Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2022/01104

 

 

 

 

 

 

 

 

 

П.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2022/00965 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П.Гийн хариуцагч “М” ХХК-д холбогдуулан гаргасан Баянгол дүүрэг ..... “КИ” компанийн зүүн талд орших 432 м.кв талбайтай ноолуурын үйлдвэрийн барилга, 72м.кв талбайтай гараж бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг хариуцагчид даалгах, 1,056 м.кв газрын эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтГЭнээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ариунзул, өмгөөлөгч Д.Хаш-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэчимэг, өмгөөлөгч Л.Жавзмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: П.Г 2000 онд Япон улсад элчин сайдын албан тушаалыг хашиж байсан ба Япон Улсаас Монгол Улсад орж ирэх хөрөнгө оруулагчид, бизнесийн янз бүрийн ажиллагаатай холбоотой зүйлээр “М” ХХК-ийн захирал Ц.Г туслах байдлаар хоёр тал хамтран ажиллаж эхэлсэн. П.Г нь Япон Улсын хөрөнгө оруулагчдыг “М" ХХК-тай холбож өгсөн. “М” ХХК авто сервисийн барилга барьж ашиглалтад оруулах, хөрөнгө оруулагчид олж, газрын асуудлыг шийдэж өгсөн гэдэг утгаараа нэхэмжлэгч П.Гт ноолуурын үйлдвэрийн барилгыг барьж өгөхөөр тохиролцсон. Мөн уг барилгын доорх болон орчны 1,056 м.кв газрыг өгөхөөр болсон. Нэхэмжлэгч Япон улсад албан тушаал хашиж байсан учир ажил гүйцэтгэх гэрээг аман хэлбэрээр тохиролцсон. Ажил гүйцэтгэх гэрээний хөлс 20,000,000 төгрөг ба нэхэмжлэгч нь 20,000 ам.долларын үнэтэй обойг нийлүүлэхээр тохиролцсон. Ингээд 2000 оны 08 дугаар сарын 28, 2001 оны 08 дугаар сарын 30-ны өдөр тус тус 10,000,000 төгрөгийг бэлнээр шилжүүлснийг “М” ХХК-ийн захирал Ц.Г гарын үсэг зурж хүлээн авсан. Гэрээгээр тохиролцсон обойг тоо хэмжээний дагуу нийлүүлж, гаалийн тодорхойлолт лавлагаа авч шилжүүлснээр ажил гүйцэтгэх гэрээний төлбөр төлөгдсөн. Ажил гүйцэтгэх гэрээний үр дүн болох ноолуурын үйлдвэрийн барилгыг “М” ХХК-аас нэхэмжлэгч П.Гт шилжүүлж өнөөдрийг хүртэл тухайн эд хөрөнгийг эзэмшиж ашиглаж, захиран зарцуулж байна. 2018 он хүртэл талууд аливаа байдлаар маргадаггүй. “М” ХХК-аас тухайн үл хөдлөх эд хөрөнгө болон уг үл хөдлөх эд хөрөнгийн ойр орчмын газрыг нэхэмжлэгчийн өмч гэдэгтэй маргадаггүй, маргаан хийж байгаагүй. Харин үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй шалтаг тоочиж олон жил өнгөрсөн. Гэтэл 2018 онд “М” ХХК-ийн ажилтан, нягтлан бодогч Н.Б ноолуурын үйлдвэрийн барилгыг суллаж өгөх тухай хэлсэн. Талууд энэ асуудлаар уулзалт хийсэн боловч тохиролцоонд хүрээгүй. Хариуцагч компаниас анх удаа ноолуурын үйлдвэрийн барилгыг хүлээлгэж өгөхгүй ГЭэн. Иймд Баянгол дүүрэг, ....., “КИ” ХХК-ийн зүүн талд байрлах ноолуурын үйлдвэрийн барилга болон гарааж 2 үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, тухайн эд хөрөнгө байрлаж байгаа эд хөрөнгийн доорх болон орчны 1,056 м.кв газрын эзэмшигчээр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

            2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 1999 онд “ГЭ” ХХК-ийн “КИ” ХХК-ийн зүүн талд байрлах 0,3 га газарт “М” ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар автомашины засварын газар болон үйлдвэрийн барилга, гарааж бүхий 1,818 м.кв үл хөдлөх эд хөрөнгө барьсан. 2001 онд тус эд хөрөнгө 313,798,751 төгрөгөөр үнэлэгдэж байсан. 2001 оны 10 дугаар сарын 04-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарч хууль ёсны өмчлөгч болсон. П.Гаас ноолуурын үйлдвэр бариулах захиалга, 20,000,000 төгрөг аваагүй. Компанийн дансанд гүйлгээ болон бэлэн мөнгө хүлээж авсан баримт байхгүй. Иймд 20,000,000 төгрөг “М” ХХК-д хамааралгүй.

“М” ХХК нэхэмжлэгчид 20,000 ам.долларын обой захиалаагүй, орон сууцны барилга барьж байхад борлуулж өгөх хүсэлт гаргасан, уг обойнууд нь борлогдоогүй агуулахад байгаа. Буцааж авахыг удаа дараа шаардсан боловч аваагүй. Компанид албан ёсоор 20,000 ам.долларын обой хүлээлгэж өгөөгүй. Гаалийн мэдүүлгээр тухайн үеийн ханшаар 6,490,209 төгрөгийн обой хилээр орж ирсэн болох нь нотлогддог. Нэхэмжлэгч Д.Г 20,000 ам.долларын обой гэж бичиж өөрөө гарын үсэг зурсан ба хэнд хүлээлгэж өгсөн нь тодорхойгүй.

1,056 м.кв газрын талаар тохиролцоо байхгүй. 1,056 м.кв талбайн кадастрын зураг болон үүнтэй холбоотой ямар нэгэн нотлох баримтгүй. 1999 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А160 тоот захирамжаар Баянгол дүүргийн .....ны нутаг дэвсгэрт байрлах “ГЭ т” ХХК-ийн үйлчилгээний төвийн барилгын 0,3 га газрыг 2 жилийн хугацаатай “М” ХХК-д ашиглуулах захирамж гарсан. 2008 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн газрын албанд эзэнгүй байсан барилгын хойд талд байгаа дэд өртөөний барилга орчмын жижиг газрыг хариуцагч компанид хамруулан явган зам, талбай болон тохижилтын зориулалтаар ашиглах тухай хүсэлт гаргасны дагуу 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн Засаг даргын 951 дүгээр захирамжаар эзэмшил газрын талбайн хэмжээг өөрчилж, баталгаажуулсан. 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр газрын хэмжээ хүлээн авагч газар эзэмших гэрээг байгуулсан. Өнөөдрийг хүртэл “М” ХХК газрынхаа төлбөрийг төлөөд, хугацаагаа сунгуулан, хуулийн дагуу эзэмшиж, ашиглаж байгаа. Аль хэсэг нь тодорхойгүй газраас 1,056 м.кв газрыг өгөх тохиролцоо байхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон нотлох баримтуудаа цуглуулж, гаргаж өгөх үүрэгтэй. П.Г, “М” ХХК-тай байгуулсан ямар нэгэн гэрээ хэлцэл, нотлох баримт өнөөдрийг хүртэл байхгүй. Иймд “М” ХХК нэхэмжлэгчийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй, иргэний эрх зүйн харилцаанд оролцоогүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3, 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч П.Гийг Баянгол дүүргийн 5-р хороо, “КИ” компанийн зүүн талд орших 432 м.кв талбайтай ноолуурын үйлдвэрийн барилга, 72 м.кв талбайтай гарааж бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гарган шилжүүлэхийг хариуцагч “М” ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас П.Гийг 1,056 м.кв газрын эзэмшигчээр тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч П.Гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “М” ХХК-аас 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

            4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна.

            4.1. Шүүх нэхэмжлэгчийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосон атлаа түүний салшгүй бүрдэл хэсгийн эзэмшигчээр тогтоогоогүй нь хуульд нийцэхгүй. Газар, газрын дээрх эд хөрөнгийн эзэмшил, өмчлөлийн эрх нь өөр өөр этгээдэд олгогдох боломжгүй. Хэрэв тусдаа байх тохиолдолд нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ цаашид хэвийн хэрэгжүүлэх боломжгүй. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар захиалагч П.Г болон гүйцэтгэгч “Мт” ХХК-ийн хоорондын тохиролцоогоор П.Гт үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон газар эзэмших эрхийг хамтад нь шилжүүлэх байсан нь тогтоогддог. “ГЭ трэйд” ХХК-аас гаргасан 1,056 м.кв талбайг “МАИ” ХХК-д шилжүүлэхийг зөвшөөрч байна гэх 2000 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаар албан бичиг, кадастрын зураг, бусад нотлох баримтуудаас гадна нэхэмжлэгчийн өмгөөлөгч, төлөөлөгчийн тайлбар зэргээр газар эзэмшигчээр тогтоох үндэслэлтэй байгааг шүүх анхаарч үзээгүй. Хэргийн үйл баримтад үндэслэн нэхэмжлэгчийг газар эзэмшигчээр тогтоох эрх хэмжээ шүүхэд байхад нэхэмжлэгч хуульд зааснаар газар эзэмших хүсэлтийг эрх бүхий байгууллагад гаргаагүй, эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл олгоогүй гэх үндэслэлээр талуудын газар эзэмшлийн маргааныг нээлттэй орхиж хэргийг нэг мөр шийдвэрлэх зарчмыг хэрэгжүүлээгүй. Иймд П.Гийг 1,056 м.кв газрын эзэмшигчээр тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            5. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

            5.1. Үйл баримтын талаар, Нийслэлийн Засаг даргын 1999 оны 08 дугаар сарын 19-ний А/160 дугаар захирамжаар ГЭ трейд ХХК-д олгосон 3,000 м.кв газрыг хариуцагч компани шилжүүлэн авахдаа барилгынхаа хойд талын 1,014 м.кв газрын хамт авах хүсэлт гаргасан. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 951 дугаар захирамжаар “М” ХХК-д 4,014 м.кв газрыг эзэмших хууль ёсны эрх олгогдсон ба уг эзэмших эрх хүчин төгөлдөр байна. “М” ХХК нь нийт 1,818 м.кв талбайтай автомашины засварын газар, ноолуурын үйлдвэрийн барилга, гаражийг өөрийн хөрөнгөөр барьсан, дээрх обьект нь 392,248,440 төгрөгөөр үнэлэгдсэн. 2001 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 2205017520 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй, 0034868 дугаар гэрчилгээтэй анхдагч хууль ёсны өмчлөгч мөн. “ГЭ трейд” ХХК-ийн 2001 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт явуулсан бичигт "... 0,3 га газар дээр баригдсан хөрөнгийг “М” ХХК-ийн нэр дээр үнэлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг зөвшөөрсөн ... гэх, “М” ХХК-ийн өмчлөгчөөр тогтоолгох хүсэлт, 2205017520 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй, 0034868 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, “М” ХХК 4,014 м.кв газар эзэмшүүлэх Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны 951 дугаар захирамж зэрэг баримтын талаар талууд маргаагүй. Гэтэл шүүх ... “ГЭ трейд” ХХК авто сервис, үйлчилгээний төвийн барилга мэтээр нотлогдоогүй, тогтоогдоогүй асуудалд үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

5.2. Эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй тухайд, Талуудын хооронд хэзээ, ямар гэрээ байгуулагдсан, тухайн гэрээний зорилго, гэрээгээр юу тохиролцсон, гэрээний гол нөхцөл, талуудын хүсэл зориг зэрэг гэрээний харилцааг тодорхойлох үндсэн шинжийг тодруулахгүйгээр ажил гүйцэтгэх гэрээ гэж тодорхойлж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч П.Г нь ажил гүйцэтгэх гэрээний хөлс 20,000,000 төгрөг, 20,000 ам.долларын үнэтэй обой нийлүүлэхээр тохиролцож обойг тоо хэмжээний дагуу нийлүүлэн ажил гүйцэтгэх гэрээний төлбөр төлөгдсөн, ажил гүйцэтгэх гэрээг аман хэлбэрээр тохиролцсон гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон. Нэхэмжлэгч ямар хэмжээ загвартай, хэдэн м.кв, хэдийн төгрөгийн үнэтэй барилгыг, хэдий хугацаанд, хэний ямар материалаар бариулахаар тохиролцсон болохоо баримтаар нотлоогүй. Барилга барих хөрөнгө шилжүүлсэн гэх байдал тогтоогдоогүй, талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлд зааснаар үүргийн эрх зүйн харилцаа үүссэн гэх байдал баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээний хөлс төлөгдсөн тул өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргаж байхад шүүх хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй.

            Зохигчдын хооронд хийх ажлын хэмжээ, үнэлгээ, хувь хэмжээг гэрээгээр тохиролцоогүй, тогтоогдоогүй байхад шүүх ажлыг үнэлж, хөлс төлөгдсөн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсгийг зөрчсөн. Б.Чын барилгын төлбөр гэх мөнгөн дүнг ажилчдын хөлс, ажлын хөлс, материалийн үнэ, төлбөрийн аль болохыг ялгаж салгахгүйгээр гэрээний хөлс гэж үзсэн нь маргааны үйл баримтыг ойлгоогүй, зөвхөн нэхэмжлэгчид ашигтайгаар шийдвэрлэхийн тулд хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтүүдийг хийж хууль бус шийдвэр гаргасан.

            Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг шаардаж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1-д заасан зохицуулалтаар хэргийг шийдвэрлэх талаар хариуцагч шүүхэд тайлбар гарган мэтгэлцсэн байхад шүүх энэ асуудалд үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Шүүх Б.Ч 2000 оны 08 сарын 28, 2001 оны 08 сарын 30-ны өдөр тус тус 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн баримтад Барилгын “М” компанийн захирал Ц.Г иргэн П.Гийн ноолуурын үйлдвэрийн барилгын төлбөрт 10 000 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгөв гэж, хүлээн авсан Ц.Г гарын үсэг зурсан байна гэж дүгнэсэн. Гэтэл энэхүү мөнгө нь хариуцагч компанийн дансанд ороогүй, дээрх баримтаар хариуцагч “М” ХХК үүрэг хүлээгээгүй. 20,000,000 төгрөг шилжүүлсэн нь Б.Ч, Ц.Г нарын хоорондын асуудал. “М” ХХК-ийн нэхэмжлэгч П.Гийн өмнө нь ноолуурын үйлдвэрийн барилгыг барьж өгөх, өмчлөлд нь шилжүүлэх үүрэг хүлээсэн баримт гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. “МАИ” ХХК ашиглалтын зардлаа төлж байгаа нь нэхэмжлэгчийг тухайн обьектыг өмчлөх эрхийг олж авах үндэслэл болохгүй.

Хэрэгт Гаалийн ерөнхий газрын 6,490,209 төгрөгийн обой хилээр нэвтэрсэн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн лавлагаа байдаг. Хариуцагчаас обой “М” ХХК-ийн агуулахад хадгалагдаж байгааг тоо, ширхэгээр нь гаргаж, фото зургаар баримтжуулан шүүхэд өгсөн, эдгээрийг нэхэмжлэгч ямар нэгэн баримтаар үгүйсгээгүй, уг обой одоо хүртэл борлогдоогүй байгаа гэдгийг мэдэж байгаа, энэ талаар маргадаггүй. Гэтэл шүүх хэдэн ширхэг, хэдий хэмжээтэй ямар үнэтэй обой ажлын хөлсөнд шилжүүлснийг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд үнэлж дүгнэхгүйгээр шийдвэрлэсэн.

            "Цс ХХК автомашин засварын газрыг 255,036,600 төгрөг, ноолуурын үйлдвэрийн барилга 86,670,864 төгрөг, 8 автомошины гараж 50,540,976 төгрөгөөр үнэлсэн. Тухайн үед барилгын ажлын гүйцэтгэл 80 хувьтай гэж тооцож үнэлгээ 313,798,751 төгрөгөөс үйлдвэрийн байр 69,336,691 төгрөг, авто засварын газар 204,029,280 төгрөг, гараж 40,432,780 төгрөг гэж үнэлсэн. Шүүх дээрх үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгийг 26,490,209 төгрөгөөр баригдах боломжтой эсэх, нэхэмжлэгчийн ажлын хөлсөнд шилжүүлсэн гэх 20,000,000 төгрөг, обойн үнэ 6,490,209 төгрөгт тооцож өмчлөгчөөр тогтоох хууль зүйн үндэслэлтэй эсэх, хууль ёсны өмчлөгчийг эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргах субьект мөн эсэхэд дүгнэлт өгөөгүй. Нэхэмжлэгч Улсын бүртгэлийн асуудлаар гомдол гаргаагүй, бүртгэл хүчинтэй, 0034868 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээтэй хууль ёсны өмчлөгч байхад түүнд өмчлөх эрх шилжүүлэхийг даалгасан нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийг зөрчсөн. Барилгын зургийг тусдаа гаргуулсан нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч П.Г болохыг тогтоож нотолсон баримт гэж үзэж боломжгүй. Зурагт П.Г гэж бичигдсэн нь нэхэмжлэгч П.Г мөн гэдгийг баримтаар нотлоогүй тухайн үед нэхэмжлэгч нь гадаадад амьдарч байсан гэдгээ шүүхэд мэдүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Иргэний хуулийн 14 дүгээр бүлэгт заасан Үүргийн эрх зүйн харилцаа байх ба нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэг шаардсан. Харин түүний хамаарал бүхий этгээд болох “МАИ” ХХК эзэмшиж ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа нь нэхэмжлэгчийн захиалгаар барилга барьсан гэдгийг нотлох боломжгүй. Нэхэмжлэгчийн өмчлөлд шилжээгүй, бэлэглэлийн гэрээ хэрэгжээгүй, тухайн гэрээг нэхэмжлэгч Улсын Их Хурлын гишүүний сонгуульд нэр дэвшихдээ хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ тусгахын тулд Ц.Гоос гуйсан тул сайхан сэтгэл гарган тусалж хийсэн байдаг. Нэхэмжлэгч П.Г, хариуцагч “М” ХХК-ийн хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй, хариуцагч нэхэмжлэгчийн өмнө үүрэг хүлээгээгүй, нэхэмжлэгч “М” ХХК-аас гэрээний үүрэг шаардаагүй. “МАИ” ХХК-ийн тоног төхөөрөмжийг түр байрлуулахаар гуйж тавьчихаад гадаад руу явцгаасан, барилга баригдаж байх үед нэхэмжлэгч гэр бүлээрээ Монгол Улсад байгаагүй, хариуцагч өөрийн хөрөнгөө үнэ төлбөргүй ашиглуулсан, байр чөлөөлүүлэхээр мэдэгдэхэд маргаан гаргаж эхэлсэн нөхцөл байдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон байдаг.

            5.3. Эрх зүйн харилцаа болон маргааны үйл баримтыг зөв тодорхойлж тогтоож чадаагүй тухайд,

“М” ХХК-аас 2008 оны 06 сарын 30, 2011 оны 10 сарын 18-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 сарын 28-ны өдрийн 951 дугаар захирамжаар 4,014 м.кв газрыг “М” ХХК-д 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2017 оны 10 сарын 05-ны өдрийн А\750 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг 15 жилээр сунгасан, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар 4 014 м.кв газрыг хууль ёсоор эзэмшиж байна. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Нийслэлийн засаг даргын 2011 оны 12 сарын 28-ны өдрийн 951 дугаар захирамжаар 4,014 м.кв газрын эзэмших эрх олгохоос өмнө нэхэмжлэгч барилгын суурийн болон орчмын газрыг эзэмшиж, ашиглаж байсан үйл баримт тогтоогдсон... гэж дүгнэсэн нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх заалтыг зөрчсөн. Нэхэмжлэгч нь зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар газар эзэмшиж байгааг хууль ёсны дагуу эзэмшиж байсан мэтээр нэхэмжлэлийн шаардлагаас өөр асуудлаар хууль бус, үндэслэлгүй дүгнэлт хийж байгаа нь Газрын тухай хууль болон Иргэний процесс хуулийг ноцтой зөрчсөн. Иймд шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3-д заасан хуулийн шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: “ГЭТ” ХХК 2001 оны 10 дугаар сарын 04-ний өдөр үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт тэдний эзэмшлийн 0,3 га газарт баригдсан “М” ХХК үл хөдлөх хөрөнгийг тухайн компанийн нэр дээр бүртгүүлэхийг зөвшөөрсөн албан бичиг, “М” ХХК өмчлөгчөөр тогтоолгох хүсэлтээ гаргасан тухай баримтууд байдаг. Нэхэмжлэгч 1,056 м.кв газар гэж тайлбарладаг хэдий ч нотлох баримт байхгүй. Нэхэмжлэгчийн маргаад байгаа үл хөдлөх хөрөнгийн доод талд байгаа газар нийтдээ 3,000 га тайлбай байдаг. Нэхэмжлэгчийн хүсэлтээр баригдсан 3,000 га талбайд үл хөдлөх хөрөнгийн орчимд байсан 1,014 га газрыг өмчлөхөөр “М” ХХК газрын албанд хүсэлт тавьсан. 3,000 га газрыг нэмээд 4,014 м.кв газрыг хуулийн дагуу эзэмшигчээр тогтоогдсон гэрчилгээтэй. Нэхэмжлэгч нийт 4,014 га газрыг эзэмшиж ашиглаж, үл хөдлөх хөрөнгөө барьсан. 1056 га газрыг өгнө гэх тохиролцоо нь иргэдийн хоорондын тохиролцоо биш бөгөөд Төрийн байгууллагын тусгай эрх бүхий байгууллагуудаас олгодог газар юм. Иймд давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.

            7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Обой авах талаар мэдэгдэж байгаагүй. Хүлээлгэж өгнө ГЭэн нь обой нь манай оруулж ирсэн обой биш байсан. Японы зах зээлд байдаг эко, Японы стандартаар хийгдсэн обойнууд байдаг. Барилга барьж байхад П.Г гэр бүлээрээ Япон Улсад байсан гэх тайлбар нь үндэслэлгүй. Хариуцагч нартай обойны үнийг 20,000,000 ам.доллараар тохиролцоод гаалиар тодорхойлсон үнийн дүн энэ гэрээнд хамаагүй гэж тохиролцсон учраас шүүх дүгнэлт өгөөгүй. Хариуцагч тал обойг хүлээж авсан талаар маргадаггүй. “М” ХХК нь барилга угсралтын компани бөгөөд барилгын материал ашиглах нь тодорхой буюу дотор засалд обойг ашиглах учир мөнгө хэмнээд Япон Улсаас худалдаж авсан обойгоо ашиг нэмээд 20,000,000 төгрөг, 20,000 ам.долларын үнээр нийлүүлэх зорилготой байсан. Ц.Г нь Н.Чтай гэрээ хийгээд төлбөр төлсөн 10,000,000 төгрөгийг авсан, өгсөн гэх баримтад гарын үсэг зурсан болохоос “М” ХХК болон П.Гтай хамааралгүй. Ц.Г нь тухайн үед “М” ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал байсан. Н.Ч нь П.Гийн эхнэрийнх нь төрсөн эцэг. П.Г нь Монгол Улсад байхгүй Япон улсын элчин сайдаар томилогдоод явсан учир гэрээнд гарын үсэг зурах боломжгүй байсан. “МАИ” ХХК нь 1994 оноос хойш сүлжмэлийн үйлдвэр эрхэлж байсан. Үүсгэн байгуулагч П.Г, Н.Б нар нь гэр бүлийн хүмүүс учраас гэр бүлийн компани гэж ойлгож болно. Иймд хэргийг эцэслэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

            Шүүх Баянгол дүүрэг ..... КИ” ХХК-ийн зүүн талд орших 432 м.кв талбайтай ноолуурын үйлдвэрийн барилга, 72 м.кв талбайтай гараж бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч 1,056 м.кв газрын эзэмшигчээр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо холбогдох нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэв.

            2. Анхан шатны шүүхээс талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны талаар хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна. “М” ХХК-ийг Авто сервисийн барилга барих үед хажууд нь ноолуурын үйлдвэрийн барилга бариулж, барилгын доорх болон орчны 1,056 м.кв газрыг эзэмшихээр тохиролцоонд хүрсэн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй.

            3. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь Баянгол дүүргийн ....., КИ” ХХК-ийн зүүн талд байрлалтай байх ба уг барилгын зураг төсөл нь хариуцагчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдээс тусдаа, иргэн Ц.Гийн нэр дээр ноолуурын үйлдвэрийн зориулалтаар зурагдсан байна. /1хх14-16/

            4. Хариуцагч “М” ХХК-ийн хамаарал бүхий компани болох “ГЭ Т” ХХК нь 2000 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 30 тоот албан бичгээр өөрийн эзэмшлийн Баянгол дүүргийн .....ны нутаг дэвсгэрт “КИ” ХХК-ийн зүүн талд байрлах тус компанийн автосервис, үйлчилгээний төвийн зориулалтаар олгогдсон 0.3 га газрын баруун хэсэг болох 1,056 м.кв талбайг нэхэмжлэгчийн хамаарал бүхий “МАИ” ХХК-д шилжүүлэхийг зөвшөөрчээ. /1хх 164/

5.”М” ХХК-ийн захирал Ц.Г нэхэмжлэгч П.Гийн эхнэр Ч.Б аав Б.Ч иргэн П.Гийн ноолуурын үйлдвэрийн барилгын төлбөрт гэх утгатайгаар 2000 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөг, 2001 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг тус тус хүлээлгэн өгсөн байна. Нэхэмжлэгч 20,000 ам доллароор үнэлэгдэх ханын цаас ажлын хөлсөнд өгсөн гэж тайлбарладаг бөгөөд тухайн цаг хугацаанд хариуцагч ханын цаас хүлээн авсан баримт хэрэгт байна. Харин хариуцагч нь нэхэмжлэгчийг ханын цаасыг зарж борлуулахаар өгсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй. /1хх 65,66/

6. Маргаан бүхий барилгыг “МАИ ХХК эзэмшиж, ашиглаж байх ба тус компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Ч нь нэхэмжлэгч П.Гийн эхнэр Ч.Бны аав, нэхэмжлэгч нь тус компанийн хамаарал бүхий этгээд болох талаар анхан шатны шүүх нотлох баримтад үндэслэсэн дүгнэлт хийсэн байна. /1хх-ийн 8, 81, 83-85/

            7. Талуудын хооронд 2008 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр маргааны зүйл болох барилгыг хариуцагч “М” ХХК нэхэмжлэгч П.Гийн өмчлөлд шилжүүлэн өгсөн тухай бэлэглэлийн гэрээ байгуулагдсан байна. Нэхэмжлэгч П.Г нь Я.Бд 2008 оны 04 дүгээр сарны 25-ны өдөр үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэх өргөдөл гаргах, өмчлөх эрхийн гэрчилгээг хүлээн авах эрх олгосон итгэмжлэл өгчээ.

            8. Дээр дурьдсан нөхцөл байдлуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн гэрч Д.Тийн “..., Дөнгөж шинэ баригдсан байшинд бид нар орж байсан, ноолуурын үйлдвэрийн барилгатай холбоотой засварыг МАИ ХХК-д ажиллаж байсан хүмүүс өөрсдөө хийж байсан,” гэх мэдүүлэг,

гэрч Т.Бын “.., тэр үед тоног төхөөрөмжийг угсралцаж, хамтарч босгож байсан, анх оймсны үйлдвэр, сүлжих үйлдвэртэй байсан, гэрэл байхгүй, тоног төхөөрөмж оруулах гэхээр хаалга нь буруу харсан, бид өөрсдөө шат тавьж, цонхыг нь сэтлээд хаалга болгож байсан, тус тусдаа байшин байгаа гэх мэдүүлэг,

гэрч Ч.Бныэнэ байрыг 2000 оны үед “М” ХХК-ийн Гтой гэрээ хийгээд бариулсан, 2001 онд нүүж орсон, тусдаа өөр өөрийн ханатай, үйлдвэрийн зориулалттай, цементэн тусгай шалтай гэх мэдүүлэг,

гэрч Н.Өлзийгийн “ .., хоёр барилга хоорондоо зайтай, тэр хоёрын хооронд дулааны шугам ордог тусдаа. ...2015 он хавьцаа хашаа барьсан гэх мэдүүлэг зэргүүдтэй харьцуулан дүгнэхэд хариуцагч нь нэхэмжлэгчийн захиалгаар Баянгол дүүрэг ..... “КИ” ХХК-ийн зүүн талд орших 432 м.кв талбайтай ноолуурын үйлдвэрийн барилга, 72м.кв талбайтай гараж бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө барьж, 2001 онд нэхэмжлэгчийн эзэмшил ашиглалтад өгсөн гэж үзэх үндэслэлтэй байна. /1хх226, 240-243, 3хх160/

            9. 2001 онд ажлын гүйцэтгэл 80 хувьтай байсан, уг ноолуурын үйлдвэрийн байрыг энэ онд Цс ХХК 69,336,691 төгрөгөөр үнэлсэн байх ба дээрх гэрчүүдийн мэдүүлгээр нэхэмжлэгч тал барилгыг хүлээн авч засварын болон бусад дутуу ажлыг хийж гүйцэтГЭэн гэж үзэхээр байна. /1хх52-54/

10. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 343 дураар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэсэн байх ба хариуцагчид 20,000,000 төгрөг өгсөн нь тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгчийн 20,000 ам.доллароор үнэлэгдэх ханын цаас ажлын хөлсөнд өгснөөс гадна Япон Улсын хөрөнгө оруулагчдыг “М" ХХК-тай холбож өгсөн, газрын асуудлыг шийдэж өгсөн гэдэг утгаараа нэхэмжлэгч П.Гт ноолуурын үйлдвэрийн барилгыг барьж өгөхөөр тохиролцсон гэх тайлбарыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй тул талуудыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт зааснаар ажлын хөлсний хэмжээг тохиролцон тодорхойлсон, ажлын хөлс төлөгдсөн гэж үзэв.

            11. Хариуцагч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т заасан ажлын үр дүнг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч шаардах эрхтэй, энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв.

            12. Нэхэмжлэгчийн ноолуурын үйлдвэрийн доорх болон орчмын нийт 1,056 м.кв газрын эзэмшигчээр тогтоолгох шаардлагыг хангах нь зүйтэй.

            “ГЭ Т” ХХК-ийн 2000 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 30 тоот өөрийн эзэмшлийн 1,056 м.кв талбайг “МАИ” ХХК-д шилжүүлэх агуулга бүхий албан бичгээс харахад нэхэмжлэгч нь уг газрын эзэмших эрхийг эрх бүхий этгээдээс шилжүүлэн авахаар харилцан тохирч барилгыг захиалан бариулсан гэж үзэх үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар ноолуурын үйлдвэрийн барилга болон барилгын орчмын 1056 м.кв талбайтай газрыг эзэмших эрхтэй гэж үзэх нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамтай нийцнэ. /1хх164/

            13. Нэхэмжлэгч “М” ХХК-аас тухайн үл хөдлөх эд хөрөнгө болон уг үл хөдлөх эд хөрөнгийн ойр орчмын газрыг нэхэмжлэгчийн өмч гэдэгтэй маргаан хийж байгаагүй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй шалтаг тоочиж олон жил өнгөрсөн, 2018 онд “М” ХХК-ийн ажилтан, нягтлан бодогч Н.Б ноолуурын үйлдвэрийн барилгыг суллаж өгөх тухай хэлсэн, талууд энэ асуудлаар уулзалт хийсэн боловч тохиролцоонд хүрээгүй гэж тайлбарласныг хариуцагч баримтаар үгүйсгээгүй байх тул нэхэмжлэгчид 2018 оноос эхлэн шаардах эрх үүссэн, уг эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлцэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэв.

            Иймд нэхэмжлэгчийн Баянгол дүүрэг ..... “КИ” ХХК-ийн зүүн талд орших 432 м.кв талбайтай ноолуурын үйлдвэрийн барилга, 72 м.кв талбайтай гараж бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг хариуцагчид даалгах, 1,056 м.кв газрын эзэмшигчээр тогтоолгох шаардлагыг бүхэлд нь хангаж, нотлох баримтын үнэлгээ, эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

            Дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2022/00965 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.Гийг Баянгол дүүрэг ..... ”КИ” ХХК-ийн зүүн талд орших 432 м.кв талбайтай ноолуурын үйлдвэрийн барилга, 72 м.кв талбайтай гараж бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр, мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон орчмын 1,056 м.кв талбайтай газрын эзэмшигчээр тус тус тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ болон газар эзэмших эрхийг улсын бүртгэлээр шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгч П.Гт бүрдүүлэн өгөхийг хариуцагч “М” ХХК-д даалгасугай.” гэж өөрчилж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... 140,400 ...” ГЭнийг “... 210,600 ...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.ДАВААДОРЖ

                   ШҮҮГЧИД                                   Д.БЯМБАСҮРЭН

                                                                А.МӨНХЗУЛ