Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 183/шш2022/02379

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2022/02379

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Т-т холбогдох,

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.469.078.443 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч У ХК нь Т   холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.469.078.443 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 376 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Олон улсын залуучуудын ногоон наадам-ыг 2021 оны 9 дүгээр сард зохион байгуулах, 2017 оны 000 дугаар тогтоолоор Зүүн Азийн залуучуудын II наадам-ыг 2023 онд зохион байгуулахаар болсон. Энэхүү наадмын бэлтгэл ажлыг хангах чиглэлээр Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 154 дүгээр тогтоолын 2-т Олон улсын залуучуудын спортын ногоон наадам, 2023 оны Зүүн Азийн залуучуудын спортын наадмын бэлтгэл ажил, зохион байгуулалт, шаардлагатай зарим барилга байгууламжийг барих, техникийн шаардлага хангасан спортын хэрэглэл, тоног төхөөрөмж авах хөрөнгийг төвлөрүүлэн зохицуулах үүрэг бүхий нийслэлийн өмчит компанийг байгуулах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.А  даалгасугай. гэж заасны дагуу Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн У  ХК байгуулах тухай 65 дугаар тогтоолоор нийслэлийн өмчит тус компанийг байгуулан үйл ажиллагаагаа явуулж, дээрх наадмуудын нэг төрөл буудлагын спортын тэмцээнийг Т  төрийн  буудлагын төрөл зохион байгуулахаар төлөвлөн, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 31 тоот албан бичгээр хандахад тус барилга, байгууламж нь 1980 оноос хойш урсгал болон их засварын ажил хийгдээгүй тул засвар тохижилтын ажлыг зайлшгүй хийх шаардлагатай байгаа талаар хариу өгсөн. Ингээд Т-н барилга, байгууламжийн их засварын ажилд шаардагдах 979.385.629 төгрөгийн зардлыг У  ХК нь эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлэх, Т р нь хуваарийн дагуу төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон. Ингээд 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 01 тоот Хамтран ажиллах гэрээг баталгаажуулж, Т " төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын барилга, байгууламжийн их засварын ажлыг Ган тоонот констракшн ХХК нь 979.385.629 төгрөгөөр гүйцэтгэж, их засварын ажлыг байнгын ашиглалтад оруулах комисс 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр газар дээр нь ажиллаж, тус төвийн их засварын ажлыг комиссын гишүүдийн үүрэг даалгаврын биелэлтээр байнгын ашиглалтад оруулахаар тогтсон. Улмаар 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн ЗТ-126/2020 тоот дүгнэлтээр ашиглалтад оруулан, өмчлөгч байгууллагад хүлээлгэн өгсөн болно. Манай байгууллагын зүгээс 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан 01 тоот Хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлж, гүйцэт газар нь гэрээний дагуу 2020 оны 9 дүгээр сараас эхлэн сар бүр 20.403.867 төгрөгийг төлөх үүрэгтэй боловч өнөөдрийг хүртэл ямар ч төлөлт хийгээгүй биднийг хохироож байна. Иймд гэрээний үүрэг болох 979.385.629 төгрөг, алданги 489.692.814 төгрөг, нийт 1.469.078.443 төгрөгийг Т төв төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас гаргуулж өгнө үү гэжээ

2. Хариуцагч Т төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал Б.Н  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. У  ХК нь дээрх спорт наадмыг зохион байгуулах үүргийнхээ дагуу манай байгууллагатай Хамтран ажиллах гэрээ-г байгуулж, Г  ХХК-иар засварын ажлын гүйцэтгэлийг хийлгүүлсэн. Уг засварын ажлын зардлыг төрийн өмчит томоохон компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд босгосон хандивын хөрөнгөөр бариулна гэж хэлж байсан. Иймээс манай компани уг зардлыг хариуцахгүй. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагч талын эрх бүхий албан тушаалтнууд засварын ажлын явцтай газар дээр нь ирж танилцах үедээ засварын ажлын санхүүжилт болох 979.385.629. төгрөгийг эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр хандивын журмаар гаргаж байгаагаа илэрхийлж байсан. Уг засвар хийсэн объект нь Т  өмчлөлд байдаг, мөн 979.385.629 төгрөгийн засварын ажил хийсэн талаар маргаан байхгүй. Гэхдээ засвар ажил дуусаад нэхэмжлэгчээс засварын ажлын зардлыг нэхэмжилж эхэлсэн ба үүний дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас чиглэл хүсэхэд Хандивын ажлын зардлаар хийгдсэн засварын зардлыг төр хариуцах үндэслэлгүй гэсэн хариу өгсөн. Дээрх үндэслэлээр У  ХК-ийн гэрээнд заасан үүргээс татгалзах саналаа бичгээр хүргүүлсэн. Ямар нэгэн хариу ирүүлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 7.503.342 төгрөг төлсөн баримт, У  ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, У ХК-иас иргэн Ц.Э  олгосон итгэмжлэл, У ХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 31 дүгээр Хамтран ажиллах тухай албан бичиг, Т  2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/143 дугаар Хамтран ажиллах тухай албан бичиг, 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр Хамтран ажиллах гэрээ, Ногоон наадам 2020 наадмын хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийн график, У  ХК болон Г  ХХК-тай байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн БЗ/19-07 дугаар Т  ТӨААТҮГ-ын буудлагын төвийн барилгын их засварын түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй ажил гэх гэрээ, мөн 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн БЗ/19-07/01 дүгээр Ажлын сунгалтын гэрээ-1, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн БЗ/19-07/02 дугаар Ажлын сунгалтын гэрээ-2, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Техник спортын төв ТӨААТҮГ-ын буудлагын төвийн их засварын /түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй/ ажлыг байнгын ашиглалтад оруулах комиссын хурлын тэмдэглэл, 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн ЗТ-126/2020 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, ажлыг ашиглагч байгууллагад хүлээлцсэн акт, их засварын ажлын өмчит бүртгэх хөрөнгийн задаргаа, Т ТӨААТҮГ-ын буудлагын төвийн их засварын ажлын хуучин материал ашиглагчид хүлээлцсэн акт, 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Гэрээ дүгнэсэн протокол, Барилгын их засварын ажлын гүйцэтгэл №3 гэсэн баримтууд, У  ХК-ийн 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 18 дугаар Гэрээний тухай албан бичиг, 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Төлбөрийн нэхэмжлэх, У  ХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 45 дугаар Төлбөрийн нэхэмжлэх хүргүүлэх тухай албан бичиг, 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн нэхэмжлэх, Т  төвийн барилгын их засварын гэрээний эргэн төлөлтийн тооцоолол, У  ХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 59 дүгээр албан бичиг, 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Нэхэмжлэх, Улаанбаатар спорт менежмент ХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 111 дүгээр албан бичиг, 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн шуудангийн тасалбар, төлбөрийн даалгаврууд /хх-47-52/, Хаан банк ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн гүйцэтгэлийн баталгаа гаргах тухай албан бичиг, У  ХК болон Т  хооронд хийгдсэн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт, алдангийн тооцоолол, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 268 дугаар тогтоол, мөн газрын 2019 оны 376 дугаар тогтоол, мөн газрын 2019 оны 154 дүгээр тогтоол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 27 дугаар захирамж зэргийг нэхэмжлэлдээ хавсарган ирүүлсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс Нийслэл дэх Аудитын газрын 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн,000 дугаар дүгнэлт, 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн шуудангийн тасалбар, М ХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 09/131 дүгээр тодорхойлолт, хавсралтын хамт зэргийг ирүүлсэн.

4. Хариуцагч талаас Т  иргэн Б.М , Д.А  нарт олгосон итгэмжлэл, мөн газрын өмнө олгосон итгэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлт /хх-100/,  Т иргэн Ж.Ар  олгосон итгэмжлэл /хх-101/ ирсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч У ХК-ийн хариуцагч Т-т холбогдуулан гаргасан Гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.469.078.443 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: У  ХК, Т  хооронд байгуулагдсан 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр Хамтран ажиллах гэрээг-ний дагуу У ХК нь Т  барилга, байгууламжийн их засварын ажлыг Га  ХХК-иар хийж гүйцэтгүүлэн, ажлыг актаар хүлээлгэн өгч, ажлын хөлсөнд 979.385.629 төгрөгийг Г ХХК-д төлөх үүргээ үүргээ биелүүлсэн. Гэтэл Т  нь графикийн дагуу 979.385.629 төгрөгийг манай компанид төлөх үүргээ биелүүлэхгүй байх тул 979.385.629 төгрөгийг, алданги 489.692.814 төгрөг, нийт 1.469.078.443 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн У  ХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 31 дүгээр Хамтран ажиллах тухай албан бичиг, Т  2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/143 дугаар Хамтран ажиллах тухай албан бичиг, 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр Хамтран ажиллах гэрээ, Ногоон наадам 2020 наадмын хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийн график, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн БЗ/19-07 дугаар Т  буудлагын төвийн барилгын их засварын түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй ажил, 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн БЗ/19-07/01 дүгээр Ажлын сунгалтын гэрээ-1, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн БЗ/19-07/02 дугаар Ажлын сунгалтын гэрээ-2, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Т буудлагын төвийн их засварын /түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй/ ажлыг байнгын ашиглалтад оруулах комиссын хурлын тэмдэглэл, 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн ЗТ-126/2020 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, ажлыг ашиглагч байгууллагад хүлээлцсэн акт, гэрээ дүгнэсэн протокол, Барилгын их засварын ажлын гүйцэтгэл, Нэхэмжлэх, У  ХК-ийн Төлбөрийн нэхэмжлэх хүргүүлэх тухай албан бичиг, гэрээний эргэн төлөлтийн тооцоолол, төлбөрийн баримт, төлбөрийн даалгавар, Тооцооны үлдэгдлийн баталгаа, алдангийн тооцоолол, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 376 дугаар тогтоол, 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 154 дүгээр тогтоол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 27 дугаар захирамж, Үндэсний аудитын газрын Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 536 дугаар Аудитын санал дүгнэлт гэсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

У ХК, Т  хооронд байгуулагдсан 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр Хамтран ажиллах гэрээ-д У  ХК нь Наадам 2020 болон Наадам 2023-ын хүрээнд зохион байгуулагдах буудлагын спортын уралдаан тэмцээнийг явуулах олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх их засварыг мэргэжлийн өндөр ур чадвартай гүйцэтгэгчээр гүйцэтгүүлж, стандартад нийцэж байгаа гэдгийг эрх бүхий этгээдээр магадлан итгэмжлүүлэх зэрэг ажлыг бүхэлд нь зохион байгуулах, Т  төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь У  ХК-ийн хийж гүйцэтгэсэн буудлагын тирийн барилга байгууламжийн их засварт зарцуулсан төлбөр 979.385.629 төгрөгийг графикийн дагуу буюу 2020 оны 9 дүгээр сараас 2024 оны 8 дугаар сар хүртэл хугацаанд сар бүр 20.403.867 төгрөгөөр төлнө гэж тохиролцжээ.

У  ХК, Г ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн БЗ/19-07 дугаар Т  газрын буудлагын төвийн барилгын их засварын /түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй/ ажил гэрээнд ажил гүйцэтгэгч Г  ХХК нь Т   газрын буудлагын төвийн барилгын их засварын ажлыг 2020 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн дотор хийж гүйцэтгэн, ашиглалтад оруулах, захиалагч нь У   ХК нь ажлын хөлсөнд 979.385.629 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ.

Өөрөөр хэлбэл, талууд хамтран ажиллах гэрээ хэмээх гэрээ байгуулсан байх боловч тухайн гэрээгээр зохицуулж байгаа харилцаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар Ажил гүйцэтгэх гэрээ-ний харилцаа байх тул уг хуулийн дагуу талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэсэн болно.

Уг гэрээний дагуу гүйцэтгэгч Г ХХК нь Т  газрын буудлагын төвийн барилгын их засварын ажлыг хийж гүйцэтгэн, ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн, захиалагч У  ХК нь хэлэлцэн тохирсон хөлс 979.385.629 төгрөгийг гүйцэтгэгч Г  ХХК-д төлсөн, харин Т  газар нь захиалагч У  ХК-д ажлын хөлс болох 979.385.629 төгрөгийг графикийн дагуу төлөх хугацааг зөрчиж, хөлс төлөх үүргээ биелүүлээгүй байна.

Хэдийгээр хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа Тухайн засварын ажлын зардлыг хандивын хөрөнгөөр шийдвэрлэсэн тул манайх хөлс төлөх үндэслэлгүй хэмээн маргах боловч тухайн тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Тодруулбал, хариуцагч нь нэхэмжлэгчид засварын ажлыг хийж өгөхийг хүсэж албан бичиг хүргүүлсний үндсэн дээр талуудын хооронд 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, мөн гэрээний 2.2-т их засварт зарцуулсан төлбөрийг 2023 оноос өмнө хуваарийн дагуу хариуцагч төлөхөөр тохиролцсон, тухайн засварын ажлын үр дүнг хүлээн авсан тухай актууд хэрэгт авагдсан, түүнчлэн хоёр байгууллагын нягтлан бодогч нарын хооронд тооцооны үлдэгдлийн баталгаа хийгдэж, хариуцагч нь нэхэмжлэгчид төлбөр төлөхөө хүлээн зөвшөөрч, баталгаажуулсан зэрэг үйл баримтаар хариуцагчийн дээрх тайлбар үгүйсгэгдэж байна.

4. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Т  ажил гүйцэтгэх гэрээний хөлс 979.385.629 төгрөг, алданги 489.692.814 төгрөг, нийт 1.469.078.443 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У  ХК-д олгож шийдвэрлэв.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч У  ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7.503.342 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т  газраас 7.503.342 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Улаанбаатар спорт менежмент ХК-д олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Т  газраас ажил гүйцэтгэх гэрээний хөлс 979.385.629 төгрөг, алданги 489.692.814 төгрөг, нийт 1.469.078.443 /нэг тэрбум дөрвөн зуун жаран есөн сая далан найман мянга дөрвөн зуун дөчин гурав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У  ХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч У  ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7.503.342 /долоон сая таван зуун гурван мянга гурван зуун дөчин хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т газраас 7.503.342 /долоон сая таван зуун гурван мянга гурван зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У  ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Н.ГЭРЭЛТУЯА