Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2022/01071

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2022/01071

 

 

“ЭФББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2022/01183 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “ЭФББСБ” ХХК-ийн хариуцагч Б.Эт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 124,204,943 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан гомдлоор шүүгч А.Мын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У, хариуцагчийн өмгөөлөгч Ж.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ч нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: Б.Эоос 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 06/17 тоот, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 36/17 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 124,204,943 төгрөг гаргуулж, гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ....... 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулна.

 

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Б.Э “ЭФББСБ” ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 35,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлд Б.Бийн өмчлөлийн ........ын 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг барьцаалан барьцааны гэрээ бичгээр байгуулан нотариатчаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Б.Э нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүсэлт гаргасны дагуу нэмэлтээр 28,000,000 төгрөгийн зээл олгож, зээлийн гэрээний хугацааг 49 сар болгож сунган зээлийн хүүг сарын 2.5 хувь болгон бууруулж зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Гэвч Б.Э гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргээ биелүүлэх талаар 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр А/16/21 тоот албан бичгээр хүргүүлсэн боловч ямар нэгэн арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй. Иймд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, Б.Эоос 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээл 63,000,000 төгрөг, зээлийн хүү 41,120,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,205,194 төгрөг, нийт 107,325,194 төгрөг гаргуулан, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны зээлийн хүү 5,880,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,088,972 төгрөг, нийт 6,968,972 төгрөгөөр нэмэгдүүлсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Б.Э нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 36/17а тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээгээр 28,000,000 төгрөгийн нэмэлт зээл авч өмнө нь авсан байсан 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 06/17 тоот зээлийн гэрээний үлдэгдэл болох 13,640,000 төгрөг төлж уг зээлийг хаасан. 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр Б.Эийн өмчлөлийн ........ын 13.2 м.кв талбайтай авто зогсоолыг барьцаанаас чөлөөлсөн. Талуудын хооронд байгуулсан 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 06/17 тоот зээлийн гэрээний үүрэг хангагдаагүйд тооцож үндсэн зээлийн үлдэгдэл 15,398,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны зээлийн хүү 15,505,786 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,101,157 төгрөг, нийт 34,004,943 төгрөгийг нэхэмжилж байна.

Мөн талуудын хооронд байгуулсан 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 36/17а тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээг байгуулаагүйд тооцож 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 36/17 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 35,000,.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны зээлийн хүү 46,940,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,26,.000 төгрөг, нийт 90,200,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

 2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулгад: Б.Э нь Япон улсаас тээврийн хэрэгсэл импортоор оруулж ирж зардаг. 2007 оноос хойш нэхэмжлэгч компаниас байнгын зээл авч тухай бүрт нь төлж байсан. 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 35,00,.000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлсэн бөгөөд тухайн үед бизнес нь уналтанд орсноор авсан зээлээ хугацаанд нь төлж чадахгүй эрсдэлд орсон. Нэхэмжлэгч талаас төлж чадаагүй зээлийн хүү дээрээ нэмэлт гэрээ байгуулах, Монгол банкнаас шалгалт ирэх гээд нэмэлт гэрээ байгуулахгүй бол болохгүй гэсний улмаас 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 36/17а дугаартай зээлийн гэрээг байгуулсан. Бодит байдал дээр 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 36/17а дугаартай зээлийн гэрээгээр 28,000,000 төгрөгийг аваагүй. Хариуцагч нь 2017 оны 11 сарын 21-ний өдөр 1,685,000 төгрөг, 2017 оны 12 сарын 28-ны өдөр 1,650,000 төгрөг, 2018 оны 03 сарын 29-ний өдөр 3,000,000 төгрөг, 2020 оны 05 сарын 12-ны өдөр 500,000 төгрөг, 2020 оны 09 сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2020 оны 10 сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 8,335,000 төгрөг төлсөн. Иймд 36/17 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл 26,666,000 төгрөг, гэрээний хугацааны хүү 9,599,400 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,919,880 төгрөг, нийт 38,184,280 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 76,109,886 төгрөгийг зөвшөөрөхгүй. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд зээлийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хугацааны хүүг хэрхэн тооцох талаар тохиролцоогүй тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй, хууль зүйн үндэслэлгүй. Хариуцагч 2018 оны 03 сарын 13-ны өдөр авто зогсоолоо барьцаалан 20,000,000 төгрөгийн зээл авсан нь 2019 оны 04 сарын 09-ний өдрийн байдлаар хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 8,640,000 төгрөг болсон. 2019 оны 04 сарын 09-ний өдөр уг зээлийн төлбөрт 15,000,000 төгрөг төлсөн бөгөөд нэхэмжлэгч уг мөнгийг 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хүү болох 8,640,000 төгрөгийг хасч үлдэгдэл 6,360,000 төгрөгийг үндсэн зээл 20,000,000 төгрөгөөс хасч тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасныг зөрчсөн. Хуульд зааснаар тооцоход 2019 оны 04 сарын 09-ний өдөр төлсөн 15,000,000 төгрөгийг үндсэн үүрэг 20,000,000 төгрөгөөс хасч хариуцагч нь үндсэн зээлийн үлдэгдэл 5,000,000 төгрөг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 8,640,000 төгрөг буюу нийт 13,640,000 төгрөг байх байсан. Харин 2017 оны 10 сарын 18-ны өдөр байгуулсан 36/17 дугаартай 35,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хүү 2019 оны 04 сарын 09-ний өдрийн байдлаар 14,360,000 төгрөг болсон бөгөөд 2018 оны 03 сарын 13-ны өдөр байгуулсан 20,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 13,640,000 төгрөгийг нэмээд 28,000,000 төгрөг болгон 2019 оны 04 сарын 09-ний өдөр 36/17а дугаартай зээлийн гэрээ байгуулсан  нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

Б.Эийн хувьд 28,000,000 төгрөгийн зээл авч өмнөх зээлээ хаасан асуудал байхгүй ба уг зээлийг бодитоор аваагүй, ямар нэгэн хэлбэрээр олгогдоогүй, зөвхөн урьд авсан зээлийн үлдэгдэл болон хүүг нэмж нэгтгээд гэрээ байгуулсан талаар тайлбараа гаргасан. 2017 оны 02 сарын 02-ны өдрийн 06/17 дугаартай зээлийн гэрээгээр 20,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.0 хувийн хүүтэй зээлсэн ба Б.Э өөрийн төрсөн ах Б.Бийн данснаас ЭФББСБ ХХК-ийн захирал П.Мы эхнэр Г.Чгийн Хаан банк дахь .......... дугаарын данс руу 15,000,000 төгрөг шилжүүлсэн. Уг мөнгөөс ЭФББСБ ХХК нь 20,000,000 төгрөгийн 2019 оны 04 сарын 09-ний өдрийг хүртэлх зээлийн хүү 8,640,000 төгрөгийг хасч үлдэгдэл 6,360,000 төгрөгийг үндсэн зээлээс буюу 20,000,000 төгрөгөөс хасч тооцсон нь Иргэний хуулийн 216 дүгээр зүйлийн 216.4-т заасантай нийцээгүй. 15,000,000 төгрөгийг хуульд заасны дагуу тооцвол үндсэн зээл 20,000,000 төгрөгөөс хасч үндсэн зээл 5,000,000 төгрөг үлдэх байсан.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил ба 2017 оны 02 сарын 02-ны өдрийн 06/17 дугаартай гэрээ 2018 оны 02 сарын 02-ны өдрийг хүртэл хугацаатай байгуулагдсан тул уг гэрээний үүргийг шаардах эрх нь дууссан. Иймд 06/17 дугаартай гэрээтэй холбоотой үүрэг шаардах эрхгүй гэж үзэж байна. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай 1995 оны хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд зээлийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хугацааны хүүг хэрхэн тооцох талаар тохиролцоогүй тул Б.Эоос Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй. Иймд 2017 оны 10 сарын 18-ны өдрийн 36/17 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 26,665,000 төгрөг, гэрээний хугацааны хүү 9,699,400 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,919,880 төгрөг, нийт 38,184,280 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 52,015,729 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Бийн тайлбарын агуулга: Цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй бөгөөд Б.Э хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож хэрэг маргааныг шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

 

4. Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Эоос 89.925.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ЭФББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 34.279.943 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Э.Ф ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.134.955 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эоос 677.775 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ЭФББСБ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б.Э зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Бийн өмчлөлийн .......ын 18 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2202005641 дугаарт бүртгэлтэй, 1 өрөө орон сууцаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурдаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2022 оны 01 сарын 27-ны өдрийн 2621 дугаар захирамжаар хариуцагч Б.Эийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр буюу 124.204.943 төгрөгийн хэмжээгээр битүүмжилсэн бөгөөд уг захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй хэвээр байх болохыг дурдаж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна.

5.1. Хууль болон талуудын гэрээнд “нилээдгүй хугацаа” буюу утгачилвал “багагүй хугацаа, нилээд хугацаа” гэсэн ойлголт байхгүй бөгөөд хууль, гэрээнд байхгүй ойлголтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэсэн нь хуульд нийцээгүй.

2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 36/17а тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах нэмэлт гэрээгээр зээлийн гэрээний хугацааг 49 сар болгож сунгасан. Тус хугацаа 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр дуусгавар болохоор байхад нэхэмжлэлийг 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон.

5.2  Шүүх “...шаардах эрхээ хэрэгжүүлэн зээлийг төлүүлэх арга хэмжээг аваагүй...” гэж зээлдүүлэгчийг үндэслэлгүйгээр буруутган, “...төлөгдөх эсэх нь эргэлзээтэй болсон зээл...” гэж банк санхүүгийн байгууллагын өмнөөс тухайн зээлийн чанарыг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн “...зээлийн хүүгийн хэмжээ нэмэгдсэн гэж үзэхээр байна.” гэж үндэслэлгүй дүгнэсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээ болон хууль тогтоомжид зааснаар зээлдэгч зээлийг ашигласан хугацааны туршид буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж дуустал ашиглаж буй зээлийн дүнд хүү тооцогдоно. Шүүх “... зээлдүүлэгч гэрээний 3 болон 8 дугаар зүйлд заасан арга хэмжээг аваагүй бөгөөд Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэн шударгаар хэрэгжүүлэх зарчимд нийцүүлэн 2019.04.09-ний өдрөөс 2020.11.09-өдрийг хүртэл хугацааны хүү 29.925.000 төгрөгөос 36/17а гэрээг байгуулсан хугацаанаас хойш төлсөн 3.000.000 төгрөгийг хасч...” гэж дурдсан нь гэрээ болон хуулийн заалтыг буруу баримталсан.

5.3. Шүүх зээлдүүлэгчийг гэрээнд заасан эрхээ хэрэгжүүлээгүй гэж үндэслэлгүй дүгнэсэн. Гэрээний нэг тал гэрээнд заасан эрхээ хэрэгжүүлээгүй нь гэрээний нөгөө талыг гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Шийдвэрт дурдсан хугацаанд зээлдүүлэгч нь зээлдэгчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг байнга шаардаж байсан бөгөөд цар тахлын хөл хорио болон зээлдэгч нь гэрээний 1.1-д заасан оршин суугаа хаягтаа амьдрахаа больж тухайн үеийн оршин суугаа хаяг нь олдохгүй байсан тул утсаар тогтмол холбогдож үүргээ биелүүлэхийг байсан. Харин зээлдэгч нь зээлийн гэрээний 2.2.9-д заасан оршин байгаа хаяг, харилцах утас өөрчлөгдөх бүрт зээлдэгчид нэн даруй мэдэгдэх үүргээ биелээгүй. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг зээлдэгчид зохих ёсоор олгосон байхад зээлдүүлэгч нь үүргээ шударгаар биелүүлэх үүрэгтэй. Шүүх хуулийн заалтыг буруу хэрэглэсэн.

5.4. Мөн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл гэж шийдвэртээ бичсэн атлаа тухайн өдрийг ямар учраас сонгосон үндэслэлээ дурдаагүй. Нэхэмжлэлд хавсаргасан зээл, зээлийн хүүгийн тооцоололд зээлдэгчийн төлсөн бүх төлөлтүүдийг бүрэн тусгасан ба хэргийн оролцогчид уг төлсөн дүн дээр маргаагүй байхад шүүх “... 3,000,000 төгрөгийг хасч...” гэж өмнө хасаж тооцсон байсан төлөлтийг дахин хасаж шийдвэрлэсэн нь бодит байдалтай нийцээгүй.

5.5. Харин нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчаас 36/17, 36/17а тоот зээлийн гэрээний үүрэгт 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр буюу гэрээний хугацаа дууссан үеийн байдлаар 114,294,166 төгрөг нэхэмжилснийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагаас 38,184,280 төгрөгийг зөвшөөрч үлдэх 51,740,720 төгрөгийг эс зөвшөөрч байна. 

6.1. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж хэргийг шийдвэрлэсэн тухайд,

6.1.а. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь диспозитив буюу зохигчдын санаачилга, хүсэлтийн үндсэн дээр, мэтгэлцэх зарчимд үндэслэдэг. Шүүх өөрийн санаачлагаар нэхэмжлэлийн шаардлагаас хальж нэхэмжлэгчийн хүсэл зоригийн эсрэг дүгнэлт гаргах замаар хууль зөрчин нэхэмжлэгч талд ашигтай шүүхийн шийдвэр гаргахдаа хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн. Нэхэмжлэгч 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргахдаа талуудын хооронд байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №36/17 дугаар зээлийн болон барьцааны гэрээ, 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн № 36/17а дугаар зээлийн 7/8 тоот гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээг үндэслэн нийт 107,325,194 төгрөг шаардсан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариуцагчаас 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №36/17 дугаар зээлийн гэрээг байгуулж 35,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Харин 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн № 36/17а дугаар “Зээлийн 7/8 тоот гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ”-г байгуулж бодитой зээл аваагүй. Тухайн үед “ЭФББСБ” ХХК Монголбанкнаас шалгалт ирнэ гэж зээлдүүлсэн мөнгөн дээрээ шинээр гэрээ байгуулахгүй бол болохгүй, зээлийн хугацаа хэтэрсэн зээлээ төлөөгүй байгааг Монгол банкны мэдээллийн санд оруулаагүй тул хэвийн мэт харагдуулах хэрэгтэй гэж хэлсний үндсэн дээр 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан 06/17 дугаартай 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үлдэгдэл гэх 13,640,000 төгрөг дээр 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 36/17 дугаартай 35,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хүү 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар 14,360,000 төгрөг болсныг нэмж 28,000,000 төгрөг нэмэлтээр зээлсэн мэт болгон 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 36/17а дугаартай нэмэлт гэрээг байгуулсан. Хариуцагч татгалзлаа нотлох зорилгоор нэхэмжлэгч талтай утсаар ярьж уулзалт хийсэн бөгөөд утасны дуудлага, уулзалт хийсэн яриаг бичиж авч шүүхээр үзлэг хийж нотлох баримтаар хэрэгт авагдсан. 28,000,000 төгрөгийн зээл бодитоор аваагүй, зээлийн гэрээг шинэчлэн байгуулах зорилго нь зөвхөн Монголбанкны шалгалтад зориулсан. 36/17 дугаартай зээлийн гэрээний хүү 14,360,000 төгрөгийг зээл гэж үзэж хүүгээс дахин хүү бодож байгаа нь зээлдэгчийг санхүүгийн хүнд байдалд оруулж байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн тул 2019 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр №36/17а дугаар зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл мөн. Нэхэмжлэгч талаас хууль зөрчиж гэрээ байгуулсан нь шүүхээр тогтоогдох болмогц утас болон уулзалтын яриаг бичсэн бичлэгүүдийг хууль бусд тооцуулахаар хариуцагчийг Тагнуулын Ерөнхий газарт хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж гомдол гаргасныг хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж үзэхгүй гэж гомдлыг хаасан.

Нэхэмжлэгч зээлийн гэрээг нэгэнт бодитоор олгоогүй болохоо хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаа 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрчилсөн. Тодруулбал, 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн № 36/17а дугаар зээлийн 7/8 тоот гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээг байгуулаагүйд тооцож тухайн гэрээний шаардлагаас татгалзах, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №06/17 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээл 15,398,000 төгрөг, хүү 15,505,786 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,101,157 төгрөг нийт 34,004,943 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №36/17 дугаар зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 35,000,000 төгрөг, хүү 46,940,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,260,000 төгрөг нийт 90,200,000 төгрөг, 2 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэгтгэн нийт 124,204,943 төгрөг хариуцагчаас шаардсан. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэхгүйгээр татгалзсан шаардлагын хамтатган хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс бүрэн дүүрэн нягтлахгүйгээр нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн.

6.1.б. Хариуцагч 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №06/17 дугаартай зээлийн гэрээний шаардлагатай холбоотой тайлбар гаргасан боловч шүүх тухайн тайлбарт огт хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Б.Э нь 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №06/17 дугаар зээлийн гэрээгээр 20,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл, сарын 3 хувийн хүүтэй зээлдэн авсан. Б.Э нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр өөрийн төрсөн ах Б.Бийн данснаас “Э.Ф” ББСБ ХХК-ийн захирал П.Мы эхнэр Г.Чгийн Хаан банкны .......... дугаарын данс руу 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд уг мөнгөнөөс “ЭФББСБ” ХХК 20,000,000 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү 8,640,000 төгрөгийг хасч, үлдэгдэл 6,360,000 төгрөгийг үндсэн зээлээс буюу 20,000,000 төгрөгөөс хасаж тооцсон байдаг. Нэгэнт зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа төлсөн үүргийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар тооцох ёстой атал шууд нэмэгдүүлсэн хүү, хүүд тооцон авсан нь хууль зөрчсөн. Тус зээлийн гэрээний 1.3.3-т заасан нэмэгдүүлсэн хүүг 0,6 хувь гэж шууд тооцсон, мөн зээлийн гэрээний 2.2.4-т хугацаа хэтрэх тухай бүрт 0,6 хувиар нэмэгдүүлсэн хүүг тооцно гэж заасан нь Иргэний хуулийн 452.2 дах хэсэгт заасантай нийцэхгүй тул 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хэлцэл тул хүчин төгөлдөр бус тооцогдоно. Хэрэв дээрх төлсөн 15,000,000 төгрөгийг хуульд заасны дагуу тооцвол 2019 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр төлсөн 15,000,000 төгрөгийг үндсэн үүрэг болох 20,000,000 төгрөгөөс хасч хариуцагчийн үндсэн зээлийн үлдэгдэл 5,000,000 төгрөг үлдэх байсан. 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №06/17 дугаартай зээлийн гэрээ 1 жилийн хугацаатай байгуулагдсан  тул 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн шаардах эрх үүсч 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр дууссан. Иймд №06/17 дугаар зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул тус зээлийн үүргийг шаардах эрхгүй гэж тайлбарлан маргасан.

6.1.в. 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №36/17 дугаартай зээлийн гэрээгээр 35,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл, сарын 3 хувийн хүүтэй зээлдэн авсан. Гэрээний 1.3.3 дахь хэсэгт заасан нэмэгдүүлсэн хүүг 0,6 хувь гэж шууд тооцсон, мөн зээлийн гэрээний 2.2.4-т хугацаа хэтрэх тухай бүрт 0,6 хувиар нэмэгдүүлсэн хүүг тооцно нь заасан тухайн 2 зүйл заалт нь Иргэний хуулийн 452.2 дах хэсэгт заасантай нийцэхгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хэлцэл тул хүчин төгөлдөр бусд тооцогдоно. Зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Б.Э нийт 8,335,000 төгрөг тус тус төлсөн. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд зээлийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хугацааны хүүг хэрхэн тооцох талаар тохиролцоогүй тул Б.Эоос Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй, хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд 36/17 дугаартай зээлийн гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 26,665,000 төгрөг, гэрээний хугацааны хүү 9,699,400 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,919,880 төгрөг, нийт 38,184,280 төгрөгийн хүлээн зөвшөөрч, үлдэх 51,740,720  төгрөгийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Хариуцагч нь 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №06/17 дугаар, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №36/17 дугаар зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байхад нэхэмжлэгч тал зээлийн гэрээнүүдийн 8.2 дахь хэсэгт зааснаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй. 2018 оны 2, 10 дугаар сард дууссан гэрээний үүргийг 2021 оны 07 дугаар сард шүүхэд гаргаж нийт 124,204,943 төгрөгийн дүнтэй болтол нь шүүхэд хандаагүйд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байна. Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй, биелүүлж чадахгүй үйл баримт илэрхий болсон байхад зээлдүүлэгч өөрөө эрхээ хэрэгжүүлэхгүй нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасантай харшилна. Иймд шүүхийн шийдвэрээс 51,740,720 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгож 38,184,280 төгрөгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

            7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: ... Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 9.5-т  зааснаар зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн зээлийн хүүгийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд бүрэн төлж барагдуулах хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ гэж тохиролцсон. Хариуцагч тал давж заалдах гомдлоо хугацаандаа гаргаагүй. Шүүхийн буруутай үйл ажиллагааны улмаас шүүхийн шийдвэр хугацаандаа гараагүй, шүүх хуралдаан болсноос хойш 20 хоногийн дараа гарсан гэжээ.

 

8. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: ... Нэхэмжлэгчийн гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч “ЭФББСБ” ХХК хариуцагч Б.Эт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 124,204,943 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

3.а. Нэхэмжлэгч нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 36/17, 36/17а тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 107,325,194 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /хх1-2/

2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн хүү 5,880,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,088,972 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 114,294,166 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байх ба 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “36/17А тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээг байгуулаагүйд тооцож, 06/17 тоот зээлийн гэрээний үүрэгт 34,004,943 төгрөг, 36/17 тоот зээлийн гэрээний үүрэгт 90,200,000 төгрөг тус тус гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах” гэж өөрчилсөн байна. /хх40-41, 134-135/

3.б. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх эрхтэй бөгөөд шүүх нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх журамтай. Гэтэл шүүх 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн өөрчилсөн шаардлагыг биш, нэмэгдүүлсэн шаардлагыг хянан шийдвэрлэжээ. Хариуцагчийн энэ талаар гаргасан “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй, татгалзсан шаардлагыг хамтатган хэргийг шийдвэрлэсэн” гэх гомдол үндэслэлтэй.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав. Талуудын хооронд үүссэн байгаа гэрээний хүчин төгөлдөр байдал, гүйцэтгэвэл зохих үүрэг, хариуцагчийн төлсөн төлбөрийн хэмжээ зэрэг нөхцөл байдлуудын талаар урьдчилан дүгнэлт хийх шаардлагагүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2022/01183 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279,796 төгрөг, хариуцагч талын төлсөн 416,653 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.ДАВААДОРЖ

           ШҮҮГЧИД                                  Э.ЗОЛЗАЯА

                                                               А.МӨНХЗУЛ