Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2022/01056

 

 

  

 

        2022 оны 04 сарын 13 өдөр

                Дугаар 183/ШШ2022/01056

                   Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

 

Нэхэмжлэгч: М овогтой, Б.Ц-ийн нэхэмжлэлтэй, 

            Хариуцагч: Б овогтой, С.Н-т холбогдох,

            Хариуцагч: Б овогтой, Д.У-д холбогдох.

 

          Нэхэмжлэлийн шаардлага: Нотариатчийн үйлдлийг хүчингүй болгож, гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А.

Хариуцагч С.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б.

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Д.

Хариуцагч Д.У.

Гэрч Д.М.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Ц.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Ц нь С.Н-т холбогдуулан нотариатчийн үйлдлийг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаар “нотариатчийн мэдэгдэх хуудас”-аар “2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээний дагуу Б.Ц-ээс 16.000 ам доллар, алданги 640 доллар гаргуулж Д.У-д олгох” тухай гэжээ. Гэтэл Б.Ц, Д.У нарын хооронд “Төлбөр барагдуулах гэрээ”-ний харилцаа үүсээгүй бөгөөд Д.У-ын гуйлтаар уг гэрээг байгуулсан юм. Гэтэл Хан-Уул дүүргийн 146 тойргийн нотариатч С.Н нь Нотариатын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.1, 45.2.2-т заасныг зөрчиж, уг мэдэгдэх хуудсыг үйлдсэн. Иймээс нотариатч С.Н-ийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ”-г, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаар “Нотариатын мэдэгдэх хуудас”-ыг гэрчилсэн үйлдлийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.

 

2. Нэхэмжлэгч Б.Ц нь Д.У-д холбогдуулан гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. Уг гэрээ нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл, зориг эрмэлзэлгүйгээр хэлцэл хийсэн бөгөөд нэхэмжлэгч миний бие Д.У-д төлөх төлбөрийн үүрэг байхгүй юм. Энэхүү дүр үзүүлэн хийсэн хэлцлийг үндэслэн нотариатын мэдэгдэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, надаас үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Иймд 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ 3-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэв.

 

3. Хариуцагч С.Н хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нотариатч С.Н би Б.Ц болон Д.У нарын хооронд 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан “Төлбөр барагдуулах гэрээ”-г гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Нотариатч гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ хуульд нийцсэн болон талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсэхийг дор дурдсаны дагуу нягтална” гэж заасны дагуу талууд тэгш эрхийн үндсэн дээр гэрээ хэлцэл байгуулсан эсэх, бусдын дарамт шахалт болон бусад хүчин зүйлсийн нөлөөлөлд автаагүй эсэх, агуулга нь үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадсан эсэх, үүсэх үр дагавар үр дүнд бодитой хандаж чадсан эсэхийг тус тус нягталж, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.6-д “Нотариатч гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ түүний агуулга, гарах үр дагавар, үүргээ биелүүлээгүй нөхцөлд хүлээх хариуцлага зэргийг бүрэн гүйцэд ойлгосон эсэхийг талуудаас тодруулна” гэж заасны дагуу “Төлбөр барагдуулах гэрээ”-г гэрчилсэн. Нэхэмжлэгч Б.Ц, Д.У нарын хооронд 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан “Төлбөр барагдуулах гэрээ”-ний 5.2-т “Төлбөр төлөгч гэрээний хавсралтад заасан хуваарийн төлбөр төлөх хугацааг 14 хоногоос дээш хугацаа хэтрүүлсэн тохиолдолд энэхүү гэрээг төлбөр авагчийн санаачилгаар цуцлагдсанд тооцогдож, Нотариатын тухай хуулийн 45 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 183, 184 дүгээр зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.4 дахь заалтын дагуу нотариатын мэдэгдэх хуудас үйлдүүлэн зохих шатны шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар төлбөрийг барагдуулах болно” гэж талууд харилцан тохиролцсон байдаг. Д.У-ын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хүсэлтийн дагуу Нотариатын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д зааснаар Төлбөр барагдуулах гэрээ болон шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байсан байдлыг тус тус үндэслэн 02 дугаартай Нотариатын мэдэгдэх хуудас үйлдсэн байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Хариуцагч Д.У хариу тайлбартаа: Миний бие өөрийн төрсөн эгч Д.М-ын Япон Улсад ажиллаж олсон мөнгийг Б.Ц-т зээлдүүлсэн билээ. Б.Ц нь зээлж авсан мөнгөө өгөхгүй, гэр бүл нь маргаантай байсан болохоор эгч маань зээлсэн мөнгө, төлсөн мөнгө, үлдэгдэл төлбөрөө баталгаажуулж авахыг надаас шаардсан. Ингээд Б.Ц, Д.М нарын хооронд байгуулагдсан 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээг зээлдүүлэгч Д.М, зээлдэгч Б.Ц М.Э нар байгуулж, уг гэрээний 2.5-д Зээлдэгч нь энэ зүйлийн 2.4-д заасан “зээл, түүний хүү 20.000  америк долларыг 6 сарын дотор буюу 2015 оны 11 дүгээр сарын 30-ны дотор зээлдүүлэгч болон түүний төрсөн дүү Д.У-ын Худалдаа хөгжлийн банк дахь 415009761 тоот дансанд шилжүүлнэ” гэж тохиролцсон. Мөн гэрээний 2.9-д Энэхүү гэрээний хэрэгжилт, биелэлт, гүйцэтгэлд зээлдүүлэгчийг бүрэн төлөөлөн хяналт тавих эрхийг Д.У-д үүгээр олгож байна гэсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5. Нэхэмжлэгчээс 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаар Нотариатын мэдэгдэх хуудас, 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ”, хариуцагч С.Н-ээс Нотариатчийн бүртгэлийн дэвтэрт бүртгэл хийсэн баримт, хариуцагч Д.У-аас 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “Талуудын хооронд үүссэн зээл, зээлийн хүүг баталгаажуулах, эргүүлэн төлөх тухай гэрээ”, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга гэсэн баримтуудыг гаргаж өгсөн.

 

            Хариуцагч Д.У-ын хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр Д.Мыг оролцуулахаар шийдвэрлэж, гэрчээс мэдүүлэг авсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Ц-ийн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгох, гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б.Ц, Д.У нарын хооронд “Төлбөр барагдуулах гэрээ”-ний харилцаа үүсээгүй бөгөөд Д.У-ын гуйлтаар уг гэрээг байгуулсан юм. Гэтэл Хан-Уул дүүргийн нотариатч С.Н нь Нотариатын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.1, 45.2.2-т заасныг зөрчиж, 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ”-г гэрчилж, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаар “Нотариатын мэдэгдэх хуудас”-ыг үйлдсэн тул дээрх нотариатчийн үйлдлийг хүчингүй болгож өгнө үү. Мөн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ”-г тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл, зориг эрмэлзэлгүйгээр байгуулсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэв.

 

3. Хариуцагч С.Н нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Б.Ц, Д.У нарын хооронд 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан “Төлбөр барагдуулах гэрээ”-г гэрчлэхдээ, мөн Д.У-ын хүсэлтийн дагуу Нотариатын мэдэгдэх хуудас үйлдэхдээ Нотариатын тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны зөрчөөгүй гэв.

 

4. Хариуцагч Д.У нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Би өөрийн эгч Д.М-ын Япон Улсад ажиллаж олсон мөнгийг Б.Ц-т зээлдүүлсэн билээ. Б.Ц нь зээлж авсан мөнгөө өгөхгүй, гэр бүл нь маргаантай байсан болохоор эгч маань зээлсэн мөнгө, төлсөн мөнгө, үлдэгдэл төлбөрөө баталгаажуулж авахыг надаас шаардсан. Ингээд Б.Ц, Д.М нарын хооронд байгуулагдсан 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээ талууд зээл, зээлийн хүүгийн төлбөрөө баталгаажуулах үүднээс зээлдүүлэгч Д.М, зээлдэгч Б.Ц М.Э нар гэрээг байгуулж, уг гэрээний 2.5-д Зээлдэгч нь энэ зүйлийн 2.4-д заасан зээл, түүний хүүг 20.000  америк доллар болгон нийт 6 сарын дотор буюу 2015 оны 11 дүгээр сарын 30-ны дотор зээлдүүлэгч болон түүний төрсөн дүү Д.У-ын Худалдаа хөгжлийн банк дахь 415009761 тоот дансанд шилжүүлэхээр тохиролцсон. Мөн гэрээний 2.9-д Энэхүү гэрээний хэрэгжилт, биелэлт, гүйцэтгэлд зээлдүүлэгчийг бүрэн төлөөлөн хяналт тавих эрхийг Д.У-д үүгээр олгож байна гэсэн гэв.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаар Нотариатын мэдэгдэх хуудас, 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ”, Нотариатчийн бүртгэлийн дэвтэрт бүртгэл хийсэн баримт, 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “Талуудын хооронд үүссэн зээл, зээлийн хүүг баталгаажуулах, эргүүлэн төлөх тухай гэрээ”, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, гэрч Д.М-ын мэдүүлэг гэсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6. Д.М болон Б.Ц, М.Э нарын хооронд байгуулагдсан 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “Талуудын хооронд үүссэн зээл, зээлийн хүүг баталгаажуулах, эргүүлэн төлөх тухай гэрээ”-д зээлдүүлэгч Д.М нь 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 9700 ам.долларыг, 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн 2500 ам.долларыг сарын 8 хувийн хүүтэй зээлдэгч Б.Ц, М.Э нарт зээлдүүлсэн. Нийт зээлдүүлсэн 10.200 ам.доллар, зээлийн хүү 9.794 ам.доллар, нийт 20.000 ам.долларыг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор зээлдэгч Б.Ц, М.Э нар зээлдүүлэгч Д.М болон түүний дүү Д.У нарын дундын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 415009761 тоот дансанд төлнө. Хэрэв дээрх хугацаанд төлөөгүй тохиолдолд 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны зээлийн хүүд 2000 ам.долларыг зээлдэгч төлөх бөгөөд үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж тохиролцжээ.

 

Дээрх гэрээг үндэслэн Б.Ц, Д.У нар 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулж, уг гэрээг 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр нотариатчаар гэрчлүүлсэн байна.

 

Уг гэрээгээр төлбөр төлөгч Б.Ц нь “талуудын хооронд үүссэн зээл, зээлийн хүүг эргүүлэн төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас үүссэн 16.000 ам.долларын өр төлбөрийг 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлбөр авагч Д.У-д төлж барагдуулахаар тохиролцов.” гэжээ.

 

Гэтэл Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Б.Ц, Д.У  нарын хооронд зээлийн гэрээний харилцааны үүсээгүй, 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “Талуудын хооронд үүссэн зээл, зээлийн хүүг баталгаажуулах, эргүүлэн төлөх тухай гэрээ”-ний оролцогч тал Д.У биш байхад, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар Д.М болон Б.Ц, М.Э нарын хооронд байгуулагдсан 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “Талуудын хооронд үүссэн зээл, зээлийн хүүг баталгаажуулах, эргүүлэн төлөх тухай гэрээ”-ний шаардах эрх Б.У-д шилжээгүй байхад Б.Ц, Д.У нар 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

 

7. Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч С.Н нь Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.12-т зааснаар 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ”-г гэрчлэх үйлдэл хийхдээ, мөн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаар Нотариатын мэдэгдэх хуудас бичихдээ мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.2, 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар дээрх гэрээ, хэлцлийг хуульд нийцсэн болох, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсэхийг, төлбөр төлөгчөөс төлбөр авагчид төлбөр төлөх нь маргаангүй гэдгийг нягтлаагүй байна гэж дүгнэв.

 

Иймд Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4, 31.1.6-д зааснаар үйлчлүүлэгч нь төлөөлөх эрхгүй байвал нотариатч нотариатын үйлдэл хийхээс татгалзана”, 31 дүгээр зүйлийн 31.3-т “энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх хүчингүйд тооцно” гэж заасны дагуу Б.Ц, Д.У нарын хооронд байгуулагдсан 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ”-г гэрчилсэн нотариатын үйлдэл, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаар Нотариатын мэдэгдэх хуудсыг тус тус хүчингүйд тооцох нь зүйтэй болно.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ц-ээс улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн 70.200 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 389.000 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч С.Н-ээс 70.200 төгрөгийг, хариуцагч Д.У-аас 389.000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1., 115.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан Б.Ц, Д.У нарын хооронд байгуулагдсан 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсугай.

 

2. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан Б.Ц, Д.У нарын хооронд байгуулагдсан 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ”-г гэрчилсэн Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч С.Н-ийн нотариатын үйлдэл, мөн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаар Нотариатын мэдэгдэх хуудсыг тус тус хүчингүйд тооцсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ц-ээс улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 9 дүгээр сарын 022-ны өдөр төлсөн 70.200 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 389.000 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч С.Н-ээс 70.200 төгрөгийг, хариуцагч Д.У-аас 389.000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах  шатны шүүхэд  гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж.СЭМЖИД