Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 325

 

“С-У” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын хоёрдугаар

төв эмнэлэг, тус эмнэлгийн УХТЭ201901005/03/01

 дугаартай Тендерийн үнэлгээний хороонд тус тус

холбогдох захиргааны хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

       Даргалагч:                    Танхимын тэргүүн Ч.Тунгалаг                        

      Шүүгчид:                        Х.Батсүрэн

                                             М.Батсуурь

                                             Д.Мөнхтуяа

       Илтгэгч шүүгч:              Г.Банзрагч

       Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “...Үнэлгээний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн УХТЭ/201901005/03 дугаартай дүгнэлтийн 20 ба 22 дугаар багцад “Чт”  ХХК-ийн ирүүлсэн тендерийг үнэлэх шатанд оруулахаар шийдвэрлэв” гэсэн хэсгийг, Үнэлгээний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2 дугаартай дүгнэлтийн “Чт”  ХХК-ийн 20 ба 22 дугаар багцад ирүүлсэн тендер нь техникийн шаардлагад нийцэж, харьцуулах хамгийн бага үнийн саналтай гэж үнэлэгдэн шалгарсан болно” гэсэн хэсгийг, “С-У” ХХК-ийн 20 ба 22 дугаар багцад ирүүлсэн үнийн санал төсөвт өртөг, эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн жишиг үнийн дээд хязгаараас давсан байна” гэсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулах, захиалагчийн “Чт”  ХХК-тай 20 ба 22 дугаар багцад байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 10 дугаартай 349,530,500 төгрөгийн “Өндөр өртөг бүхий эмнэлгийн хэрэгслийн тендер” гэрээг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2020/0199 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 375 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б-Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, өмгөөлөгч Л.Б-Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г, өмгөөлөгч Д.Э, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ө.Б, өмгөөлөгч Н.О нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2020/0199 дүгээр шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7, 47.8, 47.9, Сангийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 212 дугаар тушаалаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 4.3, 4.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан “С-У” ХХК-иас Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн УХТЭ201901005/0301 дугаартай Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан Улсын хоёрдугаар төв эмнэлгийн УХТЭ201901005/0301 дугаартай Үнэлгээний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн УХТЭ/201901005/03 дугаартай дүгнэлтийн 20 ба 22 дугаар багцад “Чт”  ХХК-ийн ирүүлсэн тендерийг үнэлэх шатанд оруулахаар шийдвэрлэв” гэсэн хэсгийг, Үнэлгээний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2 дугаартай дүгнэлтийн “Чт”  ХХК-ийн 20 ба 22 дугаар багцад ирүүлсэн тендер нь техникийн шаардлагад нийцэж, харьцуулах хамгийн бага үнийн саналтай гэж үнэлэгдэн шалгарсан болно” гэсэн хэсгийг, “С-У” ХХК-ийн 20 ба 22 дугаар багцад ирүүлсэн үнийн санал төсөвт өртөг, эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн жишиг үнийн дээд хязгаараас давсан байна” гэсэн хэсгийг болон Захиалагчийн “Чт”  ХХК-тай 20 ба 22 дугаар багцад байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 10 дугаартай 349,530,500 төгрөгийн “Өндөр өртөг бүхий эмнэлгийн хэрэгслийн тендер” гэрээг тус тус хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 375 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 199 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. ...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ анхан шатны шүүх нь: -Тендерийн Үнэлгээний хороо нь 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хуралдаж, тендерт оролцогч нарын тендерийн саналыг хянан үзэж, нэр бүхий 5 тендерт оролцогчийг хянан үзэх шатнаас шалгаруулж, үнэлгээний шатанд оруулахаар шийдвэрлэхдээ “ирц бүрэлдээгүй, хууль бус бүрэлдэхүүнээр” хуралдсан. Иймд “хууль бус бүрэлдэхүүний гаргасан шийдвэр нь өөрөө хүчин төгөлдөр бус” гэсэн үндэслэл заасан. /Энэ 5 дотор тендерт шалгарсан гэх, захиалагчийн шийдвэргүй гэрээ байгуулсан “Чт”  ХХК орно./

- “Захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон шийдвэргүйгээр гэрээ байгуулсан” гэсэн 2 дахь үндэслэлийг заасан. Өөрөөр хэлбэл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч ...гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж” гэж заасан байтал шийдвэр байхгүй буюу бичгээр үйлдсэн захиргааны акт гаргаагүй.

5. Энэ 2 үндэслэлээр тендер шалгаруулах үйл ажиллагаа бүхэлдээ хүчин төгөлдөр бус явагдсан тул бусад маргалдаж буй асуудал нь шүүхийн эцсийн шийдвэрт нөлөөлөхгүй гэж дүгнэсэн. Нөгөө талаас хуулиар тендерийн маргааныг шүүх 30 хоногийн дотор шийдвэрлэх зохицуулалттай байтал хариуцагч болон гуравдагч этгээдүүд нь шүүх хуралдааныг элдэв аргаар хийлгэдэггүй. Учир нь хариуцагч болон гуравдагч этгээдүүд нь цаагуураа худалдах, худалдан авах ажиллагаагаа тасралтгүй хэрэгжүүлж ирсэн. Өөрөөр хэлбэл, шүүх ажиллагаа сунжирч, худалдан авах ажиллагаа дууссанаар шүүхийн ач холбогдол байхгүй болж байгааг урьдчилан ярьж тохирч тендер өгдөг, авдагууд овжин ашигладаг болсон байна.

6. Гэтэл давж заалдах шатны шүүх нь Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанд үнэлгээний хорооны 11 гишүүнээс 9 гишүүн оролцож дүгнэлт гаргасан нь Сангийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 212 дугаар тушаалаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журмын 4.2-т заасан “Үнэлгээний хорооны хуралдаан үнэлгээний хорооны дарга, үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга болон бусад гишүүдийн дийлэнх олонх буюу 75 хувиас дээш ирцтэйгээр хүчин төгөлдөрт тооцогдоно” гэдгийг зөрчөөгүй, Б.Э нь дарга болоогүй байхдаа даргыг төлөөлж гарын үсэг зурсан нь 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдааныг хууль бусад тооцох, гишүүдийн ирц хүрэлцээгүй байсан гэж үзэх үндэслэл болохуйц зөрчилд хамаарахгүй” гэсэн байна.

7. Үүнийг л “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж бид үзэж, гомдол гаргасан. Хэрэв ...журмын 4.2 дахь заалт “Үнэлгээний хорооны хуралдаан гишүүдийн дийлэнх олонх буюу 75 хувиас дээш ирцтэйгээр хүчин төгөлдөрт тооцогдоно” гэж байсан бол давж заалдах шатны шүүхийн магадлал зөв байх байлаа. Гэтэл журмын 4.2-т зааснаар эхний нөхцөл нь “хуралдаанд үнэлгээний хорооны дарга, нарийн бичгийн дарга нар заавал оролцсон байх”-ыг шаардсан. Хоёр дахь нөхцөл нь “энэ 2 ороод бусад гишүүдтэйгээ 75 хувиас дээш ирцтэй хуралдаан хийх”-ийг шаардсан байна. Иймд тендерийн үнэлгээний хорооны хууль ёсны дарга Б.Г хуралдаанд оролцсон тохиолдолд ирц бүрдэх ёстой байсан. Цаашилбал, тендерийн үнэлгээний хорооны хууль ёсны дарга Б.Г-ийн үүрэг 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/58 дугаар тушаалаар дуусгавар болсон байна.

8. Хянан үзэх шатнаас хасагдах ёстой тендерт оролцогчийг үнэлгээний шатанд оруулсан тохиолдолд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27, 28 дугаар зүйл зөрчигдөнө. ...“Захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон шийдвэргүйгээр гэрээ байгуулсан” буюу “Чт”  ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэр буюу захиргааны акт байхгүй байхад гэрээ байгуулсан гэсэн үндэслэлийг давж заалдах шатны шүүх хянан үзээгүй байна. Иймд гомдлыг хянан үзэж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 9. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

10. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, хэргийн үйл баримтыг тодруулахад шаардлагатай нотлох баримтыг хангалттай цуглуулаагүй, нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэлд дүгнэлт өгөөгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

11. Тодруулбал, анхан шатны шүүх тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдааныг “Н.Э даргаар томилогдоогүй байсан атлаа гарын үсэг зурсан тул хууль бус” гэж, 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдааныг “нийт гишүүний 75 хувийн ирц бүрдэлгүйгээр хуралдаж, гарын үсэг зурсан нь журам зөрчсөн” гэж, мөн 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2 дугаар хуралдаанаар “С-У” ХХК, “Чт”  ХХК-иудын алийг нь шалгаруулж байгаа талаар үнэлгээний хорооны гишүүдээс санал аваагүй, ... “Чт”  ХХК-ийг шалгаруулсан талаар шийдвэрлээгүй...” гэх зэргээр дүгнэхдээ хэрэгт цугларсан ямар нотлох баримтыг үнэлсэн, зарим баримтыг яагаад үнэлээгүй нь тодорхойгүй, мөн шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2. “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 107 дугаар зүйлийн 107.4. “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэснийг зөрчсөн байна.

12. Дээрх нөхцөл байдлыг тогтоохын тулд давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан үндэслэлээс гадна, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн даргын 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/49 дүгээр тушаалаар тендерийн үнэлгээний хорооны даргаар томилогдсон Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Г ямар үндэслэлээр 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдааныг даргалаагүй, тухайн үед тус эмнэлэгт ажиллаж байсан эсэх, эсхүл өөр ажил, албан тушаал эрхэлж байсны улмаас хорооны даргын чиг үүргийг хэрэгжүүлэх боломжгүй болсон эсэх, хорооны гишүүн Н.Э даргыг төлөөлж гарын үсэг зурсан шалтгааныг тодруулах, ийнхүү хорооны гишүүн Н.Э даргын өмнөөс гарын үсэг зурснаас болж тухайн өдрийн хуралдаан хүчин төгөлдөр бусад тооцогдох хууль зүйн үндэслэлийг тодорхой дүгнэх, хэрэв тухайн өдрийн хуралдаан хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа бол тухайн хуралдаанаас гарсан шийдвэр /дүгнэлт/-ийн зөвхөн гуравдагч этгээдэд хамааралтай хэсгийг хууль бус гэж үзэх үндэслэл, түүнчлэн Улсын хоёрдугаар төв эмнэлгийн даргын 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн тушаалаар томилогдсон үнэлгээний хорооны дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр хуралдсан 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаан холбогдох хууль, журмыг зөрчсөн эсэхийг тодруулах шаардлагатай.   

 13. Иймд, “...”Чт”  ХХК-ийн тендерийн санал нь захиалагчийн техникийн тодорхойлолтод нийцээгүй, тендерийн баримт бичигт заасан нөхцөл шаардлагыг хангаагүй байхад хариуцагч тус компанийг зориуд шалгаруулсан...” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэлд дүгнэлт өгөлгүйгээр зөвхөн “тендер сонгон шалгаруулалт хууль бус” гэсэн хангалттай нотлогдоогүй үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх боломжгүй байх тул энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 3-8-д заасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

14. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 375 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Ч.ТУНГАЛАГ

  ШҮҮГЧ                                                                  Г.БАНЗРАГЧ