Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2017/00523

 

Н.Мөнгөнчөдөрийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 131/ШШ2016/00926 дугаар шийдвэр,           

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 213/МА2017/00005 дугаар магадлалтай,

Н.Мөнгөнчөдөрийн нэхэмжлэлтэй,

Г.Алгаа, Ч.Баасандорж нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт  56.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Г.Алгаа, өмгөөлөгч Б.Билгүүн,  нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Мөнгөнчөдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор сумын 1 дүгээр багийн төвд үйл ажиллагаа явуулдаг Шар бүрд дэлгүүрийн эзэн Г.Алгаа болон түүний хүү Ч.Баасандорж нарт 87.000.000 төгрөгийг бэлнээр зээлдүүлсэн. Г.Алгаа, Ч.Баасандорж нар нь надаас 87.000.000 төгрөгийг 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд зээлж, тус зээлийн хүүнд  43.000.000 төгрөгийг  үндсэн зээл 87.000.000 төгрөгийн хамт надад өгөхөөр бид тохиролцож нийт 130.000.000 төгрөгөөс хүү 43.000.000 төгрөг, үндсэн зээл 31.000.000 төгрөгийг надад өгсөн боловч  үндсэн зээлийн үлдэгдэл 56.000.000 төгрөг төлөөгүй. Цагдаагийн байгууллагад хандаж шалгуулсан боловч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзсэн болно. Ч.Баасандорж, Г.Алгаа нар нь надаас мөнгө гуйсаар байгаад зээлж авсан атлаа одоо тохиролцсон ёсоороо мөнгөө өгөхгүй, намайг хохироож байгаад гомдолтой байна. Иймд Ч.Баасандорж, Г.Алгаа нараас үндсэн зээлийн үлдэгдэл 56.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Алгаа, Ч.Баасандорж нар шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Алгаа миний бие хүү Ч.Баасандоржтойгоо ярилцаж байгаад түүний танил найз Н.Мөнгөнчөдөрөөс 2014 оны 04 дүгээр сарын 28-наас 2014 оны 7 дугаар сарын 03-ныг хүртэл нийт 60.000.000 төгрөг зээлж авсан юм. Хас банкнаас миний хөөцөлдсөн зээл 2014 оны 12 дугаар сарын эхэнд гарсан. Гэтэл Н.Мөнгөнчөдөр цагдаагийн  байгууллагад “залилан мэхэлсэн”  гэж өргөдөл гарган, улмаар өргөдлийнхөө 1 хувийг Хас банкинд аваачин өгч худал цуурхал тараасны улмаас банк миний зээлийн дансыг хаасан. Ингээд Н.Мөнгөнчөдөр нь 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Ч.Баасандорж бид хоёрыг гэрээ байгуулъя, нотариатаар батлуулъя гэж дуудсан. Н.Мөнгөнчөдөр гэрээ гэх зүйл бичиж ирсэн түүнийг нь үзтэл 87 сая төгрөг зээлдүүлсэн, хүү нь 43.000.000 төгрөг гэж бичсэн байсан. Н.Мөнгөнчөдөрийг “...банкинд намайг залилан хийгээгүй...” гэдэг бичгийг өгүүлэхийн тулд Н.Мөнгөнчөдөрийн өндөр хүүтэй, аваагүй 87.000.000 төгрөгийн гэрээнд гарын үсэг зурсан юм. Учир нь банк хэрэгт холбогдоогүй гэдэг албан бичиг аваад ирвэл таны зээл гарна гэж хэлсэн юм. Н.Мөнгөнчөдөрт нийт 81.000.000 буцааж төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Г.Алгаа, Ч.Баасандорж нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Н.Мөнгөнчөдөр нь 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Ч.Баасандорж бид хоёрыг дуудаж гэрээ байгуулъя, нотариатаар батлуулъя гэж дуудсан. Түүний дагуу Н.Мөнгөнчөдөр гэрээ гэх зүйл бичиж ирсэн байсан. Тэр гэрээг нь үзтэл 87.000.000 төгрөг зээлдүүлсэн, хүү нь 43.000.000 төгрөг гэж бичсэн байсныг нь яагаад ийм өндөр болчихсон байгааг асуутал хуулийн дагуу зээлдүүлсэн мөнгөний хүү нь ингэж гарч байна, дангаараа хүүний мөнгө нэхэж болдоггүй юм гэсэн утгатай зүйл ярьсан. Бид гэрээнд заасан шиг 87.000.000 төгрөг түүнээс зээлээгүй бөгөөд, бид мөнгөн дүн дээр хоёр талаас тооцоо нийлж тохиролцоод байсан зүйл байхгүй. Мөнгөнчөдөрөөс цагдаагийн байгууллагад гаргасан өргөдлийнх нь дагуу намайг асууж шалгаж иргэн хоорондын маргаан гэдгийг тогтоосон юм байна лээ. Түүний дагуу прокуророос албан бичиг гарсныг надад өгөхгүй, Мөнгөнчөдөрт л өгдөг юм байх гэж ойлгоод Мөнгөнчөдөрийг Банкинд намайг залилан хийгээгүй гэдэг бичгийг өгүүлэхийн тулд Мөнгөнчөдөрийн өндөр хүүтэй, аваагүй 87.000.000 төгрөгийн гэрээнд гарын үсэг зурсан юм. Учир нь банкнаас залилан гэх мэт хэрэгт холбогдоогүй гэдэг албан бичиг аваад ирвэл таны зээл гарна гэж хэлсэн. Ингээд Мөнгөнчөдөрөөс Прокурорын тогтоолыг авч банкинд өгсөн юм. Үүний дараа Н.Мөнгөнчөдөрөөс зээлсэн мөнгийг хүүтэй төлсөн ба нийт 81.040.000 төгрөг өгснөөр энэ асуудал бүрэн дууссан байтал Н.Мөнгөнчөдөр нь зохиомол хүү үүсгээд үндсэн зээлийн үлдэгдэл гэх нэрээр мөнгө нэхэмжлээд байгаад гомдолтой байна. Иймд 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Н.Мөнгөнчөдөр, Г.Алгаа, Ч.Баасандорж бидний хооронд хийсэн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.Мөнгөнчөдөр сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Ч.Баасандорж, Г.Алгаа нартай харилцан ярилцаж, өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлж, тохиролцсоны үндсэн дээр 2014 оны 12 сарын 31-ний өдөр бидний байгуулсан хэлцэл нь хуульд заасан нөхцөл шаардлагыг бүрэн хангасан. Ч.Баасандорж, Г.Алгаа нартай 2014 оны 12 сарын 31-ний өдөр 87.000.000 төгрөгийг зээлүүлсэн талаарх хэлцлийг байгуулахад Ч.Баасандорж, Г.Алгаа болон миний бие эрх зүйн бүрэн чадамжтай, сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох чадвартай байсан. Ч.Баасандорж, Г.Алгаа нар нь 87.000.000 төгрөгийг зээлийн хүү 43.000.000 төгрөгийн хамт нийт 130.000.000 төгрөгийг гэрээний хугацаа дуусмагц надад өгөхөөр тохиролцсон. Гэтэл Ч.Баасандорж, Г.Алгаа нар нь хүүний 43.000.000 төгрөг, үндсэн зээлээс 31.000.000 төгрөг нийт 74.000.000 төгрөгийг надад өгсөн ба одоо үндсэн зээлийн үлдэгдэл 56.000.000 төгрөг үлдсэн. 2015 оны 03 сарын 20-ны өдрийн 106 дугаартай эвлэрлийн гэрээнд Г.Алгаа нь үндсэн зээлийн үлдэгдэл 56.000.000 төгрөгийг төлнө гэснээр эвлэрүүлэх ажиллагаа амжилттай явагдаж эвлэрлийн гэрээг тус шүүхээс баталгаажуулж шүүгчийн захирамж гарсан боловч Г.Алгаа нь бүх эд хөрөнгөө хүү Ч.Баасандоржийн нэр дээр шилжүүлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны үйл ажиллагаанд саад болж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийх боломжгүй болсон тул тус эвлэрлийн гэрээг баталгаажуулсан захирамжийг хүчингүй болгуулахаар хүсэлт гаргасны үндсэн дээр шүүгчийн захирамж хүчингүй болж дахин энэ асуудлаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэх боломжтой болсон. Гэрээнд гарын үсэг зурахдаа Г.Алгаа Ч.Баасандорж нар нь өөрсдийн хүсэл зоригийн үндсэн дээр өөрсдөө харилцан тохиролцож зурсан гэжээ.

Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 131/ШШ2016/00926 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Мөнгөнчөдөрийн зээлийн гэрээний үүргийн 56.000.000 төгрөгийг хариуцагч Г.Алгаа, Ч.Баасандорж нараас гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Г.Алгаа, Ч.Баасандорж нарын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.1-д тус тус заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Н.Мөнгөнчөдөрийн төлсөн 437.950 төгрөг, хариуцагч Г.Алгаа, Ч.Баасандорж нарын төлсөн 592.950 төгрөгийг тус тус төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 213/МА2017/00005 дугаар магадлалаар: Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 131/ШШ2016/00926 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт 1 дүгээр заалтын “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Мөнгөнчөдөрийн зээлийн гэрээний үүргийн 56.000.000 төгрөгийг хариуцагч Г.Алгаа, Ч.Баасандорж нараас гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Г.Алгаа,Ч.Баасандорж нарын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “…Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Г.Алгаа, Ч.Баасандорж нараас зээлийн гэрээний үүргийн 14.660.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Мөнгөнчөдөрт олгож, хариуцагч Г.Алгаа, Ч.Баасандорж нарын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, 2 дугаар заалтанд “…Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.1-д тус тус заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Н.Мөнгөнчөдөрийн төлсөн 437.950 төгрөг, хариуцагч Г.Алгаа, Ч.Баасандорж нарын төлсөн 592.950 төгрөгийг тус тус төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж...”, гэсний дараа “…Г.Алгаа, Ч.Баасандорж нараас 231.250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Мөнгөнчөдөрт олгосугай…” гэсэн хэсэг нэмж шийдвэрийн бусад заалтын хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгч Н.Мөнгөнчөдөрөөс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 437.950 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Алгаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 213/МА2017/00005 дугаартай магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Магадлалд "... Нэхэмжлэгч Н.Мөнгөнчөдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ... 2014 оны 04 дугаар сарын 28-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд ... Г.Алгаа болон Ч.Баасандорж нарт 87.000.000 төгрөгийг бэлнээр зээлдүүлсэн... 2015 өны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл зээлүүлсэн... сард 10%-ийн хүүтэй зээлүүлсэн...” гэжээ. Хавтаст хэрэгт Г.Алгаа болон Ч.Баасандоржид 87 сая төгрөг өгсөн нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт байдаггүй бөгөөд зөвхөн хариуцагчаас гаргаж өгсөн банкны дипозит дансны хуулган дээр маргадаг. Манай талаас гаргаж өгсөн нотлох баримтуудаар нэхэмжлэгчээс 60.000.000 төгрөг авсан эргүүлэн 81.040.000 төгрөг буцаан төлсөн бөгөөд үүнийгээ нотолдог. Нэхэмжлэгч талтай 2014 оны 12 дугаар сарыг 31-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээг нэг талын тулган шаардлагаар байгуулсан бөгөөд хариуцагч талын хууль зүйн мэдлэг дутмагаас нэхэмжлэгчийн 60 сая төгрөгийг хүүтэй нь нийлүүлэн 87 сая төгрөг болгон гэрээнд тусгасан байсан гэрээнд гарын үсэг зурсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй. Гэтэл хариуцагч талаас гаргасан нотлох баримтыг түшиглэж маргадаг. Нэхэмжлэгч хэдийгээр 87 сая төгрөг зээлсэн гэдэг боловч давж заалдах шатны магадлалын үндэслэх хэсэгт "... Дээр дурьдсан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон бусад нотлох баримтуудаар Н.Мөнгөнчөдөр нь зээлдэгч Г.Алгаа, Ч.Баасандорж нарт нийт 80 000 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн нь тогтоогдож байна.” гэжээ. Зээлдүүлэгч гэрээнд заасан үүргээ өөрөө биелүүлээгүй байдал харагдаж мөн энэ гэрээнд заасан дүнгээр мөн өгсөн гэдэг нь эргэлзээтэй бөгөөд хариуцагч талын тайлбарлан нотолж буй 60 сая төгрөг бэлнээр зээлж авсан ба хүүтэй нь нийлүүлээд 87 сая төгрөг болгосон гэдэг үндэслэлтэй байж болохоор байна. Мөн үндэслэх хэсэгт “ ... Хариуцагч буюу зээлдэгч тал нийт 87 сая төгрөг зээлснээс 81.040.000 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байгаа бөгөөд зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 5 960 000 төгрөг байна. Үүн дээр зээлийн гэрээнд заасан 10 хувийн хүүг нэг удаа тооцож 8 700 000 төгрөгийг нэмбэл 14 660 000 төгрөгийг хариуцагч ... нараас гаргуулан нэхэмжлэгч... олгох үндэстэй байна." гэжээ. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар 80 сая төгрөгийг зээлсэн гэж үзсэн атлаа зээлийн гэрээг 87 сая гэж тооцон гүйцэтгээгүй үүргийн дүн болон нэг сарын хүү гэж тооцон 14.660.000 төгрөг гэж тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгч зээлдүүлэгчээс авсан хэмжээний мөнгө болон тохирсон хүүг төлөх үүрэгтэй. Иймээс зээлдүүлэгчээс хүлээн авсан 60 сая төгрөгийг хүүгийн хамт буцаан өгөх үүрэгтэй бөгөөд хүүг тооцохдоо цувуулан өгсөн хугацаа бүрт ялгавартай тооцох ёстой. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалд буруу заасан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.дахь хэсэгт зааснаар гэтэл гомдол дээр дурьдсан үндэслэлүүдээр Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 213/МА2017/00005 дугаартай магадлалыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул уг магадлалыг хүчингүй болгож сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 131/ШШ2016/00926 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Мөнхбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 213/МА2017/00005 магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхийн энэхүү магадлал нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу зээлийн маргааныг зохицуулбал зохих хэм хэмжээг зөв хэрэглээгүй нэхэмжлэгч талыг хамгаалсан, нотлох баримтанд үндэслэгдээгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Г.Алгаа нь Н.Мөнгөнчөдөрөөс нийт 60.000.000 төгрөг зээлсэн байдаг. Хариуцагч талаас хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтаа шүүхэд өгсөн, мөн нэхэмжлэгч тал ч нотлох баримт гаргуулах зэрэг хүсэлт тавьж, бүхий л нотлох баримтаа өгсөн байсан. Анхан шатны шүүхийн шатанд зохигчид уулзаж зээл өгсөн, зээл авсан мөнгөн дүнгийн бүхий л баримтыг шүүсэн ч 87.000.000 төгрөг зээлдүүлээгүй гэдэг нь илэрхий болсон юм. Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалаа тайлбарлахдаа: “87.000.000 сая төгрөг зээлдүүлсэн байх боломжтой гэж үзлээ. Учир нь: Өмнө нь эвлэрүүлэн зуучлагчид болон цагдаагийн байгууллагад хандахад нь өгнө гэж хэлж байсан байна” гэж тайлбарласан. Хариуцагч Г.Алгаа нь эвлэрүүлэн зуучлагч болон цагдаагийн байгууллагад хэлэхдээ “зээлсэн мөнгөө өгнө" гэж хэлсэн нь 87.000.000 сая төгрөг зээлсэн утга агуулгагүй илэрхийлээгүй байсан. Магадлалд: “Г.Алгаагийн дансанд бараа материалын үнэ шилжүүлэв 15.000.000 төгрөг, орлого 5.000.000 төгрөг нийт 20.000.000 төгрөг орлого болж орж ирснийг Н.Мөнгөнчөдөр нь зээлдэгч Г.Алгаа, Ч.Баасандорж нарт шилжүүлсэн мөнгө гэж тайлбарладаг байна. Дээр дурдьсан....Н.Мөнгөнчөдөр нь зээлдэгч Г.Алгаа, Ч.Баасандорж нарт нийт 80.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн болох нь тогтоогдож байна” гэжээ. Энэхүү орлогын баримт нь Г.Алгаагийн Хас банкин дахь дансны шилжүүлэг бөгөөд хүүхдийн баярын үеэр орлогоо бараа материал татах зорилгоор дансандаа төвлөрүүлсэн гэдгээ тодорхой тайлбарласан байсан. Цаг хугацааны давтамжаар ч Н.Мөнгөнчөдөрөөс орж ирсэн байх боломжгүй юм.

Хариуцагч нар үүргээ зохих ёсоор биелүүлчихсэн байхад давж заалдах шатны шүүх дахин үндсэн мөнгө, хүү тооцуулж шийдвэрлээд байгаа нь хуулийн зүйл заалтаа зөв оновчтой хэрэглээгүй гэж үзэж байна. Иймд Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 213/МА2017/00005 магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ           

            Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.  

Нэхэмжлэгч Н.Мөнгөнчөдөр нь хариуцагч  Г.Алгаа, Ч.Баасандорж нараас зээлийн гэрээний үүрэгт 56.000.000 төгрөг  шаардахдаа нэхэмжлэлийн үндэслэлийг  “...2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 87.000.000 төгрөг зээлдүүлсэн, зээл, хүүд нийт 130.000.000 төгрөг төлөхөөр тохиролцсоноос хүү 43.000.000 төгрөг,  зээл 31.000.000 төгрөг төлсөн” гэж тодорхойлжээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө  “...60.000.000 төгрөг зээлж, 81.040.000 төгрөг буцааж төлсөн”  гэж марган улмаар 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

            Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн  282.3-д хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол хүү авах эрхээ алдахаар заасан. Түүнчлэн мөн зүйлийн 282.4-т “мөнгө, эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр гэрээг байгуулагдсанд тооцно” гэжээ.

Хариуцагч гэрээнд заасан 87.000.000 төгрөгийг хүлээн аваагүй гэж маргаж буй тохиолдолд нэхэмжлэгч гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөө нотлох үүрэгтэй.

Анхан шатны шүүх хариуцагч нь нэхэмжлэгчээс 60.000.000 төгрөг зээлж, 75.240.000 төгрөг буцаан төлж гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй байна.  

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлээс 14.660.000 төгрөгийн шаардлагыг хангахдаа Г.Алгаагийн дансанд бараа  материалын үнэд 15.000.000 төгрөг, орлого 5.000.000 төгрөг нийт 20.000.000 төгрөгийн орлого орж  ирсэн, Н.Мөнгөнчөдөр нь Г.Алгаа, Ч.Баасандорж нарт нийт 80.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан баримтад үндэслэгдээгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч нартай 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан “гэрээ” гэсэн баримтыг үндэслэн зээлийг шилжүүлэн өгсөн гэж тайлбарлаж буй боловч уг гэрээнд хариуцагч нарт  хэдийд  хэдэн төгрөг шилжүүлсэн, зээл өгөх бүрт хүү төлөхөөр тохирсон эсэх нь тодорхой бус байна.

Нөгөө талаар нэхэмжлэгч нь зээл өгөхдөө хүү тохироогүй тохиолдолд хариуцагчийн “30.000.000 төгрөг төлөх” талаарх тохиролцоо нэхэмжлэлийн үндэслэл болох талаар  шүүх дүгнэлт хийгээгүй байна.  

Нэхэмжлэгч нь хариуцагч нарт хэдэн төгрөг зээлдүүлсэн, хүүг хэрхэн тохирсон эсэхийг тодруулсны эцэст нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийх нөхцөл бүрдэх юм.

Иймд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 131/ШШ2016/00926 дугаар шийдвэр, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 213/МА2017/00005 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 231.250 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                       

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ