Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01182

 

 

 

 

 

 

2022 06 22 210/МА2022/01182

 

Д.Пгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2022/00758 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.Пгийн, хариуцагч ЭЭЖК ХХК-д холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 43 дугаар байрны 47 тоот, 68,5 м.кв, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны өмчлөлгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Тамир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Амарбаясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: 2008 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ЭЭЖКХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 43 байрны 1 дүгээр орцны 12 дугаар давхрын 68,5 м.кв, 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 750 ам.доллар, нийт 51,375 ам.доллар төлөх, хариуцагч нь орон сууцыг заасан хугацаанд хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Гэрээний үүрэгт 50,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Орон сууцанд 2009 оны 8 сард нүүж ороод орсноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байна. 2011 онд улсын комисс хүлээн авснаас хойш орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй. Тухайн үед орон сууц Анод банкны барьцаанд, газар нь бас маргаантай байсны улмаас өмчлөх эрхийн гэрчилгээ гарахгүй хүлээгдэж байсан. 2014 оны эхээр ЭЭЖКХХК-тай уулзахад захирал нь А.Амарбаясгалан гэж хүн болсон байсан ба мөнгө төлсөн баримт байхгүй тул мөнгөө төл гэх шаардлага тавьсан. 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ЭЭЖКХХК-аас орон сууцыг чөлөөлж өг гэсэн мэдэгдэл ирсэн. Иймд маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: 2008 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 95 тоот орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ нь хүчин төгөлдөр бус юм. Тухайн үед байгууллагын захирал нь БНСУ-ын иргэн Им Чин У гэж хүн байсан ба Н.Болд компанийн ерөнхий инженер байсан. Гэрээг тухайн үеийн хуулийн зөвлөх байсан Булган байгуулсан. Булганд гэрээ байгуулах эрх олгогдоогүй. Гэрээнд нийт талбайн хэмжээ 61.5 м.кв, нийт үнэ 51.375 ам.доллар, захиалагч нь 100% төлбөр төлж байж өмчлөх эрх баталгаажна гэж заасан. Нэхэмжлэгч 50,000,000 төгрөгөөс өөр төлбөр төлөөгүй, бичгийн баримт байхгүй. Нэхэмжлэгч тал Н.Болдыг цагдаагийн газарт өргөдөл гаргасан байдаг. Гэтэл цагдаагийн байгууллагаас Н.Болдын үйлдлийг залилах гэмт хэрэг мөн, гэхдээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Маргаан бүхий асуудал 2008 оноос эхэлсэн бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Пг Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 43 дугаар байрны 47 тоот, 68,5 м.кв, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч ЭЭЖКХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Пгийн тэмдэгтийн хураамжид төлсөн 478,150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ЭЭЖКХХК-иас 478,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Пд олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: ЭЭЖКХХК-тай орон сууц захиалгын гэрээг байгуулаагүй бөгөөд компанийн өмнөөс Булган, Болд гэх 2 хүн гарын үсэг зурсан. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанаас харахад тухайн үед Булган, Болд гэх хүмүүс захирал байгаагүй буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд болох нь тогтоогддог. н.Болд гэх хүн н.Пүрэвсүрэнг залилан мэхэлж 50,000,000 төгрөгийг авсан. Мөн шүүх хурлын явцад хариуцагчийн зүгээс гэрээ байгуулах өдрийн ам.долларын ханш 1167.97 төгрөг байсан ба 50,000,000 төгрөг нь 42,809,31 ам.доллартай тэнцэж байсан тухай нотлох баримтыг гаргаж өгсөн. Нэхэмжлэгч хариуцагчид төлбөр төлөөгүй болох нь нотлогдсоор байхад шүүгч 50,000,000 төгрөгийг төлсөн гэж үзсэн бөгөөд гэрээнд заасан 51,375 ам.доллараас үлдсэн үүрэг болох 8,565.69 ам.долларыг хэрхэхийг огт шийдээгүй. Хариуцагчийн зүгээс 10 жилийн турш орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардсан. Шүүгч хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж хуулийг илт буруу хэрэглэсэн. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж дутуу төлсөн нь хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарах байсан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: 2008 онд ЭЭЖКХХК-ийн захирлаар н.Болд ажиллаж, компанийг төлөөлөн гэрээ байгуулж байсан. 2008 онд ЭЭЖКХХК-ийн хуулийн зөвлөхөөр ажилж байсан гэрч н.Булган, н.Даваажаргал нарын мэдүүлэг, Д.Пгийн нэхэмжлэлийн үндэслэлийн тайлбар болон тухайн үед гэрээ байгуулсан айлууд н.Болдтой гэрээ байгуулсан. Энэ талаар нотлох баримт хэрэгт авагдсан. Мөн гэрчийн мэдүүлэгт н.Булган нь ЭЭЖКХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар н.Болдыг томилсон, гэрээ байгуулах эрхтэй этгээд боловч тухайн үед н.Болд нь ерөнхий инженерийн албан тушаал эрхэлж байсан. Энэ талаар хуулийн зөвлөх нь улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж амжаагүй гэж тайлбарласан. Хариуцагчийн эрхгүй этгээдтэй гэрээ байгуулсан гэх асуудал нь хуулийн зөвлөх н.Булган байгуулсан. Энэ талаар тухайн гэрээнд хуулийн зөвлөх н.Булган гэж гарын үсэг зурсан. н.Болд нь төлбөрийг хүлээж авсан, н.Булган гэрээ байгуулсан. Иймд компанийг төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан гэх асуудал үндэслэлгүй. Мөн хөөн хэлэлцэх хугацааны асуудлаар анхан шатны шүүх талуудын хоорондын байгуулсан харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж тодорхойлдог. Барилга байгууламжийг Д.Пд 2019 онд хүлээлгэн өгсөн. Улсын комисс 2011 онд ашиглалтад оруулсан. Мөн нэхэмжлэгч Д.П нь 2014 оноос хойш шүүх, хуулийн байгууллагад хандсан. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг буруу тооцсон бол давж заалдах шатны шүүх уг асуудлыг залруулах боломжтой. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

 

2.   Нэхэмжлэгч Д.П хариуцагч ЭЭЖКХХК-д холбогдуулан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 43 дугаар байрны 47 тоот, 68,5 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.      Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

 

4.   Зохигчдын хооронд байгуулагдсан 2008 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээгээр хариуцагч ЭЭЖКХХК нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө-43, 1 дүгээр орцны 12 давхарт байрлах 46 тоотын 2 өрөө, 68,5 м.кв орон сууцыг 2008 оны 08 дугаар сард багтаан барьж, ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь орон сууцны 1 м.кв талбайн үнэд 750 ам.доллар, нийт 51,375 ам.долларыг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх 12-15/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

 

Дээрх гэрээгээр нэхэмжлэгч нь орон сууцны үнэд 51,375 ам.доллар буюу 60,004,458 төгрөгийг хариуцагчид төлөх үүргээс 50,000,000 төгрөгийг төлж, 10,004,458 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдож байна. /1 ам.доллар 1167.97 төгрөг/ Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ ялимгүй зөрчсөн тул нөгөө тал гэрээнээс татгалзаж болохгүй талаар дүгнэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй. Энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч нь 2009 оны 08 сард маргаан бүхий орон сууцны түлхүүрийг хүлээн авч, эзэмшилдээ авсан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон. Хариуцагч компанийг маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгчийг бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

 

Иймд нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 43 дугаар байрны 47 тоот, 68.5 м.кв, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтуудыг хариуцагчаас гаргуулахыг шаардах эрхтэй.

5. Хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

5.а. Хариуцагч компанийг төлөөлж хуулийн зөвлөх Т.Булган захиалагчтай орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ байгуулсан байна.

Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй. гэжээ.

Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээний 1.1-д гэрээг нэг талаас ЭЭЖКХХК-ийг төлөөлж хуулийн зөвлөх Т.Булган байгуулав гэсэн байх ба гэрээнд гүйцэтгэгчийг төлөөлж Т.Булган гарын үсэг зурснаас үзэхэд ЭЭЖКХХК-ийг Т.Булган төлөөлсөн гэх ойлголтыг Д.Пд төрүүлэхээр нөхцөл бүрдүүлсэн байх тул Д.П ЭЭЖКХХК Т.Булганд төлөөлөх эрх олгосон эсэхийг шалгах үүрэггүй. Иймд ... Т.Булган итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд биш тул ЭЭЖКХХК орон сууц захиалгын гэрээг байгуулаагүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

5.б. Нэхэмжлэгч гэрээний үүрэгт 50,000,000 төгрөг төлсөн гэж, хариуцагч төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй гэж маргасан ба нэхэмжлэгчийн тайлбар гэрч П.Даваажаргалын ээж бид хоёр хуучин байраа зараад тэр даруй 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр үдээс хойш нар жаргаж байх үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах ЭЭЖКХХК-ийн байранд очиж 46,000 америк доллартай тэнцэх хэмжээний мөнгийг өгсөн гэх мэдүүлэг, гэрч Т.Булганы Аль ч талаас нь бодсон Д.П байрны мөнгийг өгсөн нь тодорхой. Хэрэв Д.П байрны мөнгийг өгөөгүй байсан бол хамгийн түрүүнд би ажлаа хүлээлгэн өгөх үед мэдэгдэх байсан. Хоёрдугаарт, хэрэв мөнгө өгөөгүй байсан бол нягтлангууд бичиг хийж өгөхгүй, бичиггүй бол байрны түлхүүр олгогдохгүй байсан. Гуравдугаарт, 2010-2011 онд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд санхүүгийн баримтуудыг шалгуулсан. Хэрэв мөнгө өгөөгүй байсан бол тухайн үед энэ байртай холбоотой асуудал гарах байсан байх гэх мэдүүлгээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийн тайлбарыг үнэн зөв гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

5.в. Шүүх зөвхөн нэхэмжлэлийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэнэ. Хариуцагч нэхэмжлэгчийн төлөөгүй үлдэгдэл гэх төлбөрийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй байх тул шүүх уг асуудлыг шийдвэрлэх боломжгүй юм. Иймд гэрээнд заасан 51,375 ам.доллараас үлдсэн үүрэг хэрхэхийг огт шийдээгүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

5.г. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт 2011 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гарсан байх ба энэ үеэс эхлэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-д заасан зургаан жилийн хөөн хэлэлцэх хугацааг тоолоход хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр дуусна. Нэхэмжлэгч нь 2016 онд энэ асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэргийг хаажээ. Иймд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүссэн 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс хугацааг дахин шинээр эхлэн тоолно.

Нэхэмжлэгч шүүхэд 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 182/ШЗ2019/06912 дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон, 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШЗ2019/14677 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, нэхэмжлэгч хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд дахин гаргасныг шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын14-ний өдрийн 101/ШЗ2019/17666 дугаар захирамжаар нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр өмчлөх эрх шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШЗ2019/20831 дугаар захирамжаар нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.

Ийнхүү нэхэмжлэгч 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгч хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж хуулийг илт буруу хэрэглэж шийдвэр гаргасан гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

5.д. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах гэсэн 2 шаардлага гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3-д зааснаар бие даасан хэд хэдэн шаардлагыг нэг нэхэмжлэлд бичсэн бол бүх шаардлагын нийлбэрээр нэхэмжлэлийн үнийн дүнг тооцдог учир шаардлага тус бүрд улсын тэмдэгтийн хураамж төлнө. Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нь эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 407,950 төгрөг, орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах шаардлага нь эд хөрөнгийн бус нэхэмжлэл тул мөн хуулийн 7.1.2-д зааснаар 70,200 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг тус тус төлнө. Иймд нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 478,150 төгрөг төлсөн нь зөв байх тул тэмдэгтийн хураамж дутуу төлсөн нь хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байсан гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

5.е. Хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56, 57 дугаар зүйлд заасан үндэслэлгүй байх тул зохигчдын хооронд байгуулагдсан орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2022/00758 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 957,327 төгрөгөөс 478,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 479,177 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.БЯМБАСҮРЭН