Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01188

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     Н.Ды нэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 104/ШШ2022/00183 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Ды хариуцагч “С” ХХК-д холбогдуулан гаргасан орон сууц гаргуулан авч, 19,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Н.Д 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр “С тур” ХХК-д холбогдуулан 2 байрны урьдчилгаа төлбөрт төлсөн 23 000 000 төгрөг, хүү 1 990 000 төгрөг, нийт 24 990 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж “С тур” ХХК-тай байгуулсан 2 гэрээний төлбөрийг нэгтгэж, 1 давхарт байр авахаар тохиролцсон ... тоот гэрээний үүргийг хангуулна гэжээ. 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “С тур” ХХК-тай байгуулсан гэрээгээр тохирсон 1 давхрын 1 өөрөө байрыг гаргуулан авах, 6 давхрын 1 өрөө байрны төлбөрт төлсөн 19,000,000 төгрөгийг буцаан гаргуулах гэж өөрчилжээ. Шүүх хуралдааны явцад 1 давхрын 1 өөрөө байрыг гаргуулах шаардлагаа 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ... тоот орон сууц захиалан бариулах гэрээний дагуу Хулан хотхоны 1 давхрын 1 өрөө байрыг барьж хүлээлгэн өгөх үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж тодруулжээ. “С тур” ХХК-тай 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 43 тоот гэрээ байгуулан 6 давхарын 1 өрөө 38,9 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв нь 1,100,000 төгрөгөөр тооцон, урьдчилгаа 15,000,000 төгрөг төлөх гэрээ байгуулсан. 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 15,000,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 2,000,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөг, нийт 19,000,000 төгрөг төлсөн. 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ... тоот гэрээ байгуулж 1 давхрын 1 өрөө орон сууцыг 1 м.кв нь 1,200,000 төгрөгөөр тооцож, урьдчилгаа 3,000,000 төгрөг, сар бүр 500,000 төгрөг төлж дуусгахаар тохиролцон 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөг төлсөн. “С тур” ХХК орон сууц захиалан бариулах гэрээний 1.2-т заасны дагуу барилгын ажлыг 2020 оны 1 дүгээр улиралд эхэлж, 2020 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулах үүргээ одоог хүртэл биелүүлээгүй тул 43 тоот гэрээнээс татгалзаж, байрны урьдчилгаанд төлсөн 19,000,000 төгрөгийг гаргуулах, ... тоот гэрээний үүргийг гүйцэтгүүлэн байраа авна гэжээ

 2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч шаардлагаа 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан 2 гэрээний төлбөрийг нэгтгэж 1 давхрын ... тоот гэрээг хэвээр үлдээж гэрээний үүргийг хангуулах гэх тодорхойлсон нь ойлгомжгүй байна. Уг гэрээ одоог хүртэл хэрэгжиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчтэй байгуулсан орон сууц захиалан бариулах 2 гэрээ нь хуульд заасан журмын дагуу байгуулагдсан эсэх нь эргэлзээтэй. Гэрээний төлбөрийг Ц.М гэх хүн хэрхэн зарцуулсан талаар мэдэж байгаа ба уг мөнгө “С тур” ХХК-ийн дансанд орж ирсэн. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууц гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1.4 дах хэсэгт заасан үндэслэлд хамаарах тул мөн хуулийн 63.1.11-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй. Гэрээнд захирал н.М гарын үсэг зураагүй, хуурамч байна. Нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгө компанийн дансанд орсон боловч компани барилгад зарцуулсан эсэх, эсвэл өөрөө авсан эсэхийг Ц.М оос тодруулах шаардлагатай гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “С тур” ХХК-аас 19,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Д д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ... тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-ний дагуу ........... байрыг барьж хүлээлгэн өгөх үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,  нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 396,750 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 252,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс дутуу төлсөн тэмдэгтийн хураамж 95,000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт тус тус олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

4.1. хэргийн оролцогчийн эрхийг зөрчиж, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн тухайд, шүүхийн шийдвэрт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э хуралдааныг товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, мэтгэлцэх эрхээ хуулийн хүрээнд хариуцагч хэрэгжүүлээгүй гэж илт худал зүйлийг бичсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э нь тус шүүх хуралдаанд оролцохгүй боломжгүй талаар нотлох баримтыг хүсэлтийн хамт хүргүүлсэн байхад хүсэлт гаргаагүй мэтээр худал зүйлийг бичиж, шүүх хуралдаанд мэтгэлцэж оролцох эрхээр хангаагүй.

4.2. нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, түүнийг нотлох баримт байхгүй, шаардлага нь ойлгомжгүй байгаа талаар хариуцагч удаа дараа шүүхэд хүсэлт тайлбар гаргаж байсан. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаас 19,000,000 төгрөгийг буцаан гаргуулах, 1 давхрын 1 өрөө байрыг гаргуулан авах гэж тодорхойлсон. Хариуцагч талаас уг шаардлагатай холбогдуулан хариу тайлбар гаргасан атал шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж 1 давхрын 1 өрөө байрыг барьж хүлээлгэн өгөх, үүргийн гүйцэтгэлийг хангуулж гэж тодорхойлсон нь ойлгомжгүй. Хариуцагч талд өөрчилж, тодруулсан шаардлагыг танилцуулаагүй, тайлбар баримт гаргах эрхээр хангаагүй, мэтгэлцэх боломжийг олгохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолсон баримтыг гаргаж өгөөгүй, шаардлагын үндэслэл тодорхойлоогүй нь хариуцагч талаас тайлбар гаргах, мэтгэлцэх боломжгүй байдлыг үүсгэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: ... Хариуцагч талаас хурал давхацсан талаар хэлж байгаагүй. Хариуцагч удаа даар ямар нэгэн шалтгаан хэлж шүүх хуралдааныг хойшлуулсан. Гэрээний 1.2-д тус барилга нь 2020 оны 1 дүгээр улиралд эхэлж, 2020 оны 4 дүгээр улиралд ашиглалтад орно гэж заасан боловч одоог хүртэл тус барилга ашиглалтад ороогүй. 54 айлын орон сууц барьсан атлаа 100 хүнд худалдан борлуулсан. Хариуцагч тал цаг хугацаа хожих зорилгоор гомдол гаргасан гэж үзэж байна. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч нь 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хариуцагчтай Налайх дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа орон сууцны барилгын 6 давхарын 38,9 м.кв 1 өрөө орон сууцыг 42,790,000 төгрөгөөр худалдан авах тухай 43 тоот, 1 давхарын 39,8 м.кв 1 өрөө орон сууцыг 47,760,000 төгрөгөөр худалдан авах тухай ... тоот гэрээг байгуулсан, гэрээний төлбөрт нийт 23,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогджээ. /хх6-9/

 

3. Дээрх гэрээ 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан бөгөөд уг гэрээнд барилгын ажил 2020 оны 1 дүгээр улиралд эхэлж, 2020 оны 4 дүгээр улиралд ашиглалтад орох талаар тусгасан, нэхэмжлэгчийн “... гэрээ байгуулахад төрийн банк тал руу харсан 2 байрыг зааж өгсөн” гэх тайлбар зэргээс үзэхэд орон сууцны зориулалтаар баригдаж байгаа барилгаас орон сууцыг худалдаж, худалдан авахаар тохиролцсон нь тогтоогдож байна.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч талуудын маргаанд хамааралтай Иргэний хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ. Тодруулбал, анхан шатны шүүх зохигчдын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээ гэж үзсэнийг давж заалдах шатны шүүхээс талуудыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар тодорхой хөрөнгө өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж дүгнэв.

 

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй. Харин ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авах, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Өөрөөр хэлбэл худалдах, худалдан авах гэрээний хувьд эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлдэг бол ажил гүйцэтгэх гэрээний онцлог нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг. Нөгөө талаар төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмс бүтээж захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн тохиолдолд худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн зохицуулалт хэрэгжинэ. Анхан шатны шүүх зохигчдын байгуулсан эрх зүйн харилцааг буруу тодорхойлсноос үүрэг зөрчсөнөөс талууд гэрээнээс татгалзах, худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай заалтад хамааруулан дүгнэсэн нь буруу болжээ.

 

4. Нэхэмжлэгчийн 43 тоот гэрээнээс татгалзаж, орон сууцны үнэд төлсөн 19,000,000 гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй. Худалдагч тал буюу хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан. Орон сууцыг 2020 оны 4 дүгээр улиралд ашиглалтад хүлээлгэн өгөх үүрэг одоог хүртэл биелэгдээгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж хариуцагчид шилжүүлэн өгсөн 19,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

5. ... тоот гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч  нэхэмжлэлийн шаардлагаа 1 давхарын 1 өрөө орон сууцыг ашиглалтад өгөх үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж тодруулжээ. Нэхэмжлэгч орон сууцны төлбөрт 4,000,000 төгрөг төлж, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 4,796,000 төгрөг төлөх төлбөрийн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Анхан шатны шүүх гэрээний 4.1, 4.2, 4.3 дахь буюу орон сууцны үнэ төлөх, түлхүүр хүлээн авах нөхцөлийн талаарх заалтуудыг тайлбарлаж, нэхэмжлэгчид уг гэрээний үүргийг бүхэлд нь шаардах эрх үүсээгүй гэж үзсэнийг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй. Нэхэмжлэгч шүүхийн энэ шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй байна. /хх136/

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

6.а. Анхан шатны шүүх, хуралдааны товыг тогтоохдоо хариуцагчийн саналыг харгалзан үзсэн байх ба хариуцагч шүүх хуралдаан товлогдон зарлагдаагүй 2022 оны 04 дүгээр сарын 13, 15-ны өдрүүдэд шүүх хуралдааныг хийлгэх санал гаргасан нь хэргийн 128 дугаар тал дахь шүүгчийн туслахын тэмдэглэлд тусгагдсан байна.

 

6.б. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа агуулгын хувьд өөрчлөөгүй, тодруулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, ... тоот гэрээтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул “өөрчилсөн шаардлагыг гардуулаагүй, мэтгэлцүүлээгүй” гэх хариуцагчийн гомдлыг хангахгүй.

 

Дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.  Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 104/ШШ2022/00183 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 343 дугаар зүйлийн 343.1 ...” гэснийг “... 243 дугаар зүйлийн 243.1 ...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

 3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ

                                ШҮҮГЧИД                                       Д.БЯМБАСҮРЭН

                                                                                        А.МӨНХЗУЛ