Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2021/0872

 

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2021/0872

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүгч М.Батзориг, шүүгч С.Ганбат нарын бүрэлдхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С ХХК 

Хариуцагч: Улсын дугаар төв эмнэлэг,

Улсын дугаар төв эмнэлгийн УХТЭ201901005/0301

дугаартай Тендерийн үнэлгээний хороо

Гуравдагч этгээд: Ч ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Тендерийн Үнэлгээний хороо нь хууль бус тендер шалгаруулалт явуулсан буруутай болохыг тогтоож, 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №УХТЭ/201901005/03 дугаартай дүгнэлтийн Бусад 5 компанийг үнэлэх шатанд оруулахаар тус тус шийдвэрлэв гэсэн хэсгийг, 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №2 дугаартай дүгнэлтийн 20 ба 22 дугаар багцад техникийн шаардлагад нийцэж, харьцуулах хамгийн бага үнийн саналтай нь Ч ХХК байна, С ХХК-ийн үнийн санал төсөвт өртөг, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн жишиг үнийн дээд хязгаараас давсан байна гэсэн хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох,

Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №2 дугаартай дүгнэлтээр Тендерийн 20 ба 22 дугаар багцад чанар ба үнэлгээний харьцуулалтыг зохих журмын дагуу хийгээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох,

Захиалагчийн Ч ХХК-тай 20 ба 22 дугаар багцад байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №10 дугаартай 349,530,500 төгрөгийн Өндөр өртөг бүхий эмнэлгийн хэрэгслийн тендер-ийн гэрээг хүчин төгөлдөр бус бөгөөд хууль бус байсан болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Ш.Г, хариуцагчийн өмгөөлөгч Д.Э, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ө.Б, өмгөөлөгч Н.О, иргэдийн төлөөлөгч М.А, нарийн бичгийн дарга С.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нэг. Тендерийн үнэлгээний хорооны үйл ажиллагаа хууль бус: Тендерийн үнэлгээний хороо 2019 оны 9 дүгээр сарын 10, 14, 21-ний өдрүүдэд хуралдаан хийгээгүй. Тендерийн үнэлгээний хорооны зохиомол хуралдаан нь үнэлгээний хорооны дарга оролцоогүй, бүрэлдэхүүн бүрдээгүй, ирц 75%-иас дээш биш, дутуу бөгөөд хүчин төгөлдөр бус, зарим гишүүд худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшээгүй, гишүүдийн саналыг аваагүй, гишүүдээс ил санал хураагаагүй, зохиомол хуралдаанаас олонхийн саналаар буюу хамтын шийдвэр гаргаагүй, хуралдааны тэмдэглэлүүдийг зохиомлоор үйлдсэн, зохиомол тэмдэглэлд гишүүдийн гарын үсгийг дууриалган зурсан.

Хоёр. Тендерийг хянах, Үнэлгээний хорооны үйл ажиллагаа хууль зөрчсөн: Тендерийн үнэлгээний хороо нь тендерийг хянахдаа Техникийн тодорхойлолт-ын шаардлагад нийцээгүй Ч ХХК-ийн тендерийн саналыг үнэлгээнд оруулахаар шийдвэрлэсэн. Үүнд:

1.Тендерийн 20-р багцад үндсэн гуурс Yashiro төрлийг санал болгоогүй (50 ширхэг) Ч ХХК-ийг шалгаруулсан. Yashiro төрөл байхгүйгээр эмчилгээ хийгдэхгүй. Тендерийн 20-р багцад бичил гуурс 1,9 Fr болон 2,2 Fr хэмжээтэйг орлуулж санал болгосон, 2,6 Fr гэсэн хэмжээтэйг огт санал болгоогүй (20 ширхэг) Ч ХХК-ийг шалгаруулсан.

2.Тендерийн 20-р багцад техникийн тодорхойлолтийн 4-д зааснаар Бичил чиглүүлэгч 70 ширхэгийг авна гэсэн. Гэтэл бичил чиглүүлэгчийн оронд оношилгооны чиглүүлэгч санал болгосон Ч ХХК-ийг шалгаруулсан. Харин эмнэлгийн хэрэгцээнд бичил чиглүүлэгч зайлшгүй хэрэгтэй. Учир нь бичил чиглүүлэгч нь техникийн тодорхойлолтын 3-д авна гэсэн 70 ширхэг бичил гуурстай заавал хосолж ажилладаг юм.

3.Тендерийн 22-р багцад Захиалагчийн техникийн тодорхойлолтийн 1-д зааснаар Титмийн эмчилгээний РТСА чиглүүлэгч PT magnet, Choice magnet, Intermediate magnet, Floppy magnet, эсхүл түүнтэй дүйцэхүйц чиглүүлэгчийг 150 ширхэгийг авна гэсэн. Гэтэл ганцхан Floppy, тэр нь бүр magnet байхгүй чиглүүлэгч санал болгосон Ч ХХК-ийг шалгаруулсан.

4.Тендерийн 22-р багцад Захиалагчийн техникийн тодорхойлолтийн 4-д зааснаар Титмийн эмчилгээний РТСА СТО чиглүүлэгч Coronary guiding guidewire, эсхүл түүнтэй дүйцэхүйц чиглүүлэгчийг 100 ширхэгийг авна гэсэн. Гэтэл ийм чиглүүлэгч 100 ширхэгийг санал болгоогүй Ч ХХК-ийг шалгаруулсан.

5.Тендерийн 22-р багцад Захиалагчийн техникийн тодорхойлолтийн 7-д зааснаар РТСА Тэлэгч баллон 1,25мм хэмжээстэйг авна гэсэн. Гэтэл ийм хэмжээстэй тэлэгч баллон санал болгоогүй Ч ХХК-ийг шалгаруулсан. Тэгсэн хэрнээ РТСА Тэлэгч баллон 1,25мм хэмжээстэйг санал болгоогүй гэсэн үндэслэлээр тендерт оролцогч Т ХХК-ийг хассан.

6.Тендерийн 22-р багцад Захиалагчийн техникийн тодорхойлолтын 7-д заасан худалдан авахыг хүссэн РТСА Тэлэгч баллон-ны төрөл нь Semi-complion байдаг. Гэтэл тендерт шалгарсан гэх Ч ХХК-ийн загвар дээжинд ирүүлсэн гэх тэлэгч баллоны төрөл нь OTW төрөл байсан. Энэ OTW төрлийн тэлэлгч баллоныг захиалагч авна гэж техникийн тодорхойлолтдоо заагаагүй.

7.Тендерийн 22-р багцад Захиалагчийн техникийн тодорхойлолтийн 9, 10, 11, 12-д зааснаар Оношилгоо, эмчилгээний катетер-уудыг 250, 250, 100, 100 ширхэгүүдийг авна гэсэн байна. С ХХК нь захиалагчийн техникийн тодорхойлолтод зааснаар нэр, төрөл бүрээр санал өгч, дээж хүргүүлсэн байтал хассан. Тэгсэн хэрнээ нэр, төрөл бүрээр санал ирүүлээгүй, загвар, дээж хүргүүлээгүй Ч ХХК-ийг шалгаруулсан. Энэ нэр, төрөл бүрийн ард олон тоо, ширхэгтэй хамааралтай нэг бүрийн үнийн зөрүү байдаг.

8.Тендерийн үнэлгээний хороо нь тендерийг хянахдаа Тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага -д нийцээгүй Ч ХХК-ийн тендерийн саналыг үнэлгээнд оруулахаар шийдвэрлэсэн. Үүнд:

-Тендерийн 20-р багцад эмчилгээний бичил гуурс 70 ширхэгийг авна гэчихээд 50 ширхэг бичил гуурс санал болгосон Ч ХХК-ийг шалгаруулсан. Энд 20 ширхэг бичил гуурс дутуу учир (20 ширхэг х 814,990 төг =) 16,299,800 төгрөгөөр Санчир-Ундрах ХХК-иас хямд мэтээр үнэлэгдсэн.

-Тендерийн 20-р багцад техникийн тодорхойлолтийн 4-д зааснаар эмчилгээний бичил чиглүүлэгч 70 ширхэгийг авна гэсэн. Гэтэл бичил чиглүүлэгч санал болгоогүй, оношилгооны чиглүүлэгч /1 ширхэг нь 92,950 төг/ санал болгосон Ч ХХК-ийг шалгаруулсан.

-Дараа нь тодруулгаар захиалагч нь 70 ширхэг оношилгооны чиглүүлэгч авна гэсэн. Учир нь энэ 2 чиглүүлэгч эмчилгээнд хоёулаа хэрэгтэй юм. Иймд С ХХК нь ЭМД-ын жишиг үнэд багтаан эмчилгээний бичил чиглүүлэгч 70 ширхэгийг /70ш х 395,000 төг/, оношилгооны чиглүүлэгч 70 ширхэгийг /70ш х 93,000 төг/, бүгд 140 ширхэг чиглүүлэгч нийлүүлэхээр санал болгосон. Ийнхүү С ХХК эмчилгээний бичил гуурс 70 ширхэгийг (70ш х 395,000 =) нийлүүлнэ гэсэн учир Ч ХХК-иас 27,650,000 төгрөгөөр үнэтэй мэт харагдсан. Өөрөөр хэлбэл, захиалагчийн төсөвт өртөг 179,687,500 төгрөг. Энд тендерт шалгарсан гэх Ч ХХК-ийн тендерийн санал 120,956,000 төгрөг, хасагдсан С ХХК-ийн тендерийн үнийн санал 143,750,000 төгрөг байна. Эндээс үзэхэд Ч ХХК-ийн үнийн санал хямд мэт боловч С ХХК-иас 20 ширхэг бичил гуурсны үнэ 16,299,800 төгрөг /20 ширхэг х 814,990 төг/ , 70 ширхэг бичил чиглүүлэгчийн үнэ 27,650,000 төгрөг /70ш х 395,000 төг/, нийт 43,949,800 төгрөгөөр зөрүүтэй байна. Хэрэв Ч ХХК-тай адилхан үзэж, энэ 90 ширхэг эмнэлгийн хэрэгслийг буюу 43,949,800 төгрөгийг С ХХК-ийн үнийн саналаас хасвал С ХХК нь 99,800,200 төгрөгний үнийн саналаар тендерт ялах байсан байна.

Ийнхүү Ч ХХК нь 90 ширхэг бараа дутуу санал болгоод 120,956,000 төгрөгөөр шалгарсан тул С ХХК-ийн шалгарч болох 99,800,200 төгрөгтэй харьцуулахад Ч ХХК нь хуйвалдагч нартайгаа 21,155,800 төгрөгний сул ашиг олсон байна. Үүнийг цавчаа гэж нэрлэнэ.

-Тендерийн 20-р багцад барааны загвар дээж ирүүлээгүй Ч ХХК-ийг шалгаруулсан. (Захиалагч нь ТОӨЗ 12.1 (ж)-д Эмнэлгийн хэрэгсэл бүрийн загвар, дээж, каталоги ирүүлнэ. /Ирүүлсэн дээжийн нэр, төрөл, тоо ширхэгийг тусгасан жагсаалт хавсаргах/...ТШӨХ-д заасан шаардлагуудын аль нэгийг ирүүлээгүй тохиолдолд уг тендерээс татгалзах үндэслэл болно гэж заасан хэрнээ техникийн тодорхойлолтийн 7-д заасан Гахайн сүүлт гуурс гэсэн бүтээгдэхүүний дээж загвар ирүүлээгүй. Шүүхийн үзлэгээр ч байгаагүй.

-Тендерийн 22-р багцад Захиалагчийн техникийн тодорхойлолтийн 13, 14, 15-д заасан Стентийн дагалдах хэрэгсэл, Монаметр, Ү хэлбэрийн хаагч-уудыг авна гэсэн байна. Гэтэл тендерт шалгарсан гэх Ч ХХК нь Монгол улсын нутаг дэвсгэрт цорын ганц борлуулах эрхтэй, С ХХК-д албан ёсны дистрибьютерийн эрх олгосон БНХАУ-ын SCW Medicath компанийн бүтээгдэхүүнийг санал болгосон байна. Өөрөөр хэлбэл, захиалагчийн тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ны 18.1 (а)-д заасан үйлдвэрлэгчийн зөвшөөрөл байхгүй байна. Үүний цаана, тухайн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын баталгаа байхгүй болсон байна. Мөн Ч ХХК нь Antimed компанийн барааг санал болгосон боловч Стентийн дагалдах хэрэгсэл, Manifold -ын иж бүрдэл, Ү хэлбэрийн хаагчуудыг ямар ч загвар, дээж байхгүй байна.

-Техникийн тодорхойлолтын 13-д заасан зарим бараануудыг Antimed компани нь үйлдвэрлэдэггүй. Гуя болон шууны дамжуулагч дээр 10 см уртын хэмжээг Ч ХХК санал болгоогүй. Мөн Ч ХХК нь өөрсдөө импортолдоггүй барааг санал болгосон байна. Жишээ нь Manifold гэж барааг өөрсдөө импортолдоггүй, импортлох эрхгүй байна. ( Сангийн сайдын 2012 оны 9-р сарын 28-ны өдрийн 194 -р тушаалаар батлагдсан Эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендерийн жишиг баримт бичиг-ийн 35-р зүйл Тендерийг үнэлэх, харьцуулах)

-Тендерийн 22-р багцад Захиалагчийн техникийн тодорхойлолтийн 17-д заасан S0137 кодтой /сүүлд тодруулгаар/ Судас бөглөгч /Vascular closer device/ эсхүл түүнтэй дүйцэхүйц 70 ширхэгийг авна гэсэн. Энэ нь Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2018 оны 09 сарын 11-ны өдрийн 17 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан жагсаалтад зааснаар Өвчны төрөл нь Зүрхний ишемит өвчин, Эмнэлгийн хэрэгслэлийн нэршил нь Судасны нүх бөглөгч 6F /Angioseal/ нэртэй, Хэрэгсэлийн код нь S0137 ийм бараа юм. Энд олон улсын өвчний код, өвчний нэр, тусламж үйлчилгээний нэр, үйлдлийн олон улсын ангилал нь бас өөр юм. Гэтэл Өвчны төрөл нь Судасны эмгэгүүдийн үеийн мэс засал, Эмнэлгийн хэрэгслэлийн нэршил нь Судас боох багц (Vascular access & vascular closure set)/ нэртэй, Хэрэгсэлийн код нь S0188 эмнэлгийн хэрэгслэлийг 70 ширхэгийг санал болгосон Ч ХХК-ийг тендерт шалгаруулсан. Энэ хэрэгсэл нь судас бөглөгч биш, судас оёгч юм. Бодит байдалд Ч ХХК нь үүнийгээ нийлүүлдэггүй ба хамгийн хямд өртөгтэй, S0218 кодтой, Exoseal гэдэг судас бөглөгчийг нийлүүлдэг.

Ийнхүү Тендерийн үнэлгээний хороо болон Захиалагч нь техникийн тодорхойлолт болон тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл шаардлагыг хангаагүй Ч ХХК-ийн тендерийн саналаас татгалзах байтал татгалзаагүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь заалт, 27 дугаар зүйлийн 27.3 ба 27.4 дэх заалтыг зөрчсөн байна.

 

Гурав. Тендерийг үнэлэх, Үнэлгээний хорооны үйл ажиллагаа хууль зөрчсөн:

Тендерийн үнэлгээний хороо нь тендерийн хянан үзэх шатны шаардлага хангахгүй Ч ХХК-ийг тендерийг үнэлэх шатанд илт хууль зөрчиж, хууль бусаар оруулсан.

Тендерийн 20 ба 22-р багцад өгсөн С ХХК-ийн тендерийн үнийн саналыг төсөвт өртгөөс хэтэрсэн гэсэн. Энэ нь хэтрээгүй болох нь захиалагчийн Өндөр өртөг бүхий эмнэлгийн хэрэгсэл худалдан авах УХТЭ/201901005 дугаартай тендерийн тендерийн цахим баримт бичиг болон тендерт оролцогчийн Маягт № ТШМ-1 болон Маягт № ТШМ-2Б гэх мэт баримтаар няцаагдана.

Тендерийн 20 ба 22-р багцад өгсөн С ХХК-ийн тендерийн үнийн санал нь Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн баталсан жишиг үнээс хэтэрсэн гэсэн. Энэ нь хэтрээгүй болох нь ЭМД-ын Үндэсний зөвлөлийн 2018 оны 09 сарын 11-ны өдрийн 17 тоот тогтоолын 1 ба /3.1, 3.2,.3.3/ 2-р хавсралтууд болон тендерт оролцогчийн Маягт № ТШМ-2Б гэх мэт баримтаар няцаагдана.

Үнэлгээ хийхдээ чанар ба үнэлгээний харьцуулалтаар оноо өгч, үнэлгээ хийгээгүй, өөрөөр хэлбэл, хуулийн 28.7.5-д зааснаар биш, 28.7.4-д зааснаар үнэлсэн, (Хууль-ийн 28.7.1 ба 28.7.5 дахь заалт, Журам-ын 3.3 дахь, 5.2.4 дэх, 6.1 дэх заалт, Сангийн сайдын 2012 оны 9-р сарын 28-ны өдрийн 194 -р тушаалаар батлагдсан Эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендерийн жишиг баримт бичиг-ийн 35-р зүйл Тендерийг үнэлэх, харьцуулах )

Тендерийн үнэлгээний хорооны дүгнэлт шаардлага хангахгүй, гаргасан шийдвэргүй, Сангийн сайдын 2012 оны 194 дүгээр тушаалын 3 хавсралтад тусгагдсан үнэлгээний зааврын дагуу бэлтгэсэн холбогдох маягт, тооцоо, дэгээрийг тусгасан үнэлгээний тайлан байхгүй, гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмж гаргаагүй, захиалагчид хүргүүлээгүй, (Хууль-ийн 28.7.5 дахь, 47.2.2 дахь заалт, Журам-ын 3.3 дахь, 5.2.4 дэх, 6.1 дэх заалт, )

Дөрөв. Гэрээ байгуулах. Захиалагчийн үйл ажиллагаа хууль зөрчсөн:

Захилагч нь үнэлгээний хорооны үйл ажиллагаанд хяналт тавиагүй, дүгнэлтийг хянаж, баталгаажуулаагүй. Захиалагч нь тендерт оролцогчтой гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гаргаагүй, Захиалагчийн эрх олгосон шийдвэргүйгээр худалдах, худалдан авах гэрээ хууль бусаар байгуулагдсан байна. Захиалагч нь Ч ХХК-тай төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан байна. Хуульд заасан худалдан авах ажиллагааны журмыг хэрэгжүүлэхдээ дээр дурьдсан ноцтой зөрчлүүд нь тендер шалгаруулалтын эцсийн үр дүнд илт буруу нөлөөлсөн учир байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр бус байна.

Иймд Тендерийн Үнэлгээний хороо нь хууль бус тендер шалгаруулалт явуулсан буруутай болохыг тогтоож, 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №УХТЭ/201901005/03 дугаартай дүгнэлтийн Бусад 5 компанийг үнэлэх шатанд оруулахаар тус тус шийдвэрлэв гэсэн хэсгийг, 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №2 дугаартай дүгнэлтийн 20 ба 22 дугаар багцад техникийн шаардлагад нийцэж, харьцуулах хамгийн бага үнийн саналтай нь Ч ХХК байна, С ХХК-ийн үнийн санал төсөвт өртөг, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн жишиг үнийн дээд хязгаараас давсан байна гэсэн хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №2 дугаартай дүгнэлтээр Тендерийн 20 ба 22 дугаар багцад чанар ба үнэлгээний харьцуулалтыг зохих журмын дагуу хийгээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Захиалагчийн Ч ХХК-тай 20 ба 22 дугаар багцад байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №10 дугаартай 349,530,500 төгрөгийн өндөр өртөг бүхий эмнэлгийн хэрэгслийн тендер-ийн гэрээг хүчин төгөлдөр бус бөгөөд хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Улсын дугаар төв эмнэлэг болон Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн Захиалагчийн тендерийн үнэлгээний хорооны дүгнэлтийн 20, 22 дугаар багцад С ХХК, Ч ХХК-д холбогдох хэсэг, Захиалагчийн Ч ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр, Ч ХХК-тай байгуулсан захиргааны гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Тус эмнэлэг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон УХТЭ-ийн Өндөр өртөг бүхий эмнэлгийн хэрэгсэл худалдан авах УХҮЭ201901005/03/01 дугаар бүхий тендерийн баримт бичгийн дагуу эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендерийг зохион байгуулсан.

Тус тендерийн 20, 22 дугаар багцад заасан эмнэлгийн хэрэгсэлд тавигдах шаардлагыг Эмнэлгийн тендерийн баримт бичгийн Техникийн тодорхойлолтод тодорхой заасан бөгөөд ирүүлсэн тендерүүдээс уг шаардлагыг хангасан тендерийг шалгаруулсан.

Тендер шалгаруулах ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсанаар зарим Тендерт оролцогчдод давуу эрх олгох эсхүл оролцох эрхийг нь хязгаарлах, ялгаварлах асуудал огт гараагүй болно.

Эмнэлгийн тусламж үйлчилгээнд ашиглах эмнэлгийн хэрэгсэл чанартай байх шаардлагыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.5-д эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад чанар ба үнэлгээний харьцуулалтаар өндөр оноо бүхий тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ тодорхой заасныг эмнэлгийн Тендерийн баримт бичигт нийцүүлж үнэлэх зарчмыг тусган тус багц дахь эмнэлгийн хэрэгслийг үнэ ба чанарын харьцуулалтаар шалгаруулж үнэлсэн.

Захиалагчийн тендерийн үнэлгээний хорооны дүгнэлт болон холбогдох бусад шийдвэр тухайлбал, Ч ХХК-ийг 20, 22 дугаар багцад шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан зэрэг асуудлууд бүгд холбогдох хууль тогтоомжийн дагуу явагдсан, хуульд нийцсэн гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Ч ХХК-ийн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 46 дугаар зүйлийн 46.1.1-д зааснаар захиалагч нь тендер шалгаруулалт явуулах эрх, үүргийнхээ хүрээнд Тендерийн үнэлгээний хороо байгуулсан байх бөгөөд тендерийн үнэлгээний хороо нь тендер шалгаруулалт явуулах эрх бүхий этгээд биш бөгөөд нэхэмжлэгчээс тендерийн үнэлгээний хороо нь хууль бус тендер шалгаруулалт явуулсан буруутай болохыг тогтоолгох шаардлага гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байна.

Нэхэмжлэгч нэгэнт хэрэгжчихсэн захиргааны акт хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага гаргасан тохиолдолд нэхэмжлэгчид онцгой ашиг сонирхол байх ёстой.

Гэтэл С ХХК-ийн хүргүүлсэн тендер нь Захиалагчийн тендерийн баримт бичгийн доор дурдсан зүйлүүдийг хангаагүй, хянан үзэх шатны шаардлага хангаагүй тендер ирүүлсэн байх тул хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан захиргааны акт нь нэхэмжлэгчийн ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэжх боломжгүй юм. Үүнд:

Нэг. Захиалагч нь ТОӨЗ-ын 12.1-ийн 4-т .... дээрх хавсралтанд дээжийг хэрэглэхийг зөвшөөрснийг баталгаажуулна. Захиалагч эргэн төлөхгүй, ТШӨХ-д заасан шаардлагуудын аль нэгийг ирүүлээгүй тохиолдолд уг тендерээс татгалзах үндэслэл болно гэж тодорхой заасан байдаг. С ХХК нь ТББ-т Загвар дээж хүргүүлэх нь гэсэн утга бүхий 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 22, 23 тоот албан бичгүүд хавсаргасан байх бөгөөд уг албан бичгүүдэд багц 20-ын 23 нэр төрлийн, багц 22-т 55 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний загвар дээжийг танилцуулга, каталогийн хамтаар хүргүүлж байна. Жич: Тендер шалгаруулалт дуусах хүртэл барааны бүрэн бүтэн байдлыг хангаж өгнө үү гэжээ. Дээр дурдсан мэдэгдлээс харахад С ХХК нь бүтээгдэхүүний чанарыг шалгах зорилгоор тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэж болохгүй гэж Захиалагчид анхааруулсан нь харагдаж байх буюу Захиалагчийн ТОӨЗ-ы 12.1 4-т тавьсан шаардлагыг хангаагүй буюу тендерээс татгалзах үндэслэл болохоор байна. Ч ХХК нь ТББ-т 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 303/19г-07 тоот албан мэдэгдлээрээ эмнэлгийн хэрэгслийн дээжийг тендерийн шалгаруулалтанд үнэлэх, дүгнэлт гаргах зайлшгүй шаардлага, ....ыг магадлах зорилгоор эмчилгээнд хэрэглэхэд татгалзах зүйлгүй бөгөөд дүгнэлтээ ...бидэнд мэдэгдсэнээр эргэн төлөхгүй байх эрх үүснэ хэмээн загвар дээжийг хэрэглэх захиалагчид олгож, захиалагчийн шаардлагыг хангасан байдаг.

Хоёр. Захиалагч нь ТОӨЗ-ы 12.1-ийн 5-д баримт бичиг нь гадаад хэл дээр байгаа тохиолдолд албан ёсны баталгаажсан орчуулгын товчоогоор Монгол хэлээр орчуулуулан, нотариатаар баталгаажуулсан байна. Үүнд: /албан ёсны дистрибюторын эрх, түншлэлийн гэрээ, импортын гэрээ, чанарын баталгааны гэрчилгээ/ ТШӨХ-д заасан шаардлагуудын аль нэгийг ирүүлээгүй тохиолдолд уг тендерээс татгалзах үндэслэл болно гэж тодорхой заасан байдаг. С ХХК-ийн ТББ-т хавсаргасан албан ёсны дистрибюторын эрх, түншлэлийн гэрээ, импортын гэрээ, чанарын баталгааны гэрчилгээнүүд нь албан ёсны баталгаат орчуулгын товчоогоор орчуулагдсан байх боловч, нотариатаар баталгаажуулагдаагүй байгаа нь захиалагчийн ТОӨЗ-ы 12.1-ийн 5-д заасан шаардлагыг хангаагүй буюу тендерээс таггалзах үндэслэл болохоор байна.

Ч ХХК нь захиалагчийн ТОӨЗ-ы 12.1-ийн 5-д заасан шаардлагыг хангаж, албан ёсны дистрибюторын эрх, түншлэлийн гэрээ, импортын гэрээ, чанарын баталгааны гэрчилгээг албан ёсны орчуулгын товчоогоор орчуулуулан, нотариатаар баталгаажуулан хүргүүлсэн байдаг.

С ХХК нь Захиалагчийн дээр дурдсан шаардлагуудын талаар тендерийн нээлт хийхээс өмнө Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар гомдол гаргаагүй учраас уг шаардлагуудыг хүлээн зөвшөөрсөн, шаардлагыг хангах ёстой байсан гэж үзэж байна.

Гурав. Захиалагч нь ТОӨЗ-ийн 11 дүгээр зүйлийн 11.1-д тендерийн хэл Монгол хэл байна гэжээ. Өөрөөр хэлбэл тендер шалгаруулалтын баримт бичгүүдийг Монгол хэл дээр ирүүлэхийг шаардсан гэж ойлгож болно. Гэтэл С ХХК-ийн бэлтгэн ирүүлсэн тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолт хэсэгт ирүүлсэн, санал болгож буй бүтээгдэхүүнүүдийн каталогууд нь Монгол хэл дээр биш, Монголоос бусад хэл дээр байна. Санал болгож буй бүтээгдэхүүнийг тендерийн тодорхойлолтонд нийцэж буй эсэхийг нотлох баримт нь бүгээгдэхүүний каталоги байх бөгөөд тендерийн үнэлгээнд чухал ач холбогдолтой баримт бичиг юм. С ХХК нь бүтээгдэхүүний каталогийг гадаад хэл дээр ирүүлсэн нь Захиалагчийн ТОӨЗ-ийн 11.1-д заасан шаардлагыг хангахгүй байх бөгөөд тус компаний ирүүлсэн тендерээс татгалзах үндэслэл болохоор байна.

Захиалагч нь С ХХК-ийн 20, 22 дугаар багцад ирүүлсэн тендерийг төсөвт өртөг хэтэрсэн, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн жишиг үнийн дээд хязгаараас давсан, С ХХК нь үнийн саналын нэгж бичихдээ ЭМЛҮЗ-ийн тогтоосон үнээр бичсэн боловч нийт үнээ тодорхой үнээр ихэсгэсэн учраас жишиг үнээс давсан байна гэж үзсэн болох нь захиалагчийн үнэлгээний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаар бүхий тендериин үнэлгээний дүгнэлтээс харагдаж байдаг.

Ч ХХК нь уг тогтоолын дагуу санал болгож буй бүтээгдэхүүнүүдээ Эрүүл мэндийн даатгалын үндэсний төвийн үнийн дээд хязгаарт багтсан тухай нотлох баримт болгон 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 303/19г-12 тоот албан бичгийг тендерийн баримт бичигтээ хавсаргасан байх ба хамгийн бага үнийн санал хүргүүлж шалгарсан болно.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д зааснаар тендерийн үнэлгээний хорооны 20, 22 дугаар багцад чанар ба үнэлгээний харьцуулалтыг зохих журмын дагуу хийгээгүй гэдгийг эс үйлдэхүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54, 55 дугаар зүйл, Сангийн сайдын 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 131 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Тендер оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам-ын дагуу нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар гомдол гаргаж, урьдчилан шийдвэрлүүлсэн баримт хэргийн материалд байхгүй байдаг.

Захиргааны ерөнхий хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д заасан захиргааны гэрээний хэлбэрийн шаардлагыг хангасан буюу бичгээр байгуулсан, 54 дүгээр зүйлийн 54.1-д заасны дагуу Сангийн яамнаас зөвшөөрөл авч байгуулагдсан буюу хуульд заасан журмын дагуу байгуулагдсан тул дээр дурдсан гэрээнүүдийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.

Дээр дурдсан гэрээ нь Улсын 2 дугаар төв эмнэлэг, Ч ХХК нарын хооронд байгуулсан, нэг талаас өндөр өртөг бүхий мэс заслын хэрэгсэл, протезийг захиалагчийн техник үзүүлэлтэд нийцүүлэн нийцүүлэх, нөгөө талаас төлбөр төлөх харилцааг зохицуулах зорилготой болно. Хоёр тал харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр байгуулсан гэрээ нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа нь ойлгомжгүй бөгөөл үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С ХХК-иас Улсын дугаар төв эмнэлэг, Улсын дугаар төв эмнэлгийн УХТЭ201901005/0301 дугаартай Тендерийн үнэлгээний хороонд (цаашид Үнэлгээний хороо гэх) холбогдуулан гаргасан Тендерийн Үнэлгээний хороо нь хууль бус тендер шалгаруулалт явуулсан буруутай болохыг тогтоож, 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №УХТЭ/201901005/03 дугаартай дүгнэлтийн Бусад 5 компанийг үнэлэх шатанд оруулахаар тус тус шийдвэрлэв гэсэн хэсгийг, Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №2 дугаартай дүгнэлтээр Тендерийн 20 ба 22 дугаар багцад чанар ба үнэлгээний харьцуулалтыг зохих журмын дагуу хийгээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, тус дүгнэлтийн 20 ба 22 дугаар багцад техникийн шаардлагад нийцэж, харьцуулах хамгийн бага үнийн саналтай нь Ч ХХК байна, С ХХК-ийн үнийн санал төсөвт өртөг, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн жишиг үнийн дээд хязгаараас давсан байна гэсэн хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, захиалагчийн Ч ХХК-тай 20 ба 22 дугаар багцад байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №10 дугаартай 349,530,500 төгрөгийн өндөр өртөг бүхий эмнэлгийн хэрэгслийн тендер-ийн гэрээг хүчин төгөлдөр бус бөгөөд хууль бус байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн хүрээнд шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг дагуу тус шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны 128/ШЗ2021/9306  дугаар захирамжаар хариуцагч Улсын дугаар төв эмнэлгийн тендерийн үнэлгээний хорооны эрх залгамжлагчаар Улсын дугаар эмнэлгийн даргыг тогтоож шийдвэрлэсэн болно. 

1.            Улсын дугаар төв эмнэлгийн даргын 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/49 дүгээр тушаалаар 2019 онд шаардлагатай өндөр өртөг бүхий эмнэлгийн хэрэгслийн нийллүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог Үнэлгээний хорооны дарга Ц.Г, нарийн бичиг Ш.Г, гишүүдээр Б.Э, З.А, Д.Ж, Н.А, Г.Б, Б.А, Б.Б, Н.М, Д.Н нарын 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ.

Эрүүл мэндийн сайдын 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар Улсын дугаар төв эмнэлгийн ерөнхий захирал Г.Б-нг үүрэгт ажлаас чөлөөлж, Б/23 дугаар тушаалаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.

Улмаар Улсын дугаар төв эмнэлгийн захирлын үүргийг түр хавсран гүйцэтгэгч, эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Г 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/58 дугаар тушаалаар 2019 онд шаардлагатай өндөр өртөг бүхий эмнэлгийн хэрэгслийн нийллүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, Б.Э-ыг Үнэлгээний хорооны даргаар, Д.Э-ийг гишүүнээр баталсан байна. 

Хариуцагч Үнэлгээний хороо мөн оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Б.Э, Ш.Г, Б.А, Н.А, Д.Э, Г.Б, З.А, Д.Ж,  Н.М, Д.Н нарын ирцтэйгээр хуралдаж К ХХК тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан тул, М ХХК татварын өртэй байгаа тул хянан үзэх шатнаас хасахаар, Бусад 5 компанийг үнэлэх шатанд оруулахаар тус тус шийдвэрлэсэн байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмаар зохицуулна. гэж зааснаар Сангийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 212 дугаар тушаалаар батлагдсан Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журмын 4.1-д Үнэлгээний хорооны үйл ажиллагаа нь хуралдааны хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд хуралдаанаас хамтын шийдвэр гаргана., 4.2-т Үнэлгээний хорооны хуралдаан үнэлгээний хорооны дарга, үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга болон бусад гишүүдийн дийлэнх олонх буюу 75 хувиас дээш ирцтэйгээр хүчин төгөлдөрт тооцогдоно., 4.3-д Тендер шалгаруулалтыг нээсэн өдөр үнэлгээний хороо эхний хуралдааныг хийх бөгөөд хуулийн 28 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасны дагуу үнэлгээг хийнэ., 4.4-т Хуралдаанаас шийдвэр гаргахдаа илээр санал хураах бөгөөд үнэлгээний хороонд томилогдсон нийт гишүүдийн олонхийн санал авснаар уг шийдвэр хүчин төгөлдөр болно. Үнэлгээний хорооны бүх гишүүд саналын тэгш эрхтэй байна. гэж заажээ.

Дээрх нөхцөл байдал болон хууль, журмын заалтаас үзвэл Д.Э үнэлгээний хорооны гишүүнээр томилогдохоосоо өмнө тус хорооны хуралд оролцсон тул түүнийг ирцэд оруулан тооцох үндэслэлгүй боловч тус өдрийн Үнэлгээний хороны хурлын ирц Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журмын 4.2-т зааснаар хүчин төгөлдөр гэж тооцох үндэслэлтэй (Үнэлгээний хорооны 11 гишүүний 8 оролцсон) бөгөөд Д.Э Үнэлгээний хорооны дарга эсвэл гишүүн байхаас үл хамаарч саналын нэг эрхтэй гишүүн тул ирцээс хасаж тооцохгүй юм. 

Тус өдрийн хурлаар тендерийг хянан үзэж шийдвэр гаргасан болох нь хэрэгт авагдсан үнэлгээний хорооны хурын тэмдэглэл, хүснэгт зэргээр тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн тендерийг хянан үзэж тендерийг үнэлэх шатанд оруулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй гэж үзлээ.

Иймд хариуцагч Үнэлгээний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №УХТЭ/201901005/03 дугаартай дүгнэлтийн Бусад 5 компанийг үнэлэх шатанд оруулахаар тус тус шийдвэрлэв гэсэн хэсэг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасанд нийцсэн тул нэхэмжлэлийн Тендерийн Үнэлгээний хороо нь хууль бус тендер шалгаруулалт явуулсан буруутай болохыг, Үнэлгээний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №УХТЭ/201901005/03 дугаартай дүгнэлтийн Бусад 5 компанийг үнэлэх шатанд оруулахаар тус тус шийдвэрлэв гэсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Хариуцагч Үнэлгээний хороо 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Б.Э, Ш.Г, Б.А, Н.А, Д.Э, Г.Б, З.А, Д.Ж, Н.М, Д.Н нарын ирцтэйгээр хуралдаж, 24, 21 дүгээр багцад дахин тендер зарлахаар шийдвэрлэжээ. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр /цаашид үнэлгээний дүгнэлт гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна.,  47.8-д Үнэлгээний дүгнэлтэд хорооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд эсрэг саналтай байсан гишүүн үнэлгээний дүгнэлтэд энэ тухайгаа тэмдэглэж гарын үсгээ зурна. гэж заажээ.

Хуулийн тус заалтаас үзвэл тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийн үндэслэл, холбогдох бүх мэдээлэл тэмдэглэлд бүрэн бичсэн байх учиртай бөгөөд үнэлгээний хорооны гишүүд саналаа илээр гаргаж, олонхийн санал авснаар шийдвэр гаргах юм. Тус шийдвэрийг үндэслэн Гэтэл хариуцагч үнэлгээний хорооны тэмдэглэлд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан  тендерийг үнэлэх шатанд орсон гэх 5 компаний тендерийг хэрхэн шийдвэрлэсэн талаар болон гишүүдийн олонх дэмжсэн эсэх, гаргасан шийдвэр бүрэн тусгаагүй байхад нэхэмжлэгчийг шаардлага хангаагүй тендер ирүүлсэн, гуравдагч этгээдийг хамгийн сайн тендер ирүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаар тэмдэглэлд ...20 дугаар багцад Ч ХХК, С ХХК, Т ХХК санал ирүүлснээс С ХХК-ийн үнийн санал төсөвт өртөг, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн жишиг үнийн дээд хязгаараас давсан байна. Техникийн шаардлагад нийцэж, харьцуулах хамгийн бага үнийн саналтай нь Ч ХХК байна. 22 дугаар багцад Ч ХХК, С ХХК, Т ХХК санал ирүүлснээс С ХХК-ийн үнийн санал төсөвт өртөг, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн жишиг үнийн дээд хязгаараас давсан байна. Техникийн шаардлагад нийцэж, харьцуулах хамгийн бага үнийн нь Ч ХХК байна гэж хэлэлцсэн боловч С ХХК-ийн үнийн санал бүхэлдээ төсөвт өртөгөөс давсан эсэх, эсвэл Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн жишиг үнийн дээд хязгаараас нийлүүлэх барааны үнэ давсан эсэх асуудлыг нэхэмжлэгчийн тендерийн баримт бичигт заасан баримтын хүрээнд хэлэлцэн үнэлгээний хорооны гишүүд олонхийн саналаар шийдвэрлэсэн үнэлгээний шийдвэр, дүгнэлт байхгүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7, 47.8-д заасныг зөрчсөн бөгөөд үнэлгээний хорооны шийдвэр хуульд заасан журмын дагуу гарсан үзэхээргүй байна.

Нэгэнт С ХХК-ийн үнийн санал бүхэлдээ төсөвт өртөгөөс давсан эсэх, эсвэл Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн жишиг үнийн дээд хязгаараас нийлүүлэх барааны үнэ давсан эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн шийдвэр буюу үнэлгээний дүгнэлт байхгүй тул хэргийн оролцогчдын энэ талаарх үндэслэлд дүгнэлт өгөх боломжгүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хангаж, Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №2 дугаартай дүгнэлтээр Тендерийн 20 ба 22 дугаар багцад чанар ба үнэлгээний харьцуулалтыг зохих журмын дагуу хийгээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг, мөн дүгнэлтийн 20 ба 22 дугаар багцад техникийн шаардлагад нийцэж, харьцуулах хамгийн бага үнийн саналтай нь Ч ХХК байна, С ХХК-ийн үнийн санал төсөвт өртөг, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн жишиг үнийн дээд хязгаараас давсан байна гэсэн хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхэд хандаж, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах боломжтой.

Захиалагч,  Ч ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Ч ХХК-тай 10 дугаар тендерийн гэрээг байгуулан бөгөөд тендерийн гэрээний дагуу тендерийн нийлүүлэлт хийгдэн хэрэгжсэн байна. Тус гэрээ нь Улсын дугаар төв эмнэлэг болон Ч ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ байх бөгөөд уг гэрээний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.  

Өөрөөр хэлбэл, уг гэрээгээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн ямар нэгэн шийдвэр гаргаагүй, түүнд хандаагүй байх тул захиалагчийн Ч ХХК-тай 20 ба 22 дугаар багцад байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №10 дугаартай 349,530,500 төгрөгийн өндөр өртөг бүхий эмнэлгийн хэрэгслийн тендер-ийн гэрээг хүчин төгөлдөр бус бөгөөд хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.3, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 47 дугаар зүйлийн 47.7, 47.8, 47.9 дэх хэсэгт заасныг баримтлан С ХХК-ийн нэхэмжлэлийн  шаардлагын зарим хэсгийг хангаж, Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №2 дугаартай дүгнэлтээр Тендерийн 20 ба 22 дугаар багцад чанар ба үнэлгээний харьцуулалтыг зохих журмын дагуу хийгээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг, мөн дүгнэлтийн 20 ба 22 дугаар багцад техникийн шаардлагад нийцэж, харьцуулах хамгийн бага үнийн саналтай нь Ч ХХК байна, С ХХК-ийн үнийн санал төсөвт өртөг, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн жишиг үнийн дээд хязгаараас давсан байна гэсэн хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоож, үлдсэн шаардлага болох Тендерийн Үнэлгээний хороо нь хууль бус тендер шалгаруулалт явуулсан буруутай болохыг, Үнэлгээний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №УХТЭ/201901005/03 дугаартай дүгнэлтийн Бусад 5 компанийг үнэлэх шатанд оруулахаар тус тус шийдвэрлэв гэсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, захиалагчийн Ч ХХК-тай 20 ба 22 дугаар багцад байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №10 дугаартай 349,530,500 төгрөгийн өндөр өртөг бүхий эмнэлгийн хэрэгслийн тендер-ийн гэрээг хүчин төгөлдөр бус бөгөөд хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасны дагуу Шинжээчийн зардалд гарсан 1.000.000 төгрөгийг нэхэмжлэгч болон хариуцагч нарт хуваарилан нэхэмжлэгчээс 500,000 төгрөг, хариуцагч Улсын дугаар төв эмнэлэг, Улсын дугаар төв эмнэлгийн УХТЭ201901005/0301 дугаартай Тендерийн үнэлгээний хорооноос 500,000 төгрөгийг тус тус хуваан гаргуулж, тус шүүхийн Төрийн сан дахь 100900005404 тоот дансанд төвлөрүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Улсын дугаар төв эмнэлгээс 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН

ШҮҮГЧ М.БАТЗОРИГ

ШҮҮГЧ С.ГАНБАТ