Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 312

 

С.Н, С.Х, С.Ц нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Боловсролын

газар, Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн

хэлтэст тус тус холбогдох захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:          Х.Батсүрэн,

            Шүүгчид:                        М.Батсуурь,

                                                    Д.Мөнхтуяа,

                                                    Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны 6,499,902 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгоогүй Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 6,499,902 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгохыг Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст даалгах, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны 19,299,708 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгохгүй байгаа Нийслэлийн Боловсролын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 19,299,708 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгохыг Нийслэлийн Боловсролын газарт даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар  сарын 05-ны өдрийн 128/ШШ2020/0159 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 321 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, түүний өмгөөлөгч Ш.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М нарыг оролцуулж,

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар  сарын 05-ны өдрийн 128/ШШ2020/0159 дүгээр шийдвэрээр: Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Н, С.Х, С.Ц нарын Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст холбогдуулан гаргасан 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны 6,499,902 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгоогүй Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 6,499,902 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгохыг Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст даалгах, Нийслэлийн Боловсролын газарт холбогдуулан гаргасан 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны 19,299,708 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгохгүй байгаа Нийслэлийн Боловсролын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 19,299,708 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгохыг Нийслэлийн Боловсролын газарт даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.  

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 321 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 159 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Баянзүрх дүүргийн 12-р хороолол, 3-р хороо 6-44 тоотод Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, холбогдох журмын дагуу С.Н, С.Х, С.Ц бид нар 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 6 дугаар бүлэг, 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалтад заасныг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар хүүхэд харах үйлчилгээг эхлүүлэн үйл ажиллагаагаа хэвийн явуулж, 2017 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл санхүүжилтээ авсан. Гэтэл 2017 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга В.Эад зүй ёсны шаардлага тавьсныхаа төлөө 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал чадах чинээгээрээ ажиллаж байгаад үйл ажиллагаагаа аргагүй эрхэнд зогсоосон. Дарга В.Э тухайн үед хүүхэд харах үйлчилгээний санхүүжилтийн дэмжлэгийг хугацаанд хийхгүй, санхүүгээр боож эсэргүүцэж, шаардлага тавьж, шилжүүлэхгүй бол шүүхэд хандахаа илэрхийлсэн. Зүй ёсны шаардлага тавьж, өөрийн болон бусдын эрх ашгийг хамгаалж үг хэлсний төлөө В.Э дарга намайг тухайн үедээ “чамайг яаж амьдрахыг чинь харна. Төрийн өмнө толгой бөхийж гуйж зогсохыг чинь үзнэ” гэж заналхийлсэн. Энэ үгээ баталгаажуулахын төлөө албан тушаал, эрх мэдэл, төрийн нэр сүрийг ашиглан боломжтой бүх л арга хэмжээг авснаас шалтгаалан өнөөдрийг хүртэл хохирсоор явна.

4. 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн иргэний анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад, энэ тухайгаа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст мэдэгдсэн. Тэр өдөр 17:00 цагийн үед мэргэжилтэн Ц.А утсаар ярьж 1, 2 сарын санхүүжилт шилжүүлснээ хэлж, шүүхээс нэхэмжлэлээ татахыг шаардсан. Харин бүх төлбөрөө шилжүүлбэл татаж болно гэсэн боловч “боломжгүй” гэсэн хариу өгсөн. Ингээд 2017 оны 5 дугаар сард нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 02205 дугаар захирамжаар хүүхэд харах үйлчилгээний олгогдоогүй санхүүжилтийг олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл В.Э дарга шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, эс үйлдэхгүйгээр хохироосоор байсан тул 2017 оны 8 дугаар сард анхан шатны шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасан. Үүний дагуу 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр албадан шүүхийн шийдвэрийг биелүүлсэн боловч “хүүхэд харах үйлчилгээний санхүүжилт” гэж шилжүүлээгүй, “ажилчдын цалин” гэж шилжүүлсэн нь манай үйлчилгээнд өгөх ёстой байсан мөнгө хаачсан эсэх нь тодорхойгүй байна.

5. Энэ шүүхийн үйл ажиллагаатай зэрэгцэн В.Э өөрийн хүсэл зорилгоо биелүүлэхийн тулд дараах үйл ажиллагааг төрийн нэр, тамга ашиглан чамайг яаж амьдрахыг чинь харна Төрийн өмнө толгой бөхийж гуйж зогсохыг чинь үзнэ гэсэн үгээ гүйцэлдүүлэхээр улайрч хийсэн. Үүнд: шүүхийн материалд бүрдүүлж өгсөн албан бичигтээ дарга В.Э, мэргэжилтэн Ц.Атай хуйвалдан эрх мэдлээ ашиглан 2017 оны 4 дүгээр сарын 18-нд В.Э, Ц.А нар, 4 дүгээр сарын 20-ны өдөр хамтарсан баг, 5 дугаар сарын 30-ны өдөр В.Э дарга, мэргэжилтэн Ц.А нар дахин дахин шалгалт хийсэн дүгнэлтийг Фото зургийн хамт хавсаргасан 3 хуудас материал ирүүлсэн байдаг.

6. Тус албан тоот болон хавсралт материалууд нь дараах зөрчлийг агуулсан байдаг. Тухайлбал: “Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн А/36 дугаар тушаалыг үндэслэн хамтарсан баг 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 6-44 тоотод үйл ажиллагаа эрхэлдэг С.Н, C.Х, С.Ц нарын хүүхэд харах төвд хяналт шалгалт хийгдсэн” гэж бичсэн байдаг. Гэтэл албан тоотдоо бусад хийсэн шалгалтын үндэслэл, шалгалтын багийг тогтоосон шийдвэрийн талаар дурдаагүй. Хэдхэн өдрийн хугацаанд хэд дахин шалгалтыг 1 төвд хийсэн байдаг вэ гэсэн асуулт гарч ирдэг.

7. Үүнээс харахад өөр нотлох үндэслэл бүхий материал байхгүй, өөрсдийнх нь хийсэн бусад 2 шалгалт нь хууль бус, хуурамчаар үйлдсэн гэдгээ батлан харуулж байна. Тэрээр Засгийн газрын агентлаг, нийслэлийн агентлагаа ялгахгүй, аль газрын шийдвэрээр үйл ажиллагаа явуулж байгаагаа мэдэхгүй, зөвхөн нэг хүнийг харлуулахын тулд яаран сандран албан тоот бичиж, тамга дарсан харагддаг. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хамтарсан багийн шалгалт хийх тушаал огт гараагүй байдаг юм. Мөн нөгөө хоёр шалгалтын материал дээр В.Э, Ц.А хоёроос өөр гарын үзэг зурсан хүн байдаггүй.

8. Энэ нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т “Хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно” гэсэн заалтыг төрийн байгууллагын зүгээс байж боломжгүй үйлдэл гаргасан байдаг. Тус албан тоотдоо “Шалгалтаар хүүхэд харах үйлчилгээний хуулийн 6.2.2, 6.5, 8.1.1, 12.1.4, 16.1.3, Хүүхэд харах үйлчилгээний журмын 4.7-д заасныг тус тус зөрчсөн тул цаашид үйл ажиллагааг үргэлжлүүлэн эрхлэх боломжгүй болсныг мэдэгдэж байна. Иймд тус хүүхэд харах үйлчилгээний төвийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг цуцалж өгнө үү” гэж бичжээ.

9. Тэгвэл Гэтэл Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 13.4-т “Энэ хуулийн 5,6, 7, 8 дугаар зүйл, 9.4 дэх хэсэг, 12 дугаар зүйлийг зөрчсөн нь энэ хуулийн 15.2-т заасан эрх бүхий этгээдийн дүгнэлтээр тогтоогдвол хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгоно” гэж заасан байна. Эндээс харахад хүсэлт гаргасан албан тоотын 6.2.2, 6.5, 12.1.4 гэсэн заалтууд хаах бүхий үндэслэл харагдаж байна.

10. 6.2.2-т “Хүүхэд харах үйлчилгээний байр, гэрийг зөвхөн хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар ашиглана” гэж заасан. Өөрсдийнх нь албан бичигт хавсаргасан манай бодит зургаас харвал хүн амьдрах орчин нөхцөл байхгүй, зөвхөн хүүхдэд зориулагдсан нь тодорхой харагдана. Мөн хавсралт зурагт өөр газрын зургийг эвлүүлэн тавьж, өөрсдийн буруутгасан дүгнэлтээ батлах гэж оролдсон, дээд шатны болон шүүхэд хуурамч материал бүрдүүлж өгсөн. 6.5-д “Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан нэг хүүхэд харагчид оногдох хүүхдийн тоо 5-аас илүүгүй байх бөгөөд хүүхдийн насны ялгааг харгалзан Засгийн газар тогтооно” гэж заасан. Өөрсдөө шалгалтын дүгнэлтээр 2 багш, 1 туслан дэмжигч, хуульд заасны дагуу нийт 15 хүүхэдтэй, туслан дэмжигч авч ажиллуулж болох заалтын дагуу үйл ажиллагааг явуулж байгааг дурдсан бөгөөд тухайн шалгалтаар туслан дэмжигчээс анкетын асуулга авсан. 12.1.4-т “Хүүхэд харах үйлчилгээний ажилтныг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд тогтмол хамруулах” гэж заасан. Тухайн үед шалгалтаар бид бүх хүмүүсийнхээ эрүүл мэндийн хуудсыг шалгуулсан. Эрүүл мэндийн хуудсыг тухайн үеийнхээр хэргийн материалд хавсаргасан байгаа.

11. 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр өнгөрсөн хугацаанд аваагүй санхүүжилтээ албадан гаргуулж аваад 9 дүгээр сарын 1-ний өдөр хүүхдүүдээ авах бэлтгэлээ хийсэн. Хүүхдүүдээ хүлээн аваад үйл ажиллагаагаа хэвийн явуулж байтал мөн манай төвийн санхүүжилт орж ирэхгүй 9 дүгээр сар дууссан. Ингээд 10 дугаар сарын 6-ны өдөр мэргэжилтэн Ц.Атай утсаар холбогдож тодруулсан. Мэргэжилтэн Ц.А танайхыг хаасан, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэст 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 47 тоот албан бичиг явуулсан байгаа, түүний хариуг хүлээж байна, удахгүй хаасан бичиг өгнө гэсэн ам тайлбар өгсөн.

12. Харин дээрх албан тоотын дагуу дүүргийн Нийгмийн хэлтсээс “Хүүхэд харах үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага “MNS6540:2015 стандартын 5.7, 5.9 дэх хэсэгт заасны дагуу дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын 26/188 дугаартай дүгнэлт, хавсралттай хорооны нийгмийн ажилтнаар ахлуулсан стандарт үнэлгээний шалгуур үзүүлэлтүүдийн дагуу шалгалтыг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хийж, 108 оноо авахаас 104 оноотойгоор шалгагдсан. Ингээд Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 13.2-т заасны дагуу “эрх бүхий байгууллага” буюу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2017 оны 12-р сарын 4-ний өдөр А/400 захирамжаар “Хүүхэд харах үйлчилгээг сунгах иргэдийн жагсаалт”-д орж 2018 оны дуустал үйл ажиллагаагаа явуулах эрх сунгагдаж гэрээ байгуулсан.

13. В.Э дарга, мэргэжилтэн Ц.А нь нар хамтран Засаг даргын шийдвэрийг хэрэгжүүлэлгүйгээр хүүхэд харах үйлчилгээний анхан шатны бүртгэлийг хийдэг, системд албан ёсоор нэвтрэх эрхээ ашиглан С.Н С.Х С.Ц нарын хүүхэд харах үйлчилгээний санхүүгийн дэмжлэг олгох сангийн мэдээллээс 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн манай төвөөс үйлчилгээ авч байгаа 15 хүүхдийн нэрсийг санхүүгийн сүлжээнээс хассан байсан. Тухайн үедээ мэдэхгүй 2017 оныг дуустал асууж тодруулан явсан байдаг. Ингээд 2018 оны 1 дүгээр сараас төрийн бүтцэд өөрчлөлт орж Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийг Боловсрол соёл шинжлэх ухааны яамны харьяанд шилжүүлсэн. Харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтэс, Нийслэлийн Боловсролын газар, яам гээд хуулийн дагуу хандаж болох бүх газар хандсан. Гэвч 2018 онд дараах хариултуудыг дээрх газруудаас өгсөн байдаг. Үүнд:

14. Баянзүрх дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс хүүхдүүдийн мэдээллийг яаманд шилжүүлэхдээ хугацаандаа хүүхдүүдийн нэрс, мэдээллийг өгөөгүй тухай БСШУСЯ-ны тайлбар бичгээс харахад ойлгомжтой байна. Үүнээс үүдэн зөвхөн манай төв бус Баянзүрх дүүргийн хүүхэд харах үйлчилгээний бүх төвүүдийн хүүхдүүдийн мэдээллийг байнга өөрчилдөг, нуун дарагдуулан ажиллаж байсан нь санхүүгийн болон бусад төрлийн авилгын хардлага төрүүлж байна.

15. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасан хүүхэд харах үйлчилгээний нэг байранд хамрагдах хүүхдийн тооны дээд хязгаар 15 байна гэж заасныг зөрчиж шинээр 17 газарт тус бүр 20-30 хүртэл хүүхэд нэмж бүртгэн дүүргийн хүүхэд харах үйлчилгээний дээд хязгаарыг дүүргэж, орхигдсон манай төвийн үйлчилгээ авдаг хүүхдүүдийн нэрсийг нэмэх боломжгүй болгож, санхүүжилтийг хуваарилуулсан байдаг.

16. Ингэж нэг хүнийг газар мөлхүүлж, өөрийн бодлоо гүйцэлдүүлэхийн тулд В.Э нь манай төвийн 15 хүүхдийн эрх, эцэг эхийнх нь ажлаа хийх боломжийг хааж, хүний эрх, хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан. Энэ тухай БСШУСЯ-ны мэргэжилтэнд шилжүүлэн өгсөн нэрсээс тулгалт хийхдээ олж мэдсэн юм. Иймээс Нийслэлийн боловсролын газар болон дүүргийн Боловсролын хэлтсээс хүүхдийн тооны хязгаар дууссан гэсэн бичиг ирсэн байдаг. Танай үйлчилгээний талаар мэдээлэл байхгүй тул санхүүжилтийн материалыг хүлээн авахгүй гэж боловсролын хэлтэс амаар хариу өгсөөр байсан.

17. Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Ц.Э, Нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн н.Э нар тухайн үед ирж шалгаж үзээд шаардлага хангаж, үйл ажиллагаа хэвийн явагдаж байна гэж үзээд, асуудлыг нааштай шийднэ гэж хэлж байсан боловч өнөөдрийг хүрч байна.

18. Өнгөрсөн хугацаанд Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журмыг Засгийн газар баталж улсын төсөвт тусган, орон нутагт хуваарилна” гэж заасан, Засгийн газрын 2015 оны 513 дугаар тогтоолоор батлагдсан Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журмын санхүүгийн дэмжлэг олгох харилцааг зохицуулсан 4 дүгээр зүйлийн 4.1, 4.4-т заасны дагуу тухай бүр манай байгууллага харьяа дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст 2018 оны 1 дүгээр сарын 1-ээс өмнө хүүхдийн тоо, ирцийн бүртгэл, хүүхдийн овог нэр, регистрийн дугаар бүхий мэдээллийг гарган хүргүүлж байсан. 2018 оноос хойш Боловсролын хэлтэст шилжсэн ч гэсэн гаргах мэдээ тайлангаа тогтмол биеэр хуулбар цаасан хэлбэрээр хүргүүлж байсан. Үүний эх хувийг шүүхийн материалд өгсөн байгаа.

19. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0204 шийдвэрээр нотлох баримтад үндэслэн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3,4 дэх заалт, 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 4 дэх заалт, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэл, С.Н, С.Х, С.Ц нараас Нийслэлийн боловсролын газарт холбогдуулан гаргасан С.Н, С.Х, С.Ц нарын хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгохгүй байгаа Нийслэлийн боловсролын газрын эс үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч С.Н, С.Х, С.Ц
нарын хүүхэд харах үйлчилгээний 2017 оны 09 дүгээр сараас 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны санхүүгийн дэмжлэгт 25,799,610 төгрөгийг нөхөн олгохыг Нийслэлийн боловсролын газарт даалгах тухай гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, С.Н, С.Х, С.Ц нарын хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгохгүй байгаа Нийслэлийн боловсролын газрын эс үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоож, С.Н, С.Х, С.Ц нарын хүүхэд харах үйлчилгээний 2017 оны 09 дүгээр сараас 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны санхүүгийн дэмжлэгт 25,799,610 төгрөгийг нөхөн олгохыг Нийслэлийн боловсролын газарт даалгаж шийдвэрлэсэн.

20. Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0346 дугаар бүхий шийдвэр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0204 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай гэж шийдвэрлэсэн.

21. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 159 дүгээр шийдвэрээр манай төвийг буруутай гэж үзэхдээ: Дээд шатны байгууллагад өгөх ёстой мэдээ тайлан, баримтуудыг хугацаандаа өгч байгаагүй, шүүхэд гаргасан баримтууд нь тайлангаа хүргүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, Тайлангаа цаг хугацаанд нь хүргүүлээгүйгээс үүдэн Нийслэлийн боловсролын газар эс үйлдэхүйгээр асуудлыг шийдээгүй, санхүүжилт олгох үндэслэлгүй гэж үзсэн. Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 42 дугаар албан бичгээр С.Н намайг Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, холбогдох журмыг зөрчсөн талаар мэдэгдэл хүргүүлсэн гэж байгаа боловч өнөөдрийг хүртэл тэр албан бичгийг албан ёсоор надад ирээгүй, хүлээлгэж өгөөгүй билээ. 2017 оны 9 дүгээр сарын 11, 12-ны өдөр, 12 дугаар сарын 1, 5, 28-ны өдрүүдэд хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байгаад хяналт шалгалт хийхэд үйл ажиллагаа явуулж байгаагүй гэж мэдүүлсэн Ц.Агийн мэдүүлгийг үндэслэсэн.

22. Дээрх үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан боловч 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 321 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Иймээс бид дараах тайлбарыг гаргаж, дахин хянуулах хүсэлтэй байна. Үүнд:  

23. Хэрэгт холбогдох үндэслэл бүхий нотлох баримтыг шүүх авч үзэхгүй байгаа бөгөөд ганцхан санхүүжилт олгох заалтыг барьж байгаа нь хэт нэг талыг барьсан гэж үзэж байна. Тухайлбал 2020 оны 05 сарын 19-ний өдөр Нийслэлийн Боловсролын газрын нарийн бичиг Ж.Х нь С.Н надад тухай бүр санхүүгийн дэмжлэг авахаар шуудангаар болон биеэр цаасан хэлбэрээр хүргүүлж байсан сар сарын мэдээ баримтыг ямар нэгэн албан бичиггүйгээр “материалаа ав гэж хэлээд” шүүх хурлын дараа буцаан өгсөн. Материалуудыг хүлээн авахдаа төрийн байгууллага нь хүүхэд харах үйлчилгээний төвүүдээс хуудасны тоо, материал хүлээн авсан баримт үйлддэггүй учир шүүхэд миний зүгээс өгснөө батлах боломжгүйг ашиглан шийдвэр гаргуулсан.

24. Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 42 дугаар албан бичгээр С.Н намайг Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, холбогдох журмыг зөрчсөн талаар мэдэгдэл хүргүүлсэн гэж байгаа боловч өнөөдрийг хүртэл тэр албан бичгийг албан ёсоор надад ирүүлээгүй, хүлээлгэж өгөөгүй, өгсөн баримтыг шүүхийн материалд хавсаргагдаагүй. Үүнийг үзэхдээ төрийн тамга тэмдэг ашиглаж, шүүхэд өөрсдийн талд ашигтай материал бүрдүүлж өгсөн гэж үзэж байна.

25. 2017 оны 9 дүгээр сарын 11, 12-ны өдөр, 12 дугаар сарын 1, 5, 28-ны өдрүүдэд хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байгаад хяналт шалгалт хийхэд үйл ажиллагаа явуулж байгаагүй гэж мэдүүлсэн Ц.Агийн мэдүүлгийг үндэслэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн үед манайд шалгалтаар ирж байгаагүй, утсаар мэдэгдэж хэлээгүйгээр хуурамч баримт бүрдүүлж шүүхэд өгсөн байдаг. Үүнийг захиргааны хэргийн анхан, давж заалдах шатны шүүх үндэслэл болгож авч байгаа нь шүүхэд иргэний материалыг үл тоож, төрийн байгууллагын талд ажиллаж байна гэж үзэж байна. Иймд, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, “2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны 6,499,902 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгоогүй Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 6,499,902 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгохыг Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст даалгах, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны 19,299,708 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгохгүй байгаа Нийслэлийн Боловсролын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 19,299,708 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгохыг Нийслэлийн Боловсролын газарт даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хянаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

26. Анхан болон давж заалдах шатны шүүхээс, тухайн маргаанд Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль болон журмын холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

27. Нэхэмжлэгч С.Н, С.Х, С.Ц нар нь “2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны 6,499,902 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгоогүй Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 6,499,902 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгохыг Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст даалгах, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны 19,299,708 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгохгүй байгаа Нийслэлийн Боловсролын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 19,299,708 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгохыг Нийслэлийн Боловсролын газарт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...Төрийн байгууллагуудын хооронд ажил хүлээлцэх явцад хүүхэд харах үйлчилгээний мэдээллийн сангаас манай хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхдүүдийн мэдээлэл орхигдож, хасагдсанаас болж бид хүүхэд харах үйлчилгээг эрхлэхэд шаардлагатай санхүүгийн дэмжлэгийг авч чадахгүй хохирч байна” гэж маргажээ. 

28. Нэхэмжлэгч С.Х нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/119 дүгээр захирамжаар хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авч, БЗД/10026 дугаарын гэрчилгээ, нэхэмжлэгч С.Н, С.Ц нар нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/178 дугаар захирамжаар мөн зөвшөөрөл авч, БЗД/100152, БЗД/100153 дугаарын гэрчилгээ тус тус олгогдсон байна.

29. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байгаа нэг хүүхдэд ногдох хоолны болон нормативт зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд шаардагдах хөрөнгийг Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний төсвийн багцад тусгана”, 9.2-т “Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журмыг Засгийн газар баталж, жил бүрийн улсын төсөвт тусган, орон нутагт хуваарилна” гэж тус тус заасны дагуу Засгийн газрын 2015 оны 513 дугаар тогтоолоор “Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журам”-ыг баталсан байх бөгөөд уг журмын Дөрөв-ийн 4.1-д “Улаанбаатар хот, аймгийн төвийн суманд үйлчилгээ эрхэлж байгаа хүүхэд харагч нь тухайн сард үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн тоо, ирцийн бүртгэлийн мэдээг хүүхдийн овог, нэр, регистрийн дугаараар гаргаж, дараа сарын 5-ны дотор аймаг, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст хүргүүлнэ”, 4.4-т “Аймаг, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь энэ журмын 4.1, 4.2-т заасан мэдээг мөн журмын 5.1-д заасан мэдээллийн сантай тулгаж, зөрчилгүй байгаа тохиолдолд сар бүрийн 20-ны дотор санхүүгийн дэмжлэгийг хүүхэд харагчийн харилцах банкны төгрөгийн дансанд шилжүүлнэ” гэж тус тус заасан. Улмаар Засгийн газрын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн “Журамд өөрчлөлт оруулах тухай” 74 дүгээр тогтоолоор, дээрх журмын 4.1, 4.2-д заасан “аймаг, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар /хэлтэс/” гэснийг “аймаг, нийслэлийн боловсролын газар” болгон өөрчилжээ.

30. Хууль, журмын дээрх зохицуулалтуудаар, хүүхэд харагч нь тухайн сард үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн тоо, ирцийн бүртгэлийн мэдээг хүүхдийн овог, нэр, регистрийн дугаараар гаргаж, дараа сарын 5-ны дотор, тодруулбал 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө бол, аймаг, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар /хэлтэс/-т, энэ хугацаанаас хойш бол аймаг, нийслэлийн боловсролын газарт хүргүүлж, харин захиргааны байгууллагууд нь хүүхэд харах үйлчилгээний мэдээллийн сантай тулгаж, зөрчилгүй байгаа тохиолдолд сар бүрийн 20-ны дотор санхүүгийн дэмжлэг олгохоор зохицуулсан байна.

31. Маргааны үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч нар нь 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд, журамд заасны дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн үйл ажиллагаа явуулж, санхүүгийн дэмжлэг авах эрхтэй болохоо нотлоогүй, харин нэхэмжлэгч С.Нд, Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 42 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн, уг мэдэгдэлд “...Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 6.2.2, 6.5, 8.1.1, 12.1.4, 16.1.1, 16.1.3 дах заалтууд болон “Хүүхэд харах үйлчилгээний тухай журам”-ын 4.7 зүйлийг зөрчсөн тул цаашид үйл ажиллагааг үргэлжлүүлэн эрхлэх боломжгүй болсныг мэдэгдэж байна” гэсэн, мөн тус хэлтсээс 2017 оны 9 дүгээр сарын 11, 12 дугаар сарын 01, 05, 28-ны өдрүүдэд нэхэмжлэгч С.Н, С.Х, С.Ц нарын хүүхэд харах үйлчилгээнд хяналт шалгалт хийхэд тэдний хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байгаа нь нотлогдоогүй, 2017 оны 9, 10, 11, 12 дугаар саруудад журамд заасны дагуу санхүүгийн дэмжлэг олгуулахаар хандаж байгаагүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар журамд заасны дагуу хүүхэд харах үйлчилгээ эрхэлж, санхүүгийн дэмжлэг авахаар зохих журмын дагуу хандаж байгаагүй болох нь тогтоогджээ. 

32. Дээрх байдлаар, нэхэмжлэгч нарт 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны санхүүгийн дэмжлэгийг олгоогүй Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны санхүүгийн дэмжлэгийг олгохгүй байгаа Нийслэлийн Боловсролын газрын эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдоогүй, анхан болон давж заалдах шатны шүүхээс “...нэхэмжлэгч нар үйл ажиллагаа явуулсан мэдээллээ журамд заасны дагуу сар бүр гаргаж хариуцагч захиргааны байгууллагуудад хүргүүлсэн тохиолдолд тэдгээрийн мэдээлэлд үндэслэн хүүхэд харах үйлчилгээний мэдээллийн санг тухайн бүр шинэчлэх бөгөөд нэхэмжлэгч нар уг үүргээ биелүүлээгүйгээс тэдний мэдээлэл хүүхэд харах үйлчилгээний мэдээллийн сангаас хасагдаж, улмаар хүүхэд харах үйлчилгээг шилжүүлэхэд мэдээлэл нь шилжээгүй гэж үзэхээр байна. ... санхүүгийн дэмжлэгийг олгоогүй хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдоогүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй байна.

33. Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулах”-аар гаргасан хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2020/0159 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 321 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Х.БАТСҮРЭН

                                          ШҮҮГЧ                                                       Б.МӨНХТУЯА