Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2023/00011

 

 Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2022/03492 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2022/01893 дугаар магадлалтай,

 Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

Б.Э-д холбогдох

 Зээлийн гэрээний үүрэгт 131,556,166 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.М, хариуцагчийн өмгөөлөгч Ж.О нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г, Б.Г, хариуцагчийн өмгөөлөгч Ж.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Б.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 131,556,166 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2022/03492 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Э-с61,852,800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 69,703,366 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Э нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Б-ийн өмчлөлийн эрх улсын бүртгэлийн ......... дугаартай, ............ үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,379,215 төгрөгөөс 885,931 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 493,284 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Э-с улсын тэмдэгтийн хураамжид 537,414 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2022/01893 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2022/03492 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...61,852,800 гэснийг ...55,425,000 гэж, ...69,703,366 гэснийг ...76,131,166 гэж, 2 дахь заалтын ...537,414 гэснийг ...435,075 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-р зүйлд заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Анхан болон давж заалдах шатны шүүх нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995.10.31-ний өдөр/-ийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсгийг тус тус зөрүүтэй хэрэглэсэн нь Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.а хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол гаргах үндэслэл болсон байна.

Тухайлбал, анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэг 6-р нүүрний 3-р догол мөрт ...Хуулийн уг зохицуулалтаар хариуцагч Б.Э нь зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүүг төлөх үүрэгтэй тул зээлийн гэрээний хугацаа дууссан гэж зээлийн үндсэн хүүгийн зарим хэсгийг төлөхгүй гэж маргасан нь үндэслэлгүй. гэж дүгнэсэн.

Харин давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсгийн 10 дугаарт Дээрх зээлийн гэрээгээр талууд хэтэрсэн хугацааны хүүг тохиролцож тогтоогоогүй тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас хэтэрсэн хугацааны хүү шаардах хууль зүйн үндэслэлгүй, хариуцагчийн өмгөөлөгчийн энэ талаарх гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив. гэж зөрүүтэй дүгнэсэн юм.

Гэтэл талуудын хооронд байгуулсан 2017.02.02-ны өдрийн 06/17 тоот болон 2017.10.18-ны өдрийн 36/17 тоот Зээлийн гэрээний 9.5 дахь хэсэгт хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн талаар Зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд энэхүү хугацаа нь цаашид үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үргэлжилнэ. Зээлийн гэрээнд заасан хугацаа дууссан нь хугацаа хэтэрсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй. гэж тохиролцсон юм.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана. улмаар тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө. гэж тус тус заасан.

4.2. Анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлал нь Монгол Улсын дээд шүүхийн 2006.12.21-ний өдрийн 53 тоот тогтоолоор гаргасанИргэний хуулийн 44, 45, 46 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зүйл, заалтын тайлбар-тай зөрчилдөж байгаа нь Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.6 хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.3 дахь хэсэгт заасан хяналтын журмаар гомдол гаргах үндэслэлтэй байна.

Тухайлбал, анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэг, 7 дугаар нүүрэнд Нэхэмжлэгч Э ХХК-ийн хариуцагч Б.Э-с гаргуулахаар шаардсан нэмэгдүүлсэн хүү 7,171,166 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. Учир нь, талуудын байгуулсан 2017.10.18-ны өдрийн 36/17 тоот зээлийн гэрээний 1.3.3-д ...нэмэгдүүлсэн хүү сарын 0.6 хувь... гэж заасан байна. ...Иймд нэхэмжлэгч Э ХХК нь нэмэгдүүлсэн хүү хариуцагчаас шаардах эрхгүй байна. гэж дүгнэсэн нь Улсын Дээд Шүүхийн тайлбарын 2 дугаар бүлгийн 2.5 дахь хэсэгт заасантай нийцэхгүй дүгнэлт болсон.

Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсгийн 8а болон 8б дахь хэсгүүдэд дурдсан тооцоолол, улмаар 10 дугаар хэсэгт Дээрх зээлийн гэрээгээр талууд хэтэрсэн хугацааны хүүг тохиролцож тогтоогоогүй тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас хэтэрсэн хугацааны хүү шаардах хууль зүйн үндэслэлгүй... гэж дүгнэсэн нь Улсын дээд шүүхийн тайлбарын 2 дугаар бүлгийн 2.4 дэх хэсэгт тайлбарласнаас өөрөөр тухайн хуулийн заалтуудыг хэрэглэжээ.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг хянан үзэж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагч*******оос 2022.01.10-ны өдрийн байдлаар 2017.02.02-ны өдрийн 06/17 тоот Зээлийн гэрээний үүрэгт нийт 34,004,943 төгрөг, 2017.10.18-ны өдрийн 36/17 тоот Зээлийн гэрээний үүрэгт нийт 90,200,000 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардсаныг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 5. Хариуцагчийн өмгөөлөгч Ж.О журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дүгээр зүйлийн 172.1, 172.2.1-д заасныг удирдлага болгон гомдол гаргаж байна.

Тус магадлалд: ...8а. Зохигчдын хооронд 2017.02.02-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлдэгч нь үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн хүү 7,200,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,440,000 төгрөг, нийт 28,640,000 төгрөгөөс 2019.04.09-ний өдөр төлсөн 15,000,000 төгрөгийг хасвал хариуцагч Б.Э нь нэхэмжлэгч Э ХХК-д 13,640,000 төгрөг төлөх үүрэгтэй, мөн оны 10-р сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 41,785,000 төгрөг, нийт 55,425,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 76,131,166 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв... гэж нэхэмжлэлийн шаардлагаас хальсан шийдвэр гаргасан.

Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг оновчтой ойлгоогүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэдэг зарчимд харшилсан шийдвэр гаргасан.

Учир нь энэхүү хэрэг нь өмнө нь давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх рүү буцаагдаж байсан бөгөөд нэхэмжлэгч тал хэд хэдэн удаа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байсан. Үүнд: анхны нэхэмжлэлийн шаардлага нь 2017.02.02 өдрийн 06/17 тоот гэрээ болон 2017.10.18-ны өдрийн 36/17 тоот зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр бүгд 124,204,943 төгрөг гаргуулах тухай, 2 дахь удаагийн нэхэмжлэлийн шаардлага нь 2017.10.18-ны өдрийн 36/17 тоот зээлийн гэрээ болон 2019.04.09-ны өдрийн 36/17а дугаар зээлийн 7/8 тоот гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээний үлдэгдэл бүгд 131,556,166 төгрөгийг гаргуулахаар өөрчилсөн.

Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн татгалзсан анхны нэхэмжлэлийн шаардлага болох 2017.02.02-ны өдрийн 06/17 тоот гэрээг сүүлд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай хамтатган үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг үндэслэн шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагад байхгүй 2017.02.02-ны өдрийн 06/17 тоот гэрээг шүүх өөрөө сайн дураар оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь диспозитив буюу зохигчдын санаачилга, хүсэлтийн үндсэн дээр явагддаг мэтгэлцэх зарчмыг зөрчсөн.

Мөн шүүх өөрийн санаачлагаар нэхэмжлэлийн шаардлагаас хальж нэхэмжлэгчийн хүсэл зоригийн эсрэг дүгнэлт гаргах замаар хууль зөрчин нэхэмжлэгч талд ашигтай шүүхийн шийдвэр гаргахдаа хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн.

Хариуцагч талаас 2022.10.17-ны өдрийн 210/МА2022/01893 дугаартай магадлалын тогтоох хэсгийн 1-т заасан 55,425,000 төгрөгөөс 38,184,280 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 17,240,720 төгрөгийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт магадлалыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчлөх гэж заасны дагуу хүлээн зөвшөөрөхгүй байгаа 17,240,720 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 6. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгчийн төлөөлөгч П.М, хариуцагчийн өмгөөлөгч Ж.О нарын гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2022.12.09-ний өдрийн 001/ШХТ2022/01397 дугаар тогтоолыг гаргажээ.

 ХЯНАВАЛ:

 7. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлын заримыг хангаж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 8. Нэхэмжлэгч Э ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...зээлдэгч нь 2017.02.02-ны өдрийн №06/17 дугаартай Зээлийн гэрээгээр 20,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.0 хувийн хүүтэй, 2017.10.18-ны өдрийн №36/17 тоот зээлийн гэрээгээр 35,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.0 хувийн хүүтэй мөн зээлж авсан, зээлдүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эрхийн улсын бүртгэлтийн ... орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан.

Зээлдэгчийн хүсэлтээр 2019.04.09-ний өдөр №36/17а тоот Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ байгуулж, нэмэлтээр 28,000,000 төгрөгийн зээл олгож зээлийн хүүг сарын 2.5 хувь болгож, хугацааг 49 сар болгон сунгасан, ...Энэ зээлээр №06/17 тоот гэрээний үлдэгдэл 13,640,000 төгрөг, хүүний төлбөр 14,360,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан. ...зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг төлөөгүй тул үндсэн зээл 63,000,000 төгрөг /35,000,000+28,000,000/, зээлийн хүү 61,385,000, нэмэгдүүлсэн хүү 7,171,166 төгрөг, нийт 131,556,166 төгрөгийг нэхэмжилнэ... гэж тайлбарласан,

Хариуцагч Б.Э: ...2017.02.02-ны өдрийн №06/17 тоот гэрээний үүрэгт 2019.04.19-ний өдөр 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн, энэ төлбөрийг нэхэмжлэгч нь үндсэн зээлээс 6,360,000 төгрөгийг, хүүнээс 8,640,000 төгрөгийг хассан нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т нийцээгүй, хуульд зааснаар дээрх төлбөрийг үндсэн зээлээс хасч, үлдэгдэл 5,000,000 төгрөг үлдсэн, энэ төлбөрийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацаанд шаардаагүй тул шаардах эрх нь дууссан,

2017.10.18-ны өдрийн №36/17 дугаартай гэрээний хувьд зээлийн төлбөрт нийт 8,335,000 төгрөгийг төлсөн, хэтэрсэн хугацааны хүүгийн талаар зээлийн гэрээнд тохиролцоогүй тул хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй, иймд үндсэн зээлийн үлдэгдэл 26,665,000 төгрөг, гэрээний хугацааны хүү 9,699,400 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,919,880 төгрөг буюу нийт 38,184,280 төгрөгийг төлнө, нэхэмжлэлийн бусад шаардлагыг зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

 9. Анхан шатны шүүх хариуцагчаас 61,852,800 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 69,703,366 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгийг албадан худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн,

 Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, хариуцагчаас 55,425,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулсан байна.

 10. Анхан шатны шүүх: ...2019.04.09-ний өдрийн №36/17а тоот Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ бодитой хэрэгжээгүй, гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг олгоогүй тул нэхэмжлэгч нь энэ гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж дүгнэн, 2017.10.18-ны өдрийн №36/17 тоот гэрээний үүрэгт хариуцагчаас төлсөн 8,335,000 төгрөгийг үндсэн зээл 35,000,000 төгрөгөөс хасч, үлдэгдэл 26,665,000 төгрөгийг, зээлийн хүүг нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаагаар тооцож /2021.07.21 хүртэл 44 сар/ 35,197,800 төгрөгийн хамт нийт 61,852,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй, талуудын нэмэгдүүлсэн хүүг тохиролцсон гэрээний 1.3.3 дахь заалт Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасантай нийцээгүй, нэмэгдүүлсэн хүүгийн нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй үндэслэлээр гэрээний дээрх заалтыг хүчин төгөлдөр бус гэж дүгнэн, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардах эрхгүй... гэж дүгнэсэн бол,

 Давж заалдах шатны шүүх: ...зохигчийн хооронд хоёр зээлийн гэрээ байгуулагдсан, 2017.02.02-ны өдрийн 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 28,640,000 төгрөг төлөхөөс 15,000,000 төлсөн тул үлдэгдэл 13,640,000 төгрөгийг, 2017.10.18-ны өдрийн 35,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт нийт 50,120,0000 төгрөг төлөхөөс төлсөн 8,335,000 төгрөгийг хасаад үлдэх 41,785,000 төгрөгийг тус тус төлөх үүрэгтэй тул бүгд 55,425,000 төгрөгийг /13,640,000+41,785,000/ хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй, ...анхан шатны шүүх гэрээний хугацаанд төлсөн 8,335,000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж тооцсон нь үндэслэл муутай, Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ...талууд гэрээгээр хэтэрсэн хугацааны хүүг тохиролцож тогтоогоогүй тул Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995 оны/ 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас хэтэрсэн хугацааны хүү шаардах хууль зүйн үндэслэлгүй... гэсэн дүгнэлт хийжээ.

 11. Хэрэгт цугларсан баримтаар, нэхэмжлэгч Э ХХК нь зээлдэгч Б.Э 2017.02.02-ны өдөр №06/17 тоот Зээлийн гэрээгээр 20,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.0 хувийн хүүтэй, 2017.10.18-ны өдрийн №36/17 тоот гэрээгээр 35,000,000 төгрөгийг мөн 12 сарын хугацаатай, сарын 3.0 хувийн хүүтэй тус тус зээлдүүлсэн, үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож зээлдэгч өөрийн өмчлөлийн ...орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан,

 2019.04.09-ний өдөр талууд №36/17а тоот нэмэлт гэрээ байгуулж, тус гэрээгээр зээлдүүлэгч 28,000,000 төгрөгийг зээлдэгчид өгч, энэ зээлийн хөрөнгөөр №06/17 тоот зээлийн гэрээний үүргийг барагдуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч нь №36/17, №36/17а гэрээний үүргийг нэгтгэн шаардсан,

 хариуцагч Б.Э №06/17 тоот гэрээний үүрэгт 2019.04.09-ний өдөр 15,000,000 төгрөгийг, №36/17 тоот гэрээний үүрэгт нийт 8,335,000 төгрөгийг тус тус төлсөн, №36/17а тоот зээлийн гэрээгээр мөнгөн хөрөнгө зээлдэгчид шилжүүлээгүй талаар зохигч маргаагүй үйл баримт тогтоогджээ.

 12. Хоёр шатны шүүхийн зохигчийн хооронд Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, барьцааны гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ нь хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх дүгнэлт Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан зохицуулалтад нийцсэн байна.

 13. Харин зээлийн гэрээний үүрэгт шаардсан нэмэгдүүлсэн хүү, хэтэрсэн хугацааны хүүг тооцохдоо хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ. /тодорхойлох хэсгийн 4-т тусгагдсан/

 14. Талууд Гэрээний 1.3.3-т нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг 0.6 хувиар тодорхойлж, 2.2.4-т нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг тодорхойлсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан ...зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр гэрээнд зааж болно гэсэн журмыг зөрчөөгүй байх тул нэмэгдүүлсэн хүүг тохирсон гэрээний заалт ойлгомжгүй, хүчин төгөлдөр бус... гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болжээ.

 15. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх алдааг зөв тодорхойлж, нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч шийдвэрт өөрчлөлт оруулахдаа зээлийн хэтэрсэн хугацааны хүүг тодорхойлсон хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа гаргасан байх тул хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах замаар алдааг залруулах боломжтой гэж үзлээ.

16. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995 оны/ 25 дугаар зүйлийн 2-т хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж, 24 дүгээр зүйлийн 3-т зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү ...төлнө гэжээ.

 Дээрх хуулийн 25 дугаар зүйлийн 2-т заасан зохицуулалт нь зээлийн гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүй бол зээлийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд хэтэрсэн хугацааны зээлийн хүүг төлнө, энэхүү хүү нь гэрээгээр тохирсон үндсэн хүүний хэмжээнээс хэтрэхгүй байхаар талууд тохиролцож болно гэсэн агуулгатай байна.

 Түүнчлэн зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д хуульчилж өгсөн байх тул зээлдэгч нь гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй юм.

 17. Зохигч №06/17 тоот болон №36/17 тоот Зээлийн гэрээний 9.5-д зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд энэхүү хугацаа нь цаашид үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг бүрэн барагдуулах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үйлчилнэ. Зээлийн гэрээнд заасан хугацаа дууссан нь хугацаа хэтэрсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж тохиролцсон байна.

 Гэрээний дээрх заалтаас үзэхэд зээлдэгч гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүй бол зээлийн төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүүг гэрээнд заасан хэмжээгээр буюу сарын 3 хувиар төлнө гэж ойлгогдохоор харилцан тохиролцсон байхад давж заалдах шатны шүүх ...талууд гэрээгээр хэтэрсэн хугацааны хүү төлөхөөр тохиролцоогүй байна, энэ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995 оны/ холбогдох зохицуулалтад нийцээгүй... гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэл муутай, гэрээний заалтыг хуулийн агуулгад нийцүүлэн дүгнээгүй гэж үзнэ.

 18. Зохигчийн хооронд байгуулагдсан №06/17 тоот болон №36/17 тоот Зээлийн гэрээнүүд хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл, зээлдэгч гэрээний үүргийг биелүүлээгүй үндэслэлээр зээлдүүлэгч үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг зөрчөөгүй байна.

 Харин нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргаснаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсанд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг нэхэмжлэл гаргасан 2021.07.21-ний өдрөөр тасалбар болгож тооцох нь зүйтэй, түүнчлэн зээлдэгчийн гэрээний хугацаа өнгөрснөөс хойш төлсөн төлбөрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т зааснаар үндсэн зээлээс хасч тооцох журмаар зээлдэгчийн үүргийг тодорхойлно.

 19. Иймд 2017.02.02-ны өдрийн №06/17 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5,000,000 төгрөг, гэрээний хугацааны төлөгдөөгүй хүү болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 19,315,000 төгрөг, бүгд 24,315,200 төгрөг, 2017.10.18-ны өдрийн №36/17 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 33,000,000 төгрөг, гэрээний хугацааны төлөгдөөгүй хүү болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 54,930,400 төгрөг, бүгд 87,930,400 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй байх тул хариуцагчаас 112,245,600 /24,315,200+87,934,000/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 20. Анхан шатны шүүх хуралдаанаар №36/17а дугаартай нэмэлт гэрээний талаар зохигч мэтгэлцсэн, давж заалдах шатны шүүх дээрх гэрээг байгуулагдаагүй гэж дүгнэн, тус гэрээний үндэслэл болсон №06/17 тоот гэрээний талаар дүгнэлт хийж, хариуцагчийн үүргийг тодорхойлсон нь хуульд нийцсэн тул ...давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн шаардаагүй №06/17 тоот гэрээг дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагаас хальсан шийдвэр гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн... гэх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй, шүүх нотлох баримтыг үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчөөгүй байна.

 Түүнчлэн гэрээний хэтэрсэн хугацааны хүүтэй холбогдох гомдлын талаар тогтоолын 16-19-д тодорхой заасан тул хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг бүхэлд нь хангахгүй.

 21. Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа анхан шатны шүүхийн улсын тэмдэгтийн хураамжийг буруу тооцсон алдааг залруулаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн үнийг ихэсгэсэн хэмжээгээр нөхөн төлүүлнэ.

 Нэхэмжлэгч Э ХХК нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн нийт үнийн дүнгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцож, зөрүү төлбөрийг илүү төлсөн гэж дүгнэж, буцаан олгуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй тул хяналтын шатны шүүхээс алдааг залруулах нь зүйтэй.

 22. Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

 Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдэл Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д нийцсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Хяналтын шатны шүүхээс дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлын заримыг хангаж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.   Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2022/01893 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2022/03492 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б.Э-с 112,245,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгож, үлдэх 19,310,566 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,379,215 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э-с улсын тэмдэгтийн хураамжид 719,178 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч П.М-н гомдлын заримыг хангаж, хариуцагчийн өмгөөлөгч Ж.О-н гомдлыг хангахгүй орхисугай

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Э ХХК-иас 2022.11.17-ны өдөр төлсөн 501,850 төгрөгийг, хариуцагч Б.Э-с 2022.11.22-ны өдөр төлсөн 244,155 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН          Г.АЛТАНЧИМЭГ

               ШҮҮГЧИД         Н.БАЯРМАА

                                        П.ЗОЛЗАЯА

                                            Б.МӨНХТУЯА

                                                 Х.ЭРДЭНЭСУВД