Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 42

 

 

  

 

 

 

 

  

 

2017 оны 01 сарын 02 өдөр          Дугаар 181/ШШ2017/00042            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд дарь-эх 36 гудамжны 1866 тоотод оршин суух, Боржигин овогт Сандагсүрэнгийн Тамир /РД:ЦА76012376/-ын нэхэмжлэлтэй,         

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Рашааны 7 гудамжны 421 тоотод оршин суух, Боржигон овогт Дамдинсүрэнгийн Даариймаа /РД:НУ72052808/,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Сургуулийн 29 гудамжны 758 тоотод оршин суух, Сартуул овогт Цэрэндоржийн Жамъяндорж /РД:ХГ79092539/ нарт холбогдох,  

 

Зээлийн гэрээний үүрэгт 8,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд: хариуцагч Д.Даариймаа, Ц.Жамъяндорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.      

   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ.

С.Тамир миний бие нь 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Д.Даариймаа, Ц.Жамъяндорж нарт 2,240,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлүүлсэн. Мөнгөө төлөөгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд өдрийн 0,5 хувийн алданги тооцно. Дараа нь дахин 6 сарын хугацаатай зээлийн гэрээгээ сунгасан. Зээлийн хугацаа дууссан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Иймд Д.Даариймаа, Ц.Жамъяндорж нараас 8,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Дариймаа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Д.Даариймаа би С.Тамираас 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөгийг зээлж авсан ба мөнгөө Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хорооны Шинэ Өглөө дэлгүүрийн гоо сайхны тасагт байх Д.Мөнхбаярын өрөөнд хүлээлцсэн, хажуул Д.Мөнхбаяр байсан тул энэ талаар мэднэ. Уг мөнгийг 1 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй буцааж өгөхөөр тохирсон, харин алданги огт яриагүй. Бид бичгээр гэрээ хийгээгүй, зөвхөн мөнгөө л өгч авалцсан, хүүгийн талаар амаар тохирсон юм.

Би энэ 1,000,000 төгрөгөөс 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хооронд 310,000 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн хооронд 125,000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хооронд 240,000 төгрөгийг тус тус буцааж төлсөн, одоо үлдэгдэл 325,000 төгрөг байгааг төлнө.

Би дээрхээс гадна тэмдэглэл хөтлөөгүй, баримтгүйгээр 140,000 төгрөг өгснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй байсан тул би түүнийгээ амаар тохирсон 8 хувийн хүүнд төлсөн гэж тооцож, одоо хүү төлөхийг зөвшөөрөхгүй байна. Хэрэгт байгаа 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээнд байгаа гарын үсэг минийх мөн боловч би 2,240,000 төгрөгийг аваагүй, ийм гэрээ хийгээгүй. С.Тамир заримдаа бусдад зээл өгөхдөө намайг батлан даагч бол гэдэг байсан тул би энэ үүднээсээ түүний өгсөн цаасан дээр гарын үсэг зурдаг байсан. Энэ гэрээ гэх зүйл тэдний л нэг байх.

Иймд нэхэмжлэлээс 325,000 төгрөгөөс бусад хэсгийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.Жамъяндорж шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Эхнэр Д.Даариймаа 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр С.Тамираас 1,000,000 төгрөг авсан. Би С.Тамираас өөрөө 1 ч төгрөг авч байгаагүй, энэ 1,000,000 төгрөгийг эхнэр авсан, гэхдээ бид цуг зарцуулсан тул үлдэгдлийг төлөхөд татгалзахгүй. Бид өмнө нь С.Тамираас мөнгө авч, буцааж өгч байсан тул би түүнийг танина. Бид Г.Одонтунгалагаас микроавтобус зээлээр авсан тул мөнгийг нь өгөх зорилгоор С.Тамираас 3,000,000 төгрөгийн зээлийг хүссэн боловч 1,000,000 төгрөг л өгсөн гэсэн. Бид зээлийг цуг хэрэглэсэн нь үнэн. Гэхдээ эхнэр гардаж авсан, үлдэгдлээ төлнө. Түүнээс их мөнгө төлөх үндэслэлгүй. Би С.Тамиртай огт гэрээ хийгээгүй, С.Тамир нь зарим үед хоосон цаасан дээр гарын үсэг зуруулах тохиолдол байдаг байсан гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон гэрч Тайж овогт Дуламсүрэнгийн Мөнхбаяр /РД:ИМ67102505/ өгсөн мэдүүлэгтээ:

 Би Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд байрлах Шинэ Өглөө дэлгүүрийн 1 давхарт 1 өрөөг түрээслэн гоо сайхны бараа зардаг. 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн орой 22 цаг өнгөрч байхад Д.Даариймаа 1,000,000 төгрөгийг С.Тамираас миний өрөөнд авсан нь үнэн. Мөнгө зээлээч гэхээр нь С.Тамир манай өрөөнд орж ирээд мөнгө тоолж өгсөн. Манай дэлгүүр 23 цаг 30 минут хүртэл ажилладаг бөгөөд дэлгүүр хаахаас өмнө 22 цагт мөнгө өгч авалцсан. Эдний хооронд бичгээр гэрээ хийгдээгүй. С.Тамир ер нь байнга зээл өгдөг, би ч авч байсан, ихэндээ бичгээр гэрээ хийдэггүй, мөнгөө буцааж авахдаа ч гарын үсэг зурдаггүй, мөнгөө хурааж аваад л явдаг гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон гэрч Даарчид овогт Галбаатарын Одонтунгалаг  /РД:ХМ85092609/ өгсөн мэдүүлэгтээ:

Би микроавтобусаа 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч нарт 5,800,000 төгрөгөөр зарсан. Бэлнээр 2,800,000 төгрөг авсан, үлдэгдлийг 1 сарын дараа өгнө гэсэн боловч өгөөгүй. Д.Даариймаа, Ц.Жамъяндорж нар надад 3,000,000 төгрөг өгөх ёстой байсан боловч 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр С.Тамираас 1,000,000 төгрөг зээлсэн гэж хэлээд 100,000 төгрөг өөрсөддөө үлдээж, 900,000 төгрөгийг надад өгсөн. Би үлдэгдэл 2,100,000 төгрөгөө машиныг нь Нэт капиталд барьцаалж өгөөд мөнгөө авсан гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгийг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Тамир нь хариуцагч Д.Даариймаа, Ц.Жамъяндорж нараас 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 8,600,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

Хариуцагч нар 325,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч үлдэх хэсгийг үндэслэлгүй гэж маргасан.

 

Шүүх тус шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч С.Тамирт 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдаанд оролцох замаар хуульд заасан мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй, шүүх хуралдаан хойшлуулахтай холбоотой санал, хүсэлтийн алиныг ч шүүхэд ирүүлээгүй тул шүүх хариуцагч нарын хүсэлтээр нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т нийцнэ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Хэрэгт зохигчдын хооронд 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан гэх 6 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй 2,240,000 төгрөгийн зээлийн гэрээ, уг гэрээний сунгалт гэх 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 6 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй 3,584,000 төгрөгийн зээлийн бичгэн гэрээнүүд авагдсан байна.

 

Нэхэмжлэгч С.Тамир нь эдгээрийг үндэслэн 8,600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Д.Даариймаа, Ц.Жамъяндорж нар 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөгийг зээлж авсан, үүнээс 675,000 төгрөгийг төлсөн, одоо үлдэх 325,000 төгрөгийг төлөх ёстой, өөр мөнгө аваагүй гэх үндэслэлээр маргасан байна.

 

            Хариуцагч Д.Даариймаа, Ц.Жамъяндорж нар 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2,240,000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байдалдаа маргаагүй ч 2,240,000 төгрөгийг шилжүүлж аваагүй гэж маргаж байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасанд үндэслэн шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа, эрх, үүрэг үүссэн эсэх дүгнэлтийг С.Тамираас 2,240,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдсоны хойно хийх нь зүйтэй.

 

Хэргийн баримтаар С.Тамир нь 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Д.Даариймаа, Ц.Жамъяндорж нарт 2,240,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн гэж үзэх үйл баримт тогтоогдсонгүй.

 

Иймд бичгээр байгуулагдсан 2,240,000 төгрөгийн зээлийн гэрээ болон түүний сунгалт гэх 3,584,000 төгрөгийн гэрээ нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан эрх, үүрэг үүсгэхгүй.

 

Харин гэрч Д.Мөнхбаярын “...2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн орой 22 цаг өнгөрч байхад Д.Даариймаа 1,000,000 төгрөгийг С.Тамираас миний өрөөнд авсан нь үнэн. Мөнгө зээлээч гэхээр нь С.Тамир манай өрөөнд орж ирээд мөнгө тоолж өгсөн...” гэх, гэрч Г.Одонтунгалагийн “...Д.Даариймаа, Ц.Жамъяндорж нар надад 3,000,000 төгрөг өгөх ёстой байсан боловч 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр С.Тамираас 1,000,000 төгрөг зээлсэн гэж хэлээд 100,000 төгрөг өөрсөддөө үлдээж, 900,000 төгрөгийг надад өгсөн. Би үлдэгдэл 2,100,000 төгрөгөө машиныг нь Нэт капиталд барьцаалж өгөөд авсан” гэх мэдүүлэг болон хариуцагч нарын тайлбараар С.Тамир нь 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөгийг Д.Даариймаа, Ц.Жамъяндорж нарт шилжүүлж өгсөн үйл баримт тогтоогдож байна.

           

            Тогтоогдсон дээрх үйл баримтаас үзэхэд шүүх зохигчдын хооронд 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан байна гэх дүгнэлтэд хүрэв.

 

            Зээлийн гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлага байхгүй тул шүүх 1,000,000 төгрөгийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу Д.Даариймаа, Ц.Жамъяндорж нар зээлийн гэрээгээр С.Тамираас шилжүүлэн авсан 1,000,000 төгрөгийг буцаан өгөх үүрэгтэй.

 

            Талууд 1,000,000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар нэхэмжлэгч С.Тамир хүү, алданги шаардах эрхгүй.

 

            Хариуцагч нар зээлээс нийт 675,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан Капитал банкны 2016 оны 8 дугаар сарын 24, 26, 29, 9 дүгээр сарын 05, 06,13-ны өдрүүдийн орлогын мэдүүлгээр нийт 120,000 төгрөгийг С.Тамирт төлсөн болох нь тогтоогдсон.

 

            Харин Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд нь хэнд мөнгө шилжүүлсэн нь тодорхойгүй, нотлох баримтаар өгсөн дэвтэр дээрх тэмдэглэгээ нь С.Тамирт мөнгө өгснийг нотлохгүй байх тул шүүх 555,000 төгрөгийг төлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд дээрх дурдсан үндэслэлээр шүүх хариуцагч Д.Даариймаа, Ц.Жамъяндорж нарыг 120,000 төгрөгийг төлсөн гэж үзэж, үлдэх 880,000 төгрөгийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-т заасныг баримтлан тэднээс хувь тэнцүүлэн гаргуулж С.Тамирт олгож, С.Тамирын нэхэмжлэлийн шаардлагаас 7,720,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 50 төгрөг дутуу төлсөн байх тул нөхөн гаргуулах нь зүйтэй бөгөөд хангагдсан шаардлагын хувь хэмжээнээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож, хариуцагч нараас 25,670 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Даариймаа, Ц.Жамъяндорж нараас 880,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж С.Тамирт олгож, С.Тамирын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,720,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэмж 50 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч нараас 25,670 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл 7 хоногийн дараа шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                   Ө.УЯНГА