Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 438

 

С.Тамирын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/00042 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Тамир,

Хариуцагч Д.Даариймаа, Ц.Жамъяандорж нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 8 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч С.Тамирын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч С.Тамир,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Д.Даариймаа, Ц.Жамъяндорж нарт 2 240 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлүүлсэн. Мөнгөө төлөөгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд өдрийн 0.5 хувийн алданги тооцохоор тохирсон. Дараа нь дахин 6 сарын хугацаатай зээлийн гэрээгээ сунгасан. Зээлийн хугацаа дууссан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Д.Даариймаа, Ц.Жамъяндорж нараас 8 600 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Даариймаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.Даариймаа би С.Тамираас 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1 000 000 төгрөгийг зээлж авсан ба мөнгөө Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хорооны Шинэ Өглөө дэлгүүрийн гоо сайхны тасагт байх Д.Мөнхбаярын өрөөнд хүлээлцсэн, хажууд Д.Мөнхбаяр байсан тул энэ талаар мэднэ. Уг мөнгийг 1 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй буцааж өгөхөөр тохиролцсон, харин алданги огт яриагүй. Бид бичгээр гэрээ хийгээгүй, зөвхөн мөнгөө л өгч авалцсан, хүүгийн талаар амаар тохиролцсон юм.

Миний бие уг 1 000 000 төгрөгөөс 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хооронд 310 000 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн хооронд 125 000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хооронд 240 000 төгрөгийг тус тус буцааж төлсөн, одоо үлдэгдэл 325 000 төгрөг байгааг төлнө.

Дээрхээс гадна тэмдэглэл хөтлөөгүй, баримтгүйгээр 140 000 төгрөг өгснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй байсан тул би түүнийгээ амаар тохиролцсон 8 хувийн хүүнд төлсөн гэж тооцож, одоо хүү төлөхийг зөвшөөрөхгүй байна. Хэрэгт байгаа 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээнд байгаа гарын үсэг минийх мөн боловч би 2 240 000 төгрөгийг аваагүй, ийм гэрээ хийгээгүй. С.Тамир заримдаа бусдад зээл өгөхдөө намайг батлан даагч бол гэдэг байсан тул би энэ үүднээс түүний өгсөн цаасан дээр гарын үсэг зурдаг байсан. Энэ гэрээ гэх зүйл тэдний л нэг байх. Иймд нэхэмжлэлээс 325 000 төгрөгөөс бусад хэсгийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Жамъяндорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Эхнэр Д.Даариймаа 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр С.Тамираас 1 000 000 төгрөг авсан. Би С.Тамираас өөрөө нэг ч төгрөг авч байгаагүй, энэ 1 000 000 төгрөгийг эхнэр авсан, гэхдээ бид цуг зарцуулсан тул үлдэгдлийг төлөхөд татгалзахгүй. Бид өмнө нь С.Тамираас мөнгө авч, буцааж өгч байсан тул би түүнийг танина. Бид Г.Одонтунгалагаас микроавтобус зээлээр авсан тул мөнгийг нь өгөх зорилгоор С.Тамираас 3 000 000 төгрөгийн зээлийг хүссэн боловч 1 000 000 төгрөг л өгсөн гэсэн. Бид зээлсэн мөнгийг цуг хэрэглэсэн нь үнэн. Гэхдээ эхнэр гардаж авсан, үлдэгдлээ төлнө. Түүнээс их мөнгө төлөх үндэслэлгүй. Би С.Тамиртай огт гэрээ хийгээгүй, С.Тамир нь зарим үед хоосон цаасан дээр гарын үсэг зуруулах тохиолдол байдаг байсан гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Даариймаа, Ц.Жамъяндорж нараас 880 000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж С.Тамирт олгож, С.Тамирын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 720 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэмж 50 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч нараас 25 670 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.Тамир давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Намайг эзгүйд шүүх хуралдаан хийж болно гэсэн хүсэлт гаргаагүй, шүүх хуралдаанд ирэхгүй байх хүндэтгэн үзэх шалтгаан байгаагүй. Шүүх хуралдааны товыг надад мэдэгдээгүй атлаа мэдэгдсэн мэтээр тэмдэглэл үйлдсэн байна. 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр миний 88993124 дугаар сүлжээний доголдолгүй ажиллаж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэргийн үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй боловч хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрийг залруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч С.Тамир хариуцагч Д.Даариймаа, Ц.Жамъяндорж нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8 600 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр С.Тамираас 2 240 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар Д.Даариймаа, Ц.Жамъяндорж нарт зээлдүүлсэн, зээлийг хугацаандаа эргэн төлөөгүй нөхцөлд гүйцэтгээгүй үнийн дүнгээс хоног тутам 0,5 хувийн алданги тооцох агуулгатай зээлийн гэрээг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т заасны дагуу бичгээр хийж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан нь авагдсан ба уг гэрээнд зурагдсан гарын үсэг хариуцагч нарынх мөн болохыг зөвшөөрсөн тайлбар өгсөн байх тул бичгээр гэрээ хийгээгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Харин мөн өдөр хариуцагч нар нэхэмжлэгчээс бодитоор 1 000 000 төгрөгийг тоолж хүлээн авсан, өөр мөнгө хүлээн аваагүй гэж маргасан нь гэрч Д.Мөнхбаярын мэдүүлгээр нотлогдсон, хариуцагчийн энэхүү татгалзлыг няцаасан баримтыг нэхэмжлэгч гаргаагүй, нэхэмжлэлийн 2 240 000 төгрөг хүлээлгэн өгсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй болно.

Иймд гэрээний дагуу бодитоор шилжүүлсэн мөнгийг хариуцагчийн зөвшөөрсөн тайлбар болон гэрчийн мэдүүлгээр 1 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар хүлээлгэн өгсөн гэж үзнэ.

2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний дагуу бодитоор шилжсэн мөнгөн дүн болох 1 000 000 төгрөгөөс хүү, алдангийг тооцвол үндсэн зээл 1 000 000 төгрөгөөс 6 сарын хүү тооцон, нийт 1 600 000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч зээлийн үүргийг шаардах эрхтэй.

Мөн зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй нөхцөлд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0.5 хувийн алданги тооцож төлүүлэхээр бичгээр хийсэн гэрээнд заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцэх тул нэхэмжлэгч нь алданги төлүүлэхээр шаардах эрхтэй.

Төлөгдөөгүй 1 600 000 төгрөгөөс гэрээний үүрэг зөрчигдсөн үеэс шүүхэд хандан нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны алдангийг тооцоход Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан алдангийн хэмжээ үндсэн үүргийн 50 хувиас хэтэрч байх тул 800 000 төгрөгийн хэмжээнд алдангийг хангах нь зүйтэй.

Нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацааг сунгасан гэж тайлбарлан, 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөр огноолсон 3 584 000 төгрөгийн дүн бүхий зээлийн гэрээний сунгалт гэх баримтыг шүүхэд гаргасан боловч уг гэрээнд сунгагдаж буй өмнөх гэрээ, түүгээр шилжүүлсэн мөнгөн дүн зэргийн талаар тодорхой заагаагүй байх тул 2015 оны 10  дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээг сунгасан гэрээ гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй.

Түүнчлэн энэ өдөр бичгээр гэрээ байгуулсныг мэдэхгүй, гарын үсэг зураагүй гэж хариуцагчийн татгалзсан нөхцөлд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох шаардлагатай, ийнхүү нотлох үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлээгүй тул сунгалтын гэх гэрээний дагуу хариуцагчаас төлбөр шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй болно.      

Хэргийн дээрх нөхцөл байдал, баримтаас үзвэл нэхэмжлэгч нь гэрээний дагуу үндсэн зээл, хүү, алдангид 2 400 000 төгрөгийг шаардах эрхтэй байх бөгөөд хариуцагч нь зээлийн төлбөрийг цувруулан төлөөд 325 000 төгрөг үлдсэн гэж тайлбарласан боловч хэргийн баримтаар /хх 18-23/ 120 000 төгрөгийг төлсөн нь тогтоогдсон тул үүнийг хасч, 2 280 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч С.Тамирт шүүхээс 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгснийг /хх 13/ баталгаажуулж, гарын үсэг зурахдаа, холбогдох утасны дугаар 88993124 болохыг шүүхэд өгсөн байна. Иймд 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт зааснаар түүний шүүхэд өгсөн дугаарт утсаар мэдэгдэж баримтжуулсныг хуралдааны товыг зохих ёсоор мэдэгдсэн гэж үзнэ. /хх 37/

Мөн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар оршин суугаа хаягт хүргүүлсэн нь хэрэгт авагдсанаас /хх 39/ үзвэл шүүх шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмаар мэдэгдсэн байна. Нөгөө талаас нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаан хэзээ болохыг шүүхээс лавлах, шүүхэд оршин суугаа хаягаа зөв мэдүүлэх, хаяг өөрчилсөн бол шүүхэд мэдэгдэх үүрэгтэй боловч уг үүргээ биелүүлээгүй байна. 

Иймд нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрхийг нь  хязгаарлаж, шүүх хуралдаанд оролцуулаагүй гэж шүүхийг буруутгах үндэслэлгүй,  хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байх тул энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй. 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/00042 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1” гэсний дараа “282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт” гэж нэмж өөрчлөн, “880 000 төгрөгийг” гэснийг “2 280 000 төгрөг” гэж, “7 720 000 төгрөгт” гэснийг “6 320 000 төгрөгт” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “25 670 төгрөг” гэснийг “51 430 төгрөг” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                    ШҮҮГЧИД                                           А.МӨНХЗУЛ

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ