Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2021/00068

 

2021           01            21                                          001/ХТ2021/00068

 

 

 

..........ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2019/01575 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1451 дүгээр магадлалтай,

 

..........ийн нэхэмжлэлтэй

..........ХХК-д холбогдох

 

Баянгол дүүргийн 5 дугаар хороо, ..........ХХК-ийн зүүн талд байрлах 432 м.кв талбайтай ноолуурын үйлдвэрийн барилга болон 72 м.кв талбайтай гарааш бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр, 1056 м.кв талбай бүхий газрын эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчдын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Базар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Л.Жавзмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч .......... шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүрэг 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт автомашины засварын газрыг барихад Япон улсын хөрөнгө оруулагч нартай холбож өгч, хамтран ажилласан. Үүнээс гадна тус авто засварын барилгыг барих үед түүний хажууд одоогийн эзэмшиж ашиглаж буй ноолуурын үйлдвэрийн барилгыг хамт бариулсан. Ноолуурын үйлдвэрийн барилгыг бариулах зорилгоор Япон улсаас 20 000 ам.долларын обойг нийлүүлж, 20 000 000 төгрөг бэлнээр хүлээлгэж өгсөн. Гэтэл ..........ХХК-нд 20 000 000 төгрөгийг хүлээлгэж өгөөгүй, хамааралгүй гэдэг байдлаар тайлбарлаж байна. 2000 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн гараар бичсэн баримтад ..........ХХК-ийн захирал ..........од иргэн ..........ийн ноолуурийн үйлдвэрийн барилгын төлбөрт 10 000 000 төгрөг бэлнээр хүлээлгэж өгөв гээд хүлээлгэж өгсөн хүн нь н.Чогсомжав буюу ..........ийн хадам аав нь байгаа. Мөн 2001 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ..........ХХК-ийн захирал ..........од ..........ийн ноолуурын үйлдвэрийн барилгын төлбөрт 10 000 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгөв гээд гарын үсэг зурсан. Гарын үсгийг хариуцагч минийх биш гэж маргаагүй. Харин энэ мөнгийг барилгад хамааралгүй гэж маргаж байна. Бичгийн агуулга дээр зориулалтыг бичсэн. Обойг заруулъя гэж өгсөн гэж үндэслэлгүй тайлбарлаж, барилгын үнэд тооцож өгсөн байдаг. Нэхэмжлэгч барилгын ажил 80 хувьтай байхад орж дутууг өөрсдийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн үйл ажиллагаа явуулж ирсэн. Ган Энд С ХХК гэдэг нь ..........ХХК-ийн охин компани бөгөөд газар дээр бүртгэл хийхийг зөвшөөрч байна гэсэн албан бичиг өгч байсан. Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхдээ манай 0.3 га газар дээр гэж тайлбарласан боловч одоо ..........ХХК 0.4 га газартай байгаа нь 1000 м.кв газар нь хаанаас гараад ирсэн гэхээр нэхэмжлэгчийн эзэмшигчээр тогтоолгохыг хүсч байгаа 1056 м.кв газар юм. Барилга анх ашиглалтад орсон үеэс эхэлж ..........ийн гэр бүлийн компани болох Монгол Алтай Индастри ХХК ноолуурын үйлдвэрийн зориулалтаар ашиглаж ирсэн. Энэ байр анх баригдахдаа ч ноолуурын үйлдвэрийн зориулалтаар баригдсан бөгөөд Монгол Алтай Индастри ХХК нь ноолуурын үйл ажиллагаа явуулдаг компани. Тухайн барилга баригдаж дуусаад Монгол Алтай Индастри ХХК үйл ажиллагаагаа өнөөдрийг хүртэл явуулж ирсэн бөгөөд энэ хугацаанд эд хөрөнгө ашиглах гэрээ, түрээс шаардсан зүйл огт байхгүй. Өөрийн эд хөрөнгийг ашиглаж ирсэн. Энэ нь хэрэгт байгаа ашиглалтын зардал, засварын зардал төлсөн баримт, бусад баримтаар тогтоогддог. Байрандаа ороод нэхэмжлэгчийн компани бусад зүйлсийг өөрөө хийсэн. .......... ..........ХХК-ийн захирал ..........той амаар тохиролцож төлбөрийг тухайн үед нь төлж ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр бариулсан. Ноолуурын барилга баригдаж дуусаад өнөөг хүртэл нэхэмжлэгч ашиглаж байгаа боловч хариуцагч тус барилгын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг одоо хүртэл гаргаж өгөөгүй. 2008 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр тухайн барилгыг улсын бүртгэлд бүртгүүлэхээр бэлэглэлийн гэрээ хийж очсон боловч тухайн газрын эзэмших эрхийн гэрчилгээ гараагүй тул үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөх боломжгүй гэсэн хариуг Улсын бүртгэлийн ерөнхий газраас өгсөн.Гэтэл ..........ХХК-ийн нягтлан бодогч н.Батцэцэг утсаар ярьж үйлдвэрийн барилга манай өмчлөлийнх, барилгыг чөлөөлөх хэрэгтэй гэсэн агуулгатай зүйлийг ярьснаар тухайн байрныхаа өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гарсан. Иймд ..........ийг Баянгол дүүрэг 5 дугаар хороо ..........компаний зүүн талд байрлах ноолуурын үйлдвэрийн 432 м.кв барилга болон 72 м.кв гараж бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр, 1056 м.кв газрын эзэмшигчээр тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ..........ХХК шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. ..........ХХК нь 1999 онд Ган Энд С трейд ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүрэг 5 дугаар хорооны нутаг дэвсгэр ..........ХХК-ийн зүүн талд байрлах 0.3 га газар дээр өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар автомашины засварын газар, үйлдвэрийн барилга, гарааш бүхий 1818 м.кв тайлбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьсан. Хөрөнгийг мэргэжлийн үнэлгээний компани 313 798 750 төгрөгөөр үнэлсэн. ..........ХХК Улсын бүртгэлийн газарт хүсэлт гаргаж 2205017520 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0034868 дугаар бүхий гэрчилгээг 2001 оны 10 дугаар сарын 04-ний өдөр авч тус үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь болсон. Нэхэмжлэгчийн яриад байгаа ноолуурын үйлдвэрийн барилга бариулах зорилгоор өгсөн гэх 20 000 000 төгрөгийг ..........ХХК аваагүй. 20 000 000 төгрөгийг хүлээн авсан .......... гэж зурсан болохоос ..........ХХК авлаа гэж зураагүй. ..........ХХК нь ..........т 20 000 ам:долларын обой захиалаагүй. Орон сууцны барилга барьж байхад борлуулаад өгөөч гэж гуйж өгсөн обойнууд нь одоог хүртэл агуулахад байгаа. Үүнийгээ буцааж авч болно. Ер нь..........ХХК-нд албан ёсоор хүлээлгэж өгсөн зүйл байхгүй. Харин ч .......... нь ..........ХХК-ийн барилгад өөрийн Монгол Алтай Индастри ХХК-ийг түрээсийн төлбөргүй, зөвхөн ашиглалтын зардал төлж үнэ төлбөргүй үйл ажиллагаа явуулж ирсэн. Удаа дараа байрыг чөлөөлж өгөхийг шаардсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй. Нэхэмжлэгч өөрийгөө барилгын өмчлөгч гэдгээ нотолсон баримтыг гаргаж өгөөгүй. 1056 м.кв газрын эзэмшигчээр тогтоолгоно гээд байгаа боловч хэрэгт байгаа албан бичгээр Ган Энд С трейд ХХК болон Монгол Алтай Индастри ХХК-ийн хооронд хийсэн албан бичгүүд байгаа тул ..........ХХК ямар ч хамааралгүй. ..........ХХК-тай газрын эрх шилжүүлэх тухай хийсэн ямар нэгэн гэрээ, нотлох баримт нэхэмжлэгчид байхгүй. .......... барилгын үнэ төлбөрийг төлөөгүй атлаа тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан байгаа нь үндэслэлгүй, өөрийнхөө нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахаар шаардах эрхгүй гэж үзэж байна. 2008 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ноолуурын үйлдвэрийн барилгыг гараашийн хамт бэлэглэх агуулга бүхий гэрээ байгуулсан, тухайн үед газрын гэрчилгээ хавсаргагдаагүй гэдгээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гараагүй гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү гэрээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй, хүчин төгөлдөр болоогүй, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар бэлэглэгч талын өмчлөх эрх дуусгавар болоогүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2019/01575 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 105 дугаар зүйлийн 105.1 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүрэг 5 дугаар хороо ..........компаний зүүн талд байрлах 432 м.кв талбайтай ноолуурын үйлдвэрийн барилга, 72 мкв талбайтай гараж бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, 1056 м.кв газрын эзэмшигчээр ..........ийг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч ..........ХХК-аас 140 400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ..........т олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1451 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2019/01575 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ..........ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Л.Жавзмаа нар хяналтын гомдолдоо: “Шийдвэр”, “Магадлал”-ыг дараахь үндэслэлээр эс зөвшөөрч ИХШХШТХуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6, 172 дугаар зүйлд зааснаар хяналтын гомдол гаргаж байна. Нийслэлийн давж заалдах шатны шүүх “Магадлал”-ын үндэслэх хэсэгт: ИХШХШТХуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан “шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй” гэх үндэслэлийн чухам аль үндэслэлд хамааруулж анхан шатны шүүхийн “Шийдвэр”-ийг хүчингүй болгож байгаа нь тодорхойгүй байдлаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан, “Тогтоох” хэсэгтээ: ИХШХШТХуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан “энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах” үндэслэлийг давхар баримталсан нь зөрүүтэй бөгөөд ойлгомжгүй, мөн ИХШХШТХуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасныг хэрэгжүүлж чадаагүйгээс “Магадлал” хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. 1.Магадлалыг хүчингүй болгох үндэслэл: Давж заалдах шатны шүүх: “Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүйн зэрэгцээ, маргааны үйл баримт бүрэн гүйцэд тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ” гэж хуульд нийцээгүй дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч .......... нь “Баянгол дүүрэг, 5 хороо “Комплекс Импорт” ХХК-ийн зүүн талд байрлах 432 м/кв талбайтай ноолуурын үйлдвэрийн барилга болон 72 м/кв талбайтай гараж бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр, 1056 м/кв талбайтай газрын эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.1-д заасан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүрэг” шаардсан гэдгээ нэхэмжлэлдээ болон анхан шатны шүүх хуралдаанаар дахин дахин тодруулж тодорхойлсон нь хэрэгт авагдсан нэхэмжлэл, хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг гэж, анхан шатны шүүх Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 105 дугаар зүйлийн 105. 1 дэх хэсэг гэж тодорхойлон тогтоож байгааг маргааны үйл баримт тогтоогдоогүй гэж давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлгүй байна. Хариуцагч “..........” ХХКомпани нь нэхэмжлэгчийн өмнө хуулиар болон гэрээгээр ямар нэгэн үүрэг хүлээгээгүй, нэхэмжлэгч нь ИХШХШТХуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй, үйл баримтаа тодорхойлж чадаагүй нь анхан шатны шүүхийн үүрэг мэтээр дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцээгүй, үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч .......... нь нэхэмжлэлийн шаардлагаа: “Баянгол дүүрэг, 5 хороо “Комплекс Импорт” ХХК-ийн зүүн талд байрлах 432 м/кв талбайтай ноолуурын үйлдвэрийн барилга болон 72 м/кв талбайтай гараж бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр, 1056 м/кв талбайтай газрын эзэмшигчээр тогтоолгох гэж тодорхойлон, үндэслэлээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүрэг шаардсан боловч энэхүү үндэслэлээ баримтаар нотолж чадаагүйгээс гадна нэхэмжлэгч гэрээний үүрэг шаардаж байхад шүүх өмчлөх эрхийн үндэслэлээр буюу Иргэний хуулийн 101, 105 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлж хэргийг шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх талуудын хоорондын маргааны зүйлийг тодорхойлж чадаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, маргааны үйл баримтыг шүүх тодорхойлох үүрэгтэй мэтээр дүгнэсэн нь шүүхийн диспозитив буюу хөндлөнгийн байх зарчимд үл нийцсэн дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна. Нэхэмжлэгчийн тайлбар нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдоогүй, тогтоогдоогүй, батлагдаагүй, хариуцагч “..........” ХХКомпани маргаан бүхий объектын хууль ёсны өмчлөгч болохыг гэрчилсэн 2205017520 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй, 0034868 дугаар гэрчилгээ, газар эзэмшигч болохыг гэрчилсэн 000323172 тоот гэрчилгээ, гэрээ, барилгын зураг төсөл, бүртгэлийн лавлагаа, үнэлгээ дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэн ИХШХШТХуулийн 6 дугаар зүйлд заасан журмын дагуу мэтгэлцэх зарчим бүрэн хэрэгжсэн энэ талаар зохигчид маргаагүй билээ. Гэтэл давж заалдах шатны шүүх хариуцагч “..........” ХХКомпанийн дансанд шилжиж ороогүй, хэргийн оролцогч биш, иргэн Чогсомжавын “ноолуурын үйлдвэрийн барилгын төлбөрт” шилжүүлсэн гэх 20 000 000 төгрөгийг 313 798 751 төгрөгийн үнэ бүхий объектыг газрын хамт бүхэлд нь шаардах эрхийн үндэслэл болох эсэхийг тодруулж, зохигчдод мэтгэлцэх боломж олгоогүй” гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс ангид асуудалд дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Иймд ИХШХШТХуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-д зааснаар “Шийдвэр”, “Магадлал”-ыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Базар хяналтын гомдолдоо: Бид давж магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, энэхүү гомдлыг гаргав. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 187.1.5, 168.1.1 дэх заалтуудыг удирдлага болгосон байна. Гэвч хуулийн тус хэсэгт заасан үндэслэл бүрдээгүй байсан гэж бид үзэж байна. Давж заалдах шатны шүүх магадлалын үндэслэлийн тайлбарлахдаа “шүух нэхэмжлэлийн шаардлагын аль үндэслэлээр, ямар нотлох баримтыг үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь тодорхой бус байна. Хэрэгт авагдсан баримтаар зохигчдын хооронд ямар барилгыг хэзээ, ямар хөлс зардалтайгаар, хэн барих талаар тохиролцсон ажил гүйцэтгэх гэрээ, эсхүл хамтран ажиллах, түрээсийн болон эд хөрөнгө хөлслүүлэх зэрэг гэрээний ямар харилцаа үүссэн болох нь тогтоогдохгүй байх ба зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлох нь тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байсан гэж үзэхээр байна” хэмээн тайлбарласан байна. Анхан шатны шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримтуудыг хэрэгт авсан, хэрэгт ач холбогдолтой нотлох баримт цуглуулах хүсэлтүүдийг бүрэн хангасан тул анхан шатны шүүхийг нотлох баримт цуглуулаагүй гэж буруутгах үндэслэлгүй. Мөн анхан шатны шүүх өөрийн санаачилгаар нотлох баримт цуглуулах үүрэггүй бөгөөд тийнхүү бүрэн эрх олгогдоогүй тул анхан шатны шүүхийг хэргийн нөхцөл байдлыг тодруулаагүй гэж буруутгах үндэслэлгүй юм. Хэрэв давж заалдах шатны шүүхийн зүгээс “нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхэд хангалттай баримт байхгүй байна” гэж үзвэл нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох агуулгаар магадлал гаргах үндэслэлтэй болохоос, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл болохгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтуудыг үнэлж шийдвэр гаргах учиртай болохоос өөрийн санаачилгаар нотлох баримт цуглуулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэхгүй билээ. Мөн магадлалд “нэхэмжлэгчийн тайлбарлаж буй ноолуурын үйлдвэрийн барилгын төлбөрт мөнгөн хөрөнгө шилжүүлсэн гэх байдал нь тухайн үедээ 313 798 751 төгрөгөөр үнэлэгдсэн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх болон газар эзэмших эрхийг бүхэлд нь шаардах эрхийн үндэслэл болох эсэхийг шүүх тодруулж, зохигчдод мэтгэлцэх боломж олгоогүй байна” гэж магадлалын үндэслэлийг тайлбарласан байна. Гэвч бид маргаан бүхий асуудлаар хангалттай мэтгэлцсэн бөгөөд анхан шатны шүүх бидний мэтгэлцэх эрхийг хязгаарлаагүй. Хэрэв давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч хөрөнгийн өмчлөгч болох нь тогтоогдохгүй байвал нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх учиртай болохоос хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаах үндэслэл болохгүй билээ. Мөн 313 798 751 гэх дүн нь ноолуурын үйлдвэрийн барилга, авто засварын үйлдвэрийн барилга болон тэдгээрийн доорх гаражын нийт үнийн дүн бөгөөд бид зөвхөн ноолуурын үйлдвэрийн барилгыг түүний доорх гаражын хамт өмчлөгчөөр тогтоолгохоор маргасан. Харин авто засварын үйлдвэрийн барилга болон түүний доорх гаражын өмчлөлтэй маргаагүй билээ. Үүнийг анхан болон давж заалдах шатны шүүхэд ч тодорхой тайлбарласан. Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийн баримтуудтай сайн танилцалгүй үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Ийнхүү давж заалдах шатны шүүхийн зүгээс хэргийг анхан шатны шүүх рүү дахин хэлэлцүүлэхээр буцаахгүйгээр шийдвэрлэх боломжгой атал ИХШХШтХ-ийн 165.1.5, 168.1.1 дэх заалтуудыг хэрэглэж магадлал гаргасан нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, үндэслэлгүй магадлал болсон байх тул хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч .......... нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо, ..........ХХК-ийн зүүн талд байрлах 432 м.кв талбайтай ноолуурын үйлдвэрийн болон 72 м.кв талбайтай, гараж бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, 1056 м.кв талбай бүхий газрын эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, татгалзсан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаажээ.

 

Хэргийн нөхцөл байдал хангалттай тогтоогдоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийх, хууль хэрэглээний асуудлаар эцэслэн дүгнэх боломжгүй байдал тогтоогдож байх тул давж заалдах шатны шүүхийн зарим хууль зүйн дүгнэлтийг залруулан магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг тус тус хангахгүй орхив.

 

1...........ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагч ажлын үр дүнг өмчлөлд нь шилжүүлээгүй эсвэл хариуцагч худалдах-худалдах авах гэрээнд заасан өмчлөх эрх шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, эсвэл өмчийн эрх зүйн маргаанаас үүдсэн шаардлагын аль нь болохыг анхан шатны шүүх тодруулж, үүнд талуудыг мэтгэлцүүлэхэд чиглүүлж чадаагүй, хэрэгт байгаа баримтын хэмжээнд залруулах боломжгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй.

Түүнчлэн газар эзэмших эрхийг олж авах, хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлийн талаар анхан шатны шүүх Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг анхаараагүй, талууд эрх бүхий этгээдэд хандсан эсэх нь тодорхой бус, 1056м2 газар нь аль хэсэгт, ямар хил хязгаараар тогтоогдож байгаа, барилгын доорх газрын хэмжээ хэд болох зэрэг ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус байна. Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх хөрөнгөд хамаарах тул үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг шийдвэрлэхийн тулд газар эзэмших эрхийн талаар зохих эрх зүйн дүгнэлтийг хийх ёстой байна.

 

2. Давж заалдах шатны шүүх “хариуцагчийн нэр дээрх гэрчилгээ хүчин төгөлдөр байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг аль үндэслэлээр, ямар нотлох баримтыг хэрхэн үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь тодорхой бус байна...” гэх дүгнэлт хийсэн нь “гэрчилгээ хүчинтэй байхад өмчлөгчөөр тогтоосон” гэх агуулгатай болсон, энэ талаарх дүгнэлт үндэслэл бүхий болж чадаагүй байв. Гэрчилгээ байгаа эсэхээс үл хамаарч тухайн эд хөрөнгийн өмчлөгчийн талаар маргаан үүссэн, шүүх хэний өмчлөлийн зүйл болохыг тогтоосноор өмчлөгч нь тодорхой болох учир дээрх дүгнэлтийг зөвтгөх боломжгүй юм.

Мөн ноолуурын үйлдвэрийн барилгыг тухайн үедээ 313 798 751 төгрөгөөр үнэлэгдсэн гэх дүгнэлт алдаатай болсон байх ба уг үнэлгээ нь зөвхөн маргаж буй барилгын үнэлгээ бус өөр хөрөнгийн хамт үнэлэгдсэн болохыг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна.

 

Иймд хэрэгт байгаа баримтын хэмжээнд маргааны талаар дүгнэлт өгөх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1451 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 140 400 төгрөг, нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.УНДРАХ

                ШҮҮГЧ                                                   П.ЗОЛЗАЯА