Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2017/00590

 

                                                           С.Тамирын нэхэмжлэлтэй,

                                                             иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/00042 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 438 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : С.Тамир,

Хариуцагч : Д.Даариймаа,

Хариуцагч : Ц.Жамьяндорж,

Нэхэмжлэлийн шаардлага :  8.600.000 төгрөг гаргуулах тухай

Хариуцагч Д.Даариймаагийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч  С.Тамир, хариуцагч : Д.Даариймаа, .Жамьяндорж, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ : 2015.10.05-ны өдөр Д.Даариймаа, Ц.Жамъяндорж нарт 2.240.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлүүлсэн. Мөнгөө төлөөгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд өдрийн 0.5 хувийн алданги тооцохоор тохирсон. Дараа нь дахин 6 сарын хугацаатай зээлийн гэрээгээ сунгасан. Зээлийн хугацаа дууссан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Д.Даариймаа, Ц.Жамъяндорж нараас 8.600.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Даариймаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би С.Тамираас  2015.10.05-ны өдөр 1 сая төгрөгийг зээлж авсан ба мөнгөө Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хорооны Шинэ Өглөө дэлгүүрийн гоо сайхны тасагт байх Д.Мөнхбаярын өрөөнд хүлээлцсэн, хажууд Д.Мөнхбаяр байсан тул энэ талаар мэднэ. Уг мөнгийг 1 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй буцааж өгөхөөр тохиролцсон, харин алданги огт яриагүй. Бид бичгээр гэрээ хийгээгүй, зөвхөн мөнгөө л өгч авалцсан, хүүгийн талаар амаар тохиролцсон юм. Миний бие уг 1 сая төгрөгөөс 2015.10.08-ны өдрөөс 2015.10.26-ны өдрийн хооронд 310.000 төгрөг, 2016.02.07-ны өдрөөс 2016.02.26-ны өдрийн хооронд 125.000 төгрөг, 2016.8.31-ний өдрөөс 2016.10.12-ны өдрийн хооронд 240.000 төгрөгийг тус тус буцааж төлсөн, одоо үлдэгдэл 325.000 төгрөг байгааг төлнө. Дээрхээс гадна тэмдэглэл хөтлөөгүй, баримтгүйгээр 140.000 төгрөг өгснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй байсан тул би түүнийгээ амаар тохиролцсон 8 хувийн хүүнд төлсөн гэж тооцож, одоо хүү төлөхийг зөвшөөрөхгүй байна. Хэрэгт байгаа 2015.10.05-ны өдрийн зээлийн гэрээнд байгаа гарын үсэг минийх мөн боловч би 2.240.000 төгрөгийг аваагүй, ийм гэрээ хийгээгүй. С.Тамир заримдаа бусдад зээл өгөхдөө намайг батлан даагч бол гэдэг байсан тул би энэ үүднээс түүний өгсөн цаасан дээр гарын үсэг зурдаг байсан. Энэ гэрээ гэх зүйл тэдний л нэг байх. Иймд нэхэмжлэлээс 325.000 төгрөгөөс бусад хэсгийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Жамъяндорж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Эхнэр Д.Даариймаа 2015.10.05-ны өдөр С.Тамираас 1 сая төгрөг авсан. Би С.Тамираас өөрөө нэг ч төгрөг авч байгаагүй, энэ 1 сая төгрөгийг эхнэр авсан, гэхдээ бид цуг зарцуулсан тул үлдэгдлийг төлөхөд татгалзахгүй. Бид өмнө нь С.Тамираас мөнгө авч, буцааж өгч байсан тул би түүнийг танина. Бид Г.Одонтунгалагаас микроавтобус зээлээр авсан тул мөнгийг нь өгөх зорилгоор С.Тамираас 3 сая төгрөгийн зээлийг хүссэн боловч 1 сая төгрөг л өгсөн гэсэн. Бид зээлсэн мөнгийг цуг хэрэглэсэн нь үнэн. Гэхдээ эхнэр гардаж авсан, үлдэгдлээ төлнө. Түүнээс их мөнгө төлөх үндэслэлгүй. Би С.Тамиртай огт гэрээ хийгээгүй, С.Тамир нь зарим үед хоосон цаасан дээр гарын үсэг зуруулах тохиолдол байдаг байсан гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/00042 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Даариймаа, Ц.Жамъяндорж нараас 880.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж С.Тамирт олгож, үлдэх 7.720.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэмж 50 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч нараас 25.670 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 438 дугаартай магадлал гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/00042 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1” гэсний дараа “282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт” гэж нэмж өөрчлөн, “880.000 төгрөгийг” гэснийг “2.280.000 төгрөг” гэж, “7.720.000 төгрөгт” гэснийг “6.320.000” төгрөгт гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “25.670 төгрөг” гэснийг “51.430 төгрөг” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152.550 төгрөгийг буцааж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Д.Даариймаа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие 2015.10.05-өдөр иргэн С.Тамираас аман гэрээ хийж, 1.000.000 сая төгрөг зээлж авсан бөгөөд үүнээс 675.000 мянган төгрөгийг буцаан төлсөн. Ийнхүү анхан шатны шүүхэд зээлийн гэрээ бичгээр хийгээгүй, амаараа тохиролцсон тухай "Бид бичгээр гэрээ хийгээгүй, зөвхөн мөнгөө л өгч авалцсан, хүүгийн талаар амаар тохирсон юм. Мөн ... С. Тамир бусдад зээл олгохдоо намайг батлан даагч бол гэдэг байсан тул би энэ үүднээс түүний өгсөн цаас /хоосон цаас/ дээр гарын үсэг зурдаг байсан, хариуцагч Ц.Жамьяндоржын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт ...Би С.Тамиртай огт гэрээ хийгээгүй, С.Тамир нь зарим үед хоосон цаасан дээр гарын үсэг зуруулах тохиолдол байдаг гэдийг хэлж байсан. Гэтэл шүүх шийдвэр гаргахдаа 2015.10.05-ны өдөр ямар Зээлийн гэрээ хийгээгүй гэдгийг хариуцагч тайлбар, гэрчүүдээр нотлуулсаар байтал Иргэний хуулийн 43.2.1-т заасны дагуу бичгээр хийсэн, талууд гарын үсэг зурсан нь хэрэгт авагдсан гэж, мөн гэрээнд зурсан гарын үсэг хариуцагч нарын мөн болохыг зөвшөөрсөн тайлбар өгсөн гэх зэргээр эндүү ташаа байдлаар үнэлж улмаар хэрэглэх ёсгүй хуулийг баримталж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, миний бие өмнө нь С.Тамираас зээл авч байсан Бумандарь, Мөнхбаяр Ариунаа зэрэг хүмүүсийн батлан даагч болоход надаар хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж авдаг байсан. Гэтэл хожим үүнийгээ ашиглаж 2015.10.05-ний өдрийн болон 2016.4.05-ны өдөр зээлийн гэрээ гэх бичиг баримтыг хуурамчаар үйлдэж шүүхэд өгсөн байсныг мэдэж энэ тухай анхан шатны шүүх хуралдаан дээр хэлж байсан. 2016.4.05-ны өдрийн зээл гэрээ гэх бичиг баримтлан дээр миний гарын үсгийн хуурамчаар тэс ондоогоор бичсэн байсан. Гэвч энэ тухай анхан шатны шүүхийн шийдвэрт тусгаагүй байсан. Гэвч анхан шатны шүүх нэхэмжлэгч С.Тамир бид нарын хооронд 2015.10.05-ны өдөр бичгээр зээлийн гэрээ байгуулагдаагүй гэдгийг тогтоож шийдвэр гаргасан байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх С.Тамир бид нарын хооронд бичгэн зээлийн гэрээ байсан мэтээр үнэлж Иргэний хуулийн 43.2.1 дэх хэсэг, 282, 232.4 дэх хэсэг, 233.6 дах хэсгүүдийг үндэслэн хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж иргэн миний ашиг сонирхлыг хохироож байна гэжээ.

         ХЯНАВАЛ:

С.Тамир нь  Д.Даариймаа, Ц.Жамъяндорж нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж,  “...2.240.000 төгрөг 6 сарын хугацаатай сарын 10 % хүүтэй зээлүүлсэн... зээл төлөгдөөгүй тул 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 3.584.000 төгрөг 10 % хүүтэй 6 сарын хугацаатай зээлэх...  алданги тооцох гэрээ хийсэн...  мөнгөө төлөөгүй ...” гэсэн үндэслэл зааж 8.600.000 төгрөг шаардсаныг хариуцагч нар зөвшөөрөхгүй “...1 сая төгрөг зээлсэн... 675.000 төгрөг төлсөн байгаа...” гэж маргажээ. 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэн, нэхэмжлэгч 1 сая төгрөг зээлүүлсэн, хариуцагч нар 120.000 төгрөг төлсөн нь нотлогдсон гэсэн үндэслэлээр Д.Даариймаа, Ц.Жамъяндорж нараас 880.000 төгрөг гаргуулж С.Тамирт олгох, нэхэмжлэлээс 7.720.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан байна. 

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа 1 сая төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлсэн, алданги бичгээр тохирсон гэж дүгнэн, хариуцагч 1 сая төгрөг,  хүү 600.000 төгрөг, алданги 800.000 төгрөг нийт 2.400.000 төгрөг төлөх үүрэгтэй бөгөөд 120.000 төгрөг төлсөн нь тогтоогдсон гэж үзэж, Д.Даариймаа, Ц.Жамъяндорж нараас 2.280.000 төгрөг гаргуулж С.Тамирт олгох, нэхэмжлэлээс 6.320.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох магадлал гаргажээ. 

Д.Даариймаа шүүхэд гаргасан гомдолдоо “...зээл авахдаа бичгээр гэрээ хийгээгүй... Бумандарь, Ариунаа, Мөнхбаяр зэрэг хүмүүст зээл олгохдоо намайг батлан даагч бол гээд хоосон цаас дээр гарын үсэг зуруулдаг байсан... хожим үүнийг ашиглан энэ нэхэмжлэлийг гаргасан байна... 880.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна...” гэжээ. 

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. С.Тамир нь хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаагүй, 8.600.000 төгрөгөөс хэд нь үндсэн зээл, хэд нь хүү, алданги болохыг тодорхой дурдаагүй буюу нэхэмжлэгч хэдэн төгрөг зээлүүлсэн нь  тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40, 100 дугаар зүйлийн 100.2, 116 дугаар зүйлийн 116.2, 116.3-т -р зүйлд нийцээгүй байна. 

Магадлалын үндэслэл болсон, 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн гэрээнд /хх 5/ “...6 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй...” гэж буюу хүүг сар бүр тооцох талаар заагаагүй байхад давж заалдах шатны шүүх хариуцагч нар сар бүр хүү төлөх талаар тохиролцсон гэж үзсэн нь Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлийг зөрчжээ.

 Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгоно.      

 2. Анхан шатны шүүх С.Тамирын нэхэмжлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай талаас нь үнэлсэн байх тул нэхэмжлэгч нарын гомдлыг хангана.   

Хариуцагч нар  С.Тамираас 1 сая төгрөг авч, 120.000 төгрөг буцааж өгсөн, үлдэх 880.000 төгрөгийг Ц.Жамьяндорж, Д.Даариймаа нар Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны  дагуу төлөх үүрэгтэй тул энэ үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1.  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 438 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/00042 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 37.350 төгрөгийг Д.Даариймаад захирамжаар буцааж олгосугай.

                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ