Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2023/00061

 

Б.Цийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2022/03387 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 210/МА2023/000199 дүгээр магадлалтай,

Б.Цийн нэхэмжлэлтэй

С.Н, Д.Унарт холбогдох

Нотариатчийн үйлдлийг хүчингүй болгож, гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Д.У, хариуцагч С.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, хариуцагч Д.У, хариуцагч С.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б, хариуцагч нарын өмгөөлөгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч С.Н, Д.Унарт холбогдуулан нотариатчийн үйлдлийг хүчингүй болгож, гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

2.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2022/03387 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэг, Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Цийн хариуцагч С.Нт холбогдуулан 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулж, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаар Мэдэгдэх хуудсыг хүчингүй болгуулах, хариуцагч Д.Уад холбогдуулан 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Цээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 533,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 210/МА2023/000199 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2022/03387 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар Д.У, Б.Ц нарын хооронд 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээг гэрчилсэн үйлдлийг болон 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаар нотариатын мэдэгдэх хуудсыг тус тус хүчингүйд тооцсугай” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтын “533,000” гэснийг “529,400” гэж, “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 529,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж, 2 дахь заалтын “7.1.1” гэсний дараа “7.1.2” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 533,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн.

4.Хариуцагч Б.Ундрахын хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1 Анхан шатны шүүх “зээлдүүлэгч Д.Мнь 2015.05.30-ны өдөр нэхэмжлэгч Б.Цтэй байгуулсан “Талуудын хооронд үүссэн зээл, зээлийн хүүг баталгаажуулах, эргүүлэн төлөх тухай" гэрээний 2.9 дахь заалтаар тус Зээлийн гэрээний шаардах эрхээ Д.Уад шилжүүлсэн нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1. 123.8 дахь хэсэгт заасантай нийцэж байна” гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн.

Харин Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсгийн 5.1-т “Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно. Д.Мболон Б.Ц нарын хооронд “Талуудын хооронд үүссэн зээл, зээлийн хүүг баталгаажуулах, эгүүлэн төлөх тухай” гэрээний 2.9-д “Энэхүү гэрээний хэрэгжилт, биелэлт, гүйцэтгэлд зээлдүүлэгчийг бүрэн төлөөлөн хяналт тавих эрхийг Догсомын Ундрахад үүгээр олгож байгаа бөгөөд гэрээний талууд үүнийг хүлээн зөвшөөрч байгаа болно гэжээ. Гэрээний уг заалтын агуулгаас үзэхэд зээлдүүлэгч Д.Мзээлийн гэрээний шаардах эрхээ Д.Уад шилжүүлсэн гэж үзэхгүй юм. Харин тэрээр зээлийн гэрээний хэрэгжилт, биелэлт, гүйцэтгэлд хяналт тавих эрхийг Д.Уад олгосон байна. Өөрөөр хэлбэл Д.Унь зээлдүүлэгч Д.Мын шаардах эрхийг шилжүүлж аваагүй буюу Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасан төлөөллийг хэрэгжүүлэх юм. Гэрээнд төлөөлөл хэрэгжүүлэх хугацаа заагаагүй байх тул Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5 дахь хэсэгт зааснаар төлөөлөгчийн бүрэн эрх олгосон өдрөөс хойш нэг жил хүчинтэй байна. Өөрөөр хэлбэл, Д.Мболон Б.Ц нарын хооронд үүссэн зээл, зээлийн хүүг баталгаажуулах, эгүүлэн төлөх тухай гэрээ байгуулагдсан 2015.05.30-ны өдрөөс хойш 1 жил буюу 2016.05.30-ны өдөр Д.Уын төлөөлөх бүрэн эрх дуусгавар болсон байхад 2020.07.20-ны өдөр Д.Унь Б.Цтэй төлбөр барагдуулах гэрээ байгуулсан байгааг нотариатч анхаараагүй байна. Иймд уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар 56.1.8-д зааснаар хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийсэн хэлцэл тул байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус байна ” гэжээ.

Гэвч энэ нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч Б.Ц болон иргэн Д.Мнарын хооронд 2015.05.30-ны өдөр “Талуудын хооронд үүссэн зээл, зээлийн хүүг баталгаажуулах, эгүүлэн төлөх тухай” гэрээний 2.9-т заасны дагуу шаардах эрхээ хариуцагч Д.Уад шилжүүлж байгаа явдал нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дахь хэсэгт зааснаар төлөөлөх бүрэн эрх олгож буй явдал биш тул мөн хуулийн 64.5 дахь хэсэгт зааснаар хугацаа заагаагүй итгэмжлэл олгосон өдрөөс хойш нэг жил хүчин төгөлдөр байна гэж заасантай хамаарахгүй. Учир нь тус гэрээний 2.9-д энэхүү гэрээний хэрэгжилт, биелэлт, гүйцэтгэлд зээлдүүлэгчийг бүрэн төлөөлөх эрхийг хариуцагч Д.Уад тодорхой хугацаагүйгээр шилжүүлсэн нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрх шилжүүлж буй явдал бөгөөд хууль зүйн ойлголтын хувьд итгэмжлэлийн үндсэн дээр бусдыг төлөөлөх болон үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардах эрхийг гэрээгээр шилжүүлэн авах нь харилцан адилгүй өөр, өөр агуулга болоод үр дагавартай. Түүнчлэн, зээлдүүлэгч Д.М2022.04.13-ны өдөр шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “2015.05.30-ны өдөр “Талуудын хооронд үүссэн зээл, зээлийн хүүг баталгаажуулах, эгүүлэн төлөх тухай гэрээний 2.9-т заасны дагуу шаардах эрхээ хариуцагч П.Ундрахад шилжүүлсэн талаар өөрийн хүсэл зоригоо илэрхийлсэн” болох нь тус өдрийн шүүх хуралдааны дүрс бичлэгийн 15:30 цаг 24 секундээс 15:30 цаг 44 секундэд авагдсан.

Гэтэл тус өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд зээлдүүлэгч буюу гэрч Д.Маас хариуцагч Д.Уад шаардах эрхээ шилжүүлсэн эсэх талаар асуусан хариуцагч нарын өмгөөлөгчийн асуулт болон уг асуултад шаардах эрх шилжүүлсэн талаар хариулсан гэрч Д.Мын хариултыг бүрэн гүйцэт бичилгүй дутуу орхигдуулсан байхад давж заалдах шүүх анхаарч үзээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дахь хэсэгт “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэж заасантай нийцэхгүй байна. /хх-ийн 83-р талын арын хэсэг/

4.2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т энэ хуулийн 56.1.2-56.1.4, 56.1.8-д заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ гэж заасан байх тул нэхэмжлэгч болон хариуцагч Д.Унарын хооронд байгуулсан Төлбөр барагдуулах гэрээг гэрчилсэн болон түүний үндсэн дээр олгосон нотариатын мэдэгдэх хуудас нь хуульд заасны дагуу хүчин төгөлдөр байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч Б.Ц нь ХХБ дахь, хариуцагч Д.Уын 415009761 дугаар долларын дансанд 2016.09.30-ны өдөр 4,008 ам.доллар шилжүүлсэн үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь 2015.05.30-ны өдөр “Талуудын хооронд үүссэн зээл, зээлийн хүүг баталгаажуулах, эргүүлэн төлөх тухай” гэрээний 2.9-т зааснаар зээлдүүлэгч Д.Мын шаардах эрх хариуцагч Д.Унадад шилжсэн болохыг мэдэж байсан болох нь тогтоогдож байсан.

Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч С.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

5.1. Анхан шатны шүүх “зээлдүүлэгч Д.Мнь 2015.05.30-ны өдөр нэхэмжлэгч Б.Цтэй байгуулсан “Талуудын хооронд үүссэн зээл, зээлийн хүүг баталгаажуулах, эгүүлэн төлөх тухай" гэрээний 2.9 дахь заалтаар тус Зээлийн гэрээний шаардах эрхээ Д.Уад шилжүүлсэн нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1. 123.8 дахь хэсэгт заасантай нийцэж байна” гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Харин Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсгийн 5.1 дүгээрт “Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно. Д.Мболон Б.Ц нарын хооронд “Талуудын хооронд үүссэн зээл, зээлийн хүүг баталгаажуулах, эгүүлэн төлөх тухай” гэрээний 2.9-д “Энэхүү гэрээний хэрэгжилт, биелэлт, гүйцэтгэлд зээлдүүлэгчийг бүрэн төлөөлөн хяналт тавих эрхийг Догсомын Ундрахад үүгээр олгож байгаа бөгөөд гэрээний талууд үүнийг хүлээн зөвшөөрч байгаа болно” гэжээ. Гэрээний уг заалтын агуулгаас үзэхэд зээлдүүлэгч Д.Мзээлийн гэрээний шаардах эрхээ Д.Уад шилжүүлсэн гэж үзэхгүй юм. Харин тэрээр зээлийн гэрээний хэрэгжилт, биелэлт, гүйцэтгэлд хяналт тавих эрхийг Д.Уад олгосон байна. Өөрөөр хэлбэл Д.Унь зээлдүүлэгч Д.Мын шаардах эрхийг шилжүүлж аваагүй буюу Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасан төлөөллийг хэрэгжүүлэх юм. Гэрээнд төлөөлөл хэрэгжүүлэх хугацаа заагаагүй байх тул Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5 дахь хэсэгт зааснаар төлөөлөгчийн бүрэн эрх олгосон өдрөөс хойш нэг жил хүчинтэй байна. Өөрөөр хэлбэл, Д.Мболон Б.Ц нарын хооронд үүссэн зээл, зээлийн хүүг баталгаажуулах, эргүүлэн төлөх тухай гэрээ байгуулагдсан 2015.05.30-ны өдрөөс хойш 1 жил буюу 2016.05.30-ны өдөр Д.Уын төлөөлөх бүрэн эрх дуусгавар болсон байхад 2020.07.20-ны өдөр Д.Унь Б.Цтэй төлбөр барагдуулах гэрээ байгуулсан байгааг нотариатч анхаараагүй байна. Иймд уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар 56.1.8-д зааснаар хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийсэн хэлцэл тул байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус байна ’’ гэжээ.

Гэвч энэ нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч Б.Ц болон иргэн Д.Мнарын хооронд 2015.05.30-ны өдөр “Талуудын хооронд үүссэн зээл, зээлийн хүүг баталгаажуулах, эгүүлэн төлөх тухай” гэрээний 2.9-т зааснаар шаардах эрхээ шилжүүлж байгаа явдал нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дахь хэсэгт зааснаар төлөөлөх бүрэн эрх олгож буй явдал биш тул мөн хуулийн 64.5 дахь хэсэгт зааснаар хугацаа заагаагүй итгэмжлэл олгосон өдрөөс хойш нэг жил хүчин төгөлдөр байна гэж заасантай хамаарахгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх ямар үндэслэлээр шаардах эрх шилжүүлснээс хойш нэг жил өнгөрсөн тул хариуцагч Д.Уын төлөөлөх бүрэн эрх дуусгавар болсон гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Учир нь тус гэрээний 2.9-д энэхүү гэрээний хэрэгжилт, биелэлт, гүйцэтгэлд зээлдүүлэгчийг бүрэн төлөөлөх эрхийг хариуцагч П.Ундрахад тодорхой хугацаагүйгээр шилжүүлсэн нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрх шилжүүлж буй явдал бөгөөд хууль зүйн ойлголтын хувьд итгэмжлэлийн үндсэн дээр бусдыг төлөөлөх болон үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардах эрхийг гэрээгээр шилжүүлэн авах нь харилцан адилгүй өөр, өөр агуулга болоод үр дагавартай.

5.2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т энэ хуулийн 56.1.2-56.1.4, 56.1.8- д заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ гэж заасан байх тул нэхэмжлэгч болон хариуцагч Д.Унарын хооронд байгуулсан Төлбөр барагдуулах гэрээг гэрчилсэн болон түүний үндсэн дээр олгосон нотариатын мэдэгдэх хуудас нь хуульд заасны дагуу хүчин төгөлдөр байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсгийн 5.2-т “Нотариатч төлбөр барагдуулах гэрээг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4 дахь хэсэгт зааснаар төлөөлөгчийн бүрэн эрх хуульд заасан шаардлага хангасан эсэхийг нягтлаагүй байх тул уг гэрээг гэрчилсэн үйлдлийг болон түүний үндсэн дээр олгосон нотариатын мэдэгдэх хуудсыг хүчингүйд тооцох үндэслэлтэй” гэжээ.

Гэвч энэ нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч Б.Ц болон иргэн Д.Мнарын хооронд 2015.05.30-ны өдөр "Талуудын хооронд үүссэн зээл, зээлийн хүүг баталгаажуулах, эргүүлэн төлөх тухай” гэрээг байгуулагдсан. Улмаар нэхэмжлэгч болон хариуцагч нар нь тус гэрээг үндэслэж үлдэгдэл төлбөр болох 16,000 ам.доллар төлөх тухай 2020.07.20-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Тус гэрээний 2.9-д энэхүү гэрээний хэрэгжилт, биелэлт, гүйцэтгэлд зээлдүүлэгчийг бүрэн төлөөлөх эрхийг хариуцагч Д.Уад тодорхой хугацаагүйгээр шилжүүлсэн нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасантай нийцэж байсан тул Хан-Уул дүүргийн 146-р тойргийн нотариат С.Н нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2020.07.20-ны өдөр байгуулсан Төлбөр барагдуулах гэрээг гэрчилсэн.

Өөрөөр хэлбэл төлөөлөгч Д.Унь Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч П.Мандахбаярыг төлөөлөх бүрэн эрхтэй байсан. Түүнчлэн, нэхэмжлэгч Б.Ц нь ХХБ дахь, хариуцагч Д.Уын 415009761 дугаар долларын дансанд 2016.09.30-ны өдөр 4,006 ам доллар шилжүүлсэн үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь 2015.05.30-ны өдөр “Талуудын хооронд үүссэн зээл, зээлийн хүүг баталгаажуулах, эргүүлэн төлөх тухай” гэрээний 2.9-т зааснаар зээлдүүлэгч Д.Мын шаардах эрх хариуцагч Д.Уад шилжсэн болохыг мэдэж байсан болох нь тогтоогдож байсан. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

6. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2023.03.23-ны өдрийн 001ШХТ2023/000318 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн хариуцагч Д.У, хариуцагч С.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

ХЯНАВАЛ:

7. Хариуцагч Д.У, хариуцагч С.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв. 

8. Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Д.Уад холбогдуулан төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хариуцагч С.Нт холбогдуулан төлбөр барагдуулах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдэл, нотариатын мэдэгдэх хуудсыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гарган, шаардлагын үндэслэлээ “... Д.Утай ... гэрээ байгуулж байгаагүй, 16,000 ам долларын өр төлбөрийн асуудал байхгүй. ... Хариуцагч Д.Утай 2020.07.20-ны өдөр байгуулсан төлбөр барагдуулах гэрээ нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд дүр үзүүлэн хийсэн хэлцэл ... миний бие Д.Уад төлөх төлбөр байхгүй. ... дүр үзүүлэн хийсэн хэлцлийг үндэслэн нотариатын мэдэгдэх хуудас бичиж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлэн, үндэслэлгүй их хэмжээний мөнгө нэхэмжилж байна” гэж тайлбарласан байна.

9. Хариуцагч Д.Унэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...би төрсөн эгч Д.Мын Япон улсад ажиллаж олсон мөнгийг Б.Цт зээлдүүлсэн. ... мөнгөө өгөхгүй байсан тул эгч үлдэгдэл төлбөрөө баталгаажуулахыг надаас шаардсан. ... 2015.05.30-ны өдрийн гэрээний дагуу зээлдүүлэгчийн шаардах эрх Д.Унадад шилжсэн ... Б.Ц гэрээний дагуу 4,008 ам долларыг ХХБны 415009761 тоот дансанд шилжүүлсэн. ... үлдэгдэл 16,000 ам доллар болно. ... гэрээний үүргийг гүйцэтгэж дууссан гэсэн нь үндэслэлгүй.” гэж маргасан байна.

10. Хариуцагч С.Н нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... нэхэмжлэгч Б.Ц болон хариуцагч Д.Унарын хооронд 2020.07.20-ны өдөр байгуулсан төлбөр барагдуулах гэрээг гэрчлэхдээ ... Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6-д заасны дагуу тэгш эрхийн үндсэн дээр гэрээ хэлцэл байгуулсан эсэх, бусдын дарамт шахалт болон бусад хүчин зүйлсийн нөлөөлөлд автсан эсэх, агуулга нь үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадсан эсэх, үүсэх үр дагавар үр дүнд бодитой хандаж чадсан эсэхийг тус тус нягталсан. ... талуудын бэлтгэж ирсэн гэрээний зарим алдааг залруулсан ... Нотариатын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасны дагуу Б.Цээс 16,000 ам долларыг, хугацаа хэтрүүлсэн алданги 640 ам долларын хамт нийт 16,640 ам долларыг гаргуулж төлбөр авагч Д.Уад олгуулах мэдэгдэх хуудас үйлдэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу нотариатын мэдэгдэх хуудас үйлдсэн. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар нотариатын үйлдэл хийхээс татгалзах үндэслэл байгаагүй тул төлбөр барагдуулах гэрээг гэрчилж, мэдэгдэх хуудас бичсэн ... ” гэж маргасан байна.

11. Анхан шатны шүүх хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Шүүх “... Д.Мнь 2012.12.18-ны өдөр 9700 ам.доллар, 2013.01.14-ний өдөр 2500 ам.долларыг сарын 8 хувийн хүүтэй Б.Ц, М.Энарт зээлдүүлсэн. ... 2015.05.30-ны өдөр Д.М, Б.Ц М.Энарын хооронд байгуулсан гэрээгээр ... 20,000 ам.долларыг 2015.11.30-ны өдөр төлөх, ... гэрээний хэрэгжилт, биелэлт, гүйцэтгэлд зээлдэгчийг төлөөлж бүрэн хяналт тавих эрхийг Д.Уад олгохоор заасан нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.8-д зааснаар шаардах эрхээ шилжүүлсэн явдал мөн. Иймд 2020.07.20-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ хүчин төгөлдөр” гэж дүгнэн хариуцагч Д.Уад холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Түүнчлэн “... гэрээний 5.2-т төлбөр төлөгч ...төлбөр төлөх хугацааг 14 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд ... нотариатын мэдэгдэх хуудас үйлдүүлэн зохих шатны шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар төлбөрийг барагдуулах болно. ... гэж тохиролцсон нь Нотариатын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасныг зөрчөөгүй.” гэж үзэн хариуцагч С.Нт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

12. Давж заалдах шатны шүүх “...Д.Мболон Б.Ц нарын хооронд гэрээ байгуулагдсан 2015.05.30-ны өдрөөс хойш нэг жил өнгөрсөн буюу 2016.05.30-ны өдөр Д.Уын төлөөлөх бүрэн эрх дуусгавар болсон. ... 2020.07.20-ны өдөр Д.Уын Б.Цтэй байгуулсан төлбөр барагдуулах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тул байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус. ... Нотариатч төлбөр барагдуулах гэрээг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсэгт зааснаар төлөөлөгчийн бүрэн эрх хуульд заасан шаардлага хангасан эсэхийг нягтлаагүй тул уг гэрээг гэрчилсэн үйлдэл, нотариатын мэдэгдэх хуудсыг хүчингүй болгох үндэстэй.” гэж дүгнэн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

13. Талууд нэхэмжлэгч Б.Ц нь 2012 оноос эхлэн хариуцагч Д.Уын төрсөн эгч гэх Д.Маас ам.долларын зээл авч байсан болон 2015.05.30-ны өдөр энэ харилцааг баталгаажуулан “Талуудын хооронд үүссэн зээл, зээлийн хүүг баталгаажуулах, эргүүлэн төлөх тухай” гэрээ бичгээр байгуулсан үйл баримтын тухайд харилцан маргаагүй. Харин уг гэрээг үндэслэн хариуцагч Д.У, нэхэмжлэгч Б.Ц нарын хооронд 2020.07.20-ны өдөр байгуулагдсан “Төлбөр барагдуулах гэрээ”-ний хүчин төгөлдөр байдлын тухайд маргажээ. Нэхэмжлэгч уг гэрээг хүсэл зоригийн дутагдалтай, хүчин төгөлдөр бус, дүр үзүүлсэн хэлцэл гэж тайлбарласныг анхан шатны шүүх эс зөвшөөрч гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх тус гэрээ нь хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн байна. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Төлөөлөгч хүсэл зоригийг хангалтгүй илэрхийлж, хүссэн үр дагаврыг бий болгож чадаагүйгээс хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах бол төлөөлүүлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг илүү харгалзан үзнэ” гэж, 68 дугаар зүйлийн 68.1-д “Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална.” гэж тус тус заасныг анхаараагүй байна.     

Хяналтын шатны шүүх зохигчийн хооронд 2020.07.20-ны өдөр байгуулсан “Төлбөр барагдуулах гэрээ”-г хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдлийг зөв гэж үзэв.

Хариуцагч Д.Узээлдүүлэгч Д.Мыг төлөөлөн 2020.07.20-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээг байгуулахдаа 2015.05.30-ны өдрийн “Талуудын хооронд үүссэн зээл, зээлийн хүүг баталгаажуулах, эргүүлэн төлөх тухай гэрээ”-ний 2.9 дэх заалтыг үндэслэсэн талаар тайлбарласан байна. Гэрээний 2.9-д “... гэрээний хэрэгжилт, биелэлт, гүйцэтгэлд зээлдэгчийг төлөөлж бүрэн хяналт тавих эрхийг Д.Уад олгох”-оор заасныг анхан шатны шүүх Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 ба 123.8-д заасны дагуу шаардах эрх шилжсэн харилцаа гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх нэг жилийн хугацаагаар хэрэгжих төлөөллийн харилцаа гэж дүгнэжээ.

Маргаан бүхий гэрээний 2.9 дэх заалт нь зээлийн гэрээний шаардах эрх шилжих бус, төлөөллийн агуулгыг илэрхийлсэн тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Харин уг заалтаар гэрээний хэрэгжилт, гүйцэтгэлд хяналт тавих эрх олгосныг үүрэг биелэх хүртэл хугацаатай холбож, гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой үйлдэл хийх эрхийг Д.Уад олгосон гэж үзэх бөгөөд үүнийг зээлдэгч Б.Ц хүлээн зөвшөөрч хүсэл зоригоо илэрхийлэн 2020.07.20-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулжээ. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Мгэрчээр мэдүүлэг өгөхдөө Д.Утүүнийг төлөөлөн Төлбөр барагдуулах гэрээ байгуулж, мөнгөн хөрөнгийг шаардсан үйлдлийг буруутгаж, үгүйсгээгүй байх тул өөрийгөө төлөөлөх эрхийг Д.Уад олгосон гэж үзэх үндэслэлтэй юм. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална.” гэж заасан нөхцөл байдал бүрдсэн байна.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болжээ. Ийнхүү “Төлбөр барагдуулах гэрээ”-г хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх үзсэн нь уг гэрээний дагуу шаардах үүргийн хэмжээ, тооцооллын хувьд талуудын маргах эрх нээлттэй буюу энэ асуудлаар дүгнэлт өгөөгүй дурдах нь зүйтэй. Түүнчлэн нотариатын үйлдлийг хүчингүй болгосон нь хэлцлийн хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй юм.

14. Нэхэмжлэгч Б.Цийн хариуцагч С.Нт холбогдуулан гаргасан Төлбөр барагдуулах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдэл, түүнийг үндэслэн бичсэн нотариатын мэдэгдэх хуудсыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв боловч хяналтын шатны шүүхээс дүгнэлтийг өөрчилнө. 

Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Нотариатч гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ хуульд нийцсэн болон талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсэхийг ... нягтална” гэж, 46.4-т “Гэрээ, хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж байгаа бол төлөөлөгчийн бүрэн эрх, итгэмжлэл хуульд заасан шаардлага хангасан эсэхийг нягтална.“ гэж тус тус заажээ. Гэвч нотариатч С.Н Төлбөр барагдуулах гэрээг гэрчлэх тухайн цаг мөчид зээлдүүлэгч Д.Мыг Д.Утөлөөлөх эрхтэй гэх нөхцөл байдал нотариатчийн хувьд эргэлзээгүй, илэрхий байсан гэж дүгнэх үндэслэлгүй байна. Хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх явцад холбогдох этгээдийг гэрчээр асууж, байр суурийг тодруулан төлөөлөх эрхийн талаар шүүх дүгнэлт хийснийг нотариатч гэрээг гэрчлэх тухайн цаг хугацаанд хамааруулан тайлбарлах боломжгүй.  

Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч Д.Мыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр оролцох үед шүүх энэ нөхцөл байдлыг тодруулж, хэргийн үйл баримтыг гэрээний заалттай холбон тайлбарласныг гэрээг гэрчлэх үеийн нотариатчийн үүрэгтэй уялдуулан ойлгох үндэслэлгүй. Иймд нотариатчийн хувьд төлөөллийн нөхцөл байдал тодорхойгүй байсан гэж үзнэ. Энэ үндэслэлээр эргэлзээтэй нөхцөл байдлын талаар нягтлах, тодруулах үүргээ биелүүлэлгүй гэрээг гэрчилсэн нотариатын үйлдэл Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлд заасантай нийцсэнгүй.

Хяналтын шатны шүүх нотариатч С.Нийн гэрчилсэн 2020.07.20-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээг төлөөлөх эрх бүхий этгээдийн байгуулсан хүчин төгөлдөр гэрээ гэх анхан шатны шүүхийн шийдлийг үндэслэлтэй гэж үзэхдээ гэрээний зорилго, хугацаа, зүйл заалтын агуулгаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцсон гэрч Д.Мын мэдүүлэгт үндэслэсэн болно. Харин нотариатч гэрээг гэрчлэх үед түүний хувьд тодорхой бус нөхцөл байдлыг нягтлах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлэлгүйгээр гэрээг гэрчилж мэдэгдэх хуудас бичсэн нь хууль зүйн буруу үр дагаварт хүргэхээр байх тул нотариатын үйлдэл, мэдэгдэх хуудсыг хүчингүй болгох нь Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасантай нийцнэ.

15. Тус тогтоолын хянавал хэсгийн 13-т дурдсанчлан гэрээ зохигчийн маргаж буй үндэслэлээр хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдоогүй, хариуцагч Д.Угэрээг зээлдүүлэгч Д.Мыг төлөөлж байгуулсан нь хүчинтэй. Гэвч гэрээний агуулга, мөнгөн дүн, төлсөн төлбөр, шаардах эрхийн талаар талууд маргаж мэтгэлцэх боломж нээлттэй тул төлөөлөх эрхтэй гэсэн үндэслэлээр Төлбөр барагдуулах гэрээг гэрчилсэн нотариатчийн үйлдэл, мэдэгдэх хуудасны хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй.         

16. Дээр дурдсан үндэслэлээр 2020.07.20-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нотариатын үйлдэл, мэдэгдэх хуудсыг хүчингүй болгуулах шаардлагыг хангах үндэстэй байх тул тус агуулгаар давж заалдах шатны шүүхийн магадлалд зохих өөрчлөлт оруулж, хариуцагч Д.Уын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг ханган, хариуцагч С.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Бийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 210/МА2023/000199 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... тогтоож, ...” гэснийг “...тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,” гэж, “үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 529,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэснийг “...үлдээж, хариуцагч С.Нээс 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Цт олгосугай.” гэж тус тус өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Д.Уын гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан хариуцагч Д.Ухяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023.02.28-ны өдөр төлсөн 396,600 төгрөг, хариуцагч С.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Бийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023.02.28-ны өдөр төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦОЛМОН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                        Н.БАЯРМАА

                                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД