Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 996

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “******* ******* ******* ******* *******” ХХК

Хариуцагч: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 04 дүгээр “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох тухай” актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т*******, Д.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* ******* ******* *******” ХХК-ийн  гүйцэтгэх захирал Н.Н******* шүүхэд гаргасан нэхэмжлэл түүний хууль зүйн үндэслэлээ:

“...Манай компани байгуулагдаад удаагүй бөгөөд дотоодын кабелийн, сансрын болон олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нартай хамтран ажиллах тухай албан бичгийг анх байгуулагдах үедээ бүгдэд нь хүргүүлж байсан бөгөөд манай саналыг хүлээн авсан байгууллагуудтай гэрээ байгуулан одоог хүртэл хамтран ажиллаж байна. Бид аль ч хуулийн этгээдийг зах зээлд гарч ирэх нөхцөл, бололцоог хаан боогдуулаагүй, зах зээлээс шахан гаргах зорилго агуулаагүй билээ. Мөн дотоодын кабелийн, сансрын болон олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч хуулийн этгээдүүд нь зах зээлд байр сууриа олж, тогтвортой үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд бөгөөд манай компанитай

гэрээ байгуулан хамтран ажиллаж спортын контентуудыг дамжуулаагүй тохиолдолд хэрэглэгчээ алдаж, зах зээлээс шахагдан гарах, дампуурах зэрэг эрсдэлд орохгүй юм. Учир нь спорт, спортын тоглолтуудыг тодорхой тооны сонирхогч, дэмжигч нарын хүрээнд л үзэж, сонирхдог бөгөөд энэ нь манай улсад нийтийг хамарсан ноёлох хэмжээнд хүртэл яригдах асуудал биш юм.

Иймд манай байгууллага нь зөвхөн спорт сонирхогчдын хүрээнд л үйл ажиллагаа явуулж байгаа тул спортын контент нийлүүлэх үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул манай компани Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3-т заасан давамгай байдалтай аж ахуй эрхлэгч биш болно. Учир нь манай спортын контентуудыг нийлүүлснээр кабелийн, сансрын болон олон суваг дамжуулах үйлчилгээ дамжуулахгүй байснаараа бүх хэрэглэгчээ алдах, тухайн зах зээлээс шахагдан гарах зэрэг сөрөг үр дагавар үүсэхгүй юм. Энэхүү дүгнэлтийг гаргахдаа Монгол Улсад телевиз, сувгийн ямар контентийг үзэгчид илүүтэйгээр сонирхон үзэж, олны таашаалд нийцсэн бүтээл болж байгааг судлан, тогтоож энэхүү судалгаанд үндэслэн дээрх дүгнэлт, шийдвэрийг гаргавал илүү зохимжтой байх юм. Монгол Улсын нутаг дэвсгэр уудам, хүн амын нягтаршил сийрэг байдаг тул олон сувгийн үйлчилгээ эрхлэгч нартай гэрээ байгуулахад тодорхой хэмжээний үнийн зөрүү байхыг үгүйсгэхгүй.

Иймд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох тухай” 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т*******, Д.О******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар түүний хууль зүйн үндэслэлээ:

“...Тухайн тоггоол нь Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 15.1.6 дахь хэсэг, Засгийн газрын 2010 оны 298 тоот тогтоолоор баталсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ыг тус тус үндэслэн гарсан.

Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуйн нэгжийг тогтоох үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 298 дугаар тогтоолоор батлагдсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуйн нэгжийг тогтоох журам”-ын дагуу зах зээлийн судалгаа хийж, улмаар судалгааны дүнд тулгуурлан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэр гаргаж, холбогдох жагсаалтад бүртгэдэг.

Мөн үйл ажиллагааны хүрээнд болон спортын чиглэлээр төрөлжсөн сувгийн үйлчилгээний зах зээлд зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуйн нэгжийг тогтоох шаардлага үүссэний дагуу судалгаа, газрын хуралдаан хийгдэж 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 04 тоот тогтоолоор “******* ******* ******* ******* *******” ХХК нь спортын чиглэлээр төрөлжсөн сувгийн үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдсон.

Судалгаанд Харилцаа холбооны зохицуулах хороо болон хамрагдсан аж 

ахуйн нэгжүүдээс авсан мэдээллүүдийг ашигласан. Спортын чиглэлээр төрөлжсөн сувгийн үйлчилгээний зах зээлд нэвтрэн ороход хууль эрх зүйн орчны хувьд Харилцаа холбооны тухай хуулийн хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрт "Аж хуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.16.2-т заасан харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх хуулийн этгээд, иргэнд Харилцаа холбооны зохицуулах хорооноос үйлчилгээний төрөл тус бүрт тусгай зөвшөөрлийг олгодог байна. Мөн тусгай зөвшөөрөл хүсэгч нь Харилцаа холбооны тухай хуулийн 13 дугаар зүйл болон Харилцаа холбооны зохицуулах хорооны “Тусгай зөвшөөрөл, бүртгэлийн гэрчилгээ олгох, сунгах, хүчингүй болгох, биелэлтэнд нь хяналт тавих журам”-д заасан бичиг баримтын шаардлагыг хангасан тохиолдолд тус хорооноос зөвшөөрөл олгож байна.

Судалгааны явцад Харилцаа, холбооны зохицуулах хорооноос Спортын чиглэлээр төрөлжсөн тусгай зөвшөөрөл эзэмшигч нийт 4 аж ахуй эрхлэгчийн нэрс, борлуулалтын орлого, хэрэглэгчдийн тоо зэрэг холбогдох мэдээллүүдийг ирүүлсэн.

Хүснэгт 1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд болон тэдгээрййн сувгийн нэр, тоо, зөвшөөрөл авсан огноог харуулав.

Тусгай зөвшөөрөл
эзэмшигч аж ахуй эрхлэгч

Сувгийн нэр

Тусгай зөвшөөрөл авсан
огноо

Н ХХК

Suld channel

2012.01 сар

В ХХК

MNBA sports

2012.05 сар

******* ******* ******* ******* ******* ХХК

SPS-5 суваг

2013.09 сар

 2016.04 сар /шинчилсэн/

МҮОНТелевиз

Монгол

2016.05 сар

 “******* ******* ******* ******* *******” ХХК нь Монгол Улсад анхны спортын төрөлжсөн төлбөрт сувгийн үйл ажиллагааг эрхлэгч бөгөөд SPS World, SPS-PRIME, SPS-ACTION, SPS-PLAY, SPS-PLUS зэрэг 5 сувгийг онцгой эрхээр сансрын хиймэл дагуулаар хүлээн авч, Телевиз радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээний зах зээлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй эрхлэгч болох ХХК, С ХХК, Ю ХХК,  С ХХК-иудтай төлбөртэй нөхцөлөөр гэрээ байгуулан дамжуулж байгаа юм.

Өрсөлдөөний тухай хууль болон Засгийн газрын 2010 оны 298 тоот тогтоолоор баталсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-д зааснаар “Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа буюу бусад этгээдтэй хамтран, эсхүл харилцан хамаарал бүхий этгээд үйлдвэрлэл, борлуулалтын эсхүл худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзнэ” гэж заасан байдаг.

Спортын чиглэлээр төрөлжсөн сувгийн үйлчилгээний зах зээлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй эрхлэгчийн зах зээлд эзлэх хувийг тухайн аж ахуй эрхлэгчийн зах зээлд борлуулсан борлуулалтын хэмжээг нийт борлуулалтын хэмжээнд харьцуулж тодорхойлов.

 

д/д

Аж ахуйн нэгжийн нэр

Борлуулалтын орлого /төг/

ЗЗЭХ(%)

 

1

Н ХХК

44,492,606.0

3.36

 

2

В групп ХХК

24,355,000.0

1.84

 

3

"******* ******* ******* ******* *******” ХХК

1,253,860,994.0

94.79

100.00

 

Нийт

1,322,708,600.0

 

Зах зээлийн өрсөлдөөний бүтцийг тодорхойлоход олон улсад хамгийн өргөн хэрэглэгддэг Херфиндал-Хершманы индекс (ХХИ)-ийг тухайн үйлчилгээний зах зээлд тооцож дүгнэн үзэхэд Спортын чиглэлээр төрөлжсөн сувгийн үйлчилгээний зах зээлд “******* ******* ******* ******* *******” ХХК 94,8 хувийг эзэлж, төвлөрлийн түвшин өндөр, өрсөлдөөн хязгаарлагдмал, тухайн зах зээлд давамгай байдалтай гэж үзэж болохоор байсан болно.
Нэхэмжлэгчээс спортын контент нийлүүлэх үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон нь үндэслэлгүй” гэсэн байна. Гэтэл судалгааг зөвхөн спортын контент нийлүүлэх үйлчилгээний хүрээнд бус спортын чиглэлээр төрөлжсөн сувгийн үйлчилгээний зах зээлийн судалгаа байдлаар хийсэн. Аж ахуй эрхлэгч хэрэглэгчид үйлчилгээ үзүүлж байгаа тодорхой зах зээлд үйл ажиллагаа эрхэлж байгаагийн хувьд хууль болон эрх бүхий байгууллагаас тавигдах хууль ёсны шаардлагыг хангаж ажиллах нь зүй ёсны шаардлага билээ.    
Иймд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоох үйл ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдсан гэж үзэж байгаа тул “******* ******* ******* ******* *******“ ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтууд шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч “******* ******* ******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  шийдвэрлэв.
Нэхэмжлэгч тус шүүхэд хандаж “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 04 дүгээр “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох тухай” актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт Телевиз радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээний зах зээлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй эрхлэгчдээс “******* ******* ******* ******* *******” ХХК-д холбогдуулан гомдол гаргасны дагуу тус газрын улсын байцаагчийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 5/4 дугаартай дүгнэлтээр “******* ******* ******* ******* *******” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоох арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.
Хариуцагч байгууллагаас “******* ******* ******* ******* *******” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоох эсэх асуудлыг шийдвэрлэхийн өмнө тус газрын Өрсөлдөөний хяналт зохицуулалт, зах зээлийн судалгааны газраас “Спортын чиглэлээр төрөлжсөн сувгийн үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгаа” хийсэн байх бөгөөд уг судалгаанд “******* ******* ******* ******* *******” ХХК спортын төрөлжсөн сувгийн хэрэглэгчийн тоон мэдээлэл,  зах зээлийн хүрээ, газар зүйн хил хязгаар, аж ахуйн нэгжийн зах зээлд эзлэх хувь, зах зээлийн төвлөрөл, зах зээлд нэвтрэх боломж, зах зээлд үзүүлэх сөрөг нөлөөлөл гэсэн хүчин зүйлүүдийн хүрээг хамруулжээ.  
Судалгаагаар нийт хэрэглэгчдийн тоог 2014 онд 8359, 2015 онд 14242 гэж тодорхойлон эх сурвалжаа “******* ******* ******* ******* *******” ХХК гэж дурдсан нь бодит тоо гэх үндэслэлгүйн дээр зах зээлийн хүрээ, газар зүйн хил хязгаарын тухайд хамрах үйлчилгээний төрлийг тодорхойлоогүй, хил хязгаарыг Монгол Улс гэж тэмдэглэсэн боловч “******* ******* ******* ******* *******” ХХК-д Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлд Кабелийн 4 төрлийн сувгийн үйлчилгээг зөвхөн Улаанбаатар хотод явуулж байгаагаас үзэхэд хил хязгаарыг буруу тодорхойлсон болох нь тогтоогдож байна.
Түүнчлэн аж ахуй эрхлэгчийн тухайн зах зээлд эзлэх хувийг 2015 оны нийт борлуулалтын орлогоор буюу “Н ” ХХК 44 492 606 буюу 3,36 хувь, “В групп” ХХК 24 355 000 буюу 1,84 хувь, “******* ******* ******* ******* *******” ХХК 1 253 860 994 буюу 94,79 хувь гэж тодорхойлон эх сурвалжаа Харилцаа холбооны зохицуулах хороо, аж ахуй эрхлэгчид гэж тэмдэглэн нэхэмжлэгч компанийг давамгай байдалтай аж ахуйн нэгж гэж үзэхээр байна гэж тодорхойлжээ.     
Дээрх судалгаанд үндэслэн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хуралдаж 04 дугаар бүхий “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох тухай” тогтоолоор Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 15 дугаар зүйлийн 15.1.6 дахь заалт болон “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ыг тус тус үндэслэн “******* ******* ******* ******* *******” ХХК-ийг Спортын чиглэлээр төрөлжсөн сувгийн үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон байна.
Нэхэмжлэгч уг тогтоолыг эс зөвшөөрч “хамтран ажиллах албан бичгийг бүгдэд нь хүргүүлж гэрээ байгуулан ажиллаж байгаа...тухайн зах зээлээс шахагдан гарах сөрөг үр дагавар үүсэхгүй...судалгаанд тооцооллыг бүрэн хийгээгүй...” гэж, хариуцагчаас “...судалгааны үндсэн дээр давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон...эрх бүхий байгууллагаас тавигдах хууль ёсны шаардлагыг хангаж ажиллах ёстой...давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоох үйл ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдсан” гэж тус тус тайлбарлан мэтгэлцэж байна. 
Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа буюу бусад этгээдтэй хамтран, эсхүл харилцан хамаарал бүхий этгээд үйлдвэрлэл, борлуулалтын, эсхүл худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзнэ”, 15 дугаар зүйлийн 15.1.2-т “.зах зээлд зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох, үйл ажиллагаанд нь хяналт тавих. Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журмыг Засгийн газар батална” гэж тус тус заасан бөгөөд Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ыг баталжээ.
Журмын  3,  5,  6  дахь  хэсэгт  зааснаар  Бараа  бүтээгдэхүүний  хүрээ,  зах зээлийн төвлөрөл, зах зээлийн хүчийг тус тус тодорхойлохдоо холбогдох хүчин зүйлсүүдийг бүхэлд нь харгалзах ёстой байхад хариуцагч байгууллагаас  “Спортын чиглэлээр төрөлжсөн сувгийн үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгаа”-г үндэслэн шийдвэр гаргахдаа зохих хүчин зүйлсүүдийг харгалзан үзээгүй нь хууль бус болсон байна.
Тухайлбал, “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ын 2 дахь хэсэгт “тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээл дээр аж ахуй эрхлэгчийн давамгай байдалтайг дараахь үе шатаар тогтооно” үүнд бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлох, зах зээлийн газар зүйн хил хязгаарыг тогтоох, зах зээлийн төвлөрлийг тооцох, зах зээлийн хүчийг тодорхойлохоор тус тус заажээ.
Түүнчлэн журмын 3 дугаар зүйлд “бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлох нь бараа бүтээгдэхүүнийг хэрэглээ, зориулалтаар нь ангилж тэдгээрийг харилцан орлох бараа бүтээгдэхүүний бүлгийг тодорхойлоход чиглэсэн үйл ажиллагаа...” гэж заасан байхад энэ талаар судалж дүгнэлт өгөөгүй, зах зээлийн хүрээнд хамааруулсан нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компанийн зах зээлийн газар зүйн хил хязгаарыг тогтоохдоо журмын 4.2 дахь хэсэгт заасныг зөрчсөний дээр зах зээлийн төвлөрлийг тооцохдоо зөвхөн 2015 оны борлуулалтын орлогыг үндэслэл болгосон нь учир дутагдалтай.
Энэ нь журмын 5 дахь хэсэгт “аж ахуй эрхлэгчийн зах зээлд эзлэх хувийг тогтоохдоо тухайн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалтын хэмжээг бараа бүтээгдэхүүний хүрээ, газар зүйн хил хязгаараар тодорхойлогдсон зах зээлийн үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалтын нийт хэмжээнд харьцуулж тодорхойлно” гэж заасантай нийцэхгүй байна.
Иймд нэхэмжлэгч “******* ******* ******* ******* *******” ХХК-ийг давамгай байдалтай үйл ажиллагаа эрхэлсэн болохыг зохих журмын дагуу судалж хангалттай үндэслэлээр тогтоогоогүй атлаа “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон” захиргааны акт гаргасан нь хууль бус байх тул  Шударга  өрсөлдөөн  хэрэглэгчийн  төлөө газрын 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 04 дүгээр “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох тухай” тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

              Захиргааны   хэрэг  шүүхэд  хянан   шийдвэрлэх  тухай   хуулийн  106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 15дугаар зүйлийн 15.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “******* ******* ******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 04 дүгээр “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох тухай” тогтоолыг хүчингүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114-.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдав.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.ДУЛАМСҮРЭН