Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2022/0175

 

   “СУ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн төлөөлөгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч

Нэхэмжлэгч “Санчир-Ундрах” ХХК

Хариуцагч Улсын хоёрдугаар төв эмнэлэг

Гуравдагч этгээд “Чт” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Тендерийн Үнэлгээний хороо нь хууль бус тендер шалгаруулалт явуулсан буруутай болохыг тогтоож, 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №УХТЭ/201901005/03 дугаартай дүгнэлтийн Бусад 5 компанийг үнэлэх шатанд оруулахаар тус тус шийдвэрлэв гэсэн хэсгийг, 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №2 дугаартай дүгнэлтийн 20 ба 22 дугаар багцад техникийн шаардлагад нийцэж, харьцуулах хамгийн бага үнийн саналтай нь “Чт” ХХК байна, “СУ” ХХК-ийн үнийн санал төсөвт өртөг, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн жишиг үнийн дээд хязгаараас давсан байна гэсэн хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох,

Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №2 дугаартай дүгнэлтээр Тендерийн 20 ба 22 дугаар багцад чанар ба үнэлгээний харьцуулалтыг зохих журмын дагуу хийгээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох,

Захиалагчийн “Чт” ХХК-тай 20 ба 22 дугаар багцад байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №10 дугаартай 349,530,500 төгрөгийн Өндөр өртөг бүхий эмнэлгийн хэрэгслийн тендер-ийн гэрээг хүчин төгөлдөр бус бөгөөд хууль бус байсан болохыг тогтоолгох”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 872 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г, Э.Э,

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Ө.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2019/0879/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “СУ” ХХК нь Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “Тендерийн Үнэлгээний хороо нь хууль бус тендер шалгаруулалт явуулсан буруутай болохыг тогтоож, 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №УХТЭ/201901005/03 дугаартай дүгнэлтийн Бусад 5 компанийг үнэлэх шатанд оруулахаар тус тус шийдвэрлэв гэсэн хэсгийг, 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №2 дугаартай дүгнэлтийн 20 ба 22 дугаар багцад техникийн шаардлагад нийцэж, харьцуулах хамгийн бага үнийн саналтай нь “Чт” ХХК байна, “СУ” ХХК-ийн үнийн санал төсөвт өртөг, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн жишиг үнийн дээд хязгаараас давсан байна гэсэн хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох,

Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №2 дугаартай дүгнэлтээр Тендерийн 20 ба 22 дугаар багцад чанар ба үнэлгээний харьцуулалтыг зохих журмын дагуу хийгээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох,

Захиалагчийн “Чт” ХХК-тай 20 ба 22 дугаар багцад байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №10 дугаартай 349,530,500 төгрөгийн Өндөр өртөг бүхий эмнэлгийн хэрэгслийн тендер-ийн гэрээг хүчин төгөлдөр бус бөгөөд хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 756 дугаар шийдвэрээр:

2.1. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 47 дугаар зүйлийн 47.7, 47.8, 47.9 дэх хэсэгт заасныг баримтлан СУ ХХК-ийн нэхэмжлэлийн  шаардлагын зарим хэсгийг хангаж, Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №2 дугаартай дүгнэлтээр Тендерийн 20 ба 22 дугаар багцад чанар ба үнэлгээний харьцуулалтыг зохих журмын дагуу хийгээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг, мөн дүгнэлтийн 20 ба 22 дугаар багцад техникийн шаардлагад нийцэж, харьцуулах хамгийн бага үнийн саналтай нь Чт” ХХК байна, СУ ХХК-ийн үнийн санал төсөвт өртөг, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн жишиг үнийн дээд хязгаараас давсан байна гэсэн хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоож, үлдсэн шаардлага болох Тендерийн Үнэлгээний хороо нь хууль бус тендер шалгаруулалт явуулсан буруутай болохыг, Үнэлгээний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №УХТЭ/201901005/03 дугаартай дүгнэлтийн Бусад 5 компанийг үнэлэх шатанд оруулахаар тус тус шийдвэрлэв гэсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, захиалагчийн Чт ХХК-тай 20 ба 22 дугаар багцад байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №10 дугаартай 349,530,500 төгрөгийн өндөр өртөг бүхий эмнэлгийн хэрэгслийн тендер-ийн гэрээг хүчин төгөлдөр бус бөгөөд хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Үнэлгээний хороо нь хууль бус тендер шалгаруулалт явуулсан буруутай болохыг тогтоож, 2019 оны 09 сарын 14-ны өдрийн № ухтэ/201901005/03/ дугаартай дүгнэлтийн "Бусад 5 компанийг үнэлэх шатанд оруулaxaap тyc тус шийдвэрлэв" гэсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч:

3.1.1. Тендерт шалгарсан гэх "Чт" ХХК-ийн тендерт санал болгосон эмнэлгийн хэрэгслүүд нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэхгүй, тоо хэмжээндээ хүрэхгүй юм.

3.1.2. Гэтэл захиалагч нь "Чт" ХХК-ийн тендерийг "Тендерийг хянан үзэх" шатнаас шалгаруулж, "Тендерийг үнэлэх" шатанд оруулсан.

3.1.3. Үүнийг анхан шатны шүүх ҮНДЭСЛЭХ хэсгийн 1-д "хариуцагч Үнэлгээний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн № УХТЭ/201901005/03/ дугаартай дүгнэлтийн "Бусад 5 компанийг үнэлэх шатанд оруулахаар тус тус шийдвэрлэв" гэсэн хэсэг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасанд нийцсэн тул нэхэмжлэгчийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв" гэсэн. Үүнийг зөвшөөрөхгүй байна.

3.1.4. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, Үйлчилгээ худалдан авах тухай хуулийн "Тендерийг хянан үзэх" гэсэн 27 дугаар зүйлийн 27.1-д "Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ:” гээд 27.1.1-д "энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага”, 27.1.2-т "техникийн тодорхойлолт"; 27.1.3-д "тендерийн баримт бичигт заасан бусад нехцел, шаардлага" гэж заагаад 27.3-д "Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ". 27.4-д "Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана" гэсэн байна.

3.1.5. Бодит байдалд "Чт" ХХК-ийн тендерийн талаар нэхэмжлэгчийн гаргасан 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн 5.1-6.12-д заасан (4хх-117-121 тал) үндэслэлүүд нь үндэслэлтэй болох нь шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн № 8773 дугаартай захирамжаар (2хх 73-75 тал) томилогдсон 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн бүрэлдэхүүнтэй "Шинжээчийн дүгнэлт"-ээр (2хх-79-85 тал) маш тодорхой нотлогдсон байдаг юм. Энэ дүгнэлтийг шүүх хуралдаанд шинжлэн судалсан хэрнээ анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа орхигдуулсан. Мөн нэхэмжлэгчийн гаргасан "Захиалагчийн техникийн тодорхойлолтод нийцээгүй, тендерийн баримт бичигт заасан нөхцөл шаардлагыг хангаагүй" гэсэн нэхэмжлэлийн үндэслэлүүдэд дүгнэлт хийгээгүй.

3.1.6. Ингэснээр анхан шатны шүүх нь өмнөх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 375 дугаар магадлалын хянавал хэсгийн 5 дугаар хуудсанд байгаа "Анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, тендер сонгон шалгаруулалтад оролцохдоо нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар нь тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангасан эсэхийг тогтооход хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг чиглүүлж, энэ талаар нотлох баримт цуглуулсан төдийгүй шинжээч томилуулж дүгнэлт гаргуулсан атлаа эдгээр нотлох баримтуудад эрх зүйн дүгнэлт огт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйийн 34.2-т "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ", 107 дугаар зүйлийн 107.4-д “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана" гэж заасантай нийцээгүй байна" гэж дүгнэснийг (3xx-24-р тал) дахин зөрчиж, алдаа гаргаснаар буруу шийдвэр гаргахад хүрсэн байна.

3.1.7. Улмаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн "Тендерийг үнэлэх" гэсэн 28 дугаар зүйлийн 28.1-д “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ” гэж заасан байхад “Чт” ХХК-ийн тендерийг хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2 ба 27.1.3-д заасан шаардлагыг хангахгүй байхад тендерийн үнэлгээнд оруулсан захиалагчийн бурууг анхан шатны шүүх "зөв" гэсэнд туйлын гомдолтой байна.

3.1.8. Иймд манай гомдлыг хянан үзэж нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж өгнө YY.

3.2. Захиалагчийн “Чт” ХХК-тай 20 ба 22-р багцад байгуулсан 2019 оны 09 сарын 30-ны өдрийн № 10 дугаартай 349,530,500 төгрөгний “Өндөр өртөг бүхий эмнэлгийн хэрэгслийн тендер"-ийн гэрээг хүчин төгөлдөр бус бөгөөд хууль бус байсан болохыг тогтоолгох /106.3.3/ шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч:

3.2.1. Захиалагч нь үнэлгээний хорооны дугнэлтийг хянаж, баталгаажуулаагүй. Энэ нь Сангийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 212 дугаар тушаалаар батлагдсан "Үнэлгээний хорооны зохион байгуулалт, уйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам"-ын 7 дугаар зүйлийн 7.1.1-д "Захиалагч нь Үнэлгээний хорооноос боловсруулсан үнэлгээний дүгнэлтийг хянаж, баталгаажуулна" гэдгийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, ТБОНӨХБАҮХА тухай хуулийн 47.7-д зааснаар "Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр /цаашид "үнэлгээний дүгнэлт" гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх .." гэж заасан бөгөөд захиалагч хянаж, баталгаажуулснаар хүчин төгөлдөр захиргааны акт болох юм.

3.2.2. Захиалагч нь тендерт оролцогчтой гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр буюу захиргааны акт гаргаагүй. Өөрөөр хэлбэл, захиалагчийн эрх олгосон захиргааны актгүйгээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн "Гэрээ байгуулах эрх олгох" гэсэн 29 дүгээр зүйлийн 29.1-д "захиалагч нь энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар "хамгийн сайн" үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэнэ ...." гэж заасныг, мөн хуулийн "Захиалагчийн эрх, үүрэг" гэсэн 46 дугаар зүйлийн 46.1.3-д “Захиалагч нь үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох үүрэгтэй" гэж заасныг тус тус зөрчсөн байна.

3.2.3. Ийнхүү захиалагч нь "Чт” ХХК-тай төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна.

3.2.4. Захиалагчийн гаргасан дээр дурьдсан зөрчлүүд нь тендер шалгаруулалтын эцсийн үр дүнд илт нөлөөлсөн гэж үзэж байна.

3.2.5. Гэтэл анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй ҮНДЭСЛЭХ Хэсгийн 3-д "Захиалагч "Чт” ХХК-тай 2019 оны 09 сарын 30-ны өдөр 10 дугаартай тендерийн гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээ нь Улсын Хоёрдугаар төв эмнэлэг болон "Чт” ХХК-тйн хооронд байгуулагдсан гэрээ байх бөгөөд уг гэрээний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, уг гэрээгээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн ямар нэг шийдвэр гаргаагүй, түүнд хандаагүй байх тул нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ” гэсэн байна. Үүнийг огт зөвшөөрөхгүй байна.

3.2.6. Учир нь анхан шатны шүүх нь “СУ" ХХК-ийг тендерт оролцоогүй хөндлөнгийн компани мэтээр, тендерт шалгарах ёсгүй компани мэтээр дүгнэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан хуулийн этгээдэд хамаарахгүй гэсэн нь нөгөө талуудад хэт үйлчилсэн дүгнэлт болжээ.

3.2.7. Мөн "Чт" ХХК-ийн тендер нь ТБОНӨХБАҮХА тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй учир татгалзах, 28 дугаар зүйлд зааснаар үнэлэгээний шатанд оруулах эрхгүй, 29 дүгээр зүйлд заасан гэрээ байгуулах эрх олгох шалгуурыг хангаагүй, эрх олгосон тухай шийдвэр гараагүй байхад "Чт" ХХК-тай "худалдах, худалдан авах" гэрээ байгуулагдсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2 болон 42.1.3-д заасныг зөрчсөн үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэх гэрээ болсон байна.

3.2.8. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д зааснаар "хууль болон захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн" тул захиргааны гэрээ илт хууль бус байна.

3.2.9. Иймд: Та бүхэн бидний гомдлыг, хэргийг бүхэлд нь хянан үзэж,

3.2.9.1. Улсын дээд шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолын 3.3-д "хэргийн оролцогчийн шаардлага гаргаагүй асуудлаар шүүх зөвхөн хуульд заасан үндэслэлээр дүгнэлт хийх эрхтэй. Тухайлбал, хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэх ... асуудлаар шүүх дүгнэлт хийх бүрэн эрхтэй юм" гэж заасныг удирдлага болгон (гэхдээ бид тендерийн гэрээг хүчин төгөлдөр бус гэсэн шаардлага гаргасан) захиалагчийн "Чт" ХХК-тай 20 ба 22 дугаар багцад байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн  10 дугаартай 349,530,500 төгрөгийн “Өндөр өртөг бүхий эмнэлгийн хэрэгслийн тендер"-ийн гэрээг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар хучин төгөлдөр бус үзэж үндэслэх/хянавал хэсэгтээ дүгнэлт хийх замаар,

3.2.9.2. Захиргааны ерөнхий хуулийн "Захиргааны гэрээ" гэсэн тавдугаар бүлгийн "Эрх зүйн хэм хэмжээг нөхөн тохируулж хэрэглэх" гэсэн 58 дугаар зүйлийг удирдлага болгон тендерийн гэрээг хууль бус байсан болохыг тогтоох /106.3.3/ замаар,

3.2.9.3. Эсхүл тендерийн гэрээг Захиргааны Ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дүгээр зүйл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т зааснаар илт хууль бус болохыг тогтоох замаар манай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн  0872 дугаартай шийдвэр, үндэслэлд өөрчлөлт оруулж өгнө үү.

Гурав. Процессийн зөрчилд гаргах гомдол:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхийн шийдвэрийн удиртгал болон ҮНДЭСЛЭХ хэсэгтээ "Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн № 2 дугаартай дүгнэлтээр "Тендерийн 20 ба 22 дугаар багцад "чанар ба үнэлгээний харьцуулалтыг зохих журмын дагуу хийгээгүй" эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох" гэж багасгасан шаардлагыг хасалгүй, хэвээр байгаа мэтээр бичсэн. (4хх-116 тал)

2. 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн нэхэмжлэгчийн 34 үндэслэл бүхий нэхэмжлэлийн 2 шаардлагыг хариуцагч болон гуравдагч этгээдүүдэд гардуулсан хэрнээ бичгээр тайлбар аваагүй,

3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 2 шаардлага нь 34 үндэслэлтэй байхад зөвхөн 1 үндэслэлд дүгнэлт өгч, бусад үндэслэлд дүгнэлт өгөлгүй шийдвэр гаргасан.

4. Шүүхийн санаачилгаар томилогдсон шинжээчийн дүгнэлтийг шинжлэн судалсан хэрнээ нотлох баримтыг үнэлээгүй, дүгнэлт өгөлгүй шийдвэр гаргасан. Энэ нь өмнөх анхан шатны шүүхийн шийдвэрийн алдааг дахин давтсан. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 375 дугаар магадлалд заасан үндэслэл хэвээр үлдсэн.

5. Улсын Дээд шүүхийн захиргааны танхимын тэргүүн Ч.Тунгалагийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх бүрэлдэхүүний гаргасан шийдвэрийг, үндэслэлийн хамт танилцуулсан СД-ны бичлэгт үзлэг хийсэн хэрнээ үнэлээгүй, дүгнэлт гаргалгүй шийдвэр гаргасан.

6. Сангийн яамны худалдан авах ажиллагааны цахим системд "Санчир Ундрах" ХХК-ийн тендерийн санал төсөвт өртөг хэтэрсэн эсэх талаар үзлэг хийсэн хэрнээ үнэлээгүй, дүгнэлт гаргалгүй шийдвэр гаргасан,

7. Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн харьцуулан " СУ " ХХК-ийн тендерийн барааны нэг бүрийн жишиг үнэ хэтэрсэн эсэх талаар харьцуулан үзлэг хийсэн хэрнээ үнэлэлээгүй, дүгнэлт гаргалгүй шийдвэр гаргасан,

8. Нэхэмжлэгчийн "тендерийн гэрээг хүчин төгөлдөр бус" гэсэн нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт огт өгөөгүй, шийдвэрлэлгүй орхигдуулсан,

9. Иргэдийн төлөөлөгч М.А-ын дүгнэлтийн агуулгыг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичээгүй, уг дүгнэлтийн талаар үндэслэх хэсэгтээ огт тусгаагүй,

10. Захиргааны шүүхээр хянуулж, шийдвэрлүүлсэн бусад төрлийн захиргааны байгууллагуудын тендер шалгаруулалтын зөрчил нь хэргээс үзэхэд ихэвчлэн 2-3 байдаг бол Улсын Гуравдугаар Төв эмнэлэг болон Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн тендер шалгаруулалтын зөрчил 1000-аар яригдахаар байна. Гэтэл эдгээр эмнэлгүүдийн маргааныг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүх ихээхэн хөдөлмөр, цаг зав гаргахгүй бол дагаад процессийн зөрчил ихээр гаргаж байгааг, түүнийг засаж залруулахад төвөгтэй байдал үүсэж байгааг дээд шатны шүүх анхаарч өгнө үү.” гэжээ.

4. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

4.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зорчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулахаар...” гаргасан нэхэмжлэлийн дагуу хуульд нийцүүлэн шийдвэрлэх үүрэг шүүгчид оногдуулжээ.

4.2. Шүүх үнэлгээний комиссын гишүүн хууль бус, зарим нь оролцоогүй байх нь хамаагүй. Хууль ёсны гишүүдийн тоо 50%-д хүрч байвал үлдсэн 50% нь хууль бус байсан ч шүүх хуульд нийцнэ гэж үзнэ гэжээ.

4.3. Yнэлгээний комисс үнийн хязгаар давсан гэж шал худлаа үнэлж, тендерээс хассан нь тогтоогдсон боловч тендерээс хасагдсан компани тендерт ялсан компанийн гэрээг хүчингүйд тооцуулах эрхгүй гэснийг тус тус ойлгохгүй байгаа тул гомдол гаргаж байна.

Өөрөөр хэлбэл шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан шүүхийн дагаж мөрдөх зорилтыг зөрчиж, хууль зөрчсөн захиргааны зөрчлийг зөрчил гаргах нь зөв гэж үзсэн байх тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 782 тоот шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянуулахаар буцааж өгнө үү...” гэжээ.

4. Хариуцагч, гуравдагч этгээд нар нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Шүүх дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

2.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын “2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №2 дугаартай дүгнэлтийн 20 ба 22 дугаар багцад техникийн шаардлагад нийцэж, харьцуулах хамгийн бага үнийн саналтай нь “Чт” ХХК байна, “СУ” ХХК-ийн үнийн санал төсөвт өртөг, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн жишиг үнийн дээд хязгаараас давсан байна гэсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” болон “Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №2 дугаартай дүгнэлтээр Тендерийн 20 ба 22 дугаар багцад чанар ба үнэлгээний харьцуулалтыг зохих журмын дагуу хийгээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэсэн ба хэргийн оролцогч нар энэ хэсэгт давж заалдах гомдол гаргаагүй тул энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй болно.

2.2. Харин нэхэмжлэлийн “Тендерийн Үнэлгээний хороо нь хууль бус тендер шалгаруулалт явуулсан буруутай болохыг тогтоож, 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №УХТЭ/201901005/03 дугаартай дүгнэлтийн Бусад 5 компанийг үнэлэх шатанд оруулахаар тус тус шийдвэрлэв гэсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” болон “Захиалагчийн “Чт” ХХК-тай 20 ба 22 дугаар багцад байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №10 дугаартай 349,530,500 төгрөгийн Өндөр өртөг бүхий эмнэлгийн хэрэгслийн тендер-ийн гэрээг хүчин төгөлдөр бус бөгөөд хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхисон анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гарган маргаж байна.

2.3. Үнэлгээний хороо нь хууль бус тендер шалгаруулалт явуулсан буруутай болохыг тогтоож, 2019 оны 09 сарын 14-ны өдрийн  УХТЭ/201901005/03/ дугаартай дүгнэлтийн "Бусад 5 компанийг үнэлэх шатанд оруулaxaap тyc тус шийдвэрлэв" гэсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгчээс тус шалгаруулалт явуулсан үнэлгээний хорооны гишүүдийн ирцтэй холбон маргаж байх ба анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзлээ.

2.4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д “Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр /цаашид “үнэлгээний дүгнэлт” гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна.” гэж зааснаар  Үнэлгээний хорооны 2019 оны 09 сарын 14-ны өдрийн УХТЭ/201901005/03 дугаартай “Өндөр өртөг бүхий эмнэлгийн хэрэгслийн үнэлгээний” хурлын тэмдэглэл нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндсэн захиргааны акт болно.

2.5. Тус хуралдаанд үнэлгээний хорооны гишүүн Б.Э, Ш.Г, Б.Ариунболд, Н.А, Г.Б, З.А, Д.Ж Н.М, Д.Н, Д.Э нар оролцсон бөгөөд харин Б.Б, Ц.Г нар оролцоогүй байх тул Сангийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 212 дугаар тушаалаар батлагдсан Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журмын 4.2-т “Үнэлгээний хорооны хуралдаан үнэлгээний хорооны дарга, үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга болон бусад гишүүдийн дийлэнх олонх буюу 75 хувиас дээш ирцтэйгээр хүчин төгөлдөрт тооцогдоно.” гэж зааснаар анхан шатны шүүхийн “...Үнэлгээний хороны хурлын ирц Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журмын 4.2-т зааснаар хүчин төгөлдөр гэж тооцох үндэслэлтэй (Үнэлгээний хорооны 11 гишүүний 8 оролцсон)...” гэх дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

2.6. Нөгөөтэйгүүр, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ.” гэж заасан. Гэтэл "Чт" ХХК-ийн тендерт санал болгосон эмнэлгийн хэрэгслүүд нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэхгүй, тоо хэмжээндээ хүрэхгүй байхад хариуцагч Үнэлгээний хороо нь 2019 оны 09 сарын 14-ны өдрийн УХТЭ/201901005/03 дугаартай дүгнэлтээр "Бусад 5 компанийг үнэлэх шатанд оруулaxaap тyc тус шийдвэрлэв" хэмээн гуравдагч этгээд "Чт" ХХК-ийг үнэлэх шатанд оролцуулж хууль бус тендер шалгаруулалт явуулсан гэж нэхэмжлэгчээс тайлбарлаж байна.

2.7. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно:” гээд 48.2.2-т “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” гэснээс үзвэл аливаа эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт нь аливаа этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдаж байгаа бол тухайн актыг хүчингүй болгох зохицуулалттай.

2.8. Гэтэл маргаан бүхий УХТЭ/201901005/03 дугаартай дүгнэлт нь хэрэгт авагдсан Тендерийн хорооны хяналтын шатны баримтуудад бичигдсэнээр 5 компанийн болон тэдгээрийн нэг болох “... “СУ” ХХК нь иж бүрдэл дэх асуумжинд байгаа баримт бичгүүд бүгд бүрдсэн байна. Санхүүгийн чадавхийн баталгаажсан тайлан ирүүлсэн...” гэж зааснаар нэхэмжлэгчийн хувьд эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт бөгөөд нэхэмжлэгчийн хууль бус байсан болохыг тогтоолгохыг хүсэж буй “Бусад 5 компанийг үнэлэх шатанд оруулaxaap тyc тус шийдвэрлэв” гэх шийдвэр нь мөн адил нэхэмжлэгчийн эрх ашигт хохирол учруулаагүй зохицуулалт гэж үзлээ.

2.9. Өөрөөр хэлбэл бусад 5 компани гэдэгт нэхэмжлэгч “СУ” ХХК, гуравдагч этгээд “Чт” ХХК, болон “Т” ХХК, “М” ХХК, “А” ХХК нарыг үнэлэх шатанд оруулахаар шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийг хууль бус болохыг тогтоосноор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилго алдагдах ба мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасан захиргааны акт хууль бус байсан болохыг тогтоох шийдвэрийг гаргахад шаардагдах нэхэмжлэгчийн ашиг сонирхол байхгүй, эсрэгээр сөрөг үр дагавартай байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.

2.10. Захиалагчийн “Чт” ХХК-тай байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 10 дугаартай 349,530,500 төгрөгийн “Өндөр өртөг бүхий эмнэлгийн хэрэгслийн тендер”-ийн гэрээг хүчин төгөлдөр бус бөгөөд хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх “...нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй...” гэж дүгнэсэн нь хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

2.11. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2-т “захиалагч энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан”  болон 42.1.3-д “энэ хуульд заасан худалдан авах ажиллагааны журмыг хэрэгжүүлэхдээ гаргасан зөрчил нь тендер шалгаруулалтын эцсийн дүнд илт нөлөөлсөн.” гэх заалтуудаас үзвэл тендерийг үнэлэх, хянан үзэх, гэрээ байгуулах эрх олгох ажиллагааг холбогдох үнэлгээний хороо хуульд заасан журмын дагуу гүйцэтгээгүй бол тухайн худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх бөгөөд нэхэмжлэгчээс Захиалагчийн “Чт” ХХК-тай байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 10 дугаартай гэрээг худалдан авах ажиллагааны журмыг зөрчсөн байхад анхан шатны шүүх анхаараагүй хэмээн гомдолоо тайлбарлаж байна.

2.12. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.” гэж зааснаар тендерт оролцогчдын хамгийн бага үнийн санал ирүүлсэн тендерийг хамгийн сайн тендер хэмээн сонгон шалгаруулах журамтай.

2.13. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар “СУ” ХХК-ийн гаргасан үнийн санал нь хэдийгээр сонгон шалгаруулалтын дээд үнэд хүрээгүй боловч бусад өрсөлдөгч нараас хамгийн бага үнийн санал ирүүлээгүй тухайд шүүхийн томилсон шинжээчийн дүгнэлт, тендерийн баримт бичиг, хэргийн оролцогч нарын тайлбараар нотлогдож байх тул худалдан авах ажиллагааны журмын дагуу нэхэмжлэгчид гэрээ байгуулах эрх олгох боломжгүй нөхцөл үүссэн байна.

2.14 Хэдийгээр анхан шатны шүүхийн шийдвэрээр Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №2 дугаартай дүгнэлтээр Тендерийн 20 ба 22 дугаар багцад чанар ба үнэлгээний харьцуулалтыг зохих журмын дагуу хийгээгүй эс үйлдэхүй, мөн дүгнэлтийн 20 ба 22 дугаар багцад техникийн шаардлагад нийцэж, харьцуулах хамгийн бага үнийн саналтай нь Чт” ХХК байна, СУ ХХК-ийн үнийн санал төсөвт өртөг, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн жишиг үнийн дээд хязгаараас давсан байна гэсэн хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоож, ийнхүү шийдвэрлэсний улмаас маргаан бүхий гэрээ хууль бус шийдвэрт үндэслэн гарсан нөхцөл байдал тогтоогдож байх боловч уг гэрээг хожим хууль бус болохыг тогтоох хууль зүйн үндэслэлгүй.

2.15. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “... захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж зааснаар захиргааны гэрээг хүчингүй болгох шийдвэрийг шүүх гаргаж болох ба харин хууль бус байсан болохыг тогтоох боломжгүйн дээр захиалагчийн “Чт” ХХК-тай байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 10 дугаартай гэрээ нэгэнт дуусгавар болсон хэрэгжсэн байх тул тус гэрээг нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалахаар хүчингүй болгуулах боломжгүй буюу нэхэмжлэгчид сэргэх эрх ашиг байхгүй бөгөөд анхан шатны шүүх энэ талаар хангалттай дүгнэлт хийсэн гэж үзлээ.

2.16. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэх гомдлуудын тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр үшйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” гэж зааснаар хэдийгээр хэрэгт авагдсан боловч маргаан хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой эсэхийг шүүх харьцуулан үзсэний үндсэн дээр шийдвэрлэх бөгөөд шинжээчийн дүгнэлт, Улсын Дээд шүүхийн захиргааны танхимын тэргүүн Ч.Т-ийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх бүрэлдэхүүний гаргасан шийдвэрийг, үндэслэлийн хамт танилцуулсан СД-ны бичлэг, Сангийн яамны худалдан авах ажиллагааны цахим системд " СУ " ХХК-ийн тендерийн санал төсөвт өртөг хэтэрсэн эсэх талаар үзлэг болон Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн харьцуулан " СУ " ХХК-ийн тендерийн барааны нэг бүрийн жишиг үнэ хэтэрсэн эсэх талаар харьцуулан үзлэг хийсэн баримтууд нь хэрэгт авагдсан боловч энэ тохиолдолд шүүхийн шийдвэрт үндэслэгдээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болохгүй.

2.17. Үүнээс гадна 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн нэхэмжлэгчийн 34 үндэслэл бүхий нэхэмжлэлийн 2 шаардлагыг хариуцагч болон гуравдагч этгээдүүдэд гардуулсан хэрнээ бичгээр тайлбар аваагүй гэх гомдлын тухайд хэргийн оролцогч нар 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн эцсийн байдлаар тодорхойлогдсон нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбаруудыг өгч мэтгэлцсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байх тул шүүх хэргийн оролцогч нар хариу тайлбараа заавал бичгээр өгсөн байхыг шаардахгүй бөгөөд шүүхийн шийдвэрт өмнө багасгасан нэхэмжлэлийн шаардлагыг дурдсан эсэх нь эцсийн байдлаар тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагад нөлөөлөхгүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болохгүй.

2.18. Иргэдийн төлөөлөгч М.А-ын дүгнэлтийн агуулгыг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичээгүй, уг дүгнэлтийн талаар үндэслэх хэсэгтээ огт тусгаагүй гэх гомлын тухайд: хэрэгт авагдсан иргэдийн төлөөлөгч М.Аюурдуламын дүгнэлтэд “...нэхэмжлэгчээс тендерийн багцад өгсөн үнийн дүн “Чт” ХХК-ийн үнийн дүнгээс бага байсан байна. Мөн тендерийн үнэлгээний хороо амралтын өдөр хуралдсан гэж маргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэж байна...” гэсэн нь хэрэгт авагдсан ба уг дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа харгалзан үзэхээс биш дүгнэлтийг шууд баталгаажуулж шийдвэр гаргах боломжгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэдийн төлөөлөгчийг оролцуулсан, түүний дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичээгүй нь шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх үндэслэл болохооргүй байна.

Анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны 9306 дугаар захирамжаар хариуцагч Улсын хоёрдугаар төв эмнэлгийн тендерийн үнэлгээний хорооны эрх залгамжлагчаар Улсын хоёрдугаар эмнэлгийн даргыг томилсон боловч шүүхийн шийдвэрт хариуцагчаар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн тендерийн үнэлгээний хороо тодорхойлогдсон механик алдаа гаргасан байгааг дурдах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 872 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “СУ” ХХК-ийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн  захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       С.МөнхЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА