Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 210/ма2022/01074

 

 

 

 

 

 

2022 06 03 210/МА2022/01074

 

 

У ХК -ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2022/00764 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч У ХК -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т -т холбогдох

Гэрээний үүргийн гүйцэтгэл, алдангид 1,469,078,443 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Засгийн газрын 2019 оны 376 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Олон улсын залуучуудын ногоон наадам-ыг 2021 оны 09 дүгээр сард зохион байгуулах, 2017 оны 268 дугаар тогтоолоор Зүүн Азийн залуучуудын II наадам-ыг 2023 онд зохион байгуулахаар болсон. Энэхүү наадмын бэлтгэл ажлыг хангах чиглэлээр Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 154 дүгээр тогтоолын 2-т заасны дагуу Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн У ХК байгуулах тухай 65 дугаар тогтоолоор нийслэлийн өмчит тус компанийг байгуулан үйл ажиллагаа явуулж, дээрх наадмуудын нэг төрөл буудлагын спортын тэмцээнийг Т зохион байгуулахаар төлөвлөн, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 31 тоот албан бичгээр хандахад тус барилга, байгууламж нь 1980 оноос хойш урсгал болон их засварын ажил хийгдээгүй тул засвар тохижилтын ажлыг зайлшгүй хийх шаардлагатай байгаа талаар хариу өгсөн. Ингээд Т -ын их засварын ажилд шаардагдах 979,385,629 төгрөгийн зардлыг У ХК нь эргэн төлөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлэх, Т нь хуваарийн дагуу төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон. 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 01 тоот хамтран ажиллах гэрээг байгуулж, Техник спортын төв" ТӨААТҮГ-ын барилга, байгууламжийн их засварын ажлыг Гантоонот констракшн ХХК нь 979,385,629 төгрөгөөр гүйцэтгэж, 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ЗТ-126/2020 тоот дүгнэлтээр ашиглалтад оруулан, өмчлөгч байгууллагад хүлээлгэн өгсөн болно. Манай байгууллагын зүгээс 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан 01 тоот хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлж, гүйцэтгэгч компанид 979,385,629 төгрөгийн санхүүжилтийг бүрэн олгосон. Харин Т нь гэрээний дагуу 2020 оны 09 дүгээр сараас эхлэн сар бүр 20,403,867 төгрөгийг төлөх үүрэгтэй боловч өнөөдрийг хүртэл ямар ч төлөлт хийгээгүй биднийг хохироож байна. Иймд гэрээний үүрэг болох 979,385,629 төгрөг, алданги 489,692,814 төгрөг, нийт 1,469,078,443 төгрөгийг Т -аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Улаанбаатар спорт менежмент" ХК нь дээрх спорт наадмыг зохион байгуулах үүргийн дагуу манай байгууллагатай хамтран ажиллах гэрээг байгуулж, Гантоонот констракшн ХХК-аар засварын ажлын гүйцэтгэлийг хийлгүүлсэн. Уг засварын ажлын зардлыг төрийн өмчит томоохон компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд босгосон хандивын хөрөнгөөр бариулна гэж хэлж байсан. Иймээс манай компани уг зардлыг хариуцахгүй. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагч талын эрх бүхий албан тушаалтнууд засварын ажлын явцтай газар дээр нь ирж танилцах үедээ засварын ажлын санхүүжилт болох 979.385.629. төгрөгийг эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр хандивын журмаар гаргаж байгаагаа илэрхийлж байсан. Уг засвар хийсэн объект нь Т -ын өмчлөлд байдаг, мөн 979,385,629 төгрөгийн засварын ажил хийсэн талаар маргаан байхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.4, 343 дугаар зүйлийн 343.1, 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т -аас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 428,481,211 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У ХК -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,040,597,232 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч У ХК -аас улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 7,503,342 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Т -аас улсын тэмдэгтийн хураамжид 2,300,356 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх талуудын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэнийг тодорхойлоогүйн улмаас У ХК , Гантоонот констракшн ХХК нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийг У ХК болон Т -ын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээтэй хольж хутган дүгнэж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалтыг баримтлан ажил гүйцэтгэх гэрээнд хамааралгүй буюу энэ гэрээний оролцогч биш Т -аас 285,654,141 төгрөгийг гаргуулж шийдсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, буруу хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Уг хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтууд болох У ХК -ийн үүсгэн байгуулах баримт бичиг, дүрэм, үүсгэн байгуулагчийн шийдвэр, тэмдэглэл, буудлагын төвийн их засварын ажилд зарцуулсан хөрөнгийн эх үүсвэрийг нотолсон баримт, Т -тай хамтран ажиллах гэрээ байгуулах талаарх гүйцэтгэх захиралд эрх олгосон баримт бичиг, Т -ын буудлагын төвийн их засварын ажил гүйцэтгэх тендер сонгон шалгаруулалтын материал зэрэг баримтуудыг гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх нэг ч хүсэлтийг хүлээн аваагүй. Өөрөөр хэлбэл, У ХК нь ямар үйл ажиллааа явуулдаг, үйл ажиллагаа нь хууль болон дүрэмд нийцсэн эсэх, төрийн өмчийн буудлагын спортын барилга байгууламжид засвар хийж байгаа тохиолдолд сонгон шалгаруулалт нь хуулийн дагуу явагдсан эсэхийг тогтоох баримт хэрэгт байхгүй. Мөн хариуцагчийн төлөөлөгч хуульд заасан эрхийн дагуу шүүх хуралд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтэй илэрхийлсэн боловч шүүх хүсэлтийг хүлээн авалгүй, өмгөөлөгчтэй оролцох, өмгөөлүүлэх эрхийг нь шууд хааж, хурлыг үргэлжлүүлсэн. Ийм байдлаар анхан шатны шүүх хэт нэг талыг баримталж, хариуцагчийн мэтгэлцэх, өмгөөлүүлэх эрхийг эдлүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Талуудын хооронд 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хамтран ажиллах гэх нэршилтэй гэрээг байгуулсан боловч талуудын хооронд үүсэж буй харилцаа нь ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан. Өөрөөр хэлбэл, манай байгууллага хариуцагч байгууллагын эд хөрөнгөд их засварын ажлыг хийж гүйцэтгэх, нөгөө талаас гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу манай компанид төлбөр төлөх үндсэн үүргийг хүлээсэн. Шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйл, заалтыг удирдлага болгож, ажил гүйцэтгэх шинжийг агуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Хавсралт байхгүй гэж гомдолдоо дурдсан боловч гэрээний хавсралт хэрэгт авагдсан. 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн тооцоо нийлсэн актаар 979,385,629 төгрөгийн өр авлагатайг хариуцагч байгууллагын ерөнхий нягтлан бодогч н.Алтанчимэг гарын үсэг зурж хүлээн зөвшөөрсөн. Гэрээний хавсралтаар эргэн төлөх хуваарь гаргасан. Тус гэрээг байгуулсан болон барилгын ажлыг хүлээж авсан засварын ажилтай холбоотойгоор хариуцагч байгууллагаас гомдол гаргаагүй, засаж өгсөн эд хөрөнгө нь Т -ын өмчлөл гэдэгт маргаагүй. Хариуцагч талаас дүрэм, тендерийн баримт бичиг гаргаж өгсөн нь маргааныг шийдвэрлэхэд ямар ч ач холбогдолгүй, хамааралгүй. Иймд гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.

 

2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүйгээр хянан шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

3. Нэхэмжлэгч У ХК нь хариуцагч Т -т холбогдуулан гэрээний дагуу их засварын ажлын хөлсөнд Гантоонот констракшн ХХК-д төлсөн 979,385,629 төгрөг, алданги 489,692,814 төгрөг, нийт 1,469,078,443 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

4. Нэхэмжлэгч У ХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Т -тай 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу хариуцагчийн барилга байгууламжийн их засварын ажлыг Ган тоонот констракшн ХХК-аар гүйцэтгүүлсэн ажлын актаар хүлээлгэн өгч, ажлын хөлсөнд 979,385,629 төгрөгийг шилжүүлсэн тул уг мөнгийг алдангийн хамт гаргуулна гэж, хариуцагч Т -ын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар, татгалзлын үндэслэлээ ...Гантоонот констракшн ХХК-аар их засварын ажлыг хийлгэж, ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан. Уг засварын ажлыг хандивын журмаар гүйцэтгэсэн талаар хөрөнгө оруулагч талын эрх бүхий албан тушаалтнууд мэдэгдсэн тул дээрх засварын зардлыг хариуцахгүй гэж тус тус тайлбарлажээ.

 

5.а Нэхэмжлэгч У ХК нь ажлын хөлсийг буцаан төлөх гэрээгээр тохиролцсон хугацааны дотор хариуцагчаас ажлын хөлсийг гаргуулахаар шаардсан байх ба шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан эсэхийг тодруулж мэтгэлцүүлэлгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргасан хугацаагаар хязгаарлан нэхэмжлэлийн хэмжээг тодорхойлон алдангийн хамт гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан зарчим, хэргийн оролцогчийн тайлбар, татгалзлаа өөрөө тодорхойлох 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг хангаагүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх эрх зөвхөн нэхэмжлэгчид байдаг бөгөөд шүүх энэ талаар тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

5.б. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах үед төлөх хугацаа нь болоогүй байгаа үүргийн гүйцэтгэл буюу хариуцагчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс хойшхи хугацааны ажлын хөлс төлөх үүргийг шаардсан эрх нь нээлттэй гэсэн дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт шүүгч нэхэмжлэлд дурьдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар тус тус заасантай нийцээгүй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан алдааг давж заалдах шатны шүүх нөхөн залруулах боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2022/00764 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар мага длалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                   Н.БАТЗОРИГ

Д.ЦОГТСАЙХАН