Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2022/00764

 

 

 

 

 

        2022 оны 03 сарын 23 өдөр

              Дугаар 183/ШШ2022/00764

                   Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: УБСМ ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: ТС төв-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.469.078.443 төгрөг гаргуулах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбат.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Адьяа.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Цацрал.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч УБСМ ХХК нь ТС төв-т холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.469.078.443 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 376 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ыг 2021 оны 9 дүгээр сард зохион байгуулах, 2017 оны 268 дугаар тогтоолоор “Зүүн Азийн залуучуудын II наадам”-ыг 2023 онд зохион байгуулахаар болсон. Энэхүү наадмын бэлтгэл ажлыг хангах чиглэлээр Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 154 дүгээр тогтоолын 2-т “Олон улсын залуучуудын спортын ногоон наадам, 2023 оны Зүүн Азийн залуучуудын спортын наадмын бэлтгэл ажил, зохион байгуулалт, шаардлагатай зарим барилга байгууламжийг барих, техникийн шаардлага хангасан спортын хэрэглэл, тоног төхөөрөмж авах хөрөнгийг төвлөрүүлэн зохицуулах үүрэг бүхий нийслэлийн өмчит компанийг байгуулах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд даалгасугай.” гэж заасны дагуу Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн УБСМ ХХК байгуулах тухай 65 дугаар тогтоолоор нийслэлийн өмчит тус компанийг байгуулан үйл ажиллагаагаа явуулж, дээрх наадмуудын нэг төрөл буудлагын спортын тэмцээнийг ТС төв-ын буудлагын төрөл зохион байгуулахаар төлөвлөн, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 31 тоот албан бичгээр хандахад тус барилга, байгууламж нь 1980 оноос хойш урсгал болон их засварын ажил хийгдээгүй тул засвар тохижилтын ажлыг зайлшгүй хийх шаардлагатай байгаа талаар хариу өгсөн.

Ингээд ТС төв-ын барилга, байгууламжийн их засварын ажилд шаардагдах 979.385.629 төгрөгийн зардлыг УБСМ ХХК нь эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлэх, ТС төв нь хуваарийн дагуу төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон. Ингээд 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 01 тоот Хамтран ажиллах гэрээг баталгаажуулж, “Техник спортын төв" ТӨААТҮГ-ын барилга, байгууламжийн их засварын ажлыг “Ган тоонот констракшн” ХХК нь 979.385.629 төгрөгөөр гүйцэтгэж, их засварын ажлыг байнгын ашиглалтад оруулах комисс 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр газар дээр нь ажиллаж, тус төвийн их засварын ажлыг комиссын гишүүдийн үүрэг даалгаврын биелэлтээр байнгын ашиглалтад оруулахаар тогтсон. Улмаар 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн ЗТ-126/2020 тоот дүгнэлтээр ашиглалтад оруулан, өмчлөгч байгууллагад хүлээлгэн өгсөн болно. Манай байгууллагын зүгээс 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан 01 тоот Хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлж, гүйцэтгэгч компанид 979.385.629 төгрөгийн санхүүжилтийг бүрэн олгосон. Харин ТС төв нь гэрээний дагуу 2020 оны 9 дүгээр сараас эхлэн сар бүр 20.403.867 төгрөгийг төлөх үүрэгтэй боловч өнөөдрийг хүртэл ямар ч төлөлт хийгээгүй биднийг хохироож байна. Иймд гэрээний үүрэг болох 979.385.629 төгрөг, алданги 489.692.814 төгрөг, нийт 1.469.078.443 төгрөгийг ТС төв-аас гаргуулж өгнө үү гэжээ

2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Улаанбаатар спорт менежмент" ХК нь дээрх спорт наадмыг зохион байгуулах үүргийнхээ дагуу манай байгууллагатай “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулж, “Ган тоонот констракшн” ХХК-иар засварын ажлын гүйцэтгэлийг хийлгүүлсэн. Уг засварын ажлын зардлыг төрийн өмчит томоохон компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд босгосон хандивын хөрөнгөөр бариулна гэж хэлж байсан. Иймээс манай компани уг зардлыг хариуцахгүй. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагч талын эрх бүхий албан тушаалтнууд засварын ажлын явцтай газар дээр нь ирж танилцах үедээ “засварын ажлын санхүүжилт болох 979.385.629. төгрөгийг эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр хандивын журмаар гаргаж байгаагаа” илэрхийлж байсан. Уг засвар хийсэн объект нь ТС төв-ын өмчлөлд байдаг, мөн 979.385.629 төгрөгийн засварын ажил хийсэн талаар маргаан байхгүй гэв.  

3. Нэхэмжлэгчээс УБСМ ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 31 дүгээр “Хамтран ажиллах тухай” албан бичиг, ТС төв-ын 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/143 дугаар “Хамтран ажиллах тухай” албан бичиг, 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр “Хамтран ажиллах гэрээ”, Ногоон наадам 2020 наадмын хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийн график, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн БЗ/19-07 дугаар “Техник спортын төв ТӨААТҮГ-ын буудлагын төвийн барилгын их засварын түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй ажил”, 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн БЗ/19-07/01 дүгээр “Ажлын сунгалтын гэрээ-1”, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн БЗ/19-07/02 дугаар “Ажлын сунгалтын гэрээ-2”, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн “Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Техник спортын төв ТӨААТҮГ-ын буудлагын төвийн их засварын /түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй/ ажлыг байнгын ашиглалтад оруулах комиссын хурлын тэмдэглэл, 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн ЗТ-126/2020 дугаар “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт”, ажлыг ашиглагч байгууллагад хүлээлцсэн акт, гэрээ дүгнэсэн протокол, Барилгын их засварын ажлын гүйцэтгэл, Нэхэмжлэх, УБСМ ХХК-ийн Төлбөрийн нэхэмжлэх хүргүүлэх тухай албан бичиг, гэрээний эргэн төлөлтийн тооцоолол, төлбөрийн баримт, төлбөрийн даалгавар, Тооцооны үлдэгдлийн баталгаа, алдангийн тооцоолол, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 376 дугаар тогтоол, 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 154 дүгээр тогтоол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 27 дугаар захирамж, Үндэсний аудитын газрын Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 536 дугаар “Аудитын санал дүгнэлт” гэсэн баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч УБСМ ХХК-ийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.469.078.443 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: УБСМ ХХК, ТС төв-ын хооронд байгуулагдсан 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр “Хамтран ажиллах гэрээг”-ний дагуу УБСМ ХХК нь “Техник спортын төв" ТӨААТҮГ-ын барилга, байгууламжийн их засварын ажлыг “Ган тоонот констракшн” ХХК-иар хийж гүйцэтгүүлэн, ажлыг актаар хүлээлгэн өгч, ажлын хөлсөнд 979.385.629 төгрөгийг “Ган тоонот констракшн” ХХК-д төлөх үүргээ үүргээ биелүүлсэн. Гэтэл ТС төв нь графикийн дагуу 979.385.629 төгрөгийг манай компанид төлөх үүргээ биелүүлэхгүй байх тул 979.385.629 төгрөгийг, алданги 489.692.814 төгрөг, нийт 1.469.078.443 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн УБСМ ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 31 дүгээр “Хамтран ажиллах тухай” албан бичиг, ТС төв-ын 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/143 дугаар “Хамтран ажиллах тухай” албан бичиг, 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр “Хамтран ажиллах гэрээ”, Ногоон наадам 2020 наадмын хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийн график, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн БЗ/19-07 дугаар “Техник спортын төв ТӨААТҮГ-ын буудлагын төвийн барилгын их засварын түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй ажил”, 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн БЗ/19-07/01 дүгээр “Ажлын сунгалтын гэрээ-1”, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн БЗ/19-07/02 дугаар “Ажлын сунгалтын гэрээ-2”, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн “Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Техник спортын төв ТӨААТҮГ-ын буудлагын төвийн их засварын /түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй/ ажлыг байнгын ашиглалтад оруулах комиссын хурлын тэмдэглэл, 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн ЗТ-126/2020 дугаар “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт”, ажлыг ашиглагч байгууллагад хүлээлцсэн акт, гэрээ дүгнэсэн протокол, Барилгын их засварын ажлын гүйцэтгэл, Нэхэмжлэх, УБСМ ХХК-ийн Төлбөрийн нэхэмжлэх хүргүүлэх тухай албан бичиг, гэрээний эргэн төлөлтийн тооцоолол, төлбөрийн баримт, төлбөрийн даалгавар, Тооцооны үлдэгдлийн баталгаа, алдангийн тооцоолол, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 376 дугаар тогтоол, 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 154 дүгээр тогтоол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 27 дугаар захирамж, Үндэсний аудитын газрын Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 536 дугаар “Аудитын санал дүгнэлт” гэсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

УБСМ ХХК, ТС төв-ын хооронд байгуулагдсан 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр “Хамтран ажиллах гэрээ”-д УБСМ ХХК нь Наадам 2020 болон Наадам 2023-ын хүрээнд зохион байгуулагдах буудлагын спортын уралдаан тэмцээнийг явуулах олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх их засварыг мэргэжлийн өндөр ур чадвартай гүйцэтгэгчээр гүйцэтгүүлж, стандартад нийцэж байгаа гэдгийг эрх бүхий этгээдээр магадлан итгэмжлүүлэх зэрэг ажлыг бүхэлд нь зохион байгуулах, ТС төв нь УБСМ ХХК-ийн хийж гүйцэтгэсэн буудлагын тирийн барилга байгууламжийн их засварт зарцуулсан төлбөр 979.385.629 төгрөгийг графикийн дагуу буюу 2020 оны 9 дүгээр сараас 2024 оны 8 дугаар сар хүртэл хугацаанд сар бүр 20.403.867 төгрөгөөр төлнө гэж тохиролцжээ.

УБСМ ХХК, “Гантоонот констракшн” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн БЗ/19-07 дугаар “Техник спортын төв ТӨААТҮГ-ын буудлагын төвийн барилгын их засварын /түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй/ ажил” гэрээнд ажил гүйцэтгэгч “Гантоонот констракшн” ХХК нь ТС төв-ын буудлагын төвийн барилгын их засварын ажлыг 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дотор хийж гүйцэтгэн, ашиглалтад оруулах, захиалагч нь УБСМ ХХК нь ажлын хөлсөнд 979.385.629 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ.

Дээрх гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар зохигч маргаагүй тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 347 дугаар зүйлийн 347.1-д зааснаар “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний харилцаа талуудын хооронд үүссэн байна гэж дүгнэв.

Уг гэрээний дагуу туслан гүйцэтгэгч “Гантоонот констракшн” ХХК нь ТС төв-ын буудлагын төвийн барилгын их засварын ажлыг хийж гүйцэтгэн, ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн, ерөнхий ажил гүйцэтгэгч УБСМ ХХК нь хэлэлцэн тохирсон хөлс 979.385.629 төгрөгийг туслан гүйцэтгэгч “Гантоонот констракшн” ХХК-д төлсөн, харин захиалагч ТС төв нь ерөнхий ажил гүйцэтгэгч УБСМ ХХК-д ажлын хөлс болох 979.385.629 төгрөгийг графикийн дагуу төлөх хугацааг зөрчиж, хөлс төлөх үүргээ биелүүлээгүй талаар зохигч маргаагүй.

4. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1-д “...гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно” гэж заасны дагуу 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн БЗ/19-07 дугаар “Техник спортын төв ТӨААТҮГ-ын буудлагын төвийн барилгын их засварын /түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй/ ажил” гэрээний 2.2, уг гэрээний хавсралт 1-д “Техник спортын төв ТӨААТҮГ нь 979.385.629 төгрөгийг графикийн дагуу буюу 2020 оны 9 дүгээр сараас 2024 оны 8 дугаар сар хүртэл хугацаанд сар бүр 20.403.867 төгрөгөөр төлнө” гэж заасны дагуу хариуцагч ТС төв-аас гэрээний үүргийн гүйцэтгэлд /2020 оны 9 дүгээр сараас нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 10 дугаар сар хүртэл хугацааны 14 сарыг 20.403.867,27 төгрөгөөр тооцон/ 285.654.141 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч УБСМ ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

5. Мөн гэрээний 2.3-т “гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.3 хувиар алданги төлнө” гэж заасны дагуу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.4-т зааснаар нэхэмжлэгч УБСМ ХХК нь 2020 оны 9 дүгээр сарын 31-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацааны хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцон 142.827.070 төгрөгийг хариуцагч ТС төв-аас шаардах эрхтэй юм.

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч ТС төв-аас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд /хөлс төлөх хуваарийн дагуу буюу 2020 оны 9 дүгээр сараас 2021 оны 10 дугаар сар хүртэл хугацааны 14 сарын/ 285.654.141 төгрөгийн ажлын хөлс, 142.827.070 төгрөгийн алданги, нийт 428.481.211 төгрөг гаргуулан нэхэмжлэгч УБСМ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.040.597.232 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

7. Хариуцагч тал “...Улаанбаатар спорт менежмент ХК болон хөрөнгө оруулагч талын эрх бүхий албан тушаалтнууд засварын ажлын явцтай газар дээр нь ирж танилцах үедээ засварын ажлын санхүүжилт болох 979.385.629 төгрөгийг эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр хандивын журмаар гаргаж байгаа талаар илэрхийлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна” гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй болно.

8. Нэхэмжлэгч УБСМ ХХК нь дээрх гэрээний үүрэг болох /2021 оны 11 дүгээр сараас ТС төв-ын гүйцэтгэх үүрэг/-ийн гүйцэтгэлийг шаардах эрх нь нээлттэй болохыг дурдав.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч УБСМ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 7.503.342 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч ТС төв-аас улсын тэмдэгтийн хураамжид 2.300.356 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1., 115.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.4, 343 дугаар зүйлийн 343.1, 347 дугаар зүйлийн 347.1-д заасныг баримтлан хариуцагч ТС төв-аас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 428.481.211 төгрөг гаргуулан нэхэмжлэгч УБСМ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.040.597.232 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч УБСМ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 7.503.342 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч ТС төв-аас улсын тэмдэгтийн хураамжид 2.300.356 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах  шатны шүүхэд  гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ж.СЭМЖИД