Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2022/01183

 

2022 03 16 101/ШШ2022/01183

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжпэгч: Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Сөүлийн гудамж, Моодун цамхаг, 502 тоот, Э ББСБ ХХК-ийн /РД: 0000000000/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 0000000000000000000000 тоотод оршин суух, Бямбасүрэнгийн Эт /РД: 00000000000/ холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 124.204.943 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Уртнасан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Хонгорзул,

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Оюунболд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал П.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Уртнасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Э нь Э ББСБ ХХК-тай 2017 оны 10 сарын 18-ны өдөр 36/17 тоот зээлийн гэрээ байгуулан 35.000.000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлэн авсан.

Мөн 2017 оны 10 сарын 18-ны өдөр 36/17 тоот барьцааны гэрээ байгуулан дээрх зээлийн гэрээний үүрэгт Б.Бийн өмчлөлийн 000000000000000000000000000000000000 өрөө орон сууцыг барьцаалан барьцааны гэрээ бичгээр байгуулан нотариатчаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Зээлдэгч Б.Э 2019 оны 04 сарын 09-ний өдөр манай байгууллагад бичгээр хүсэлт гаргасны дагуу талууд харилцан тохиролцон нэмэлтээр 28.000.000 төгрөгийн зээл олгож, зээлийн гэрээний хугацааг 49 сар болгон сунгаж зээлийн хүүг сарын 2.5 хувь болгон бууруулан 36/17а дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах нэмэлт гэрээг байгуулан мөн нотариатчаар гэрчлүүлсэн.

Гэтэл Б.Э гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зээлдүүлэгчийн зээл төлөх удаа дараагийн шаардлагыг биелүүлэхгүй байсан тул зээлдүүлэгч нь зээлийн гэрээний 8.2 дугаар зүйлд заасан эрхийн хүрээнд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хугацаанаас нь өмнө төлөхийг шаардаж хуулинд заасныг дагуу нэмэлт хугацаа тогтоосон мэдэгдлийг Б.Эт 2021 оны 05 сарын 27-ны өдөр А/16/21 тоот албан бичгээр хүргүүлсэн ч тэрээр ямар нэгэн арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй.

Иймд талуудын хооронд байгуулсаэн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлдэгч Б.Эоос 2021 оны 07 сарын 21-ний байдлаар гүйцэтгээгүй үүрэг болох:

-үндсэн зээл 63.000.000 төгрөг,

-зээлийн хүү 41.120.000 төгрөг,

-нэмэгдүүлсэн хүү 3.205.194 төгрөг, нийт 107.325.194 төгрөгийг гаргуулан, зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

2021 оны 07 сарын 21-ний өдрөөс 2021 оны 11 сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд тооцогдсон зээлийн хүү 5.880.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.088.972 төгрөг, нийт 6.968.972 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн.

Ингээд хариуцагч Б.Эоос үндсэн зээл 63.000.000 төгрөг, зээлийн хүү 47.000.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.294.166 төгрөг, нийт 114.294.166 төгрөгийн нэхэмжилсэн.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийн дагуу нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

Хариуцагч Б.Э нь талуудын хооронд байгуулсан 2019 оны 04 сарын 09-ний өдрийн 36/17а тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээгээр 28.000.000 төгрөгийн нэмэлт зээл авч өмнө нь тус банк бус санхүүгийн байгууллагаас авсан байсан 2017 оны 02 сарын 02-ны өдрийн 06/17 тоот зээлийн гэрээний үлдэгдэл болох 13.640.000 төгрөгийг төлж уг зээлийг хаасан.

2017 оны 02 сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 2017 оны 02 сарын 03-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу барьцаалуулсан хариуцагч Б.Эийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Нарлаг өргөө хотхон, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 725/2, 22 тоотын 13.2 м.кв талбайтай авто зогсоолыг барьцаанаас чөлөөлсөн.

Хариуцагч Б.Э нь нэмэлт гэрээгээр авсан 28.000.000 төгрөгийн нэмэлт зээлийг аваагүй, төлөхгүй гэж маргаж тайлбараа гаргасан тул талуудын хооронд байгуулсан 2017 оны 02 сарын 02-ны өдрийн 06/17 тоот зээлийн гэрээний үүрэг хангагдаагүйд тооцож үндсэн зээлийн үлдэгдэл 15.398.000 төгрөг, 2022 оны 01 сарын 10-ны өдрийг хүртэл тооцогдох зээлийн хүү 15.505.786 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.101.157 төгрөг, нийт 34.004.943 төгрөгийг нэхэмжилж байна.

Мөн талуудын хооронд байгуулсан 2019 оны 04 сарын 09-ний өдрийн 36/17а тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээг байгуулаагүйд тооцож 2017 оны 10 сарын 18-ны өдрийн 36/17 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 35.000.000 төгрөг, 2022 оны 01 сарын 10-ны өдрийг хүртэл тооцогдох зээлийн хүү 46.940.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8.260.000 төгрөг, нийт 90.200.000 төгрөгийг нэхэмжилж байна.

Иймд талуудын хооронд байгуулсан 2017 оны 02 сарын 02-ны өдрийн 06/17 тоот болон 2017 оны 10 сарын 18-ны өдрийн 36/17 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 124.204.943 төгрөгийг хариуцагч Б.Эоос гаргуулж өгнө үү.

Зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Б.Бийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, 53-р байр, 17 тоотын 18 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2202005641 дугаарт бүртгэлтэй, 1 өрөө орон сууцаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Хонгорзул шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Э нь Япон улсаас тээврийн хэрэгсэл импортоор оруулж ирж зардаг бөгөөд 2007 оноос хойш Э ББСБ ХХК-иас 10 гаруй жилийн хугацаанд байнгын зээл авч тухай бүр нь зээлээ төлж ирсэн.

Б.Э нь 2017 оны 10 сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 35.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлсэн бөгөөд тухайн үед бизнес нь уналтанд орсноор авсан зээлээ хугацаанд нь төлж чадахгүй эрсдэлд орсон.

Иймд Э ББСБ ХХК-ийн зүгээс төлж чадаагүй хүүн дээрээ нэмэлт гэрээ байгуул, мөн манайд Монгол банкнаас шалгалт ирэх гээд байна гээд хүүн дээрээ нэмэлт гэрээ байгуулахгүй бол болохгүй гэж хэлсний улмаас 2019 оны 04 сарын 09-ний өдөр уг 36/17а дугаартай зээлийн гэрээг байгуулсан.

Гэтэл нэхэмжлэгч Э ББСБ ХХК-ийн зүгээс 28.000.000 төгрөгийг бодитой авсан мэт нэхэмжилж байна. Үнэн хэрэгтээ Б.Э 2019 оны 04 сарын 09-ний өдөр 36/17а дугаартай зээлийн гэрээний зүйл 28.000.000 төгрөгийг бодитоор аваагүй.

Б.Э нь дараах байдлаар зээлийн эргэн төлөлтүүдийг хийж байсан. 2017 оны 11 сарын 21-ний өдөр 1.685.000 төгрөг, 2017 оны 12 сарын 28-ны өдөр 1.650.000 төгрөг, 2018 оны 03 сарын 29-ний өдөр 3.000.000 төгрөг, 2020 оны 05 сарын 12-ны өдөр 500.000 төгрөг, 2020 оны 09 сарын 01-ний өдөр 500.000 төгрөг, 2020 оны 10 сарын 26-ны өдөр 1.000.000 төгрөг, нийт 8.335.000 төгрөг төлсөн.

Иймд нэхэмжлэгч Э ББСБ ХХК-ийн нэхэмжлэлээс үндсэн зээл буюу 36/17 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл 26.665.000 төгрөг, гэрээний хугацааны хүү 9.599.400 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.919.880 төгрөг, нийт 38.184.280 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Э ББСБ ХХК 2021 оны 07 сарын 21-ний өдрөөс 2021 оны 11 сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны зээлийн хүү 5.880.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.088.972 төгрөг, нийт 6.968.972 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэн хариуцагч Б.Эоос үндсэн зээл 63.000.000 төгрөг, зээлийн хүү 47.000.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.294.166 төгрөг, нийт 114.294.166 төгрөгийн нэхэмжилсэн. Уг нэмэгдүүлсэн шаардлагыг гардан аваад дараах тайлбарыг гаргасан.

2017 оны 10 сарын 18-ны өдөр байгуулагдсан 36/17 дугаартай зээлийн гэрээний үндсэн төлбөр 26.665.000 төгрөг, гэрээний хугацааны хүү 9.699.400 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.919.880 төгрөг буюу нийт 38.184.280 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа ба үлдэх 76.109.886 төгрөгийг зөвшөөрөхгүй.

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай 1995 оны хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж заасан.

Гэтэл талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд зээлийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хугацааны хүүг хэрхэн тооцох талаар тохиролцоогүй байх тул Б.Эоос Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй, хууль зүйн үндэслэлгүй.

2019 оны 04 сарын 09-ний өдөр байгуулагдсан 36/17а дугаартай гэрээний дагуу 28.000.000 төгрөгийг бодитоор аваагүй тул уг зээлийн гэрээг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй талаарх тайлбараа гаргасан.

Б.Э нь 2018 оны 03 сарын 13-ны өдөр Э ББСБ ХХК-иас өөрийн өмчлөлийн авто зогсоолыг барьцаалан 20.000.000 төгрөгийн зээл авсан нь 2019 оны 04 сарын 09-ний өдрийн байдлаар хүү, нэмэгдүүлсэн хүү нь нийт 8.640.000 төгрөг болсон.

2019 оны 04 сарын 09-ний өдөр Б.Э нь 15.000.000 төгрөгийг тухайн зээлд төлсөн бөгөөд уг мөнгөнөөс Э ББСБ ХХК нь 20.000.000 төгрөгийн зээлийн гэрээний хүү болох 8.640.000 төгрөгийг хасч үлдэгдэл 6.360.000 төгрөгийг үндсэн зээл 20.000.000 төгрөгөөс хасч тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасныг зөрчсөн.

Хэрэв дээрх хуульд заасны дагуу бодвол 2019 оны 04 сарын 09-ний өдөр төлсөн 15.000.000 төгрөгийг үндсэн үүрэг 20.000.000 төгрөгөөс хасч Б.Э нь үндсэн зээлийн үлдэгдэл 5.000.000 төгрөг, зээлийн хүү, нэмэгдэл хүү нь 8.640.000 төгрөг буюу нийт 13.640.000 төгрөг байх байсан.

Харин 2017 оны 10 сарын 18-ны өдөр байгуулсан 36/17 дугаартай 35.000.000 төгрөгийн зээлийн гэрээний хүү 2019 оны 04 сарын 09-ний өдрийн байдлаар 14.360.000 төгрөг болсон бөгөөд 2018 оны 03 сарын 13-ны өдөр байгуулсан 20.000.000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 13.640.000 төгрөгийг нэмээд 28.000.000 төгрөг болгон 2019 оны 04 сарын 09-ний өдөр 36/17а дугаартай зээлийн гэрээ байгуулсан байдаг нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч Э ББСБ ХХК нь 2022 оны 01 сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байх ба уг өөрчилсөн шаардлагад дараах тайлбарыг гаргаж байна.

Э ББСБ ХХК нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө хариуцагч Б.Э нь талуудын хооронд байгуулсан 2019 оны 04 сарын 09-ний өдрийн 36/17а тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээгээр 28.000.000 төгрөгийн нэмэлт зээл авч 14.360.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан гэжээ.

Б.Эийн хувьд 28.000.000 төгрөгийн зээл авч өмнөх зээлээ хаасан байсан асуудал огт байхгүй ба уг зээлийг бодитоор аваагүй, ямар нэгэн хэлбэрээр олгогдоогүй, зөвхөн урьд авсан зээлийн үлдэгдэл болон хүүг нэмж нэгтгээд гэрээ байгуулсан талаар тайлбараа гаргасан.

2017 оны 02 сарын 02-ны өдрийн 06/17 дугаартай зээлийн гэрээгээр 20.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.0 хувийн хүүтэй зээлсэн ба Б.Э нь өөрийн төрсөн ах Б.Бийн данснаас Э ББСБ ХХК-ийн захирал П.Мы эхнэр Г.Чинтуяагийн Хаан банк дахь 5042367099 дугаарын данс руу 15.000.000 төгрөг шилжүүлсэн.

Уг 15.000.000 төгрөгөөс Э ББСБ ХХК нь 20.000.000 төгрөгийн 2019 оны 04 сарын 09-ний өдрийг хүртэлх зээлийн хүү 8.640.000 төгрөгийг хасч үлдэгдэл 6.360.000 төгрөгийг үндсэн зээлээс буюу 20.000.000 төгрөгөөс хасч тооцсон нь Иргэний хуулийн 216 дүгээр зүйлийн 216.4-т заасантай нийцэхгүй ба 15.000.000 төгрөгийг хуульд заасны дагуу тооцвол үндсэн зээл 20.000.000 төгрөгөөс хасч Б.Эийн үндсэн зээлийн үлдэгдэл 5.000.000 төгрөг үлдэх байсан.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил ба 2017 оны 02 сарын 02-ны өдрийн 06/17 дугаартай гэрээ 2018 оны 02 сарын 02-ны өдөр хүртэл хугацаатай байгуулагдсан бөгөөд 2021 оны 02 сарын 02-ны өдрөөр уг гэрээний үүргийг шаардах эрх нь дууссан.

Иймд 2017 оны 02 сарын 02-ны өдрийн 06/17 дугаартай зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан, уг гэрээтэй холбоотой үүрэг шаардах эрхгүй гэж үзэж байна.

Б.Э нь 2017 оны 10 сарын 18-ны өдрийн 36/17 дугаартай 35.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт 8.335.000 төгрөг төлсөн ба дээр тайлбарласны дагуу буюу Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай 1995 оны хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж зааснаар талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд зээлийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хугацааны хүүг хэрхэн тооцох талаар тохиролцоогүй тул Б.Эоос Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй.

Иймд 2017 оны 10 сарын 18-ны өдрийн 36/17 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 26.665.000 төгрөг, гэрээний хугацааны хүү 9.699.400 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.919.880 төгрөг, нийт 38.184.280 төгрөгийг хүлээн зөвшөөрөх ба уг зээлийн гэрээтэй холбоотой шаардлага 90.200.000 төгрөгөөс үлдэх 52.015.729 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа:

Б.Б миний бие Э ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Эт холбогдох иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байна. Миний бие цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй бөгөөд Б.Э хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож хэрэг маргааныг шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

 

Нэхэмжлэгч Э ББСБ ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, Б.Эт холбогдох хэрэгт Э ББСБ ХХК-ийг А.Уртнасан төлөөлөн оролцох тухай итгэмжлэл, нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

зээлдэгч Б.Этой 2017 оны 10 сарын 18-ны өдөр байгуулсан 36/17 дугаартай зээлийн гэрээ,

2019 оны 04 сарын 09-ний өдрийн 36/17а дугаартай гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай зээлийн гэрээ,

2017 оны 10 сарын 18-ны өдөр байгуулсан 36/17 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, зээлийн карт зээл, хүүгийн тооцоолол,

Б.Эийн 2019 оны 04 сарын 09-ний өдөр зээлдүүлэгч Э ББСБ ХХК-д гаргасан 28.000.000 төгрөгийн зээл нэмж авах тухай хүсэлт, Б.Эт хүргүүлсэн зээл төлөх тухай 2021 оны 05 сарын 27-ны өдрийн А/16/21 тоот мэдэгдэл, Б.Эийн иргэний үнэмлэхийн хуулбар,

Бямбасүрэнгийн Бийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, 53-р байрны 17 тоотын 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар,

Б.Б нь Хаан банктай байгуулсан 2013 оны 07 сарын 08-ны өдрийн зээлээ төлж дуусгасан тул 000000000000000000000000000000000000 өрөө орон сууцыг барьцааны гэрээний үүргээс чөлөөлсөн тухай Хаан банкны 2017 оны 10 сарын 17-ны өдрийн албан бичиг, Б.Боос С.Төмөрчөдөрт олгосон дээр дурдсан орон сууцыг барьцаалсан гэрээг бүртгэлд бүртгүүлэх, бүртгэлээс лавлагаа авах, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2017 оны 10 сарын 18-ны өдөр 1 жилийн хугацаатай олгосон итгэмжлэл,

2021 оны 07 сарын 21-ний өдрөөс 2021 оны 11 сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

2019 оны 04 сарын 09-ний өдөр Б.Эт 28.000.000 төгрөг хүлээлгэн өгсөн гэх Э ББСБ ХХК-ийн кассын зарлагын ордер,

Гэрээний талууд 2021 оны 10 сарын 25-ны өдөр уулзалт хийсэнтэй холбоотой Б.Эийн уулзалтын явцад хийсэн бичлэг гэмт хэргийн шинжтэй тухай Э ББСБ ХХК-ийн Тагнуулын ерөнхий газрын мөрдөн байцаах албанд зээлдүүлэгчийн 2021 оны 11 сарын 18-ны өдөр гаргасан гэх хүсэлт,

2017 оны 02 сарын 02-ны өдрийн 06/17 дугаартай зээлийн гэрээ, 2017 оны 02 сарын 03-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ,

Э ББСБ ХХК-ийн 2022 оны 01 сарын 10-ны өдрийн өөрчилсөн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зээл, зээлийн хүүгийн тооцоололууд зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

Тус шүүхийн 2021 оны 11 сарын 10-ны өдрийн 19408 дугаар захирамжаар хариуцагч талын хүсэлтийн дагуу нэхэмжлэгч Э ББСБ ХХК-иас талуудын хооронд байгуулагдсан гэх 2017 оны 10 сарын 18-ны өдрийн 36/17 дугаартай болон 2019 оны 04 сарын 09-ний өдрийн 36/17а дугаартай зээлийн гэрээнүүдийн хувийн хэргийн хуулбарыг, мөн 2021 оны 11 сарын 29-ний өдрийн 20721 дугаар захирамжаар нэхэмжлэгч Э ББСБ ХХК-иас 2018 оны 03 сарын 13-ны /2017 оны 02 сарын 02/ өдрийн зээлийн болон зээлийн барьцааны гэрээг тус тус нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсний дагуу нэхэмжлэгч тал дээр дурдсантай холбоотой баримтуудыг ирүүлсэн болно.

 

Хариуцагч Б.Э нь Э ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд түүнийг А.Хонгорзул төлөөлөн оролцох тухай итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, Б.Эийн Хаан банк дахь 5003272125 тоот дансны хуулга зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Хариуцагч талын хүсэлтийг үндэслэн тус шүүхийн 2021 оны 11 сарын 10-ны өдрийн 19408 дугаар бүхий шүүгчийн захирамжаар хариуцагч Б.Эийн 99141881 дугаарын утаснаас 2021 оны 10 сарын 17-ны өдөр Э ББСБ" ХХК-ийн захирал П.Мы 99118420 дугаарт залгаж ярьсан ярианы аудио бичлэгт болон 2021 оны 10 сарын 25-ны өдрийн видео бичлэгт үзлэг хийхээр шийдвэрлэн 2022 оны 01 сарын 10-ны өдөр үзлэгийг хийсэн байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э ББСБ ХХК нь хариуцагч Б.Эт холбогдуулан 2017 оны 10 сарын 18-ны өдрийн 36/17 тоот болон 2019 оны 04 сарын 09-ний өдрийн 36/17а тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн гэрээний үүрэгт 107.325.194 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

/2021 оны 07 сарын 21-ний өдрийн байдлаар:

2017 оны 10 сарын 18-ны өдрийн 36/17 тоот болон 2019 оны 04 сарын 09-ний өдрийн 36/17а тоот зээлийн гэрээний үүрэгт нийт:

-Үндсэн зээл 63.000.000 төгрөг,

-Зэээлийн хүү 41.120.000 төгрөг,

-Нэмэгдүүлсэн хүү 3.205.194 төгрөг, бүгд 107.325.194 төгрөг/

 

Нэхэмжлэгч Э ББСБ ХХК нь 2021 оны 11 сарын 10-ны өдрийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн хүү 5.880.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.088.972 төгрөг, нийт 6.968.972 төгрөгөөр нэмэгдүүлэн:

-Үндсэн зээл 63.000.000 төгрөг,

-Зэээлийн хүү 47.000.000 төгрөг,

-Нэмэгдүүлсэн хүү 4.294.166 төгрөг, бүгд 114.294.166 төгрөг нэхэмжилсэн байна./

Нэхэмжлэгч Э ББСБ ХХК нь 2022 оны 01 сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилжээ. Үүнд:

-2017 оны 02 сарын 02-ны өдрийн 06/17 тоот зээлийн гэрээний үүрэг хангагдаагүйд тооцон 2022 оны 01 сарын 10-ны өдрийн байдлаар:

*Үндсэн зээлийн үлдэгдэл 15.398.000 төгрөг,

*Зээлийн хүү 15.505.786 төгрөг,

*Нэмэгдүүлсэн хүү 3.101.157 төгрөг, Нийт 34.004.943 төгрөг,

 

-2019 оны 04 сарын 09-ний өдрийн 36/17а тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээг байгуулаагүйд тооцож 2022 оны 01 сарын 10-ны өдрийн байдлаар:

*Үндсэн зээлийн үлдэгдэл 35.000.000 төгрөг,

*Зээлийн хүү 49.940.000 төгрөг,

*Нэмэгдүүлсэн хүү 8.260.000 төгрөг, Нийт 90.200.000 төгрөг

 

34.004.943+90.200.000=124.204.943 төгрөгийг зээлдэгчээс шаарджээ.

 

Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны 12 сарын 18-ны өдрийн 533 дугаартай Банк бус санхүүгийн байгууллагуудын тусгай зөвшөөрлийг хугацаагүй болгох тухай тогтоолоор хавсралтад дурдсан нэр бүхий 258 банк бус санхүүгийн байгууллагын банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хугацаагүй болгосон ба уг хавсралтын 151-т Э ББСБ гэж тусгасан байна.

Дээр дурдсан үйл баримт тус байгууллагын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон дүрэм, мөн хорооны www.frc.mn сайтад байршуулсан банк бус санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой тогтоолд тусгагдсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нийтэд илэрхий баримт тул дахин нотлох шаардлагагүй.

/ХХ-ийн 15-17 дугаар тал/

 

Зээлдэгч Б.Э нь Э ББСБ ХХК-тай 2017 оны 02 сарын 02-ны өдөр 06/17 тоот зээлийн гэрээ байгуулан бизнесийн зориулалтаар 20.000.000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлэн,

дээрхи зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдөр нь 06/17 дугаартай барьцааны гэрээ байгуулан Б.Э өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Нарлаг өргөө хотхон, /13312/, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 725/2, 22 тоотын 13.2 м.кв талбай бүхий авто зогсоолыг барьцаалан барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, барьцааны гэрээг байгуулсан өдрөө буюу 2017 оны 02 сарын 10-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Мөн зээлдэгч Б.Э нь зээлдүүлэгч Э ББСБ ХХК-тай 2017 оны 10 сарын 18-ны өдөр 36/17 тоот зээлийн гэрээ байгуулан бизнесийн зориулалтаар 35.000.000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлэн,

Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Бямбасүрэнгийн Бийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, 53-р байрны 17 тоотын 18 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Y-2202005641 дугаарт бүртгэгдсэн 1 өрөө орон сууцыг барьцаалан барьцааны гэрээ бичгээр байгуулан нотариатчаар гэрчлүүлэн барьцааны гэрээг 2017 оны 10 сарын 19-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлжээ.

 

Талууд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээнүүдийг бичгээр байгуулан нотариатчаар гэрчлүүлэн 2017 оны 02 сарын 02-ны өдрийн 06/17 тоот гэрээг 2017 оны 02 сарын 10-ны өдөр, 2017 оны 10 сарын 18-ны өдрийн 36/17 тоот гэрээг 2017 оны 10 сарын 19-ний өдөр тус тус улсын бүртгэлд бүртгүүлснээр уг барьцааны гэрээнүүд хүчин төгөлдөр болсон байна.

/ХХ-ийн 3-7, 13, 100-104, 106, 112-115, 151-156, 161-165 дугаар тал/

 

Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, 53-р байр, 17 тоотын 18 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2202005641 дугаарт бүртгэлтэй, 1 өрөө орон сууц нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Бямбасүрэнгийн Бийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон болно.

/ХХ-ийн 12, 104, 156, 158 дугаар тал/

 

Хариуцагч Б.Э нь 2017 оны 02 сарын 02-ны өдрийн 06/17 тоот гэрээний дагуу 20.000.000 төгрөгийг хүлээн авч зарцуулсан талаараа маргаагүй болно.

Зээлдэгч Б.Эт 2017 оны 10 сарын 18-ны өдрийн 36/17 тоот гэрээний дагуу зээлэн авсан 35.000.000 төгрөгийг Э ББСБ ХХК нь түүний Хаан банк дахь 5003272125 тоот дансанд мөн өдөр нь шилжүүлэн өгсөн нь Б.Эийн Хаан банк дахь депозит дансны хуулгаар тогтоогдож байх ба талууд энэ талаар хэн аль нь маргаагүй.

/ХХ-ийн 87 дугаар тал/

 

1995 оны 10 сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно,

21 дүгээр зүйлийн 3-т Зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно,

21 дүгээр зүйлийн 4-т Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заажээ.

 

Иймд нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч Э ББСБ ХХК болон хариуцагч буюу зээлдэгч Б.Э нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдан тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзлээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй,

мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.

Зээлдүүлэгч Э ББСБ ХХК-ийн зээлдэгч Б.Этой байгуулсан дээр дурьдсан зээлийн гэрээнүүдийн дагуу зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй байна.

 

Зээлдэгч Б.Э нь дээр дурдсан зээлийн гэрээнүүдийн үүрэгт Э ББСБ ХХК-ийн захирал П.Мы эхнэр гэх Г.Чинтуяагийн Хаан банк дахь 5042367099 тоот дансанд 2017 оны 11 сарын 21-ний өдөр 1.685.500 төгрөг, 2017 оны 12 сарын 28-ны өдөр 1.650.000 төгрөг, 2018 оны 03 сарын 29-ний өдөр 3.000.000 төгрөг тус тус төлжээ.

/ХХ-ийн 88-90 дүгээр тал/

 

Хариуцагч Б.Э нь 2019 оны 04 сарын 09-ний өдөр Б.Бийн Хаан банк дахь 5027747332 тоот данснаас Э ББСБ ХХК-ийн захирал П.Мы эхнэр гэх Г.Чинтуяагийн Хаан банк дахь 5042367099 тоот дансанд 15.000.000 төгрөгийг зээлийн төлбөрт төлсөн талаар талууд хэн аль нь тайлбарлаж байх ба энэ тухайд маргахгүй байна.

/ХХ-ийн 95 дугаар тал/

 

Мөн тэрээр 2019 оны 04 сарын 09-ний өдөр зээлдүүлэгч Э ББСБ ХХК-д Б.Э би Япон улсаас машин оруулж ирж байгаа бизнест нэмж санхүүжилт шаардлагатай байгаа тул 28.000.000 төгрөг зээл нэмж олгоно уу гэх хүсэлт гаргасан ба хариуцагч Б.Э нь 28.000.000 төгрөг болон 15.000.000 төгрөгийг тус тус тооцон 2017 оны 02 сарын 02-ны өдрийн 06/17 тоот зээлийн гэрээг дуусгавар болгох хүсэлт гаргасан гэж нэхэмжлэгч тал тайлбарлалаа.

/ХХ-ийн 11, 43, 105, 107, 111, 157, 159 дүгээр тал/

 

2019 оны 04 сарын 09-ний өдрийн байдлаар:

Хариуцагч Б.Э нь 2017 оны 02 сарын 02-ны өдрийн 06/17 тоот гэрээний үүрэгт:

-Үндсэн зээл 20.000.000 төгрөг,

-Зээлийн хүү 8.640.000 төгрөг,

-Нэмэгдүүлсэн хүү 1.758.000 төгрөг, нийт 30.398.000 төгрөг,

 

2017 оны 10 сарын 18-ны өдрийн 36/17 тоот гэрээний үүрэгт:

-Үндсэн зээл 35.000.000 төгрөг,

-Зээлийн хүү 14.695.000 төгрөг,

-Нэмэгдүүлсэн хүү 1.211.000 төгрөг, нийт 50.906.000 төгрөг байсан талаар талууд хэн аль нь тайлбарлаж байна.

 

Дээр дурдсаны дагуу талууд 2019 оны 04 сарын 09-ний өдөр харилцан тохиролцон 2017 оны 02 сарын 02-ны өдрийн гэрээний дагуух үндсэн зээл 20.000.000 төгрөг болон зээлийн хүү 8.640.000 төгрөгийг төлсөн, шилжүүлсэнээр тооцон, нэмэгдүүлсэн хүү 1.758.000 төгрөгөөс чөлөөлөн 2017 оны 02 сарын 02-ны өдрийн 06/17 тоот гэрээг дуусгавар болгосон талаар хариуцагч Б.Э маргаагүй бөгөөд 2017 оны 10 сарын 18-ны өдрийн 36/17 тоот гэрээний дагуух зээлийн хүүг 14.360.000 төгрөгт тооцон мөн төлсөн гэж үзэн, уг гэрээний нэмэгдүүлсэн хүү 1.211.000 төгрөгийг төлөхөөс чөлөөлсөн хэмээн зээлдүүлэгч Э ББСБ ХХК нь тайлбарлалаа.

 

2017 оны 02 сарын 02-ны өдрийн 06/17 тоот зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгон уг гэрээний үүрэгт барьцаалсан зээлдэгч Б.Эийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Нарлаг өргөө хотхон, /13312/, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 725/2, 22 тоотын 13.2 м.кв талбай бүхий авто зогсоолыг барьцаанаас чөлөөлсөн талаар талууд мөн маргаагүй.

 

Ингээд талууд 2017 оны 10 сарын 18-ны өдрийн 36/17 тоот зээлийн гэрээний 9.3-т Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болох бөгөөд оруулсан нэмэлт, өөрчлөлт талуудын бүрэн эрхт төлөөлөгчид гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр гэж тооцогдоно. ... гэж заасныг үндэслэн уг гэрээний 1.3, 1.3.1, 1.3.2, 2.2.1 дэх заалтуудад дараах байдлаар өөрчлөлт оруулжээ. Үүнд:

1.3-т Зээлдүүлэгч нь нэмж 28.000.000 төгрөг, нийт 63.000.000 төгрөгийн зээл олгоно,

1.3.1-т Зээлийн хугацаа 49 сар,

1.3.2-т Зээлийн хүү сарын 2.5 хувь гэж өөрчлөн 2019 оны 04 сарын 09-ний өдөр 36/17а дугаартай гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ байгуулсан нь зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, талуудын тайлбараар тогтоогдлоо.

 

Хариуцагч Б.Э 2019 оны 04 сарын 09-ний өдөр 28.000.000 төгрөгийг бодитоор аваагүй гэж маргаж байх боловч зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2017 оны 02 сарын 02-ны өдрийн 06/17 тоот болон 2017 оны 10 сарын 18-ны өдрийн 36/17 тоот гэрээний дагуу төлбөрөө төлсөн тул талууд 2019 оны 04 сарын 09-ний өдөр зээлийн эргэн төлөлт, хугацааны талаарх хуваарийг шинээр баталж 06/17а дугаартай гэрээг байгуулсан гэж үзэхээр байна.

Талуудын дээрх байдлаар тохиролцсон тохиролцоо нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасантай нийцжээ.

/ХХ-ийн 5, 106, 117-131, 155 дугаар тал/

 

2019 оны 04 сарын 09-ний өдрийн 36/17а тоот гэрээний 2.2.1-т 35.000.000+28.000.000 төгрөг, нийт 63.000.000 төгрөгийг төлөх хуваарийн талаар заасан ба уг гэрээний 2-т энэхүү гэрээ нь 36/17 тоот зээлийн болон барьцааны гэрээний салшгүй хэсэг бөгөөд зээлийн болон барьцааны гэрээнүүдийн бусад заалтууд хэвээр үйлчилнэ гэж заажээ.

2017 оны 10 сарын 18-ны өдрийн 36/17 тоот гэрээний 8.1-т Гэрээний нөхцөл бүрэн биелэгдэж, үндсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр бүрэн хийгдэж дууссанаар энэхүү гэрээ дуусгавар болно,

8.2-т Зээлдэгч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй дараахь тохиолдлуудад зээлдүүлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө дангаар цуцалж, үндсэн зээл, хүүг хугацаанаас өмнө төлөх болон энэхүү гэрээний 2.2.1 дахь зээл, зээлийн хүү төлөх хуваарьт заасан хугацаанаас хэтрүүлсэн төлбөрт нэмэгдүүлсэн хүүг давхар төлөхийг шаардах эрхтэй. Үүнд:

8.2.4-т Зээлийн ашиглалтын явцад дараалсан 3 сар хүүгээ төлөөгүй, зээлдэгчийн санхүү, төлбөрийн чадвар ... эрс муудаж байгаа нь тогтоогдсон бол гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн төлбөрийг шаардах талаар тусгажээ.

 

2019 оны 04 сарын 09-ний өдрийн 36/17а тоот зээлийн гэрээ байгуулсан хугацаанаас хойш зээлдэгч Б.Э 2020 оны 05 сарын 12-ны өдөр 500.000 төгрөг, 2020 оны 06 сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2020 оны 09 сарын 01-ний өдөр 500.000 төгрөг, 2020 оны 10 сарын 26-ны өдөр 1.000.000 төгрөг тус тус төлсөн талаар талууд мөн маргаагүй.

/ХХ-ийн 88-95 дугаар тал/

 

Зээлдэгч Б.Э нь 2020 оны 10 сарын 26-ны өдрөөс хойш гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул зээлдүүлэгч Э ББСБ ХХК нь түүнээс зээлийн гэрээний үүрэг шаардан 2021 оны 07 сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь зээлийн тооцоололд тусгагджээ.

/ХХ-ийн 8-10, 41, 137-139 дүгээр тал/

 

1995 оны 10 сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө,

2021 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн даган мөрдсөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус заажээ.

Дээр дурдсаны дагуу банк бус санхүүгийн байгууллага гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчээс гэрээний үүргээ биелүүлээгүй хугацааны хүүг нэхэмжлэх эрхтэй.

 

Монгол улсын Засгийн газрын 2020 оны 11 сарын 18-ны өдрийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 183 дугаар тогтоолын 8-д Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 07 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороонд тус тус зөвлөсөн ба зээлдэгч Б.Э нь дээрх байдлаар зээлдүүлэгчид хүсэлтээ гаргаж байгаагүй нь хариуцагч талын тайлбараар тогтоогдсон болно.

 

Нэхэмжлэгч Э ББСБ ХХК нь 2022 оны 01 сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 02 сарын 02-ны өдрийн 06/17 тоот зээлийн гэрээний үүрэг хангагдаагүйд тооцон 2022 оны 01 сарын 10-ны байдлаар:

*Үндсэн зээлийн үлдэгдэл 15.398.000 төгрөг, зээлийн хүү 15.505.786 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.101.157 төгрөг, Нийт 34.004.943 төгрөг,

 

-2019 оны 04 сарын 09-ний өдрийн 36/17а тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээг байгуулаагүйд тооцож 2022 оны 01 сарын 10-ны байдлаар:

*Үндсэн зээлийн үлдэгдэл 35.000.000 төгрөг, зээлийн хүү 49.940.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8.260.000 төгрөг, Нийт 90.200.000 төгрөг, бүгд 124.204.943 төгрөгийг нэхэмжилж байна хэмээн тайлбарласан бөгөөд тухайн цаг хугацаанд уг гэрээний агуулга, нөхцөл, хүчин төгөлдөр байдлыг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан атлаа хожим дээрхи гэрээнээс улбаатай зээлийн төлбөр төлөлттэй холбоотойгоор зээлдэгч тал маргахад зээлдүүлэгч нь хүчин төгөлдөр гэрээгээ байгуулаагүйд тооцуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т заасан гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, мөн гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимтай нийцэхгүй тул өөрчилсөн шаардлагын хүрээнд шийдвэрлэх үндэслэлгүй болно.

 

Хариуцагч Б.Э нэхэмжлэлийг эс зөвшөөрч буй татгалзлаа зээлийн гэрээний агуулга болон зээлийн гэрээний дагуу хийгдэж буй үйлдлүүд хууль зөрчсөн гэх агуулгаар тайлбарладаг ч энэ нь зээл авах, хүү төлөх гэрээ байгуулагдсан үйл баримтыг бүхэлд нь үгүйсгэх буюу зээлийн гэрээгээр хүлээсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Иймд талуудын хооронд байгуулсан 2019 оны 04 сарын 09-ний өдрийн 36/17а тоот гэрээний дагуу зээлийн төлбөрийг тооцох үндэслэлтэй ба зээлдэгч нь гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваариа удаа дараа зөрчсөн. 2020 оны 10 сарын 26-ны өдрөөс хойш гэрээний үүргээ гүйцэтгэлгүй нилээдгүй хугацаа өнгөрсөн байхад буюу 2021 оны 07 сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд зээлдүүлэгч гэрээ болон хуульд заасан шаардах эрхээ хэрэгжүүлэн зээлийг төлүүлэх арга хэмжээг аваагүйгээс үүдэн төлөгдөх эсэх нь эргэлзээтэй болсон зээлийн хүүгийн хэмжээ нэмэгдсэн гэж үзэхээр байна.

 

Зээлдэгчийн үүргийн гүйцэтгэлийн биелэлтэд доголдол гарсан нөхцөлд зээлдүүлэгч гэрээний 3 болон 8 дугаар зүйлд заасан арга хэмжээг аваагүй бөгөөд Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэн шударгаар хэрэгжүүлэх зарчимд нийцүүлэн 2019.04.09-ний өдрөөс 2020.11.09-ний өдрийг хүртэл хугацааны хүү 29.925.000 төгрөгөөс 36/17а тоот гэрээг байгуулсан хугацаанаас хойш төлсөн 3.000.000 төгрөгийг хасч зээлийн хүүнд 26.925.000 төгрөгийг хариуцагч Б.Эоос гаргуулах үндэслэлтэй.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Эоос үндсэн зээл 63.000.000 төгрөг, зээлийн хүү 26.925.000 төгрөг, нийт 89.925.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 34.279.943 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгон,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б.Э зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Бийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, 53-р байр, 17 тоотын 18 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2202005641 дугаарт бүртгэлтэй, 1 өрөө орон сууцаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурдлаа.

 

Хариуцагч тал 2017 оны 02 сарын 02-ны өдрийн 06 дугаартай зээлийн гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа 2021 оны 02 сарын 02-ны өдрөөр дуусгавар болсон хэмээн тайлбарласан ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил бөгөөд талууд 2019 оны 04 сарын 09-ний өдөр уг гэрээний үүргийг дуусгавар болгохтой холбоотой тохиролцсон тул энэ талаар дүгнэх шаардлагагүй.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б шүүх хуралдаанд ирээгүй ба тэрээр шүүх хуралдаанд оролцохгүй гэх тайлбарыг гаргасан бөгөөд зохигч хэн аль түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Бийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Эоос 89.925.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 34.279.943 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.134.955 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эоос 677.775 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б.Э зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Бийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, 53-р байр, 17 тоотын 18 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2202005641 дугаарт бүртгэлтэй, 1 өрөө орон сууцаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурдсугай.

 

4. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2022 оны 01 сарын 27-ны өдрийн 2621 дугаар захирамжаар хариуцагч Б.Эийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр буюу 124.204.943 төгрөгийн хэмжээгээр битүүмжилсэн бөгөөд уг захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй хэвээр байх болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН