс руу өөрийнхөө *** данснаас шилжүүлсэн. Тухайн үед өөрөө эмнэлгээр үзүүлж явж байгаа гээд эгчээрээ чипс гаргуулж өгсөн. Би тухайн өдрөө 50 боодол чипсийг Б гэгчийн эгч гэх Б-аар дамжуулж бараа ачуулсан машинаараа авхуулсан. Тэр машинд үлдсэн 50 боодол чипс нь багтаагүй байсан. Дараа нь 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Б над руу залгаад элсэн чихрийн захиалга авч байна, танайх 15 тонн элсэн чихэр авчих гэж хэлэхээр нь би 15 тонн элсэн чихэр авахаар болоод өөрийнхөө данснаас 19,500,000 төгрөгийг Б-ы *** гэсэн данс руу шилжүүлсэн. Тухайн үед 12 дугаар сарын 12 юм уу 15-нд бууна, тэгэхээр та машинаа явуулаад бараагаа авчхаарай гэж хэлж байсан. 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Б над руу залгаад 12 дугаар сарын чипсний захиалга авч байна гэхээр нь би дахиад 100 боодол чипсний захиалга өгсөн. Тэр дор нь Б-ы данс руу 1,204,800 төгрөгийг хийсэн. Элсэн чихэр болон үлдэгдэл чипс, сүүлд захиалсан 100 чипсийг 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр машинаа явуулаад аваарай гэж хэлж байсан. ...Б-ы гар утас болох *** дугаар луу залгатал гар утас нь холбогдох боломжгүй байсан. Би одоог хүртэл Б гэдэг хүнд мөнгөө залилуулсан байдалтай байна. ...Б-аас 22,058,900 төгрөг нэхэмжилж байгаа...” гэсэн мэдүүлэг (4хх-ийн 136- 137, 146 дугаар хуудас);

- Б.Б-оос өөрийн Хаан банкны *** дугаарын данснаас Э.Б-ы эзэмшдэг Хаан банкны *** дугаарын данс руу 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,941,600 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 19,500,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1,204,800 төгрөг шилжүүлсэн гүйлгээний хуулга (2хх-ийн 86, 89, 91, 4хх-ийн 138-140 дүгээр хуудас);

18. Гэрч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр над руу Б яриад чипсний мөнгө шилжүүл гэхээр нь 1,941,600 төгрөгийг *** гэсэн данс руу шилжүүлсэн. 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1,204,800 төгрөгийг Голден сүүний мөнгө гэж Б-ы данс руу шилжүүлсэн. Ингээд хүнсний барааны мөнгө нийтдээ 22,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэгтэл Б мөнгийг маань ч өгөхгүй хүнс бараагаа ч өгөлгүй алга болсон. Элсэн чихрээ ирээгүй гэж хүлээлгэж байгаад дараалан надаас мөнгө авсан. Энэ хугацаанд Б надтай ганцхан удаа утсаар ярьсан. Манай нөхөр Б-той холбогдоогүй. Б бид  хоёр л хоорондоо харьцаж би мөнгө шилжүүлж байсан... Б “***” гэдэг ХХК-ийн борлуулагч хийдэг байсан болохоор хүнс бараа худалдан авч байгаад таньдаг болсон..." гэсэн мэдүүлэг (4хх-ийн 174 дүгээр хуудас);

19. Хохирогч Ч.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Б над руу яриад та хоёр хувийн хөнгөлөлт хасаад Хаан чипс захиалах уу гэхээд нь би Хаан чипс томоос нь 200 боодол, жижгээс нь 200 боодлыг захиалаад нийт 4,814,400 төгрөгийг Э.Б-ы Хаан банкны *** дугаарын данс руу шилжүүлсэн. Би 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Нарантуул зах дээр очоод Б-д би захиалсан 400 боодол чипснээсээ томоос нь 100, жижгээс нь 100 боодлыг одоо авъя гэсэн чинь борлуулагч Г жижиг 90, том 90 боодол чипсийг авчирч өгсөн. Тэгтэл Б та элсэн чихэр нэг шуудайг нь 70,000 төгрөгөөр авах уу, компаниас урьдчилж захиалга авч байгаа юм. Хэрэв элсэн чихэр захиалах юм бол 10 хоногийн дараа ирнэ, та мөнгөө гялс шилжүүлчхээч гэхээр нь би 200 шуудай элсэн чихэр захиалан Б-ы хаан банкны данс руу 14,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Б-тай утсаар ярьж 1 кг-тай шар будаа 1700 төгрөгөөр бодон 400 ширхэг, 650 граммтай шар будаа 1100 төгрөгөөр бодон 150 ширхэг, кааш 1600 төгрөгөөр бодон 300 ширхэг, 300 граммтай лапша гоймон 680 төгрөгөөр бодон 400 ширхэг, 3 кг-тай сонгинотой энгийн лапша гоймон 5800 төгрөгөөр бодон 30 ширхэг, 3 кг-тай энгийн лапша гоймон 5400 төгрөгөөр бодон 60 ширхэг, 1 литрийн зөв аарцны ундаа 2180 төгрөгөөр бодон 180 ширхэг, 500 граммтай зөв аарцны ундаа 1440 төгрөгөөр бодон 200 ширхэг захиалан нийт 3,085,000 төгрөг өгсөн. Урьд нь өгөх ёстой байсан 330,000 төгрөгөө хасахаар одоо Б-аас 18,477,650 төгрөгийг авах ёстой. Би уг мөнгөө нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 63, 2хх-ийн 118-119 дүгээр хуудас);

- Ч.О-аас Э.Б-ы Хаан банкны *** дугаарын данс руу мөнгө шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар (1хх-ийн 64 дүгээр хуудас);

- Э.Б-ы эзэмшдэг Хаан банкны *** дугаарын данс руу Ч.О-аас 2017 оны 11.30-ны өдөр 4,814,400 төгрөг, 2017 оны 12 оны 07-ны өдөр 14,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 3,415,000 төгрөг шилжүүлсэн гүйлгээний хуулга (2хх-ийн 86, 89, 92 дугаар хуудас);

20. Гэрч Ц.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 09 дүгээр сард Б над руу утсаар яриад “манай компанийн Голден *** хуурай сүүг мөнгийг нь урд сарынх нь 30,31-ний өдрүүдэд өгчих юм бол борлуулж байгаа үнийн дүнгээс 400 төгрөгөөр хямдралтай олдоно. Та мөнгөө урьдчилан шилжүүлэх боломжтой бол сарын 30,31-ний өдрүүдэд мөнгөө шилжүүлээд бай, би шилжүүлсэн мөнгөнд чинь компаниас сүү хямдралтай үнээр нь аваад, би өөрөө зарж борлуулаад, компани борлуулж байгаа үнийн дүнгээр нь бодож мөнгийг чинь өсгөөд дараа сарынх нь 24-ний өдөр 50 хувь, 29-ний өдөр нь 50 хувийг нь өгч байя” гэсэн санал тавьсан юм. Тэгээд би 2016 оны 09 дүгээр сараас эхлэн сарын 30, 31-ний өдрүүдэд хямдралтай үнээр нь бодон эхэндээ 200-300 хайрцаг Голден *** хуурай сүүний мөнгийг шилжүүлээд дараа сарынх нь 24, 29-ний өдрүүдэд мөнгөө 2 хуваагаад буцаан авдаг болсон. Сүүлдээ Б надад би Өмнөговь аймгийн хүмүүстэй гэрээ хийчихсэн, ахиухан сүүний мөнгө шилжүүлж байгаач гэсэн болохоор нь сар болгон захиалах сүүнийхээ мөнгийг нэмэгдүүлж явсаар 2017 оны 09, 10, 11 саруудад 2000 хайрцаг сүүний мөнгө шилжүүлсэн. Б сүүлдээ хугацаандаа мөнгөө буцаан өгөхгүй цувуулаад байхаар нь би дэмий юм байна гэж бодоод 2017 оны 11 дүгээр сарын сүүлээс хойш дахин мөнгө шилжүүлээгүй. Хамгийн сүүлийн тооцоогоо 2017 оны 12 дугаар сарын сүүлээр буцаан авч Б-тай тооцоо дууссан..." гэсэн мэдүүлэг (1хх-ийн 55-56 дугаар хуудас);

- 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Ц.Ч, Э.Б нарын хооронд хуурай сүү нийлүүлэхээр урьдчилан мөнгө шилжүүлэх, буцаан хийх тухай хэлцэл (1хх-ийн 57 дугаар хуудас);

- Э.Б-ы эзэмшдэг Төрийн банкны төгрөгийн *** дугаарын депозит дансны 2015 оны 01 дүгээр сарын 01-ээс 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх дэлгэрэнгүй хуулга (1 хх-ийн 100-106 дугаар хуудас);

- Ц.Ч-ээс 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 54,912,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 48,950,000 төгрөг, 11,050,000 төгрөг, 5,280,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 15,200,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр, 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр тус тус 115,200,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 147,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг шилжүүлсэн гүйлгээний хуулга (1хх-ийн 102-104 дүгээр хуудас);

- Э.Б-ы эзэмшдэг Хаан банкны *** дугаарын данс руу Ц.Ч-ээс 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 136,700,000 төгрөг шилжүүлсэн гүйлгээний хуулга (2хх-ийн 73 дугаар хуудас);

21. Шүүгдэгч Э.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:  “...Би “***” ХХК-нд 2004 оноос ажиллах болсон ба 2004-2007 онд Хаан чипсний үйлдвэрт чанар шалгагчаар ажиллаж байгаад 2007 оноос хойш Нарантуул зах дээр худалдааны төлөөлөгчөөр ажиллах болсон. Манай компаниас сар болгон өндөр төлөвлөгөө тавьдаг учраас тэр төлөвлөгөөндөө хүч цалингаа авахын тулд би Ч гэх хүнд сүүг компанийн зардаг үнийн дүнгээс нэг ширхэг бүрээс 400 төгрөг хямдруулан зарахаар болоод, Ч сар болгон над руу 1500-2000 хайрцаг сүүний мөнгийг шилжүүлээд, тэрүүгээр нь би компанийнхаа тооцоог хийгээд сарын сүүлээр борлуулсан барааныхаа мөнгийг Ч-д компаниас бараа зарах үнийн дүнгээр нь өгөөд явдаг байсан учраас би алдагдалд орчхоод байгаа юм.

2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр надаас бараа худалдан авдаг Э гэх хүн 1600 хайрцаг Голден *** нэртэй хуурай сүү захиалаад 1600 хайрцаг сүүний мөнгө болох 124,416,000 төгрөгийг миний Хаан банкны *** дугаарын данс руу шилжүүлсэн ба 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр захиалсан сүүгээ авна гэсэн. Тэгээд би компанидаа өгөх барааны үлдэгдэл ихтэй, 1600 хайрцаг сүү авах боломжгүй байсан болохоор 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр борлуулагч О-аас 400 хайрцаг, П-аас 400 хайрцаг, М-аас 800 хайрцаг Голден *** нэртэй хуурай сүүг 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр мөнгийг нь өгнө гэж компаниас захиалуулан авхуулаад ТЦС-4 ойролцоо байсан Э-ын шланз маркийн машинд ачуулсан. Би Э-аас урьдчилж авсан сүүний мөнгөний хагасыг нь компанидаа хагасыг нь Ч-д өгөөд дуусгасан.

2017 оны 12 дугаар сарын эхээр миний зогсдог Нарантуул захын 8 номерын контейнер дээр зарах сүүгүй болчхоод компанийнхаа борлуулагч Н-аас тооцоог нь 2017 оны 12 дугаар сарын сүүлээр хийе гэж хэлээд 12,960,000 төгрөгийн үнэ бүхий 150 хайрцаг Голден *** сүүг захиалж Наран туул зах дээр авчруулаад 50 хайрцаг сүүг нь тухайн үед захиалсан байсан хүнд ачуулаад 100 хайрцгийг нь контейнер дээрээ авсан. 50 хайрцаг сүүг нь тухайн үед зараад мөнгийг нь авчихсан байсан, 100 хайрцаг сүүг нь түүнээс хойш контейнер дээрээ зараад мөнгийг нь Ч-ийн данс руу 2017 оны 12 дугаар сарын эхээр хийсэн.                      

2017 оны 9 дүгээр сарын сүүлээр Дорноговь аймгийн Сайншанд суманд худалдаа хийдэг Т гэх хүнээс надаас 70 хайрцаг Голден *** сүүг захиалаад 6,000,000 төгрөгийг миний хаан банкны *** дугаарын данс руу шилжүүлсэн байсан. Тэгээд Т сүүгээ 10 дугаар сарын эхээр авна гээд би компанийн борлуулагч Б-д 2017 оны 10 дугаар сарын сүүлээр мөнгийг нь өгье гэж хэлээд Т-ийн машинд ачуулсан. Урьдчилж ирсэн мөнгийг нь би компанийнхаа тооцоонд хийгээд явж байсан. Тэгээд Би Б-д 10 дугаар сарын сүүлээр 4,000,000 төгрөгийг нь өгөөд 2,000,000 төгрөгийг нь өгч чадаагүй.

2017 оны 12 дугаар сарын эхээр Баянхонгор аймгийн бөөний цэг ажиллуулдаг О гэх хүнээс Хаан чипсний захиалга орж ирээд мөнгөө урьдчилж миний Хаан банкны *** дугаарын данс руу шилжүүлсэн байсан юм. Тэгээд О Бараагаа авъя гэхэд нь компани борлуулагч Г-ээс 2017 оны 12 дугаар сарын сүүлээр тооцоог нь хийе гэж хэлээд 2,256,750 төгрөгийн үнэ бүхий 180 боодол Хаан чипсийг Наран туул зах дээр байсан О-ын машинд ачуулсан. Мөн Г-ээс боломжтой болохоороо өгье гэж хэлээд 1,000,000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн аваад, О-аас урьдчилж авсан чипсний мөнгө болон Г-ээс зээлж авсан 1,000,000 төгрөгөө Ч-д өгсөн.

Чимэгсүрэн нь 2007 оноос хойн надаас бараа материалд худалдаг авдаг байсан юм. 2016 оны эхэн үеэс Ч надаас нэг ширхэг сүүг компанийн зардаг 6800 төгрөгөөс 400 төгрөгөөр хямдруулж авахаар, мөн сүүгээ надаар компанийн үнээр заруулаад дараа сарынхаа 25-ны өдөр мөнгийг нь авахаар тохироод сар болгоны 30-ны өдөр надад 1500-2000 хайрцаг сүүний мөнгө өгдөг байсан. Би тэр авсан мөнгөө компанийнхаа өрийг тэглээд дахин бараа авч зараад Ч-д компанийн үнээр нь тооцон мөнгийг нь сар болгоны 25-28-ны өдрийн хооронд хийж дуусгадаг байсан. Бид хоёр 2017 оны хавар энэ тохиролцооны талаараа Баянзүрх хүнсний захын хажуугийн нотариатын газар гэрээ хүртэл байгуулж байсан. Ч нь Дорноговь аймгийн Сайншанд суманд бөөний төв ажиллуулдаг хүн байдаг. Ч нь надаас Хаан банкны ***, Төрийн банкны Б.А *** дугаарын дансаар авдаг байсан...

Би Э-аас авсан мөнгөнийхөө 60 гаруй сая төгрөгийг нягтлан Н,  Д хоёрын хэлснээр компанийнхаа Ц гэх захирлын хувийн Хаан банкны дансанд хийсэн. Компани нь өөрсдөө борлуулагч нарыг захиалсан барааныхаа мөнгийг өөрийн хувийн дансаар аваад дараа нь тооцоог борлуулагч компанитай хийлгэдэг юм. Тэгэхээр би харилцагчаас орж ирж байгаа мөнгийг өөрийн дансаараа авдаг байсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 78-80, 2хх-ийн 123, Зхх-ийн 161-162, 165-166, 4хх-ийн 70, 83, 105, 183-184, 5хх-ийн 184-185 дугаар хуудас);

22. Хаан банкны 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 29/780 дугаартай, 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 29/2607 дугаартай албан бичгүүд, Э.Б нь Хаан банканд **** тоот төгрөгийн хугацаагүй хадгаламж, ****, **** тоот төгрөгийн харилцах данснууд эзэмшдэг талаарх лавлагаа (1хх-ийн 97, Зхх-ийн 182 дугаар хуудас);

23. Шүүгдэгч Э.Б-ы хувийн байдлын талаар мэдүүлсэн гэрч Б.Г, Э.Н, Э.Ж, Г.Ц, Э.Б нарын мэдүүлэг (1хх-ийн 65, 66, Зхх-ийн 53, 54-55, 4хх-ийн 79, 81 дүгээр хуудас);

24. Шүүгдэгч Э.Б-ы иргэний үнэмлэхийн лавлагаа (1хх-ийн 84 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1хх-ийн 83 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Б-ы зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй байгаа. Гэвч хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн гэм бурууг нотолсон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлээгүй тул эдгээрийг зөвтгөж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах байр суурьтай байна. Тодруулбал, 2018 оны 01 дүгээр сарын 28-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд хохирогч Г-ийн нэрийг Г гэж бичсэн байдаг. Үүнийг зайлшгүй зөвтгөх шаардлагатай. О-ыг хохирогчоор тооцсон тогтоолын хувьд цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл гомдол байхгүй байна. Мөн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн болон эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд О-ын нэр байхгүй. Харин эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан тогтоолд түүний нэр дурдагддаг /2хх-138-141/. Завших гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл, 16.2 дугаар зүйлүүдэд зааснаар бүрэн нотолж, тогтоож чадаагүй. Учир нь, Б эд хариуцагчийн хувьд хэдэн төгрөг төлөхийг хэмжээг тодорхойлсон санхүүгийн анхан шатны баримт байх ёстой. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч П, гэрч М, Б, О, Н нарыг хохирогчоор тооцсон тогтоолыг хуульд нийцүүлж, зөвтгөж хүчингүй болгосон. Дээрх нэр бүхий 5 этгээд гэрчээр оролцох ёсгүй байсан. Тэдний хувьд компанийн нягтлан бодогч болон эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр хариуцсан хөрөнгөө Б-д өгсөн байдаг. Иймд шүүгдэгч Б “***” ХХК-ийг залилсан гэж үзэхэд эргэлзээ бүхий байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б-ы Содон хорооллын орон сууцны урьдчилгаа төлбөр 30,000,000 төгрөгийг хохирол төлбөрөөс нь суутгаад авсан байдаг. Харин *** компанийн барьцаанд байгаа Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 7 дугаар хорооны ** дугаар гудамжны 649 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлд заасан эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалтын хүрээнд хохирлоос нь хасаж тооцох боломжтой байсан. Мөн тэрээр иргэн Ю.А-тай байгуулсан зээлийн гэрээний шаардах эрхээ Д.О-аад шилжүүлсэн тул энэ асуудлыг тодруулах шаардлагатай. Эдгээр ажиллагааг хийгээгүйн улмаас хохирлын хэр хэмжээнээс багасгах боломжгүй болж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдал үүсээд байна. Эдгээрээс гадна хэргийн зарим оролцогчид хэргийн материалыг танилцуулаагүй буюу хүсэлт гомдол гаргах эрхийг нь хангаагүй байна. Үүнийг зөвтгөх ёстой учраас нэмэлт мөрдөн байцаалтад буцаах санал гаргаж байна...” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч “***” ХХК-ийн өмгөөлөгч Б.Э: “...Шүүх шийдвэр гаргахдаа шүүх хуралдаанд талуудын урьдчилан тооцоолоогүй нөхцөл байдлууд илэрсэн гэдгийг анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хэргийг мөрдөн байцаалтад буцааж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх санал гаргаж байна. Шүүгдэгч Э.Б Д.О-аар дамжуулан 34,560,000 төгрөгийн бараа авсан үйлдлийн хувьд Д.О-аад өөрийн шаардах эрхийг шилжүүлсэн асуудал яригдлаа. Хэрэв О энэ мөнгийг авсан байвал хохирол төлбөрөөс хасагдах нөхцөл байдал үүсэж байна. Үүнийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд О болон компанийн эрх бүхий албан тушаалтнаас тодруулах шаардлагатай. Түүнчлэн, барьцаа хөрөнгөтэй холбоотой асуудал шүүхийн хэлэлцүүлэгт яригдлаа. Иймд шүүхээс хэргийг прокурорт буцааж барьцаа хөрөнгийн асуудлыг үнэлж дүгнээд, тухайн хөрөнгөөс хохирол төлбөрийг хасах боломжтой байна. Ц-аад шилжүүлсэн 65,000,000 төгрөгийн асуудал яригдаж байна. Хэрэв 65,000,000 төгрөгийг “***” ХХК авсан гэж үзвэл Б-ы “***” ХХК-д учруулсан завших гэмт хэргийн хохирлын хэмжээ тэр хэмжээгээр нэмэгдэх ёстой. Эцэст нь, Э иргэний нэхэмжлэгч үү, “***” ХХК иргэний нэхэмжлэгч үү гэдгийг хуульд заасан журмын дагуу тогтоох шаардлагатай...” гэв.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2019/ДШМ/936 дугаартай магадлалаар эрүүгийн 1805 00054 0054 дугаартай шүүгдэгч Э.Б-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад “Шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн гэмт хэрэгт “***” ХХК болон бусад хохирол хүлээсэн хүмүүсийг хохирогчоор тогтоож, хуульд заасан үндэслэл журмын дагуу тайлбар мэдүүлэг авсан, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн гэмт хэрэгт “***” ХХК-ийг хохирогчоор тогтоож, түүний хууль ёсны төлөөлөгчөөс тайлбар мэдүүлэг авсан байх бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон болсон үйл баримтад тал бүрээс бодитой үнэлэлт, дүгнэлт хийж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх нь зүйтэй.” гэж дүгнэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой шийдвэр гаргасан байх тул өмгөөлөгч нараас гаргасан мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх талаарх санал дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Харин шүүгдэгч Э.Б нь 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр иргэн Ю.А-тай зээлийн гэрээ байгуулсан нь энэ хэрэгт ямар хамааралтай болох нь тодорхойгүй байх бөгөөд шүүгдэгч Э.Б энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Д.О-аад шаардах эрхээ шилжүүлсэн эсэх нь эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд нөлөөлөхгүй.

Мөн түүний ажил олгогчтой эд хариуцагчийн хувиар байгуулсан барьцааны гэрээний хуулбар хэрэгт авагдсан, шүүгдэгч өөрөө хохиролд тооцуулах хүсэлтэй байх боловч уг хөрөнгийн бүртгэл, хууль ёсны өмчлөгч, үнэлгээтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй байх тул хохирлоос хасаж тооцох боломжгүй юм. Нөгөөтээгүүр, төлөх хохирлоос хасаж тооцуулах асуудал нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг тогтооход хамаарахгүй бөгөөд хөдөлмөрийн харилцааны хүрээнд байгуулсан барьцааны гэрээний зүйлийг үл маргах журмаар хохиролд тооцуулах, эсхүл иргэний журмаар шийдвэрлүүлэх эрх нь өмчлөгчийн хувьд хэдийд ч нээлттэй тул хэлэлцэхгүй орхисон болно.

Шүүгдэгч Э.Б нь хууль бус болох нь илэрхий атал өөрийн ухамсартай бөгөөд идэвхтэй үйлдлээр, компанийн санхүүгийн хяналт сул, хувь хүний дансаар гүйлгээ хийдэг байдлыг овжин ашиглаж, шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд хохирол учруулсан байх тул түүнийг завших болон залилах гэмт хэргүүдийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэнд тооцов.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас үзвэл, шүүгдэгч Э.Б-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь заалтад заасан “хөрөнгө завших” гэмт хэргийн “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан” шинжийг, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад заасан “залилах” гэмт хэргийн “бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эд хөрөнгийг нь шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан” шинжийг тус бүр бүрэн хангасан байх тул яллах дүгнэлт үйлдсэн прокурорын зүйлчлэл үндэслэл бүхий болжээ.

Харин зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангиас зөвхөн эрүүгийн хариуцлагын талаар тусгасан зүйл, хэсэг, заалтыг журамлах бөгөөд харин зүйлчлэл хийхэд харгалзан үзсэн ерөнхий ангийн бусад хэм хэмжээг зүйлчлэлд тусгадаггүйг дурдах нь зүйн хэрэг.

Тодруулбал, шүүгдэгч Э.Б-ы үйлдлүүд нь залилах гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байгаа нь үргэлжилсэн үйлдэлтэй нэг гэмт хэрэгт тооцогдох, харин тодорхой цаг хугацаанд нэг объектод үргэлжлэн халдаж буй дахин давтан үйлдлүүд нь удааширсан нэг гэмт хэрэгт тооцогдох гэмт хэрэг зүйлчлэлийн онолын асуудал тул журамлан зүйлчлэх шаардлагагүй болно.

Иймд шүүгдэгч Э.Б-ыг “залилах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн, мөн “хөрөнгө завших” гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагч иргэний хариуцагчийн талаар: “...Б-ы үйлдсэн гэмт хэрэг ямар учраас хийгдэж, цаашид үргэлжилсэн бэ гэсэн асуудал яригдана. Энэ нь “***” ХХК-ийн санхүүгийн хяналт шалгалт муу байсантай холбоотой. Хувь хүн, хуулийн этгээдийн санхүү, мөнгө шилжүүлэх асуудал тус тусдаа байх ёстой байтал холилдсон, мөн компани худалдааны төлөөлөгч нарт сарын 30.000.000 төгрөгийн өр үүсгэх боломж олгосон байдаг бол энэ хэмжээнээс хэтэрсэн асуудлаа тухай бүрд нь хяналт шалгалтыг тогтмол хийж байгаагүйтэй шууд холбоотой. Худалдааны төлөөлөгчөөс их хэмжээний мөнгөн дүнгээр бараа бүтээгдэхүүн худалдан авах, борлуулах үйл ажиллагаа явагдахад санхүүгийн асуудал хариуцсан албан тушаалтан хэн ямар харилцагчаас хэрхэн яаж мөнгө орж ирж байгаа, хэний өмнөх авлага, өр зээлийг ямар харилцагчийн өр зээлээс авч дарж байгаа гэдгийг ч нягтлахгүйгээр бусдад хохирол учруулах боломжийг компани өөрөө бүрдүүлсэн гэж дүгнэж байна. Иймд иргэний хариуцагч “***” ХХК-аас тус компанийн ажилтан Э.Б-ы ажил үүргээ гүйцэтгэх явцдаа үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Э-д учруулсан 124,416,000 төгрөгийн хохирлыг гаргуулах саналтай байна...” гэв.

Иргэний хариуцагч “***” ХХК-ийн өмгөөлөгч Б.Цэнгүүн: “...Иргэний хариуцагчийн асуудлыг улсын яллагч тодорхойлохдоо залилах гэмт хэрэг нь санхүүгийн нөхцөл байдлын улмаас гарсан тул хууль ёсоор хариуцах этгээд нь “***” ХХК мөн гэж үзэж байна. Гэхдээ үүнийг зөвхөн хохирогч Э-ын хохиролтой холбон тайлбарлаж байна. Энэ нь бодит үндэслэл биш. Шүүх иргэний хариуцагчаар татаж шийдсэн боловч мэтгэлцээнээр хөрөнгийн хариуцлага хүлээх эсэхийг шийдвэрлэнэ гэж ойлгож байна. Хохирогч Э-ын өмгөөлөгч Иргэний хуулийн 498 дугаар зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээгээр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа “***” ХХК-ийн нэрийн өмнөөс мөнгө авсан, НӨАТ-ын баримт бичиж өгсөн, өмнө нь удаа дараа гүйлгээ хийгдэж байсан, энэ гүйлгээг дандаа хувийн дансаар авдаг байсан гэж хэлдэг. Гэхдээ хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа хүний бусдад учруулсан хохирол бүрийг хариуцна гэсэн үг биш. Б-ы үйлдэл Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэрэг. Энд хөдөлмөрийн гэрээний харилцаа огт байхгүй. Санхүүгийн сахилга бат, зөрчил гэсэн асуудал байхгүй. Компани Б-аас шилжүүлсэн мөнгийг авсан, үүнийг Б-оос авсан гэхгүй. Учир нь, “***” ХХК иргэн Б-аар дамжуулж худалдан авалт хийлгэж байгаа юм. Б эргээд компанидаа Э ийм хэмжээний бараа материал захисан, эсхүл “***” ХХК ийм хэмжээний бараа материал захиалсан гэж бүртгүүлнэ. Энэ хүний төлбөр одоо эсвэл ирээдүйд орж ирнэ, эсвэл 50 хувь нь орж ирнэ гэдгийг тодорхой болгоно. Түүний дараа энэ мөнгө нь Э-ын мөнгө шүү гэж шилжүүлж байж хаалт хийлгэдэг дараалалтай. Гэтэл Б мэдүүлэхдээ “***” ХХК-ийн мөнгө нь орж ирж байгаа гэж хэлээд нягтлан бодогчоороо зарлагын баримт бичүүлээд авсан гэх зүйл хэлдэг. Энэ хэрэгт НӨАТ-ын баримтад ач холбогдол өгдөг. Гэтэл НӨАТ-ын баримт нь алдаатай санхүүгийн баримт гээд холбогдох татварын газарт нь хандсан байгаа. Хэрэв иргэн хувийн дансаа ашиглаж байна гэвэл иргэн Э ч гэсэн хувийн дансаа ашигласан. “***” ХХК-ийн өмнөөс иргэн Э ямар учраас мөнгө төлсөн бэ? Яагаад өөр дээрээ НӨАТ бичүүлж авсан бэ? “***” ХХК-ийн санхүүгийн зөрчлөөс болж залилах гэмт хэрэг гарсан гэж улсын яллагч үзэж байна. Ямар санхүүгийн зөрчлөөс Б-ы шунахай сэдэлтийг төрүүлсэн бэ? Ийм үйл баримт байхгүй. Иргэний хариуцагчаар татсан, гаргуулахаар хүсэж байгаа хүсэлтүүд нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд “***” ХХК-ийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлд зааснаар иргэний хариуцагчаар татах хууль зүйн үндэслэл байхгүй. Иймд хохирогч Д.Э, түүний өмгөөлөгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Хохирогч Д.Э-ын өмгөөлөгч А.Мөнхтулга: “...Нэгдүгээрт, “***” ХХК ямар санхүүгийн зөрчил гаргасан бэ гэвэл гэрээт борлуулагчийн бараа борлуулсан мөнгийг хувийн дансаар авдаг нь тогтоогдсон. Ц-ийн дансаар авсан, Ц 66,000,000 төгрөгийг нягтлан З-д өгсөн, 2-3 жил энэ дансыг ашиглаж байгаа, над руу мөнгө шилжүүлдэг, би бэлнээр гаргаад нягтландаа өгдөг гэж мэдүүлсэн. Энэ чинь санхүүгийн зөрчил биш үү? Хоёрдугаарт, НӨАТ-ын баримт алдаатай гүйлгээний хэлбэр гэж байна. Ийм ойлголтоор ярьж байгаа бол буруу. НӨАТ-ын баримтыг хуулийн дагуу гаргасан. Үүнийг гаргахдаа санхүүгийн зөрчил гаргасан эсэх, хувь хүний дансаар гүйлгээ хийдэг нь тухайн компанийн дотоод асуудал. Миний үйлчлүүлэгч “***” ХХК-ийн гэрээт борлуулагч Э.Б гэж хүнтэй харилцсан. Худалдан авагч компанийн барааг худалдан авахдаа ямар мөнгө шилжүүлээд, ямар компани дээр НӨАТ-ын баримт авах нь тухайн худалдан авагчийн эрхийн асуудал. Өнөөдөр Д.Э 124,416,000 төгрөгийн бараагаа аваагүй хэвээр л байна. Дөрөвдүгээрт, Д.Э-ын шилжүүлсэн буюу Б-ы компанид оруулсан мөнгө нь түүний өмнөх өр тооцоо юм бол энэ 66,000,000 төгрөг хэний авлага вэ? Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч “Б дандаа өөрийн нэрээр орлого хийдэг, дараа нь өөрөө ирээд ийм ийм хувь хүн, байгууллагаас авсан гэдгээ тайлагнадаг” гэж байна. Ийм нотлох баримт хавтаст хэрэгт огт авагдаагүй. Тэгэхээр санхүүгийн зөрчил мөн. Шүүгдэгч Э.Б нь “***” ХХК-тай хөдөлмөрийн гэрээтэй, ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа буюу 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хохирогч Д.Э-аас 124,416,000 төгрөгийг хүлээж авсан, зарим хэсгийг нь компани руу шилжүүлсэн. Ингээд тэрээр 2017 оны 12 сарын 05-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. Тэгэхээр Б тухайн үед “***” компанийн ажилтан байсан. Улсын Дээд шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсгийг тайлбарласан байдаг. Үүнд: Ажиллагсад гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа ажилтан, албан тушаалтан. Ажил олгогч гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр тухайн иргэнийг ажиллаж байгаа байгууллага, этгээдийг. Хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явц гэдэг нь ажил олгогчийн заавар журмын дагуу ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгэж байгаа үйл явцыг ойлгодог. Ажилтан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэх явцдаа бусдад гэм хор, хохирол учруулсан тохиолдолд түүнийг ажиллуулж байгаа байгууллага хуулийн этгээдэд хариуцна. Шүүгдэгч Э.Б нь гэрээт борлуулагчийн хувиар хохирогч Д.Э-тай удаа дараа харилцаж, улмаар түүнд хохирол учруулсан учир Иргэний 497 дугаар зүйл, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар “***” ХХК нь 124,416,000 төгрөгийн эд хөрөнгийн хариуцлагыг хүлээх ёстой гэж үзэж байна....” гэв.

Иргэний хариуцагчаар татагдсан “***” ХХК нь хохирогч Д.Э-д учирсан төгрөгийн хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хуулийн этгээд мөн эсэх талаар талууд хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн тэгш эрхтэй мэтгэлцсэнийг шүүх тал бүрээс нь нягтлан, нотлох баримтуудыг харьцуулан дараах дүгнэлтийг өгч байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Э.Б нь хохирогч Д.Э-аас 124,416,000.00 төгрөгийг шилжүүлэн авсан цаг хугацаа буюу 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “***” ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан болох нь, мөн тэрээр хохирогч Д.Э-тай компанийн худалдааны төлөөлөгчийн хувиар өөрийн ажил үүрэгт хамаарах хуурай сүү борлуулах талаар ярьж тохиролцсон, түүний мөнгийг хувийн дансаар шилжүүлэн авч, зарим хэсэг болох 66,560,000.00 төгрөгийг “***” ХХК-ийн хамаарал бүхий хүний хувийн данс руу /О.Ц/ шилжүүлснийг компанийн санхүүд бэлнээр тушаасан, улмаар “***” ХХК-аас уг захиалгатай холбоотой зарлагын болон НӨАТ-ын баримтыг хохирогч Д.Э-д хэвлэж өгсөн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон болно.

Гэрч О.Ц-ийн “...Би Э.Б-аас шилжүүлсэн 66,560,000 төгрөгийг тооцооны нягтлан Золзаяад бэлнээр нь гаргаж өгсөн. Би мөнгөний зарцуулалтыг мэдэхгүй. Ерөнхий нягтлан Б надад таны данс руу орлого хийгээд авч байя гэж надад хэлсэн. Тийм учраас Б-ын хэлснээр орлого орж ирэх үед нь авч, З-д өгдөг байсан...” гэсэн мэдүүлгээс үзэхэд, хохирогч Д.Э-ын мөнгөнөөс компани руу орсон болох нь, харин “***” ХХК-аас хохирогч Д.Э-д зарлагын болон НӨАТ-ын баримтыг хэвлэж өгсөн байгаагаас үзвэл уг захиалгыг компани хүлээн авсан болох нь тус тус харагдаж байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.” хэмээн хууль тогтоогч ажил олгогчийн үүрэг хариуцлагыг тодорхой хуульчилсан билээ.

Иргэний хариуцагч “***” ХХК нь захиалагч нарын мөнгийг аж ахуйн нэгжийн дансаар бус, хувь хүмүүсийн дансаар дамжуулан байгууллагынхаа санхүүд бэлнээр авч байсан, мөн худалдааны төлөөлөгч нартаа өр үүсгэх боломж олгосон, санхүүгийн тогтмол хяналт шалгалт байгаагүйн улмаас иргэн хүн хохирчээ.

Харин прокурорын гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулах тухай мэдэгдлийн мөрөөр “***” ХХК нь 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1/115 дугаар тушаалаар “Дотоодын хяналтын алба”-ыг шинээр байгуулан ажиллаж байгааг сайшаах нь зүйтэй.

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримт болох “***” ХХК-ийн худалдааны төлөөлөгчийн ажлын байрны тодорхойлолтод “үндсэн ажил, үүргийн 11-т: Өдөр тутмын орлогоо кассад тушаах болон банканд тушаах...” гэж заасан боловч компани өөрөө ажлын байрны тодорхойлолтоо зөрчин худалдааны төлөөлөгч нартаа өр үүсгэж, хувийн дансаар нь орлогын мөнгөө дамжуулж байсан нь гэмт хэрэг үйлдэгдэх, харилцагч хохирох бас нэгэн шалтгаан болжээ.

Хохирогч Д.Э-ын хувьд “***” ХХК-тай урьд 5 удаа харилцаж, бүтээгдэхүүн худалдан авч байсан байх бөгөөд тэдгээр харилцаа нь компанийн худалдааны төлөөлөгч Э.Б-аар дамжиж явагдсан, мөн түүний хувийн дансаар мөнгө шилжиж байсан нь хохирогчид залилах гэмт хэргийн шинж болох урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг төрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй юм.    

Иймд ажилтныхаа хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үндсэн үүрэг, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг нь ажил олгогч өөрөө зөрчүүлсэн, өр үүсгэх боломж бий болгосон, бусдын мөнгийг өрөнд нь суутгаж авсан, үйл ажиллагаанд нь тогтмол хяналт тавьж чадаагүй нөхцөл байдал, хохирогч Д.Э-ын шилжүүлсэн мөнгөнөөс Э.Б-ы урьдын өрийг тооцсон гэсэн иргэний хариуцагчийн тайлбар, түүнчлэн компани хохирогч Д.Э-ын захиалгыг хүлээн авсан болох нь санхүүгийн баримтаар тогтоогдсон зэргийг харгалзан анхан шатны шүүх иргэний хариуцагч “***” ХХК-аас 124,416,000.00 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Э олгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар “***” ХХК нь ажилтныхаа шууд санаатай үйлдлээр учруулсан хохирлыг арилгасан бол өөрт учирсан хохирлыг гэм буруутайд тооцогдсон Э.Б-аас шаардаж гаргуулах эрхтэйг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын дээд шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолын 5 дахь хэсгийн 5.2-д “Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан иргэний хариуцагч өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс иргэний журмаас нэхэмжлэх эрхтэй. Иргэний хариуцагч уг нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгт гаргахгүйн зэрэгцээ иргэний нэхэмжлэлийн эсрэг сөрөг нэхэмжлэл гаргах эрхгүй.” хэмээн хуульд албан ёсны тайлбар хийснийг үндэслэн иргэний хариуцагч “***” ХХК-ийн шаардах эрхийг дурдаж орхисон болно.

Хохирлын хувьд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-аас 277,303,581 (хоёр зуун далан долоон сая гурван зуун гурван мянга таван зуун наян нэг) төгрөг гаргуулан хохирогч “***” ХХК-д, 19,000,000 (арван есөн сая) төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.П-т, 1,000,000 (нэг сая) төгрөг гаргуулан хохирогч Л.Г-т, 18,477,650 (арван найман сая дөрвөн зуун далан долоон мянга зургаан зуун тавь) төгрөг гаргуулан хохирогч Ч.О-т, 22,058,900 (хорин хоёр сая тавин найман мянга есөн зуу) төгрөг гаргуулан хохирогч Б.Б-д, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч буюу иргэний хариуцагч “***” ХХК-аас 124,416,000 (нэг зуун хорин дөрвөн сая дөрвөн зуун арван зургаан мянга) төгрөг гаргуулан хохирогч Д.Э-д олгож, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч “***” ХХК нь гэм буруутай этгээдээс 124,416,000 (нэг зуун хорин дөрвөн сая дөрвөн зуун арван зургаан мянга) төгрөгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тогтоолд тусгалаа.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.Б-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн хэдий ч түүний үйлдлүүд нь тохиолдлын шинжтэй нэг удаагийн үйлдэл биш тул хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцоогүйг дурдах нь зүйтэй.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүхээс шүүгдэгч Э.Б-ыг гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтэн нийт 4 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгчийн цагдан хоригдсон 286 хоногийг эдлэх ялд нь  оруулан тооцох нь зүйтэй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй.. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдөөгүй байгаа байдал, мөн бусдад учруулсан хохирлын хэмжээ зэргийг харгалзаж дээрх ялын саналыг гаргаж байна. Эрүүгийн хариуцлагын дүгнэлт дээр нэмж хэлэхэд шүүгдэгч Э.Б-ы 10 настай хүүхдийг асран хамгаалагчаар Э.Б-ы төрсөн эх буюу эмэг эхийг тогтоолгох саналтай байна...” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч “***” ХХК-ийн өмгөөлөгч Б.Эрхэмбаяр эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Хохирогч нарын өр төлбөр барагдуулахад нь чухал байгаа тул торгох ял оногдуулах, боломжтой бол бага хэмжээгээр торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.

Хохирогч Д.Э-ын өмгөөлөгч А.Мөнхтулга эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаар тодорхой санал байхгүй. Гэхдээ хэргийн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэж ял хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлагын хувьд гэм буруугийн талаар маргаагүй, гэм бурууг нотолсон зарим нотлох баримтыг зөвтгүүлэх гэсэн байр суурьтай байсан. Шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйл, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү...” гэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар хоёр жилийн хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар хоёр жилийн хугацаагаар тус тус хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан хоёр жилийн хорих ял дээр хоёр жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг дөрвөн жилээр тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, гэмт этгээдийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Э.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах”, “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийт 284 (хоёр зуун наян дөрөв) хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ хугацааг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, түүнд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Хорих ял шийтгүүлсэн шүүгдэгч Э.Б нь бага насны 10 настай хүүхэдтэй бөгөөд хуулийн дагуу асран хамгаалах, харгалзан дэмжих хүнгүй үлдэж буй хүүхдийн эрхийг хамгаалуулах зорилгоор Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэхийг хүүхдийн оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн харьяаллаар Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст даалгах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б-ы иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тогтоолд дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ц овгийн Э.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад заасан “залилах” гэмт хэргийг бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, үргэлжилсэн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь заалтад заасан “хөрөнгө завших” гэмт хэргийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар хоёр жилийн хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар хоёр жилийн хугацаагаар тус тус хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг дөрвөн жилээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д оногдуулсан дөрвөн жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ы цагдан хоригдсон 284 (хоёр зуун наян дөрөв) хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-аас 277,303,581.00 (хоёр зуун далан долоон сая гурван зуун гурван мянга таван зуун наян нэг) төгрөг гаргуулан хохирогч “***” ХХК-д, 19,000,000.00 (арван есөн сая) төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.П-т, 1,000,000.00 (нэг сая) төгрөг гаргуулан хохирогч Л.Г-т, 18,477,650.00 (арван найман сая дөрвөн зуун далан долоон мянга зургаан зуун тавь) төгрөг гаргуулан хохирогч Ч.О-т, 22,058,900.00 (хорин хоёр сая тавин найман мянга есөн зуу) төгрөг гаргуулан хохирогч Б.Б-д тус тус олгосугай.

7.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч буюу иргэний хариуцагч “***” ХХК-аас 124,416,000.00 (нэг зуун хорин дөрвөн сая дөрвөн зуун арван зургаан мянга) төгрөг гаргуулан хохирогч Д.Э-д олгож, мөн зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч “***” ХХК нь гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Э.Б-аас 124,416,000.00 (нэг зуун хорин дөрвөн сая дөрвөн зуун арван зургаан мянга) төгрөгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тусгасугай.

8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б-ы иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Э.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах”, Монгол Улсын хилээр гарахыг хориглож “хязгаарлалт тогтоохтаслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.

10.Хорих ял шийтгүүлсэн шүүгдэгч Э.Б-ы асрах хүнгүй үлдэж буй бага насны хүүхдэд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст даалгасугай.

11.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

12.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Б-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА