Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/01319

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   Б.Ц-ийн нэхэмжлэлтэй

                                           иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2022/01056 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Ц-ийн хариуцагч С.Н, Д.У нарт холбогдуулан гаргасан нотариатчийн үйлдлийг хүчингүй болгож, гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Анхцэцэг, хариуцагч Д.У, хариуцагч С.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Буяндэлгэр, хариуцагч нарын өмгөөлөгч Ж.Давааням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Б.Ц, Д.У нарын хооронд төлбөр барагдуулах гэрээний харилцаа үүсээгүй. Д.Уын гуйлтаар гэрээ байгуулсан. Хан-Уул дүүргийн 146 тойргийн нотариатч С.Н  Нотариатын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.1, 45.2.2-т заасныг зөрчиж мэдэгдэх хуудас үйлдсэн. Иймд нотариатч С.Нийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээг, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаар нотариатын мэдэгдэх хуудсыг гэрчилсэн үйлдлийг тус тус хүчингүй болгуулна. 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл бөгөөд уг гэрээг тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл, зориг эрмэлзэлгүйгээр хийсэн. Д.Уад төлөх төлбөрийн үүрэг байхгүй. Дүр үзүүлэн хийсэн хэлцлийг үндэслэн нотариатын мэдэгдэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

2. Хариуцагч С.Нийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Нотариатч С.Н нь Б.Ц, Д.У нарын 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан төлбөр барагдуулах гэрээг Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.6-д заасны дагуу гэрчилсэн. 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан “Төлбөр барагдуулах гэрээ”-ний 5.2-т “Төлбөр төлөгч гэрээний хавсралтад заасан хуваарийн төлбөр төлөх хугацааг 14 хоногоос дээш хугацаа хэтрүүлсэн тохиолдолд энэхүү гэрээг төлбөр авагчийн санаачилгаар цуцлагдсанд тооцогдож, Нотариатын тухай хуулийн 45 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 183, 184 дүгээр зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.4 дахь заалтын дагуу нотариатын мэдэгдэх хуудас үйлдүүлэн зохих шатны шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар төлбөрийг барагдуулах болно” гэж талууд харилцан тохиролцсон.  Д.Уын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хүсэлтийн дагуу Нотариатын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д зааснаар төлбөр барагдуулах гэрээ болон шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байсныг үндэслэн 02 дугаартай нотариатын мэдэгдэх хуудас үйлдсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Д.Уын татгалзал, тайлбарын агуулга: Эгч Д.М-ын Япон Улсад ажиллаж олсон мөнгийг Б.Цт зээлдүүлсэн. Б.Ц  зээлсэн мөнгөө өгөөгүй. 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Д.М, Б.Ц, М.Э нар зээлийн гэрээ байгуулж, гэрээний 2.5-д зээлдэгч нь энэ зүйлийн 2.4-д заасан “зээл, түүний хүү 20,000  америк долларыг 6 сарын дотор буюу 2015 оны 11 дүгээр сарын 30-ны дотор зээлдүүлэгч болон түүний төрсөн дүү Д.Уын Худалдаа хөгжлийн банк дахь 415009761 тоот дансанд шилжүүлнэ” гэж тохиролцсон. Мөн гэрээний 2.9-д энэхүү гэрээний хэрэгжилт, биелэлт, гүйцэтгэлд зээлдүүлэгчийг бүрэн төлөөлөн хяналт тавих эрхийг Д.Уад үүгээр олгож байна гэж заасан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан Б.Ц, Д.У нарын хооронд байгуулагдсан 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан Б.Ц, Д.У нарын хооронд байгуулагдсан 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ”-г гэрчилсэн Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч С.Н-ийн нотариатын үйлдэл, мөн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаар Нотариатын мэдэгдэх хуудсыг тус тус хүчингүйд тооцож, нэхэмжлэгч Б.Ц-ээс улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 9 дүгээр сарын 022-ны өдөр төлсөн 70,200 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 389,000 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч С.Нээс 70,200 төгрөгийг, хариуцагч Д.Уаас 389,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 5. Хариуцагч С.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

5.1. Б.Ц, Д.У нарын хооронд 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан төлбөр барагдуулах гэрээг гэрчлэхдээ Д.Уын Худалдаа хөгжлийн банк дахь 415009761 тоот ам.долларын дансанд 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 4,008 ам.доллар төлсөн дансны хуулга болон 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн талуудын хооронд үүссэн зээл, зээлийн хүүг баталгаажуулах, эргүүлэн төлөх тухай гэрээтэй тус тус танилцсан.  Гэрээний 2.5 дахь хэсэгт заасны дагуу Д.Уын Худалдаа хөгжлийн банк дахь 415009761 тоот ам.долларын дансанд 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 4,008 ам.доллар төлсөн болохоо төлбөр барагдуулах гэрээний талууд илэрхийлсэн. Гэрээний 2.9 дахь хэсэгт “Энэхүү гэрээний хэрэгжилт, биелэлт, гүйцэтгэлд зээлдуулэгчийг бурэн төлөөлөн хяналт тавих эрхийг Догсомын Уад үүгээр олгож байгаа бөгөөд гэрээний талууд үүнийг хулээн зөвшөөрч байгаа болно” гэж заасан нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасантай нийцсэн тул төлбөр барагдуулах гэрээг гэрчилсэн. Мөн хуулийн 123 дугаар зүйлд шаардах эрх шилжүүлэх гэрээг байгуулах хэлбэрийн шаардлагыг тусгайлан зохицуулаагүй тул дээрх гэрээний 2.9 дахь хэсэгт заасан шаардах эрхийг шилжүүлж буй хэлцэл нь хуульд нийцнэ. 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарахгүй.

5.2. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд, С.Н нь Б.Ц, Д.У нарын хооронд 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан төлбөр барагдуулах гэрээг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар талууд тэгш эрхийн үндсэн дээр гэрээ хэлцэл байгуулсан эсэх, бусдын дарамт шахалт болон бусад хүчин зүйлсийн нөлөөлөлд автаагүй эсэх, агуулга нь үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадсан эсэх, үүсэх үр дагавар үр дүнд бодитой хандаж чадсан эсэхийг тус тус нягталж, гэрээний талуудаас тухайн гэрээг байгуулж буй хүсэл зориг бий эсэх талаар болон түүний үр дагаврыг тайлбарлан өгч, нягталсны үндсэн дээр нотариатын гэрээ, хэлцэл гэрчлэх үйлдэл хийсэн. Талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсэх, төлбөр төлөгчөөс төлбөр авагчид төлбөр төлөх нь маргаангүй гэдгийг нягталсан болох нь гэрээний зүйл заалт бүрийг талуудаас тодруулсны үндсэн дээр хариуцагч буюу нотариатч С.Н төлбөр барагдуулах гэрээний 1,4, 5.1 дэх хэсэгт засвар оруулж, нотариатын тэмдэг дарсан үйл баримтаар тогтоогдоно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Хариуцагч Д.Уын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

6.1. Д.Уын төрсөн эгч Д.М нь Б.Ц, М.Э нарын хүсэлтээр мөнгө зээлдүүлсэн. 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр талуудын хооронд үүссэн зээл, зээлийн хүүг баталгаажуулах, эргүүлэн төлөх тухай гэрээг зээлдүүлэгч Д.М, зээлдэгч Б.Ц, М.Э нар байгуулж, Д.У тус гэрээнд мөн гарын үсэг зурсан. Д.У нь уг гэрээнд гарын үсэг зурах болсон шалтгаан нь гэрээний 2.5-д “... 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор Д.Уын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк дахь 415009761 тоот ам.долларын дансанд төлөхөөр тохиролцсон”, мөн гэрээний 2.9-д “энэхүү гэрээний хэрэгжилт, биелэлт, гүйцэтгэлд зээлдүүлэгчийг бүрэн төлөөлөн хяналт тавих эрхийг Догсомын Уад үүгээр олгож байгаа бөгөөд гэрээний талууд үүнийг хүлээн зөвшөөрч байгаа болно.”гэж заасан. Иргэний хуулийн 123 дугаар зүйлд шаардах эрх шилжүүлэх гэрээг байгуулах хэлбэрийн шаардлагыг тусгайлан зохицуулаагүй тул гэрээний 2.9 дэх хэсэгт заасан шаардах эрхийг шилжүүлж буйг гэрээний талууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Гэрээг зурагдсан үеэс Д.У нь гэрээний хэрэгжилтийг шаардаж байсан ба Б.Цээс гэрээний 2.5-д заасан дансаар 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 4,008 ам.доллар хүлээн авсан. Иймд 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан төлбөр барагдуулах гэрээг 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн талуудын хооронд үүссэн зээл, зээлийн хүүг баталгаажуулах, эргүүлэн төлөх тухай гэрээний 2.9-д заасан шаардах эрхийн үндсэн дээр байгуулсан, уг гэрээг байгуулж байгааг Б.Ц ойлгож, мэдэж байсан тул төлбөр барагдуулах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарахгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэлгүй.

6.2. Б.Цээс зээлийн төлбөрийг удаа дараа шаардсан боловч “эхнэр салсан, ажил хэцүү байна, эхнэр эргээд ирсэн, бөөн өр ширтэй болсон, төлбөр авагч нар нь гэр, ажил дээр ирээд мөнгөө нэхээд байна, залилангээр эрүүгийн хэрэг үүсгэгдээд шалгагдаж байна, анхан шатны шүүхээс 3,3 жилийн хорих ял авчихлаа, давж заалдах шатны шүүхээр хэвээр нь баталчихлаа, би эгчийн чинь мөнгийг өгнө, гэхдээ түр хүлээгээч” гэх тайлбар хэлдэг байсан. Тухай бүрт “мөнгийг чинь би заавал өгнө” гэдэг байсан тул эхнэрийнх нь асуудлыг шийдвэрлэгдтэл хүлээсээр байсан. 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төлбөр барагдуулах гэрээг байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн ба гэрээг байгуулахдаа Б.Цтэй мөнгийг төлөх хугацааг ярилцаж шийдвэрлэсэн. Нотариатч С.Н нь нотариатын мэдэгдэх хуудсыг үйлдэхдээ Нотариатын тухай 45 дугаар зүйлийн 45.2, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар гэрээ, хэлцлийг хуульд нийцсэн болох, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсэх, төлбөр төлөгчөөс төлбөр авагчид төлбөр төлөх нь маргаангүй гэдгийг нягтлаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй байхад шүүх илт тодорхой бус дүгнэлт гаргасан. Нотариатын мэдэгдэх хуудсыг Б.Цт нэхэмжлэлд заасан хаягаар шуудангаар хүргүүлсэн боловч хаяг дээр ийм хүн бүртгэлгүй гэсэн хариу ирсэн. Б.Ц-ийн ажлын байр нь байрладаг А цент дээр очиж өгөх гэсэн боловч өрөөндөө байгаагүй, А центрийн 1 давхарт байхлах Монгол шуудангийн салбарт гарт нь өгөх нөхцлөөр шууданд хийсэн. Б.Цт 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 18 цаг 26 минутад хүлээлгэн өгсөн талаар шуудангаас мэдэгдсэн. Мэдэгдэх хуудас хүлээн авсан эсэхийг лавлахад авсан, нэг том зээл хөөцөлдөж байгаа, тэрийг авчихаараа өгнө гэж хэлсэн. Ингээд нотариатын мэдэгдэх хуудсыг шүүхээр баталгаажуулж, албадан гүйцэтгүүлэхээр шийдвэр гүйцэтгэлийг ажиллагааг эхлүүлсэн. Б.Ц нь шүүхэд иргэний хэрэг үүсгэсэн нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг ажиллагааг хойшлуулах санаа зорилготой гэж үзэж байна. Төлбөр барагдуулах гэрээ, нотариатын мэдэгдэх хуудсыг хүчин төгөлдөр бус болгох санаа зорилгогүй гэж бодож байна. Б.Ц нь 2005 оноос өмгөөлөл хийж байгаа мэргэжлийн хуульч бөгөөд төлбөр барагдуулах гэрээ, нотариатын мэдэгдэх хуудас, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хууль зүйн үндэслэлийг мэдэхгүй байх боломжгүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Д.Уын төрсөн эгч Д.Маас 2012 онд 12,200 ам.доллар зээлсэн. Энэ талаар маргадаггүй. Харин тухайн мөнгийг зээлэхдээ зээлийн гэрээ байгуулаагүй. 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн гэрээгээр Д.Уын төрсөн эгч Д.М, Б.Ц нарын хооронд зээлийн гэрээний дагуу 12,200 ам.доллар авч 17,008 ам.доллар төлсөн. Энэ талаар талууд маргадаггүй. Д.М, Б.Ц нарын хоорондын төлбөрийн харилцаа дуусгавар болсон. 2016 онд 17,008 ам.доллар төлснөөс хойш 2020 онд дуусаагүй гэж үзэж байгаа бол шаардах эрх хууль ёсоор дууссаны дараа төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Д.У, Б.Ц нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байхад 20,000 ам.долларын төлбөртэй гэх үндэслэлээр төлбөр барагдуулах гэрээ байгуулан баталгаажуулсан. Төлбөр барагдуулах гэрээ нь хуульд нийцсэн эсэх, төлбөр төлөгч нь төлбөр авагчид 20,000 ам.доллар төлөх үүрэгтэй эсэх талаар нотариатч шалгах ёстой байсан. Мөн Д.У, Б.Ц нарын хооронд 20,000 ам.долларын зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн гэрээний заалтаар шаардах эрх шилжүүлээгүй нь хэрэгт авагдсан гэрээнээс тодорхой харагддаг. Гэрээний  нэг талыг Д.Уаар орлуулсан агуулга байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч Б.Ц, хариуцагч С.Н, Д.У нарт холбогдуулан нотариатчийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээ, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаар нотариатын мэдэгдэх хуудсыг гэрчилсэн үйлдлийг тус тус хүчингүй болгохоор нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж чадаагүй, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Д.Уын гуйлтаар төлбөр барагдуулах гэрээг байгуулсан, бидний хооронд гэрээний харилцаа үүсээгүй, Д.Уад төлөх төлбөрийн үүрэг байхгүй, дүр үзүүлэн хийсэн хэлцлийг үндэслэн нотариатч С.Н Нотариатын тухай хуулийн 45.2.1, 45.2.2-т заасныг зөрчиж мэдэгдэх хуудас үйлдсэн, үүнийн улмаас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарласан.

Хэргийн 7, 35, 37, 45-50 дугаар талд авагдсан маргааны үйл баримтад чухал ач холбогдолтой 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн нотариатын мэдэгдэх хуудас, Б.Ц, М.Э, Д.М нарын үндсэн зээл, зээлийн хүүний тооцоо гэх баримт, шуудан хүргэгчийн дэвтэр, нотариатын мэдэгдэх хуудсыг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоол, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, хуулбар баримтууд байна.

Шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй дээрх баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасантай нийцэхгүй. Хэргийн оролцогчоос шүүхэд ирүүлсэн нотлох баримт нь мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан эх хувь эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар байх шаардлагатай.

Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудыг үнэлж, маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2022/01056 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч С.Нээс төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Д.Уаас төлсөн 389,000 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.ЦОГТСАЙХАН

                   ШҮҮГЧИД                                    Ц.АЛТАНЦЭЦЭГ

                                                                  А.МӨНХЗУЛ